Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2018/ШЦТ/43

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Л.Мөнхсан,

улсын яллагч Э.Нямбилэгт,

шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн .Б овгийн Ц.А-д холбогдох эрүүгийн 1817000610032 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 07 дугаар сарын 31-нд Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 6, эхнэр 2 хүүхэд, 2 дүүгийн хамт, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 5 дугаар баг, ................ гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх Б. овгийн Ц.А /РД:............../

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ц.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 18 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Хайгуулчны 1-8 тоотын гадаа хамтран амьдарч байгаа иргэн Б.А-ийн цээжин тус газар хутгалж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч Ц.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 18 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Хайгуулчны 1-8 тоотын гадаа хамтран амьдарч байгаа хохирогч Б.А*ийн цээжин тус газар хутгалж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1.1. Шүүгдэгч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас мэдүүлэг өгөхгүй гэв.

1.2. Шүүгдэгч Ц.А мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

...Би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтээ өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар бүх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн тул одоо надад энэ талаар нэмж хэлж ярих зүйл байхгүй. Би өөрийн дүү А-гийн цээжин тус газар нь нэг удаа хутгалсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би А-гийн эмчилгээний зардалд гарсан 315.000 /гурван зуун арван таван мянга/ төгрөгийг бүгдийг нь төлж барагдуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/

1.3. Хохирогч Б.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би өнөөдөр 17 цаг өнгөрч байхад хөдөөнөөс дүү нарыгаа авах гээд машинтай орж ирээд Хайгуулчин 1-8 тоот хашааны гадаа очоод зогссон чинь манай ээжийн төрсөн ах Ц.А согтуу хашаа руугаа орж байсан. Би машинаас буугаад хашаа руугаа орсон чинь А ах хашаан дотор өөрийн эхнэр У эгчтэй архи уусан асуудлаас болж маргалдаж байсан. Тэгээд А ах, У эгч бид нар гэр лүү нь ороод би А, У нарыг өөрийн 2 дүүгийн хамт аваад хөдөө явах гэсэн чинь А ах хөдөө явахгүй гээд зүүн орон дээрээ хэвтэж байхаар нь үлдээгээд явах санаатай эгч бид хоёр манай хоёр дүүгийн хамт гэрээс гараад машин руу явахад манай хоёр дүү түрүүлээд машинд очоод суучихсан У эгч бид хоёр хашааны хаалга чиглээд алхаж байсан чинь араас А ах баруун гартаа хар иштэй гэртээ хэрэглэдэг хутгаа барьж гарч ирээд араас гүйгээд хүрээд ирсэн. Ирэхдээ та нар юу юм бэ ална гээд хашгичаад байна. У эгч бид хоёр эргэж хараад зогсож байгаад би А ахын хувцасных нь заамнаас бариад авсан чинь намайг тавь гэж орилоод миний цээжний хэсэг рүү хутгатай гараараа цохих шиг болоод миний гарыг тавиулаад цаашаа гүйгээд явчихаар нь тонгойгоод цээжээ дараад үзсэн чинь миний цээжний хэсгээс цус гарч байхаар нь өмсөж явсан цамцныхаа хормойгоор нь дараад машиндаа суугаад манай эгч У машин бариад шууд эмнэлэг дээр ирсэн. Наашаа эмнэлэг рүү ирэхээс өмнө манай эгч У 103-т дуудлага өгсөн байсан. А ах миний баруун хөхний хавьд хутгалсан байсан. Амаржаргалд хутгалуулахаас өмнө миний биед ямар нэгэн гэмтэл байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/

...Надаас эмчилгээний зардалд 315.000 /гурван зуу арван таван мянга/ төгрөг гарсан. Энэ мөнгийг бүгдийг А ах төлсөн. Иймээс надад А ахад хандан гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/

1.4. Гэрч Д.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би ажлаа хүлээж аваад ажиллаж байтал 18 цаг 10 минутын орчим 94213001 гэсэн дугаараас Сүмбэр сумын 2-р баг, Хайгуулчны 1-8 тоотод хүн хутгалуулчихлаа яах вэ гэж асуухаар нь яаралтай хурдан яваад ир гэтэл 18 цаг 15 минутанд цээжиндээ хутганы шархтай Б.А гэх залуу, эгч нь гэх эмэгтэйн хамт ирэхээр нь үзлэг хийхэд уг залуугийн цээжний баруун талын 4-5 хавирга, өвчүүтэй нийлэх хэсэгт 4 см орчим гүнтэй, 2 см орчим урттай 1 ширхэг босоо байрлалтай зүсэгдсэн шархтай, шархнаас нь цус гарсан, дээрх хүн өөрөө айсан байдалтай, царай нь цонхийсон байдалтай байхаар нь шархыг нь цэвэрлээд хэсгийн мэдээ алдуулах тариа хийж 2 ширхэг оёдол тавьж, цэвэр боолт хийгээд рентген зураг авхуулаад цагдаад дуулага өгсөн. Өөрийн төрсөн ахдаа хутгаар зүсүүлсэн гэж тайлбар өгч байсан. А-ээс согтууруулах ундаа үнэртээгүй, өөрөөс нь асуухад архи уугаагүй гэж байсан. Одоо А амьсгалхад цээжээр хөндүүрлэнэ, цээжний баруун талаар хүчтэй өвдөлт, хөндүүрлэх зовиуртай байгаа. Ерөнхий биеийн байдал дунд зэрэг, амин үзүүлэлт хэвийн байгаа. А цаашид эрсдэлээс сэргийлж Гэмтлийн тасагт хэвтүүлэн эмчлүүлэх гэж байна. Өөр нэмж ярих зүйлгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

1.5. Гэрч Д.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Миний хамтран амьдрагч Ц.А 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр сургуулийн хүүхдүүд харна гээд аймгийн төв дээр байдаг хуучнаар Хайгуулчны 1-8 тоот, шинэ хаягаар Баянбулгийн 9-121 тоотод үлдээд би хөдөө явсан. Өнөөдөр Баасан гариг учраас хамтран амьдрагч Ц.А болон сургуулийн 2 хүүхдээ авахаар би хөдөөнөөс Ц.А-ын төрсөн дүүгийн хүүхэд А хамт 17 цаг 30 минутын үед ирсэн. Ирэхэд гэрт хүн байгаагүй, удалгүй охин О хичээлээсээ ирсэн. Дараа нь А хүү О-ыг сургуулиас нь аваад такситай ирсэн. Ирэхдээ А халамцуу байсан. Тэгэхээр нь би хүүхдээ дагуулж архи уулаа гэж уурласан. Тэгээд би бүгдээрээ хөдөө явцгаая гэсэн чинь би хөдөө явахгүй, айл руу явж ямаа самнана гэсэн, тэгвэл тэр чигтээ яваарай гэж би хэлсэн, тэгсэн чинь уурлаад тэр уурандаа надтай хамт ирсэн дүү А-эйгээ маргалдаад байсан. Тэгээд А, охин О, хүү О бид 4 хөдөө явахаар машиндаа суусан. Тэгсэн О миний утсыг А авсан гэсэн, тэгээд А-аас охины утас өг гэхэд барьцаанд тавьчихсан гээд байхаар нь А бид 2 гэрт орж хайхад баруун орны хойд мухар луу шидсэн байхыг олсон. Тэгээд явахаар машиндаа сууцгаасан. А арай сууж амжаагүй байхад А араас нь хутга бариад гараад ирсэн. Тэгээд А лүү дайраад А А-ын 2 гарыг бариад авсан. Тэгээд би буугаад очихын завдалгүй А А цээж рүү хутгалчихсан. Тэгээд би А-аа чи хүүхэд хутгалчихлаа ш дээ гэсэн, А гудамжны баруун зүг рүү хутгаа бариад гүйгээд явчихсан. Тэгээд би Алтансүрэнг аваад эмнэлэгт хүргэж өгсөн. Алтансүрэн огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, учир нь надтай хамт хөдөөнөөс ирсэн. Дөнгөж ирээд ийм зүйл болсон. А архи уухаараа дүү А рүүгээ агсраад байдаг юм тухайн үед бас тийм асуудал болсон. Тэгээд А та битгий архи уухаараа намайг дарамтлаад бай гэсэн. Зодолдсон зүйл огт болоогүй, зүгээр маргалдсан. Гэрээс гарч ирэхдээ хутга бариад гараад ирсэн. Хар иштэй, 20-30 см урттай, жижгэвтэр хутга харагдсан, манай төвийн гэрт тийм хутга байдаггүй… гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/

