Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/633

 

 

 

 

  

 

    2024           05             30                                      2024/ДШМ/633                                                                                              

 Т.Дд холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Шинэбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Бат-Эрдэнэ,

яллагдагч Т.Дын өмгөөлөгч Э.А,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Оын өмгөөлөгч Б.М,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЗ/801 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Бат-Эрдэнийн бичсэн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 22 дугаар эсэргүүцлийг үндэслэн Т.Дд холбогдох эрүүгийн 2008028241632 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Са овгийн  Т.Д, 1976 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ....................../;

            Яллагдагч Т.Д нь Ц.Отай бүлэглэн 2011 оны 7 дугаар сарын сүүл 8 дугаар сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 2 дугаар гудамжны 338 тоотын гадна хамтран амьдрагч Н.Эийг зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Т.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах болон шүүхээр хянан шийдвэрлэх явцад гарах шийдвэрүүд, түүний дотор яллагдагч тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоох ажиллагаа нь зөвхөн нотлох баримтад үндэслэсэн байх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн/...”, мөн хэсгийн 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад заавал нотлохоор хуульчилсан. Гэтэл эрүүгийн 2008 0282 41632 дугаартай хэргийн нотолбол зохих байдал буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийг хэзээ, хэн яаж үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас ямар хохирол, хор уршиг учирсан талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар нотлоогүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.” гэж тодорхойлсон байхад тухайн хэрэгт оролцоотой байж болзошгүй гэрч Ц.Оын мэдүүлгийг нотлох баримтын эх сурвалж болгон яллагдагчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй. Нөгөө талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3 дахь заалтад “яллагдагч... хэргээ хүлээсэн мэдүүлэг” яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй бөгөөд яллагдагч Т.Дын мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй байхад түүнийг хүнд гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго болох хэргийг бүрэн дүүрэн илрүүлэхтэй нийцэхгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт”-ыг яллах дүгнэлтэд заавал тусгана гэж заасан. Гэтэл яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан газрыг “Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 2 дугаар гудамжны 33 тоотын гадна” гэж дурдсан нь гэрч Л.Болорбаатарын мэдүүлэг, яллагдагч Т.Дын мэдүүлэгт “Түмэндэмбэрэлийн хаяг Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Орбитын 70-21 тоот” гэж мэдүүлсэнтэй эрс зөрүүтэй байгаагаас гэмт хэрэг үйлдсэн газрыг зөв тогтоогоогүй гэж дүгнэхээр байна. Дээрх нөхцөл байдлуудаас хамаарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар уг хэргийг анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна. Иймд шалгаж тогтоовол зохих асуудлуудыг “зөв, бүрэн” тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцэх бөгөөд дээрх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх бол хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ” гэсэн үндэслэлд хамаарна гэж үзээд яллагдагч Т.Дд холбогдох хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Т.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор Ж.Бат-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст иргэн Б.А-ас “манай ээж Ноостын Н.Э гэрээсээ гараад 7 жил болж байна олж өгнө үү” гэх гэмт хэргийн талаарх гомдлыг гаргасан. Дээрх гомдолд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулахад, Т.Д нь Ц.Отай бүлэглэн 2011 оны 7 дугаар сарын сүүл 8 дугаар сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 2 дугаар гудамжны 338 тоотын гадна хамтран амьдрагч Н.Эийг зодож алсан болох нь хэрэгт авагдсан 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 32-36/, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Цогцсыг оршуулсан газраас гарган үзлэг хийсэн тэмдэглэл” /хх 39/, хохирогч Э.О /хх 44-45/, гэрч Б.А  /хх 49-50/, гэрч Ц.О /хх 55-56/, гэрч Т.А  /хх 191-194/, гэрч Б.Н.Э /хх 189/, гэрч Х.А  /хх 196/, гэрч Ц. хх 2-63/, сэжигтэн Т.Д /хх 167-169/ нарын мэдүүлгүүд болон бусад бичгийн баримтууд цугларсан. Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар, Э.О, Т.Д нар Эийг алсан, уг хэргийг Т.Дын төрсөн эцэг Т мэдээд Н.Эийг Нарангийн гол гэх газар машинаараа авч очоод, Э.О, Т.Д нар булсан болох нь тогтоогдсон. Гэвч гэмт хэрэг гарсан цаг хугацааны хувьд хэргийн оролцогч нар 2010, 2011, 2013 он гэх мэтээр зөрүүтэй мэдүүлдэг боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Оын мэдүүлэг 2011 оны 7 дугаар сарын 13, 14-ны хавьцаа уулзсанаас хойш уулзаагүй гэх мэдүүлэг, мөн Т.Дыг уг гэмт хэрэг гарснаар хойш яг 1 жилийн дараа аав нас барсан, Г.Т 2012 оны 07 дугаар сарын 15-ны өдөр нас барсан гэх лавлагаа зэргийг үндэслэн гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2011 оны 07 дугаар сарын сүүл 8 сарын эхээр гэж тогтоосон. Мөн дээрх хэрэгт цогцсыг эрэн сурвалжлах чиглэлээр болон амь хохирогч амьд байхгүй гэдгийг тогтоолгох хангалттай мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч цогцос олдоогүй. Тухайлбал, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг хэд хэдэн удаа хийсэн, Э.О амьд сэрүүн байхдаа гэрчээр өгсөн мэдүүлэг мөн түүний мэдүүлгийг газар дээр нь шалгахад оролцсон тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргэгдсэн 2010 оноос 2017 оны хооронд олдсон гэх эзэнгүй цогцоснуудыг бүртгэл түүнээс амь хохирогч Н.Эийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, амь хохирогчийн арилжааны банканд данс эзэмшиж түүнд гүйлгээ хийгдсэн эсэх гэх мэт. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт "... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно.” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж, мөн хуулийн 1.5 дахь зүйлийн 3 дахь хэсэгт “.... шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж, гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээд гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ. Хуулийн дээрх зохицуулалтаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх шийдвэрлэхээр байна. Гэтэл эрдэнэт хүний амь насыг хохироосон гэх хэрэгт цогцос олдоогүй боловч яллагдагч Т.Дыг бусадтай бүлэглэн хүнийг алсан гэх хэргийг прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “... хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” зорилгод нийцэхгүй байна. Түүнчлэн прокуророос яллагдагч Т.Дын хэргийг зөвхөн ганц түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгийн хүрээнд нотлоогүй бөгөөд гэмт хэргийг хамтран үйлдсэн гэх Э.Одбаярын амьд сэрүүн цагтаа гэрчээр өгсөн мэдүүлэг, түүний мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанд оролцсон тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О, гэрч Т.А-ын нарын мэдүүлгүүдээр нотолсон болно. Мөн шүүгчийн захирамжид гэмт хэрэг гарсан газар байршлыг прокурорын яллах дүгнэлтэд “Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 2 дугаар гудамжны 33 тоот” гэж буруу тоггоосон гэжээ. Хэрэгт яллагдагч Т.Дын төрсөн эцэг Г.Т-н иргэний бүртгэлийн лавлагааг авахад Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 2 дугаар гудамжны 338 тоот болох нь хэрэгт авагдсан бөгөөд прокурорын яллах дүгнэлт уг хаягаар бичсэн харин шүүгчийн захирамж дээр 33 тоот гэж алдаатай бичсэн байна. Одоо уг хаягт өөрчлөлт орж Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо болж өөрчлөгдсөн. Иймээс шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлийг хүлээн авах боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 801 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. …” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Оын өмгөөлөгч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Энэ хэрэг болсноос хойш 13 жил өнгөрсөн тул амь хохирогчийн гэр бүлийн зүгээс хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа. Цогцос олдоогүй нөхцөл байдлын улмаас 13 жил хүлээсэн. Тухайн үед амь хохирогчийн хүүхдүүд нь насанд хүрээгүй байсан. Амь хохирогчийг нас барсан гэдгийг хууль ёсоор тогтоогоогүй тул хүүхдүүд нь халамж авч чадаагүй. Энэ хэрэгт холбоотой хүмүүс нас барсан бөгөөд Т.Д хэргээ хүлээсэн. Хамт гэмт хэрэг үйлдсэн Ц.О амьд байхдаа энэ талаараа мэдүүлсэн. Иймд хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхэд шаардлагатай нотолбол зохих ажиллагаа хийгдсэн гэж үзэж байна. Буяны ажил хийгдээгүй тул оршуулгын зардал гараагүй. Шүүхийн шатанд 60 хоногийн завсарлага авбал хохирогчийн зүгээс буяны ажлыг нөхөж хийх боломжтой. Иймд прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

Яллагдагч Т.Даваадоржийн өмгөөлөгч Э.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Яллагдагч Т.Д цагдан хоригдож байгаа бөгөөд хэргээ хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа. Прокурор мөрдөн шалгах ажиллагааны явцад боломжит бүх арга хэмжээг авсан гэж үзэж байна. Хэргийг прокурорт буцааснаар ямар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх нь тодорхойгүй байна. Иймд прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Т.Дд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээд явагдана.” гэж зааснаар анхан шатны шүүх прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийг хэзээ, хэн яаж үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас ямар хохирол, хор уршиг учирсан, хэрэгт оролцоотой байж болзошгүй гэрч Ц.Оын мэдүүлгийг нотлох баримтын эх сурвалж болгосон, “яллагдагч... хэргээ хүлээсэн мэдүүлэг” яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй, гэмт хэрэг гарсан газрыг “Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 2 дугаар гудамжны 33 тоотын гадна” гэж дурдсан нь гэрч Л.Б-ын мэдүүлэг, яллагдагч Т.Дын мэдүүлэгт “Т-ийн хаяг Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Орбитын 70-21 тоот” гэж мэдүүлсэнтэй эрс зөрүүтэй зэрэг үндэслэлүүдийг зааж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байх ба заавал дээрх ажиллагааг нэмж хийлгэх шаардлагагүй, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.”,

2 дахь хэсэгт “Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа, энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, эрх бүхий байгууллагын цахим мэдээллийн сангаас цахим гарын үсгээр баталгаажуулж авсан лавлагаа, тодорхойлолт, ул мөрөөс авсан хэв, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно.” гэж тус тус хуульчилсан.

 Энэ хэрэгт оролцоотой байж болзошгүй гэрч Ц.О, яллагдагч Т.Д нарын мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, агуулгын хувьд ижил байх ба хэн аль нь мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар амь хохирогч Н.Эийн цогцсыг олохоор эрэл хайгуул хийсэн боловч цогцос олдоогүй нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл болохгүй.

Түүнчлэн гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг тухайн үеийн хаягжилтаар Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 2 дугаар гудамжны 338 тоотын гадна гэж яллагдагч Т.Дын төрсөн эцэг Г.Т-ийн иргэний бүртгэлийн лавлагааг үндэслэн тогтоосныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЗ/801 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Ж.Бат-Эрдэнийн бичсэн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 22 дугаар эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй.

Яллагдагч Т.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЗ/801 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Т.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ   

                                             ШҮҮГЧ                                      Т.ШИНЭБАЯР

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