Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 93

 

С.Н-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч С.Н, түүний өмгөөлөгч Ш.Э, гуравдагч этгээд Б.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 799 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, С.Н-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 799 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 12 дугаар зүйлийн 12.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Норжмаагийн Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “С.Н-ийн өмчлөлийн газарт орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбай, хилийн заагийг тогтоож, бусдын өмчлөлийн газраар дамжин өнгөрөхгүй байхаар орц, гарцыг гаргаж, Б.Д-т Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн газар эзэмшүүлэх 87 дугаар шийдвэр болон Нийслэлийн Засаг даргын 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 444 дүгээр захирамжаар өмчлөх эрх олгогдсон 589 м.кв талбай газрын орц гарцтай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “С.Н-д газар эзэмшүүлэх, өмчлүүлэхдээ орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбай, хилийг зааглалгүй Б.Д-т газар олгогдсон болох нь нотлогдсон байхад хариуцагчийн хариу тайлбарыг үндэслэн орц гарцыг төлөвлөж шийдвэрлэсэн, кадастрын зураглал хийгдсэн гэж шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бодит байдалд нийцүүлж шийдвэрлээгүй, төлөвлөж шийдвэрлэсэн орц гарцаар хүн болон машин орж гарах боломжгүй, С.Н нь газрынхаа хойгуур Б.Д-т олгосон гэх газраар дамжин нэг л жимээр гарч орж байсан нь анхны кадастрын зураглалд тодорхой тусгагдсан байдаг. 2005 онд хийгдсэн кадастрын зураглалыг орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбай, хилийг заагласан   2017 оны зураглалтай харьцуулан харахад С.Н-ийн урд, баруун болон зүүн талын айл өрхүүд нь орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбай, хилийн заагийг гаргалгүй хашаа барьж, орц гарцгүй болгосон байхад энэ талаар эрх бүхий албан тушаалтан, Засаг дарга Газрын тухай хуульд заасны дагуу ямар нэг арга хэмжээ аваагүй, 2005 оноос хойш дээр дурьдсан айл өрхүүд  зөвшөөрөлгүй   газар   эзэмшиж,   амьдарч   ирсэн   байгаа   юм.   С.Н-д   газар эзэмшүүлэх болон өмчлүүлэх тухай шийдвэр гарах үед эдгээр айлууд амьдарч байсан нь 2005 оноос эхлэн 2017 он хүртэлх кадастрын зураглалын харьцуулалт болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байхад Монгол Улсын Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дах хэсэгт зааснаар Баязүрх дүүргийн болон Нийслэлийн Засаг дарга нь өөрийн нийтлэг бүрэн эрхийн хүрээнд  тус газрын орц гарцыг тагласан зөрчлийг арилгалгүй орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбай, хил заагийг төлөвлөж шийдвэрлэлгүй Б.Д-т газар олгосон нь С.Н-ийн орц гарцын асуудлыг бодит байдал,  хууль тогтоомжид нийцүүлэн шийдээгүй гэж үзэх үндэслэл болж байна. С.Норжмаа нь аргагүйн эрхэнд өмчлөлийн газрынхаа хойд хэсгийн нэг булангаар машин орох боломжгүй, явган хүн явах хэмжээтэй газраар 12 жилийн турш зорчиж орж гарч байгаа нь гуравдагч этгээд Б.Д-ийн дур мэдэн, олгогдоогүй газарт сунгасан хашаагаар дамжин орж гарах болгож, эцэст нь сунгасан хашаагаараа дамжуулж оруулж, гаргахгүй гэх талаар маргадаг болсон. Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 04 сарын 05-ны өдрийн газар эзэмшүүлэх 87 дугаартай шийдвэр болон Нийслэлийн Засаг Даргын 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх 444 дүгээр захирамжаар Б.Д-т олгогдсон 589 м.кв талбай бүхий газрын орц гарцтай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах, С.Н-ийн өмчлөлийн газарт нь орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбай, хил заагийг бусдын газраар дамжин өнгөрүүлэхгүйгээр хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.Н нь “Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 34 дүгээр гудамжны 1807 тоотод байрлах өөрийн өмчлөлийн газарт орц, гарц нийтийн эзэмшлийн талбай, хилийн заагийг тогтоож, бусдын өмчлөлийн газраар дамжин өнгөрөхгүй байхаар орц, гарц гаргаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 87, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 444 дүгээр захирамжаар Б.Д-т эзэмшүүлж, өмчлүүлсэн 589 м.кв газрын орц, гарцтай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй…” гэснийг зөрчиж бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэжээ. Тодруулбал,

