Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 0631

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Цэнд-Очир улсын яллагч Ч.Батбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Отгончимэг, хохирогч С.Ч, шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан гэмт хэрэгт Монгол овогт Ц Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806028240629  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 26-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Монгол овогт Ц Б, 19  оны  дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй,  дээд   боловсролтой,  программист мэргэжилтэй,  жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо дугаар гудамжны  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: У,

       

Холбогдсон хэргийн талаар:

         Ц.Б нь 2018 оны 3 дугаар сарын 26-нй өдөр 16.00 цагийн үед Баянзүрх дүүргийн  дугаар хороо  дугаар гудамжны  тоотод буюу гэртээ өөрийн 4 настай бага насны Б.Н эгч рүүгээ юм авч шидлээ, уйллаа гэсэн шалтгаар түүний зүүн гуянд гараараа цохиж  эрүүл мэндэд нь зүүн гуяны чөмөгний дунд 1/3-н хөндлөн зөрүүтэй хугарал” бүхий хүндэвтэр  хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч   Ц.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:    2018.03.26- ны өдөр 16.00 цагийн үед эхнэр 3 хүүхдийн хамт гэртээ байсан. Тэгээд хажуу айл руу орж  утлагын аппарат авчихаад буцаад гэртээ  орж ирсэн. Манай хүү эгч рүүгээ юм авч шидэж, өөрийнхөө нүүрээ маажсан байсан. Тэгэхээр нь би уурлаж зүүн гараараа дунд чөмөг орчимд нь нэг удаа алгадсан. Гэтэл удалгүй хөл нь хавдаад эхэлсэн. Би айгаад шууд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Гэтэл дунд чөмөгний хугаралтай гэж хэлсэн. Эмнэлэгт 14 хоног хэвтэж, би хүүгээ өөрөө сахисан. Манай хүүгийн хөл гайгүй  болж байгаа гэв.

      Хохирогч С.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2018.03.26-ны өдөр бид хэд гэртээ байсан. Манай нөхөр хөрш айлаас утлагын аппарат авах гээд гарсан. Гэтэл хүү аавыгаа орж ирэхэд эгчийнхээ өөдөөс юм авч шидээд, өөрийнхөө нүүрийг маажсан гээд байж байсан.  Тэгтэл манай нөхөр  хүүгийнхээ гуяны орчимд зүүн гараараа нэг удаа цохисон чинь хөлийг нь хугалчихсан байсан. Миний хувьд гомдол санал байхгүй. Манай нөхөр урд нь хүүгээ зодож байгаагүй. Бид хоёр 3 хүүхэдтэй, том охин 8 настай, бага 3 хүрэх гэж байгаа. дунд хүү 4 настай  гэв.

      Шүүгдэгч   Ц.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 16.00 цагийн орчимд би гэртээ эхнэр хүүхдийнхээ хамт байж байтал манай дунд хүү Б.Н /3 настай/ эгч Б.Н /эмэгтэй 8 настай/ хичээл номыг юу ч үгүй тараагаад хаячихсан уурлачихсан сууж байхаар нь би яасан юм гэтэл чамайг дагаж уйлаад тэгээд эгчийнхээ хамаг юмыг тараагаад хаячихлаа гэсэн. Тэгэхээр нь би хүүгийнхээ зүүн гуя руу зөөлхөн нэг удаа алгадсан. Тэгээд утлагын аппаратаар хүүгээ утах гээд өвөр дээрээ  суулгатал хүүгийн алгадсан хөл нь хавдсан байхаар нь сандраад гэмтлийн эмнэлэг ортол хүүгийн дунд чөмөг нь хугарсан байсан. Би хүүгээ чанга цохиогүй зөөлхөн эгчийхээ юмыг сүйтгээд гээд л цохисон юм бодвол хий таарсан юм байлгүй гэжээ. /хх-ийн 10/                

          Хохирогч С.Ч  мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 16.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн  дугаар хороо Жанжны  тоот гэртээ нөхөр Ц.Б, том охин Б.Н, дунд хүү Б.Нр, бага хүү Б.М нарын хамт байсан. Тухайн үед нөхөр бид хоёр хөрш айл руугаа орчихоод эргээд гэртээ ороод иртэл манай дунд хүү Н эгчрүүгээ юм шидчихсэн уйлаад өөрийнхөө нүүр амыг самардчихсан байж байсан. Яасан юм гэхэд зөрүүдлээд чанга чанга дуугараад уйлаад байсан. Гэтэл нөхөр маань яагаад худлаа уйлаад байгаа юм, яагаад эгч рүүгээ юм шидэж байгаа юм гээд зүүн хөлийн гуя руу нь нэг удаа алгадсан. Тэгээд дуугүй болж байснаа дахиад уйлсан ба зүүн хөл нь хавдаад эхэлсэн. Тэгэхээр нь сандраад гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлтэл хөл нь хугарсан байсан. Манай нөхөр архи дарс уудаггүй юм. Тухайн өдөр ч мөн эрүүл байсан. Манай нөхөр гэр бүлийн хүчирхийлэл үйлддэггүй юм. Гай нь таараад ийм зүйл болчихсон байх. Бид хоёр гэр бүл болоод 5 жил болж байна. Би гэртээ 3 хүүхдээ хараад байдаг. Манай нөхөр л ажил хийж бид нарыг тэжээдэг юм гэжээ.  /хх-н 4-6/            

          Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  мөрдөгчийн тогтоол /хх-н 11/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 4213 тоотын дүгнэлт:

1.Б.Н биед зүүн дунд чөмөгний дунд 1/3-ийн хөндлөн зөрөөтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.  /хх-н 12/

         Шинжээчийн дүгнэлт танилцуулсан  тэмдэглэл /хх-н 13-14/

         Ц.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 27-28/

          Ц.Б эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 23-26/

    Ц.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 20/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 16/, оршин суугаа газрын тодорхойлолт  /хх-н 21/,  Ц.Бн хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 32-33/ Б.Наранбаатарын төрсөний гэрчилгээний хуулбар /хх-н 22/ зэрэг болно.          

          Ц.Б нь 2018 оны 3 дугаар сарын 26-нй өдөр 16.00 цагийн үед Баянзүрх дүүргийн  дугаар хороо Жанжины  дугаар гудамжны  тоотод буюу гэртээ өөрийн 4 настай бага насны Б.Н эгч рүүгээ юм авч шидлээ, уйллаа гэсэн шалтгаанаар түүний зүүн гуянд гараараа нэг удаа цохиж  эрүүл мэндэд нь зүүн гуяны чөмөгний дунд 1/3-н хөндлөн зөрүүтэй хугарал” бүхий хүндэвтэр  хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :

          Б.Н биед зүүн дунд чөмөгний дунд 1/3-ийн хөндлөн зөрөөтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн          хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний  4213 тоотын дүгнэлт:  /хх-н 12/

          Хохирогч С.Ч   мөрдөн  шалгах ажиллагааны үед өгсөн … гэртээ ороод иртэл манай дунд хүү Н эгчрүүгээ юм шидчихсэн уйлаад өөрийнхөө нүүр амыг самардчихсан байж байсан. Яасан юм гэхэд зөрүүдлээд чанга чанга дуугараад уйлаад байсан. Гэтэл нөхөр маань яагаад худлаа уйлаад байгаа юм, яагаад эгч рүүгээ юм шидэж байгаа юм гээд зүүн хөлийн гуя руу нь нэг удаа алгадсан. Тэгээд дуугүй болж байснаа дахиад уйлсан ба зүүн хөл нь хавдаад эхэлсэн. Тэгэхээр нь сандраад гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлтэл хөл нь хугарсан байсан гэсэн мэдүүлэг /хх-н 4-6/           

   Шүүгдэгч   Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … манай дунд хүү Б.Н /3 настай/ эгч Б.Н /эмэгтэй 8 настай/ хичээл номыг юу ч үгүй тараагаад хаячихсан уурлачихсан сууж байхаар нь би яасан юм гэтэл чамайг дагаж уйлаад тэгээд эгчийнхээ хамаг юмыг тараагаад хаячихлаа гэсэн. Тэгэхээр нь би хүүгийнхээ зүүн гуя руу зөөлхөн нэг удаа алгадсан. Тэгээд утлагын аппаратаар хүүгээ утах гээд өвөр дээрээ  суулгатал хүүгийн алгадсан хөл нь хавдсан байхаар нь сандраад гэмтлийн эмнэлэг ортол хүүгийн дунд чөмөг нь хугарсан байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 10/  зэрэг болно. 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

   Ц.Б нь өөрийн бага насны буюу 4 настай хүү Б.Наранбаатарыг яагаад худлаа уйлаад байгаа юм, яагаад эгч рүүгээ юм шидэж байгаа юм гээд зүүн хөлийн гуя руу нь нэг удаа алгадсанаас зүүн дунд чөмөгний дунд 1/3-ийн хөндлөн зөрөөтэй далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтогдсон.

     Ц.Б дээрх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар учруулсан гэж үзэж зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.

    Ц.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Ц.Б нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

        Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, өөрийн хүүгээ эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд нь хамт хэвтэн асарч байсан, одоо хүүхдийн биеийн байдал сайн байгаа, ганцаараа ажил хийж эхнэр хүүхдээ тэжээн тэтгэдэг  зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр  нэг жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.

       Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар                   Ц.Б зан үйлээ засах үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

       Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. М овогт Ц Б  хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай  учруулсан  гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн   10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д    зааснаар Ц.Б 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 3.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар                   Ц.Б зан үйлээ засах үүрэг хүлээлгэсүгэй.

4. Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Ц.Б авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН