| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0567/э |
| Дугаар | 0606 |
| Огноо | 2018-05-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 0606
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир , улсын яллагч П.Даваасүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Ганбат, шүүгдэгч Г.Жаргалсайхан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Г Ж холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1706008340703 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт Г Ж, 19 оны 5 дугаар сарын 29-ний өдөр суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт дүүргийн дугаар хороо дугаар гудамжны тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: Т,
Холбогдсон хэргийн талаар:
Г.Ж нь 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах захын хаалган дээр Б.Ө халааснаас гар утсыг нь хулгайлан авч 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.
Шүүгдэгч Г.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 7 дугаар сарын 30-ний өдөр 14.30 цагийн орчимд дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах захаас юм худалдаж авах гээд явж байхад төв хаалганы хэсэгт үл таних эрэгтэй хүний өмдны халаасанд нь гар утас нь харагдаад байхаар нь би зүүн талд нь шахаж явж байгаад баруун гараараа гар утсыг нь хулгайлан аваад 1 дүгээр хороолол орж таньдаг хүндээ 400.000 төгрөгөөр зарчихсан. Миний авсан утас Самсунг Галакси Эс-7 маркийн шар өнгөтэй утас байсан гэжээ. /хх-ийн 11/
Хохирогч Б.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр захын төв хаалган дээр очиж ундаа зарах гээд зогсож байгаад яг гарах гэж байсан чинь 1 намхан биетэй бор залуу намайг мөрлөөд гарсан. Тэгээд кармандаа хийсэн байсан утсаа үзтэл алга болчихсон байсан. Би тухайн үед мөрлөсөн залууг одоо харвал танихгүй. Би Самсунг Галакси Эс-7 маркийн алтлаг өнгөтэй утсыг 2017 оны 3 дугаар сард Теди төв дээрээс 850.000 төгрөгөөр худалдан авч байсан юм гэжээ. /хх-н 15-20/
Гэрч Т.М мөрдөн шалгах ажмиллагааны үед мэдүүлэхдээ: Ж бид хоёр гэр бүл болоод 4 жил болж байна. Манай нөхөр Ж 19 онд аймагт төрсөн. Манай нөхөр сургуульд сурч байгаагүй бөгөөд ямар нэгэн бичиг үсэг мэдэхгүй. Бид хоёр хоёр талаасаа хүүхдүүдтэйгээ нийлсэн. Ж хүүхдүүдээ ялгаж үздэггүй юм их сайн аав байгаа юм гэжээ. / хх-н 21-22/
Шинжилгээ хийлгэх шинжээч томилох мөрдөгчийн тогтоол /хх-н 24/
Хөрөнгийн үнийн тодорхойлолт /хх-н 25/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 26-27/
Г.Ж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах мөрдөгчийн тогтоол /хх-н 45-46/
Г.Ж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 40-44/
Г.Ж иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 28/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 29/, зэрэг болно.
Г.Ж нь 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Н захын хаалган дээр Б.Өн халааснаас гар утсыг нь хулгайлан авч 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :
Хохирогч Б.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Нарантуул захын төв хаалган дээр очиж ундаа зарах гээд зогсож байгаад яг гарах гэж байсан чинь 1 намхан биетэй бор залуу намайг мөрлөөд гарсан. Тэгээд кармандаа хийсэн байсан утсаа үзтэл алга болчихсон байсан. Би тухайн үед мөрлөсөн залууг одоо харвал танихгүй. Би Самсунг Галакси Эс-7 маркийн алтлаг өнгөтэй утсыг 2017 оны 3 дугаар сард Теди төв дээрээс 850.000 төгрөгөөр худалдан авч байсан юм гэсэн мэдүүлэг /хх-н 15-20/
Шүүгдэгч Г.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … захаас юм худалдаж авах гээд явж байхад төв хаалганы хэсэгт үл таних эрэгтэй хүний өмдны халаасанд нь гар утас нь харагдаад байхаар нь би зүүн талд нь шахаж явж байгаад баруун гараараа гар утсыг нь хулгайлан аваад 1 дүгээр хороолол орж таньдаг хүндээ 400.000 төгрөгөөр зарчихсан. Миний авсан утас Самсунг Галакси Эс-7 маркийн шар өнгөтэй утас байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Г.Ж холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул Г.Жг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэм буруутай болохыг тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Г.Ж нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн баримт /хх-н 12-13/, хохирогч Б.Ө Самсунг Галахси эс-7 загварын гар утсыг хүлээлгэн өгсөн байна. Иймд Г.Жаргалсайханыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид гар утсыг хүлээлгэн өгч хохиролгүй болгосон зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигон овогт Г Ж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ж 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Ж нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Г.Ж нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Ж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.Ж нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Г.Ж авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН