Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 112/ШШ2025/0037

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

          Нэхэмжлэгч: Монгол Улсын Төрийн албаны зөвлөл

          Хариуцагч: Говь-Алтай Есөнбулаг сумын иргэн М.Д, Ш.Н, Ж.А, А.П, Д.Н, Ж.Г, М.З, Л.Б, Я.Э, С.Х нарын хоорондын буруутай албан тушаалтнаас хохирол гаргуулах маргааныг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д /цахимаар/, хариуцагч А.П /цахимаар/, хариуцагч Ж.Г /цахимаар/ хариуцагч С.Х, Л.Б, Я.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э /цахимаар/, хариуцагч М.Д-ийн өмгөөлөгч Г.Батзаяа /цахимаар/,  хариуцагч М.З, М.Д, Ж.А, Д.Н, Ш.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Оюунмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           1.Нэхэмжлэлийн шаардлага:

           1.1. 40,762,481 төгрөг гаргуулахаар маргаж байна.

           2. Хэргийн үйл баримт, процессын тухайд:

           2.1. Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.М-ийг  албан тушаалаас нь халсан байна.

           2.2.  А.М аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал нөхөн төлүүлэхээр  Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр, маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгож, А.Мийг албан тушаалд нь эгүүлэн тогтоон ажилгүй байсан хугацааны цалин 5,562,856 төгрөгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас гаргуулан шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 398 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын дээд шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 471 дүгээр захирамжаар гомдлыг хүлээн авахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. 

           2.3. Харин Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 133/ШШ2020/00314 дүгээр шийдвэрээр хариуцагч Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал хугацааны 245 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 16,359,626 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Мд олгож, уг олговроос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч А.Мийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичил хийхийг даалгасан. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 215/МА2020/00018 дугаар магадлалаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 133/ШШ2020/00314 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй шийдвэрлэсэн байна.

          2.4. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 133/ШШ2021/00342 дугаар шийдвэрээр Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 21,033,805 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Мд олгож, уг олговроос зохих суутгалыг хийж, нийгмийн болон даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.

          2.5. Дээрх шүүхийн шийдвэрүүдийг биелүүлж, А.Мийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нийт 40,762,481 төгрөгийн мөнгөн хөрөнгийг зарцуулжээ.

          3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

         3.1  Монгол Улсын Төрийн албаны зөвлөл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж, 50.2-т “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нзхэмжлэл гаргана” гэж заасан.  Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгг “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа, хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана.”, 498.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж тус тус заасны дагуу төрд учруулсан гэм хорын хохирлыг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаар нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхүүдэд гаргаж шийдвэрлүүлж байсан. Гэтэл Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай 25 дугаар тогтоолын 1,3-д “Захиргааны байгууллага өөрт учирсан хохирлоо шаардаж буй тохиолдолд хариуцагч нь хувийн эрх зүйн этгээд (хүн, хуулийн этгээд) бол захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Харин хариуцагч нь захиргааны байгууллага, албан тушаалтан, эсхүл захиргааны байгууллага, албан тушаалтны хувиар үйл ажиллагаа явуулсан этгээд бол захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авч харьяалан шийдвэрлэнэ” гэж тус тус хэргийн харьяаллыг тогтоосон.

          Хариуцагчид болох Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дүгээр хуралдаанаар тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Мийг төрийн албанаас халах шийдвэр гарган мөн өдрөө ажлаас халах тухай 02 дугаар тогтоолыг гаргажээ. Иргэн А.М нь дээрх 2019 оны 02 дугаар тогтоолыг эс зөвшөөрч:

          Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу тус шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 112/ШШ2019/0011 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шуүхийн 2019 бны 07 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2010/0398 дугаар магадлалаар А.Мийг Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлөхөөр,

          Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 314 дүгээр шийдвэр, Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2021/00577 дугаар тогтоол, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 133/ШШ2021/00342 дугаар шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлөхөөр тус тус шийдвэрлэсэн байна. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 112/ШШ2019/0011 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 221/МА2019/0398 дугаар магадлалын дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Хөрөнгө хуваарилах тухай” А/89 дүгээр тушаалаар А.Мд 5,562,856 төгрөгийг;

            Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 314 дүгээр шийдвэр, Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 18 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2021 оны 001/ХТ2021/00577 дугаар тогтоол, Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 133/ШШ2021/00342 дугаар шийдвэрийн дагуу Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас 2021 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр 15,099,626 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 18,101,788 төгрөг, 04 дүгээр сарын 04-ний өдөр 1,998,211 төгрөгийг тус тус А.Мийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон нийгмийн даатгалд тооцож, нийт 40,762,481 төгрөгийг олгожээ. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна" 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар тус тус батална” гэж хуульчилсан. Тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр нь хамтын зарчмын үндсэн дээр гаргасан шийдвэр болно.

          Иймд хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 40,762,481 төгрөгийг төрийн сангийн 100900021501 тоот дансанд буруутай шийдвэр гаргасан тус аймгийн нэр бүхий иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс гаргуулж өгнө үү гэжээ.

           3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Уг нэхэмжлэл гаргах үндэслэл болон үйл баримтыг дурдъя. Энэ нь Говь-Алтай аймгийн иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 01 сарын 10-ны өдрийн 01 хуралдааны тэмдэглэл байгаа. Энэ тэмдэглэлд дурдагдаад байгаа нэр бүхий 10 тэргүүлэгчид аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Мийг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэсэн байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэхдээ А.Мийг уг албан тушаалаас чөлөөлье гэдгийг 100 хувийн саналаар батлав гэж шийдвэрлэхдээ Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Мийг ажлаас нь халах тухай тогтоолыг тэргүүлэгчдийн 100%-ийн саналаар батлав гэдэг дээр шийдвэрлэсэн асуудал дээр орж ирдэг байгаа. Энэ асуудал нь яг хуралдааны явцад санал аваад хуралдааны дарга хэлэхдээ санал дүгнэлтийг тэргүүлэгчдээс санал хурааж тасаллаа, нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч А.Мийг албан ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлаар санал хураахад 5 тэргүүлэгч чөлөөлөхийг дэмжиж 5 тэргүүлэгч чөлөөлөхгүй гэсэн саналтай байв. Аймгийн иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хугацаанд мөрдөх дэгт заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын санал өгсөн талд шийдвэрлэснээр А.Мийн үүрэгт ажлаас чөлөөлөхөөр тогтов гэж байгаа юм. Хурлын тэмдэглэл дээрээ чөлөөлөх, төрийн албанаас халах гэдэг аль аль заалтыг нь дурдаж саналаа ярьж байгаад 2019 оны 01 сарын 10-ны өдрийн Говь-Алтай аймгийн иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2 гэдэг тогтоол байгаа. Энэ дээр Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг албан тушаалаас нь халах тухай, Төрийн албаны тухай хуулийн 48.1.3 гэдэг заалтаар албан тушаалаас нь халсан байгаа. Энүүгээрээ юу гэж хэлэх гээд байна гэвэл энэ тэмдэглэл дээр хална, чөлөөлнө гэж байгаад албан ёсоор энэ тэмдэглэлээр баталгаажуулж гаргаж байгаа тэргүүлэгчдийн тогтоол дээр халах гэдэг заалтаар А.Мийг төрийн албанаас халсан байдаг юм. Үүнтэй холбоотойгоор А.М нь Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Уг шүүхийн 2019 оны 05 сарын 20-ны өдрийн 11 дугаартай шийдвэр гарсан байгаа. 11 дугаартай шийдвэр дээр энд дурдагдаад байгаа тэргүүлэгчдийн 02 тогтоолыг нь хүчингүй болгоод А.Мийг эгүүлэн ажил албан тушаалд нь тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд бол 5,500,000 төгрөгийг аймгийн иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас гаргуул гэдэг шүүхийн шийдвэр гарсан байдаг. Энэ шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давах гомдлыг гаргасан байгаа. Энэ нь 2019 оны 07 сарын 31-ний өдрийн 398 дугаар магадлал гарсан. Энэ магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисон. Түүнчлэн яг энэ асуудлаар Улсын дээд шүүхийн шүүгчийн 2019 оны 10 сарын 14-ний өдрийн 471 гэдэг захирамжаар хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсан байгаа. Энэ гомдолд хариуцагчийн төлөөлөгч гомдол гаргасан ч үүнийг хүлээж авахаас татгалзсан. Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр буюу А.Мийг ажлаас чөлөөлсөн 02 тогтоолтой холбоотой асуудал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэгдээд дууссан байгаа. Энэ шүүхийн шийдвэрээр А.Мийг эгүүлэн ажил албан тушаалд нь томил, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олго гэсэн шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор ажилгүй байсан хугацааных нь цалин хөлсийг Хууль зүйн дотоод хэргийн сайдын хөрөнгө хуваарилах тухай 2020 оны 05 сарын 29-ний өдрийн 89 гэдэг тушаалыг үндэслээд 5,562,856 төгрөгийг А.Мд ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд олгосон. Энэ цалин олгох асуудал нь эхний шүүхийн шийдвэртэй холбоотой асуудал байгаа. Энэ хооронд А.М нь тухайн байгууллагад буюу иргэдийн  Төлөөлөгчдийн Хуралд ажилдаа эгүүлэн томилогдох талаар удаа дараа хандсан боловч одоогийн байгаа Тэргүүлэгчид буюу хариуцагч нар тухайн үед А.Мийг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд албан тушаалд нь эгүүлэн томилоогүй эс үйлдэхүйг гаргасан. Тэгэхээр А.М дахин Говь-Алтай аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан ажилд эгүүлэн томилохгүй байна, ажилгүй байсан хугацааны цалин хөлснийхөө мөнгийг гаргуулахаар дахиж шүүхэд хандсан байгаа. Энэ талаар хандсаны дагуу иргэний анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 314 гэдэг шүүхийн шийдвэр гарсан. Энэ шүүхийн шийдвэрээр мөн адил А.Мийг ажилд нь эгүүлэн томилоогүй учраас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нь олгох ёстой гэсэн учраас анхан шатны шүүхийн шийдвэрээр 16,359,626 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд А.Мд олгохыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох ажлыг даалгасан байгаа. Үүнтэй холбогдуулаад дахиж иргэдийн  хурлын зүгээс давж заалдах шатны шүүх буюу Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 18 гэдэг магадлал гарсан байгаа. Уг магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон байгаа. Түүнчлэн Улсын дээд шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 577 дугаартай тогтоол гарсан байгаа. Энэ тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр болон иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байгаа. 2 дахь удаагийн буюу иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслээд иргэдийн  Төлөөлөгчийн Хурлын ажлын албанаас 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 13,545,462 төгрөг, 09 дүгээр сарын 10-ны өдөр 1,554,164 нийт нийлбэрээрээ 15,099,626 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгосон байгаа. Энэ 2 дахь шүүхийн шийдвэрээр олгосон мөнгө байгаа. Гуравдугаарт дахин А.М ажилгүй байсан, ажилтныг эгүүлэн томилохгүй байсан учраас л буцаагаад ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө шүүхэд хандаж нэхэмжилдэг. Говь-Алтай аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 342 шүүхийн шийдвэр гарсан. Энэ 342 шүүхийн шийдвэр дээр мөн л иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас А.Мийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацааны 342 шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацаанд 21,033,805 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байгаа. 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр тухайн үеийн аймгийн иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Д гэдэг хүн А.Мтэй эвлэрлийн гэрээ хийсэн байдаг. Энэ хугацаа нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр эвлэрлийн гэрээгээр Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 314-т заасан 16 сая төгрөгийг нэхэмжлэгчид олгоно, 577 дугаартай магадлалаар эцэслэн шийдвэрлэсэн байгаа. Сүүлийн 342 шүүхийн шийдвэрийн дагуу 21 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Тэгэхээр 577 болон 314 гэж иргэний 2 шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг чинь олгоё. Гэвч буцаад эгүүлэн ажил албан тушаалдаа томилогдохгүй гэдгээр үндсэндээ тохиролцсон байдаг. Энэ нь хавтаст хэрэгт баримтаар авагдсан байгаа. Тэгэхээр хариуцагч талаас энэ эвлэрлийн гэрээний 1.3, 1.6 тус тус 16 сая төгрөг болон 21 сая төгрөгийг дурдсан байгаа. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх бичилт хийх шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд эвлэрлийн гэрээнд тодорхой хугацааны дотор буюу 2.1, 2.3-д заасан буюу 2.1-д нь ямар хугацаа заагаад байгаа гэхээр 2021 оны 09 дүгээр сарын 15-ны дотор эхний 16 сая төгрөгийг нь төлж барагдуулна гэсэн байдаг. Мөн 2.3-д зааснаар 2022 оны төсөвт батлуулаад 2022 оны 02 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулна гэдгээр тохиролцоод цалинг төлөөд бичилтүүдийг хийлгэнэ гэсэн байдаг. Нэхэмжлэгч нь эвлэрлийн гэрээний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилдаа эгүүлэн тогтоох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эвлэрлийн гэрээний дагуу хаалгахаар тохиролцож байгаа. Үндсэндээ энэ эвлэрлийн гэрээгээр юу шийдээд байна вэ гэхээр Шүүхийн шийдвэрийн дагуу А.Мийг ажил албан тушаалд нь эгүүлэн томилохгүй, харин чамд энэ 2 шатны шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, нийгмийн даатгалын бичилтийг хийе гэдэг үндэс үндэслэлээр эвлэрсэн байдаг. Энэ эвлэрлийн гэрээн дээр А.М, Д.Д нар 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр эвлэрч гарын үсэг зурж баталгаажуулснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсонд тооцох тухай 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 09/234 гэдэг Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсонд тооцогдож талуудад мэдэгдсэн тогтоол гарсан байдаг. Энэ дурдаад байгаа эвлэрлийн гэрээ болон сүүлийн 21 сая төгрөгийн төлбөрийн төлбөр хэзээ орж ирж байна гэхээр 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 15 гэдэг төлбөрийн хүсэлтээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулж А.Мийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт нийт 20,099,999 төгрөгийг олгосон байгаа. Нийт дүнгээрээ буюу 3 шүүхийн шийдвэрт заасан нэхэмжлэлийн үнийн дүнгээрээ Төрийн албаны зөвлөлөөс гаргасан шүүхийн шийдвэрийн дагуу төрд учирсан хохирол болох 40,762,481 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан. Эхлээд шүүхэд нэр бүхий 5 хариуцагчийг хариуцагчаар татаад 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01/2706 гэдэг албан бичгээр Төрийн албаны зөвлөлөөс Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд маргасан учраас нэхэмжлэгч дахиад нэр бүхий 5 тэргүүлэгчийг хариуцагчаар татаж оролцуулсан байгаа. Нийт 10 тэргүүлэгчид хамаарах буюу Төрийн албаны зөвлөлөөс гаргаад байгаа 40,762,481 төгрөгийг 10 тэргүүлэгчид хуваагаад нэг тэргүүлэгчээс 4,076,249 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Эхлээд өгсөн 5 хариуцагч нь яагаад 10 болсон гэвэл мэдээж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын асуудал шийдвэрлэх зарчим хуралдаан байна. Хуралдаанд тэргүүлэгч нэг саналын эрхтэйгээр оролцоно, гаргасан саналынхаа эрх зүйн үр дагаврыг хариуцна гэдэг үүднээс дараагийн 5 тэргүүлэгчид хуваагдаад нийт 10 тэргүүлэгчээс тус бүрээс нь 4,076,249 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж оролцож байна, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгч шийдвэрлэнэ үү гэжээ.

3.3.Хариуцагч С.Х, Л.Б, Я.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Төрийн албаны зөвлөлөөс 40,762,481 төгрөг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үндэслэл нь гуравдагч этгээд болох Говь-Алтай аймгийн иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн тайлбараас үзэхэд Төрийн албаны зөвлөлөөс нэхэмжилсэн мөнгө Говь-Алтай аймгийн иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлаас мөн Хууль зүйн дотоод хэргийн сайдаас А.Мт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан төлсөн мөнгөн дүнгээрээ зөрүүтэй юм байна. Энийг  нэхэмжлэгч зөрүүтэй гэж бодох байх. Мөн Говь-Алтай аймгийн иргэдийн  Төлөөлөгчдийн Хурал аудитын газарт төлсөн сая 260 мянган төгрөг, нийгмийн даатгалын хэлтэст төлсөн сая 554,164 төгрөг 1,998,211 төгрөг, А.М-ийн хүлээлгэж өгөөгүй албан хэрэгцээний зөөврийн компьютерын үнэ 933,805 төгрөг зэргийг  10 хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Энэ аудитын газар нийгмийн даатгалын газар А.Мийн аваад явсан зөөврийн компьютерын мөнгийг 10 хариуцагч төлөх, үндэслэлгүй байна.  Мөн энэ гуравдагч этгээдийн тайлбараас үзэхэд 7015, 7010, 5213, 2048, 0300 дугаартай ангилалд байсан мөнгийг өгсөн байна. Өгөхдөө иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын тогтоол байхгүй гэж төлчихсөн байна. Ийм бүрэн эрх байдаг юм уу. А.Мийн хүлээлгэж өгөөгүй, аваад явсан зөөврийн компьютерыг хүртэл авсан байна. Говь-Алтай аймгийн иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох сонгууль 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр болсон. Иргэдийн  Төлөөлөгчдийн сонгох сонгуульд А.М нь Говь-Алтай аймгийн Алтай сумын Баян-Овоо 4 дүгээр багт бие даан нэр дэвшиж 279 санал авсан баримт олдож байна. Хэрэгт энэ тухай баримт 3-51 дүгээр хуудсанд байгаа. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-д заасан нь нэр дэвшигч нь дараах ажил албан тушаалд эрхэлж байгаа ээлжит сонгуулийн тухайд сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө эрхэлсэн ажил албан тушаалаас чөлөөлөгдсөн байна. 28.4.1.1 төрийн албан хаагч үүнд багтана гэж заажээ. 2020 онд  аймгийн иргэдийн  Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшүүлэх гэхээр  2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө А.М ажлаа өгөөд явсан байсан. Тэр аймгийн иргэдийн  Хуралд А.М очоод 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө аймгийн иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга төрийн жинхэнэ албан хаагчийн ажилд эргэн орохгүй гэдгээ мэдэгдээд сонгуульд нэрээ дэвшүүлээд явсан байна. 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш төрөөс авсан  мөнгийг хуулиар бол А.М өөрөө төлөх үндэслэл, нөхцөл байдал тогтоогдож байна. Зөөврийн компьютероо ч  өгөх ёстой байсан. 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлөгдсөн мөнгө бол Хууль зүйн, дотоод хэргийн сайдын 2020 оны 06 дугаар сарын 29-ний тушаалаар төлөгдсөн 5,562,856 төгрөг байгаа. Бусад 16 сая төгрөг, 21 сая төгрөг чинь 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш төлөгдсөн мөнгө. Юу хэлэх гээд байна гэвэл 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш мөнгийг аймгийн иргэний хэргийн шүүх дээр А.М нь нэхэмжлэл гаргасан үед А.М нь сонгуульд нэр дэвшээд явсан бид нар төлөхгүй ийм хуультай гээд хэрэгсэхгүй болгуулах байсан. Тухайн үеийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын алдаа байсан. Ийм хуультай юм чинь хуралд нэр дэвшээд явсан, эвлэрлийн гэрээ хүртэл байгуулсан байгаа. Тийм учраас мөнгийг төлөх үндэслэл нь 10 хариуцагчид байхгүй байна.  Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 244 дугаартай тогтоол гарсан. Энэ хэрэг нь хэнд холбогдох юм бэ гэвэл Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй, Л.Б, Я.Э, С.Х, М.Д, Д.Н нарт холбогдох хэргийг төрд учруулсан хохирол гэж нэхэмжилсэн. Улсын Дээд шүүхийн дээрх дугаартай тогтоолоор хэргийн эх хувиараа надад байгаа. Энэ хэргийг Улсын Дээд шүүх шийдсэн байхад  захиргааны хэрэг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэж байгаа нь хууль зөрчиж байна гэж улсын дээд шүүх дүгнэлт хийсэн. Энэ шийдвэрийг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагч мөн эсэх нь тодорхойгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй энэ маргааныг хянан шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэсэн байна. Төрийн албаны аль ангилалд хамаарахыг нь хуулиар шууд зохицуулаагүй юм байна. Тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан А.Мийг Монгол Улсын Төрийн албаны тухай хуульд заасан эсэх нь тодорхойгүй дүгнэлтийг хийсэн.  Аймгийн иргэдийн  Төлөөлөгчдийн Тэргүүлэгчид бол хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Хамтын шийдвэрт ямар санал өгсөн нь хамаагүй. Та нарын саналын үндэслэлээс тогтоол гардаг,  зарим нэг хариуцагч нар эсрэг санал өгсөн бид нарыг чөлөөлөх ёстой гэж байх шиг. Зарим нэг нь миний санал  үнэтэй санал байсан ч гэнэ үү, тогтоол батлагдаагүй байсан гэсэн. Энэ нь аймгийн  иргэдийн  Хурлын  Тэргүүлэгчид ажлаа хийж хамтын шийдвэр гаргасан байж иймэрхүү ёс зүйгүй гэх юм уу, хариу тайлбар гаргаж байгаа онцгүй санагдаж байна. Тийм учраас  нэхэмжилсэн дүн чинь зөрүүтэй байна. Өөр мөнгө нэхэмжилчихсэн юм байна. Зарим  хариуцагч нар  сөрөг эсрэг санал өгсөн гээд байна. Тийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.4. Хариуцагч М.Д, Д.Н нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй иргэн Л.Б, Я.Э, С.Х, М.Д, Д.Н нараас нийт 40,762,481 төгрөг гаргуулах шаардлага бүхий Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэнд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт "Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэж заасан.

          Энэ хуулинд зааснаар иргэн Л.Б, Я.Э, С.Х, М.Д. Д.Н нар захиргааны хэргийн оролцогч хариуцагч биш байна. Нэхэмжлэлийн шаардлагаа зүгээр л "нийт 40.762.481 төгрөг гаргуулах" гэж бичсэн нэхэмжлэлийн шаардлагаар ч тодорхойлогдохгүй байна. Иргэд хоорондын маргаан, гэм хорын хохирлыг Иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэдэг. Энэ үйл явдлыг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 001/ХТ2024/00244 дугаартай тогтоол гаргаж эцэслэн хянан шийдвэрлэсэн байгаа. Дээд шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон. Төрийн албаны зөвлөлөөс иргэн Л.Б, М.Д, Я.Э, С.Х Д.Н нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 54.1.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж өгнө үү.

           Нэхэмжлэлд заасан үйл баримтыг шүүхүүд хянан шийдвэрлэж хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр болсон Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 001/ХТ2024/00244 дугаартай тогтоол, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 112/ШШ2019/0011 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 221/МА2019/0398 дугаартай магадлал байгаа.

Нэхэмжлэлд дурьдсан үйл явдал 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 02 дугаартай тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр А.Мийг албан тушаалаас нь халснаар өрнөж бүтэн 6 жилийн хугацаа өнгөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. 14.2 14.3.14.4 хэсэгт заасан "30 хоногийн дотор нэхэмжлэлийг шүүхэд гаргана" гэсэн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн.

           Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 001/ХТ2024/00244 дугаартай тогтоолоор “захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан гэж дүгнэв" гэж дүгнэлт хийсэн болохоос биш шүүхийн харьяалал тогтоогоогүй, мөн хөөн хэлэлцэх хугацааг сэргээгээгүй болно. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгэзр сарын 07-ны өдрийн 001/ХТ2024/00244 дугаартай тогтоолдоо "Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нь төрийн албаны аль ангилалд хамаарахыг хуулиар шууд зохицуулаагүй, тухайн үед үүрэг гүйцэтгэгч байсан А.Мийг Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагч мөн эсэх нь тодорхойгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх ТАЗ-ийн нэхэмжлэлтэй маргааныг хянан шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэх боломжгүй байна" гэсэн дүгнэлт хийсэн.

Дээд шүүхийн энэ дүгнэлтийг ТАЗ нь төрийн мөнгийг төрийн жинхэнэ албан хаагчид өгөөгүй юм байна, түр орлон гүйцэтгэгч нь төрийн жинхэнэ албан хаагч биш юм байна, хуулинд "түр орлон гүйцэтгэгч" гэсэн төрийн албан хаагчийн ангилал байхгүй А.Мөөс мөнгийг буцааж авч төрийг хохиролгүй болгох юм байна гэж ойлгож байгаа.

           3.5. Хариуцагч М.З, Ж.Г, Ш.Н, А.П, Ж.А нар  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “Хамтран хариуцагчаар татах тухай” 112/11132025/0118 дугаар захирамжаар иргэн М.З, Ж.Г, Ш.Н, А.П, Ж.А нарыг хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргасны дагуу тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцох болсон.

           Иймд тухайн хэргийн хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Нэг. Хэргийн харьяалал зөрчигдсөн тухайд: Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны “Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай” 25 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1.“захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэснийг захиргааны хэргийн шүүх хэрэглэхдээ “1.3.3ахиргааны байгууллага өөрт учирсан хохирлоо шаардаж буй тохиолдолд хариуцагч нь хувийн эрх зүйн этгээд (хүн, хуулийн этгээд) бол захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Харин хариуцагч нь захиргааны байгууллага, албан тушаалтан, эсхүл захиргааны байгууллага, албан тушаалтны хувиар үйл ажиллагаа явуулсан этгээд бол захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авч харьяалан шийдвэрлэнэ.” гэж тайлбарлажээ.

Гэтэл хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэлд “... Улсын Дээд шүүхийн 2021 оны 001/ХТ2021/00577 дугаар тогтоол, Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 133/ШШ2021/00342 дугаар шийдвэрийн дагуу Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас ... тус тус А.Мийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон нийгмийн даатгалд тооцож, нийт 40,762,481 төгрөгийг олгожээ” гэжээ. Дээрхээс үзвэл, энэ маргаан нь өмнө дурдсан Улсын дээд шүүхийн тайлбарын дагуу захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамааралгүй байна.

         Тодруулбал, дээрх асуудлын иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэсэн учраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал захиргааны үйл ажиллагаа явуулсны хувьд биш фискал захиргааны чиг үүргээр буюу ажилтан, алба хаагчийнхаа хөдөлмөрийн асуудлын үүднээс тухайн маргаанд оролцсон. Түүнчлэн Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 112/ШШ2019/0011 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2019/0398 дугаар магадлалаар шийдвэрлэсэн хэрэг нь А.Мийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох хэрэг байсан. Энэ маргаанд хариуцагчаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал татагдаагүй. Ийм учраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал захиргааны байгууллага, албан тушаалтан, эсхүл захиргааны байгууллага, албан тушаалтны хувиар үйл ажиллагаа явуулсан этгээд биш тул Улсын дээд шүүхийн тайлбарын дагуу энэ маргаан захиргааны хэргийн шүүхийн харьяалалд хамаарахгүй болно.

           Хоёр. Хариуцагч иргэн М.З, Ж.Г, Ш.Н, А.П, Ж.А нар гэм буруугүй тухайд: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ”, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж тус тус заасан. Төрийн албан хаагчийг хууль бусаар халснаас үүдэн төрд учруулсан хохирол, гэм хорыг нөхөн төлүүлэх дээрх хуулийн зохицуулалтад төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх этгээд нь тухай хохирлыг үүсгэхэд гэм буруутай этгээд байхаар тусгажээ. Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д гаргасан хүсэлтдээ “... тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр нь хамтын зарчмын үндсэн дээр гаргасан шийдвэр. Иймд нэгэнт хамтын зарчмын үндсэн дээр гаргасан шийдвэр. Иймд нэгэнт хамтын зарчмын үндсэн дээр гаргасан шийдвэрийн улмаас төрд хохирол учирсан тул Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч нар болох Л.Б, Я.Э, С.Х, М.Д, Д.Н нараас гадна М.З, Ж.Г, Ш.Н, А.П, Ж.А нарыг хамтран хариуцагчаар татаж хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэж дурджээ. Төрийн албаны зөвлөл төрийн сангаас А.Мд олгосон ажлаас хууль бусаар халагдсан хугацааны цалин хөлс буюу хохирол нь хэний буруутай үйл ажиллагаанаас төрд учирсан болохыг дүгнээгүй байх бөгөөд шийдвэр гаргахад оролцсон бүх этгээдүүдийг хамтран хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна. Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 сарын 10-ны өдрийн хуралдаан шийдвэрээр А.Мийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарын бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч албан тушаалаас халсан. Тухайн хуралдаанд иргэн М.З, Ж.Г, Ш.Н, А.П, Ж.А нар нь А.Мийг ажлаас чөлөөлөхийг эсэргүүцэж, хэлэлцүүлсэн асуудлыг дэмжихгүй гэх санал өгсөн. Шийдвэр гаргах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25.1-т “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэж заасан, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр нь хуралд оролцсон этгээдүүдийг саналаас шууд хамааралтай гэдэг нь харагдаж байна. Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 сарын 10-ны өдрийн  02 тогтоолоор хэлэлцсэн асуудлыг дэмжиж өгсөн саналуудаас шалтгаалан А.Мийг ажлаас нь халах тухай тогтоол батлагдсан.

          Тодруулбал: М.З, Ж.Г, Ш.Н, А.П, Ж.А нарын саналаас үл хамааран А.Мийг ажлаас халах тухай тогтоол батлагджээ. Төрийн албаны тухай хууль, Захиргааны еренхий хууль, Иргэний хуулийн дээрх төрд учруулсан гэм хор буюу хохирлыг нөхөн төлөх зохицуулалтад хамтын шийдвэр гаргадаг төрийн байгуулагын шийдвэр үйл ажиллагааны улмаас төрд хохирол учирсан бол түүний гишүүд хамтран нөхөн төлөх утга, агуулга байхгүй. Харин шийдвэрийг гаргасан бөгөөд тухайн шийдвэр гарахад буруутай этгээд төлөх үр дагавартай байна. Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид асан М.З, Ж.Г, Ш.Н, А.П, Ж.А нар нь хамтын шийдвэр гаргадаг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүун болохынхоо хувьд шийдвэр гаргахад оролцсон боловч хурлын үр дагавар тэдний саналаас үл хамааран гаргасан тул гэм хорын эрх зүйн үүднээс гэм буруутай гэж үзэх боломжгүй. Иймд дээр үндэслэлүүдээр шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “Хамтран хариуцагчаар татах тухай” 112/Ш32025/0118 дугаар захирамжаар тус хэргийн хариуцагчаар татагдсан иргэн М.З, Ж.Г, Ш.Н, А.П, Ж.А нар нь тухайн асуудалд гэм буруугүй, тухайн хэргийн хариуцагч байх этгээд биш, хэргийн харьяалал зөрчигдсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         3.6.  Хариуцагч М.З шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Ер нь А.Мийг ажлаас халсан асуудал нь явж явж шүүх дээр ирж байгааг нь харахад буруутай шийдвэр байсан байна л гэж ойлгоод байгаа юм. Тэгээд тэр өдрийн хурлын тэмдэглэл дээр би хэлсэн байхад тэмдэглэлд тал ороод ирсэн байна лээ. Би энэ шийдвэр явж явж шүүх дээр очно, шүүх дээр очихоор нь хэн хариуцах юм бэ гэсэн үг тэмдэглэлд буюу хэргийн материалд хавсаргагдаад орсон явж байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч тал бусдын гаргасан буруутай шийдвэр дээр хариуцлага хүлээнэ гэдэг зүйлийг хэлээд байгаа нь байж боломгүй. Тэгэхээр нэхэмжлэгч талаас эсрэг санал өгсөн, эсрэг санал өгчихөөд буруутай шийдвэрийг дэмжээгүйнхээ төлөө бид нар энд хариуцагч болоод сууж байх ямар ч боломжгүй байгаа. Нэхэмжлэгч талаас сүүлд нэмсэн 5 хариуцагчаа хариуцагчаас чөлөөлөөд дараагийнхаа 5 хүнтэй асуудлаа яриад явсан нь хамаагүй ойлгомжтой, цэгцтэй байна гэж бодож байгаа.

            3.7. Хариуцагч Ж.А шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний тухайд адилхан байгаа. Төрийн албаны зөвлөлийн итгэмжилсэн төлөөлөгч нэг саналын эрхтэйгээр орно, өгсөн саналынхаа хариуцлагыг хүлээнэ гээд хэлж байна. Бид А.Мийг ажлаас чөлөөлөхгүй гээд санал өгсөн. Ажлаас чөлөөлөөгүй гэж санал өгснийхөө төлөө ямар нэгэн хариуцлага хүлээхээр бид нар хүлээнэ. Энэний дараа эхэлж гарсан шүүхийн шийдвэр нь ажлын албанд гарсан юм байна лээ. Ажлын албанд гараад ажлын албанаас А.Мийг эргүүлж ажилд авах тухай хэлэлцэх хурал болоогүй, хэрвээ тэр хурал болсон бол бид тэнд А.Мийг авна, авахгүй гэсэн дараагийнх нь асуудал хэлэлцэгдээд явах ёстой байсан. Энэ дээр бид нар ямар нэгэн байдлаар хурал ороод А.Мийг эргүүлэн ажилд авах тухай болон авах шаардлагагүй гэдэг дүгнэлт гаргаагүй. Тийм шийдвэр гаргаагүй учраас мөнгө төлөх шийдвэр дээр бид оролцох шаардлагагүй л гэж бодож байна гэв.

           3.8. Хариуцагч М.Д шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Бид нарын асуудлыг шүүх авч хэлэлцэх ёсгүй байсан. Би ард түмний сонгосон төлөөлөгч. Саналыг хэн ч шүүх эрх байхгүй шүүх авч хэлэлцэх гээд байх шиг байна. Үнэхээр хариуцлагагүй хурал болсон. Би  намынханд хэлж байсан аваад яв, намын хурлаа хийгээд шийдвэрээ гарга, шийдвэр чинь буруу байна, энэ хүнийг чөлөөлж болохгүй гэдэг байр суурьтай байсан. Сүүлд нь ажлын алба болохгүй болоод аргаа ядаад санал өгсөн.  Энэ саналаа шүүх рүү явуулж байгаад үнэхээр би ичиж байгаа. Би энэ тэмдэглэлд байгаа учраас шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа. Яагаад зөвшөөрөхгүй байна гэхээр  тухайн хурал дээр бичсэн тэмдэглэл одоо байгаа тэмдэглэл тэнгэр газар шиг өөр байгаа. Миний үгнүүд байхгүй байгаа юу гэж хэлж байсан гэхээр хууль давсан журам гэж байдаггүй юм. Даргын эрхээр явахгүй дахиж хэлэлцэх асуудал гээд орилоод  хурлаа хаяад  гарч байсан. Тэгээд  шийдчихнэ. Тэр боловсон хүчний асуудалд энэ асуудал байхгүй байсан. Д.Н хуралд байхгүй гараад явсан байсан. Сүүлд нь тогтоол гарсан  байсан. Тэр яаж гарсан юм мэдэхгүй иргэдийн  хурлын тогтоолыг үндэслээд хурлын дарга тушаал гаргах ёстой гараагүй. Яаж ажил дээр тогтоол гарсан юм мэдэхгүй  хуралдааны тогтоол гарч байсан. Тэр тогтоолыг хэрэгжүүлж болно, хэрэгжүүлэхгүй байж болно. Тэгэхээр энэ ажлууд нь байхгүй. Бид нарын өмнөөс хэн ч мөнгө шилжүүлээд байгаа юм бид нарт ямар ч эрх байхгүй. Бид нар тогтоол гаргаад зөвлөмжөө гаргаад өгсөн тэрний дагуу арга хэмжээ авсан бол эргээд шүүхийн шийдвэртэй байхад оруулж ирэх ёстой гэдэгт хэд хэдэн тэргүүлэгчдийн хуралд би санал гаргаж байсан. шүү дээ. Шүүхийн шийдвэрийнхэн  манай хурал дээр орж ирээд хэлэхэд нь би энийг авч хэлэлцээч, энэ чинь болохгүй хүний асуудал яваад байгаа. Нэг бол энэ хүнийг ажилд аваач гээд хэлж байсан. Бид нарт тийм эрх байхгүй. Ж.А хэлсэн бид нарт эрх байхгүй гээд. Ажлын алба  эрхтэй, ажлын албаны дарга, хурлын тушаалаа  гаргаагүй. Тэгээд энэ 5 хүн тэгсэн гээд юм яриад байдаг. Энэ хуулийн хүрээнд эрх зүйн орчинд буруу яваад байгаа. Тогтоол чинь батлагдаагүй шүү. Би олон хэлж байгаа. Тэгээд ийм асуудлын төлөө  мөнгө төлнө гээд байдаг. Тэр 5 сая төгрөг байсан бол бид нар  хэлэлцээд  явна. Тэгэхээр эрх үүрэг нь бид нарт байхгүй байгаа. Асуудлыг хаанаас оруулдаг байна гэхээр хурал, хурлын ажлын алба, хурлын дарга нар л оруулдаг. Санал олон гаргаж байсан хэрэгжүүлээгүй. Хэрэгжүүлээгүй ажлаа хийгээгүйн төлөө бид нараас мөнгө нэхэмжлээд байж болохгүй. Энэ 10 хүн  албаны төлөөлөл байгаа шүү. Саналаа өгснөөр өнөөдөр шүүхийн өмнө буруутан болоод үнэхээр ичиж байгаа. Хууль зүйн үндэслэл байхгүй гэдэг дээр бухимдалтай байгаа гэдгээ хэлэх гэсэн юм. Нэг анхаарах зүйл юу гэхээр хууль давсан журам гэж байхгүй, буруу хэрэглэсэн. Тогтоол хүчин төгөлдөр болсон 100% гээд байгаа. Худлаа шүү дээ. Бид нар эсрэг л байсан. Эсрэг саналаа өгөөд л гараад явсан. Яагаад 100% гэж байгаа юм. Тэр хуралд Д.Н байхгүй, тогтоол батлагдаагүй, 100% гээд бичсэн. Ийм л хурал болсон. Тэгэхээр энэ хуралд юу ч байхгүй гэв.

