Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 520

 

Г.Ат холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 229 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 529 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 340 дүгээр тогтоолтой, ялтан Г.Ат холбогдох 21137271 дугаартай эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Мөнхзулын бичсэн дүгнэлтийг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.                                                        

Хяналтын шатны шүүхэд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Мөнхзул бичсэн дүгнэлтдээ: “... Ялтан Г.Аийн нийт 18 удаагийн үйлдлээр 29 иргэнд 57.777.000 төгрөгийг буюу их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 229 дугаар шийтгэх тогтоолоор Г.Ат Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хорих ял оногдуулж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.4-т зааснаар Г.Ат Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хохирогч Б.О, Х.О, О.Х нарын гаргасан давж заалдах гомдлоор хэргийг хянан хэлэлцээд “Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 229 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Г.Аийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “...Г.Аийг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Г.А, өмгөөлөгч С.Тэгшжаргал нарын гомдлоор 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ын өдрийн 229 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 529 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, ялтан, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх хэргийг Улсын ерөнхий прокурорын газрын “Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах тухай” прокурорын дүгнэлтээр 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 529 дугаар магадлалын тогтоох хэсгийн “Г.Ат оногдуулсан 3 жилийн хорих ялыг 5 жил болгон хүндрүүлсэн өөрчлөлтийг хүчингүй болгож, магадлал болон Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 375 дугаар тогтоолын ял хүндрүүлснээс бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Хорих 407 дугаар ангид ял эдэлж буй Г.А нь “хорих ялаар шийтгүүлэн ял эдэлж байгаа ах, дүү нарыг нь ялаас чөлөөлж, суллаж өгнө, нөхрийгөө хуулийн байгууллагад ажилладаг” гэж хуурч мэхлэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, иргэн Ц.Баас 2018 оны 7 дугаар сард 50.000 төгрөгийг бэлнээр, 300.000 төгрөгийг дансаар, 50.000 төгрөгийг бэлнээр, 100.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр 1.000.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 8 дугаар сард бензин тосны хэрэгцээнд зарцуулна гэж хуурч, данх, битүү чанагч зэрэг эд зүйлс, 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 500.000 төгрөгийг дансаар, 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 3.000.000 төгрөгийг дансаар, нийт 5.090.000 төгрөгийг хууль бусаар шилжүүлэн залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд Г.Аийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн тогтоолоор 1808007230345 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хүнд ялтай зүйл хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэх нөхцөл байдал шинээр илэрсэн нь яллагдагч Г.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн...” гэж үзэх үндэслэл тогтоогджээ.

Иймд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 229 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 529 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 340 дугаар тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Мөнхзулын бичсэн дүгнэлтийг дэмжихгүй байна. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтанд байгаа Г.Ат холбогдох хэрэг нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй. Г.Аийн хоригдож байхдаа хохирогч Ц.Бг байнга хуурч амьдралын эх үүсвэрээ болгосон гэж үзэх боломжгүй. Г.Ат холбогдох хэргийг нэгтгэж шалгаснаар хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй тул түүнд Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага оногдуулах боломжтой” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Мөнхзулын бичсэн дүгнэлтийг үндэслэн хэргийн материалыг хянахад Г.А нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 229 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 529 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 340 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 3 жил хорих ял шийтгүүлснээс гадна 2018 оны 7 дугаар сараас 2018 оны 8 дугаар сарын 24-ний хооронд удаа дараагийн үйлдлээр иргэн Ц.Бг хуурч мэхлэн нийт 5.090.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Г.Ат Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 3 жил хорих ял оногдуулсан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 229 дүгээр шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа Г.Аийн үйлдсэн өөр залилах гэмт хэрэг илэрсэн нь түүний урьд нь ял шийтгүүлсэн гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй бөгөөд түүнд сүүлийн тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмыг баримтлан өмнөх тогтоолын ялтай нэгтгэж шийдвэрлэх боломжтой байна.

Иймд прокурорын бичсэн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 229 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 529 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 340 дүгээр тогтоолыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Мөнхзулын бичсэн “Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 229 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 529 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 340 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулж, Г.Ат холбогдох 21137271 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаалгах тухай” дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсугай.

2.Ялтан Г.Ат холбогдох 21137271 дугаартай эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

                                      ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН                                            

                                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН