Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 44

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Нарийн бичгийн дарга М.Дамбийням,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Хохирогч Д.Ө , Г.О  

Шүүгдэгч Т.Х , түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн,

Шүүгдэгч Э.Б , Э.Б , тэдний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн Т.Х , ******* овгийн Э.Б , ******* овгийн Э.Б  нарт холбогдох эрүүгийн 1726001220056 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1/89 дугаар шийтгэх тогтоолоор бүлэглэн бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан, ******* овгийн Т.Х

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овгийн Э.Б

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овгийн Э.Б .

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Х , Э.Б  нар нь бүлэглэн, улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоцикль ашиглан 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, "Эргэн дэнж" гэх газар нутаглах иргэн Д.Ө гийн эзэмшлийн гэр болон зуны байшин, иргэн Э.Н-ын эзэмшлийн контейнер, иргэн Г.О ын эзэмшлийн гэрт тус тус нэвтэрч, Д.Ө гийн эзэмшлийн эд хөрөнгө болох мөнгөн аяга 1 ширхэг, дуран 1 ширхэг, мөнгөн бугуйвч 2 ширхэг, мөнгөн бөгж 3 ширхэг, хазаарын мөнгөн товруу 4 ширхэг, хазаарын мөнгөн кольцо 12 ширхэг, цагаан саран хэлбэртэй мөнгө 1 ширхэг, гуулин очир 1 ширхэг, тогооны өрөм 2 ширхэг, ямааны ааруул 5 килограмм, ямааны ээзгий 3 килограмм, хөөрөгний даваа толгой 1 ширхэг зэрэг 1384000 /Нэг сая гурван зуун наян дөрвөн мянга/ төгрөгийн, Э.Н-ын эзэмшлийн эд хөрөнгө болох 15.3 килограмм жинтэй гүзээтэй тос 1 ширхэг, 20 килограмм жинтэй гүзээтэй тос 1 ширхэг, хүрэн өнгийн булгиаран гөлөм 1 ширхэг зэрэг 476500 /Дөрвөн зуун далан зургаан мянга таван зуу/ төгрөгийн, Г.О ын эзэмшлийн эд хөрөнгө болох эрэгтэй хүний түрүүтэй гутал 1 хос, 6 килограмм жинтэй гүзээтэй өрөм 1 ширхэг, ямааны ааруул 4 килограмм, шилтэй өргөст хэмх 1 ширхэг, 11 алд урттай сур 1 ширхэг зэрэг 196700 /Нэг зуун ерэн зургаан мянга долоон зуу/ төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 2057200 /Хоёр сая тавин долоон мянга хоёр зуу/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Т.Х , Э.Б  нар нь бүлэглэн Т.Хү-н эзэмшлийн улсын дугааргүй хул шар өнгөтэй “Мустанг-5” маркийн мотоцикль ашиглаж 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 19-20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Баянгол сумын 2 дугаар баг Хүрэн толгой гэх газар нутаглах Т.Б ийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж хууль бусаар орон байранд нэвтрэн орж, эд зүйл хулгайлж 11913000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Х  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг Э.Б тай хамт явсан гээд байгаа. Би Э.Б тай хамт явсан. Байцаагч нь намайг явсан гэсэн. Б тай хамт явсан гэдэг нь худлаа. Б  хамт явсан гэсэн мэдүүлэг өгсөн гэсэн. Баянголын Эргэн дэнж гэдэг газар 2 айлд орж ухсан. Гэхдээ би Б тай хамт явсан. Би Э.Б тай хамт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол гомдлыг нь би барагдуулна. Би гэртээ байж байсан чинь Б  манайд ирсэн. Баянгол сум руу хамт яваад ирье гэсэн. Тэгээд Баянгол сумын төвөөс зүүн тийш явж байтал энд нэг айл байгаа гэсэн. Тэгээд тэднийд орох гэсэн чинь эзэнтэй байхаар нь хойшоо явж байтал эзэнгүй 2 айл таарсан. Тэгээд наад талын айлаас нь эхэлж ороод ухаад эд зүйл авсан. Мөнгөн аяга, бугуйвч, тос, ааруул зэргийг нь авсан. Харин гөлмийг нь аваагүй. Цаад айлд нь орж бас эд зүйлийг нь авсан нь үнэн. Гэрт нь байхад хойноос хүмүүс ирсэн. Тэгээд зугтаагаад явж байсан чинь эзэнгүй гэр таарахаар нь ухаж ааруул, тос зэргийг авсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Хохирогч Д.Ө д 310000 төгрөгийг төлсөн. Одоо 4 сард ямаа самнаад үлдэгдэл хохирлоо төлнө гэв.

           Шүүгдэгч  Э.Б  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэг хүн  Баянгол сум руу хүргүүлье гээд явсан. Тэгээд тэр хүнээ буулгачихаад оройн 7-8 цагийн үед наашаа ирж яваад айл ухсан. Т.Х тай хамт яваагүй. Хулгай хийхдээ өөрийн эзэмшлийн улаан өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоцикльтой явсан. Хийсэн хэргээ би өөрөө хүлээнэ. Би тэр айлд ороод 20-30 минут болж байтал гэрийн хойноос машин ирэхээр нь би урагшаа зугтаасан. Тэгээд зугтаж байгаад мотоциклтойгоо унасан. Тэгэхэд машин тулаад ирсэн. Сандарсандаа болоод бүх юмаа хаяад зугтаагаад гол гараад явж байтал нэг мотоциклтой хүн өөдөөс амдаад ирсэн. Цааш зугтаасан. Хохирогч Т.Б д 63000 төгрөг төлсөн. Гэм буруугаа хүлээж байна. Гэмшиж байна гэв.

Шүүгдэгч Э.Б  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хохирогч Д.Ө д 696000 төгрөг, Г.О д 104000 төгрөг, Э.Нд 245000 төгрөг төлсөн. Одоо төлөх төлбөргүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч Д.Ө  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэр бүлийн хүний хамт Баянгол суманд хуралд суугаад шөнө ирсэн чинь гэр, зуны байшин, контейнер зэргийг ухсан байсан. Манай сумын хэсгийн төлөөлөгч энэ хэрэгтнүүдийг барьсан байсан. Түүнээс хойш Э.Б ын ээж, аав 2 нь надтай 2,3 удаа утсаар ярьсан. Хохирлыг чинь барагдуулж өгье гэж хэлсэн. Би өрөвдөөд та 2 хохирлоо барагдуулах юм бол гомдолгүй гэдгээ хэлье гэсэн. Миний хохирлыг барагдуулсан. Бас Э.Н-ын хохирлыг барагдуулсан. Т.Х  өнөөдөр 310000 төгрөг төлсөн. Э.Б ад бол гомдолгүй. Энэ хүмүүс гэмээ ухамсарлаж байгаа байх. Энэ 3 гэм буруугаа хүлээж байгаа байх. Эд миний хохирлыг барагдуулах юм бол надад гомдол байхгүй. Цоожны үнэ 9000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэв.

Хохирогч Г.О  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манайх 2017 оны 7-8-н сарын үеэр Нарийнтээлээс отроор ирж буусан. 2017 оны 10 дугаар сарын 17-ны шөнө гэрт хулгай орсон гэдгийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мэдсэн. Тэгэхэд гэрээс гүзээтэй өрөм, 11 алд сур, гутал, зэргийг авсан байсан. Мөн авдрын цоож байшингийн цоож зэргийг эвдээд хаясан байсан. 1 шилтэй огурцы байсан, тэрийг идээд хаясан байсан. Э.Б  104000 төгрөгийн хохирлоо барагдуулсан. Т.Х  хохирол барагдуулаагүй. Үнэлгээний тайлантай танилцсан.Үнэлгээг зөвшөөрч байна. 103350 төгрөгийн хохирол нэхэмжилж байна. Үүнээс цоожны үнэ 10000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэв.

Хохирогч Д.Ө гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр эхнэр Үүрцайхын хамт 13 цагийн үед сумын төв явсан. Тэгээд орой 22 цаг өнгөрч байхад хөдөө гэртээ ирсэн. Манай гэрийн цоожийг эвдэлж гэрт хулгай ороод гэрийн хамаг юмыг ухаж түнхээд буулгасан байсан. Манай гэрийн хоёр авдрыг ухаж дотор нь байсан хувцас, эд зүйлийг бүгдийг нь гаргаж шалаар тараасан байсан. Мөн гэрийн хойно байсан зуны байшингийн цонхоор нь ороод хамаг юмыг ухаж буулгасан байсан. Мөн байшингийн зүүн талд байсан контейнерийн цоожийг нь эвдэж дотор нь орж гурван авдар байсныг ухаж дотор нь байсан хамаг хувцас, эд зүйлийг нь гаргаж шалаар тараасан байсан. Тэгээд сумын цагдаад дуудлага өгсөн. ...Манай гэрийн баруун хойно байсан хээтэй улаан шар авдрын цоожийг нь эвдээд дотроос нь дунд гарын үндсэн тагштай цулгай мөнгөн аяга, цаасан хайрцганд байсан 2 ширхэг хугархай мөнгөн бугуйвч, 3 ширхэг мөнгөн бөгж, 4 ширхэг хазаарын мөнгөн товруу, 12 ширхэг хазаарын мөнгөн гольцо, саран хэлбэртэй, цулгай цагаан мөнгө байсан, нийлээд 8 лан орчим цагаан мөнгө байсан. Мөн гэрийн хойно байсан мөлхөө зурагтны тавилгын баруун талын хаалгыг онгойлгож дотор нь байсан төмөр, жижиг, улаан эрээн хайрцагнаас бурхны гуулин очир байсныг авсан байсан. Мөн гэрийн баруун урд талд байсан шүүгээнээс өлгөөтэй байсан хар савхин гэртэй, цэнхэр эрээн даавуугаар боосон нэг нүдний дуран байсан алдагдсан байсан. Харин манай зуны байшингаас 2 ширхэг тогооны нойтон өрөм, цэнхэр цэцэгтэй цагаан эрээн ууттай үхрийн 5 кг ааруул, ягаан эрээн ууттай 3 кг орчим ээзгий зэрэг алдагдсан. Мөн гэрт байсан миний бор хөөрөгний даваа улаан өнгийн толгойг нь аваад хөөрөг, даалин хоёр нь гадаа байшингийн цонхны доор хаясан байсан. Харин контейнер дотроос 2 гүзээтэй цагаан тос байсныг аваад явсан байна. Том гүзээтэй тос нь 20 кг орчим, жижиг гүзээтэй тос нь 15 кг орчим байгаа. Энэ контейнер нь Э.Н гэдэг хүнийх байгаа юм. Э.Н ирж үзээд авдар дотор байсан хүрэн өнгийн эмээлийн гөлөм байсан алдагдсан байна гэж байсан. Энэ 2 гүзээтэй тос Н-ынх байгаа юм. ...Миний алдсан үндэс тагштай, цулгай мөнгөн аягыг Дашцэрэнгээс өвөлж авсан хуучны мөнгөн аяга байгаа юм. Харин нэг нүдний дуранг 2017 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотын Нарантуул захаас 220000 төгрөгөөр авч байсан Орос дуран байсан юм. Харин цагаан мөнгөнүүд 8 лан байсан, зах зээлийн үнээр үнэлж байна. ...Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. ...Би алдсан мөнгөн аягаа 500000 төгрөгөөр үнэлж байна. Ааваас минь өв дамжин ирсэн аяга байсан. Гомдолтой байна, алдсан эд зүйлээ төлүүлмээр байна. ...Гэрийн цагаан өнгийн төмөр цоож, цүүг эвдэлсэн байсан. Мөн 2 авдрын жижиг төмөр цоожийг эвдэлсэн байсан. Би цоож, цүүгээ нэхэмжилж байна. Гэрийнхээ цагаан өнгийн цоож болон авдрын цоожнуудыг тус бүр 3000 төгрөгөөр авч байсан. Хаалганы цүүг үнэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-44, 45-46 хуудас/,

Хохирогч Э.Н-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2015 оноос эхэлж Баянгол сумын 2 дугаар багийн иргэн Ө гийн гадаа өөрийн улбар шар өнгийн төмөр контейнерыг тавьсан юм. 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Ө  хүнээр дамжуулж над руу танай контейнерын цоожийг эвдэж хулгай орсон байна. 2 гүзээтэй тосыг чинь аваад явсан байна. Өөр юу алга болсныг нь мэдэхгүй байна, ирж шалгах шаардлагатай байна. Ө  манай гэр, бас зуны байшинд хулгай орсон байна гэж надад хүнээр хэлүүлсэн байсан. Манай утасны сүлжээ байхгүй би Ө гийн гэрт нь очоод контейнер доторх эд зүйлээ үзсэн. Дотор нь байсан гурван модон авдар байсан, цоожийг нь эвдээд дотор нь байсан хувцас эд зүйлийг бүгдийг нь гаргаад газраар тарааж ухсан байсан. Дотор нь 2 гэрийн мод эсгий байсан. Хэвээрээ байсан. Бас гүзээтэй 2 тос байсныг нь аваад явсан байсан. Зүүн талын хүрэн авдар дотроос хуучин эмээлийн гөлөм байсан алга болсон байна. ...Баруун талд нь давхарлаад тавьсан байсан 2 авдрын дээд талын авдар нь цоожтой байсан. Нөгөө 2 авдар нь цоожгүй байсан. ...Миний алдсан 2 гүзээтэй тос ямааны өрмөөр хийсэн цагаан тос байсан. Хонины гүзээнд хийсэн байсан юм. Нэг том гүзээнд нь 30 орчим кг тос, нөгөө жижиг гүзээнд нь 20 орчим кг цагаан тос байсан. Эмээлийн бор өнгийн гөлөм нь манай ааваас өвөлж ирсэн хуучны булгайран гөлөм байсан. Үнийг нь сайн мэдэхгүй байна. Би гомдолтой байна, алдсан эд зүйлээ олж авмаар байна. ...Би хүлээн зөвшөөрч байна. Олсон гүзээтэй тос нь 15.3 кг байна. Харин нөгөө гүзээтэй тосны хэмжээ арай илүү том байсан. 20 кг орчим болох байх. ...Манай контейнерын цоожийг төмрөөр цохиж эвдэлсэн байсан. Би дахиж шинэ цоож авч хийсэн. Хар өнгийн төмөр цоож байсан. Энэ цоожийг 2016 онд 12500 төгрөгөөр худалдан авч байсан. Цоожоо нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50, 51-52 хуудас/,

Хохирогч Г.О ын мөрдөн байцаалтанд өгсөн: Манайх Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумаас 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол сумын 2 дугаар баг Эргэн дэнж гэх газарт нүүж ирсэн. Би нөхөр Гомбосүрэнгийн хамт өвөлжөөн дээр өөрийн 5 ханатай гэрээ барьчихаад явсан. Манайх малаа аваад гэр барьсан газраасаа 10 орчим км зайтай бага гэртэйгээ байсан юм. Манай зүүн хойд талд Ө  гэдэг айл 1 км гаран зайтай байдаг байсан. Бид нар явахдаа Ө  ахад гэр харж байгаарай гэж захиж байсан юм. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр үдээс хойш орой болж байхад Ө  ах манай утасны дугаарыг мэдэхгүй болохоор хүнээр дамжуулж танай гэрийн хаалганы цоожийг эвдэж хулгай орсон байна гэж хэлүүлсэн байсан. Тэгээд бид нар гэртээ ирсэн. Манай гэрийн цоожийг эвдэж хулгай орсон байсан. Манай гэрийн бүх авдар сав, шүүгээ зэргийг бүгдийг нь ухаж дотор нь байсан хувцас, эд зүйлийг гаргаж шалаар тараасан байсан. Манай 2 авдарны цоожийг эвдэж дотор нь байсан дээл хувцас эд зүйлийг бүгдийг нь гаргаж шалаар тараасан байсан. Бас 2 эрээн хувцасны шүүгээ байсныг ухаж дотор нь байсан хувцас эд зүйлийг шалаар тараасан байсан. Мөн бурханы даллаганы уутыг газар асгаж будааг нь шалаар тарааж доторхийг нь үзсэн байсан. Манай гэрийн хамаг юмыг эмх замбараагүй ухаж түнхсэн байсан. Бас арын амбаарын цоожийг эвдэж хулгай орсон байсан. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр сумын цагдаад хэлсэн. ...Манай гэрээс зүүн авдарт байсан хар өнгийн бакал гутал алдагдсан байсан. Энэ гутлыг 2016 оны 08 дугаар сард хүнээс 1 эр хониор авч байсан. Манай хүүд томдоод байхаар нь шинээр нь хадгалж байсан юм. Бас зүүн авдар дээр байсан гүзээтэй ямааны өрөм 6 кг орчим байсан алдагдсан байна. Бас 4 кг орчим ямааны ааруул байсан алдагдсан байна. Бас тухайн үед алдагдсаныг мэдээгүй байж байгаад сая мэдсэн. Угаалгын машинд байсан 11 алд илдсэн сур байсныг хулгайч авсан байна. ...Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. ...Би гомдолтой байна, алдагдсан эд зүйлээ буцааж авмаар байна. ...Би 2017 оны 07 дугаар сард Баянтээгийн дэлгүүрээс том шилтэй, өргөст хэмх 8700 төгрөгөөр авч байсан. Харин сураа өөрөө манай нөхөр Гомбосүрэн илдсэн. Энэ сур нь үхрийн ширээр хийсэн. Нэг нь 5 алд, нөгөө нь 6 алд 2 хэсэг нийлээд 11 алд сур байсан. Гэрт угаалгын машин дотор хийсэн байсныг авсан байсан. Би амбаарынхаа цоожийг 2017 оны 03 дугаар сард Баянтээгийн дэлгүүрээс 5000 төгрөгөөр авч байсан. Харин авдрын 2 ширхэг цоожийг тус бүрийг нь 5000 төгрөөр, нийт 10000 төгрөгөөр авч байсан. Авдрын цүүний үнийг хэлж мэдэхгүй байна. Би авдрын цоож, цүүгээ нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57, 58-59 хуудас/,

Хохирогч Т.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14 цаг 30 минутанд сумын багийн төв дээр багийн хуралд суухаар эхнэр Саранхүүгийн хамт явсан. Багийн төв манай гэрээс 15 км зайтай байдаг. Багийн хурал 19 цаг болж байхад тарсан. Би эхнэр, төрсөн ах Цогхүүгийн хамт гэр рүүгээ явсан. Гадаа харанхуй болсон байсан. Би машинтай явж байсан. Би гэрийнхээ хойноос орж ирсэн чинь манай гэрийн урдаас мотоцикльтой хүн хөдлөөд явах шиг болсон. Би юун мотоцикльтой хүн юм бол гэж бодоод араас нь явсан чинь тэр мотоцикльтой хүн замаа буруулаад явахаар нь хар аваад араас нь хөөсөн чинь мотоцикльтой хоёр хүн зугтаасаар байгаад онгийн гол гараад зугтаасан. Тэгээд гэртээ ирсэн чинь манай гэрийн цоожийг эвдээд гэрийн хойно байсан 4 ширхэг авдрын цоожийг эвдээд дотор нь байсан эд зүйлсийг газраар тарааж дотор нь байсан үнэтэй эд зүйлсийг аваад явсан байсан. Би тэр мотоцикльтой хоёр хүний унасан газар нь очоод үзтэл манай гэрээс авсан эд зүйлсээ газар хаячихсан байсан. Тэгээд сумын цагдаад дуудлага өгсөн. ...Манай гэрээс мөнгөн аяга, эмээл, хазаар, хөөрөг зэрэг эд зүйл авч гараад гэрээс 200 метр орчим газар хаячихаад зугтаасан байсан. Манай гэрээс 11 ширхэг мөнгөн аяга, том гарын 2 ширхэг, дунд гарын 7 ширхэг, бага гарын 2 ширхэг мөнгөн аяга, эрэгтэй, эмэгтэй мөнгөн бүс, мөнгөн бугуйвч 1 ширхэг, 6 ширхэг цагаантай эмээл 1 ширхэг, мөнгөн хормойн боолт 1 ширхэг, цагаан өнгийн чулуун хөөрөг 1 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг, гаансны улаан ягаан уут 1 ширхэг, шаазан аяга 5 ширхэг зэргийг авч яваад гадаа манай гэрээс урагшаа 200 метр орчим газар зам дагуулаад цувруулаад хаясан байсан. Тэгээд би юмандаа гар хүрч болохгүй гэж бодоод цагдаа дуудсан. ...Хар өнгийн миний аавын хэрэглэж байсан гар цүнх байхгүй байна. Дотор нь хуучин 100 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 10 төгрөгийн хуучин дэвсгэрт 5 ширхэг байсан. ...Миний алдсан 11 ширхэг мөнгөн аяганууд миний талийгаач аавын минь өвөлж ирсэн хуучны аяганууд байгаа юм. Би 2 том хуучны мөнгөн аяга, үндэс тагштай нь 500-600 граммын орцтой аяга байгаа юм. Би энэ 2 аяга тус бүрээ 1000000 төгрөгөөр үнэлж байна. Нийлээд 2000000 төгрөг, 7 ширхэг дунд гарын мөнгөн аяганы 6 ширхэг нь үндэс тагштай, 1 аяга нь хуучны хар хуванцар тагштай аяганууд байгаа. 1 тус бүрийг нь 500000 төгрөгөөр, нийт 3500000 төгрөгөөр үнэлж байна. Эрэгтэй мөнгөн бүсийг 11 жилийн өмнө 500000 төгрөгөөр авч байсан. Эмэгтэй мөнгөн бүсийг нь 9 жилийн өмнө 350000 төгрөгөөр авч байсан. Мөнгөн бугуйвч нь аав, ээжээс өвөлж ирсэн. Үнийг нь сайн мэдэхгүй байна. Харин 6 цагаан мөнгөн даруулгатай эмээлээ 2000000 төгрөгөөр үнэлж байна. Мөнгөн хормойн боолт ааваас өвөлж ирсэн, 1000000 төгрөгөөр үнэлж байна. Энэ эмээл ааваас өвөлж ирсэн, ясан хяртай юм. Мөнгөн хазаар мөн ааваас өвөлж ирсэн, 5 товруутай. Үнийг нь сайн мэдэхгүй байна. Аав, ээжийн ярьж байснаар энэ эмээл хазаарыг 1970 оны үед л авч байсан гэж ярьж байсан. Харин энэ цагаан хөөрөг бол цагаан чулуугаар хийсэн, улаан чулуун толгойтой, гуулин нуухтай хөөрөг байсан. Энэ хөөргийг манай ээжийн аав барьж байсан. Гаансны тамхины улаан ягаан уутыг ган төмрөөр хийсэн, сэтгүүр ембүүтэй  байгаа юм. Мөнгө бол биш. 5 ширхэг шаазан аягаа 5000 төгрөгөөр үнэлж байна. Суран ногтыг 15000 төгрөгөөр үнэлж байна. Эхнэрийн хөвөнтэй бор эрээн дээлэнд боогоод явсан байсан. Би гомдолтой байна. Хулгайд алдсан аавынхаа хар жижиг цүнхэнд байсан хуучин мөнгөн дэвсгэртийг буцааж олж авмаар байна. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. ...Би араас нь 4 км орчим газар хөөсөн. Би өмнөөс нь амдах гэж хөөсөн, тэр хоёр мотоциклийнхоо гэрлийг асааж унтраагаад зугтаад байсан. Мотоциклийн өнгө маркийг харж чадаагүй. ...Би сайн ойртож харж чадаагүй. Ямар ч байсан 2 эрэгтэй хүн байсан. Тэр хоёр довон дундуур зугтаагаад байсан болохоор би сайн харж чадаагүй. Би машинтай Ц хамт явж байсан. ...Би гэрийнхээ 1 ширхэг цоожийг 2017 оны 09 дүгээр сард аймгийн зах дээрээс 5000 төгрөгөөр авч байсан. Харин авдарны 4 ширхэг монгол цоожийг бүрэн бүтэн байгаа, цүүг нь суга татаж онгойлгосон байсан. Авдарны 4 ширхэг цоожоо нэхэмжлэхгүй. Харин мотоциклийн дугуй, дотор олгой хаймар, сэвчээний ориоликоо нэхэмжилнэ. Үнийг нь мэдэхгүй байна. Зах зээлийн үнээр нь нэхэмжилж байна. ...Би тэр хуучин хэдэн мөнгөн дэвсгэртэд үнэлгээ хийлгэхгүй, бүгдийг нь олж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-22, 24-25 хуудас/,

Гэрч М.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: Би Т.Х ыг танина. 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн үед би Батбаатарын гэрт мотоцикльтой яваад очсон. Х  утсаар залгаад намайг хаана байна гэж асуухаар нь би Батбаатарын гэрт байна гэж хэлсэн. Х  намайг Жаст шатахуун түгээх дээрээс ирээд намайг авчих гэхээр нь яваад очсон. Би Х ыг аваад Батбаатарын гадаа ирсэн. Харин Х  би гэр рүүгээ харьчихаад ирье гэж хэлээд миний мотоциклийг аваад явсан. Би Х ыг удахгүй шүү гэж хэлсэн. Х  за удахгүй гэж хэлээд тэр чигээрээ байхгүй болсон. Маргааш нь Х  миний мотоцикльтой хулгай хийсэн байна гэж сонссон. ...Би ногоон өнгийн улсын дугааргүй, 150 мотортой Мустанг-5 маркийн мотоцикль өгсөн. ...Би энэ мотоциклийг өөрийн нутаг Архангай аймгаас зүс таних Мөнхбаяр гэдэг хүнээс 350000 төгрөгөөр 2017 оны 05 дугаар сарын үед худалдан авч байсан. Бичиг баримт улсын дугаар байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66 хуудас/,

Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Э.Н гэж хүнийг танина. Манай төрсөн ах байгаа юм. ...Би мэдсэн, манайх 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол сумын 1 дүгээр баг Олон нуур гэх газарт ах Н-ынхтай айл байсан. Харин Баянгол сумын 2 дугаар баг Эргэн дэнж гэх газарт манай ахын зуны байшин, хойд талд нь Ө гийн гэрийн баруун хойд талд нь Н ахын улбар шар өнгийн 20 тоннын контейнер байдаг. Тэр контейнерт нь Н ахын ойр зуурын эд зүйл буюу 2 гэрийн эсгий, 3 ширхэг авдар дотор эд зүйл хийсэн байсан. Манайх намар нүүхдээ 2 малын гүзээтэй тос үлдээгээд явсан. Харин 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хулгайч ороод цоожийг нь эвдэлсэн байсан. 2 гүзээтэй тос бас хүрэн өнгийн гөлөм зэргийг авсан байсан. Энэ гөлөм нь манай аав Дорж гэдэг хүнээс өвөлж ирсэн хуучны бор өнгийн гөлөм байсан. Би сайн мэднэ, эмээлээс нь салгаад бор авдар дотор хийсэн байсан. Тэр гөлөм нь сайхан гамтай эдэлсэн, хуучны сайхан гөлөм байсан. Манайх Н ахынхтай зун нь Эргэн дэнж дээр байж байгаад намар нүүдэг юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-68 хуудас/,

Гэрч Б.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: Би Г.О ыг танина. Манай дүү Гомбосүрэнгийн эхнэр нь байгаа юм. Манайх хөдөө айл байдаг. Би энэ талаар мэднэ. 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Г.О ын гэрт хулгай орж эд зүйл алдагдсан байсан. Энэ үед О  их гэрээ Баянгол сумын 2 дугаар баг Эргэн дэнж гэх газарт айлын өвөлжөөнд барьчихаад бага гэрээ хойшоо дэрсэнд бариад отроор явж байсан. Би хамт отороор явж байсан. ...Би ямар эд зүйл алдагдсаныг мэдэж байгаа. Би их гэрийг нь барьж өгсөн юм. О-н гэрээс авдар дээр нь байсан малын гүзээтэй өрөм, ягаан эрээн ууттай 5 орчим кг ямааны ааруул, зүүн талын авдар дотор нь байсан түрүйтэй хар өнгийн 1 хос гутал, угаалгын машинд нь байсан 11 алд сур, авдар дотор нь байсан шилтэй өргөст хэмх зэрэг эд зүйл алдагдсан байсан. 11 алд сурыг Гомбосүрэн өөрөө элдсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70 хуудас/,

Гэрч Х.Ү-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 13 цагийн үед нөхөр Ө гийн хамт сумын төв рүү намын хуралд суухаар явсан. Бид 2 гэрээ цоожлоод явсан. Тэгээд орой 22 цагийн орчим гэртээ ирсэн, манай гэрийн цоожийг эвдээд хулгайч орж гэрийн хамаг юмыг ухаж эмх замбараагүй болгосон байсан. Мөн гэрийн хойно байсан зуны байшингийн цонхоор орж хулгай хийсэн байсан. Байшингийн баруун талд байсан контейнерийн цоожийг эвдэж 2 малын гүзээтэй тос байсныг хулгайлсан байсан. Тэгээд хулгай орсон байна гэдгийг мэдээд цагдаад дуудлага өгсөн. ...Манай гэрээс баруун хойд талын авдрын цоожийг эвдэлж дотор нь байсан дээл хувцас эд зүйлийг бүгдийг нь гаргаж шалаар тараагаад дотор нь байсан хуучин цагийн үндэс тагштай, дунд гарын мөнгөн яага алдагдсан байна. Энэ аягыг манай нөхрийн аав ээжээс нь өвөлж ирсэн аяга байсан. Мөн цаасан хайрцганд байсан мөнгөн эдлэл алдагдсан байна. Мөнгөн бөгж 3 ширхэг, мөнгөн бугуйвч 2 ширхэг, мөнгөн хазаарын товруу 4 ширхэг, мөнгөн кольцо 12 ширхэг, саран хэлбэртэй цулгай цагаан мөнгө 1 ширхэг зэрэг байсан. Тэр цагаан мөнгөнүүдийг би өөрөө авдар дотроо хийсэн. Мөн шүүгээний нүдэнд байсан шашны гуулин очир байсныг авсан байсан. Энэ очир манай аав, ээжээс өвөлж ирсэн. Мөн баруун талын хувцасны шүүгээнд байсан нэг нүдний дуран алдагдсан байна. Харин байшингаас 2 ширхэг тогооны өрөм, би 2 хоногийн өмнө өөрөө байшинд оруулж тавьж байсан юм. Мөн ууттай ааруул, ээзгий алдагдсан байна. ...Манай 2 хүүхэд тусдаа гараад Улаанбаатар хотод амьдардаг. Би хөдөө нөхөр Ө гийн хамт амьдардаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-73 хуудас/,

