Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2024/ДШМ/539

 

 

 

 

    2024           05            08                                      2024/ДШМ/539

 

Б.Хт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхзул,

шүүгдэгч Б.Хын өмгөөлөгч Ж.Г,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч А.Мөнхсайхан, С.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/184 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Хын өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Хт холбогдох эрүүгийн 2209000001633 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн  Б.Х, 2002 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Сэцэн фэйшн” ХХК-д дизайнер ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт .................. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ...................../;

Шүүгдэгч Б.Х нь 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Marquee” баарны эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд хохирогч Б.Сг хэл амаар гутаан доромжилж, айлган сүрдүүлж, суултуурын усаар нүүрийг нь угааж, хутга тулган харгис хэрцгий аргаар, тохуурхан доромжилж, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон, мөн уг хэргийг үйлдэх явцдаа хохирогч Г.Б.Сгийн биед халдаж, хутгаар түүний гарыг зүсэх, нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд уруулд язарсан шарх, зулай, зүүн долоовор, эрхий хурууны завсарт зүсэгдсэн шарх, хошногоны амсарт язарсан шарх, язралт, дух, баруун дээд, доод зовхи, баруун, зүүн өвдгөнд цус хуралт ахар сүүл, баруун зүүн өгзгөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: С.Б.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8, 2.10 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Хыг харгис хэрцгий аргаар, хохирогчийг тохуурхан доромжилж хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8, 2.10 дахь заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 8 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар, хохирогч нь цаашид гарах болон шүүхийн хэлэлцээгүй орхисон өмгөөллийн хөлстэй холбоотой гэм хорын хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч С.Б.Хын өмгөөлөгч Ж.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаалтын ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х үйлдсэн гэмт хзрэгтээ чин санаанаасаа гэмшин, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн нь эрүүгийн хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг. Шүүгдэгч Б.Х хохирогч Б.Сд гэмт хэргийн улмаас учирсан 10,381,197 төгрөгийн хохирлыг төлж барагдуулан бусдад төлөх төлбөргүй, “Сэцэн фэйшн” ХХК дизайнер ажилтай эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогддог. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлийг баримтлан, шүүгдэгч Б.Хын хавтаст хэрэгт авагдсан хувийн байдлуудыг харгалзан, шүүхээс түүнд оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг өөрчилж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлээр гомдол гаргаж байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/184 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Б.Хт шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Прокурор С.Энхзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8, 2.10 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон. Гэмт хэрэг үйлдэж байх явцдаа хохирогчийн нүүрийг нойлын усаар угаасан байдал хэлж буй үг зэргийг харгалзан 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь тохирсон гэж үзэж байна. Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.Х нь 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Marquee” баарны эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд хохирогч Б.Сг хэл амаар гутаан доромжилж, айлган сүрдүүлж, суултуурын усаар нүүрийг нь угааж, хутга тулган харгис хэрцгий аргаар, тохуурхан доромжилж, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон, мөн уг хэргийг үйлдэх явцдаа хохирогч Г.Б.Сгийн биед халдаж, хутгаар түүний гарыг зүсэх, нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд уруулд язарсан шарх, зулай, зүүн долоовор, эрхий хурууны завсарт зүсэгдсэн шарх, хошногоны амсарт язарсан шарх, язралт, дух, баруун дээд, доод зовхи, баруун, зүүн өвдгөнд цус хуралт ахар сүүл, баруун зүүн өгзгөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Б.Сгийн “...’’Marquee” бааранд найзуудтайгаа сууж байтал зүс таних залуу ирээд “тамхилах уу, жаахан юм ярья” гээд намайг дагуулан уг баарны шаттай коридорын хэсэгт очицгоосон. Тэгээд яриан дундаа намайг хоёр жил харж явсан, хайртай байсан гэх зэрэг зүйл яриад намайг үнсээд байсан. Тэрний дараа над руу хэт дайраад байх шиг болохоор би "ингэж болохгүй” гээд хэлсэн. “Хоёулаа бие засъя” гэсэн. Тэр баарны нэг давхарт байх ариун цэврийн өрөө рүү орсон. Тэгээд би эмэгтэй 00 руу, тэр эрэгтэй 00 руу ороод гарсан. Тэгэхэд намайг чирээд буцаад 00 өрөө рүү оронгуут Б.Х гэнэт хутга гаргаж ирээд, миний хүзүүнд тулгаад, хатгах гээд байхаар нь би хутганы иртэй хэсгээс нь гараараа бариад авсан. Тэгтэл миний үснээс зулгаагаад 00-ны өрөөний хана руу намайг хэд хэдэн удаа мөргүүлсэн. “Больчих” гэж гуйсан боловч тоогоогүй. Сүүлдээ би “хоёулаа эвээр ярилцъя” гэж гуйсан. Тэгэхэд намайг алгадаад л байсан. Хүний хөлийн чимээ гарахаар над руу хутга тулгаад 'дуугарвал ална шүү” гээд байсан. Тэгж байгаад миний өмдийг тайлсан ба би “үгүй” гэтэл миний толгой руу цохисон. Ингээд би айгаад ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй, үгэнд нь орсон. Намайг суултуур луу харуулж байгаад бэлэг эрхтнээ араас миний бэлэг эрхтэн рүү хийсэн. Энэ үйлдлээ хэд хэдэн удаа давтсан. Дараа нь миний анус руу хийсэн ба “орохгүй байна” гэж уурлаад намайг “гичий, ал, алчихаад цогцсыг чинь мөчлөөд хаячихна шүү” гэх мэтээр доромжилж байсан. Үүний дараа бэлэг эрхтнээ надаар хөхүүлэх гээд байхаар нь би “үгүй” гэтэл хутга гаргаж ирээд миний толгой руу цохисон. Тэгэхээр нь би бэлэг эрхтэнг нь хөхсөн. Тэгэхдээ мөн намайг загнаад, хараагаад байсан, суултуурын усаар миний нүүр рүү цацсан. Би маш их айсан болохоор зарим нэг үйлдлүүдийг нь санахгүй байна. “Би ер нь чамайг хүчиндэнэ, чам дээр энэ үйлдлүүдийг хийнэ гэж боддог байсан” гэж надаар тохуурхаж байсан. Надаар бэлэг эрхтнээ хөхүүлсний дараа бэлэг эрхтнээ дахиад миний бэлэг эрхтэн рүү хийж хүчиндсэн. Тэгээд би сүүлд тэсэхээ байгаад хамаг чадлаараа орилсон. Тэгтэл гаднаас хоёр залуу, нэг охин орж ирэхэд Б.Х нь “би энэ эмэгтэйг танихгүй, би эмэгтэй хүн сонирхдоггүй, энэ охин өөрөө дуртай байсан” гэх мэтээр ярьж, сонин авир гаргаад байсан. Миний гарнаас цус гоожиж байсан тул би цусаа гоожуулаад гараад явсан. Миний санаж байгаагаар эвхдэг тонгорог маягийн хутга байсан. Миний баруун нүд болон шанаа хавдсан. толгой тэр чигтээ өвдөж байна. Зулай хэсэгтээ нэг оёдол тавиулсан, мөн зүүн гарын алганы эрхий хуруу хэсэгт зүсэгдсэн, хоёр ширхэг оёдол тавиулж, боолт хийлгэсэн. Мөн миний доод хэвлийн болон эмзэг эрхтэн, анус өвдөж байна. ...” /1хх 18-20/,

 “...Б.Х нь над руу сэтгэл мэдрэлийн өвчтэй, галзуу хүн шиг дайраад байхаар нь би өөдөөс нь юу ч хийж чадаагүй. Намайг “өмдөө тайл” гээд хутгаа миний хүзүү рүү ойртуулахаар нь хутгалуулж үхэж байхаар гэж бодоод айсандаа өмдөө тайлсан. Өмдөө тайлчихаад байж байхад Б.Х “эргэж хараад тонгой” гэж хэлсэн Б.Х намайг “алчихна шүү” гээд байсан болохоор айсандаа хэлсэн болгоныг нь биелүүлж байсан. Намайг уйлахад 00-ын бочкиноос гараараа ус аваад миний миний нүүрийг норгоод “энд би л чамд шаардлага тавина, чамайг хүчиндээд, дараа нь мөчлөөд хаячихна шүү, миний үгэнд ороод хэлсэн бүхнийг минь хий” гээд бэлэг эрхтнээ хөхүүлсэн ба би удаан хугацаанд хөхсөн. Надаар хөхүүлж байхдаа хутгаа барьчихаад байгаад байсан. Дараа нь бэлэг эрхтнээ миний анус руу хийсэн ба маш их өвдөлт мэдрэхээр нь үүнийгээ Б.Хт хэлтэл “дуугүй байгаарай гичий минь, саяжингаа би чиний бөгс рүү хийсэн, битгий баашлаад бай” гээд байсан. Тэгээд би өөрийнхөө нүүр хэсэгт хүрэхэд хавдсан мэт томорсон байсан. Дараа нь дахин, надтай бэлгийн харьцаанд хүчээр орсон ба маш их удсан гэж бодож байна. Ингээд би угаасаа намайг алах юм байна гэж бодоод хамаг чадлаараа 'туслаарай, авраарай” гэж орилсон. Тэр үед Б.Х миний толгой, нүүр хэсэг рүү маш олон удаа цохиж байсан. Тэр үед хүмүүс орж ирсэн ба Б.Х ...би эмэгтэй хүн сонирхдоггүй, би гомо” гээд маш чангаар уйлаад байсан. ...” /1хх 22-24/,

гэрч Б.Х-н “...1 давхарт 00 орчимоос эмэгтэй хүн “туслаарай” гээд муухай орилохоор нь О.А бид хоёр гүйж очоод 00-ын хаалгыг нь онгойлгосон чинь эрэгтэй нь суултуур дээр суусан байдалтай, эмэгтэй нь 00-ын хажууд өвдөгнийхөө хажууд хүртлээ хувцас нь тайлагдсан байдалтай, уйлаад, орилоод сууж байсан. Тэгээд нөгөө залуу нь О.А бид хоёрыг хараад “би ийм юм хийх залуу биш, чи намайг буруугаар бодоод байна’’ гэж хэлээд уйлаад байсан. Ингээд эмэгтэйн цусыг тэнд байсан баарны ажилчид 00-ын цаасаар тогтоосон. ...” /1хх 26/,

гэрч О.Аын “...1 давхрын 00-ын хэсгээс нэг эмэгтэй хүн “туслаарай” гээд орилоод байхаар нь найзтайгаа очоод 00-ын хаалгыг нээтэл нэг халзан толгойтой залуу 00-ын суултуур дээр суусан байдалтай, хажуу талд нь шалан дээр өмд нь шувтарсан эмэгтэй хүн уйлсан байдалтай, нүд нь хөхөрчихсөн, нүүр нь цус болсон, гар, алга хэсгээрээ зүсүүлсэн байдалтай “авраарай, намайг хүчиндэх гэж оролдсон, цагдаа дуудаад өгөөрэй” гээд уйлаад байсан. Тэгэхээр нь нөгөө залуугаас нь юу болсон талаар асуухаад өөдөөс уйлаад байсан. ...” /1хх 28/,

гэрч Ж Батбилэгийн “...Би баарны гадаа очоод “хэн зодсон юм?” гэж асуухад хажууд нь байсан залуучууд “тэнд хүлээтэй байгаа халзан залуу танай охиныг 00 дотор хутга тулгаж байгаад зодсон байна, ах та биеэ бариарай, битгий зодоорой, бид нар цагдаа дуудчихсан байгаа” гэж байсан. ...” /1хх 177/,

шинжээч эмч Б.Цолмонгийн “...Хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд уруулд язарсан шарх, зулай, зүүн долоовор, эрхий хурууны завсарт зүсэгдсэн шарх, хошногоны амсарт язарсан шарх зэрэг гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад хэсгийн язралт нийлээд хөнгөн зэрэгт хамаарна Хошногоны амсрын гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Хүчээр бэлгийн харилцаанд орох үед ихэвчлэн үүсдэг...” /2хх 90/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн “...тухайн шалны хэсэг нийтдээ цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон, толбо үүссэн байх ба толбыг дагаад явахад ариун цэврийн өрөө рүү чиглэх ба women гэх хаягтай ариун цэврийн өрөөний хэсэгт нэвтрэхэд 1 хаалга бүхий 00-ын өрөө байна. 00-ны өрөөний суултуур, хаалга зэрэг нь цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байна. ...Гадна үүдний доош чиглэсэн явган хүний шат байх ба доод хэсгээс 2 дахь шатны гишгүүр дээрээс бор өнгийн модон иштэй хутга байсныг хураан авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 5-13/,

