| Шүүх | Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Баясгалан |
| Хэргийн индекс | 127/2025/0013/3 |
| Дугаар | 127/ШШ2025/0014 |
| Огноо | 2025-12-10 |
| Маргааны төрөл | Төрийн алба, Бусад, |
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 127/ШШ2025/0014
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 127/2025/0013/3
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Баясгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ............ ,
Хариуцагч: Хэнтий аймгийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: ............ нарын хоорондын
“Хэнтий аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/32 дугаартай “Орон нутаг судлах музейн захирал ............ д сахилгын шийтгэл ногдуулах тухай" захирамжийг хүчингүй болгуулж, Хэнтий аймгийн Орон нутаг судлах музейн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ............ , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............ , хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмарбаатар, гуравдагч этгээд ............., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэнтий аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/32 дугаартай “Орон нутаг судлах музейн захирал ............ д сахилгын шийтгэл ногдуулах тухай" захирамжийг хүчингүй болгуулж, Хэнтий аймгийн Орон нутаг судлах музейн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулах,
2.1 Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/83 дугаартай “............ г ажилд томилох тухай” захирамж гарч, аймгийн Музейн захирлын албан тушаалд ............ г томилсон байна.
2.2 Мөн Хэнтий аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/32 дугаартай захирамжаар, Орон нутаг судлах музейн захирал ............ д сахилгын шийтгэл ногдуулан, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан[1] байна.
2.3 Нэхэмжлэгч ............ нь Хэнтий аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/32 дугаартай захирамжийг эс зөвшөөрч Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хандаж гомдол гаргасан байна. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Л.Золзаяа 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 04/1587 тоот албан бичгээр “...таны гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болохыг мэдэгдье гэж” гомдлын хариуг иргэн ............ д хүргүүлсэн[2] байна.
2.4 Улмаар нэхэмжлэгч ............ нь: Хэнтий аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/32 дугаартай захирамжийг эс зөвшөөрч, тус аймгийн Захиргааны хэргийн шүүхэд 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн.
3. Нэхэмжлэгч ............ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ[3]: “...Н.Н миний бие 1977 оны 9 дүгээр сарын 17-нд Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн. Ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Хэрлэн сумын 3-р багт амьдардаг. Миний бие Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/83 тоот захирамжаар аймгийн Музейн захирлын сул орон тоонд сонгон шалгаруулалтад тэнцэн 9 дэх жилдээ ажиллаж байгаад албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Хэнтий аймгийн Музейн захирлын албан үүргийг хашихдаа Монгол улсын Засгийн газар болоод аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан, өөрийн шинээр санаачлан хийж хэрэгжүүлсэн ажлаа улирал, жил болгон 90% болон түүнээс дээш хувьтай үнэлүүлэн ур чадвар, үр дүнгийн урамшуулал авч, нэг ч удаа сахилгын шийтгэл хүлээж байгаагүй...
Хэнтий аймгийн Музейн 2024 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийх болж 2025.01.23-ны өдөр санхүүгийн тайлан болоод холбогдох баримт бичгийг хугацаанд нь хүлээлгэн өгч аудитын байгууллагаар шалгуулсан. Аудит хийх явцад байгууллагын удирдлагыг дуудаж мэдээлэл авах, тайлбар өгөх боломжоор хангалгүй 2025.02.18-ны өдөр дуудаж “Сөрөг” дүгнэлттэй гарсан талаарх мэдээллийг гэнэт өгсөн. Тухайн үед миний бие болоод байгууллагын нягтлан бодогч Д.Тунгалаг нар тайлбар өгч, уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж гарын үсэг зурж баталгаажуулаагүй бөгөөд 2025.02.20-ны өдрийн 16 тоот албан бичгээр[4] албан ёсны тайлбар хүргүүлсэн.
Дээрх өдрөөс хойш 2025.03.18-ны өдөр Төрийн аудитын газраас намайг дуудан 2025.02.24-ний өдрийн 255 дугаартай “Сөрөг" дүгнэлт бүхий албан бичиг, “Зөрчлийг таслан зогсоох тухай” Хэнтий аймаг дахь Төрийн Аудитын газрын 4 /дөрвөн/ албан шаардлага, мөн Аудитын тайлангийн хамт гардуулан өгсөн. 2025.03.21-ний өдөр Төрийн аудитын газраас Төсвийн шууд захирагч, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийсэн дүнг АЗДТГ болон холбогдох албан тушаалтныг байлцуулан дүнгийн хурал хийж гэмт хэргийн шинжтэй нэг байгууллагыг прокурорын байгууллагад шилжүүлснээ мэдэгдсэн болно.
Үүний дараа аймгийн Засаг дарга ..... удаа дараалан албан өрөөндөө дуудаж өргөдлөө өгөхийг шаардаж, орох болгонд мөнгөн дүнгээ өөрчлөн 20, 50, 60 сая төгрөг намайг идэж уусан байна. Прокурор, АТГ, Шүүх, цагдаагийн байгууллагад өгнө гэх мэтээр сүрдүүлгийн шинжтэйгээр дарамт өгч эхэлсэн бөгөөд хамгийн сүүлд 2024.04.15-ны өдөр НБХ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч .....- аар дахин дуудуулж улс төрийн шахалтыг хүчтэй тавьсан.
Миний бие тэгэхээр нь: Нэгт, манайд орон тоо байхгүй тэгээд ч олон сайхан залуучуудыг төрийн албанд авч бэлдэж сургаж байж би хэнийг нь ч хууль бусаар халж чадахгүй. Хоёрдугаарт, намайг одоогийн байдлаар Прокурор, Цагдаагийн байгууллагаас дуудаж, тайлбар авч, ямар нэгэн мэдэгдсэн зүйл алга, миний бие гэм буруутай үгүй нь албан ёсоор тогтоогдоогүй байгаа, нэрээ цэвэрлэнэ, өргөдлөө болон ажлаа өгөхгүй хэмээн тайлбар өгөөд гарч явсан юм.
Ингээд 2025.05.23-ны өдрийн 11 цагт аймгийн ЗДТГ-ын даргын албан өрөөнд дуудуулан 9/1165 тоот сонсох ажиллагааны мэдэгдлийг[5] надад гардуулж, 2025.05.27-ны дотор хариу тайлбар ирүүлэхийг мэдэгдсэн болно. Миний бие тухайн өдөр буюу 2025.05.23-ны өдрийн 17.00 цагт сонсох ажиллагаанд дурдсан сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа 53 тоот албан бичгээр /тайлбар/ хүргүүлсэн.
