Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 253

 

“Н а” ХХК, “ДЦТС” ХХК,

“Н а” ХХК, “Т н а”

ХХК-иудын нэхэмжлэлтэй, Байгаль орчин,

аялал жуулчлалын сайдад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Г.Банзрагч

                                                    Д.Мөнхтуяа

                                                   П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                           Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга:          Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/121 дүгээр тушаалын өөрсдөд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0145 дугаар шийдвэр

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2019/0285 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0145 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 9, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дугаар Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий “Н а” ХХК, “Н а” ХХК, “ДЦТС” ХХК, “Т н м” ХХК-иудын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0285 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0145 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Газар ашиглах гэрээг байгуулж чадаагүй байхад газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан нь хууль бус гэж дүгнэсэн бөгөөд энэхүү дүгнэлтийг нэхэмжлэгч компаниудын тухайд бүрэн хүлээн зөвшөөрч байна. Мөн гэрчилгээг олгогдсон өдрөөс эхлэн газрыг ашиглах боломжтой байсан гэж дүгнэснийг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг; Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж тус тус заасны дагуу газрыг зөвхөн гэрээний үндсэн дээр ашиглах эрхтэй байна. Гэрчилгээний үндсэн дээр газрыг ашиглах боломжтой байсан гэх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хуульд нийцээгүй байна.

4. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах" гэх зарчмыг хариуцагч баримтлаагүй, үүнийг нь шүүх анхаарч үзсэнгүй. Тусгай хамгаалалттай газрыг ашиглуулахтай холбоотой үүрэг хүлээсэн, хуулиар чиг үүрэг нь тогтоогдсон Төрийн захиргааны байгууллагууд ажлаа хийгээгүйн төлөө энгийн иргэн, хуулийн этгээдүүд хохирч байгаа нь шударга бус байна. Газар ашиглах гурвалсан гэрээний талууд болох дүүргийн Засаг дарга, Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, газар ашиглагч гэх гурван субъектууд энэхүү харилцаанд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээж оролцох ёстой. Хариуцлага, үр дагаврыг зөвхөн газар ашиглагч хүлээж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

5. Гэрээ байгуулаагүй байхад газар ашигласан тохиолдолд газрын төлбөрөө төлөөгүй, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэн манай компаниудын оруулсан хөрөнгө оруулалт, гаргасан зардлыг салхинд хийсгэж, газар ашиглах эрхийг цуцлах эрсдэлтэй байсан. Гэтэл хуулиар тогтоосон журмыг баримталж, гэрээ байгуулж, газрын төлбөрөө зохих ёсоор төлсний дараа газраа ашиглая гэж үзсэн компаниудын эрхийг ийнхүү цуцалж байгаа нь төрийн захиргааны албан тушаалтны буруутай үйл ажиллагаа болжээ. Иргэн, хуулийн этгээдүүд ийнхүү хуулийн хайчинд, алийг нь ч үйлдсэн буруудаж болох эрсдэл дунд байсныг хэн ч анхаарч үзэхийг хүсэхгүй байна.

6. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0145 дугаар шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2019/0285 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар “... газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр 78 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн, уг тушаалын үйлчлэлд нэхэмжлэгч “Н а”, “ДЦТС”, “Н а”, ”Т н м” ХХК-иуд хамаарсан, нэхэмжлэгчид “... өөрөөс үл шалтгаалах шалтгаанаар гэрээ байгуулж чадаагүй, газрын төлбөр төлөх, газраа ашиглах боломжгүй байсныг хариуцагч ойлгож, ул суурьтай шийдвэрлэж чадаагүй” гэж маргаж, өөрсдөд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал зөв байна.

8. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А-381 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын  хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар “Н а” ХХК-д “Баруундэлгэрийн ам”-нд 3 га, “Т н м” ХХК-д “Хүрэл тогоотын ам”-нд 2 га газрыг тус тус; амралт сувиллын зориулалтаар “Н а” ХХК-д “Түргэний ам”-нд 5 га, “ДЦТС” ХХК-д “Баруундэлгэрийн ам”-нд 3 га газрыг тус тус ашиглуулахаар шийдвэрлэсэн, уг шийдвэрийг үндэслэн Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга нь “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ”-г тэдгээрт 2014 оны 12 дугаар сарын 08, 15-ны өдөр тус тус бичиж олгосон, “газар ашиглах гэрээ” гурвалсан гэрээ байгуулагдаагүй, газрын төлбөр төлөгдөөгүй, тухайн газрууд нь огт ашиглалтгүй байгаа нь тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй болно.

9. Шүүхүүд, маргаан бүхий захиргааны актын 2 үндэслэлийн “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр газар ашиглагч нарыг буруутгах боломжгүй талаар дүгнэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх зохицуулалтыг хэрэглэлгүйгээр тус маргааныг шийдвэрлэсэн байх бөгөөд шийдвэр, магадлалын энэ хэсэгт хэргийн оролцогч нь гомдол гаргаагүй тул уг асуудлыг хяналтын шатны шүүхээс дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.

10. Харин, нэхэмжлэгч нар нь газар ашиглах эрх үүсч, газар ашиглах эрхийн гэрчилгээ эзэмшсэн хугацаанаас буюу 2014 оны 12 дугаар сараас хойш тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зориулалтын дагуу газраа огт ашиглаагүй нь “газар ашиглах гэрээ байгуулаагүй”-тэй холбоогүй, гагцхүү “гэрээ байгуулснаар газар ашиглах эрх үүснэ” гэх тайлбар үндэслэлгүй болохыг дүгнэж, уг үйл баримтад холбогдуулан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэснийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааныг шийдвэрлэсэн байна.

11. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “дархан цаазат газрын .../ хязгаарлалтын бүс/ газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болох”-оор, 27 дугаар зүйлийн 9-д “тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журам, ... тогтоох” бүрэн эрхийн дагуу Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ыг баталсан, уг журам нь тухайн харилцаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

12. Журмын 3.4-т зааснаар Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаас “тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ”-г олгохоор, гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болохоор, мөн 3 сарын дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулахаар журамласан байх бөгөөд энэ тохиолдлын хувьд нэхэмжлэгч нарыг “газраа зориулалтын дагуу ашиглах”-д эрх бүхий байгууллага, аливаа этгээдээс ямар нэгэн саад учруулсан, гэрээ байгуулахаас зайлсхийсэн, эсхүл гэрээгүй гэдгээр хориглосон гэх баримт тогтоогдоогүй, газар ашиглах гэрчилгээ авснаас хойш “газраа ашиглаагүй”-г гэрээ байгуулагдаагүйгээс болсон гэж үзэж, хүндэтгэх шалтгаанд тооцох боломжгүй юм.

13. Нөгөө талаар “гэрээ” байгуулсны дараа “газраа ашиглах байсан” гэх нэхэмжлэгч нарын тайлбарыг хүлээж авах боломжгүй, нэгэнт гурвалсан гэрээний талуудыг “гэрээ”-гээ байгуулахгүй байсныг хууль бус гэж үзсэн бол уг асуудлыг эрх бүхий байгууллага, албан хандаж шийдвэрлүүлж байгаагүйгээс үзвэл, энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

14. Иймд, дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0145 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2019/0285 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                           Ч.ТУНГАЛАГ