| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2018/0035/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/42 |
| Огноо | 2018-05-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2018/ШЦТ/42
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Л.Мөнхсан,
улсын яллагч Э.Нямбилэгт,
хохирогч М.М, түүний өмгөөлөгч Б.Батчимэг,
шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч Э.Сайханаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т. овгийн Т.О-д холбогдох эрүүгийн 1817000450026 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 10-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 4 дүгээр баг, ............ гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх Т..овгийн Т.О /Р........................../
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Т.О нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 13 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг, Хүрий Ногоо гэх газарт иргэн М.М-г зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Т.О нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 13 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг, Хүрий Ногоо гэх газарт хохирогч М.М-тай маргалдан улмаар түүнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1.1. Шүүгдэгч Т.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 1 цагийн үед манай мал ус уух гээд худаг дээр байж байсан. Мөн манай сувиа мал төмөр зам руу явах гэж байхаар нь эргүүлчхээд ирэхэд М ахын мал усан дээр ирсэн байсан. Тэгээд М ахын малыг цааш 500 метр туугаад явж байхад М ах уул даваад цааш явсан. Би цааш туугаад одоо ирээд авах биз дээ гээд эргээд өөрийн мал дээрээ очсон. Тэгэхэд М ахын мал эргэж ус руу гүйсэн би дахин цааш эргүүлэхэд Мөнхзаяа ах ирээд чи цагаач гээд л маргаж эхэлсэн. М ах намайг ирээд хоёр алгадахаар нь би эргүүлж хоёр алгадсан гэв.
1.2. Хохирогч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр мал төллөж байсан үе. Би сувиа малаа эргүүлээд гараад ирэхэд манай хонийг усан дээрээс туугаад явж байсан. Тэгээд О дээр очиход хүүхдээ сундалсан байсан. Би сувиа хонио харах гээд амжсангүй гэж хэлсэн. Тэгэхэд О дандаа бэлчээр усан дээр ирнэ гэхэд би 100 малтай байна ахын дүү усалчихгүй яасан юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд би танай малыг усалдаг хүн биш гэж хэлсэн. Би чи яасан сүртэй юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд чи хонхортоо багтахгүй ирсэн биз дээ гэж хэлсэн. Би өөдөөс нь танай аав мөн адил цагаач гэж хэлсэн. Тэгэхэд мотоциклиосоо бууж ирээд намайг заамдаж аваад цохисон. Би буруу тийшээ унасан тэгээд муудахад хүүхэд нь уйлсан би чи хүүхдээ ав би цагдаа дуудна гэж хэлсэн. Тэгэхэд аав ээж нь машинтай ирсэн. Би салгах юм болов уу гэж бодоход ирээд шууд заамдаж аваад доошоо дарсан. О хажуугаас өшиглөж цохисон. Тэгээд нэг салахаар нь би гэр лүүгээ явсан араас Төмөрбаатар гуай ирээд хэрүүл хийж миний хувцас урсан. Мөн хоёр удаа араас ирсэн. Араас ирээд машинд суу гэхээр нь би үгүй гэж хэлсэн тэгэхэд манай гэрт очоод байж байсан. Миний бие өвдөөд байхаар нь би орондоо ороод унтсан. Унтах гэж байхад эхнэрийн утас хажууд байхаар нь би цагдаа дуудсан өөр зүйл болоогүй. Би эмчилгээний зардал нэхэмжилсэн Улаанбаатар хотоос өөрийн ахаа дуудаж малаа харуулсан, одоо эмчилгээ хийлгэж байгаа нийт 500 000 төгрөг нэхэмжилж байгаа гэв.
1.3. Гэрч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2018 оны 02 дугаар сарын 27-ны 13 цагийн үед би Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын 4-р багийн нутаг Хүрий Ногоо гэх газарт нөхөр р, охин Э нартай хамт машинтайгаа овоон дээр гарч тэмээгээ харах гээд явж байсан юм. Тэгээд овоон дээр гараад тэмээгээ дурандаж байтал овооноос баруун тийш бэлчээрт 2 хүн ноцолдож байх шиг харагдсан. Тэгэхээр нь бид хэд тэр газар луу очсон. Бид хэдийг очиход манай хүү О манай саахалт айлын хүн болох М-тай зууралдаад зогсож байсан. Тэгэхээр нь бид 3 машинаасаа буугаад салгах гэхэд салахгүй байсан. Тэгэж байхад Тр М-гийн үснээс нь зулгаачихсан зогсож байсан ба манай охин Э нь О-ыг араас нь татаад тэр 2-г салгасан. Салгаад О-аас юу болсон талаар асуухад М намайг та нар шиг хулгайч, цагаач биш гэж хэлсэн. Тэгээд манай охин Э. М-г дагуулаад урагшаа гэр лүү алхсан. О мотоциклио асаагаад гэр лүүгээ явсан. Би Т-тай хамт машиндаа суугаад М дээр очсон. Т машинаас буугаад М дээр очоод уулзаж байгаад куртикнээс нь зуурсан чинь М куртикээ тайлж шидчихээд гэр лүүгээ яваад өгсөн. Тэгэхээр нь Т, Э бид 3 М.ийн гэрт нь очоод эхнэртэй нь уулзсан. Эхнэрт нь О, М 2 зодолдоод байна гэж хэлсэн. Тэгээд байж байтал М ирээд худлаа битгий хуцаад байгаарай гэж хэлчихээд гэр лүүгээ орчихсон. Тэгэхээр нь араас нь ороод учир зүйгээ олох гэтэл тэдний хүүхдүүд нь ирээд манайхаас явцгаа, та нартай эвлэрэхгүй, явдаг газраар нь явна, мөнгө төгрөг салгана гэхээр нь бид хэд гэр лүүгээ явж байтал цагдаа ирсэн. Өөр болсон зүйлгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/
1.4. Гэрч Т.Э мөрдөн байцалатын шатанд мэдүүлэхдээ:
Би Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 4-р баг, Балтастайн Сүүж гэх газар нөхөр Ө болон 3 хүүхдийн хамт амьдардаг юм. 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн өглөө 10 цагийн үед би Сүмбэр сумын 4-р багийн нутаг Хүрий Ногоо гэх газарт амьдардаг аав Т-ынд очсон. Тэгээд очоод байж байгаад би аав, ээж 2-той хамт овоон дээр гарч мал харахаар явсан юм. Тэр үед О малаа харна гээд мотоцикльтой явчихсан байсан юм. Тэгээд бид 3 хөдөө гэрээс зүүн зүгт байх хадагтай овоон дээр гараад мал дурандаад байж байтал бид нарын байсан овооноос баруун тийш 2 хүн барилцаад авлаа гэж аав хэлсэн. Тэгэхээр нь бид хэд машинаа асаагаад тэр газар очсон чинь манай дүү О, М гэдэг хүнтэй маргалдаад заамдалцаад зогсож байсан. Тэгэхээр нь би та нар юу болоод байгаа юм бэ айл саахалт хүмүүс байж гэж хэлээд тэр 2-г салгах гэсэн чинь салахгүй байсан. Тэгэхээр нь би О-ыг араас нь татаад М-аас салгасан. Манай аав М-г цааш нь татаад салгаж байх шиг байсан. Тэгээд О мотоциклио асаагаад яваад өгсөн. М ах урагшаа явган алхаад яваад өгөхөөр нь би араас нь очоод юунаас болоод маргалдаад байгаа юм бэ гэхэд мал услаагүй гаргачихсан байна гэж хэлсэн. Тэгээд яриад явж байхад аав ээж 2 араас машинтайгаа ирсэн. Аав М-г суу хүргээд өгье гээд куртикнээс нь татсан чинь М уурлаад куртикээ тайлж шидчихээд гэр лүүгээ яваад өгсөн. Тэгэхээр нь бид 3 М-ийн гэрт нь очоод эхнэртэй нь уулзаад М, О 2-г маргалдсан талаар хэлсэн. Тэгээд байж байхад М алхаж ирээд шууд гэр лүүгээ яваад орчихсон. Тэгэхээр нь бид хэд М-ийнд ороод учир зүйгээ олох гэтэл хүүхэд нь бололтой нэг залуу та нарыг алчихна шүү, шүүхдэнэ энэ тэр гээд байхаар нь бид хэд гэр лүүгээ явсан. Явж байхдаа цагдаатай таарсан. Өөр болсон зүйлгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/
1.5. Гэрч Х.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр би М.М-тай маргалдсан болон түүнийг зодож цохисон асуудал байхгүй. М.М нь манай хүү О-тай маргалдаж байхад нь би очиж салгасан. Өөр зүйл болоогүй. 2017 оны өвөл /сар өдрийг нь санахгүй байна/ М.М нь Хүрий Ногоонд байх манай гэрт согтуу ирээд танай хүү О-ыг чи муу яахаараа үхэр тугал хөөж, гадаа авчирч нийлүүлдэг юм гээд манай хүүтэй маргалдаж байгаад заамдалцаж аваад 2-3 удаа харилцан цохилцсон. Тэгэж байхад нь би очиж салгасан. Яг яаж зодолдож байсныг санахгүй байна. Би М-г зодож цохиогүй, үүнээс өмнө маргалдаж зодолдож байсан удаа байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/
1.6. Гэрч С.Я мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Манай нөхөр 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 12 цаг өнгөрч байхад гэрээсээ төлтэй малаа услана гээд гарсан. Өдөр 13 цаг өнгөрч байсан чинь манай гадаа нэг машин ирж зогсоод сигналдахаар нь би гэрээсээ гарсан чинь манай саахалт айлын хүн Т өөрийнхөө машинтай эхнэр Б, охин Э нарын хамт ирсэн. Т машинаасаа бууж ирээд надад хандаад М дандаа хүүхэд зодож байх юм гэж хэлэхээр нь би юу болсон бэ, юунаас болсон бэ гэж хэлсэн чинь Т надад хэлэхдээ хонь усалсангүй гэж хэлээд манай хүү О-ыг зодсон гэж хэлсэн. Хамт ирсэн охин Э нь манай аавыг цагаач гэж хэллээ цагаач гэж юу гэсэн үг юм бэ цагаач бол адилхан бүгд л цагаач биздээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би та нар байнга хүнд буруугаа өгч байдаг, өөрсдийнхөө бурууг мэдэж байх ёстой шүү дээ гэж хэлсэн. Т болон эхнэр охин нь миний өөдөөс юм хэлээгүй. Т бид нар юм яриад зогсож байхад М дээгүүрээ хувцасгүй баруун хойноос алхаад ирж байгаа харагдсан. Т-тай юм яриад зогсож байгаад би гэртээ орсон чинь миний араас Т эхнэр охины хамт орж ирсэн би тэдгээр хүмүүст идээ цай авч өгсөн. Мгэртээ явган ирээд шууд ороод зүүн орон дээр нүүр амных нь хавьд нэлээн урагдсан шархтай хэвтэж байхаар нь би нөхрөөсөө юу болсон талаар асуусан чинь манай нөхөр М надад хандаад Т, О нар намайг зодчихлоо гэж хэлээд удаагүй гаднаас манай хүү, бэр охин, хүргэн нар Чойроос ирсэн. Намайг гэрээс анх гараад харахад манай нөхөр М явган ирж байгаа харагдсан ба хэзээ нь гэртээ орж ирсэн гэдгийг хараагүй. Т бид нартай юм ярилгүй шууд гэртээ орсон. Манай бэр гаднаас орж ирээд та нар арай дэндэж байгаа юм биш үү аавын мотоцикль талаараа харсан, утас нь 2 хэсэг болсон, хажууд нь хүний чийрэлсэн мөр үүссэн байна гэж хэлж байгаа дуулдсан. Тэгтэл Т болон эхнэр охин нь юм хэлэлгүй гараад явсан. Чийрэлсэн мөр гэдэг нь нэг хэсэг газар хүний мөр эмх замбараагүй олон үүссэн байхыг ойлгож болно. Манай нөхөр тухайн үед куртиктэй явсан байсан, гэтэл куртикгүй /гадуур хувцасгүй/ нүцгэн ирж байгаа харагдсан. Тэгэхэд яриан дундуур Т-ын эхнэр Б хэлэхдээ Т-тай зууралдаж байхад нь тайлагдаад үлдсэн гэж хэлсэн. Т анх надад хэлэхдээ манай нөхрийг хүүхдийг нь зодсон гэж хэлсэн болохоос өөрсдөө манай нөхөртэй зууралдсан болон өөрийнх нь хүүхэд О манай нөхрийг зодсон цохисон талаар нэг ч үг хэлээгүй. Үүний дараа шууд М-г манай хүүхдүүд аваад эмнэлэг рүү явцгаасан. Манай нөхөр М.М аймгийн эмнэлэгт 7 хоног хэвтээд гарсан. Манай нөхөр М.М-ийн биед зүүн талын 5-р хавирганы хугарал, тархи доргилт, нүүр чих, хамар, хөлний хавьд цус хуралт, зулгаралтууд үүссэн байсан. Дээрх үйл явдал болох үед тухайн газар манай нөхөр ганцаараа байсан. Харин Т өөрийн эхнэр Б, охин Э, хүү О нарынхаа хамт байсан гэсэн. Өөр нэмж ярих зүйлгүй... гэх мэдүүлэг. /хх-ийн 82-83 дугаар хуудас/
1.6. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 82 дугаартай дүгнэлтэд:
- М.М-гийн биед тархи доргилт, 5-р хавирганы хугарал, зөөлөн эдийн няцрал, цохонд, хамрын нуруунд, зүүн өвдөгний дотор хэсгээр зулгаралт, зүүн хацарт, зүүн чихний урд хэсгээр, зүүн өвдөгний дотор хэсгээр цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээх үүсгэгдэнэ.
