| Шүүх | Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сураагийн Отгонтуяа |
| Хэргийн индекс | 115/2025/0027/З |
| Дугаар | 115/ШШ2025/0024 |
| Огноо | 2025-12-16 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 115/ШШ2025/0024
2025 12 16 115/ШШ2025/0024
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: БНХАУ-ын иргэн R
Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын харьяа .... дэх Гаалийн газрын, гаалийн улсын байцаагч Ц.О
Гомдлын шаардлага: .... дэх Гаалийн газрын, гаалийн улсын байцаагч Ц.Оийн гаргасан 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: БНХАУ-ын иргэн R-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагч .... дэх Гаалийн газрын, гаалийн улсын байцаагч Ц.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нямцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн R /итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б/ нь .... дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Оийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан.
2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүхийн талаар:
2.1. Хариуцагч эрх бүхий албан тушаалтан болох гаалийн улсын байцаагч Ц.О нь 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 09 цаг 45 минутын орчимд гаалийн хяналтын бүсэд зорчигчийн гарах чиглэлд зорчин явсан БНХАУ-ын иргэн R-ийн биед шалгалт хийх явцдаа биеийн бүсэлхий хэсэгт цамцан дотуураа 2 боодол америк долларыг 2 талын бөөрөн тус хэсэгтээ хийн улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлж, улмаар 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2520000606 дугаартай “Зөрчлийн хэрэг”-ийг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
2.2. Улмаар хариуцагч Ц.О нь БНХАУ-ын иргэн R-ийг 2025 оны 09 сарын 30-ны өдөр Монгол Улсын Замын-Үүд хилийн боомтын гарах чиглэлд зорчиж явахдаа Гаалийн тухай хуульд заасны дагуу гаальд мэдүүлэх бараа буюу 15,000,000 төгрөгөөс их гадаад валютыг биедээ нууж гаалийн байгууллагад мэдүүлэхээс зайлсхийсэн зөрчлийг үйлдсэн гэж үзэн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1 дугаар “Шийтгэлийн хуудас”-аар Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу гаальд мэдүүлэхээс зайлсхийсэн 20,000 америк долларыг хурааж, 20,000 америк долларын 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан байна.
2.3. Гомдол гаргагч R-ийн олгосон итгэмжлэлийн дагуу түүний төлөөлөгч Н.Б 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд хандан гомдол гаргасан.
3. Гомдол гаргагч R-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бгаас хариуцагч .... дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Оийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах үндэслэлээ:
3.1. Хариуцагч нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлүүдийг гаргасан буюу Зөрчлийн хэргийн материалд “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхгүйг илрүүлсэн тухай" тэмдэглэл, холбогдогч R-ний биед үзлэг хийж 20,000 доллар хураан авсан боловч энэ талаар тэмдэглэл байхгүй, хураан авсан тэмдэглэлийн хувийг холбогдогчид гардуулаагүй, хуулийн 4.5 дугаар зүйлийн 5-т "Баримт бичгийг эхээр нь, шаардлагатай бол хууль ёсны эзэмшигчид эхийг нь буцаан олгож, хуулбарыг зөрчлийн хэрэгт хавсарган тэмдэглэлд тусгана" гэж заасны зөрчиж холбогдогчийн паспортыг хураан авч түүний хилээр гарах эрхийг хязгаарласан бөгөөд энэ ажиллагаа нь прокурорын шийдвэрээр хийгдэх ёстой боловч энэ талаарх прокурорын тогтоол хэрэгт авагдаагүй, холбогдогчоос мэдүүлэг авах ажиллагаанд хэд хэдэн орчуулагч оролцуулсан боловч орчуулагч нарт эрх, үүрэг тайлбарласан талаарх баримт байхгүй, хэрэгт хяналтын камерын бичлэг авагдсан талаар тусгасан боловч камерын бичлэгийг үзүүлээгүй;
3.2. Мөн холбогдогчийн биедээ авч явсан 20,000 долларын эх үүсвэрийг буюу мөнгө угаах, террозимыг санхүүжүүлэх зорилготой байсан гэдгийг хэрэгт нотлох баримтаар тогтоогоогүй, Замын-Үүд Хилийн боомт дээр олон улсын зорчигч нарт гадаад хэл дээр ямар ч мэдээлэл байхгүй ба хариуцагч нь Хятад хэл мэдэхгүй холбогдогчид гаалийн тухай хууль болон бусад журам дүрмийг тайлбарлаж, зөрчил гэмт хэрэг гаргахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй гэх агуулгаар тайлбарлан маргасан.
3.3. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоох зөрчлийг шалгаж зөвшөөрч үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэл оногдуулах энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино гэж байгаа. Гэтэл эрх бүхий албан тушаалтан хуулиа мөрдөж ажиллаагүй байна.
Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.11 дэх хэсэгт зааснаар гаалийн хяналт гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт гаалийн хууль тогтоомжийг мөрдөж, биелэлтийг нь хангуулах зорилгоор гаалийн байгууллагаас хэрэгжүүлэх цогц арга хэмжээг ойлгох бөгөөд Гаалийн тухай хуулийн 11.1 дүгээр зүйл болон 12.1 дүгээр зүйлд тус тус заасны дагуу гаалийн байгууллага нь гаалийн хууль тогтоомжийг гаалийн харилцаанд оролцогчид болон нийтэд чөлөөтэй, үнэ төлбөргүй мэдээлэх үүрэгтэйгээс гадна гаалийн хууль тогтоомжтой холбогдсон асуудлаар иргэн, хуулийн этгээд зөвлөгөө өгөх ба зөвлөгөө өгөх журмыг Гаалийн удирдах төв байгууллагын албан байгууллагын дарга батална гэж заасан.
Гадаадын иргэн валютыг гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн татвараас чөлөөлөгддөг гаальд мэдүүлснээр ямар нэгэн татвар оногдуулахгүй, харин мэдүүлэх, мэдүүлээгүйн улмаас Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээх талаар мэдээлж зөвлөөгүй. Гаалийн хяналт шалгалт хийсэн гаалийн байцаагч нь хятад хэл мэдэхгүй, холбогдогч R нь мөн монгол хэл, англи хэл мэдэхгүй болох нь зөрчлийн хэрэгт болон хариуцагчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байгаа.
Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлд гаальд барааг бичгээр, цахим хэлбэрээр зорчигч, хувийн эд зүйлийнхээ мэдүүлэх, улс орныхоо шуудан, илгээлтээр тус тус амаар, зорчигч улаан ногоон гарцыг сонгох буюу үйл хөдлөлөө мэдүүлж болохоор заасан бөгөөд гаалийн байцаагч холбогдогчид гаальд мэдүүлэх талаар тайлбарласан эсэх талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй.
Хавтаст хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан бичлэгээр холбогдогч тухайн валютаа гаальд мэдүүлэхээс зайлсхийсэн, татгалзсан, худал мэдүүлсэн, ямар нэгэн үйлдэл гаргаагүй болох нь нотлогдож байна.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн зорилт, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэдэг хуулийн нэр томьёог бас тодорхойлсон байдаг. Холбогдогчийн зүгээс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх тухай хуулиар тодорхойлсон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх ямар нэгэн үйлдлийг гаргаагүй байгаа. Тэгэхээр эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар Зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулаагүй гэж үзэж байна.
Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалган тогтоох зорилгоор шалгах ажиллагаанд ач холбогдолтой эд зүйл, баримт бичгийг хураан авч болох бөгөөд мөн хуулийн 4.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлд заасан журмыг баримтлахаар хуульд заасан.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эд мөрийн баримт, баримт бичгийг хураан авч байгаа тохиолдолд прокурорын зөвшөөрлөөр түр хураан авахаар зохицуулсныг гаалийн байцаагч хэрэгжүүлж ажиллаагүй. Энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хойшлуулшгүй ажиллагаа явуулан R-ийн паспорт болон валютыг хураан авсан боловч эрх бүхий албан тушаалтан нь хойшлуулшгүй ажиллагааг хүчинтэй тооцуулах саналаа прокурорт гаргаагүй. Энэ талаар хэрэгт баримт авагдаагүй.
Өмгөөлөгчийн зүгээс энэ асуудлаар прокурорт холбогдогчийн паспортыг хурааж авсан байна паспортыг нь буцаан олгож өгөөч ээ гэсэн хүсэлтийг гаргасан боловч хүсэлтээс бас татгалзаж шийдвэрлэсэн байгаа.
Хураан авсан орлого, эд зүйлийг зохих журмын дагуу хадгалах талаар хуульд заасныг зөрчиж, .... дэх Гаалийн газрын улсын орлогын бараа хариуцсан нярав, гаалийн улсын байцаагч Ч.Чинчимэгт хураан авсан валютыг хүлээлгэж өгсөн.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.
Мөн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх дэмжих тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт 15 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютаас дээш бол мэдүүлэх үүрэгтэй 15 сая доош хүртэлх хэмжээний мөнгийг мэдүүлэхгүй байх эрхтэй гээд хуульд заачихсан байгаа. Гэтэл энэ хуулийн заалтаа үндэслээд Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар хураагдсан 20 мянган долларыг шууд зөрчил үйлдсэн валют гэж үзээд хурааж авсан нь үндэслэлгүй байна. 15 сая төгрөгийг нь буцаан олгоод энэнээс давсан хэмжээний валюттай тэнцэх төгрөгөөр торгох ёстой байсан. Гэтэл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шийтгэлийн хуудас эрх зүйн болон хэлбэрийн шаардлагыг хангаагүй учраас Захиргааны ерөнхий хуульд заасан зорилгодоо нийцэн бодит нөхцөлд тохирсон шийдвэр, үндэслэл бүхий байх зарчмыг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа учраас .... дэх Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.
4. Хариуцагч Гаалийн улсын байцаагч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн R нь 09 дүгээр сарын 30-ны өдрийн 09 цаг 30 минутын үед хилээр орж ирээд рентген дээр 2 цүнх тавьсан. Тэгээд рентген дээр цүнхээ тавиад цаашаа гарсан. Биет үзлэг хийхэд 20 мянган доллароо 2 бөөрөндөө футболкны завсраар хийгээд өмдөндөө футболкоо хийчихсэн байсан. Тэгээд тухайн үед нь бид нар мөнгө илрэхээр асуумжаа аваад хяналт шалгалт хийх өрөө рүүгээ авч орсон. Авч ороод өөрт нь тайлбарлахад орчуулагч хэрэгтэй байсан. .... дэх Гаалийн газрын орчуулагч Ариунзаяагаар орчуулагч хийлгэсэн. Тэгээд үзлэг хийгээд, тэмдэглэл үйлдсэн, холбогдогчоос авсан мэдүүлэг аваад прокуророос зөрчлийн хэрэг нээх зөвшөөрөл авсан.
Манай гаалийн байгууллагад Сангийн яамны зөвшөөрлөөр тусгай данс нээдэг. Гэтэл яг тэр данснууд нь зөвхөн төрийн сан дээр байршдаг. Хоёр л данс байгаа нэг нь орлого төвлөрүүлэх данс, нэг нь үйл ажиллагааны данс гэж байгаа юм. Энэ дансанд энэ мөнгийг авах боломжгүй байдаг юм. Яагаад гэвэл тэр чинь санхүүжилт ордог данс. Тэгээд бид прокуророос зөвшөөрөл аваад улсын орлогын барааны нярав байцаагчид бэлнээр нь хадгалуулсан байгаа. Хэрэг шийдвэрлэсний дараа зохих төрийн сангийн дансанд нь тушаана гээд Төрийн санд байсан дансныхаа үлдэгдлийг баталгаажуулж хэрэгт хавсаргасан байгаа.
Холбогдогч энэ бол миний мөнгө биш, манай найз намайг хилээр аваад гараад дамжуулчих гэсэн юм гэж анх тэгж мэдүүлсэн. Дараа нь өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхдөө аав нь бараа зарсан гэсэн. Мэдүүлэг авахдаа асуусан байгаа бараа зарсан бол жагсаалт байна уу? Танаас энэ барааг чинь ямар хүн худалдаж авсан юм, юаниар авсан юм уу, яг доллароор авсан юм уу, ямар мөнгөөр авсан бэ гэсэн чинь доллароор худалдаж авсан гэж хэлсэн. Одоо баримт байна уу гэхээр баримт нь байхгүй гэсэн. Гаалийн ерөнхий газрын 2019 оны А/223 тоот тушаалаар баталсан Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалиар нэвтрүүлэх журмын 5.5.2-т байгаа 15 сая төгрөгөөс дээш эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгөтэй явах юм бол заавал гаалийн байгууллагад мэдүүлж орно гэж заасан. Хэрвээ энэ хүн анх өөрийнхөө мөнгө гээд нотолчихсон бол бас боломж байсан. Гэтэл өөрийнхөө мөнгө гэж нотолж чадаагүй. Хамгийн анх мэдүүлэг авахад манай найзын мөнгө гээд л байн байн утсаар яриад байсан. Бичлэг дээр жижигхэн цүнхтэй байгаа. Хэрвээ өөрийнх нь мөнгө байсан бол энэ цүнхэндээ хийгээд рентген дээр уншуулах байсан. Гэтэл энэ хүн мөнгө байгаа гэж хэлээгүй. Тэгээд би биед нь үзлэг хийхэд 2 бөөрөндөө доллароо хийчихсэн байсан. Тухайн холбогдогч нь авч явсан валютыг мэдүүлэх үүрэгтэй байсан, ямар эх үүсвэрээс олсон юм, бараа зарсан бол барааных нь гаалиар орж ирсэн мэдүүлэг байх ёстой байсан үүнийгээ нотолж чадаагүй. Хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлж, хуулийн дагуу ажилласан гэж үзэж байгаа тул гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1.3-д эрх бүхий албан тушаалтан энэ хуульд прокурорын зөвшөөрлөөр явуулахаар заасан бусад ажиллагааг явуулах шийдвэрийг бие даан гаргана гэж заасан байгаад байгаа.
