| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/00383/и |
| Дугаар | 318/ШШ2025/00473 |
| Огноо | 2025-07-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 318/ШШ2025/00473
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: аймаг, сум, дүгээр баг, гудамж, 2 давхарт байрлах, регистрийн дугаар, Э ХХК-ийн,
Хариуцагч: аймаг, суманд байрлах, регистрийн дугаар, С сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох,
Дулааны төлбөр 36,023,752.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э ХХК-ийн захирал Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь С сумын Засаг даргын Тамгын газартай дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ байгуулж тус байгууллагыг дулаан эрчим хүчээр хангаж ажиллаж ирсэн бөгөөд одоо ч хангаж ажилсаар байна. Увс аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 22 дугаар тогтоолоор "Э " ХХК-ийн Сагил сумын хэрэгчдэд борлуулах дулааны тарифыг баталж уг тогтоолыг 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс мөрдөж ажиллахыг манай байгууллагад даалгасан байдаг. Үүний дагуу бид сумын Засаг даргын Тамгын газарт тариф хэрэгжилтийн талаар албан тоот хүргүүлж төлбөрийг шинэчилсэн тарифаар нэхэмжилсэн боловч өнөөдрийг хүртэл, 2023 оны 9, 10, 11, 12 дугаар сар болон 2024 оны 1 дүгээр саруудын төлбөрийг төлөөгүй байна. Хэрэглэгч төлбөрөө хугацаанд нь төлөх бидний үйл ажиллагаагаа тогтвортой явуулах үндсэн суурь билээ. Манай байгууллага нь хариуцагчид 5769.13 м3 талбайд 1м3 талбайг нь 2,186.80 төгрөгөөр нийлүүлдэг бөгөөд 2023 оны 9 дүгээр сард 2,817643.09 төгрөг, 10 дугаар сард 5,635,286.18 төгрөг, 11 дүгээр сард 5,635,286.18 төгрөг, 12 дугаар сард 5,635,286.18 төгрөг, 2024 оны 1 дүгээр сард төгрөг нийт 24,015,835.12 төгрөг болох юм. Талуудын хооронд байгуулсан гэрээнд хугацаандаа төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор заасан бөгөөд алдангийг хуульд нийцүүлэн 50 хүртэл хуваар тооцож алдангид 12,007,917.56 төгрөг нийт 36,023,752.68 төгрөг болж байна гэжээ.
Хариуцагч С сумын ЗДТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э ХХК-ийн нэхэмжилсэн дулааны төлбөр 36,023,752.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харилцан тохиролдсоны үндсэн дээр 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд төсөвт оруулж мөнгийг төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Э ХХК-ийн захирал Б.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч талын тайлбартай танилцлаа. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч С сумын ЗДТГ-д холбогдуулан дулааны төлбөр 36,023,752.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С сумын ЗДТГ нь нэхэмжлэгч Э ХХК-ийн дулааны төлбөр 36,023,752.68 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан Э ХХК-ийн нэхэмжилсэн дулааны төлбөр 36,023,752.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харилцан тохиролдсоны үндсэн дээр 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд төсөвт оруулж мөнгийг төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх тайлбараар тогтоогдож байх ба нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хариуцагч С сумын ЗДТГ нь нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Хариуцагч С сумын ЗДТГ нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338,369 төгрөгийн тал хувь болох 169,184.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 169,184.5 төгрөг, хариуцагч С сумын ЗДТГ-аас 169,184.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Э ХХК-ийн дулааны төлбөр 36,023,752.68 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хариуцагч С сумын ЗДТГ төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 169,184.5 төгрөг, хариуцагч С сумын ЗДТГ-аас 169,184.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, 169,184.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