Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 305/ШШ2025/00464

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би

нэхэмжлэгч: ***-гийн нэхэмжлэлтэй

хариуцагч: ***-д холбогдох

зээлсэн 13,000,000 төгрөг, хүү 4,000,000 төгрөг, нийт 17,000,000 (арван долоон сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Зээлсэн 13,000,000 төгрөг, хүү 4,000,000 төгрөг, нийт 17,000,000 (арван долоон сая) төгрөг гаргуулах тухай

2. Нэхэмжлэгч *** шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр манай доод талын эгч болох ***-ын *** нь яаралтай мөнгөний хэрэг болоод 13,000,000 төгрөг зээлээч, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр сарын 1,000,000 төгрөгийн хүүтэй өгнө гэж аваад одоог хүртэл өгөөгүй байна. Утсаар залгахаар мөнгө алга гээд заримдаа утсаа авахгүй таг боллоо. Иймд шүүхэд хандаж байна. Миний нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч *** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие ***  овогтой *** нь ***-д холбогдуулан 17,000,000 төгрөгийн нэхэмжлэл гаргуулсан боловч 2,000,000 төгрөгийг татгалзаж, 15,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч *** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие *** нь авсан нь үнэн. 15,000,000 төгрөгийг барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ***-ын *** нь ***-ын ***-д холбогдуулан зээлсэн 13,000,000 төгрөг, хүү 4,000,000 төгрөг, нийт 17,000,000 (арван долоон сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч *** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “…Миний бие *** овогтой *** нь ***-д холбогдуулан 17,000,000 төгрөгийн нэхэмжлэл гаргуулсан боловч 2,000,000 төгрөгийг татгалзаж, 15,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна...” гэж, хариуцагч *** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “…Миний бие *** нь авсан нь үнэн. 15,000,000 төгрөгийг барагдуулна …” гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд 15,000,000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,550 төгрөгнөөс 116,475 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-гаас 116,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ***-ын ***-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***-ын ***-д холбогдох зээлсэн 13,000,000 төгрөг, хүү 4,000,000 төгрөг, нийт 17,000,000 (арван долоон сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч *** 17,000,000 төгрөг гаргуулахаас 2,000,000 төгрөгийг татгалзаж, хариуцагч ***-ын *** нь 15,000,000 (арван таван сая) төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,550 төгрөгнөөс 116,475 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-аас 116,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ***олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                   Б.ОДБАЯР