Гэрч М.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай контейнер тодроос 2 гүзээ тос, 1 гөлөм алдагдсан. Манайх 8 сард ногт авах гэж контейнер дээрээ очиход байсан юм. Урт хүрэн авдар дотор нь байсан. Тэр авдарт байдаг байсныг нүүж суухад ачааны нэмэр гэж бодоод үлдээсэн байсан чинь алдчихсан юм. Тэр гөлөм нь арай түрүү үеийн гөлөм байсан. Манай нөхрийн л хэрэглэж байсан зүйл байгаа юм. Манайх ердөө хоёр хүүхэдтэй, аав нь өнгрөх үедээ үлдээсэн гөлөм байсан. Элдэв угалз хээ байхгүй, зүгээр л эмжээртэй гөлөм байсан. Өөр зүйл алдагдаагүй, алдсан зүйлсээсээ буцааж авсан зүйл байхгүй, манайх утасны сүлжээ байдаггүй хол газар байдаг. Манай нэг хүүгийнх аймгийн төв дээр байдаг. Би энд хагалгаанд орох гээд ирчихсэн байгаа. Хүү мөд ирж амжихгүй болоод байгаа. ...Би очиж үзээгүй, Үүрцайх манайх руу хэл дуулгаад манай хүү Н очиж юмаа бүртгэж үзсэн байсан. Цоожийг нь эвдээд л хулгай орсон байсан гэсэн. Манай контейнер Ө гийн гэрийн гадаа байсан. Тэдний гэрт бас хулгай орсон дуулдсан. Юу алдсан талаар нь бол сайн мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-75 хуудас/,

Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би энэ хүнийг 2006 оноос хойш мэднэ. Зан байдлын хувьд элдэв ааш байдаггүй гайгүй л хүн шиг байдаг. Архи, тамхи хэрэглэдэггүй, ажил төрөл хийдэггүй, хааяа нэг Налайх явж тоосгоны үйлдвэр, уурхай дээр ажилладаг. Өөрийн төрсөн гэр нь Богд суманд байдаг гэсэн. Хэрэг төвөгт холбогдож байсан эсэх талаар бол сайн мэдэхгүй. Хувьдаа унаа унаш гэх зүйл байхгүй. Манай хүргэн ахынхаар 2013 оноос хойш ирж очоод л байдаг юм. Өөр энэ хүний талаар сайн мэдэхгүй. ...Х ыг Шонхоолой аваад явсан талаар нь гэрчлэх гэж ирсэн юм. Шонхоолойгийн жинхэнэ нэрийг мэдэхгүй. Тэр өдөр хэдэн сарын хэдэн байсныг сайн санахгүй байна, ямар ч байсан хагас сайн өдөр байсан шиг санагдаж байна. Тэр өдөр үдээс хойш 14 цаг өнгөрч байх үед байх Шонхоолой нь цэнхэр өнгийн мотоцикльтой ганцаараа манай хүргэн ах Батбаатарынд ирээд Х ыг аваад явсан. Тэр үед Х  ногоон өнгийн мотоцикльтой байсан. Тэгээд хоёулаа нэг нэг мотоцикль унаад л Батбаатар ахын гаднаас хөдлөөд явсан. Яг хаашаа явсан талаар бол мэдэхгүй. Х  тэр өдрийнхөө оройхон ганцаараа ногоон мотоцикльтойгоо ирсэн. Тэгээд удалгүй хадмынх руугаа явлаа гээд явсан. Тэр шөнө нэг цагдаа орж ирээд гараад явж байсан. Тэр цагдаа орж ирээд явсны дараахан Х ын найз охин Ариунаа манай эгч рүү утсаар яриад Хатнааг цагдаа аваад явчихлаа гэж хэлсэн байсан. Энэ асуудлын талаар надад өөр мэдэх зүйл байхгүй. ...Тэр үед Х  саарал өнгийн дээлтэй байсан, өөр бусад хувцсыг нь мэдэхгүй байна. Гэртээ байж байгаад орой 19-20 цагийн үед урагшаа явлаа гээд хадмынх руугаа явсан. Ер нь Х  өдөр нь манайхаар байж байгаад орой хадмынх руугаа явлаа гээд гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76-77 хуудас/,