цагдаагийн алба хаагчийн “..."Marquee” баарны гадаа очиход Б.С гэгч нь гар нь зүсэгдсэн, толгой хэсгээс цус гарсан байдалтай байсан ба О.Ааас тодруулж асуухад “намайг 00-ыг өрөөнд бие засч байхад нэг эмэгтэй "надад туслаач” гэж дуу гарахаар нь найз Б.Хүслэнгийн хамт эмэгтэйчүүдийн 00-ын өрөө рүү ортол нэг залуу, нэг эмэгтэй байсан ба эмэгтэй нь өмдөө тайлсан, уйлсан байдалтай байсан. Ингээд тус баарны хамгаалагч нөгөө залууг нь аваад гарсан. Тус Б.Х гэгчийг эрүүлжүүлэв. ...” гэсэн тэмдэглэл /1хх 14/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 12849 дүгээр “...1. Б.Сгийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд уруулд язарсан шарх, зулай, зүүн долоовор, эрхий хурууны завсарт зүсэгдсэн шарх, хошногоны амсарт язарсан шарх, язралт, дух, баруун дээд, доод зовхи, баруун, зүүн өвдгөнд цус хуралт, ахар сүүл, баруун, зүүн өгзгөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Хошногоны амсарт үүссэн язарсан шарх, язралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Бусад хэсгийн зулай, зүүн долоовор, эрхий хурууны завсарт үүссэн шарх нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, бусад хэсгийн шарх, цус хуралт, зулгаралт, хугарал нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. 3. Б.Сгаас авсан арчдас, наалдацын шинжилгээнд эр бэлгийн эс илрээгүй байна. 5. Б.Сгаас авсан цус, арчдас, наалдацын шинжилгээнд бэлгийн замын халдварт өвчин илрээгүй байна. 6. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвартыг тогтонги алдагдуулахгүй.” /1хх 73-75/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 107 дугаар “...2022 оны 09 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас Б.Сгийн сэтгэцэд гэмтлийн дараах стресс, стресст үзүүлэх сэтгэл хөдлөлийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь одоогоор түр зуурын шинжтэй. Б.С нь гэмтлийн дараах стресс, стресст үзүүлэх сэтгэлийн хөдлөлийн хариу урвалын шинжүүд нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. Шинжилгээний явцад шинэ нөхцөл байдал илрээгүй. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай...’’ /2хх 112/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1012 дугаар “...Б.Х нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Х нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэг өвчтэй байсан гэх баримт, шинж үгүй байна. Б.Х нь өөрийн үйлдлийг ойлгон мэдэж, удирдах чадвартай байсан...” /1хх 166/ гэсэн дүгнэлтүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос Б.Хын харгис хэрцгий аргаар, хохирогчийг тохуурхан доромжилж хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, улмаар хүчиндэх явцдаа хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8, 2.10 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Хыг харгис хэрцгий аргаар, хохирогчийг тохуурхан доромжилж хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Б.Хын үйлдлүүдэд 8 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Хын өмгөөлөгч Ж.Гас “...оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг өөрчилж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Б.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлж барагдуулсан хэдий ч түүний хохирогчийг хэл амаар гутаан доромжилж, айлган сүрдүүлж, суултуурын усаар нүүрийг нь угааж, хутга тулган харгис хэрцгий аргаар, тохуурхан доромжилж, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон, улмаар хүчиндэх явцдаа хохирогчийн биед халдаж, түүний гарыг хутгаар зүсэх, нүүрэн тус газар нь гараараа цохих, хана мөргүүлэх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт анхан шатны шүүхээс оногдуулсан ял болон ял эдлэх дэглэм нь тус тус тохирсон байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8, 2.10 заасан гэмт хэрэг нь таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг ба шүүхээс шүүгдэгч Б.Хт 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/184 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Хын өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.Хын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нийт 76 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/184 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Хын өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хын цагдан хоригдсон 76 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ОЧМАНДАХ

 

                       ШҮҮГЧ                                        Л.ДАРЬСҮРЭН

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