Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/617

 

 

 

 

 

    2024           05             28                                       2024/ДШМ/617                                                                                             

Х.Дад холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч Х.Д, түүний өмгөөлөгч Б.Т,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/252 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Д, түүний өмгөөлөгч Б.Т нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Х.Дад холбогдох эрүүгийн 2202 0000 00260 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

О  овгийн  Х.Д, 1988 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцаа, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “м” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх, ам бүл 1, ................... тоотод түр оршин суух,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 448 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД: .............../;

            Х.Д нь Сонгинохайрхан дүүргийн 17 хороо, 1 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай' конвенцын II жагсаалтад багтдаг метамфетамин (methamphetamine) агууламжтай мөс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт 10 грамм бодисыг өөрөө хэрэглэх зорилгоор буюу худалдаалах зорилгогүйгээр Н.Угаас 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 24-ний өдрийг хүртэлх хугацаанд, нийт 6 удаагийн гүйлгээгээр 9,150,000 төгрөгөөр худалдаж авсан буюу хууль бусаар олж авсан,

2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Blue sky хотхоны гадаа НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг метамфетамин (methamphetamine) агууламжтай мөс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Э, С.М нарт худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн,

2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Инел зайсан хотхоны 79а байрны гадна НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтдаг метамфетамин (methamphetamine) агууламжтай мөс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт нийт 0,196 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Х.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х.Дыг үргэлжилсэн үйлдлээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бусдад өгсөн, хадгалсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дыг 02 жил 5 сарын /хоёр жил таван сар/ хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Дад оногдуулсан 02 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Х.Дад урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон цагдан хорьж, эдлэх ялыг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг хоосон тарианы шил, №1 гэж дугаарласан 0,035 грамм цэвэр жинтэй, №2 гэж дугаарласан 0,161 грамм цэвэр жинтэй мөс гэх нэршилтэй 2 хэсэг ууттай “Мөс” гэх бодис нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэргийн хамт ирсэн Сиди 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн 2202000000260 дугаартай хэргээс эрүүгийн 2302000000257, 2302000000258 дугаартай хэргийг тусгаарласан болохыг дурдаж, шүүгдэгч Х.Д нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би гэм буруудаа анхнаасаа маргаж байгаагүй. Өмнө нь би алдаж байсан. Хүмүүжиж гарч ирээд амьдралын төлөө зөв амьдарч байсан. Өөрийн ухамсаргүй үйлдлээсээ болж ийм хэрэгт холбогдож шийтгүүлсэндээ чин сэтгэлээсээ харамсаж байна. Би “Металл Индурстрал” ХХК-ийн 86 өрх айлыг толгойлон ажилладаг. Мөн миний бие эрүүл мэндийн асуудалтай байдаг. Би 15, 12, 7 насны 3 хүүхэдтэй. Энэ бүхнийг харгалзан үзэж оногдуулсан шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. …” гэв.

Шүүгдэгч Х.Дын өмгөөлөгч Б.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч Х.Д нь хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж, гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн хүлээн зөвшөөрдөг. Анхан шатны шүүх Х.Дыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, өөрийн биедээ хадгалсан, бусдад өгсөн гэм буруутай гэж үзсэн. Өмгөөлөгчийн зүгээс бусдад өгсөн гэх үйл баримтын хувьд анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцсон ба анхан шатны шүүхээс бусдад өгсөн үйл баримтын хувьд нотлогдож байна гэж үзэн гэм буруутайд тооцсон. Шийтгэх тогтоолын 14 дүгээр талд: ...Харин өөрийн биедээ /халаасандаа/ хадгалж байсан “мөс” гэх бодисыг хэрэглэх зорилгоор С.Мгаас гаргаж өгсөн тарианы шилэнд хийж хамтдаа хэрэглэсэн үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэн бичжээ. Өмгөөлөгчийн хувьд ч гэсэн анхан шатны хурал дээр шүүхийн дээрхи дүгнэлтэнд бичсэнээр мөс гэх бодисыг бусадтай хамт хэрэглэсэн, гэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар ... бусдад өгсөн” гэж үзэхэд эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлүүлэх байр суурьтай оролцсон. Иймд Х.Д нь хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, эх нь хорт хавдар туссан эрүүл мэндийн байдал нь хүнд байгаа зэрэг хувийн байдлыг анхааран үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдад өгсөн” гэх хууль зүйн дүгнэлтийг хүчингүй болгож, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэн эрүүгийн хариуцлагыг нь хөнгөрүүлж өгнө үү.. ...” гэв.

Прокурор Б.Сод-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2 жил 5 сарын хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гарсан тул санал нийлж байна. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтуудын хүрээнд Б.Э, С.М нарт Х.Д нь мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис болох метамфетамины агууламж бүхий мөс гэх нэршилтэй бодисыг өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогддог. Шүүгдэгч Х.Дын хувийн байдлын хувьд дээрх төрлийн гэмт хэрэгт удаа дараа шийтгэгдэж байсан нөхцөл байдлууд нотлогддог. Иймд шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчимд нийцсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Х.Д нь Сонгинохайрхан дүүргийн 17 хороо, 1 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай' конвенцын II жагсаалтад багтдаг метамфетамин (methamphetamine) агууламжтай мөс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт 10 грамм бодисыг өөрөө хэрэглэх зорилгоор буюу худалдаалах зорилгогүйгээр Н.Угаас 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 24-ний өдрийг хүртэлх хугацаанд, нийт 6 удаагийн гүйлгээгээр 9,150,000 төгрөгөөр худалдаж авсан буюу хууль бусаар олж авсан,

2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Blue sky хотхоны гадаа НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг метамфетамин (methamphetamine) агууламжтай мөс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Э, С.М нарт худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн,

2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Инел зайсан хотхоны 79а байрны гадна НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтдаг метамфетамин (methamphetamine) агууламжтай мөс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт нийт 0,196 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан болох нь:

гэрч Н.Угийн “...Вааран дотор тунгалаг гялгар ууттай цагаан өнгийн “мөс” гэх зүйл байсан. Тэгэхээр нь би тухайн мөс гэх зүйлийг задлаад багахан хэсгийг өөртөө тунгалаг гялгар уутанд хийж авсан. Тэр тасалж авсан “мөс” гэх мансууруулах бодисыг дараа нь граммлаж үзэхэд 33 грамм болж байсан. Тэгээд “мөс” гэх мансууруулах бодисыг тасалж авсан талаараа би найз залуудаа хэлээгүй ба манай найз залуу тухайн “мөс” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг аваад явсан. ...Би өөрийн тасалж авсан 33 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Х.Д гэх 2021 онд найзаараа дамжуулж санаандгүй танилцаж байсан залууд зарсан. ...Би Х.Дыг 2021 оноос хойш танина. Манай найз охин Солонгын найз нь гээд танилцсан. Х.Д өөрөө компанитай учраас бизнес хийдэг юм. Миний хувьд ч гэсэн хувиараа бизнес хийдэг. Ингээд 2022 оны 01 дүгээр сард Х.Д нь надаас “бизнесийн үйл ажиллагаандаа хэрэглэнэ, 15,000,000 төгрөг яаралтай хэрэгтэй байна, мөнгө зээлээч” гэж гуйсан. Тухайн үед надад байраа зарсан мөнгөнөөс үлдсэн байсан бэлэн 10,000,000 төгрөгийг Х.Д зээлэхээр болж, надаас ирээд бэлнээр аваад явсан. Мөнгийг надаас 6 сарын хугацаатай зээлсэн. Тухайн үед би түүнд итгээд мөнгөө өгсөн. Х.Даас мөнгөө авах хугацаа болоод түүнд хэлэхэд миний 5019271689 дугаарын дансанд 6 удаа хувааж нийт 9,150,000 төгрөгийг шилжүүлсэн. Одоо Х.Даас үлдэгдэл 850,000 төгрөг авах ёстой. Х.Дад мөс зарсан зүйл огт байхгүй. Би түүнд энэ юу болохыг мэдээд өг гэж өгсөн. Би өөрөө Эрдэнэболорын хайрцагтай эд зүйл дотроос цагаан өнгийн нунтаг зүйл авахдаа мансууруулах бодис гэж огт мэдээгүй. Х.Дыг юу болохыг мэдээд өг гэж хэлж өгсөн юм. Х.Д бид хоёрын хооронд мөнгөний өглөг, авлага байсан учраас надаас зээлсэн мөнгөө буцааж төлсөн. Түүнээс биш мөс зарсан зүйл байхгүй...” /1хх 196, 203/,

