Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 218/МА2021/00009

 

 *******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Х.Байгалмаа, Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 139/ШШ2021/00131 тоот шийдвэртэй, *******ын нэхэмжлэлтэй *******т хариуцагдах 6800000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Замэндийгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Должинсүрэн /онлайнаар/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Замэндий

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн

Нарийн бичгийн дарга Б.Ууганцэрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би *******тэй 2020 оны 08 дугаар сард танилцаад хэсэг хугацаанд хамтран амьдарсан. Миний бие *******т мөнгө хадгалж байгаа талаараа ярьж байсан хариуцагч нь хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдээд байна 1500000 төгрөг зээлээч гээд 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүү Ц.Мөнхсайханы Хаан банкны 5011003399 тоот дансаар авсан, үүний дараа 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр дэлгүүрийн түрээсийн төлбөрт 1000000 төгрөгийг түрээслэгч Д.Байгальмаа гэх хүний 5751118682 тоот дансаар, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дэлгүүрийн бараа эргэлтийн мөнгө гээд 2500000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1500000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 300000 төгрөгийг тус тус зээлж авсан. Хамгийн эхний зээлсэн 1500000 төгрөгийг ажлын хөлсөө авахаараа өгчихнө гээд авсан ч өгөлгүй 3 cap болсон. Бусад мөнгөний тухайд ******* дэлгүүрийн түрээсийн гэрээ дуусахад буюу 2021 ны 02 дугаар сарын 03-ны өдөр өгнө гэж авсан ч өгөөгүй. Би дэлгүүр дээр нь очиход дэлгүүр нь хаалттай байсан, өөртэй нь ярихад дэлгүүр түрээслэхээ больсон нутагтаа ирсэн, мөнгийг чинь өгч чадахгүй гэж хэлсэн. Би *******тэй дэлгүүр хамтран түрээслэх талаар ярилцаж тохиролцсон зүйл байхгүй, дэлгүүрийнх нь ашиг орлогоос авсан ч зүйл байхгүй. *******т хүүгүй, барьцаагүй 5 сарын хугацаатай мөнгө зээлдүүлсэн, иймд хариуцагч *******ээс зээлж авсан мөнгө болох 6800000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Замэндий шүүх хуралдаанд тайлбарлахдаа: *******, ******* нар нэгдүгээрт хамтын амьдралтай байсан, 2020 оны 07 дугаар сараас эхэлж хамт амьдарсан байдаг. Зээлдүүлсэн гээд байгаа мөнгөний маргааны хувьд 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр, 09 дүгээр сарын 30-ны өдөр, 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд шилжүүлсэн. *******, ******* нар дэлгүүр түрээсэлж үйл ажиллагаа эрхлэх талаар харилцан тохиролцоод 2 талаасаа тус мөнгийг нийлж гаргасан. Дан ганц 6800000 төгрөг биш, хариуцагч өөрөө бас мөнгө зээлж нийт 8 сая гаруй төгрөгөөр тухайн дэлгүүрийг түрээсэлж, үйл ажиллагаа явуулж байсан. Хоёрдугаарт энэ хоёр хамтдаа бизнесийн үйл ажиллагаа эрхлээд түрээсэлж байсан дэлгүүрийн ард хамтдаа амьдраад бүх зардлаа хамтдаа гаргаад, үйл ажиллагаа эрхлээд явж байсан. Эдний хооронд ямар ч зээлийн гэрээ байгуулагдаагүй, анхнаасаа зээлтэй холбоотой ямар ч хэлцэл явагдаагүй, зээлийн хугацааг тохироогүй, тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******ээс 6.800.000 /зургаан сая найман зуун мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******од олгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123750 /нэг зуун хорин гурван мянга долоон зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 123750 /нэг зуун хорин гурван мянга долоон зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Замэндий давж заалдах гомдолдоо: Тус шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 139/ШШ/2021/00131 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн ба дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

******* нь *******той 2020 оны 07 сард хамтарч ажиллах хугацаандаа танилцан хамтран амьдрах болсон. Эрхэлж байсан ажил нь улирлын шинж чанартайгаар ажилладаг байсан ба хоорондоо ярилцан амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилготойгоор Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 22 хороо Алтан- өлгий 16 гудамж 242 a тоот хаягт байрлах 8 нэрийн хүнсний дэлгүүрийг 4 сарын хугацаатайгаар түрээслэхээр түрээслэгч Д.Байгальмаатай тохиролцсон. ******* түрээсийн гэрээ байгуулсан ба дэлгүүртэй суудаг байсан. Харин ******* дэлгүүрийн барааг захаас зөөж тээвэрлэх зэргээр хамтран бизнесийн үйл ажиллагаа эрхэлсэн. Энэ талаар хүү Ц.Мөнхсайханы гэрчийн мэдүүлэг, *******ын тайлбар, *******ийн өөрийн хувийн фэйсбүүк чатанд үзлэг хийлгэсэн тэмдэглэл зэрэг нь хэргийн материалд авагдсан байгаа. ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ******* надад зээлүүлсэн гэх 6800000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт гаргуулахаар шаардсан. Харин шүүхээс зээлийн гэрээний дагуу хариуцагч шилжүүлэн авахаар хүсэл зоригоо илэрхийлсэн нь бүрэн дүүрэн тогтоогдохгүй байгаа тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй байна гэж дүгнэсэн. Гэтэл Иргэний хуулийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа нь хэрэгт авагдсан баримтуудтай болон бидний хооронд үүссэн харилцаанд нийцэхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Замэндий давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Нэхэмжлэгч болон хариуцагч нар бол хамтын амьдралтай хүмүүс байсан. Өөрөөр хэлбэл эхнэр нөхрийн харилцаатай хүмүүс байсан. 2020 оны 07 дугаар сараас хамтран амьдарч байснаа хүлээн зөвшөөрдөг, мөн гэрч Ц.Мөнхсайхан бол манай ээжийн хамтран амьдарч байсан хүн гэж тайлбарладаг. Улаанбаатар хотод байрлах найман нэрийн хүнсний дэлгүүрийг 04 дүгээр сарын хугацаатай түрээсэлсэн. Эхний сарын түрээсийг ******* төлсөн байдаг, дараачийн 3 сарын төлбөрийг ******* нь бие даан төлж байсан. Найман нэрийн хүнсний дэлгүүрийг *******ын шилжүүлсэн 4 сая төгрөгөөр ажиллуулах ямар ч боломжгүй. Ядаж 8-10 сая төгрөгийн эргэлттэй ажилладаг зүйл байгаа. Тухайн үед *******ээс бэлнээр мөнгө гаргасан байдаг, баримтаар үлдсэн зүйл байхгүй. Нэхэмжлэлд дурдахдаа зээлийн гэрээний үүрэгт 6800000 төгрөгийг нэхэмжлээд байгаа. Анх энэ хоёрын хооронд зээлийн гэрээний зүйл байгуулагдаагүй, бас авч өгөх талаараа харилцан тохиролцоогүй байдаг. Гэтэл хувийн таарамжгүй харилцаанаасаа үүдэж тухайн үед 09 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэл амьдарч байгаад ******* нь өмнө нь өөр амьдралтай байсан, тэрийгээ зохиох гээд явах болонгуутаа энэ мөнгийг зөрүүлж нэхэмжилсэн. Тухайн үед дэлгүүрийн бараагаа захаас тээвэрлэх, ашиг алдагдлаа амьжиргаандаа зарцуулж явдаг байсан. Дан ганц ******* гэдэг хүн аваад хөрөнгөжсөн гэдэг байдалтай шийдэж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хариуцагчийн гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ мөн шийдвэр гаргахдаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ зээлийн гэрээ байгуулсан гэх боловч зээлийн харилцаа үүссэн хэсгийг тогтоохын тулд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцэл байгуулсан байхыг шаарддаг. Хариуцагч тал огт зээлийн гэрээ байгуулж байгаагүй гэсэн байдаг. Үүгээр нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрөө тодорхойлж мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ өөрөө тайлбарлаж нотлох үүрэгтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах эрхтэй гэж заасаар байтал шүүх өөрийн санаачлагчаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар тодорхойлж нэхэмжлэлд дурдаагүй зүйлийг нэхэмжлэлээс хальж гарсан гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Хэрэгт авагдсан баримт болон утсанд үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад нэхэмжлэгч, хариуцагч нар хамтын амьдралтай байсан, мөн үүнийг гэрч Ц.Мөнхсайханы мэдүүлэг нотолдог. Зохигч нар дэлгүүр ажиллуулах талаар харилцан тохиролцсон байдал зэрэг нь харагдаж байна. Зээлийн гэрээ байгуулсан асуудал алга байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Должинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Нэхэмжлэгч талаас хамтын амьдралтай байсан гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Нэхэмжлэгч хамтын амьдралтай байсан эсэх нь хамааралгүй гэж үзэж байгаа. Хэрэв хариуцагч тал хамтын амьдралтай байсан нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад хамааралтай гэж үзэж байгаа бол энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, энэ байдлыг тогтоосон асуудал байдаггүй. Дэлгүүрийг 2021 оны 02 дугаар сарын 03-ыг хүртэл ******* нь өөрөө Д.Байгальмаа гэдэг хүнтэй түрээсийн гэрээ байгуулж тохиролцож түрээсэлсэн байдаг. Гэрээ байгуулсан хүний хувьд ******* нь түрээсийн төлбөрийг өөрөө төлнө. ******* нь энэ түрээсийн гэрээнд гарын үсэг зураагүй, түрээсийн үйл ажиллагаанд ямар ч хамааралгүй. ******* анх мөнгийг авахдаа зээл гэж авсан учраас зээлийн гэрээний үүрэг гэж шаардсан. Гэтэл шүүх хуралдаан дээр үүссэн харилцааны хувьд талууд хоорондоо маргаж эхэлсэн. Нэхэмжлэгчийн хувьд зээл гэж үзсэн, хариуцагчийн хувьд хамтран хөрөнгө оруулж, хамтран ажилсан мэтээр татгалздаг. Гэтэл хамтран хөрөнгө оруулсан хэдэн төгрөгийн хөрөнгийг хамтран оруулсан юм, яаж ашиг орлогоо хуваарилах байсан юм, энэ талаар нотолсон нотлох баримтыг хавтас хэрэгт өгөөгүй. Шүүх маргааныг шийдэх ёстой. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн гэрээний үүрэг гэж үзсэн боловч хариуцагч тал зээлийн гэрээний үүрэг гэж үзээгүй. Тэхлээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх нь тогтоогдоогүй. Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан эсэх нь мөн тогтоогдоогүй. Юу тогтоогдсон бэ гэвэл ******* гэдэг хүн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 6800000 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ талаар огт маргаагүй. Хүү Ц.Мөнхсайханыхаа Хаан банкны дансаар 5800000 төгрөгийг хүлээж аваад, түрээслүүлэгч Д.Байгальмаагийн данс руу 1000000 төгрөгийг шилжүүлсэн талаар өөрийнхөө 03 дугаар сарын 05-ны өдөр гаргасан тайлбартаа тодорхой тайлбарласан байдаг. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д талуудын хооронд үүрэг үүсээгүй байвал хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгө олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан байдаг. Шаардах эрхийнхээ хувьд 492 дугаар зүйлийн 492.1-д заасны дагуу Анхан шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбар, нэхэмжлэлийг үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарсан учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж саналтай байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

