Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/616

 

 

 

 

  

 

     2024          05            28                                        2024/ДШМ/616                                                                                             

Т.Бт холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхзул,

шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Б.Д,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/332 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Энхзулын бичсэн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 18 дугаар эсэргүүцлийг үндэслэн Т.Бт холбогдох эрүүгийн 2309000002070 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хэ овгийн  Т.Б, 1960 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 63 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эх баригч эмч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 3, ач охин, ач хүү нарын хамт .................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .................../;

            Т.Б нь 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны 55 тоотод хохирогч З.Бтой маргалдаж, улмаар түүнийг хутгалж, цогцост цээжний хөндийгөөр өрц, элэг нэвт хатгаж ходоодны урд хана хүрсэн, хэвлийн хөндийгөөр бүдүүн гэдэс, зүүн бөөр нэвт хатгаж, нойр булчирхай, чацархай хатгасан олон тооны цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, зүүн бугалга, шууны хатгагдсан шарх гэмтэл учруулж, амь хохирогчид 23 буюу олон тооны шарх гэмтэл үүсгэн шаналган зовоож, онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Т.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Т.Бийг “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бийн 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 167 /нэг зуун жаран долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар ажлын хэсгийн урт 15 см, нийт 26 см урттай хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс’’-т даалгаж, шүүгдэгч Т.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хүчингүй болгож, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Прокурор С.Энхзул бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/332 дугаартай шийтгэх тогтоолоор “...хэрэгт авагдсан насанд хүрээгүй гэрч Б.Э, Б.Э, гэрч З.Бнарын мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс дүгнэхэд амь хохирогч нь архи ууж зүй бус авир гарган, гэр бүл, ойр дотны хүмүүс, эх буюу Т.Бийг сэтгэл санааны хүчирхийлэлд оруулж, түүний жам ёсны эрхийг хязгаарлах үйлдэл хийж уг үйлдэл нь давтагдаж байсан болох нь тогтоогдож байна. ...Хэрэг гарах үед амь хохирогч нь эх Т.Бийн гэрт согтуу орж ирсэн, ...хоол голж, тоодоггүй гэх зэрэг гомдоллох үг хэлж, хана цохих зэрэг зүй бус үйлдэл гаргасан нь шүүгдэгчийн сэтгэл зүйд нөлөөлж, өөрийгөө зөв удирдах чадваргүй байдалд хүргэн, тухайн цаг хугацаанд тэсэрч, хүний амь нас хохирох эрсдэлд хүргэсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзжээ. Энэ нь хууль зүйн хувьд санаа сэтгэл цочрон давчдах шинжид хамаарч байх бөгөөд шүүгдэгч Т.Бийн үйлдлийн улмаас амь хохирогчийн биед олон тооны шарх үүссэн нь түүний сэтгэл зүйн байдалтай холбоотой байна” гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос Т.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэн, дараахь үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтууд буюу насанд хүрээгүй гэрч Б.Э, Б.Э, гэрч З.Бнарын мэдүүлгээр дээрх нөхцөл байдал буюу гэмт хэрэг гарах тухайн цаг хугацаанд амь хохирогч З.Б нь шүүгдэгч Т.Б эсхүл насанд хүрээгүй Б.Э, Б.Энарт хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан нөхцөл байдал тогтоогдоогүй.

Харин амь хохирогчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, төрсөн эхийнхээ гэрт хонохоор очихдоо өгсөн хоолыг нь голж, намайг тоодоггүй гэж гомдоллосон, унтахаар орсон өрөөндөө хана цохиж, орилсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн шалтгаан нөхцөлд хамаарч байна. Мөн гэрч З.Бнь “...2023 оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 03 цаг 40 минутын орчим төрсөн эх Т.Б нь 89151020 гэсэн дугаараас залгаад уйлаад ах чинь ах чинь гээд байсан. Тэгээд хүрээд ирээч гэсэн. Тэгсэн ээж гарч ирэхдээ уйлсан байдалтай байсан. Би та даралтын эмээ уусан уу гэж асуухад юм хэлээгүй. Гэрт ороход дүү Б.Э, Б.Э нар нь унтаж байсан. Ээж жижиг өрөөний хаалга нээгээд ах чинь өөрийгөө ингэсэн байна гээд надад харуулахад орон дээр цус болсон байдалтай хэвтэж байсан...” гэж мэдүүлсэн ба шүүгдэгч Т.Б нь охин З.Бг утсаар дуудаад, түүнийг ирэхэд ах чинь өөрийгөө ингэсэн байна гэх зэргээр өөрийн хийсэн үйлдлийг нууж, амь хохирогч З.Бийг өөрөө амиа хорлосон мэтээр бусдад ойлгуулах үүднээс зориудаар худал ярьсан байдаг. Иймд “...амь хохирогч нь архи ууж зүй бус авир гарган гэр бүл, ойр дотны хүмүүс, эх буюу Т.Бийг сэтгэл санааны хүчирхийлэлд оруулж, түүний жам ёсны эрхийг хязгаарлах үйлдэл хийж уг үйлдэл нь давтагдаж байсан... амь хохирогчийн зүй бус үйлдэл гаргасан нь шүүгдэгчийн сэтгэл зүйд нөлөөлж, өөрийгөө зөв удирдах чадваргүй байдалд хүргэн, тухайн цаг хугацаанд тэсэрч, хүний амь нас хохирох эрсдэлд хүргэсэн байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэргийн обьектив талын шинжийг хангахгүй байна.