Орон байранд үзлэг хийх бол прокуророос зөвшөөрөл авдаг байгаа. Хүний биед үзлэг хийхэд прокуророос зөвшөөрөл авахгүйгээр бие даан үзлэг хийх эрхтэй.
Бичиг баримтыг нь зөрчил шалгах ажиллагааг тогтоох зорилгоор хураан авсан байгаа.
Тухайн иргэн Монгол Улсын хилээр орж ирээд, буцаад гарсан. Монгол Улсын хилээр орж ирэхэд ч энэ 15 сая төгрөг бас мэдүүлдэг. Холбогдогч гаальд мэдүүлэх үүргээ мэдээгүй гэж байгаа боловч энэ Хятад улсын хилээр гарах Монгол улсын хилээр орж ирэх энэ бүх процесс гаалийн хилээр нэвтрэхэд холбогдох хууль тогтоомжийг тухайн иргэн өөрөө судлаад үүнийхээ дагуу мэдүүлэх үүрэгтэй.
Тухайн улсын хууль тогтоомжийг мэдэхгүй гэснээр шийтгэл ногдуулахгүй байх үндэслэл болохгүй гээд заасан байдаг. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байгаа Гаалийн тухай хуульд заасны дагуу бараа, тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх болоод зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх маань хоёулаа тусдаа журамласан заалтаар явдаг.
Гаальд мэдүүлэх процесс нь тухайн иргэн гаалийн рентген дээр ачаагаа тавьснаар шалгалт эхэлчихсэн байгаа. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлээд байгаа, биеэс нь валют гарч хариуцагчтай ярьсан. Тэгээд чи тэрийг ойлгоогүй ээ, тэр үедээ мэдүүлэх гээд байсан юм биш үү гэдэг. Гэтэл аль хэдийнээ гаалийн хяналт шалгалт хийгдээд тухайн хүний биедээ нуусан байсныг нь гаргаж илрүүлээд байна. Энэ нь хэдийнээ улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, мэдүүлэхгүйгээр гарчихсан үйлдэл хийгдчихээд байгаа юм. Мөн 15 сая төгрөг хүртэлхийг нь буцаад өгөөд үлдсэнийг нь хураах байсан юм биш үү гэдэг асуудал яригдаж байна. Гаалийн байгууллага маань Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу холбогдох хууль тогтоомжид заасан заалтыг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага юм. Хуулийг тайлбарлах нь гаалийн байгууллагын чиг үүрэг биш, гаалийн байцаагч хуулийг тайлбарлаад байгаа биш тухайн заалтыг юу гэж заасан байна вэ гэдгийг л хэрэгжүүлж байгаа.
Тухайн заалт дээр 15 сая хүртэлхийг нь үлдээгээд үлдсэнийг нь хураана гэж заасан бол тэрийг нь хэрэгжүүлэх байсан. Гэтэл тэгж заагаагүй зөрчилд холбогдсон барааг нь хураана байгаа учраас тухайн 20 мянган долларыг бол хураачихсан байгаад байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан дагуу явуулаагүй гэдэг үндэслэлээр гаргаж ирж тайлбарлаад байна. Тухайн үед оролцуулсан орчуулагч, хэлмэрчид эрх үүргийг нь сануулсан.
Цаг хугацааны хувьд үзлэг хийсэн тэмдэглэл болон хүлээлгэж өгөх нөхцөл байдал, тухайн мөнгийг хураах нөхцөл байдал нь Консулын газраас ирсэн 2 иргэнийг хүлээсээр байгаад орой 18 цаг буюу банк хаачихсан байсан. Тэгээд улсын орлого хариуцсан байцаагчид хүлээлгэж өгөхөөр прокурортой яриад шийдвэрлэсэн. Цаг хугацааны хувьд жоохон зөрөөтэй байгаад байгаа боловч тухайн нөхцөл байдалдаа яг тухайн зөрчлийн эрх зүйн хэлбэрээ үйлдээд явсан.