3.9. Хариуцагч Д.Н шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Би нэг товч тайлбар хийчихье. Ерөнхий тайлбараа шүүхэд гаргаад өгчихсөн байгаа. Тухайн үед ерөнхийдөө үг хэлж, үзэл бодлоо хэлснийхээ төлөө хэрэгтэн буруутан болоод энэ их хэмжээний мөнгөний өрөнд орно гэж байхгүй. Тухайн үед өөрсдийнхөө үзэл бодлыг л хэлсэн. Тухайн үед юу, юу хэлсэн гэдэг нь хурлын тэмдэглэл дээр бүгд байгаа. Тийм учраас Төрийн албаны зөвлөлөөс нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

          3.10. Хариуцагч Ш.Н шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:  Миний хувьд ер нь бол хариуцагч гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тийм учраас хариуцагчаар тооцогдож орж ирээд байгаа гэдгээ тодорхой хэлж байгаа. Эхнээсээ хариуцагч биш гэдэг дээр байр суурьтай байгаа. Миний хувьд 2016 онд аймгийн иргэдийн  Хурлын төлөөлөгчөөр сонгогдоод тэргүүлэгчээр сонгогдсон, ард түмнээ төлөөлж орж ирсэн төлөөлөгч байсан. А.Мийг чөлөөлөх хуралд өөрийн биеэр оролцсон. Уг хуралдаанд төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх нь буруу байна гэдэг байр суурьтай байсан 5 тэргүүлэгчийн нэг байгаа юм. Өнөөдрийн энэ хуралдаанд яг гэм буруутай юм уу, буруугүй юм уу гэдгийг шүүхээр тогтоолгох гэж орж ирсэн. Тэгэхээр Төрийн албаны зөвлөлийн итгэмжилсэн төлөөлөгчийн ярьж байгаагаар энэ 5 хүн өөрсдийн эсрэг байр суурьтай байснаар бид 5 хүнийг нэмж буруутгаад төлбөрийг нь хувааж гаргах гэж байгаа юм гэсэн зүйлийг ярьж байна. Энэ шүүхийн шийдвэр гарахаас өмнө бид 5-ыг буруутгачихсан байх шиг байна. Тэгэхээр зарчмын зөв байр суурь дээр байсныхаа төлөө шүүхээс гэм буруутай байна гэж үзэх шийдвэр гарахгүй байх гэж найдаж байгаа. Тэгэхээр энэн дээр анхаарал хандуулаасай гэж бодож байна. 2 дугаарт нь А.Мийг ажлаас чөлөөлөх асуудлыг тэргүүлэгчдээр оруулж ирсэн. Дараа нь ажилд  эргүүлэн тогтоох шүүхийн шийдвэрүүдийг ямар ч үед тэргүүлэгчид танилцуулж байгаагүй. Энэ асуудал эргэж тэргүүлэгчдийн хурлаар орох асуудал байхад оруулж ирж байгаагүй. Бид нарын бүрэн эрхийн хугацаа 2020 онд дуусгавар болсон. Тэгэхээр 2020 оноос хойших бүрэн эрхийн хугацаа, хор хохирлыг тэргүүлэгч нарт хүлээлгэнэ гэдэг дэндүү өрөөсгөл юм болно. Ялангуяа тэргүүлэгчдийн бүрэн эрхийг дууссаны дараах эвлэрлийн гэрээ гэж юм яриад байна. Бид нартай огт хамааралгүй. Дараагийн бүрэн эрхийн улсууд бид нарын өмнөөс эвлэрлийн гэрээ байгуулаад төлбөрийг нь төлөөд бид нарт огт мэдэгдэхгүйгээр ийм зүйл хийгээд явж байгаа зүйлийнх нь төлөөсөнд тэргүүлэгч нарт гэм бурууг хүлээлгэнэ гэдэг болохгүй асуудал гэж бодож байна. Тийм учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч л гэсэн ийм байр суурьтай байна гэв.

 

             3.11. Хариуцагч А.П шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Өмнөх хариуцагч М.З, Ж.А, Ш.Н нарын саналыг сонслоо. Эдгээр хариуцагч нартай санал нэг байна. Мэдээж хуралд оролцох үед бид эсрэг санал өгсөн 5 хүн байгаа. Эсрэг санал өгсөн 5 хүн энэ асуудал хууль зөрчсөн асуудал болно гэдгийг бүгд анхааруулж ярьж байсан. Тийм ч учраас бид эсрэг санал өгч А.Мийг ажлаас чөлөөлөх шаардлагагүй гэж үзсэн. Гэтэл нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар бол бид эсрэг санал өгснөөр эргээд өнөөдөр хариуцагч, хамаарал бүхий этгээд болж байгаа юм шиг ийм байдал руу орж байна. Хэрвээ ингэх байсан бол бид санал өгөөд эсрэг санал өгөөд суугаад байх шаардлага байсан уу, үгүй юу гэдгийг шүүх эргэж хараасай гэж бодож байна. Эсрэг санал өгнө гэдэг бол хууль зөрчсөн үйлдэл гаргуулахгүй гэсэн үүднээс бид нар өгсөн гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ дээр бүх асуудал бүх процесс тодорхой байна. Дээр нь М.Д гуай бас хэлсэн. Хурлын тогтоолтой хамааралтай асуудал эргэлзээтэй байхад нэхэмжлэгч талаас шууд хурлын тогтоолыг 100%-аар баталсан гэдэг тайлбар өгөөд явж байгаа нь үнэхээр эргэлзээтэй байна. Мөн дээр нь 2020 онд бидний бүрэн эрхийн хугацаа дууссан. Гэтэл 2020 оноос хойших асуудалтай холбоотой мөнгө төгрөгийн хамааралтай асуудлыг бидэнд хамааруулж нэхэмжлэлийн шаардлага үүсгэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй асуудал үүсгэж байна. Тийм учраас энэ хэргийг нэхэмжлэхийг зөвшөөрөхгүй байна. Тийм учраас зөв шийдэж өгөх байх гэж бодож байна гэв.

  

3.12. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Батзаяа шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагч гуравдагч этгээдийн тайлбар мэдүүлгүүдийг бид нар сонслоо. Өмнө нь шийдэж байсан. Анх нэхэмжлэгч шүүхэд Төрийн албаны тухай хуулийн 50.1, Иргэний хуулийн 498.2 дахь хэсэг 4.8.5-ыг үндэслэж хариуцагчаар татсан. Төрийн албан хаагч үүргээ зөрчсөн, гэм буруутай үйлдлээс, эс үйлдлийн улмаас бусдад учруулсан гэм буруугийн хохирлыг төр хариуцна  гэдэг үндэслэлтэй нэхэмжлэлээс татсан. Тэгээд сүүлдээ явж байгаад  санал өгсөн, гэхдээ ямар санал өгсөн хамаагүй хуралд оролцсон бүх хүмүүсийн хариуцагч талууд орж ирсэн байна гэж ойлголоо. Тэр процесс явагдсан байна. Түрүүн нотлох баримт шинжлэн судлах асуулт хариулт явагдаж байхад  А.Мийг өөрөө ажлаас гарсан нь хуульд нийцсэн үү, үгүй юү гэдгийг тогтоох ёстой. Яагаад вэ гэхээр А.Мөөс юу авч байсан олон удаагийн шүүх хурлуудад  бас хэлсэн байх ёстой 2020 онд  тухайн үед үйлчилж байсан нэгжийн тухай хуулийн 25.1-ээр хэлэлцсэн асуудалд тогтоол  гаргах бөгөөд тухайн хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар батална гэж байгаа юм. Тэгэхээр энэ дээр  тогтоол  гарах ёстой.  Хавтаст хэрэгт тогтоол ирсэн томьёоллоороо тухайн хэлэлцсэн асуудлын чинь энэ байдлаар баталсан нь нотлогддоггүй.Яагаад нотлогддоггүй вэ гэхээр тэр  санал хураалтад  би байгаагүй гэсэн тайлбар.  Мөн дээрээс нь тогтоолыг батлахдаа санал хураалт явуулаагүй гэсэн тайлбар,  хариуцагчаар оролцож байгаа А.Пгийн тайлбарыг хэн хэн өгснийг санахгүй байна гэдэг энэ тайлбарууд болон бусад гэрчийн мэдүүлгээр өгсөн тайлбаруудаар  А.Мийн ажлаас чөлөөлөх тухай санал хураалт явагдсан боловч санал хураалтын эцсийн байдлаар баталсан тогтоолыг тухайн төлөөлөгчдийн хурал гаргаагүй байна  гэж үзэж байгаа юм.  Гаргасантай холбоотой процесс бол хэргийн бичиг баримтад  байхгүй байна. Энэ мэдээж хожим нь илэрч байгаа учраас шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас  тухайн анхан шатын шүүхийн шийдвэрийг хянуулах асуудал  гарч ирж байна. А.Мийн хувьд бол гэрчээр тайлбар өгсөн. Түрүүн нотлох баримт шинжлэн судалсан, анх хамтарч ажиллахгүй гэдэг саналаа Л.Б даргад илэрхийлсэн тогтоолын төслийг Л.Б дарга оруулж ирсэн.  Санал хураалт тэнцсэн тул Л.Бын талд санал өгсөн гэдэг гэрчийн мэдүүлэг  А.М өгсөн байдаг.  Шүүхийн шийдвэр гарсны дараа Л.Б нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй  татгалзсан гээд тайлбар өгсөн байдаг. Тэгээд А.Мийг чөлөөлөх процесс бол  улс төрийн манлайллын хувьд гэх юм бол хурлаа удирдаж байсан хүний хувьд Л.Б гэдэг удирдаж явуулсан  тэр хүн санал оруулсан.   Дараа нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй талаар Л.Б нь өөрөө А.Мд эргэж хамтарч ажиллахгүй, гэдэг  тайлбарыг илэрхийлж байсан. Тэгэхээр бид нарын хувьд анх А.Мийг ажилд аваагүй. Тэр тухайн үед ажил хийсэн хурлын бүрэн эрхийн асуудал, төлөөлөгчдийн асуудал яагаад шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй юм бэ гэдэг асуудал яригдахаар А.М гэрчээр тайлбараа өгчихсөн байдаг.  Яагаад гэвэл  шүүхийн шийдвэрүүд чинь  иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд даалгаж гарсан байгаа. Тэгэхээр шүүхийн шийдвэрийг ажлын алба бидэнд гүйцэтгэхээр нэрлэн заачихсан, ялангуяа  хурлын дарга Д.Дийн мэдүүлэг байдаг 2020 оны 11 сарын 4-ний өдрөөс эхлээд дарга болон хурлыг удирдсан А.Мийг 5-6 удаа дуудсан  ажилдаа орохгүй гэсэн юм. Тэгэхээр яагаад энэ шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй 5- 6 удаа дуудаж уулзаад ажилдаа орохгүй гээд байхад нь өргөдлийг нь аваад ажлын байр санал болгоод тухайн энэ шүүхийн шийдвэрийг хохирлын дүнгийн асуудлыг өөрсдийнх нь мэдүүлэг болон тайлбараар нотлогдож байгаа. Д.Д шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй явсаар байгаад эвлэрлийн гэрээ хийгээд 2021 онд жил гаруйн дараа явж байгаад эвлэрлийн гэрээ хийгээд шүүхийн шийдвэрийг дуусгавар болгосон байдаг. Тэгэхээр энэ ажлын албанд үүрэг болгоод гаргасан энэ процесс дунд  хариуцагч нар шүүх хурал болж байгааг нь ч мэдээгүй. Энэ шүүхийн шийдвэр биелснийг нь ч мэдээгүй явж байхад шууд тавин хэдэн сая төгрөгийн таныг буруутай үйлдэл байна гэж нэхэж байгаа нь үндэслэлгүй.  Төрийн албаны тухай хуулийн 50.1-д Иргэний хуулийн 498.1-ээр буруутай албан тушаалтан гэдэгт  иргэдийн  нийтийн хурлын тэргүүлэгч буюу хурлын төлөөлөгч байгаа нийтийн албан тушаалтанд орох уу?  бүрэн эрхийн хугацаандаа  үүрэгтэй байсан гээд  төрийн албаны тушаалтанд орно гээд байвал  2020 оноос хойш  ямар үүргээ биелүүлээгүй гэж  буруутгаад байгаа юм. Төлөөлөгч биш болчихсон, тэргүүлэгч биш болчихсон хуульд чинь заачихсан байгаа шүү дээ. Санаатай, санаандгүй үүргээ биелүүлээгүй бол яг аль   үүргээ биелүүлээгүй гэдгийг тодорхой хэлэх.  Төрийн албаны зөвлөлийн  хурал дээр ч  гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг асууж байсан. Хувь тэнцүүлэн нэхээд байгаа чинь ямар хуулийн ямар заалт байгаа юм. Тэгээд энэ хувь тэнцүүлэн гэж байгаа бол энэ 10 албан тушаалтан чинь арвуулаа яг ижил тэнцүү гэм буруутай байх ёстой гэм буруугийн зарчим яригдана. Тэгээд гэм буруугийн зарчим дээр ямар үүргээ биелүүлээгүй тэнцүү болчхоод Төрийн албаны зөвлөлд бүгдээс нь мөнгө нэхээд байгаа юм бэ гэдэг нэхэмжлэлийн шаардлага буруу байна. Д.Д даргын яриад  байгаа. Хэрвээ өмнөх хурлын шийдвэр нь хуульд нийцээгүй,  хууль бус байсан юм бол 25.4-өөр  хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэрийг хүчингүй болгож болдог. Тэгэхээр А.Мийг чөлөөлсөн шийдвэр нь олон удаагийн шүүхийн шийдвэртэй юм байна.

         Тийм учраас А.Мийг асуудлыг цааш нь явуулахгүй, хохирлоо бага байлгах гээд хурлаар хэлэлцүүлээгүй юм.  Өмнөх иргэний шүүх хурал дээр шийдсэн шүү дээ. Та нар буцаж оруулах талаар санал гаргаагүй байна. Тэгээд санал гаргах гэж байгаа үе чинь дуусгаад байсан учраас санал гаргая гэхэд нь Л.Б нь хамтарч ажиллахгүй гэсэн учраас боломжгүй гэж төлөөлөгч нар хэлээгүй.  3 үе шаттай юм яригдаад А.Мийг чөлөөлсөн нь тогтоол нь өөрөө хууль бус байсан юм байна. Тогтоол болон шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх асуудал дээр Л.Б бол өөрөө биелүүлэхгүй  гэдэг  байр суурьтай байгаад хуралд оролцуулаагүй юм байна. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, тэрийг нь Д.Д дарга ажилдаа орохгүй гээд байхад нь өргөдлийг нь аваад ажлаас нь  түдгэлзүүлэх, халах шийдвэр нь гарахгүй гээд цаг хугацаа алдаж явсаар байсан өөрийнх нь өгсөн мэдүүлгээр нотлогдчихсон. Энэ төлбөрөөс чинь анхнаасаа хүмүүсийн эрх ашиг сонирхол зөрчигдөх гээд байна шүү. Та нар  ирээдүйдээ  их мөнгө хөрөнгө өр төлбөр дээр буухаар байсан юм байна тухайн үеийн ажлын алба энэ хүмүүстээ мэдэгдээд өөрсдийнх нь хүсэлт гаргаад хуралд нь яагаад оролцуулах боломжоор хангаагүй, мэдээлээгүй нөхцөл байдлууд энэ хэрэгт харагдаж байна. хамгийн чухал зүйл бол өмнө нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх иргэний хэргээр явсан шүүх дээр А.Мийг төрийн албан хаагч байна гэхээр нотлогдохгүй байна гээд буцаасан. Тэр баримтууд дээр өнөөдөр А.Мийг төрийн албан хаагч байна  гээд нэмэгдэж ирсэн баримт байхгүй суурь нөхцөл нь төрийн албан хаагч гэж байгаа. Тэгэхээр  А.Мийг төрийн албан хаагч гэж үзэх үндэслэл байхгүй. Иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга гэдэг албан тушаал хуульд байгаа. Харин түүний үүргийг түр орлон гүйцэтгэгч гэдэг албан тушаал бол байхгүй. Тэгэхээр бид нар хуульд  нэрлэн заачихсан тодорхой төрлийн ажил, албан тушаалыг бусад ажил албан тушаалтай тусган үзэж болохгүй. Энэ бол хууль зөрчиж байна.  Ийм учраас М.Д хариуцагчийн өмнөөс  юу гэж хэлэх гээд байна гэхээр бид бол жинхэнэ хариуцагч биш. Жинхэнэ энэ хэргээс та өөрөө  хариуцагч гаргуулъя гэж байгаа бол тухайн үеийн хурлын дарга хийж байсан Л.Бд хамаарах мөнгөн дүнд хариуцагч нар дараагийн хурлын дарга Л.Б энэ хүмүүс бол жинхэнэ хариуцагч болж орж ирнэ.  Шүүхийн шийдвэр  нь 2019 оны 5 сарын 20-нд гарсан 5 сая төгрөг шүүхийн шийдвэр 2020 оны 4 сарын 17-ны өдөр гарсан  2021 он гээд. Тэгэхээр эхний 2 шийдвэрийг бол Л.Б дарга өөрөө хариуцна. Яагаад гэхлээр энэ хүн  санал хураалтыг эцэслэж тогтоол дээр санал хураалт явуулаагүй гээд өөрөө дур мэдээд гаргачихсан, дур мэдэж гаргасан нь түүний шууд буруутай үйлдэл, дээрээс нь хурлын дарга гэдэг албан тушаалтнаараа 50.1 дэх хамаарна. 21 сая төгрөгийг 2021 оны 8 сарын 17-ны өдөр биш Говь-Алтай аймгийн шүүхээс шийдсэн тэр дүнг бол хурлын дарга тэр Д.Д хариуцна. Яагаад ийм олон удаагийн шүүхийн шийдвэр гараад байхад шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй юм. Ажилдаа орохгүй гээд байхад тэрийг нь цэгцлэхгүйгээр 2 жил гаруй яваад хохирол мөнгө өндөр болгочихсон асуудал яригдана. Тэгэхээр энэ хэргийн жинхэнэ хариуцагчийн хувьд бол энэ 2 хүн байна  гэдгийг бид нар хэлмээр байна. Ийм учраас энэ хэргийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдгийг тайлбарлаж өгч байна гэв.