Иймд шүүгдэгчийн хийсэн үйлдэлд санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан шинж байхгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй байхад шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Мөн шүүх улсын яллагчийн яллах нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан шаардлагыг хангахгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/332 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. …” гэв.

Шүүгдэгч Т.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие өдий насандаа өөрийн төрүүлсэн хүүхдээ ийм байдалд хүргэсэн нь хэцүү, үр хүүхдээ алдсан эх хүний сэтгэл үргэлж өмөрч, зүрх сэмэрч байна. Тухайн шөнө зүүдлээд байгаа юм шиг цэнхэр манан дунд юу болсныг би мэдэхгүй байсан. Шөнийн 11 цаг болж байхад согтуу орж ирээд хоол байна уу гэхэд нь өдөр хийсэн бантан байгаа, бид хэд хоолоо идчихсэн гэсэн.Тэгээд та надад нохойны хоол шиг юм өглөө гээд юм балбаад түжигнээд байхаар нь одоо унт, хүмүүс унтаж байхад битгий түжигнээд бай миний хүү, өглөө эрт босоод хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өг, ажилдаа ор, 10 орчим хоног архи уучихлаа, яагаад чи хүний үгэнд орохгүй намайг зовоогоод байгаа юм гэхэд би таныг зовоогоогүй гэсэн. Тэгээд ороод хэвтэхэд ээжээ гээд дуудаад байхаар нь ороход та н.Э-ийг оруулаад ир би хөл, гараа бариулчихаад унтмаар байна, эсхүл би өвөртлөөд унтъя гээд байсан. Би юу яриад байгаа юм бэ, дүү чинь унтаж байгаа ээж нь бариад өгье гэсэн чинь таниар бариулахгүй гэхээр нь нөгөө өрөөндөө орсон чинь хөлөөрөө юм балбаад байхаар нь буцаад ороход та яагаад намайг тоохгүй байгаа юм, би таны шоовдор хүүхэд нь юм уу, та дандаа ингэдэг гэхээр нь би чамд бүх зүйлээ зориулдаг, миний хүү унт гэхэд унтахгүй, урдаас сандал шидсэн. Тэгэхээр нь би буцаж гараад орилоод байхаар нь эргээд ороход сарны гэрэлд хөшигний завсраар улаан ч юм шиг сонин гялалзаад та яахаараа намайг ингэдэг юм гээд босож ирэхээр нь би түлхсэн тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Намайг үргэлж зовоодог, хутга тулгаж мөнгө нэхдэг, ирэх болгонд нь мөнгө бэлэн байлгахгүй бол ална, хүүхдүүдтэй чинь бүгдийг нь үгүй хийчихнэ шүү гээд айлгаж, сүрдүүлдэг. ...” гэв.

Шүүгдэгч Т.Бийн өмгөөлөгч Б.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргана. 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаар уг асуудлыг нэлээн өргөн, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хавтаст хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд судалж хэргийг шийдвэрлэсэн. Улсын яллагчийн зүгээс гэмт хэрэг гарсан өдөр болсон үйл явдлаас яриад байх шиг байна. Өмгөөлөгчийн зүгээс аргагүй хамгаалалт байж болох юм уу, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан байж болох уу гээд хууль хэрэглээ талаас нь анхаараарай гэсэн саналыг анхан шатны шүүхэд гаргасан. Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах нь илүү юм байна гэж өмгөөлөгчийн зүгээс үздэг. Учир нь, талийгаачтай холбоотой үйл баримт хавтаст хэрэгт авагдсан бөгөөд тухайн цаг хугацаанд болсон биш, эртнээс архинаас хамааралтай нөхцөл байдал, шүүгдэгчийн сэтгэлийн зовуурь, шаналал, хүндээр доромжлогдсон нөхцөл байдлууд явсаар байгаад 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн шөнө сэтгэл зүйн аффект буюу тэсрэлт болж энэ үйлдэл болсон гэж үздэг. Анх мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэгт өмгөөлөгчөөр оролцох үед Т.Б “би хүүгээ алсан гэж бодохгүй байна” гэдэг зүйлийг ярьдаг буюу тухайн үйл баримтуудаа мэдэхгүй байдаг. Мөн яллагдагчаар мэдүүлэг өгөөд тогтоол танилцуулахад 23 удаа хутгалсан гэсэн зүйл яригдахад “ийм олон удаа хутгалсан гэж үү” гэдэг зүйлийг ярьж байсан. Энэ талаар удаа дараагийн мэдүүлгүүд дээр ярьж байгаа нь аффектийн нөхцөл байдал юм. Хохирогч нас барсан уу, хутгалагдсан уу гэдэг үйл баримттай шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс маргахгүй. Харин сэдэл, санаа зорилгынх нь хувьд юунаас болж энэ гэмт хэрэг гарав. 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн өглөө шүүгдэгчийн биед үзлэг хийхэд ибаримтууд гарч ирсэн буюу амь хохирогчийн архийг нь гаргаж, шарталтыг нь тайлахын тулд дусал хийж өгсөн эмийн баримтууд байдаг. Гэтэл хүнийг алах гэмт хэргийн санаа зорилго болон санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг нь хэлбэрийн хувьд адилхан боловч санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэмт хэрэг гэнэт хормын зуур үүсдэг. Энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус буруутай байдал, хүндээр доромжилсон байдал нөлөөлсөн. Хоёрдугаарт, Т.Б бага насны 2 хүүхэдтэй амьдардаг. Гэтэл охиныг нь үнсье, хайраа гэж дууддаг, мөн оронд нь нүцгэн орох оролдлого хийгдэж байсан үйл баримтууд хэрэгт авагдсан. Эдгээр үйлдлүүд нь шүүгдэгчийг шаналган зовоосоор энэ гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл бий болсон. Хэргийн үйл баримтыг ярьдаг буюу “тухайн шөнө сартай байсан, ороход цагаан юмаар өөрийгөө ингээд байх шиг байсан, би ойртоход босоод над руу дайрсан, би тэр үед нь түлхсэн, тэгээд юу болсныг би мэддэггүй” гэсэн үйл баримтуудаас харахад санаа сэтгэл цочирдон давчидсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан нөхцөл байдлуудын талаар өмгөөлөгчийн хувьд хууль хэрэглээний талаас болон хүндээр доромжлогдсон байдал, хэрэгт авагдсан нотлох баримтууд зэргийг үнэлж асуудалд хандсан. Мөн нас барсан үйл баримт, цагийн талаар яригддаг. Шинжээчийн дүгнэлт нас бараад 6-7 цаг болсон байна гэж гарсан. Улсын яллагчийн зүгээс Б.Эбуюу насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгийг гол нотлох баримт болгодог. Гэрчүүд 10-11 цагийн хоорондох үйл баримтын тухай ярьдаг. Гэтэл гэмт хэрэг 14-15 цагийн хооронд гарсан. Шөнийн 22 цагаас өглөөний 6 цагийн хооронд хүн амрах ёстой. Энэ нөхцөл байдал ганцхан тухайн шөнө гарсан биш, удаа дараагийн олон үйлдлүүд явсаар байгаад гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж өмгөөлөгчийн зүгээс санал гаргасан. Анхан шатны шүүхээс хууль зүйн үндэслэл бүхний дүгнэлт хийж, гэм бурууд таарсан ял шийтгэлийг оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Өмгөөлөгчийн зүгээс тэнсэж өгөх санал гардаг. Гэхдээ давж заалдах гомдол гаргаагүй. Учир нь гэмт хэрэг үйлдсэн, ял хариуцлага хувь хүнийхээ хувьд тохирсон байх ёстой, хэдийгээр архи уудаг ч гэсэн хүний амь нас хохирсон үед тэнсэж өгөөч гэх нь ёс зүйд нийцэхгүй гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргаагүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Т.Бт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Тодруулбал;

Прокуророос Т.Бийг хохирогч З.Бтой маргалдаж, түүнийг хутгалж, цогцост цээжний хөндийгөөр өрц, элэг нэвт хатгаж ходоодны урд хана хүрсэн, хэвлийн хөндийгөөр бүдүүн гэдэс, зүүн бөөр нэвт хатгаж, нойр булчирхай, чацархай хатгасан олон тооны цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, зүүн бугалга, шууны хатгагдсан шарх гэмтэл учруулж, амь хохирогчид 23 буюу олон тооны шарх гэмтэл үүсгэн шаналган зовоож, онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс “Хэрэг гарах үед амь хохирогч нь эх Т.Бийн гэрт согтуу орж ирсэн, хоол голж, тоодоггүй гэх зэрэг гомдоллох үг хэлж, хана цохих зэрэг зүй бус үйлдэл гаргасан нь шүүгдэгчийн сэтгэл зүйд нөлөөлж, өөрийгөө зөв удирдах чадваргүй байдалд хүргэн, тухайн цаг хугацаанд тэсэрч, хүний амь нас хохирох эрсдэлд хүргэсэн гэж дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг гэдэг нь хүний амьд явах эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр, гэмт хэрэг үйлдэх үедээ санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Хохирогчийн зүгээс гэмт этгээд, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан үедээ хүнийг алах идэвхтэй үйлдэл хийсэн байна.

Өөрөөр хэлбэл, гэмт этгээд хүнийг алах үедээ заавал сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан байх ёстой. Хэрэв гэмт этгээд сэтгэцийн хэвийн байдал алдагдаагүй үедээ хүнийг алсан бол хүнийг алах гэмт хэргээр зүйлчилнэ.

Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсан, хүндээр доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт этгээдийн сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж, хүнийг алах санаа гэнэт, хоромхон зуур төрсөн бөгөөд сэтгэхүйн хэвийн байдал алдагдсан байдгаараа хүнийг алах гэмт хэргээс ялгагдана.

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс хүндээр доромжлох хууль бус, зүй бус үйлдлийн хариу болж үүсдэг бөгөөд цочрон давчдах шалтгаан нь үүнтэй шууд холбоотойгоор түргэн зуур болдог онцлогтой.

Хэрэгт авагдсан Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 791 дүгээр дүгнэлтээр “Комиссын гишүүд доорх дүгнэлтийг санал нэгтэй гаргав. Т.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Т.Б нь хэрэг үйлдэгдэх үед болон үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болсон гэх баримт үгүй байна. Т.Б нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Т.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Т.Б нь сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг гэх баримт хэргийн материалд үгүй байна. Т.Бт эмнэлгийн чанартай албадпагын арга хэмжээ авах шаардпагагүй байна. Т.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй гэх баримт, шинж үгүй байна. Т.Б нь талийгаач хүүгээ архи уугаад ирэх үед нь айдаг, сандардаг, цээжин дотор нь зангидсан гар шиг зүйл байдаг гэж мэдүүлсэн нь сэтгэцийн хувьд эрүүл хүнд үүсэх боломжтой. Т.Б нь талийгаач хүү нь 13 настай ач охин Энэрэлийг уруул дээр нь үнсье, гараас нь хайраа гэж дуудаач, эмээтэй оронд хамт унтаж байхад нь хажуугаар нь нүцгэн хэвтэж байсан, бага насны хүүхдийн хажууд нүцгэн явах зэрэг үйлдлийг гаргадаг байсан талаар мэдүүлсэн нь өвчний түвшинд хүрсэн гэх шинж, баримт үгүй байна. Т.Бт сэтгэцийн эмгэгийн түвшинд оношлогдох шинж, баримт үгүй байна. Т.Бт сэтгэцийн өвчин, эмгэгийн байдалд хүрсэн гэх шинж, баримт үгүй байна. Т.Бт сэтгэцийн өвчин, сэтгэцийн эмгэг байдалд байсан гэх баримт үгүй байна. Т.Бт сэтгэцийн өвчний шинж, хам шинжийн илрэл үгүй байна. Т.Бт одоогоор сэтгэл засал эмчилгээ зайлшгүй авах шаардлагатай нөхцөл байдлын илрэл үгүй байна. Т.Б  нь сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж авах боломжтой. Т.Б нь өөрийн үйлдэл, үйл ажиллагааг удирдах буюу хэрэг хариуцах чадвартай байна.” гэснээс дүгнэхэд шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэхүйн хэвийн байдал алдагдсан, санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, амь хохирогч З.Б нь шүүгдэгч Т.Бийн санаа сэтгэлийн болон бие махбодийн хувьд түүнийг хутгалж, гэмтэл учруулах, амь насыг нь хохироох хэмжээнд хүргэх хууль бус үйлдэл гаргаагүй, харин ээждээ гомдоллох, хоолоо голох, хана нүдэх зэрэг хохирогчийн зүгээс зүй бус үйлдэл гаргасан нь Т.Б бухимдаж, амь хохирогчийг хутгалсан гэмт санаа төрөх үйл явцыг өдөөснөөс бус санаа сэтгэлийн хүчтэй цочрол давчдалд хүргэсэн шалтгаан биш гэж үзлээ.