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй бөгөөд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох эрхэм зорилготой.

Гэтэл нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг зөв тодруулж зөрчигдсөн гэх эрхийг тодорхойлж чадаагүйгээс гагцхүү гуравдагч этгээд Б.Д-ийн газар эзэмших, өмчлөх эрхтэй холбоотой дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн үндэслэлээ “кадастрын зураглал дээр тэмдэглэл байгаа ч орц, гарц гаргасан уулын оройн хэсгээр хүн болон тээврийн хэрэгсэл явах ямар ч нөхцөл байхгүй тул хойд хэсгийн булангаар явган хүн явах хэмжээтэй газраар орж гарсаар 12 жил болсон, Б.Д газраа сунгаж хашаа барьснаас энэ хүний өмчлөлийн газраар дамжин өнгөрөхөөс аргагүй байдалд хүрсэн” гэж тайлбарласан байх ба гуравдагч этгээд Б.Д өөрийн өмчлөлийн газраар нэхэмжлэгчийг орж, гарахыг зөвшөөрөөгүйгээс маргаан гарч, бодит байдал дээр С.Н нь орж гарах гарцгүй болсон үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Дээрх нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн газарт орц, гарц, нийтийн эзэмшлийн талбай, хилийн заагийг тогтоож, бусдын өмчлөлийн газраар дамжин өнгөрөхгүй байхаар орц, гарц гаргаж өгөхийг хариуцагч захиргааны байгууллагад даалгуулахыг хүссэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байхад энэхүү нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгөлгүйгээр, гагцхүү нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд анх газар эзэмших эрх олгохдоо орц, гарцыг төлөвлөсөн байсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д заасан “шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” гэсэнд хамаарч байна.

           Зүй нь энэ тохиолдолд “гуравдагч этгээд Б.Д нь зөвшөөрөлгүйгээр өмчлөлийн газраа сунгаж хашаа барьсны улмаас С.Н-ийн орж гардаг хэсгийг хаасан” гэж маргаж байгаа үндэслэлийг шалгаж холбогдох нотлох баримтыг цуглуулах, мөн хариуцагч захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй байгаа эсэхийг тогтоох /нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр орц гарц гаргуулах хүсэлтээ захиргаанд удаа дараа гаргаж байсан гэж тайлбарладаг/, бодит байдал дээр өөрийн өмчлөлийн газартаа орж, гарах ямар ч боломжгүй болсон тохиолдолд захиргаа хууль, дүрэмд заасан ямар үйл ажиллагаа явуулах үүрэг хүлээдэг эсэх, энэ үүргээ хэрэгжүүлэх боломжтой атал хэрэгжүүлээгүй эсэх нөхцөл байдлыг шалган, холбогдох эрх зүйн дүгнэлт өгснөөр хэргийг шийдвэрлэх учиртай.

         Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Баязүрх дүүргийн болон Нийслэлийн Засаг дарга нь өөрийн нийтлэг бүрэн эрхийн хүрээнд  тус газрын орц гарцыг тагласан зөрчлийг арилгалгүй орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбай, хилийн заагийг төлөвлөж шийдвэрлээгүй” гэх давж заалдах гомдлыг ханган шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 799 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                       ШҮҮГЧ                                                         Э.ЗОРИГТБААТАР  

                       ШҮҮГЧ                                                          Н.ХОНИНХҮҮ    

                       ШҮҮГЧ                                                          О.НОМУУЛИН