Иймээс гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
5. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч гаалийн улсын байцаагч Ц.Оийн гаргасан 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ “хариуцагч нь зөрчил шалган шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн, шийтгэл оногдуулах нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй“ гэх, харин хариуцагчаас “хуульд заасны дагуу зөрчлийг шийдвэрлэсэн тул гомдол үндэслэлгүй” гэх агуулгаар тус тус шаардлага, татгалзлаа тайлбарлан маргасан.
6. БНХАУ-ын иргэн R-ийн холбогдсон “Зөрчлийн хэрэг”-ийн материалд авагдсан болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
6.1. Хариуцагч гаалийн улсын байцаагч Ц.О нь 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Замын-Үүд гаалийн газрын хяналтын бүсийн зорчигчийн гарах чиглэлд зорчин явсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын /цаашид “БНХАУ-ын” гэж товчлох/ иргэн R-ийн биед шалгалт хийх явцдаа түүний биеийн бүсэлхий хэсэгт цамцан дотуураа 2 талын бөөрөн тус хэсэгтээ тус бүр 1, 1 боодол америк долларыг хийн улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлсэн болох нь 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Дугаар А25-1195 “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай” Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 31 дэх тал/-ээр;
6.2. Үүний дараа 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зөрчлийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бараа болох БНХАУ-ын иргэн R-ийн цамцан дотуураа 2 талын бөөрөн тус хэсэгтээ хийсэн 2 боодол америк долларт үзлэг хийсэн ба 2 боодол америк долларыг сери дугаараар нь нэг бүрчлэн хүснэгтлэн бүртгэхэд 100 долларын дэвсгэрээр нийт 200 ширхэг буюу 20,000 америк доллар байсан нь 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Дугаар А25-1195 “Үзлэг хийсэн тухай” Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, тэмдэглэлд бэхжүүлэн хавсаргасан 20,000 америк долларын фото зураг /хавтаст хэргийн 34-58 дахь тал/-аар;
6.3. Улмаар мөн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр орчуулагч Л.Ариунзаяаг оролцуулан холбогдогч R-гээс мэдүүлэг авахад холбогдогч R нь “...манай найз наймаа хийдэг, найз маань хятадад байгаа. Хятадаас Монгол руу холбогдож Монгол хүнээр энэ долларыг хүргүүлсэн. Би цүнхэндээ авч явбал хулгайчид алдахаас сэргийлж биедээ авч явсан, эх үүсвэрийг нь мэдэхгүй байна, манай найзын наймаа арилжааны мөнгө, өмнө нь олон улсын галт тэргээр зорчиж явахад галт тэргэн дотор гаалийн деклераци тарааж өгч байсан” гэж мэдүүлсэн нь “Орчуулагч хэлмэрч оролцуулах тухай”, “Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай” Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл” /хавтаст хэргийн 32-33, 61-63 дахь тал/-ээр тогтоогдож байна.
6.4. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт холбогдогчийн хилээр гарах үеийн дүрс бичлэг бүхий цагаан өнгийн CD-нд үзлэг хийсэн ба үзлэгээр
а/ “Царай таних-1” гэх 1 дэх бичлэг нь 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өглөөний 09:42:38 цагаас эхлэх ба 34 секунд үргэлжлэх бичлэгт гомдол гаргагч R нь гаалийн хаалгаар орж ирэн урдаа яваа хүнээс үүргэвчийг авч үүрч байгаа нь;
б/ “Рентген -1” гэх 2 дахь бичлэг нь 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өглөөний 09:43:14 цагаас эхлэх ба 49 секунд үргэлжлэх бичлэгт холбогдогч R нь рентген дээр нэг чемодан, үүргэвч, жижиг цүнх зэргийг тавин рентгений хажуугийн гарц хаалгаар цааш нэвтэрч байгаа нь;
в/ “Рентген -2” гэх 3 дахь бичлэг нь 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өглөөний 09:44:47 цагаас эхлэх ба 01 минут 21 секунд үргэлжлэх бичлэгт холбогдогч R нь рентгенээр нэвтэрсний дараа шалгалт хийх тавцанд дээр зогсоход хариуцагч нь R-ийн биеийн гаднаас төхөөрөмжөөр шалгаж, улмаар хувцасны гаднаас гараар тэмтрэн, холбогдогчийн гадуур хүрэмний цахилгааныг тайлснаар холбогдогч буюу гомдол гаргагч нь дотуур цамцаа дээш нь сөхөж биедээ нуусан валютыг үзүүлж байгаа нь бичигдсэн байх ба үзлэгээр илэрсэн нөхцөл байдлыг дүгнэн үзэхэд холбогдогч R нь Монгол Улсын хилээр нэвтрэхдээ 20,000 ам доллар буюу валютыг гаальд мэдүүлэхгүйгээр биедээ нуун далдалж нэвтрэхийг завдсан буюу гаальд мэдүүлэхээс зайлсхийсэн нь тогтоогдсон байна.
6.5. Хариуцагчаас 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2500000606 дугаартай “Зөрчлийн хэрэг” нээж зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан ба БНХАУ-ын иргэн R-д 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №1 дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1 дэх хэсэгт “Гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн бол зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүн, хуулийн этгээдийг зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу гаальд мэдүүлэхээс зайлсхийсэн гадаад валют болох 20,000 америк долларыг хурааж, зөрчилтэй америк долларын 15 хувьтай тэнцэх хэмжээний буюу 10,778,340 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулж /хавтаст хэргийн 111 дэх тал/ шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.
7. Гомдол гаргагчийн төлөөлөгчийн “хариуцагч нь зөрчил шалган шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн, шийтгэл оногдуулах нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй” гэх үндэслэлийн тухайд:
Гомдол гаргагчийн төлөөлөгчөөс “... орчуулагч Л.Ариунзаяаг томилсон тогтоолд орчуулагч үсэг зураагүй, эд хөрөнгө түр хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэлд хөндлөнгийн гэрч, орчуулагч, нярав гарын үсэг зураагүй, үзлэг хийсэн тухай тэмдэглэлд хөндлөнгийн гэрч гарын үсэг зураагүй” байсан гэж, харин хариуцагчаас “10 дугаар сарын 6-ны өдрөөс 10-ны хооронд хил хаасан учраас материалаа авч чадаагүй байсан, энэ талаар өмгөөлөгчид тайлбарлан хэлсэн, үзлэг хийхэд Б.Хүрэлбаатар оролцсон, харин хурааж авах ажиллагаанд оролцоогүй” гэх тайлбарыг гарган маргаж байна.
7.1. Гомдол гаргагчийн төлөөлөгчөөс анх шүүхэд гаргасан гомдолдоо “орчуулагч, хэлмэрч: Л.Ариунзаяа, гэрч: Ч.Хүрэлбаатар, Битүүмжилсэн хөрөнгө хүлээн авсан УОБХ нярав ГУБ: Б.Чинчимэг, хөндлөнгийн гэрч: Б.Хүрэлбаатар” гэх хэсгүүдэд гарын үсэггүй 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Орчуулагч, хэлмэрч оролцуулах тухай”, “Эд хөрөнгө түр хураан авч хүлээлгэн өгсөн тухай”, “Үзлэг хийсэн тухай” “Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл”-үүдийг /хавтаст хэргийн 9-16 дахь тал/ тус тус хавсарган ирүүлсэн, харин хавтаст хэрэгт авагдсан “Зөрчлийн хэрэг”-ийн материалд дээрхээс “Эд хөрөнгө түр хураан авч хүлээлгэн өгсөн тухай” тэмдэглэлд “орчуулагч, хэлмэрч: Л.Ариунзаяа, гэрч: Ч.Хүрэлбаатар” хавтаст хэргийн 116 дахь тал/ гэсэн хэсэгт гарын үсэг зураагүй байна.
Энэ тохиолдолд хариуцагчийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 2. “Тэмдэглэлд эрх бүхий албан тушаалтан, ажиллагаанд оролцсон хүн гарын үсэг зурна. Тэмдэглэл хэд хэдэн хуудастай бол ажиллагаанд оролцсон хүн хуудасны нүүр тус бүрд гарын үсэг зурна”, 9.”Зөрчил шалгах ажиллагаанд оролцсон хүн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тэмдэглэлд гарын үсэг зурах боломжгүй бол энэ тухай эрх бүхий албан тушаалтан тайлбар бичиж тэмдэглэлд хавсаргана” гэж заасныг хэрэгжүүлээгүй гэж;
7.2. Түүнчлэн “холбогдогч R-ийн паспортыг хураан авч түүний хилээр гарах эрхийг хязгаарласан” үндэслэлийн тухайд хариуцагчаас холбогдогчийн гадаад паспорт зэрэг баримт бичгийг хураан авахдаа баримт бичиг хураан авсан тэмдэглэл үйлдээгүй, ийм тэмдэглэл зөрчлийн хэргийн материалд авагдаагүй байна.
Иймээс хариуцагчийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлийн 1. “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалган тогтоох зорилгоор зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлого, ..., эсхүл зөрчил шалгах ажиллагаанд ач холбогдолтой эд зүйл, баримт бичгийг хураан авна”, мөн зүйлийн 6. “Хураан авсан эд зүйл, баримт бичгийн жагсаалт, тэмдэглэлийг эд зүйл, баримт бичгээ хураалгасан болон тухайн ажиллагаанд байлцсан хүнээр гарын үсэг зуруулж, хувийг эд зүйлийн эзэмшигч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид даруй гардуулна” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
7.3. Хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийг хуульд нийцүүлэн үйлдээгүй, тэмдэглэлийн хувийг холбогдогч, түүний өмгөөлөгчид гардуулаагүй зэргээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөрчсөн хэдий ч энэ нь холбогдогчийн эрхийг ноцтой зөрчсөн болон шийтгэл оногдуулах нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй гэж үзэх, улмаар гомдол гаргагч БНХАУ-ын иргэн R-ийн үйлдсэн “гаальд үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн” зөрчлийг шууд үгүйсгэх үндэслэл болохооргүй байна.
8. Гомдол гаргагчийн зөрчилд шийтгэл оногдуулах үндэслэл бүрдсэн эсэх, зөрчилд оногдуулсан хариуцлагын хууль зүйн үндэслэлийн тухайд:
8.1. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1. “Зорчигч 15 саяас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ” гэж;
Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1. “бараа” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ...валютыг” ойлгохоор, 55 дугаар зүйлийн 55.1. “Мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ”, 55.3. “Мэдүүлэгч энэ хуулийн 55.1-д заасан барааг гаалийн мэдүүлгийн маягтын дагуу мэдүүлнэ”, 55.9. “Улсын хилээр нэвтрэх зорчигч ... хувийн хэрэглээний эд зүйл болон бусад барааг зорчигчийн гаалийн мэдүүлгээр мэдүүлнэ” гэж;
мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1. “Гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэх зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийн жагсаалт, тоо хэмжээг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална” гэж заасны дагуу Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалаар баталсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 5.5-д “Дараах бараатай зорчигч зорчигчийн гаалийн мэдүүлгээр гаалийн байгууллагад бичгээр мэдүүлнэ”, 5.5.2-т “15 саяас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют” гэж тус тус заасан байна.
8.2. Өмнө 6.4 хэсэгт дүгнэснээр шүүхийн хэлэлцүүлгийн явцад дүрс бичлэг бүхий CD-нд хийсэн үзлэгээр гомдол гаргагч R нь рентгенээр нэвтэрсний дараа хариуцагчаас биед нь шалгалт хийх явцад R нь биеийн бүсэлхий хэсэгт цамцан дотуураа 2 боодол америк долларыг 2 талын бөөрөн тус хэсэгтээ 1, 1-ээр нуусан байсан, тодруулбал гомдол гаргагч R нь хариуцагчаас төхөөрөмжөөр биеийн гаднаас шалгаж, улмаар хувцасны гаднаас гараар тэмтрэн, гадуур хүрэмний цахилгааныг тайлах үед дотуур цамцаа дээш нь сөхөж биедээ нуусан валютыг үзүүлснээр зөрчил илэрсэн бөгөөд Монгол Улсын хилээр 20,000 ам доллар буюу гадаад валютыг гаальд мэдүүлэхгүйгээр биедээ нуун далдалж нэвтрэхийг завдсан буюу гаальд үнэн зөв мэдүүлэхээс зайлсхийсэн зөрчил гаргасан нь тогтоогдсон.
Иймээс R-д Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1 дэх хэсэгт “Гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн бол зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүн, хуулийн этгээдийг зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй, хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас шийтгэл оногдуулах нөхцөл байдлыг тогтоосон гэж үзнэ.
8.3. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... 20,000 америк долларын эх үүсвэрийг мөнгө угаах, террозимыг санхүүжүүлэх зорилготой байсан гэдгийг хэрэгт нотлох баримтаар тогтоогоогүй” гэж маргадаг.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1. “зорчигч 15 саяас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ” гэж заасныг “15 саяас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют”-ыг ямар эх үүсвэртэй байхаас үл хамааран заавал гаальд бичгээр мэдүүлэх үүрэгтэй байхаар ойлгож хэрэгжүүлэх бөгөөд хэрэв мэдүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан зөрчилд гаргасан гэж үзэн шийтгэл оногдуулахаар байна.
Иймээс гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... 20,000 америк долларын эс үүсвэрийг тогтоогоогүй” гэх агуулгатай татгалзал үндэслэлгүй, шүүхээс хэрэгт авагдсан 20,000 америк долларын эх үүсвэртэй холбоотой гэрч Ren Baozhong-ийн мэдүүлэг, экспортын барааны үзэсгэлэн худалдаанд оролцсон талаарх бичгийн баримтуудыг тус тус үнэлээгүйг дурдах нь зүйтэй.
8.4. Харин хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №1 дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар БНХАУ-ын иргэн R-ийн гаальд мэдүүлэхээс зайлсхийсэн валют болох 20,000 америк долларыг бүхэлд нь хурааж, зөрчилтэй америк долларын 15 хувьтай тэнцэх хэмжээний буюу 10,778,340 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан нь хуульд нийцээгүй байх тул “Шийтгэлийн хуудас”-аар хураасан гаальд мэдүүлэхээс зайлсхийсэн гадаад валютын болон торгох шийтгэлийн хэмжээг багасгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Үүнд:
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1. “Зорчигч 15 саяас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ” гэж;
Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалаар баталсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 5.5-д “Дараах бараатай зорчигч зорчигчийн гаалийн мэдүүлгээр гаалийн байгууллагад бичгээр мэдүүлнэ”, 5.5.2-т “15 саяас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют” гэж заасныг “зорчигч нь 15,000,000 төгрөгөөс дээш эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг биедээ авч яваа бол заавал гаальд мэдүүлэх үүрэгтэй” байхаар, харин 15,000,000 төгрөг хүртэлх эсхүл түүнээс доош хэмжээний төгрөгтэй тэнцэх гадаад валютыг гаалийн мэдүүлгээр гаалийн байгууллагад бичгээр мэдүүлэхгүй бөгөөд түүнийг гаальд мэдүүлэх бараа авч яваагүй гэж мэдүүлсэнд тооцохоор,
Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан “зөрчилтэй ... валютын үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүнийг зөрчилтэй ... валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны “зөрчилтэй валют” гэдгийг “15,000,000 төгрөгөөс дээш эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют” байхаар тус тус ойлгож хэрэгжүүлэхээр байх ба зүй нь хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь 20,000 америк долларыг төгрөгт шилжүүлэн тооцсон дүнгээс 15,000,000 төгрөгийг хасаж, үлдэх хэсгийг гаальд мэдүүлээгүй зөрчилтэй валютад тооцон хурааж, хураасан гадаад валюттай тэнцэх төгрөгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар байжээ.
Тодруулбал гомдол гаргагч R-ийг 15,000,000 төгрөг хүртэл хэмжээний бэлэн валютыг гаальд мэдүүлэхгүй байх эрхтэй гэж үзэх бөгөөд 20,000 америк долларын 15,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний валют “зөрчилтэй валют”-д тооцогдохгүй гэж үзэх үндэслэлтэй.
Хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас R-д шийтгэл оногдуулахдаа түүний гаальд бичгээр мэдүүлээгүй 20,000 америк долларыг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Монгол банкнаас зарласан америк долларын ханш “3,592.78” төгрөгөөр үржүүлэн 71,855,600 төгрөгөөр тооцоолсон /хавтаст хэргийн 59-60 дахь тал/ байх ба 71,855,600 төгрөгөөс зөрчилтэй гадаад валютад тооцогдохгүй 15,000,000 төгрөгийг хасахад 56,855,600 төгрөг, 56,855,600 төгрөгийн 15 хувь нь 8,528,340 төгрөг болж байна.
Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч эрх бүхий албан тушаалтны гаргасан 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №1 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ны 20,000 америк долларыг хураах гэснийг 15,825 (56,855,600 : 3,592.78 төгрөг = 15,824.96) америк долларыг хураах гэж, 10,778,340 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулах гэснийг 8,528,340 төгрөг болгон шийтгэлийн хуудсаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасгаж, илүү хураасан 4,175 америк доллар, торгох шийтгэлийн зөрүү 2,250,000 төгрөгийг тус тус гомдол гаргагч БНХАУ-ын иргэн R-д буцаан олгохыг хариуцагчид даалгаж, гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.6, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан гомдол гаргагч БНХАУ-ын иргэн R-ийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч .... дэх Гаалийн газрын, гаалийн улсын байцаагч Ц.Оээс 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №1 дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар БНХАУ-ын иргэн R-ээс 20,000 америк долларыг хураасныг 15,825 америк доллар гэж, 10,778,340 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг 8,528,340 төгрөг гэж тус тус төлбөрийн хэмжээг багасгаж, илүү хураасан 4,175 америк доллар, торгох шийтгэлийн зөрүү 2,250,000 төгрөгийг гомдол гаргагч БНХАУ-ын иргэн R-д буцаан олгохыг хариуцагчид даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөгийг гаргуулан гомдол гаргагч БНХАУ-ын иргэн R-д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ОТГОНТУЯА