гэрч Ч.Ононгийн “...Н.У надад хэлэхдээ зайсангаар дайраад найзтайгаа уулзъя, тэгээд чамайг Драгон руу таксинд суулгаад егье эсвэл найзаараа хүргүүлээд өгье” гэж хэлсэн. Д /Х.Д/ гэх эрэгтэй найзтайгаа уулзана гэж байсан. Зайсанд очих хүртлээ Дтэй яриад Д утсаа авахаа больсон, ингээд Дг /Х.Д/ хүлээж байгаад бид хоёр цагдаа нарт баригдсан...” /2хх 8-9/,

гэрч О.У-ын “... 2022 оны 06 дугаар сарын 04-ний үүрийн 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах INELZAISAN VILLAGE хотхоны 79а байрны авто зогсоолд цагдаагийн хошууч Х-ын хамт ажилтай байж байхад 76-87 улсын дугаартай улаан хүрэн өнгийн Бенз маркийн машинаас Х.Д, Б.Э нар бууж ирсэн. Тухайн этгээдүүдийг баривчлах үед Х.Д бид нараас машинаасаа буугаад явганаар зугтсан хойноос нь хөөж гүйсэн. Х.Д бид нараас ойролцоогоор 6 орчим метрийн зайтай зугтаж гүйсэн. Тухайн орчин авто зогсоол байсан учраас гэрэлтэй, харагдах орчин сайтай байсан. Х.Д нь гүйх явцдаа 2 гараа 2 тийшээ савлаад ямар нэгэн зүйл хаяж байгаа нь бидэнд харагдсан. Х.Дыг барьж аваад гүйсэн замаар нь буцаад аваад явсан. Авто зогсоол дотор байсан унадаг дугуйны зогсоол орчимд зиплок ууттай нунтаг цагаан өнгийн зүйл газарт хаясан байсныг нь мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч нарыг дуудаж үзлэг хийлгэж хураан авсан. Тухайн үедээ Х.Даас “зиплок ууттай зүйлийг хэний эд зүйл бэ” гэж асуухад “минийх” гэж хэлсэн, тэгснээ мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчдыг ирээд үзлэг хийх үед Х.Д нь тухайн газарт хаясан ууттай зүйлээ минийх биш гэж хэлж байсан. ...Тухайн үед камерын бичлэгийг шалгаж үзэхэд хард диск нь шатсан байсан учраас бичлэгээ хадгалдаггүй байсан...” /2хх 150/,

гэрч Ц.Х-ын “...Тухайн үедээ Х.Даас “зиплок ууттай зүйлийг хэний эд зүйл вэ” гэж асуухад минийх гэж хэлсэн...” /2хх 152/,