Дээр дурдсанаар миний бие өнгөрсөн хугацаанд нэг ч удаа сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, гүйцэтгэлийн төлөвлөгөө үр дүнгээ хангалттай сайн дүгнүүлэн ур чадвар, үр дүнгийн урамшуулал авч байсан.
Гэвч 2025.06.02-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын НБХ-ын даргын албан үүрийг түр орлон гүйцэтгэгч .....- аар ахлуулсан ажлын хэсэг аймгийн Засаг даргын 2025.05.29-ний өдрийн Б/32 тоот захирамжийг танилцуулан ажил хүлээлцүүлсэн.
Миний эрхэлж байсан албан тушаал нь Төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах хэдий ч миний бие сонгон шалгаруулалтад тэнцэж томилогдон жил бүр аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулан ажлаа дүгнүүлдэг болно. Мөн ажилд томилдог болон чөлөөлдөг албан тушаалтан нь аймгийн Засаг дарга буюу нийтийн албан тушаалтан юм.
Хэнтий аймгийн Аудитын газраас, төрийн байгууллагуудын 2024 оны санхүүгийн гүйцэтгэлийн аудитад хийсэн дүгнэлт, тайланг 2025.03.21-нд хүлээн авч танилцаад, Хэнтий аймгийн Засаг дарга “Сахилгын шийтгэл хүлээлгэх” 2025.05.29-ний өдрийн Б/32 тоот захирамж гаргаж намайг ажлаас халж буй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасныг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Иймд Хэнтий аймгийн Засаг даргын “Сахилгын шийтгэл хүлээлгэх” 2025.05.29-ний өдрийн Б/32 тоот захирамжийг хүчингүй болгож, ............ намайг Хэнтий аймгийн Музейн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байх хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг олгуулж өгнө үү...” гэжээ
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэхэмжлэгч .....- гийн хувьд 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Орон нутаг судлах Музейн удирдах ажилтны сонгон шалгаруулалтад оролцож тэнцээд, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тасралтгүй 9 жил ажилласан байдаг. Энэ хугацаандаа аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээ хангалттай биелүүлж ирсэн. Сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Хэнтий аймгийн Музейн 2024 оны Санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд Хэнтий аймгийн Аудитын газраас 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хяналт шалгалт явуулсан байдаг. Энэ шалгалтын хүрээнд Хэнтий аймгийн Аудитын газраас “Сөрөг” дүгнэлт гаргаад, уг дүгнэлтээ 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад танилцуулсны дараа, Хэнтий аймгийн Засаг дарга .....- г дуудаж 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг түүнд гардуулж, нэхэмжлэгч .....- хүлээж аваад тухайн өдөр хариу тайлбараа өгсөн гэдэг. Гэвч энэ сонсох ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийг зөрчсөн байдаг. Сонсох ажиллагаа явуулах гэж байна гэсэн мэдэгдэл ирээд үүнийх нь дагуу нэхэмжлэгч тайлбар өгсөн. Үүнтэй холбоотойгоор бусад нотлох үйл баримт явагдаагүй. Хэзээ, яаж уулзах талаар ч мэдэгдэл өгөлгүйгээр аймгийн Засаг дарга 2025 оны 5 дугаар сарын 29-ны өдөр Б/32 дугаартай захирамжаар ажлаас халсан талаарх танилцуулга хийгээд ажлаас нь чөлөөлсөн байгаа. Бидний зүгээс аймгийн Засаг даргын захирамжийг дараах үндэслэлээр хүчингүй гэж үзэж байгаа юм.
.....- гийн ажиллаж байгаа эрх зүйн орчны хувьд төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал зэрэглэлд хамаарна. Мөн Засгийн газрын 2019 оны тогтоолоор тухайн аймгийн музейн эрхлэгч нь төрийн захиргааны албаны туслах түшмэлийн зэрэг дэвтэй адилтгасан ийм тогтоол байдаг. Ингээд үзвэл энэ хүний хувьд төрийн албаны туслах түшмэлийн ангилалд хамаарч үр дүнгийн гэрээ байгуулаад явж байгаа учраас энэ нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан гэж үзээд тус шүүхэд гомдол гаргасан. Мөн төсвийн зохицуулалтын хувьд ч гэсэн Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн үйлчилгээний албан тушаалтны Хөдөлмөрийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтаар хэрэгжинэ. Аймгийн Засаг дарга сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийг барьж шийдвэрлэсэн. Энэ хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт аливаа сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж ажил олгогчид үүрэг болгоод хуульчилсан байгаа. Энэ хугацаанд сахилгын зөрчлийг тогтоох бүх ажиллагаа хийгдэх ёстой. Хариуцагч тал маргаан бүхий захирамжийг гаргах болсон үндэслэл нь 2020, 2021, 2022, 2023, 2024 онуудад хийсэн Аудитын байгууллагын дүгнэлтийг үндэслээд шийдсэн гэж байна. Орон нутаг судлах музей нь 2020 онд аудитын “Хязгаарлалттай дүгнэлт” авсан, 2022, 2023 онд “Хязгаарлалттай дүгнэлт” авч, албан шаардлага, “Төлбөр барагдуулах тухай” акт тавигдсан. Гэтэл энэ хугацааг бодоход 4 жил өнгөрсөн байна. 2021, 2022, 2023 он гэхэд нэг нэг жилээр хасагдаад явдаг. Тэгэхээр Засаг даргын захирамжийн дээрх үндэслэл хууль зүйн үндэслэлгүй болох нь эндээс харагдаж байгаа юм.
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийсэн гэж байгаа. Тэгвэл захиргааны байгууллагад бүх ажиллагааны материалууд байх ёстой. Тэгтэл 2020, 2021, 2022, 2023 онд .....- д ямар нэгэн байдлаар сахилгын шийтгэл оногдуулж байсан тохиолдол байхгүй. Хөдөлмөрийн тухай хуульд сахилгын шийтгэлтэй хүнд үр дүнгийн урамшуулал олгох хориотой байдаг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар сахилгын шийтгэлийн асуудал байхгүй байна. Хуульд зааснаар сахилгын шийтгэлтэй байх хугацаа 1 жил байдаг. Нэг жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд тухайн хүнийг сахилгын шийтгэлгүйд тооцдог. 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ажлаас халж байгаа энэ тайлбарыг ойлгоход, удаа дараа аудит болон сахилгын зөрчил гаргаж байсан учраас энэ хүнийг ажлаас халж байна гэх гээд байх шиг байгаа юм. Тэгтэл 2022 онд авч байсан сахилгын зөрчил 2023 онд сахилгын зөрчилгүйд тооцогддог талаар Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд зохицуулсан байдаг. Ингээд үзвэл удаа дараа ямар нэгэн байдлаар сахилгын зөрчилтэй байх хугацаанд давтан зөрчил гаргасан гэдэг зүйл байхгүй. Мөн Хэнтий аймгийн Засаг даргын захирамж дээр удаа дараа сахилгын зөрчил гаргасан гэсэн ийм томьёолол буюу тухайн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн хууль зүйн үндэслэлийг дурдаагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч захирамжийн хууль зүйн үндэслэлээ гаргахдаа удаа дараа, 4-5 жилийн хугацаанд сахилгын зөрчил гаргаад байсан учраас ажлаас халсан гэдэг. Энэ үндэслэл нь өөрөө Хэнтий аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн захирамжийн үндэслэл дотор байхгүй байна. Сонсох ажиллагааны хувьд хэлбэрийн төдий хийсэн гэж үзэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд, сонсох ажиллагаа болон нотлох баримт гаргах энэ процесс ажиллагаануудыг хийх ёстой байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс хэрэв намайг сонсох ажиллагааны явцад ажлаас халах гэж байгаа бол би хүлээн зөвшөөрөхгүй гэдэг албан бичгийг хүргүүлсэн. Үүнтэй холбоотойгоор захиргааны байгууллага сонсох ажиллагаатай холбоотой ямар ажиллагаа хийсэн юм бэ? эрх үүрэг танилцуулсан юм уу?, нотлох баримт гаргаж өгөх боломж гаргаж өгсөн юм уу?, өмгөөлүүлэх эрхийг нь яаж хэрхэн хангасан талаарх ямар нэгэн баримт харагдаагүй. Бичиг явуулснаар л сонсох ажиллагаа хийгдэнэ гэсэн асуудал Захиргааны ерөнхий хуульд байхгүй. Ийм ажиллагаанууд хийхгүйгээр зөвхөн би чамд сонсох ажиллагаа хийх гэж байна шүү гэдэг бичиг явуулснаараа тухайн сонсох ажиллагааг хийсэн гэж үзэж болохгүй. Сонсох ажиллагаа хийх олон хэлбэр байдаг. Хэлбэрийн хувьд бичгээр мэдэгдлийг өгч байгаа тохиолдолд тухайн сонсох ажиллагаанд оролцож байгаа этгээдэд ямар нэгэн байдлаар нотлох баримт гаргаж өгөх талаар тайлбарлаж өгдөг. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “...захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацаа дуусгавар болсноос хойш сонсох ажиллагаа хийхгүй” гэсэн ийм зохицуулалттай. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргаж байгаа тайлбар, нотлох баримтын хэмжээнд үнэлэгддэг. Хэнтий аймгийн Төрийн Аудитын байгууллага зөрчлийг илрүүлсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025 оны 2 дугаар сарын 23-нд бид ийм шийдвэр гарсан гэдгийг мэдсэн гэдэг тайлбар өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт шийдвэр гаргах хугацааг тодорхой заасан. Хуанлийн хоногоор бодоход 2025 оны 2 дугаар сарын 23-ний өдрөөс хойш 30 хоногийг тооцвол 2025 оны 3 дугаар сарын 25, 26-ны дотор энэ ажиллагааг хийх ёстой. Энэ талаар Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан. Нөгөө талаар Аудитын байгууллага өөрийн гаргасан шийдвэрийг 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд танилцуулсан байдаг. Энэ хуралд аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн төрийн байгууллагууд бүгд оролцсон. Дээрээс нь нийтэд буюу цахим сайтад 2025 оны 3 дугаар сарын 23-ны өдөр мэдээлсэн. Үүнээс харвал шийдвэр гаргах түвшний хүн 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 30 хоногоор бодоход 2025 оны 4 дүгээр сарын 21 болж байна. Гэтэл сонсох ажиллагааг 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр буюу бүхэл бүтэн 2 сарын дараа явуулж байгаа нь өөрөө хууль тогтоомж зөрчиж байна. Хуульд заасан хугацаандаа л ажиллагаа хийгдэх ёстой. Тэгэхээр сонсох ажиллагаа хууль зөрчиж хийгдсэн.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч .....- д холбогдуулан Аудитын байгууллагын хяналт шалгалтаар илэрсэн санхүүгийн зөрчилтэй нь холбоотойгоор Авлигатай тэмцэх газар болон Цагдаагийн байгууллагаас түүнд эрүүгийн хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа гэсэн зүйл хэлээд байна. Өнөөдөр бид Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр аймгийн Засаг даргын гаргасан захиргааны акттай холбоотой Хөдөлмөрийн маргааны асуудлыг шийдвэрлэх гэж байгаа. Монгол Улсын ерөнхий Аудитор эрх хэмжээнийхээ хүрээнд Монгол Улсын ерөнхий Прокурорт “ Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдлыг шалгуулах тухай” албан бичиг хүргүүлсэн байна. Авлигатай тэмцэх газраас нэхэмжлэгч .....- д холбогдуулж эрүүгийн хэрэг үүссэн, үүнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа эсэх талаар мэдээлэл одоогоор бидэнд ирээгүй байна.
Маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг харвал Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, 123.3 дахь хэсэгт заасныг үндэслэл болгож байгаа. Тухайн актыг судалж үзэхэд 2024 оны санхүүгийн тайлантай холбоотой асуудлаар сахилгын зөрчил ногдуулсан байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлээд байгаа, нотлох баримтаар гаргаж өгч байгаа 2020-2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийгдсэн аудитын тайлан, дүгнэлт хууль зүйн үндэслэл болохгүй, нотлох баримтын хэмжээнд үнэлэх шаардлагагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч .....- г өмнө нь сахилгын шийтгэл хүлээж байсан гэдэг ч, ажил олгогч аймгийн Засаг дарга үр дүнгийн гэрээг дандаа 90-с дээш хувиар үнэлсэн байдаг. Энэ ч утгаараа .....- үр дүнгийн гэрээний урамшууллаа аваад явж байсан. Аливаа шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргахдаа хуулийн хугацаанд, хууль тогтоомжийн дагуу, хуулийн үндэслэлтэй гаргах хэрэгтэй. Тэгэхээр хууль зүйн асуудал нь зөрчилтэй байгаа учраас Хэнтий аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/32 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд гаргахдаа бичигдлийн буюу найруулгын алдаа гаргасан байна лээ. Үүнийгээ тодруулж, зөвтгөн ....“Хэнтий аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/32 тоот захирамжийг хүчингүй болгож, Хэнтий аймгийн Орон нутгийг судлах музейн захирлаар ............ г эгүүлэн тогтоож, 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, мөн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү! гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна ...” гэв.
5. Хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмарбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа[6]: “............... нь аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Б/83 дугаартай захирамжаар тус аймгийн Музейн захирлаар томилогдон ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа
1. Хэнтий аймгийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар[7] музейн захирал ............ д, Орон нутаг судлах музейн 2019 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн гүйцэтгэлийн аудитаар “Хязгаарлалттай” санал дүгнэлт авсан гэх үндэслэлээр “Сануулах сахилгын шийтгэл” ногдуулж байсан.
2. Хэнтий аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 250 дугаартай Аудитын санал дүгнэлт гаргах тухай албан бичгээр Орон нутаг судлах музейн 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн гүйцэтгэлийн аудитаар мөн “Хязгаарлалттай” санал дүгнэлт,
3. Хэнтий аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 285 дугаартай албан бичгээр Орон нутаг судлах музейн 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн гүйцэтгэлийн аудитаар мөн “Хязгаарлалттай” санал дүгнэлт,
4. Хэнтий аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 258 дугаартай албан бичгээр Орон нутаг судлах музейн 2023 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн гүйцэтгэлийн аудитаар мөн “Хязгаарлалттай” санал дүгнэлт,
5. Хэнтий аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 255 дугаартай албан бичгээр Орон нутаг судлах музейн 2024 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн гүйцэтгэлийн аудитаар “Сөрөг" дүгнэлтээр тус тус дүгнүүлсэн.
Төрийн Аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан этгээд, ... санхүүгийн тайлангийн аудитаар “Сөрөг” дүгнэлт авсан, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн нь аудитаар илэрсэн бол тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно”, 42.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 42.1, 42.2-т заасны дагуу тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, албан тушаалаас чөлөөлөхөд бусад хуульд заасан үндэслэл, журам үйлчлэхгүй” гэж заасныг тус тус үндэслэн захиргааны шийдвэр гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар “Сонсох ажиллагаа”-г явуулж, улмаар хуульд нийцсэн захиргааны акт болох Хэнтий аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/32 дугаартай захирамжаар аймгийн Орон нутаг судлах музейн захирал ............ гийн хөдөлмөр эрхлэх харилцааг цуцалсан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэлээ тодорхой бичээгүй, ямар үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах “Сахилгын шийтгэл ногдуулсан”-ыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа дурдаагүй байна. Нэхэмжлэлдээ ажил олгогчтой хоорондын таарамжгүй харилцаатай байсан мэтээр дурдаж, түүнд үндэслэж тус маргаан бүхий захиргааны актыг гаргасан гэжээ.
Гэвч нэхэмжлэгч нь Хэнтий аймаг дахь Төрийн аудитын байгууллагаас 2019 он болон 2022-2024 онуудад санхүүгийн тайлангийн “Хязгаарлалттай” дүгнэлтээр удаа дараа дүгнэгдсэн, 2025 онд “Сөрөг" дүгнэлтээр дүгнэгдсэн нь тус тус нотлох баримтаар нотлогдож байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Хэнтий аймаг дахь Төрийн аудитын газрын “Сөрөг” дүгнэлтийг болон хуулийн байгууллагаар шалгагдаж байгаагаа хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй байна.
Захиргааны хэргийн шүүх нь захиргааны актыг нэг бол хууль бус эсхүл илт хууль бус мөн болохыг тус тус тогтоодог. Тус маргаан бүхий захиргааны акт нь 2024 оны санхүүгийн тайлангийн аудитаар “Сөрөг” дүгнэлтээр дүгнэгдсэнтэй холбогдуулан хуульд нийцэж гарсан. Хуульд заасны дагуу авах ёстой арга хэмжээг авсан болно. Өөрөөр хэлбэл тус акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47, 48 дугаар зүйлүүдэд заасан аль аль шинжийг хангахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй юм.
Төрийн үйлчилгээний албан хаагч гагцхүү “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино" гэх эрхэм зорилгын дор төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэж ажиллах ёстой.
Иймд жил бүрийн Төрийн аудитын дүгнэлтээр /өмнөх жилүүдэд/ удаа дараа “Хязгаарлалттай”, 2025 онд “Сөрөг” дүгнэгдэж, өөрийн эрхэлж буй ажил, албан тушаалдаа тэнцэхгүй, алдаа дутагдлаа засахгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлж байна гэж үзээд, аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/32 дугаартай "Сахилгын шийтгэл ногдуулах” тухай захирамж гарсан. Энэ захирамж нь эрх зүйн үндэслэлтэй, хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгч ............ гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
|
|
6. Хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмарбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Аймгийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар музейн захирал .....- д орон нутаг судлах музейн 2019 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн гүйцэтгэлийн аудитаар “Хязгаарлалттай” санал дүгнэлт авсан гэх үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулж байсан.
Мөн Хэнтий аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 250 дугаартай аудитын санал дүгнэлт гаргах тухай албан бичгээр Орон нутаг судлах музейн 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн аудитаар “Хязгаарлалттай” санал дүгнэлт, Хэнтий аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 3 дугаар сарын 13-ний өдрийн 285 дугаартай албан бичгээр Орон нутаг судлах музейн 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн гүйцэтгэлийн аудитаар “Хязгаарлалттай” санал, дүгнэлт, Хэнтий аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 258 дугаартай албан бичгээр Орон нутаг судлах музейн 2023 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн гүйцэтгэлийн аудитаар “Хязгаарлалттай” санал дүгнэлт, Хэнтий аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 255 дугаартай албан бичгээр Орон нутаг судлах музейн 2024 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн гүйцэтгэлийн аудитаар “Сөрөг” дүгнэлтүүд тус тус гарсан. Төрийн Аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан этгээд, санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн нь аудитаар илэрсэн бол тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно”, 42.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 42.1, 42.2-т заасны дагуу тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, албан тушаалаас чөлөөлөхөд бусад хуульд заасан үндэслэл, журам үйлчлэхгүй” гэж заасныг тус тус үндэслэн захиргааны шийдвэр гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйд зааснаар “Сонсох ажиллагаа”-г явуулж, улмаар хуульд нийцсэн захиргааны акт болох Хэнтий аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/32 дугаартай захирамжаар аймгийн Орон нутаг судлах музейн дарга .....- гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Энэ үндэслэлүүд нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно гэж үзэж байна. Тус акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47, 48 дугаар зүйлүүдэд заасан аль аль шинжийг хангахгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү! гэв.
7. Гуравдагч этгээд ............ шүүхэд гаргасан хариу тайлбартаа[8]: “...Миний бие Хэнтий аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/33 дугаар захирамжийн дагуу Хэнтий аймгийн Музейн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, өнөөдрийг хүртэл ажиллаж байна.
Тухайн ажилд томилогдохоос өмнөх болсон зүйлийг сайн мэдэхгүй, харин ажил хүлээн авснаас хойш ............ нь аудитын шалгалтаар “Хязгаарлалттай” дүгнэлт 3, “Сөрөг” дүгнэлт 1-ийг тус тус авсан талаар мэдсэн. Нэхэмжлэлтэй танилцсан, хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа үүгээр илэрхийлж байна ..” гэжээ.
8. Гуравдагч этгээд ............ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2024 оны санхүүгийн тайланд аудитын байгууллага хяналт шалгалт хийсний дараа зөрчлүүд илэрсэн. Музейн үйл ажиллагаанд аудитын байгууллагаас илэрсэн зөрчлүүдийг арилгаж буй талаараа тайлбар өг гэсний дагуу шилэн дансанд бүртгэгдээгүй байсан хөрөнгүүдийн зөрчлийг арилгасан. Нийт 730 сая төгрөгийн зөрчил байсан. Сая Соёлын яамнаас илэрсэн зөрчлийг бүрэн арилгасан байна гэж үзээд Соёлын яамны аудитаас дүгнэлтийг явуулна гэсэн, уг зөрчил нь 2024 оны аудитын дүгнэлтэд үндэслэсэн зөрчлүүд юм. Нэмэлт тайлбар байхгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь Хэнтий аймгийн Засаг даргад холбогдуулан “...аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/32 дугаартай “Орон нутаг судлах музейн захирал ............ д сахилгын шийтгэл ногдуулах тухай" захирамжийг хүчингүй болгуулж, Хэнтий аймгийн Орон нутаг судлах музейн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулах...” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............ нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, “....Хэнтий аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/32 тоот захирамжийг хүчингүй болгож, Хэнтий аймгийн Орон нутгийг судлах музейн захирлаар ............ г эгүүлэн тогтоож, 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, мөн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү!” гэж зөвтгөжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нараас гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч ............ гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/83 дугаартай захирамжаар тус аймгийн Музейн захирлаар ............ г анх томилсон байна. Улмаар Хэнтий аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/32 дугаартай захирамж гарч, Орон нутаг судлах музейн захирал ............ д сахилгын шийтгэл ногдуулан, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ[9].
2. Нэхэмжлэгч ............ нь Хэнтий аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/32 дугаартай захирамжийг эс зөвшөөрч Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хандаж гомдол гаргажээ. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Л.Золзаяа 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 04/1587 тоот албан бичгээр “...таны гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болохыг мэдэгдье”[10] гэсэн хариуг иргэн ............ д өгчээ.
3. Шүүхэд нэхэмжлэгч ............ “ ...Миний бие тухайн албан тушаалд нийт 9 жил ажиллаж байна. Хэнтий аймгийн Музейн захирлын албан үүргийг хашихдаа Монгол улсын Засгийн газар болоод аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан, шинээр санаачлан хийж хэрэгжүүлсэн ажлаа улирал, жил болгон 90% болон түүнээс дээш хувьтай үнэлүүлэн ур чадвар, үр дүнгийн урамшуулал авч байсан, нэг ч удаа сахилгын шийтгэл хүлээж байгаагүй.
Хэнтий аймгийн Музейн 2024 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийхээр болсон. Манай байгууллага 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр санхүүгийн тайлан, холбогдох баримт бичгийг хугацаанд нь аудитын байгууллагад хүлээлгэж өгсөн. 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр аудитын хяналт шалгалтаар “Сөрөг” дүгнэлт гарсан гэж надад мэдэгдсэн. Миний бие болон байгууллагын нягтлан бодогч бид хоёр уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж гарын үсэг зурж баталгаажуулаагүй. Тухайн дүгнэлттэй холбогдуулаад 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 16 тоот албан бичгээр[11] албан ёсны тайлбар хүргүүлсэн. Дээрх өдрөөс хойш 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймаг дахь Төрийн Аудитын газраас намайг дуудаж, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 255 дугаартай “Сөрөг" дүгнэлт бүхий албан бичиг, “Зөрчлийг таслан зогсоох тухай” Хэнтий аймаг дахь Төрийн Аудитын газрын 4 /дөрвөн/ албан шаардлага, мөн аудитын тайлангийн хамт надад гардуулан өгсөн. 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймаг дахь Төрийн Аудитын газраас Төсвийн шууд захирагч, Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийсэн дүнгийн хурлыг аймгийн Засаг даргын Тамгын газрын байранд холбогдох албан тушаалтнуудыг байлцуулан хийж гэмт хэргийн шинжтэй нэг байгууллагыг прокурорын байгууллагад шилжүүлснээ мэдэгдсэн. Үүний дараа аймгийн Засаг дарга .....намайг удаа дараа албан өрөөндөө дуудаж өргөдлөө өгөхийг шаардаж, орох болгонд мөнгөн дүнгээ өөрчлөн 20, 50, 60 сая төгрөг идэж уусан байна. Прокурор, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн байгууллагад өгнө гэх мэтээр сүрдүүлгийн шинжтэйгээр дарамт өгч эхэлсэн бөгөөд хамгийн сүүлд 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч .....- аар дахин дуудуулж улс төрийн шахалтыг тавьсан. Би нэгдүгээрт: ...манайд орон тоо байхгүй, би хэнийг нь ч хууль бусаар ажлаас халж чадахгүй. Хоёрдугаарт: ...намайг одоогийн байдлаар Прокурор, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн байгууллагаас дуудаж тайлбар, мэдүүлэг аваагүй, надад ямар нэгэн мэдэгдсэн зүйл байхгүй, миний бие гэм буруутай эсэх нь албан ёсоор тогтоогдоогүй байгаа, нэр төрөө цэвэрлэнэ, өргөдлөө болон ажлаа өгөхгүй хэмээн тайлбар өгсөн. 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагт аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан өрөөнд намайг дуудуулан 9/1165 тоот “Сонсох ажиллагааны мэдэгдэл”-ийг надад гардуулж, 2025 оны 5 дугаар сарын 27-ны дотор хариу тайлбар ирүүлэхийг мэдэгдсэн. Миний бие тухайн өдөр буюу 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 17.00 цагт сонсох ажиллагаанд дурдсан сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж 53 тоот албан бичгээр тайлбар бичиж өгсөн. Улмаар Хэнтий аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/32 тоот “Орон нутаг судлах музейн захирал ............ д сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж гарсан. Энэ захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн, нэхэмжлэгч ............ надад сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм” гэж,....
Хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмарбаатар “...Хэнтий аймгийн Засаг дарга 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар музейн захирал ............ д, Орон нутаг судлах музейн 2019 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн гүйцэтгэлийн аудитаар “Хязгаарлалттай” санал дүгнэлт авсан гэх үндэслэлээр “Сануулах сахилгын шийтгэл” оногдуулж байсан. Мөн ............ нь 2021, 2022, 2023 онуудад Хэнтий аймаг дахь Төрийн Аудитын газрын санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн гүйцэтгэлийн аудитаар дээрх зөрчлийг давтан “Хязгаарлалттай” санал, дүгнэлт удаа дараа авсан. 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 255 дугаартай, Хэнтий аймаг дахь Төрийн Аудитын газрын албан бичгээр, Орон нутаг судлах музейн 2024 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн гүйцэтгэлийн аудитаар “Сөрөг" дүгнэлттэй дүгнүүлсэн болохыг бидэнд мэдэгдсэн.
Төрийн Аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “...энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан этгээд, ... санхүүгийн тайлангийн аудитаар “Сөрөг” дүгнэлт авсан, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн нь аудитаар илэрсэн бол тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт “...энэ хуулийн 42.1, 42.2-т заасны дагуу тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, албан тушаалаас чөлөөлөхөд бусад хуульд заасан үндэслэл, журам үйлчлэхгүй” гэж заасныг тус тус үндэслэн захиргааны шийдвэр гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар “Сонсох ажиллагаа”-г явуулж, улмаар хуульд нийцсэн захиргааны акт болох Хэнтий аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/32 дугаартай захирамжаар аймгийн Орон нутаг судлах музейн захирал ............ гийн хөдөлмөр эрхлэх харилцааг цуцалсан.
Хэнтий аймгийн Засаг даргын дээрх захирамж нь хуульд заасан, зөрчил гаргасан этгээдэд оногдуулах ёстой сахилгын арга хэмжээг хүлээлгэсэн шийдвэр гэж үзэж байна. Жил бүрийн Төрийн аудитын дүгнэлтээр аймгийн Музейн үйл ажиллагаа удаа дараа “Хязгаарлалттай”, 2025 онд “Сөрөг” дүгнэгдэж байгаа нь, тухайн байгууллагын удирдлагатай шууд холбоотой. ............ г өөрийн эрхэлж буй ажил, албан тушаалдаа тэнцэхгүй, алдаа дутагдлаа засахгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлж байна гэж үзсэн. Энэ захирамж нь эрх зүйн үндэслэлтэй, хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгч ............ гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж, ......тус тус нэхэмжлэл, тайлбар гарган маргаж байна.
4. Музейн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт “ ...."музей" гэж соёлын үнэт зүйлийг бүртгэх, цуглуулах, хадгалж хамгаалах, судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус соёл, эрдэм шинжилгээний байгууллагыг” ойлгоно гэж, Соёлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “..."соёлын байгууллага" гэж энэ хуульд заасан журмын дагуу соёлын үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийг” ойлгоно гэж, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт “… аймаг, нийслэлийн соёлын байгууллагын удирдлагыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн аймаг, нийслэлийн Засаг дарга … томилж, чөлөөлнө” гэж, хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт “...орон нутгийн ...соёлын байгууллагын хүний нөөцийг хөгжүүлэх” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх хэсэгт “...хууль тогтоомжид нийцүүлэн ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах” гэж тус тус заасан байна.
5. Хуулиудын дээрх зохицуулалтуудаас харахад Орон нутаг судлах музей нь “Соёлын байгууллага” мөн бөгөөд уг байгууллагын удирдлагыг аймаг, нийслэлийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд томилж, чөлөөлж шийдвэр гаргах талаар хуульд тусгажээ. Хэнтий аймгийн Засаг дарга өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/32 дугаартай “Орон нутаг судлах музейн захирал ............ д сахилгын шийтгэл ногдуулах тухай" захирамж гаргасан байна.
6. Учир нь: Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт “...хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ” гэж зааснаар нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд сонгох боломжийг хэрэглэн хөдөлмөрийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл оногдуулсан хариуцагчийн шийдвэр хуульд нийцсэн байна гэж шүүх үзсэн.
7. Хэнтий аймаг дахь Төрийн Аудитын газар нь тус аймгийн Музейн 2024 оны бүтэн жилийн санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө, өмч хөрөнгийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайлан, тодруулгууд болон төсвийн гүйцэтгэлд аудитын хяналт шалгалт хийжээ. Тухайн аудитын хяналт шалгалтаар Хэнтий аймгийн Музей нь “Сөрөг” дүгнэлттэй дүгнэгдсэн болох нь: Хэнтий аймаг дахь Төрийн Аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 255 тоот “Сөрөг” дүгнэлтээр[12], ....
Музейн захирал ............ нь хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн болох нь Хэнтий аймаг дахь Төрийн Аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 120-ХЭА-2025/026/НА-СТА-ТШЗА2390049, 121-ХЭА-2025/026/НА-СТА-ТШЗА2390049, 122-ХЭА-2025/026/НА-СТА-ТШЗА2390049, 123-ХЭА-2025/026/НА-СТА-ТШЗА2390049 дугаартай “Зөрчлийг таслан зогсоох тухай” албан шаардлагуудаар[13] тус тус тогтоогдож байна.
8. Мөн Хэнтий аймгийн Засаг дарга 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар Музейн захирал ............ д, Орон нутаг судлах музейн 2019 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн гүйцэтгэлийн аудитаар “Хязгаарлалттай” санал дүгнэлт авсан гэх үндэслэлээр “Сануулах сахилгын шийтгэл” хүлээлгэж байсныг, ...2021, 2022, 2023 онуудад Орон нутаг судлах музейн үйл ажиллагаанд, Хэнтий аймаг дахь Төрийн Аудитын газраас санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн гүйцэтгэлийн аудитаар зөрчил дахин давтан гарч “Хязгаарлалттай” санал, дүгнэлтээр удаа дараа дүгнэгдэж байсныг дурдах нь зүйтэй.
9. Нэхэмжлэгч ............ нь Хэнтий аймаг дахь Төрийн Аудитын газарт 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “Тайлбар хүргүүлэх тухай”[14] 16 тоот албан бичиг хүргүүлжээ. Үүнд: “.... Зөрчил 1. Нэр бүхий нэг төрлийн бараа материалыг их хэмжээгээр орлого авч зарцуулсан боловч тухайн байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан эсэх, тухайн барааг бэлтгэн нийлүүлэгчээс нэр төрлөөр худалдан авсан эсэх нь тодорхойгүй гэсэн зөрчилд хариу тайлбар: ...Хэнтий аймгийн Музей нь нийт 1890 метр квадрат талбайтай, үзүүллэгийн 6 танхим, сан хөмрөгийн 12 өрөө, 50-70 хүний багтаамжтай байнгын үйл ажиллагаа бүхий кино үзвэр болон хурлын танхим, 7-н албан тасалгаа, ариун цэврийн 8 өрөө, улсын тусгай хамгаалалт бүхий Сэцэнханы ордон, музейн эртний 5 барилгад /сүм/ цэвэрлэгээ үйлчилгээг өдөр тутам гүйцэтгэж байгаа гэж,... Зөрчил 2. Бэлэн мөнгөөр орсон Музейн үзвэр үйлчилгээний орлогыг Төрийн сангийн дансанд төвлөрүүлээгүй, сан хөмрөгч албан тушаалтай, эд хариуцагч ажлыг хавсран гүйцэтгэгч .....- гийн ХААН банкин дахь ..... , ..... дугаартай харилцах дансаар тус тус орлогдон авсан гэсэн зөрчилд хариу тайлбар: ...Музейн сан хөмрөгч .....- нь 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс байгууллагын дотоод журмын дагуу чөлөөтэй байгаа. Тус байгууллагын зөрчилд тусгагдсан 19,967,000 /арван есөн сая есөн зуун жаран долоон мянган/ төгрөгийг ямар эх үүсвэрээс түүсэн нь тодорхой бус тул орлогыг төвлөрүүлж байсан, тухайн үед нярвын ажлыг хавсран гүйцэтгэгч .....- гийн нэр дээрх Хаан банкны ..... тоот данс, байгууллагын 100180035021 нэмэлт дансанд төвлөрсөн нийт орлого нь дээр дурдсан мөнгөн дүнгээс зөрүүтэй байгаа тул нэг бүрчлэн тулгалтыг дахин хийж байна. Хэнтий аймгийн Музей нь захиргааны зөвлөлөөр хэлэлцсэн орлого зарлага, тасалбар борлуулалтын талаар гаргасан дүрэм, журмыг удирдлага болгон хяналт тавьж ажиллаж эхэлж байна гэж тайлбар өгчээ. Нэхэмжлэгч ............ нь өөрийн гаргасан алдаа зөрчлөө хүлээн зөвшөөрч, Хэнтий аймаг дахь Төрийн Аудитын газраас 2025 оны 02 дугаар сард аймгийн Музейд хүргүүлсэн “Зөрчлийг таслан зогсоох тухай” дөрвөн албан шаардлагын хүрээнд байгууллага дотроо тодорхой ажил зохион байгуулж, аудитаар илэрсэн зөрчлүүдийг арилгах арга хэмжээ авч эхэлсэн нь харагдаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх хэсэгт “...ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.11 дэх хэсэгт “...мэргэшил, ур чадвараа дээшлүүлэх” гэж заасан.
10. Нэхэмжлэгч талаас: Хэнтий аймгийн Орон нутаг судлах музейн захирлаар ............ нь 9 жил ажилласан. Ажиллах хугацаандаа үр дүнгийн гэрээг 90 хувь болон түүнээс дээш хангалттай үнэлүүлж ирсэн, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Хэнтий аймгийн Засаг дарга 2020, 2021, 2022, 2023, 2024 онуудын аудитын байгууллагын дүгнэлтүүдийг үндэслэж, хөдөлмөрийн харилцаа цуцалсан шийдвэр гаргасан нь хууль бус гэж маргадаг.
Хариуцагч Хэнтий аймгийн Засаг дарга 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/32 дугаартай “Орон нутаг судлах музейн захирал ............ д сахилгын шийтгэл ногдуулах тухай" захирамжийг гаргахдаа, Хэнтий аймгийн Орон нутаг судлах музейн 2024 оны бүтэн жилийн санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө, өмч хөрөнгийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайлан, тодруулгууд болон төсвийн гүйцэтгэлүүдэд аудит хийж, тухайн хяналт шалгалтаар илэрсэн “Сөрөг” дүгнэлт болон “Зөрчлийг таслан зогсоох тухай” 4 албан шаардлагыг үндэслэж гаргасан. Уг захирамжид тодорхой тусгасан. Нэхэмжлэгч талаас 2020, 2021, 2022, 2023 онуудын аудитын байгууллагын дүгнэлтүүдийг үндэслэж шийдвэр гаргасан гэж маргаж буй нь тогтоогдохгүй, үндэслэлгүй байна гэж тайлбарладаг.
11. Төрийн Аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “..энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан этгээд, хүчин төгөлдөр болсон албан шаардлага, төлбөрийн актыг хугацаанд нь биелүүлээгүй, аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, санхүүгийн тайлангийн аудитаар “СӨРӨГ” дүгнэлт авсан, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн нь аудитаар илэрсэн бол тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно” гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт “...энэ хуулийн 42.1, 42.2-т заасны дагуу тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, албан тушаалаас чөлөөлөхөд бусад хуульд заасан үндэслэл, журам үйлчлэхгүй” гэж тус тус заасан байна.
Хуулийн дээрх зохицуулалтаас дүгнэхэд, хууль зөрчигдсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг нарийвчлан зохицуулсан ба томилох чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан, хуульд заасан үндэслэл, журмыг баримтлахгүйгээр сахилгын шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.
