Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/518

 

 

 

 

     2024          05           02                                        2024/ДШМ/518

 

Ц.Нд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Насанжаргал,

өсвөр насны шүүгдэгч Ц.Н, түүний өмгөөлөгч Г.М, Д.Б,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/187 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Чинбатын бичсэн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10 дугаар эсэргүүцлийг үндэслэн Ц.Нд холбогдох эрүүгийн 2311023720083 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн  Ц.Н, 2006 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт ....... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .................../;

Өсвөр насны шүүгдэгч Ц.Н нь 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “УБ клуб” дотор хувийн таарамжгүй харилцааны улмаас Х.Этэй маргалдаж улмаар түүнтэй зууралдан зодолдож байх явцдаа эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ц.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч Ц.Нг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан өсвөр насны шүүгдэгч Ц.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-гаас 100.000 төгрөгийг гаргуулан, хохирогч Х.Э олгож, 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хохирогч Х.Э нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, өсвөр насны шүүгдэгч Ц.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Дээд шатны прокурор Б.Чинбат бичсэн эсэргүүцэлдээ: “...Шийтгэх тогтоолыг Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж, дараахь үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;” гэж заасан. Гэтэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч Ц.Нд эрүүгийн хариуцлага оногдуулж хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь дээрх заалтад нийцээгүй байна. Шүүх шүүгдэгчид ямар эрүүгийн хариуцлага оногдуулж, оногдуулсан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байгаагаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурдаагүй буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/187 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийн дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

            Прокурор Б.Насанжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцоно, нэмж тайлбар гаргана. Нэгдүгээрт, өсвөр насны хүүхдэд оногдуулах ял, ялыг багасгах, хөнгөрүүлэх тусгайлсан зохицуулалт байдаг учраас ямар нэгэн эрүүгийн хариуцлагыг оногдуулж байж ялаас чөлөөлөх ёстой байсан. Хоёрдугаарт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг хэрэглэсэн нь буруу гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” гэж байгаа. Гэтэл шийтгэх тогтоол гарах үед эмчилгээний зардал 100,000 төгрөгийг төлөөгүй, шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Агаас 100.000 төгрөгийг гаргуулахаар заасан. Тэгэхээр хохирлоо төлсөн бол ялаас чөлөөлөх зохицуулалтыг хохирлоо төлөөгүй байхад хэрэглэж ялаас чөлөөлсөн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

            Өсвөр насны шүүгдэгч Ц.Нгийн өмгөөлөгч Г.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийн үндэслэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч насанд хүрээгүй Ц.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татаж, гэм буруутайд тооцсон. Анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдал, шинж чанарыг харгалзан үзэж, шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгуулах саналтай байна. Ц.Н нь 10-11 дүгээр ангид сурч байгаад 3 дүүтэй бөгөөд    өвчтэй дүүгээ харах гээд сургуулиасаа чөлөө авсан. Ээж нь бага ангийн багш, сурган хүмүүжүүлэгч юм. Тэгээд оройн цагаар ээждээ хэлэхгүйгээр шөнийн цэнгээний газар өөрийн хэрэгцээний мөнгийг олох гэж 2 дахь удаагаа очоод энэ хэрэгт холбогдсон. Энэ хэрэгт гэм буруутай байдал нөлөөлсөн. Хохирогчийн үерхдэг залуу болон ажлын газрын хүмүүс мэдүүлэг өгсөн. Хэдийгээр 18 настай ч гэсэн хүүхэд гаргасан. Хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд маргаан гарч хоёулаа давхралдаж унаад гэмтэл учирсан. Санаатай, цохиж гэмтэл учруулсан зүйл харагддаггүй. Өмгөөлөгчийн зүгээс энэ талаар хэлдэг боловч гэм буруутай гэж тогтоосон. Анхан шатны шүүхээс эмчилгээний зардал 100,000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн хохирол төлбөрийг төлсөн. Хохирогчийн зүгээс хувийн эмнэлэгт лазер хагалгаа хийлгэнэ гэсэн байдаг.  Хэрэв бодит хохирол учирсан, эмчилгээ хийлгэсэн бол өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч иргэний журмаар нэхэмжилбэл боломжоороо төлөхөө илэрхийлсэн буюу 10,000,000 төгрөгөөс бага байвал төлмөөр байна, олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй гэсэн зүйл ярьдаг.  Ц.Н насанд хүрээгүй байхдаа цэнгээний газар цагийн ажил хийх гээд хохирогчийн найз залуу дуудсанаар очиж энэ хэрэгт холбогдсон. Өсвөр насны шүүгдэгчийн хувьд 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр насанд хүрч эрх зүйн байдал нь дордсон нөхцөл байдал тогтоогдож байна. Ц.Н нь 11, 12 дугаар ангиа төгсөх зорилготой. Тиймээс өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж чанар зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс шийдвэр гаргасан гэж үзэж байна. ...” гэв.

            Өсвөр насны шүүгдэгч Ц.Нгийн өмгөөлөгч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч Г.Мтэй ижил байр суурьтай байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

            Өсвөр насны шүүгдэгч Ц.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Маргааны шалтгаан нь “г....” гэдэг үгнээс болоод намайг тэгж хэллээ гээд юуг нь ч ойлгоогүй шууд үсдэж, гэдэс рүү өшиглөж, зууралдаад байж байхад зөөгч ирээд бид хоёрыг салгаад ахын дүү явчих, манай энэ угаасаа агсам, больдоггүй юм гэхээр нь охидын өрөө рүү орж, гадуур хувцсаа авах гэхэд намайг гаргахгүй, янз бүрээр хэлээд тэгээд уг үйл явдал болсон. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Өсвөр насны шүүгдэгч Ц.Н нь 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “УБ клуб” дотор хувийн таарамжгүй харилцааны улмаас Х.Этэй маргалдаж улмаар түүнтэй зууралдан зодолдож байх явцдаа эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Х.Эгийн “... “УБ клуб” дотор ажлын газрын Ц.Нтой үл ойлголцсоноос болоод хувцас солих өрөөнд маргалдсан, маргалдаад эхлээд миний бие Ц.Нтой рүү юм шидсэн ба шидэхдээ онох зорилготой бол шидээгүй ба шидэх явцад найз Цэнгэлмааг оносон ба газар унахад нь Ц.Н зөрүүлээд тус үсний сэнсээр намайг цохисон ба Ц.Н бид хоёр зууралдаад газарт унасан. Тэгээд салцгаагаад босож ирээд гайгүй байлгүй дээ гэж бодоод байж байтал нүүр хэсэгт бүлээн юм мэдрэгдэхээр нь нус гоожсон юм байхдаа гэж бодоод гараараа арчтал гар цус болсон байхлаар нь толинд хартал духнаас хөмсөг хүртэл хагарсан байсан. Эмчид үзүүлж 19 ширхэг оёдол тавиулчхаад цагдаагийн байгууллагад хандсан. ...” /хх 9/,

гэрч Л.О-ын “...клубтаа ороод иртэл манайд үйлчлүүлж байсан нэг залуу тооцоон дээрээ асуудал үүсгээд зогсож байсан. Тухайн залуутай бага зэргийн маргаан үүсгээд зогсож байтал хойд өрөөнд манай охид маргалдаад байгаа чимээ гараад байсан. Тэгээд би өрөөнд ороод хартал манай өрөөний баруун талдаа нүүр буддаг ширээ байдаг тэрний урд байрлах сандал, ширээ хоёрын завсраар давхарлалдаад унасан байсан. Энхжин доор нь, Ц.Н дээр нь байсан. Би тухайн үед Ц.Нг дээрээс нь татаж авч салгасан. Энхжин нь Ц.Нгийн доороос босож ирэхэд нүүрэн тус газраас цус гарсан, баруун хөмсөгнөөс дээшээ дух хүртлээ зүсэгдсэн байсан. Тэгээд би Э-г аваад гэмтэл орсон. ...” /хх 14/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 14096 дугаартай шинжээчийн "...Х.Эгийн биед зүүн хөмсөгт шарх, баруун, зүүн даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Х.Эгийн биед үүссэн зүүн хөмсөгний шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун, зүүн даланд үүссэн цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /хх 17-18/ гэсэн дүгнэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Ц.Нгийн бусдын биед хөнгөн хохирол учруулсан  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

 Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн өсвөр насны шүүгдэгч Ц.Нг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж хуульчилсан.

Гэтэл анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Ц.Нг хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй байхад түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хуулийн шаардлага хангаагүй байна.

Харин давж заалдах шатны шүүхэд хэргийг хянах явцад Ц.Н нь хохирогчид хохирлын 100,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нь өсвөр насны шүүгдэгчид хэрэглэх хөнгөрүүлэх нөхцөл байдал бий болсон гэж дүгнээд гэмт хэрэг гарсан нөхцөл байдал болон Ц.Нгийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжтой гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “Давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах”; гэж заасан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд өсвөр насны шүүгдэгч Ц.Нд холбогдох хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхгүйгээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ.” гэж заасан тул шүүх ял оногдуулахгүйгээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь хуульд харшлахгүй юм.

Иймд дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлийг хүлээж авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/187 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан өсвөр насны шүүгдэгч Ц.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.Нг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ОЧМАНДАХ 

                                    ШҮҮГЧ                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ   

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.ЗОРИГ