гэрч Б.Эгийн “...2022 оны 06 дугаар сарын 04- ний өдрийн 01 цагийн үед ...15 минутын дараа Зайсан Хиллд байрлалтай “Ион” шөнийн клубт очиход С.М “120 мянгатын Зүчи зочид буудлын гадаа байна” гэж хэлсэн. Намайг очиход “Зүчи” зочид буудлын гадна С.М, Х.Д, Х.Дын найзууд гээд нэлээн олон залуучууд байсан. Х.Д, С.М бид гурав Х.Дын найзуудаас салаад Х.Д “машинаа очиж авмаар байна” гэж хэлээд Blue sky хотхоны зогсоолд очоод Х.Дын машинд С.М бид гурав суусан. Х.Дын машинд сууж байх үед С.М мөс хэрэглэдэг шил, Х.Д мөс гаргаж ирээд бид гурав хамтдаа хэрэглэсэн. Ойролцоогоор 10 минут орчим болсон. Ингээд Х.Дын найз нь залгаж “Ион баарны гадаа хүрээд ир” гэж дуудаад Ион баарны гадаа очоод Х.Дын хоёр найз нь машинд орж ирж суугаад Минт баар орно гэж хэлсэн. Энэ үед С.М найз залуутайгаа утсаар ярина гэж хэлээд машинаас буусан боловч орж ирээгүй. Х.Дын хоёр найз нэг нь машиныг нь бариад, нэг нь урд суугаад Х.Д хойшоо суусан. Хөдлөөд явж байтал Х.Д найзууд руугаа уурлаад “та нар яагаад энэ зогсоол дээр эргэлдээд байгаа юм, зогс” гэж хэлээд хоёр найзыгаа машинаас буулгаад өөрөө машинаа бариад Зайсанд байрлалтай байранд очсон. Х.Даас “хаана очих гэж байгаа юм бэ” гэж асуухад “манай гэр” гэж хэлсэн. Ингээд Х.Д гэрийнхээ граш руу ороод машинаасаа буугаад л цагдаа нарт баригдсан. ...Машинд сууж байх үед утас нь дуугарахад “энэ мөс зардаг эмэгтэй байна, над руу байнга залгаад байх юм” гэж ярьж байсан. Х.Д уг эмэгтэйн нэрийг хэлээгүй. ...С.М, Х.Д бид гурвыг машинд сууж байх үед С.М мөсний хэрэглүүр болох шил гаргаж ирээд Х.Д өмсөж буй өмднийхөө халааснаас мөс гаргаж ирээд “миний халаасанд мөс асгарсан байна, гэхдээ надад хангалттай мөс байгаа” гэж хэлсэн. Х.Д машины грашаас буугаад цагдаа нарыг гарч ирэхэд зугтсан ба Х.Дын мөс гэж бодож байна. ...Х.Д өөрөө сорох гээд халааснаасаа гаргасан ба шилэнд хийгээд сороход нь С.М бид хоёр дамжуулж сорсон. С.М бид хоёрт мөс байгаагүй, биедээ тийм зүйл авч яваагүй. ...Урьд нь үнэн зөв мэдүүлсэн. Тухайн үед буюу 2022 оны 06 дугаар сарын 03- 04-нд шилжих шөнө С.М над руу утсаар яриад хоёулаа шоудая гээд дуудаад байсан ба би Хан-Уул дүүргийн нутаг 120 мянгатын Зүчи нэртэй зочид буудлын гадаа очиход Х.Д, С.М хоёр байсан. Бид гурав тэндээс такси бариад Х.Дын машиныг очиж авахаар Зайсанд байх Blue Sky хотхоны зогсоол дээр очсон. Ингээд Х.Дын машинд би хойд суудалд, С.М жолоочийн хажуугийн урд суудалд, Х.Д жолоочийн суудал дээрээ суусан. Х.Д архи уучихсан согтуу байсан учраас машинаа бариад явахаар цагдаад баригдана, үлээхээр архи гарах байх гээд явахаасаа өмнө мөсөө нэг сорьё гээд халаасаа ухаж байснаа асгарчихсан байна ш дээ гээд гараараа нутаг зүйл чимхэж гаргаж ирээд машины голын хайрцаг дээр тавиад “хэрэглүүр байна уу" гэхэд С.М “надад байгаа” гээд тарианы шил гаргаж ирсэн. С.М хэлэхдээ “бааранд орохоосоо өмнө нэг сорчихвол согтох нь бага шүү дээ, хоёулаа нэг нэг үлээе” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Бид гурав шилэн мөс бодисыг хийж халаагаад нэг нэг сорсон. Тэндээсээ хөдлөөд Зайсангийн Ион баарны үүдэнд очих замд С.М утсаар яриад буугаад явсан. Х.Д бид хоёр машиныг нь гэрт нь аваачиж тавьчхаад буцаад явахдаа цагдаад баригдсан...” /2хх 204-208, 3хх 186-188/,

гэрч Ж.Э-ны “... Би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Инел Зайсан хотхон 79а-18 тоот 3 өрөө байрыг 2015 онд худалдаж авсан. Одоо манай хадам аав Н, ээж Ц нарын нэр дээр байдаг. Манайх уг байрнаас 2020 онд нүүгээд өөр газарт амьдарч байгаа. Ингээд нэг хэсэг эзгүй байж байгаад 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс Д.Н гэх хүнтэй түрээсийн гэрээ байгуулсан. Д.Нансалмаа нь надад хэлэхдээ манай хүү амьдрах юм гэж хэлсэн. 1 жил гаран манай байрыг түрээслэж амьдарсан ба амьдарч байсан гэх залуутай би огт уулзаж үзээгүй, царай зүсийг нь харж байгаагүй. Ээж Нансалмаагаас нь “би танай хүүтэй чинь уулзъя, ямар хүн манай байранд амьдарч байгааг нь мэдмээр байна” гэхэд ээж нь “манай хүү гадаад явсан, ажилтай завгүй байгаа” гээд уулзуулдаггүй байсан. Би Х.Д гэх хүнийг танихгүй уулзаж байгаагүй. Би 2022 онд байраа шалгахаар 2 удаа байрандаа очиход ээж нь ганцаараа байж байдаг байсан ба хүү нь байхгүй байсан. Гэрийн доторх зүйлийг харахад нэг л тийм хүйтэн хөндий, хүн амьдардаггүй юм шиг байдалтай байдаг байсан. Би дотроо их л сонин санагдаад явдаг байсан. Ингээд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ээж Нансалмаа нь яриад над руу “манай хүүхэд байрандаа амьдрахаа болилоо” гэж хэлээд түрээсээ зогсоосон. Дахиж тэр хүмүүстэй яриагүй. Түрээсээ бүрэн төлж амьдарч байсан. Одоогоор өөр хүмүүст түрээслэсэн байгаа. Бид байраа зуучлалын “Либертибридж” ХХК байгууллагаар дамжуулж түрээслэсэн...” /3хх 133/,

шүүгдэгч Х.Дын яллагдагчаар өгсөн “... өөрийнхөө халааснаас гарсан ууттай зүйлийг хүлээн зөвшөөрч байна. ...Би Н.Угаас мөнгө зээлээгүй ээ. Ямар учраас Н.Уд мөнгө шилжүүлсэн гэхээр мөс худалдаж авсан мөнгөө шилжүүлж байсан...” /2хх 78-79/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1999 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн тунгалаг наалтуузанд бэхжүүлсэн гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд ирүүлсэн Хүчитбаатарын Х.Д ...гарын хээний дардас адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн Х.Д ...гарын хээний дардас гарын хээний нэгдсэн сангийн Папилон системд бүртгэгдсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. Шинжилгээнд тэнцсэн Хүчитбаатарын Х.Дын гарын хээний дардас гарын хээний нэгдсэн сангийн Папилон системд MN000610027552, MN000410010468, MN000510023950, MN000330000312 дугааруудад Хүчитбаатарын Х.Д нэрээр 5 удаа ...бүртгэгдсэн байна. /2хх 118-127/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3086 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Х.Д ФМ88031274 06/04/2022” гэж шээсэнд тетрагидроканнабинол (ТНС), метамфетамин (methamphetamine) тус тус илрэв. Тетрагидроканнабинол (ТНС) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын I жагсаалтад, метамфетамин (methamphetamine) тус конвенцын II жагсаалтад багтдаг. /2хх 131-132/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3087 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. №1 гэсэн дугаартай лидокаин бичиглэлтэй хагархай тарианы шилэнд лидокаин (Lidocaine) илрэв. №2 гэж дугаарласан дотор тал нь харлаж тортог тогтсон ёроол хэсэг нь бөмбийж хэлбэрээ алдсан шилэн сав, №3 гэж дугаарласан дотор хэсэг нь хар өнгийн зүйлээр бохирлогдсон хэлбэрээ алдсан шилэн сав зэрэгт мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. №1 гэж дугаарласан гялгар ууттай 0,035 грамм цэвэр жинтэй нунтаг цагаан өнгийн бодис, №2 гэж дугаарласан улаан өнгийн ууттай зүйл дотроо бүхий 0,161 грамм цэвэр жинтэй нунтаг цагаан өнгийн бодис зэрэг зүйлсэд метамфетамин (methamphetamine) тус тус илрэв. Метамфетамин (methamphetamine) НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтдаг. Лидокаин нь мэдээ алдуулах зорилгоор эмчийн жороор олгодог тарилга бөгөөд НҮБ-ын 1961, 1971 оны мансууруулах эм болон сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад хамаарахгүй. /2хх 136-141/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 3096 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “4/6/2022 Б.Э” гэж хаягласан шээсэнд метамфетамин (methamphetamine) илрэв. Метамфетамин (methamphetamine) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг. /2хх 219-220/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 643 дугаартай дүгнэлтэд: Х.Д нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Х.Д нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. /2хх 145-146/ гэсэн дүгнэлтүүд,

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо INEL ZAISAN VILLAGEINEL ZAISAN VILLAGE хотхоны 79А байрны автозогсоолд үзлэг хийсэн: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Инел зайсан хотхоны 79а байрны автомашины зогсоол байв. Уг 79а байр нь 12 давхар, гадна тал нь бор шаргал өнгөтэй байх ба машины зогсоол нь 79а байрныхаа ертөнцийн зүгээр зүүн талд хаалга байрлаж байв. Граш руу ороход грашийн байр руу орох хаалганы газар зиплок ууттай мөс мэт зүйл байсныг цахилгаан жин дээр жинлэж үзэхэд 0,7552 грамм байсан ба 2 дугаар тавьж эд мөрийн баримтаар хураан авав.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 31-34/,

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо INEL ZAISAN VILLAGEINEL ZAISAN VILLAGE хотхоны 79A байрны 18 тоотод үзлэг хийсэн: Хар өнгийн хогийн саванд хэрэглэсэн 2мг лидокайн гэсэн бичигтэй шил байсныг 1 дугаар тавьж, хар бор өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн бортого мэт зүйл байсныг 2 дугаар тавьж, хар өнгийн зүйлээр бохирлогдсон шил байсныг 3 дугаар тавьж эд мөрийн баримтаар хураан авав.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 35-39/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх 50/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 1/, Б.Эгийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 200/,

Н.Угийн Хаан банкны 5019271689 дугаартай дансанд Х.Дын Голомт банкны 2205102011 дугаарын данснаас 6 удаагийн 9,150,000 төгрөгийн орлого орсон талаарх дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх 59-68/,

Х.Дын биед үзлэг хийсэн тэмдэглэлд: Х.Даас танд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эд зүйл, түүнийг хэрэглэхэд ашигладаг багаж хэрэгсэл болон хууль бус ямар нэгэн эд зүйл байна уу гэж асуухад сайн дураараа өмдний халааснаасаа зиплок ууттай нунтаг цагаан энгийн зүйл гаргаж өгснийг №1 гэж дугаарлан хураан авсан болно. Уг ууттай зүйлийг албаны жин дээр жинлэхэд 0,3600 грамм жинтэй байлаа...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 57-60/,

Х.Дын биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай мөрдөгчийн: ТНС /марихуан/ илэрсэн, MET /метамфетамин/ илэрсэн, АМР /амфетамин/ илэрсэн...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 61-62/,

Б.Эгийн биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай мөрдөгчийн: MET /метамфетамин/ илэрсэн, АМР /амфетамин/ илэрсэн...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 201-202/,

Н.Уд холбогдох эрүүгийн 2302000000257 дугаартай хэргийг тусгаарлах тухай прокурорын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн тогтоол /3хх 197-200/,

Ч.Ононд холбогдох эрүүгийн 2302000000258 дугаартай хэргийг тусгаарлах тухай прокурорын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн тогтоол /3хх 203-205/,

Ч.О-д холбогдох эрүүгийн 2302000000258 дугаартай хэргийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/600 дугаартай шийтгэх тогтоол /4хх 15-18/,

С.Мд холбогдох эрүүгийн 2102001880214 дугаартай хэргийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 859 дугаартай шийтгэх тогтоол /4хх 29-36/ гэсэн дүгнэлтүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Х.Дын үргэлжилсэн үйлдлээр мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бусдад өгсөн, хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Х.Дыг үргэлжилсэн үйлдлээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бусдад өгсөн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дыг 02 жил 05 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч Х.Дад Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас хорих ялыг сонгож, хугацааг нь 02 жил 05 сараар тогтоосныг давж заалдах шатны шүүхээс буруутгах, эсхүл өөрчлөн хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Х.Д, түүний өмгөөлөгч Б.Т нараас “... эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Шүүгдэгч Х.Дын хувьд үргэлжилсэн үйлдлээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бусдад өгсөн, хадгалсан, урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан атлаа засарч хүмүүжихгүй дахин мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг олж авч, түүнийгээ хэрэглэж, биедээ хадгалсан, бусдад өгсөн үйлдэлд анхан шатны шүүхээс 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь тохирсон гэж үзэв.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/252 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Д, түүний өмгөөлөгч Б.Т нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Х.Дын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 50 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/252 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Д, түүний өмгөөлөгч Б.Т нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дын цагдан хоригдсон 50 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.МӨНХӨӨ

 

                      ШҮҮГЧ                                         Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.ЗОРИГ