12. Мөн нэхэмжлэгч талаас: Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах журмыг зөрчсөн, сонсох ажиллагааны мэдэгдлийг бичгээр өгч байгаа тохиолдолд тухайн сонсох ажиллагаанд оролцож байгаа этгээдэд нотлох баримт гаргаж өгөх талаар тайлбарлаж өгөх ёстой. Сонсох ажиллагааг хэлбэрийн төдий хийсэн. Үүний улмаас Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан шийдвэр гаргасан гэж маргадаг.
13. Хэнтий аймгийн Засаг дарга 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 9/1165 тоот албан бичгээр “Сонсох ажиллагааны мэдэгдэл”-ийг тус аймгийн Орон нутаг судлах музейн захирал ............ д гардуулж, 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн дотор холбогдох тайлбараа ирүүлэхийг мэдэгджээ[15].
Энэ ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт заасан “...оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах” гэсэн нөхцөлийг хангаж байна.
Дээрх сонсох ажиллагааны мэдэгдлийг нэхэмжлэгч ............ хүлээж аваад, хариу тайлбараа 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 53 тоот албан бичгээр[16] “...сахилгын шийтгэл оногдуулах заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж байна гэсэн” хариуг өгчээ. Тухайн хариу тайлбарт ямар үндэслэлээр, яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа дурдаагүй, холбогдох нотлох баримтыг хавсаргаагүй байна. Хариуцагчаас сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэхдээ нэхэмжлэгчид тайлбар ирүүлэх хугацааг тодорхой зааж өгчээ.
Хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь хэсэгт заасан “...саналыг бичгээр авах”, Захиргааны ерөнхий хуулийн 27.5 дахь хэсэгт заасан “...сонсох ажиллагаа явуулах хугацаа, оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэснийг тус тус хэрэгжүүлсэн байна.
Дээрх үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч сахилгын зөрчил гаргасныг аудитын байгууллагаас /хяналт шалгалтаар/ тогтоож, түүний үндсэн дээр захиргааны байгууллага сонсох ажиллагаа явуулан, маргаан бүхий захирамжийг гаргасан байх тул нэхэмжлэгчийн хууль бус байсан гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй.
15. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “..захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнаас хэрэгжүүлсний үндсэн дээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан маргаан бүхий актыг гаргасан байна гэж шүүх үзлээ.
16. Хэнтий аймаг дахь Төрийн Аудитын газраас 2025 оны 02 дугаар сарын 13-ний өдрийн 42 тоот[17] албан бичгийг Монгол улсын ерөнхий Аудитор Д.Загджавт хүргүүлжээ. Төрийн Аудитын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.12 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Монгол улсын ерөнхий Аудитор Д.Загджав, Төрийн Аудитын тухай хуулийн 35 дугаар зүйлд “...Гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулах” гэж заасныг үндэслэн Монгол улсын ерөнхий Прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайханд 2025 оны 3 дугаар сарын 10-ний өдөр 905 тоот[18] албан бичгээр тухайн асуудлыг шалгуулахаар хүргүүлсэн байна. Улмаар Монгол улсын ерөнхий Прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 1/1344 тоот албан бичгээр[19] Монгол улсын ерөнхий Аудитор Д.Загджавт “...хуульд заасан журмын дагуу шалгуулахаар харъяаллын дагуу Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн” гэсэн хариу ирүүлсэн байна.
Үүний дараа Хэнтий аймаг дахь Төрийн Аудитын газарт “ ... танай газраас Хэнтий аймгийн Орон нутгийн судлах музейн 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмж, албан шаардлага, төлбөрийн акт, зөрчил тогтоосон ажлын баримтуудыг тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа эрүүгийн 253900365 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байх тул үнэн зөвийг баталгаажуулж материал ирүүлнэ үү” гэж, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 06/9334 тоот албан бичиг[20]” ирүүлжээ.
17. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан: “...Прокурор, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаатай холбоотойгоор мэдэгдсэн зүйл байхгүй” гэх тайлбар нь үүгээр няцаагдаж байгаа бөгөөд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн шалгаж буй эрүүгийн 253900365 дугаар хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдсэн, хүлээн авахаас татгалзсан, эсхүл хэрэгсэхгүй болгосон талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.
18. Хэнтий аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/32 дугаартай “Орон нутаг судлах музейн захирал ............ д сахилгын шийтгэл ногдуулах тухай" захирамжийг хүчингүй болгож, хариуцагчийн шийдвэрийг хууль зүйн хувьд буруутгах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж шүүхээс үзлээ.
19. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “...захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт “ ...энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт “...тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасан.
20. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч ............ гийн шүүхэд гаргасан “....Хэнтий аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/32 тоот захирамжийг хүчингүй болгож, Хэнтий аймгийн Орон нутгийг судлах музейн захирлаар ............ г эгүүлэн тогтоож, 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, мөн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх шийдвэр гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5, 123.3, Төрийн Аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, Хэнтий аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “...аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/32 дугаартай “Орон нутаг судлах музейн захирал ............ д сахилгын шийтгэл ногдуулах тухай" захирамжийг хүчингүй болгуулж, Хэнтий аймгийн Орон нутаг судлах музейн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэгч ............ гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар, нэхэмжлэгч ............ гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулж Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.БАЯСГАЛАН
[1] Хавтаст хэргийн 11,92 дугаар хуудас,
[2] Хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас,
[3] Хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас,
[4] Хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас
[5] Хавтаст хэргийн 89-р хуудас
[6] Хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас,
[7] Хавтаст хэргийн 88 дугаар хуудас
[8] Хавтаст хэргийн 155 дугаар хуудас,
[9] Хавтаст хэргийн 11, 92 дугаар хуудас,
[10] Хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас,
[11] Хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас
[12] Хавтаст хэргийн 139-141 дүгээр хуудас,
[13] Хавтаст хэргийн 150-153 дугаар хуудас,
[14] Хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас,
[15] Хавтаст хэргийн 89 дүгээр хуудас,
[16] Хавтаст хэргийн 91 дүгээр хуудас,
[17] Хавтаст хэргийн 101 дүгээр хуудас,
[18] Хавтаст хэргийн 102 дугаар хуудас,
[19] Хавтаст хэргийн 103 дугаар хуудас,
[20] Хавтаст хэргийн 104 дүгээр хуудас,