Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2024/ДШМ/27

 

 

 

 

 

 

   2024        05           29                                         2024/ДШМ/27

 

 

*******, *******, ******* нарт

холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Төгсбаяр,

Шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч С.Нарангэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хэнчбиш нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж, шүүгч Э.Одхүү, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/42 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2239000000106 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн нутаг “Улаан чулуут” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын дундуур ******* улсын дугаартай “Инсайт” маркийн автомашин ашиглан *******ын эзэмшлийн 5 эр төлөг, 4 охин төлөг хулгайлж 810,000  төгрөгийн хохирол учруулсан,

- Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг “Дамбий” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикл ашиглаж *******ийн 3 тооны адууг хулгайлж 3,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

- Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг “Хуурай нуур” гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ******* улсын дугаартай “Бонго” маркийн автомашин ашиглан *******ийн 2 үхрийг хулгайлж 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

- Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг “Хуурай нуур” гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр улсын дугаар тодорхойгүй “Даюун” маркийн мотоцикл ашиглан *******ийн 7 үхрийг хулгайлж 7,600,000 төгрөгийн хохирол учруулсан,

- Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг “Гүн нуур” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ******* улсын дугаартай “Инсайт” маркийн автомашин ашиглан *******ын 3 хонь, 1 ямааг хулгайлж 420,000 төгрөгийн хохирол учруулсан,

- Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ******* улсын дугаартай “Инсайт” маркийн автомашин ашиглан гийн улаан халзан зүсмийн охин шүдлэн үхрийг хулгайлж 1,200,000  төгрөгийн хохирол учруулсан,

- Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг “Хуурай нуур” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ******* улсын дугаартай “Инсайт” маркийн автомашин ашиглан *******ийн хар, улаан зүсмийн үхрийг хулгайлж 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

- Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг “Улаан толгойн энгэр” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ******* улсын дугаартай “Инсайт” маркийн автомашин ашиглан *******ийн 8 шүдлэн хонь, 2 шүдлэн эр ямааг хулгайлж 1,260,000 төгрөгийн хохирол учруулсан,

- Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг “Хуурай нуур” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ******* улсын дугаартай “Инсайт” маркийн автомашин ашиглан *******ийн хар зүсмийн эр бярууг хулгайлж 800,000 төгрөгийн хохирол учруулсан,

- Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг “Хуурай нуур” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ******* улсын дугаартай “Инсайт” маркийн автомашин ашиглан *******ийн хар зүсмийн эр бярууг хулгайлж 800,000 төгрөгийн хохирол учруулсан,

- Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг “Хуурай нуур” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ******* улсын дугаартай “Инсайт” маркийн автомашин ашиглан *******ийн улаан зүсмийн гунжин үхрийг хулгайлж 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

- Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг “Хуурай нуур” гэх газраас 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ******* улсын дугаартай “Инсайт” маркийн автомашин ашиглан *******ийн улаан халзан зүсмийн үхрийг хулгайлж 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг “Овоотын ар” гэх газраас 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр морин уналга ашиглан ы 2 үхрийг хулгайлж 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

- Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг “Овоот уулын энгэр” гэх газраас 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр *******ын 6 хонийг хулгайлж 720,000 төгрөгийн хохирол учруулсан,

- Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг “Овоот уулын энгэр” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр улсын дугаартай “Приус-11” маркийн автомашин ашиглан *******ын 2 тооны соёолон ямааг хулгайлж 300,000 төгрөгийн хохирол учруулсан,

- Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг “Гүн нуур” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикл ашиглан ийн улаан халзан зүсмийн охин шүдлэн үхрийг хулгайлж 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

- Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг “Овоот” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр морин уналга ашиглан ын улаан шүдлэн гунж, хүрэн халзан зүсмийн бярууг хулгайлж 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг “Өндөр толгой” гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр ******* улсын дугаартай “Инсайт” маркийн автомашин ашиглан ийн 2 адууг хулгайлж 2,300,000 төгрөгийн хохирол учруулсан,

- Хэнтий аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн нутаг “Эргэцэг” гэх газраас 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ******* улсын дугаартай “Инсайт” маркийн автомашин ашиглан ын хар зүсмийн мухар эр үхрийг хулгайлж 1,430,000 төгрөгийн хохирол учруулсан,

- Хэнтий аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн хөдөө хэсэг “Баруун хэрэм” гэх газраас 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр улсын дугаартай “Приус-20” маркийн автомашин ашиглан гийн эзэмшлийн 2 үхрийг хулгайлж 2,400,000 төгрөгийн хохирол тус тус учруулан “мал хулгайлах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйлдлүүдэд Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс шүүгдэгч *******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч , О, нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тус тус тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч *******т 6 (зургаа) жил 8 (найм) сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******т 6 (зургаа) жил 10 (арав) сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******ид 7 (долоо) жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 6 (зургаа) жил 8 (найм) сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч *******т оногдуулсан 6 (зургаа) жил 10 (арав) сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч *******ид оногдуулсан 7 (долоо) жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас бусдад учруулсан гэм хорын хохиролд нийт 10,828,331 төгрөгийг гаргуулж, 6,953,331 төгрөгийг хохирогч *******эд, 715,000 төгрөгийг хохирогч д, 400,000 төгрөгийг хохирогч д, 140,000 төгрөгийг хохирогч *******т, 270,000 төгрөгийг хохирогч *******т, 1,200,000 төгрөгийг хохирогч д, 1,150,000 төгрөгийг хохирогч эд, шүүгдэгч *******оос бусдад учруулсны гэм хорын хохиролд нийт 13,938,331 төгрөгийг гаргуулж, 6,953,331 төгрөгийг хохирогч *******эд, 650,000 төгрөгийг хохирогч *******т, 715,000 төгрөгийг хохирогч д, 400,000 төгрөгийг хохирогч д, 270,000 төгрөгийг хохирогч *******т, 1,200,000 төгрөгийг хохирогч д, 1,150,000 төгрөгийг хохирогч эд, 600,000 төгрөгийг хохирогч т, 1,000,000 төгрөгийг ад, 1,000,000 төгрөгийг хохирогч д, шүүгдэгч *******аас бусдад учруулсны гэм хорын хохиролд нийт 10,873,331 төгрөгийг гаргуулж, 6,953,331 төгрөгийг хохирогч *******эд, 650,000 төгрөгийг хохирогч *******т, 400,000 төгрөгийг хохирогч д, 270,000 төгрөгийг хохирогч *******т, 600,000 төгрөгийг хохирогч т, 1,000,000 төгрөгийг ад, 1,000,000 төгрөгийг хохирогч д тус тус олгож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “” ХХК-ийн эзэмшлийн “Хонда Инсайт” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 7,300,000 төгрөгийг шүүгдэгч *******, *******, ******* нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч *******аас 2,433,333 төгрөг, шүүгдэгч *******оос 2,433,333 төгрөг, шүүгдэгч *******аас 2,433,333 төгрөгийг, ын эзэмшлийн “Бонго” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 5,200,000 төгрөгийг шүүгдэгч *******, *******, ******* нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч *******аас 1,733,333 төгрөг, шүүгдэгч *******оос 1,733,333 төгрөг, шүүгдэгч *******аас 1,733,333 төгрөгийг, ийн эзэмшлийн “Приус 20” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 6,900,000 төгрөгийг шүүгдэгч *******, ******* нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч *******оос 3,450,000 төгрөг, шүүгдэгч *******аас 3,450,000 төгрөгийг, ийн эзэмшлийн “Приус 11” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 4,700,000 төгрөгийг шүүгдэгч *******, ******* нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч *******оос 2,350,000 төгрөг, шүүгдэгч *******аас 2,350,000 төгрөгийг, Д.Эрдэнэболдын эзэмшлийн саарал цоохор зүсмийн морины үнэ 1,100,000 төгрөгийг шүүгдэгч *******, ******* нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч *******оос 550,000 төгрөг, шүүгдэгч *******аас 550,000 төгрөгийг, Д.Эрдэнэболдын эзэмшлийн хар цоохор зүсмийн морины үнэ 1,000,000 төгрөгийг шүүгдэгч *******, ******* нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч *******оос 500,000 төгрөг, шүүгдэгч *******аас 500,000 төгрөгийг, Улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклыг шүүгдэгч *******аас тус тус гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авч,

- шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******, *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “” ХХК-ийн өмчлөлийн “Хонда Инсайт” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 12 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч “” ХХК-д, ийн эзэмшлийн “Приус 20” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 17 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч т, ын эзэмшлийн “Бонго” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 15 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч т, ийн эзэмшлийн “Приус 11” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 16 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч эд тус тус буцаан олгож, *******ын эзэмшлийн “Даюун” маркийн мотоциклыг битүүмжилсэн Прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 14 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******, *******, ******* нарын иргэний үнэмлэхийн лавлагаануудыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирлоо төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Прокурор Д.Чулуунпүрэв давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан. Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанарт анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь тохирсон гэж үзэж байна. Шүүгдэгч *******ийн хувьд 20 удаагийн “мал хулгайлах” гэмт хэргийн үйлдэлтэй, хохирогч нарт хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж анхан шатны шүүхээс оногдуулсан ялын хэмжээ тохирсон байна.

“Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэдэг дээр тайлбар хэлэхэд шүүгдэгч нар нь мал хулгайлах гэмт хэргийг 5 сарын хугацаанд байнга үйлдсэн байдаг. Энэ хугацаанд шүүгдэгч нар нь ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлээгүй, мал хулгайлах гэмт хэргийг үйлдэж олсон мөнгөө амьжиргаандаа буюу наргиж, цэнгэхдээ хэрэглэж амьдралынхаа хэрэгцээнд зарцуулж байсан нь тогтоогддог. Өмгөөлөгч нарын ярьж байгаа шиг хэдэн ширхэг гурил, будаа авсан гэдгийг нарийвчлан тогтоох боломжгүй.

Шүүгдэгч *******ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн малын хулгайн 20 удаагийн үйлдлээ хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулалгүй үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, хүлээн зөвшөөрч, гэмшиж ирсэн, хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлдэг, хохирогч *******эд 6,953,331, хохирогч *******ын 270,000, т 600,000, д 400,000 төгрөгийн хохирол төлсөн. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч *******ид анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, түүний гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авна уу.

Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд зүйлчлэлийн хувьд өөр байр сууринаас оролцсон. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч ******* нь 20 удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж зүйлчилж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлж орж ирсэн. Мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдэг дээр мөрдөн шалгах ажиллагааг хангалттай явуулаагүй.

Шүүгдэгч *******ийг мал хулгайлах гэмт хэргийг 20 удаагийн үйлдлээр үйлдсэн буюу үйлдлийнх нь тоогоор байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилсэн. “Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэдэг үгийн агуулга, утгыг зөв ойлгох хэрэгтэй. *******ийн хувьд өмнө хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаагүй, 20 удаагийн үйлдлээ богино хугацаанд буюу 3-4 сарын хугацаанд, ойр ойрхон давтамжтай үйлдсэн байдаг. Мөн хулгайн гэмт хэргээсээ ашиг олоод, ашгаа амьдралынхаа эх үүсвэр болгосон эсэх дээр дүгнэлт хийгээгүй, зөвхөн үйлдлийнх нь тоогоор мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчилсэн. Ийм эргэлзээ бүхий нөхцөл байдал байгаа учир зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг хангалттай шалгаж тогтоогоогүй учир зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтуудад зааснаар зүйлчилж өгнө үү гэсэн байр сууринаас оролцсон.

Анхан шатны шүүхээс *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, 6 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч *******аас бусдад учруулсан гэм хорын хохиролд нийт 10,828,331 төгрөгийг гаргуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналгын үнийг шүүгдэгч нарт хувь тэнцүүлэн хувааж, нийт 20,794,997 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар хохирогч *******т хохирол бүрэн төлсөн. Хохирол төлөхөө илэрхийлж байгаа. Иймд зүйлчлэлийг хөнгөрүүлж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Анхан шатны шүүхээс надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Анхан шатны шүүхээс надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн гаргасан  давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр шүүгдэгч *******, *******, ******* нарт  холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан.

 

4. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4 дэх заалтаар шүүгдэгч нараас хохирлыг бүрэн гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн атал 5 дахь заалтад шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслүүдийн болон морины үнэ, мотоцикл зэргийг тэднээс гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар заасан нь ойлгомжгүй, тодорхой бус, түүнчлэн хуульд заасан хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээг хуульд заасан журмын дагуу хэрэглэсэн гэж дүгнэх боломжгүй байна.  

 

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн үнийг шүүгдэгч нараас гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар тусгасныг шүүгдэгч нараас гаргуулахаар заасан хохирол дээр нэмж гаргуулан хохирогч нарт олгохоор заасан, эсвэл дээрх тээврийн хэрэгсэл тэдгээрийн үнийг гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулан, үлдэх хэсгийг шүүгдэгч нараас гаргуулахаар заасан эсэх нь тодорхойгүй, шийтгэх тогтоолын тухайн заалтыг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээр байна гэж дүгнэв.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт “...шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй... нөхцөл байдал тогтоогдвол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх...”-ээр тусгасан бөгөөд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр тухайн зөрчлийг засах боломжгүй гэж үзсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдолд дурдагдсан асуудлыг хэлэлцээгүй болно.

 

7. Шийтгэх тогтоолд үг, үсэг, утга, найруулгын алдаа байгааг дурдаж, цаашид алдаа, зөрчил гаргахгүй байх талаар анхааруулах нь зүйтэй байна.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/42 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

 

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.БОЛОРМАА

  

                           ШҮҮГЧИД                                                О.БААТАРСҮХ

 

                                                                                            Д.ГАНЗОРИГ