Тухайн хэргийн хохирогчийн зүгээс өдөөн хатгасан болон ёс бус авирласантай холбоотойгоор хүний сэтгэцийн ердийн байдал алдагдан, ухамсарт үйл ажиллагаа саарч, өөрийгөө хянах болон үйлдлээ зөв үнэлэх нөхцөл байдал хязгаарлагдсан тохиолдлыг санаа сэтгэл гэнэт хүчтэй цочрон давчдах гэж үздэг. 

Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчдах нь сэтгэцийн хүчтэй цочрол болон гэмт хэрэг үйлдэх санаа гэнэт үүссэн байх, энэ нь хохирогчид хүчээр  дарлагдсан болон хүндээр доромжлогдсон, түүнчлэн түүний хууль бус бусад үйлдэлтэй шууд холбоотой байхыг шаарддаг. 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар амь хохирогч З.Б нь согтуурхан эх Т.Бт гомдоллож, хана нүдэх, хоол голох зэрэг зүй бус үйлдэл гаргасан нь хохирогч бусдын нэр төр, алдар хүндийг ичгүүр, сонжуургүйгээр гутаан доромжилж, шүүгдэгч болон түүний ойр дотны хүмүүсийг биеийн болон сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдэх байдлаар эрхшээл, дарамтанд оруулсан гэх нөхцөл байдал биш.

Тодруулбал, насанд хүрээгүй гэрч Б.Эийн “...З.Б ах гаднаас орж ирсэн. Эмээ З.Б ахыг “гэртээ байж байхгүй юу хийж яваа юм бэ” гэхэд З.Б ах “эхнэр хөөгөөд байна” гэж хэлсэн. ...З.Б ах хойд өрөөнд ороод “ээжээ, ээжээ” гээд орилоод байсан. Энэ үед эмээ, эгч бид гурав орондоо орсон байсан. Тэгсэн эмээ босоод З.Б ах руу ороод чангаар “чи яагаад намайг зовоогоод байгаа юм бэ” гэж хашхираад алгадаж байгаа чимээ гарсан. Тэгсэн дараа нь З.Б ах сонин амьсгалаад эхэлсэн. Тэгэхээр нь би айгаад унтаад өгсөн...” /1хх 46/,

насанд хүрээгүй гэрч Б.Эийн “…Бид өчигдөр унтах гээд хэвтэж байхад хаалга тогшоод, онгойлгож өгөхөд З.Б ах орж ирээд гал тогооноос хоол аваад унтлагын өрөө рүү орсон. Гэрлээ унтраасны дараа З.Б ах хана нүдээд байгаа чимээ гарсан. Тухайн үед бид унтаагүй. З.Б ах ойролцоогоор 10 орчим минут хана нүдэх чимээ гаргаж байгаад чимээгүй болсон...” /1хх 51-52/ гэж хэргийн газарт байсан амь хохирогчийн гаргасан үйлдэл, хэлсэн зүйлсийн талаар мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлгүүдээр З.Б нь шүүгдэгч Т.Бийн нэр төр, алдар хүндийг ичгүүр, сонжуургүйгээр гутаан доромжилж, шүүгдэгч болон түүний ойр дотны хүмүүсийг биеийн болон сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдэх байдлаар эрхшээл, дарамтанд оруулсан гэх үйл баримт тогтоогдоогүй болно.  

Харин шүүгдэгч Т.Бийн хохирогчийг 23 удаа хутгалсны улмаас цээжний хөндийгөөр өрц, элэг нэвт хатгаж ходоодны урд хана хүрсэн, хэвлийн хөндийгөөр бүдүүн гэдэс, зүүн бөөр нэвт хатгаж, нойр булчирхай, чацархай хатгасан олон тооны цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, зүүн бугалга, шууны хатгагдсан шарх гэмтэл учруулж, шаналган зовоож, онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироосон үйлдлийг санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үедээ өөрийн төрсөн хүүг 23 удаа хутгалж, амь насыг нь хохироосон гэж дүгнэх хууль зүйн болон шинжлэх ухааны үүднээс боломжгүй гэж давж заалдах шатгы шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно гэж хуульчилсан.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/332 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор С.Энхзулын бичсэн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 18 дугаар эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/332 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Т.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.МӨНХӨӨ

 

                       ШҮҮГЧ                                          Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.ЗОРИГ