| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0567/э |
| Дугаар | 0614 |
| Огноо | 2018-05-03 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 0614
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир, улсын яллагч О.Багшбаяр, шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Э А холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1706018860496 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Э А, 19 оны дугаар сарын 10-ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, караоке түрээслэж ажиллуулдаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт С дүүргийн дугаар хороо хороололын дугаар байрны дугаар орцны тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:Г
Холбогдсон хэргийн талаар:
Э.А нь 2017 оны 9 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг бааранд Б.Б зодож эрүүл мэндэд нь баруун шагайн үений мултрал, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд шарх, доод баруун 1,2-р шүдний сулрал гэмтэл шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт, мөн Б.Б хөл рүү өшиглөсний улмаас баруун шилбэний тахилзуур ясны доод 1/3 хэсгийн далд хугарал гэмтэл шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох тогтоох журмын 2.6-д заасан хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би нэмж тайлбарлах зүйлгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.
Шүүгдэгч Э.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2017 оны 9 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг караокед ажлаа хийгээд байж байгаад манай караокены урд байдаг бааранд ганцаараа ороход Б ширээн дээр хоёр зүс таних залуутай пиво уугаад байж байсан. Тэрээр намайг дуудхаар нь очсон бид нар нийлээд пиво ууцгаасан. Юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. Б ах намайг гараад үзчихий гэж байсан. Бид хоёр гараад зодолдоогүй Б ахын караоке рүү очсон. Тэнд хүн байгаагүй гэтэл Б ах хаалгаа түгжээд миний нүүр лүү 2-3 удаа гараараа цохисон. Би газар унасан. Тэгээд газраас босож ирээд түүний нүүр лүү нэг удаа цохисон. Бид хоёр барьцалдаж аваад ноцолдсон ба ноцолдох явцдаа газар маш хүчтэй унасан. Гэтэл Б ах намайг эхнэр хүүхдүүдтэй чинь ална гэхээр нь миний уур хүрээд очоод чи яахаараа манай гэр бүлийг айлгадаг юм гэж хэлээд барьцалдаж аваад бид хоёр газар унасан. Тэгтэл Б ах хөл эвгүй болчихлоо гэсэн. Би тэр үед гараад явчихсан. Тухайн өдөр бид хоёр хоёулаа согтуу байсан. Намайг өөрийнхөө караокед оруулчихаад хэл амаар доромжлоод байсан болохоор бид хоёр барьцалдаж авч нилээн хүчтэй газар унасан. Б ах газар унасныхаа дараа хөл эвгүй болчихлоо гэсэн гэжээ. /хх-ийн 21/
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 9 дүгээр сарын 4-ны өдөр би Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах авто плазагийн хажууд нэг найзыхаа хамт нэг шил 0.5 граммын архи хувааж уугаад тэдний гэрээс гараад 00.00 цагийн орчимд байх сайн санахгүй байгаа юм Баянзүрх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах бааранд ороод 0.5 граммтай 3 шил пиво авч уугаад байж байхад караокены эзэн М гэх залуу орж ирээд ямар нэгэн шалтгаангүйгээр над руу дайраад намайг ална гээд байсан. Тэрээр намайг газар унагаачихаад маш олон удаа дэвссэн. Би түүнээс зугтаагаад караоке орсон чинь араас ирээд мөргөж шүд гэмтээсэн. Тэгээд намайг караоке дотор оруулаад зодсон. Би зарим зүйлийг сайн санахгүй байгаа юм. Мөн эмнэлэгээс яаж ирсэнээ ч санахгүй байна. Миний шүд хугалж, толгой гэмтээж, баруун хөл хугалсан гэжээ. /хх-н 13-19 /
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би нөхөр А 20 онд танилцаад түүнээс хойш жил хамт амьдарч байна. Бид хоёр 3 хүүхэдтэй. Миний нөхөр сайн аав, сайн хань. А хөдөлмөрч ажилсаг. Манай нөхөрт муу зүйл гэж бараг байхгүй хааяа архи л уудаг өөр муу зан байхгүй. 2008 онд Солонгос улс руу яваад 2009 онд ирээд 2011 оноос караокег түрээслэн ажиллуулж эхэлсэн. 2018 оны 3 дугаар сарын 5-наас караокегээ ажиллуулахаа больсон байгаа гэжээ. /хх-н 73/
Шинжээч эмч Г.Энхбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Б үүссэн гэмтэл нь хүн өшиглөсний улмаас хазгай гишгэсний улмаас үүсэх боломжтой тул нарийвчлан хэлэх боломжгүй гэжээ. /хх-н 22/
Шинжилгээ хийлгэх шинжээч томилох мөрдөгчийн тогтоол /хх-н 25/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 11428 тоотын дүгнэлт:
1.Д.Б биед баруун шагайн үений мултрал, баруун шилбэний тахилзуур ясны доод 1/3 хэсгийн далд хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн шуунд зулгаралт, доод үүдэн баруун 1,2 дугаар шүдний сулрал, гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 26/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 27, 75-76/
Б.Б БЗД-н прокурорт гаргасан хүсэлт: эмчилгэний төлбөрөө гаргуулж авсан, гомдол санал байхгүй гэжээ. /хх-н 77/
Б.Б ГССҮТөвд хэвтэж эмчлүүлсэн картын хуулбар /хх-н -53-62/
2018.3.14-ний өдрийн 314 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Шинжээч эмч Г.Э 2017 оны 9 дүгээр сарын 11-ны өдөр гаргасан ¹11428 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
2.Д.Б биед учирсан баруун шилбэний тахилзуур ясны доод 1/3 хэсгийн далд хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
3.Д.Б биед учирсан баруун шагайн үений мултрал, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд шарх, доод үүдэн баруун 1,2 дугаар шүдний сулрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн шуунд зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Баруун шагайн үений мултрал, баруун шилбэний тахилзуур ясны доод 1/3 хэсгийн далд хугарал гэмтэл нь унах, өшиглөх үед үүсгэгдэх боломжтой гэжээ. /хх-н 63-64/
Шинжээч эмч Н.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Бн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хүчний үйлдлийг тогтоох боломжгүй гэжээ. /хх-н 74/
Э.А хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах мөрдөгчийн тогтоол /хх-н 71-72/
Э.А эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 68-70/
Э.А иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 31/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 32/, захиргааны зөрчлийн талаарх баримтууд зэрэг болно.
Э.А нь 2017 оны 9 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг нэртай бааранд Б.Б зодож эрүүл мэндэд нь баруун шагайн үений мултрал, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд шарх, доод баруун 1,2-р шүдний сулрал гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт, мөн Б.Б хөл рүү өшиглөсний улмаас баруун шилбэний тахилзуур ясны доод 1/3 хэсгийн далд хугарал гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох тогтоох журмын 2.6-д заасан хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :
Д.Б биед учирсан баруун шилбэний тахилзуур ясны доод 1/3 хэсгийн далд хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Д.Б биед учирсан баруун шагайн үений мултрал, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд шарх, доод үүдэн баруун 1,2 дугаар шүдний сулрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн шуунд зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт/ хх-н 64/
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … караокены эзэн М гэх залуу орж ирээд ямар нэгэн шалтгаангүйгээр над руу дайраад намайг ална гээд байсан. Тэрээр намайг газар унагаачихаад маш олон удаа дэвссэн. Би түүнээс зугтаагаад караоке орсон чинь араас ирээд мөргөж шүд гэмтээсэн. Тэгээд намайг караоке дотор оруулаад зодсон. Миний шүд хугалж, толгой гэмтээж, баруун хөл хугалсан гэсэн мэдүүлэг
Шүүгдэгч Э.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .. юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. Б ах намайг гараад үзчихий гэж байсан. Бид хоёр гараад зодолдоогүй Б ахын караоке рүү очсон. Тэнд хүн байгаагүй гэтэл Б ах хаалгаа түгжээд миний нүүр лүү 2-3 удаа гараараа цохисон. Би газар унасан. Тэгээд газраас босож ирээд түүний нүүр лүү нэг удаа цохисон. Бид хоёр барьцалдаж аваад ноцолдсон ба ноцолдох явцдаа газар маш хүчтэй унасан. Гэтэл Б ах намайг эхнэр хүүхдүүдтэй чинь ална гэхээр нь миний уур хүрээд очоод чи яахаараа манай гэр бүлийг айлгадаг юм гэж хэлээд барьцалдаж аваад бид хоёр газар унасан. Тэгтэл Б ах хөл эвгүй болчихлоо гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Э.А архидан согтуурсан үедээ Б маргалдаж улмаар түүнтэй ноцолдон газар хүчтэй унасанаас болж Б хөл хугарч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн нүүр орчимд нь мөргөсөнөөс тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд шарх, доод үүдэн баруун 1,2 дугаар шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Э.А дээрх үйлдлүүдийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна. Иймд Э.А Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг, 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Э.А нь хохирогчид эмчилгээний зардалд сайн дураар 5.000.000 төгрөг өгсөн ба хохирогч цаашид нэмж нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Э. А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан ялуудыг нэмж нэгтгэж нийт эдлэх ялыг тогтоов..
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Э А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.А 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Э.А 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.Ад оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.А нь торгох ялыг гурван сарын дотор нэг сард 333.340 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
6. Э.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.А хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.А нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Э.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН