Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2024/ДШМ/538

 

 

 

 

    2024           05            08                                       2024/ДШМ/538

 

Ц.Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Өлзийхүү,

хохирогч Ч.Аийн өмгөөлөгч С.Ч,

шүүгдэгч Ц.Эын өмгөөлөгч З.Х,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/199 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч З.Х, хохирогч Ч.А, түүний өмгөөлөгч С.Ч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ц.Эт холбогдох эрүүгийн 2206000003283 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ё овгийн  Ц.Э, 1999 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлиг суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт ............ тоотод оршин суух,

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хянан харгалзахаар тогтоосон, /РД: ................../.

Ц.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Манбадацангийн 1 дүгээр гудамжинд хохирогч Ч.Аийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эт урьд цагдан хоригдсон 41 хоногийн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, нийт 41 хоногийг түүний эдлэх ялаас хасаж тооцож, хохирогч Ч.А нь энэ гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны болон гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ц.Эаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, хэрэгт эд мөрийн битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох баримтаар 439,800 төгрөг нэхэмжилснийг, шүүгдэгч Ц.Э нь 3,500,000 төгрөгийг хохирогч Ч.Ад төлж барагдуулсан болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ц.Э гаргасан давж заалдах гомдолдоо: “... Би 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр найзуудтайгаа төрсөн өдөр тэмдэглэж дуусаад гэртээ харих гэж такси барьсан. Гэрийн үүдэнд очоод таксины мөнгөө төлөөд гэртээ орох гэтэл таксины жолооч намайг “цуг суух уу” гэхээр нь зөвшөөрч хамт караоке орсон. Караокеноос гарч гэртээ харих гэтэл намайг хүргээд өгөөч гэж үнссэн. Би буцааж үнсээд газар хэвтүүлээд бэлгийн харьцаанд орж байтал гэнэт намайг хүчиндчихлээ гэж муухай орилсон. Утсаа гаргаж ирээд цагдаа дуудаж, барьж өгнө гэж хэлэхээр нь би утсыг нь аваад зугтаасан. Согтууруулах ундаа хэрэглэж гэмт хэрэгт холбогдсондоо үнэхээр их харамсаж байна. Надад хорих ялыг биеэр эдлүүлэхгүйгээр хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү гэж гуйж байна. Би цаашид гэмт хэрэгт орооцолдохгүй, хүлээлгэсэн итгэлийг алдахгүй байж чадна гэж амлаж байна. Би хохирлын мөнгийг бүрэн төлсөн цаашид нэхэмжилсэн мөнгийг төлөхөд бэлэн байна. ...” гэжээ.

            Шүүгдэгч Ц.Эын өмгөөлөгч З.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй үндэслэлээр эс зөвшөөрч, давж заалдлаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн шүүгдэгч Ц.Эын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хэм хэмжээг хэрэглэх боломжтой хэмээн үзсэн. Гэтэл шийтгэх тогтоолд өмгөөлөгчийн саналыг няцаасан баримт, үгүйсгэсэн үндэслэлээ огт тусгаагүй, дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Мөн шүүгдэгч Ц.Эын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн; 1.2-т заасан учруулсан хохирлыг төлсөн; 1.6-д заасан нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлууд шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байхад ямар нэгэн үндэслэл зааж дүгнэлт хийлгүйгээр “тогтоогдсонгүй” гэж ганц үгээр дүгнэснийг хянуулах хүсэлтэй. Шүүхийн өмнөх шатанд дээд шатны прокуророор яллах дүгнэлтийг хүчингүй болгуулсан, нэмж явуулсан нотлох ажиллагааны үр дүнгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн явдал нь шүүхийн шатанд шүүгдэгч Ц.Эт ашигтай, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль буюу хэм хэмжээг хэрэглэхгүй байх, “урьд хангалттай хөнгөрүүлжээ” гэх ойлголт, итгэл үнэмшлийг бий болгох ёсгүй. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, хохирогчийн хоёр удаа өгсөн мэдүүлгийн эх сурвалж, нотлогдсон байдал, хохирогчийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам сахиагүй байдал нь шүүгдэгчийн өмгөөлөгч миний гаргаж буй санал хүсэлтийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болохыг анхаарч үзэхийг хүсье. Хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ц.Эт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэж өгөхийг хүсье. ...” гэв.

            Хохирогч Ч.Аийн өмгөөлөгч С.Ч хохирогчтой хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байх тул дээрх шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг бүрэн шалгаж тогтоолгохоор буцааж өгнө үү. Учир нь, хохирогч Ч.Аийн хууль сануулсан мэдүүлэг үнэн зөв, хэргийн үнэн бодит байдалтай нийцэж байх атал түүний энэхүү мэдүүлгийг ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүйгээр, бусад баримтуудад үндэслэхгүйгээр нотлогдохгүй байна хэмээн дүгнэсэн нь хэт өрөөсгөл ойлголт үүсгэсэн байх бөгөөд шүүгдэгч этгээд Ц.Э нь сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ хэргээ үнэн зөвөөр хүлээх шаардлагагүй, тэрбээр өөрийгөө өмгөөлөх эрх нь бүрэн нээлттэй байгаа учир тухайн 2 хүний мэдүүлгийн эх сурвалжийг зайлшгүй нотлох шаардлагатай байсан бөгөөд хохирогч Ч.Аийн хувьд түүний хэлсэн зүйлс нь бусад хөдлөшгүй нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд тухайлбал автомашинтай байсан уу гэвэл байсан, түлхүүрийг нь өөрөө авч явж байгаад Ц.Э булаалгаж дээрэмдүүлсэн үү гэвэл тийм үйл явдал болсон байдаг, мөн гар утсыг нь ч бас гараас нь булааж авч явж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн байхад үүнийг нь гэмт хэрэг нуун далдлах арга мэтээр ойлгож тайлбарласан нь хэт өрөөсгөл хууль зүйн дүгнэлт болжээ гэж үзэж байна. Ийнхүү мөрдөгч, прокурорын зүгээс эл асуудлыг гүйцэд хянаж шалгаагүй дутуу орхигдуулж, шүүгдэгч Ц.Эт ял завших боломжийг олгож байна гэж үзэж байна. Түүнд оногдуулсан ял, шийтгэл дэндүү хөнгөдсөн байна гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.Э нь хохирогч Ч.Аийг илтэд гүтгэж гүжирдэж, өөрийгөө хамгаалж мэдүүлэг өгч, хохирогч нь өөрөө шүүгдэгч Ц.Эыг үнссэн гэх мэтээр худлаа мэдүүлсэн байгаад манай үйлчлүлэгч маш их гомдолтой байгаа төдийгүй үүнээс гадна хохирогч Ч.А нь өөрийнхөө автомашины түлхүүрийг гэмт хэрэг гарснаас хойш 15 хоногийн дараа 80.000 төгрөгөөр захиалж дахин хийлгэсэн байх бөгөөд энэхүү хохирол нь бодитой учирсан байхад бодит хохиролд оруулан тооцоогүй орхигдуулсан байна. Мөн өөрийнх нь гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд өмсөж явсан хувцсыг үнэлгээний байгууллага хэт доогуур үнэлсэн байгаа нь хохирогчийн эрх зүйн болон эдийн засгийн байдлыг дордуулсан үнэлгээ болжээ гэж үзэж байна. Иймд анх дэлгүүрээс худалдаж авсан баримтаа өгсөөр байхад өөр дэлгүүрийн нэр тавьж үнэлгээ хийлгээд тэр үнэлгээ нь худалдан авсан үнээс нь хэт доогуур үнэлсэн байгаа нь буруу байна гэж үзэж байна. Хувцас авсан үнэлгээний хэдэн хувь нь элэгдэж хорогдсон байсан болохыг бодитой тогтоолгох шаардлагатай байна гэж үзлээ. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг гэм буруугийн шүүх хуралдаанаар нэг мөр тогтоолгох нь чухал холбогдолтой, хохирогч Ч.Ад учирсан хохирол, гэм хорыг нэг мөр шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. Иймд, хохирогчийн зүгээс болон түүний өмгөөлөгчийн зүгээс Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/199 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоолгохоор анхан шатны шүүхээр дамжуулан хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор Л.Өлзийхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж шийдвэрлэсэн. Шүүгдэгч Ц.Эын үйлдлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон гэж дүгнэж шийдвэрлэснийг буруутгах, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Анхан шатны шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгч Ц.