 

          3.13. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй Л.Б, Я.Э, С.Х, М.Д, Д.Н нарт холбогдох Захиргааны хэрэгт дараах хариу тайлбарыг гаргаж байна.

          Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хүчин төгөлдөр дагаж мөрдөж байсан 2006 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна гэж, 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн ...олонхийн саналаар тус тус батална” гэж заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Мийг ажлаас халсан тогтоол нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хамтын шийдвэр байсан болох нь Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг албан тушаалаас нь халах тухай тогтоолоор тогтоогддог. Мөн хуулийн 22.1.6-т “Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх” бүрэн эрхтэй байна” гэж хуульчилсан. Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг чөлөөлөх талаар тусгайлан зохицуулаагүй боловч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь тухайн албан тушаалд томилох эрхтэй тул мөн чөлөөлөх эрх хэмжээтэй байна. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 133/ШШ2021/00342 дугаартай шийдвэрээр 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 21,033,805 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсний дагуу 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Говь-Аптай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдлийн дагуу эхний ээлжийн төлбөр болох 16,359,626 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 21,033,805 төгрөгийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс А.Мд тус тус олгож хохирлыг барагдуулсан байдаг.

 Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсний улмаас шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байх хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл зэргийг захиргааны байгууллагаас нөхөн төлж, төсвийг үр дүнгүй зарцуулж, хохирол учруулсан хууль бус шийдвэр гаргасан буруутай албан тушаалтнаар хохирлыг буцааж төлүүлэх арга хэмжээг зохион байгуулахаар аймгийн Прокурорын газарт Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т заасны дагуу төрийн ашиг сонирхол зөрчигдсөн дээрх асуудлаар төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах чиг үүргийн хүрээнд нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох талаар хүсэлтийг 2022 онд гаргаж байсан болно.

     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Монгол Улсын Төрийн албаны зөвлөл нь хариуцагч Л.Б, Я.Э, С.Х, М.Д, Д.Н, Ж.А, М.З, А.П, Ш.Н, Ж.Г нарт холбогдуулан Төрийн албан хаагчийг ажлаас халсан хууль бус шийдвэр гаргаж, төрд хохирол учруулсан гэх үндэслэлээр 40,762,481 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,  үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          4. Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч А.Мийг албан тушаалаас нь халсан.

          5. А.М нь Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 112/ШШ2019/0011 дүгээр шийдвэрээр Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, А.Мийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны 89 хоногийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 5,562,856 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн.

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2019/0398 дугаар магадлалаар Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 112/ШШ2019/0011 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

         6. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 133/ШШ2020/00314 дүгээр шийдвэрээр хариуцагч Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал хугацааны 245 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 16,359,626 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Мд олгож, уг олговроос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч А.Мийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичил хийхийг даалгасан.  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 215/МА2020/00018 дугаар магадлалаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 133/ШШ2020/00314 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

           Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2021/00577 дугаар тогтоолоор Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 133/ШШ2020/00314 дүгээр шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 215/МА2020/00018 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

         7. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 133/ШШ2021/00342 дугаар шийдвэрээр Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 21,033,805 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Мд олгож, уг олговроос зохих суутгалыг хийж, нийгмийн болон даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.

          8. Дээрх шүүхийн шийдвэрүүдийг биелүүлж, А.Мийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нийт 40,762,481 төгрөгийн мөнгөн хөрөнгийг зарцуулжээ.  Үүнд:

          8.1. Хууль зүй,  дотоод хэргийн сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Хөрөнгө хуваарилах тухай А/89 дүгээр тушаалын 1 дэх хэсэгт Төрийн байгууллага, ажилтны буруутай үйл ажиллагаанаас үүссэн хохирлын нөхөн төлбөрийн 12,682,051 төгрөгийг хавсралтад дурдсан 26 төлбөр авагчид шүүхийн шийдвэрийн дагуу олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад зөвшөөрч, уг тушаалын хавсралт шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр гаргах гүйцэтгэх баримтын жагсаалтын 20-т  төлбөр төлөгч: Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, төлбөр авагч А-ийн М, төлбөрийн дүн 5,562,856 төгрөг гээд,  Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас уг тушаалыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 000000123 дугаар төлбөрийн хүсэлтээр 5,562,856 төгрөгийг А.Мийн Хаан банк дахь харилцах дансанд бэлэн бусаар шилжүүлсэн;

          8.2. Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 3 дугаар төлбөрийн хүсэлтээр А.Мийн ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэрээр нөхөн олгов гэсэн гүйлгээний утгатайгаар 13,545,462 төгрөгийг Төрийн банк дахь дансанд бэлэн бусаар;  2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 9 дүгээр төлбөрийн хүсэлтээр А.Мийн нийгмийн даатгалын шимтгэл гэсэн гүйлгээний утгатайгаар 1,554,164 төгрөгийг Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Төрийн сан дахь дансанд бэлэн бусаар; 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 15 дугаар төлбөрийн хүсэлтээр А.Мийн нөхөн олговор гэсэн гүйлгээний утгатайгаар 18,101,788 төгрөгийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Төрийн банкны дансанд бэлэн бусаар;  2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 1 дүгээр төлбөрийн хүсэлтээр А.М-ийн 2020 оны 8-р сараас 2021 оны 08-р сар хүртэлх шимтгэлийг нөхөн төлөв гэсэн гүйлгээний утгатайгаар 1,998,211 төгрөгийг Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Төрийн сан дахь дансанд бэлэн бусаар нийт 40,762,481 төгрөгийг нөхөн төлсөн байна.

           Шүүхийн дээрх 3 шийдвэрээр нийт 42,956,287 төгрөгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас гаргуулахаар шийдвэрлэсэн үүнээс адуитаар тогтоогдсон 1,260,000 болон А.Мийн хэрэглэж байсан албаны нөтбүүкний үнэ 933805 төгрөгийг тус тус суутган тооцож үлдсэн 40,762,481 төгрөгийн нөхөн төлбөр олгосон  байгаа нь хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Мийг ажлаас халсан захиргааны байгууллагын шийдвэр хууль зүйн үндэслэлтэй эсэх мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг олгосон шүүхийн хүчин төгөлдөр  шийдвэр байгаа тул энэ талаар шүүх дахин нотлохгүй.

         10. Харин захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх, уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх, гэм буруутай албан тушаалтан гэдэгт хэн хэрхэн хамаарах, захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс 40,762,481 төгрөгний хохирол учирсан зэрэг нөхцөл байдалд дүгнэлт өгөх шаардлагатай байна.

          11. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 32.1-т  “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ”, мөн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006  оны/ хуулийн 22 дугаар зүйлийн  22.1.6-т “Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх”, 22.1.7-т “Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан, өдөр тутмын үйл ажиллагааг удирдах” гэж заасан.

         12. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд А.Мийг ажлаас халсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг заавал биелүүлэх үүрэг  Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчид үүссэн, гэвч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчид нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй улмаас А.М нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжилж, уг нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхээс удаа дараа хангаж, үүний улмаас 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс  2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 40.762,481 төгрөг болтол өссөн байгаа нь хууль бус шийдвэр, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн төр учирсан хохирол юм.

           13. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-т “нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага” гэж зааснаар нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно.

           Захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролтой холбоотой маргааны тухайд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 болон 3 дугаар зүйлийн 3.1.3-т хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэж болохоор заасан. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д "Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ" гэсний дагуу захиргааны байгууллага өөрт учирсан хохирлыг буруутай этгээдээс шаардаж гаргуулахаар байна.

          Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан захиргааны байгууллага, албан тушаалтан бол, түүнчлэн захиргааны байгууллага, албан тушаалтны хувиар үйл ажиллагаа явуулсан этгээд бол нэхэмжлэгч захиргааны байгууллага нь өөрт учирсан хохирлоо гаргуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Тодруулбал, хариуцагчаар татагдсан этгээд өөр ажил, албан тушаалд шилжсэн, ажлаасаа чөлөөлөгдсөн эсэхээс үл хамаарч захиргааны байгууллага, албан тушаалтны хувиар явуулсан үйл ажиллагаа, гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцагч захиргааны байгууллага болно.

         14.Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006  оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “9.2.Энэ хуулийн 9.1.1-9.1.3-т заасан Хурлын хуралдааны чөлөө цагт бүрэн эрхийг нь тэдгээрийн Тэргүүлэгчид хэрэгжүүлнэ”, 9.8-т “Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа тухайн Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болно”, 20 дугаар зүйлийн 20.1.1-т “Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх”, 23 дугаар зүйлийн 23.1-т “Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 25 дугаар зүйлийн 25.1-т “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн ... олонхийн саналаар тус тус батална”, хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Хурал, Засаг дарга гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл, хариуцлагыг бүрэн хүлээнэ” гэж заасан.