1.6. Гэрч Ж.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Өнөөдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр би аргалд явж байгаад гэртээ ирээд цай уугаад сууж байсан чинь А гаднаас архи уусан халамцуу орж ирээд та манай эхнэрт юу гэж архи уусан гэж хэлсэн юм бэ гэхээр нь би хэлээгүй ээ аргалд явж байгаад дөнгөж сая орж ирээд сууж байна гэж хэлсэн. Хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. Тэгсэн А буцаад манай гэрээс гараад явсан. Тэгээд жоохон байж байтал гадаа хүмүүс маргалдаад байсан. Би гэрээс гараад очсон чинь А-ын эхнэр У гэрийнхээ хаалгыг онгойлгоод С эгч энэ хутгыг цааш нь нуучих гээд өгсөн. Би хутгыг нь аваад машиных нь суудлын ар талаар хийсэн. Араас А гарч ирээд дүү А-тайгаа /бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/ муудаж байгаад буцаад гэр лүүгээ ороод хар хуванцар иштэй хутга барьж гарч ирэхээр нь хорих гээд очиход ойртвол ална шүү гээд байсан. Тэгсэн дүү А нь та яахаараа хүн алдаг юм бэ гээд А-ын өөдөөс яваад очсон чинь А дүү А-йнхаа цээжнийх нь баруун хэсэгт хутгалсан. Алтай цус алдаад байна эмнэлэг дуудаарай гэсэн чинь А хутгаа барьсан чигээрээ хашаанаас гараад баруун зүг рүү гүйгээд явчихсан. А-г У машиндаа суулгаад эмнэлэг рүү явсан. Манай хашаа урд талаараа задгай, хашаагүй. Хашааны баруун урд А А-г нэг удаа хутгалсан. А 3 хоногийн өмнө Чойрын гэртээ ирсэн юм. Чойрт ирээд архи уугаад байсан юм. Эхнэр нь намайг аргалд яваад ирэхэд машинтайгаа ирсэн байсан. А-ыг архи уулаа гэж муудалцсан байх. Би сайн мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

1.7. Шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 104 дугаар дүгнэлтэнд:

- Б.А -н биед цээжинд өвчүүний баруун доод хэсэгт хутгалагдсан шарх тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчиллээр, 2018.03.16-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 38 дугаар хуудас/

1.8. Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудасны хуулбар /хх-ийн 52-56 дугаар хуудас/

1.9. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6 дугаар хуудас/

1.10. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутга давуулж шидсэн гэх хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10 дугаар хуудас/

1.11. Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 11 дүгээр хуудас/

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;” гэж заасныг ойлгоно гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч Ц.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 18 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Хайгуулчны 1-8 тоотын гадаа хамтран амьдарч байгаа хохирогч Б.А-тэй маргалдан түүний цээжин тус газар нь хутгалж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгтэй тохирч байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн хүндрүүлэх шинжид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг иш татаж заасан бөгөөд уг зүйлийн 2.8 дахь хэсэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэргийг үйлдсэн талаар зохицуулж хуульчилсан байна.

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Ц.А-ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Ц.А нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Ц.А-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч Ц.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Гэрч Д.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

А-ыг дүү А-гээ хутгалаад цагдаад шалгагдаж байгаа гэж сонссон. А Чойрт нээх байдаггүй, Улаанбаатар хотод ажил хийдэг гэж сонсож байсан. А Чойрт ирэхээрээ А-хаар байдаг, хоорондоо зүгээр энгийн харилцаатай байдаг байсан. Ямар шалтгааны улмаас дүүгээ хутгалсан гэдгийг мэдээгүй. А архи дарс нээх уугаад байдаггүй. Хүнтэй энгийн харилцаатай, ааш зан нь муухай ааш байхгүй. Хүнд их тусархуу байдаг. Хаая архи дарс уухаараа олон таван үг яриад байдаггүй. Төлөв даруу, дуу цөөтэй байдаг. Архи уухаараа унтаад өгдөг юм. Эхнэр хүүхэдтэйгээ маргалдаж муудаад байдаггүй. Өөр нэмж ярих зүйлгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/

2.2. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45-46 дугаар хуудас/

2.3. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /улсын яллагчаас шүүхийн шатанд нотлох баримтаар өгсөн/

Шүүгдэгч Ц.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

            Шүүгдэгч Ц.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч Ц.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдлээ. 

            Шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

            Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 25 см урттай, ажлын хэсэг 13.5 см урттай хар иштэй 1 ширхэг хутгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2  дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Баячууд овгийн Ц.А-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Ц.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Ц.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 25 см урттай, ажлын хэсэг 13.5 см урттай хар иштэй 1 ширхэг хутгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

   7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

   8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.