Э нь урьд 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож шийдвэрлэж байсан тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй. Мөн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орохдоо хохирогч Ч.Аийг түлхэж унагаах, амыг нь гараараа дарах зүүн гарын хөдөлгөөнийг хязгаарлах зэргээр түүний биед баруун, зүүн өвдөгт зулгаралт, зүүн гуяанд цус хуралт зэрэг гэмтлүүд учруулсан үйл баримтаас үзэхэд тухайн үеийн нөхцөл байдлыг буруугаар төсөөлж, андуурсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй. Харин шүүхээс хохирогч Ч.Ад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан түүнд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч З.Х нарын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 199 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан дээрэмдэх гэмт хэрэгт өөрчлөлт оруулаад зүйлчлэлийг хөнгөрүүлж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Иймд энэ талаарх гомдлыг хүлээж авах боломжгүй. Мөн хохирогчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Ц.Эыг худал мэдүүлэг өгсөн гэж байна. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Ц.Э нь хоёр удаа мэдүүлэг өгсөн. Мэдүүлгээ анхнаасаа тогтвортой мэдүүлсэн. Гэм буруугийн хувьд маргадаггүй. Болсон үйл явдлын талаар үнэн зөв бодитойгоор мэдүүлсэн. Харин машины түлхүүр болон гар утсыг авсан үйлдэл дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан дээрэмдэх гэмт хэргийн шинж байна уу гэдэг дээр прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ хууль зүйн дүгнэлт хийж, дээрх асуудал нь зөрчлийн шинжтэй үйлдэл байна гэж дурдаж энэ асуудлыг шалгуулахаар хүргүүлсэн үйл баримт авагдсан байдаг. Хохирогчийн түлхүүр, гар утсыг шунахайн сэдэлтээр аваагүй хохирогчийн зүгээс цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ гэж байсан тул айгаад авсан гэж ярьдаг. Өвчин халдаасан гэх асуудлыг хохирогч ярьдаг. Үүн дээр бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарсан. Өвчин халдаасан асуудал тогтоогдоогүй. Ингээд хөнгөрүүлж зүйлчилсэн байдаг. Эмнэлгийн байгууллагад үзүүлсэн, эмчилгээ хийлгэж байсан асуудлыг яриад байна. Гэтэл халдаасан гэх өвчтэй холбоотой эмчилгээ хийлгээгүй болох нь баримтаас харагддаг. Иймд хохирогч, түүний өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Ц.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Манбадацангийн 1 дүгээр гудамжинд хохирогч Ч.Аийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ч.Аийн "... нийтийн байранд хүргэсэн ба тухайн залуу нь миний хаан банкны 5163299348 тоот дансанд 8000 төгрөг хийсэн. ... бид хоёр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт ажиллагаа явуулдаг "Тайга" гэх караокед орж нийтийн караокены зааланд суусан ...гараад гудамжаар ертөнцийн зүгээр хойд зүгт хамт алхсан. Ойролцоогоор 200м орчим явахад 2 машин зогсож байсан ба 2 машины голд намайг газарт унагаагаад миний амыг дараад өмд тайлаад, тайлахгүй бол ална шүү, би гараа авахгүй байж чадна гэж хэлсэн. Тэгэхээр нь би айгаад өмдөө тайлсан. Тэгтэл тухайн эрэгтэй миний дээр гараад надтай бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд орох үед миний амыг гараараа дараад байсан. Тэгээд үл таних залуу намайг газарт тэвэрч, аргадаж байгаа мэт байснаа түлхэн дахин надтай бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд орж дуусаад үл таних эрэгтэй нь цагдаад дуудлага өгч магадгүй гэж хэлээд миний “Ай фоне 6 плас” загварын мөнгөлөг саарал өнгийн гадаргуутай гар утас, машины түлхүүр зэрэг зүйлийг аваад зугтаасан. Би газарт унахдаа 2 өвдөг болон биеийн ар нуруу хэсгээрээ унасан. ...” /1хх 14-16/,