          15. Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаар хурлын тэмдэглэлд: “хуралдаанд Л.Б, М.З, Я.Э, С.Х, Ж.Г, Ш.Н, А.П, М.Д, Ж.А, Д.Н хүрэлцэн ирж ирц 90.9 хувьтай байв ...нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Мыг албан ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлаар санал хураахад 5 Тэргүүлэгч чөлөөлөхийг дэмжиж, 5 тэргүүлэгч чөлөөлөхгүй гэсэн саналтай байв. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хугацаанд мөрдөх дэгт заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын санал өгсөн талд шийдвэрлэснээр А.М даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр тогтов ...нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Мийг ажлаас нь халах тухай тогтоолыг Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар батлав” гэсэн байна.

          16. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн үйл ажиллагаа зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд хурлын шийдвэр нь хамтын шийдвэр юм. Хамтын шийдвэр гэдэг нь тухайн асуудалд шууд хамааралтай хэд хэдэн этгээд (2 ба түүнээс дээш тооны) тэгш эрхтэйгээр оролцож гаргасан шийдвэр юм. Тэгш эрхтэйгээр оролцохын зэрэгцээ шийдвэр гаргагч этгээдүүд бүгд уг шийдвэрийн хариуцлагыг хамтаараа хүлээдэг нь хамтын шийдвэрийн нэг онцлог юм.

           17. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь хамтын шийдвэр гаргадаг этгээд болохынхоо хувьд хуралдах нь түүний шийдвэрээ гаргах үндсэн арга бөгөөд нийт төлөөлөгчдийн олонх нь хуралдаанд оролцсоноор хүчин төгөлдөр болж шийдвэрээ гаргадаг. Нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрийг хэн нэгэн этгээд, түүний дотор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч дангаараа шийдвэр гаргах боломжгүй бөгөөд Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр нь Хурлын шийдвэрийн нэгэн төрөл юм. Хурлын Тэргүүлэгчид нь тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт нутгийн өөрөө удирдах байгууллагын үүргийг гүйцэтгэх бөгөөд гаргасан шийдвэр нь Хурлын шийдвэрийн нэгэн адил хүчин төгөлдөр хэрэгжинэ. Тэргүүлэгчид хуулиар олгогдсон өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргахын зэрэгцээ гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл, хариуцлагыг бүрэн хүлээнэ.

          18. Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хуралдаж, хамтын шийдвэр гаргадаг, ингэж хамтын зарчмаар хуралдаанаар шийдвэрлэж саналаа нууцаар болон илээр өгсөн, дэмжсэн эсхүл эсрэг санал өгсөн эсэхээс үл хамаарч, гаргасан шийдвэрийнхээ хариуцлагын хамт хүлээхээр байх тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирлыг нэр бүхий Тэргүүлэгчид хамтарч хариуцахаар байна.

          19. Гэхдээ Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа тухайн Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болохоор хуульд заасны дагуу Л.Б, М.З, Я.Э, С.Х, Ж.Г, Ш.Н, А.П, М.Д, Ж.А, Д.Н нар өөрийн бүрэн эрхийн хугацаанд гаргасан хууль бус шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээнэ.

          20. Хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримт болох Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон нэр бүхий 41 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч, 05 дугаар тогтоолоор 11 төлөөлөгчийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд сонгосон байна.

         21. Тодруулбал, 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдрөөс Л.Б, М.З, Я.Э, С.Х, Ж.Г, Ш.Н, А.П, М.Д, Ж.А, Д.Н нарын хуралдаанд оролцох олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэх, шийдвэр гаргах хуулиар олгогдсон Тэргүүлэгчдийн бүрэн эрх дуусгавар болох бөгөөд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэх, А.Мийг ажилд нь эгүүлэн томилох нь дараагийн сонгогдсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийн бүрэн эрхийн асуудал болж байна.

         22. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д "Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй", 101 дүгээр зүйлийн 101.2-т "Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна", 103 дугаар зүйлийн 103.1-д "Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ" гэж зааснаар захиргааны байгууллага өөрт учирсан хохирлыг буруутай этгээдээс шаардаж гаргуулахаар байна.

          23. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”, 50.2 дахь хэсэгт “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасан.

          24. Иймд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлийг шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Л.Б, М.З, Я.Э, С.Х, Ж.Г, Ш.Н, А.П, М.Д, Ж.А, Д.Н нарын бүрэн эрхийн хугацаанд хариуцах төрд учруулсан хохирол 28,409,310 төгрөгийг тэнцүү хэлбэртэй хувааж хүн тус бүрээр нөхөн төлүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,353,171 төгрөгийг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          25. Тухайн мөнгөн дүнг тодорхойлохдоо Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 133/ШШ2021/00342 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт А.Мийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтод тусгагдсан 2018 оны 10, 11, 12 дугаар сарын цалин хөлсөөр тооцоход нэг сарын дундаж цалин хөлс нь 1,409,472+1,280,558+1,616,892=4,306,922:3=1,435,640.66 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 1,435,640:21,5= 66,773.98 төгрөг байна.

          А.Мийн ажилгүй байсан 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал хугацаанаас Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлд заасан нийтээр амрах баярын өдөр, мөн хуулийн 77 дугаар зүйлд заасан долоо хоног бүрийн амралтын өдөр, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасан ээлжит сонгуулийн санал авах өдөр, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасан орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасан “Ээлжит сонгуулийн санал авах өдөр”-ийг тус тус хасаж тооцоход 2020 онд ажлын 166 өдөр, 2021 онд ажлын 149 өдөр нийт 315 өдөр байна гэжээ.

          26.  Үүнээс А.Мийн ажилгүй байсан 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацааг тооцон үзэхэд ажлын 130 өдөр гэж тооцон 2020 оны 166-130=36 ажлын өдөр, 2021 оны 149+36=185 нийт ажлын өдөр гэж үзэхэд, 185*66773=12,353,171 төгрөг, нийт 40,762,481-12,353,171=28.409,310 төгрөг байна.

         27.  Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба нь Хурлын өдөр тутмын үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлж, хэвийн явагдах нөхцөлийг хангах үүрэг бүхий Хурлын бүтцийн байнгын нэгж болохын хувьд Тэргүүлэгчдийн Хуралд асуудал оруулж шийдвэрлүүлэх эрх бүхий субьект биш байна.

         28. Мөн хариуцагч М.З “...бид хэдийн бүрэн эрх бол аймгийн иргэдийн  хурлын бүрэн эрхээс сарын өмнө бид 10-ын тэргүүлэгчийн бүрэн эрх дууссан. Д.Д, Л.Б 2-ын дунд дахиад 10 тэргүүлэгч нэг хурлын дарга байгаа ... А.М сонгуульд нэр дэвшихээсээ сарын өмнө бид 10 тэргүүлэгч чөлөөлөгдсөн. Аймгийн иргэдийн хурлын тогтоолоор тэгээд Д.А даргатай шинэ 10 тэргүүлэгч гарч ирсэн тэргүүлэгчтэй, хурлын даргатай 11 хүнд А.Мийг ажилд авах сарын хугацаа байсан...” гэсэн тайлбар, хариуцагч М.Д “...сарын өмнө чөлөөлөгдсөн байсан, чөлөөлөгддөггүй байсан нь ганц би байгаа. Эргээд орсон. Тэгсэн мөртөө тэр өрөөнд сонгогдсон дарга нь ч орж чадаагүй. Тэр тэргүүлэгч нь ч хуралдаж чадаагүй. Тэгээд сонгууль болоод шинэ төлөөлөгч нар орж ирээд бүрэн эрхтэй гээд явчихсан. Тэр 1 сарын хугацаанд Д.А тэр хурлынхаа даргын өрөөнд ороогүй...” гэсэн тайлбараас үзэхэд орон нутгийн сонгууль болохоос 1 сарын өмнө шинээр сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчид нь хуралдаж чадаагүй, хурлын дарга нь ажлаа аваагүй зэрэг нөхцөл байдлаас тухайн хурлын дарга, тэргүүлэгчид нь эрх зүйн үр дагавар үүсгэсэн гэж үзэхгүй тул хариуцагч болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.7, 106.3.13 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Л.Б, М.З, Я.Э, С.Х, Ж.Г, Ш.Н, А.П, М.Д, Ж.А, Д.Н нараас төрд учруулсан хохирол 28,409,310 /хорин найман сая дөрвөн зуун есөн мянга гурван зуун арван/ төгрөгийг нөхөн төлүүлж, төрийн сангийн дансанд төвлөрүүлэх, нэхэмжлэгч Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,353,171 /арван хоёр сая гурван зуун тавин гурван мянга нэг зуун далан нэгэн/  төгрөгийг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Хариуцагч Л.Б, М.З, Я.Э, С.Х, Ж.Г, Ш.Н, А.П, М.Д, Ж.А, Д.Н хүн тус бүрээс 2,840,931 төгрөг буюу нийт 28,409,310 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн 100900021501 дансанд нөхөн төлүүлснээр шүүхийн шийдвэр бүрэн хэрэгжихээр байгааг дурдсугай. 

          3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг баримтлан Монгол Улсын Төрийн албаны зөвлөл нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

          4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

          5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Э.ЗОЛБАДРАХ