******* нь *******ийн надаас зээлж авсан 6800000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа Би *******тэй 2020 оны 08 дугаар сард танилцаад хэсэг хугацаанд хамтран амьдарсан. Миний бие *******т мөнгө хадгалж байгаа талаараа ярьж байсан, хариуцагч нь хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдээд байна 1500000 төгрөг зээлээч гээд 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүү Ц.Мөнхсайханы Хаан банкны 5011003399 тоот дансаар авсан, үүний дараа 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр дэлгүүрийн түрээсийн төлбөрт 1000000 төгрөгийг түрээслэгч Д.Байгальмаа гэх хүний 5751118682 тоот дансаар, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дэлгүүрийн бараа эргэлтийн мөнгө гээд 2500000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1500000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 300000 төгрөгийг тус тус зээлж авсан. Хамгийн эхний зээлсэн 1500000 төгрөгийг ажлын хөлсөө авахаараа өгчихнө гээд авсан ч өгөлгүй 3 cap болсон. Бусад мөнгөний тухайд ******* дэлгүүрийн түрээсийн гэрээ дуусахад буюу 2021 ны 02 дугаар сарын 03-ны өдөр өгнө гэж авсан ч өгөөгүй. Би дэлгүүр дээр нь очиход дэлгүүр нь хаалттай байсан, өөртэй нь ярихад дэлгүүр түрээслэхээ больсон нутагтаа ирсэн, мөнгийг чинь өгч чадахгүй гэж хэлсэн. Би *******тэй дэлгүүр хамтран түрээслэх талаар ярилцаж тохиролцсон зүйл байхгүй, дэлгүүрийнх нь ашиг орлогоос авсан ч зүйл байхгүй. *******т хүүгүй, барьцаагүй 5 сарын хугацаатай мөнгө зээлдүүлсэн гэсэн байна.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ бид нэгдүгээрт хамтын амьдралтай байсан, зээлдүүлсэн гээд байгаа мөнгөний хувьд 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр, 09 дүгээр сарын 30-ны өдөр, 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд шилжүүлсэн, хамт дэлгүүр түрээсэлж үйл ажиллагаа эрхлэх талаар харилцан тохиролцоод 2 талаасаа тус мөнгийг нийлж гаргасан. Дан ганц 6800000 төгрөг биш, хариуцагч өөрөө бас мөнгө зээлж нийт 8 сая гаруй төгрөгөөр тухайн дэлгүүрийг түрээсэлж, үйл ажиллагаа явуулж байсан. Хоёрдугаарт энэ хоёр хамтдаа бизнесийн үйл ажиллагаа эрхлээд түрээсэлж байсан дэлгүүрийн ард хамтдаа амьдраад бүх зардлаа хамтдаа гаргаад, үйл ажиллагаа эрхлээд явж байсан. Ямар ч зээлийн гэрээ байгуулагдаагүй, анхнаасаа зээлтэй холбоотой ямар ч хэлцэл явагдаагүй, зээлийн хугацааг тохироогүй, тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн эсэхийг тогтоохын тулд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцэл байгуулсан байхыг шаардана, нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлуулахаар өгсөн депозит дансны хуулгыг үндэслэн 6800000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу хариуцагч шилжүүлэн авахаар хүсэл зоригоо илэрхийлсэн нь бүрэн дүүрэн тогтоогдохгүй, хариуцагчийн бидний хооронд зээлийн гэрээ огт байгуулагдаагүй гэх тайлбараар талуудын хүсэл зоригийг тайлбарлах боломжгүй, тэдгээрийн хүсэл зориг харилцан нийцээгүй байх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй байна гэж дүгнэн, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн зохицуулалтыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн байна.