“...Тухайн үед би Ц.Э гэх залуутай 2 удаа бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч болон ямар нэг хамгаалалтын хэрэгсэл хэрэглээгүй. Хэрэг болох үед бидний ойролцоо цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүс явж байсан ба тухайн хүмүүс биднийг анзааралгүй явчихсан. Ц.Э гэх залуу нь гараараа миний амыг дараад байсан болохоор би ямар нэг зүйл хэлж чадаагүй. ...миний бие муудаж 103-т өгсөн дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн ба би тухайн үед эмчийн бичиж өгсөн эм, тариаг авч хэрэглэсэн. Эм тарианы үнэлгээ нийлээд 200,000 орчим төгрөг болсон. ...” /1хх 87/,

гэрч У.С-ийн “...тухайн 2 хүн караокеноос 03 цаг өнгөрч байхад тооцоогоо эрэгтэй нь хийсэн ба дансаар шилжүүлсэн. Тухайн 2 хүн согтолт бага байсан. ...шөнө 04 цагийн орчим үл таних эмэгтэй нь ганцаараа орж ирсэн ба өмссөн хувцас нь шороо тоос болчихсон байсан ба караокед өмнө нь сууж байсан ширээн дээр очиж суугаад шалан дээр нь бөөлжчихсөн. Би цагдаа дуудаж өгөх гэж байтал үл таних эмэгтэй нь гэрийнхэн мэдэж болохгүй гэж хэлсэн. Тэгээд би тухайн эмэгтэйг таксинд суулгаж өгсөн. ...” /1хх 25/,

шинжээч эмч Б.А-ын “... Тэмбүүгийн цочмог халдвар тээгч нь бусадтай хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон тохиолдолд хавьтагчид халдварлана. Аливаа халдварт өвчин нь нууц үе, цочмог үе, архаг үе гэсэн үе шатуудтай байдаг. Тэмбүүгийн цочмог халдварын үед тээгчийн цусан дахь титр их байгааг ойлгоно. Титр гэдэг нь хэмжээг ойлгоно... Халдвар тээгч дур тавьсан эсэх нь уг өвчнийг халдварлуулах эсэхэд хамаарахгүй.” /1хх 130-131/,

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Бэлгийн замын дархлал хомсдолын вирусийн тандалт судалгааны албаны их эмч П.П-ын "... Халдварт өвчний олон улсын 10 дугаар ангилалд зааснаар "А" ангилал нь бэлгийн замаар дамжиж халдварт өвчний оношны бүлгүүд багтана. А-51 өвчин нь эрт үеийн тэмбүү өвчин хамаарна. А-51 буюу тэмбүү өвчин нь 4 үе шаттай. ...нууц үе нь халдвар авснаас хойш 4 долоо хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй, шинжилгээгээр илрэхгүй.” /1хх 145-146/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Бактерлогийн шинжээч Б.Х-ын “... тэмбүүгийн цочмог халдвартай хүн бусадтай хамгаалалтгүйгээр бэлгийн харьцаанд ороход тэмбүүгийн халдвар дамжих боломжтой. Гэхдээ тэмбүүгийн халдварын нууц үед антибиотик эмчилгээ хийлгэсэн бол тухайн хүний ийлдэс судлалын шинжилгээ сөрөг гарч болно. Ийлдэс судлал гэдэг нь цусны шинжилгээ юм" /1хх 210/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 16000 дугаартай "...Ц.Эын бэлэг эрхтэнд гадны биет үгүй байна. Ц.Э тэмбүүгийн цочмог халдвартай байна. Үзүүлэгч бэлгийн замын халдварт өвчинтэйгөө мэдэхгүй байж болно. Бэлгийн замын халдварт өвчин зөвхөн бэлгийн замаар буюу бэлгийн харьцаагаар халдварлагдана. Ц.Э хурьцал үйлдэх чадвартай байна.” /1хх 72-73/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 14360 дугаартай "...Ч.Аийн биед баруун зүүн өвдөгт зулгаралт, баруун зүүн өвдөг, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл тухайн цаг үед үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Шинжилгээгээр үтрээ, шулуун гэдэсний арчдас, наалдцанд эр бэлгийн эс илрээгүй. Бэлгийн замын халдварт ДОХ, тэмбүү, заг хүйтэн, трихомониазын халдвар илрээгүй" /1хх 75-76/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 88 дугаартай "... шинжилгээнд хүргүүлсэн 14360, 16000 дугаартай дүгнэлтүүдийн эх хувь, Ч.Аийн 2023.01.06-ны өвчний түүх зэрэг нь шинжилгээнд тэнцэж байна. Тэмбүү бэлгэвчгүй бэлгийн харьцаанд орох үед халдварлах боломжтой. 2023 оны 01 сарын 17-ны өдрийн түргэвчилсэн сорилоор Ч.Ад тэмбүүгийн халдварын эсрэг бие илэрсэн байна" /1хх 118-119/,

Хохирогч Ч.Аийн цусанд бэлгийн замын халдвар тэмбүү өвчин байгаа эсэхийг тогтоохоор түргэвчилсэн оношлуулахаар итгэмжлэгдсэн Гялс төвийн шинжилгээний хариу /1хх 125/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 695 дугаартай шинжээчийн "...Ч.Аптангэрэлд хийсэн 2023 оны 07 дугаар сарын 24- ний өдөр хийгдсэн шүүх бактерлогийн шинжилгээгээр ДОХ, тэмбүү, хламид, заг хүйтэн, трихомониаз илрээгүй. Харин бэлгийн замын халдварт тэмбүү өвчний нууц хугацаа нь 3-4 долоо хоног үргэлжилдэг. Өвчтэй хүн эрүүл хүнтэй хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон тохиолдолд тэмбүү өвчин халдварлагдах боломжтой. Тэмбүү өвчний нууц үе нь халдварлагдсан тунгаас хамааралтай. Тэмбүү өвчний цочмог халдвар нь шинээр халдвар авсан байгааг илтгэж байна. Тэмбүү өвчний халдварын анхдагч болон хоёрдугаар үеийн явцад биед маш олон тооны үүсгэгч бий болсон байдаг ба энэ үед дархлааны хариу урвал дээд түвшинд хүрч, өвчний эсрэг эмчилгээ хийгдээгүй тохиолдолд дараагийн үе шатанд шилждэг. Бэлэг эрхтний байрлалтай нэгдүгээр үеийн тэмбүү өвчин нь олон улсын өвчний 10 дугаар ангиллын А51 хамаарна. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №88 тоот дүгнэлтэд тусгагдсан 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн "Гялс” анагаах ухааны төвд хийлгэсэн цусанд хийсэн тэмбүүгийн RPR-н түргэвчилсэн шинжилгээгээр Ч.Аптангэрэлд тэмбүүгийн эсрэг бие илэрсэн (+) байна гэсэн нь үндэслэлгүй байна. Ч.Ад хийсэн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн бактерлогийн шинжилгээнд ТРНА /тэмбүүгийн цус наалдуулах урвал/-н урвал сөрөг, RPR /түргэвчилсэн наалдуулах урвал/-н урвал сөрөг, TP-IgG ELISA /фермент холбоот эсрэг бие илрүүлэх тэмбүүгийн шинжилгээ/ урвал сөрөг, RPR титр /түргэвчилсэн наалдуулах урвалын шингэрүүлэлтийн урвал/-н урвал сөрөг гарсан нь тэмбүү евчний халдваргүй байгааг илтгэнэ. RPR-н түргэвчилсэн шинжилгээ нь трепонемийн бус урвалд хамаарах ба уг шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд эмнэл зүйд илэрсэн шинж тэмдгийг харгалзан дараагийн шатны 2-3 удаагийн нарийн шинжилгээгээр зайлшгүй батлах шаардлагатай." /1хх 204-207/ гэсэн дүгнэлтүүд,

эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 34/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 61-63/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 65/,

2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Ч.Аийн данс руу 3,500,000 төгрөг шилжүүлсэн баримт /2хх 89/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос Ц.Эын хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.Эыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч З.Х нараас “...хорихоос өөр төрлийн ял, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэсэн,

хохирогч Ч.А, түүний өмгөөлөгч С.Ч нараас “...автомашины түлхүүр, гар утсыг нь булааж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн байхад үүнийг нь гэмт хэрэг нуун далдлах арга мэтээр ойлгож тайлбарласан нь үндэслэлгүй, ял хөнгөдсөн, хохирогчийн автомашины түлхүүрийг 80,000 төгрөгөөр захиалж хийлгэсэн байхад бодит хохиролд оруулан тооцоогүй, өмсөж явсан хувцсыг үнэлгээний байгууллага доогуур үнэлсэн, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг шийдвэрлээгүй тул хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд тус тус гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж заасан нь шүүхээс заавал хэрэглэхээр үүрэг болгосон зохицуулалт биш юм.

Шүүгдэгч Ц.Эын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ялын зохицуулалттай бөгөөд шүүгдэгч Ц.Эын хувьд хохирогчийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд санаатайгаар халдаж, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн үйлдэлд анхан шатны шүүхээс 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй ба ял тохирсон, хүнд биш байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн гомдолд дурдсан ажиллагааг хийж гүйцэтгэсэн байх тул нэгэнт хийсэн ажиллагааг дахин хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч З.Х, хохирогч Ч.А, түүний өмгөөлөгч С.Ч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Ц.Эын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нийт 72 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/199 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч З.Х, хохирогч Ч.А, түүний өмгөөлөгч С.Ч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эын цагдан хоригдсон 72 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ОЧМАНДАХ

 

                      ШҮҮГЧ                                          Л.ДАРЬСҮРЭН

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