- Уг гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 32 дугаар хуудас/
1.7. Шинжээч Л.Жаргалтогтох мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сүмбэр сумын харьяат М.М-ийн биед үзлэг хийхэд биед тархи доргилт, зөөлөн эдийн няцрал, цохонд, хамрын нуруунд, зүүн өвдөгний дотор хэсгээр зулгаралт, зүүн хацарт, зүүн чихний урд хэсгэр, зүүн өвдөгний дотор хэсгээр цус хуралтууд, цээжинд зүүн 5-р хавирганы харалдаа маш их эмзэглэлтэй байсан. Харин М.М-ийн өвчний түүхэнд тархи доргилт, 5-р хавирганы гэмтлийг тодорхойлон бичсэн байсан. Иймээс М.М-ийн өвчний түүх болон үзлэгийг үндэслэн М.М-ийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлтийг гаргасан. М.М-ийн биед учирсан тархи доргилт гэмтэл нь дангаараа хөнгөн, 5-р хавирганы хугарал гэмтэл нь дангаараа хөнгөн гэмтэлд хамаарах бөгөөд бусад цус хуралт, зулгарал гэмтлүүд нь тус тусдаа эрүүл мэндийг сарниулах гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Дээрх гэмтэл нь мотоцикль дээгүүр хүн дамнаж явах үед үүсэх боломжтой. Ер нь мохоо зүйлээр үүсгэгдсэн нь тодорхой... гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/
Хохирогч М.М болон түүний өмгөөлөгч Б.Батчимэг нар нь “...Т нь О-тай хамтарч гэмтээсэн гэж үзэж байна. Ахмад хүн боль гэж хэлэхгүй боож үсдэж, биеэ хамгаалах чадвар хаасан гэж үзэж байна, энэ хэрэгт Т-ыг шалгуулмаар байна...” гэх хүсэлтийг гаргасан боловч шүүхээс хүлээн авах боломжгүй байна. Учир нь:
Шинжээч эмч Л.Жаргалтогтох мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Үсдэж дарах үед үс болон толгойн хуйханд л гэмтэл учирдаг, хоолой боох үед зөвхөн хүзүү хоолойн орчимд л гэмтэл учирдаг. М.М-ийн дээрх гэмтлүүдээс харахад үүсэх боломжгүй байна...” гэх мэдүүлэг, гэрч Т.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манай аав М-г зодож цохисон зүйл байхгүй. Манай дүүтэй зууралцаад байхаар нь л татаад салгаж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...М, О нар нь зууралдаад салахгүй байсан юм. Тэгэхээр нь Т М-ийн үснээс зулгааж салгасан. Т М өөрөөр цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг зэргээр Х.Т нь шүүгдэгч Т.О-тай бүлэглэж хохирогч М.М-г зодсон болох нь тогтоогдохгүй байна.
Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Т.О-ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүгдэгч Т.О болон түүний өмгөөлөгч Э.Сайханаа нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Т.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Т.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 53-59 дүгээр хуудас/
2.2. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60-61 дүгээр хуудас/
2.3. Сум дундын 6 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 30 дугаартай цагаатгах тогтоолын хуулбар /хх-ийн 63-66 дугаар хуудас/
2.4. Хохирол төлбөр нэхэмжилсэн баримт /хх-ийн 74 дүгээр хуудас/
Шүүгдэгч Т.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Иймд шүүгдэгч Т.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О*т оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар хийхээр тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч Т.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Хохирогч М.М нь шүүгдэгч Т.О-аас эмчилгээний зардалд 500 000 /таван зуу мянга/ төгрөг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт 171 740 /нэг зуун далан нэгэн мянга долоон зуун дөч/ төгрөгний баримт авагдаж шүүгдэгч Т.О мөрдөн байцаалтын шатанд 180 000 /нэг зуу наян мянга/ төгрөгийг хохирогч М.М-д төлсөн болох нь тогтоогдож байна. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.М-гийн нэхэмжилсэн 320 000 /гурван зуу хорин мянга/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайж овгийн Т.О- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-т оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар хийхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Т.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.М-ийн нэхэмжилсэн 320 000 /гурван зуу хорин мянга/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.