Зохигчид мөнгө өгсөн авсан зорилгын талаар маргаантай байх боловч нэхэмжлэгчээс 6800000 төгрөгийг хүлээн авсан талаар хариуцагч маргаагүй байна.

Хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдээд байна.... төгрөг зээлээч, ...дэлгүүрийн бараа эргэлтийн мөнгө гээд ...төгрөг..., ...ажлын хөлсөө авахаараа өгчихнө. ... гэх зэргээр удаа дараа мөнгө авсан гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

Энэхүү нөхцөл байдалд анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ ...хэрэгт цугларсан бичгийн баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд мөнгө шилжүүлсэн нь нотлогдсон, нэхэмжлэгчтэй хариуцагч хамтран амьдарч хувийн харилцаатай байсан гэх нөхцөл байдал нь хариуцагчийг 6800000 төгрөг авах шууд хууль зүйн үндэслэлд хамаарахгүй бөгөөд хариуцагч хөрөнгө авч байгаа нь үндэслэлтэй болохоо нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. гэсэн нь үндэслэлтэй байна.

Зохигчдын тайлбарт дурдсанаар хамтын амьдралтай байсан нь үндсэндээ 3 сар шахам хугацаа байх бөгөөд *******ийн хүүхдийн сургалтын төлбөрийг ******* төлөх үүрэгтэй талаар, мөн дэлгүүр түрээслэн хамтран ажиллах гэрээ хэлцлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулсан талаар нотлох баримтгүй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж хуульчилсан. Гэтэл өөр хэн нэгний өмнө хүлээсэн үүргийн дагуу ******* нь мөнгө шилжүүлээгүй, мөн тэдгээрийн хооронд ямар нэгэн үүрэг үүсээгүй нөхцөлд хуулийн энэхүү зохицуулалтыг хэрэглэх шаардлага үүснэ. Мөнгө шилжүүлэх үед ******* нь *******т өр төлбөрийн үүрэг байсан гэдэг нь нотлогдоогүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийн зохицуулалтыг баримтлан хуулийг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байна.

*******т 6800000 төгрөгийг зээлдүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэн хэргийг шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно гэж тус тус заасан.

******* нь 6800000 төгрөгийг хэд хэдэн удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн гэдгээ нэхэмжлэл болон тайлбартаа дурдаж, банкны гүйлгээний баримтыг хэрэгт өгсөн, тухайн мөнгийг хүлээн авсан гэдэгт хариуцагч маргаагүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Мөнгийг хүлээн авсанаар хариуцагчид тохирсон хугацаанд уг мөнгийг буцаан өгөх үүрэг үүссэн байна.

Хариуцагчийн тайлбарт дурдсанаар хамгийн эхний зээлсэн 1500000 төгрөгийг ажлын хөлсөө авахаараа өгчихнө гээд авсан ч өгөлгүй 3 cap болсон. Бусад мөнгөний тухайд ******* дэлгүүрийн түрээсийн гэрээ дуусахад буюу 2021 ны 02 дугаар сарын 03-ны өдөр өгнө гэх зэргээр авсан гэсэн байна.

Буцаан өгөхөөр тохирсон хугацааг тодорхойлох нь хүү тооцохоор тохирсон зээлийн гэрээнд ач холбогдолтой боловч энэ тохиолдолд зээлийн гэрээ байгуулагдсаныг үгүйсгэх нөхцөл болохгүй юм.

Нэхэмжлэгч 6800000 төгрөгийг хүү тооцолгүй нэхэмжилсэн байх тул мөнгийг буцаан өгөх тохирсон хугацааг шүүх тодорхойлох шаардлагагүй харин заавал буцааж өгөх үүрэг үүссэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацааг тогтоогүй тохиолдолд зээлдүүлэгчийн шаардсанаар буцааж төлөх, ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлэх учиртай.

Иймд уг мөнгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, харин талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон шүүхийн дүгнэлт, шийдэлд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 139/ШШ2021/00131 тоот шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дүгээр заалтын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 гэснийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 гэж өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсгийг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123750 /нэг зуун хорин гурван мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4.    Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ТӨМӨРБААТАР

ШҮҮГЧИД Х.БАЙГАЛМАА

Ц.ОТГОНЦЭЦЭГ