Гэрч Л.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Миний хүү Б  Өвөрхангай аймгийн Богд суманд 1998 онд төрсөн. Бага насаа ээж, аавын гар дээр өнгөрөөсөн. Сургуульд суугаагүй, өрөөсөн нүдээ багадаа гэмтээсэн. Өрөөсөн нүд нь муу хардаг болохоор сургуульд суулгаагүй. Өвөлд нь Налайхад Б гэж хүний уурхайд ажилладаг юм. Энэ жил харин явж чадсангүй. Зан байдлын хувьд хүний үгэнд сайн ордог, уур уцаар байхгүй, зан сайтай хүү байгаа юм. Сургуульд суугаагүй болоод тэрүү найз нөхөд цөөтэй, гэрээс бараг гарахгүй, худлаа ярина гэж байхгүй, шударга хүүхэд байгаа юм. Болсон асуудлыг үнэнээр нь ярьдаг хүүхэд гэж боддог. Миний 4 дэх хүүхэд, айлын бага нь байгаа юм. Эрх талдаа хүүхэд, урьд нь хэрэг төвөгт холбогдож байгаагүй, архи дарс тамхи тариа хэрэглэнэ гэж байхгүй. Манайх амьжиргааны түвшний хувьд муухан амьдралтай, ажил хийдэг хүн байхгүй, Б ын өмчлөлд эд хөрөнгө гэх зүйл байхгүй. Хашаа, байшин гэх зүйл байхгүй. Энэ жил засгаас нэн ядуу өрх гэдгээр нэг гэр олгогдсон. Өөр өмч хөрөнгө гээд байх зүйл байхгүй. ...Би энэ талаар өөрийн мэдэх зүйлийн талаар мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. ...Тэр хэрэг гарсан гэдэг өдрийн 13 цагийн орчимд би гадуур явж байгаад гэртээ ирэхэд манай хашаан дотор Х  ногоон өнгийн мотоцикльтой араараа Б ыг сундалчихсан хөдлөх гээд байж байх үед нь гаднаас орж ирсэн. Тэгээд би хаа явах гэж байгаа юм гэж Х аас асуухад Х  “манайханд оччихоод эргээд хүрээд ирнэ” гэхээр нь би юм хэлэлгүй явуулчихсан. Тэгээд орой 21 цаг өнгрөөд 22 цаг болж байх үед Х , Б ыг манай хашааны гадаа буулгачихаад яваад өгч байх шиг байсан. Удалгүй Б  ганцаараа орж ирсэн. Орж ирэх үедээ Б  нэг гүзээтэй тос барьж орж ирээд Х  хөдөөнөөс ирсэн тос гээд өглөө гэж байсан. Тэгэхээр нь би яагаад манайд тос өгдөг юм бэ цаанаа тавьчих гээд байж байтал гаднаас ахлах дэслэгч Ц.Г гаднаас хоёул орж ирсэн. Тэгээд Б г авч явсан. Удалгүй буцаж ирээд энд нэг тос байна уу ахаа гэхээр нь би “өө нэг тос байгаа. Х  өгсөн гээд энэ Б  нэг тос авч ирсэн” гэж хэлсэн. Тэгээд тэр тосыг нь гаргаж өгсөн. Тэгсэн чинь Ганжаргал үүдний мухарын өрөөнд авч ирээд намайг тостой хамт байлгаж байгаад тэр хоорондоо Б ыг авч ирсэн байна лээ. Энэ хэргийн талаар өөр мэдэх зүйл байхгүй. ...Энэ хоёр хоорондоо нэг их харьцаад байдаггүй. Манай том охинтой Х ын том ах Хүрэлбаатар гэр бүл болсон юм. Тэр талаараа л нэгнийгээ мэдэх байх. Тэрнээс нэг их дотно биш. ...Х ыг би сайн мэдэхгүй. Ер нь бол хулгайч талдаа нэг их хүүхдээ нийлүүлээд байх хүн биш. Хэрэг төвөгт их холбогддог, дураараа ааштай хүн шиг л харагддаг. Өмнө нь нэг биш удаа хамт шалгагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 81-82 хуудас/,

Гэрч Э.Б ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17 цагийн үед Х  манай гэрийн гадаа ирээд намайг дуудсан. Би гэртээ ганцаараа байсан. Х  намайг хөдөө байдаг манай гэрт хамт очоод ирье, хоёулаа урагшаа явъя гэж хэлсэн. Тэгээд би хамт явсан. Х  ногоон өнгийн улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоцикльтой ирсэн. Би хүрэн өнгийн дээлтэй, хар түрүйтэй гуталтай, улаан өнгийн ноосон малгайтай явсан. Харин Х  хүрэн ягаан өнгийн дээлтэй, үстэй шар өнгийн гутал, хар өнгийн ноосон малгайтай явсан. Бид хоёр урагшаа мотоцикльтой 40 км орчим явж байгаад нэг айлын гадаа очсон. Тэр үед гадаа бүрэнхий болж байсан. Тэр айлд хүн байгаагүй, Х  чи мотоцикль дээрээ байж бай гэж хэлээд өөрөө тэр айлын гадаа очоод гэрийн цоожийг төмрөөр эвдэж орсон. Х  гэрт 10-20 минут болсон. Гэрээс гарч ирээд хойшоо контейнер дээр очоод цоожийг нь эвдэж ороод 5 орчим минут болоод гарч ирсэн. Х  2 ширхэг гүзээтэй тостой гарч ирсэн. 1 гүзээтэй тосоо надад өгсөн. Бид тэр хоёр айлын гадаа нэг цаг орчим болсон. Х  намайг тэр айлын гадаа үлдээгээд өөрөө мотоциклио унаад зүүн урд талын айлд очоод 10 орчим минут болоод ирсэн. Бас нэг гүзээтэй тос авч ирсэн. Х  бид хоёр шууд аймаг руу гэр рүүгээ явсан. Х  надад нэг шар гүзээтэй тос өгсөн. Би тэр тосыг нь аваад гэр рүүгээ орсон. Х  гэр рүүгээ явсан. Миний араас цагдаа нар орж ирсэн. Манай ах Б г аваад дараа нь намайг аваад явсан. ...Х ын ах Хүрлээ манай эгч Эрдэнэбуянтай суусан юм. Таньдаг болоод 7 жил болж байна. ...Би гадралсан, мэдсэн. Би Х т туслаагүй, гадна нь хараад зогсож байсан. Хоёр гүзээтэй тос л авсан, Х  надад үзүүлээгүй өвөртөө хийсэн байх. ...Улсын дугааргүй, ногоон өнгийн Мустанг-5 маркийн мотоцикльтой явсан. Х  манайд очъё гээд явсан. Х  надад хулгай хийх талаар хэлээгүй. Х  эзэнгүй айлд очоод юм эвдээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 84-85 хуудас/,

Гэрч Т.Х ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр яг хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна, өдөр байсан. Би танил М.Ганболдын мотоциклийг гуйж аваад 9 дүгээр хороонд байдаг Б ын гадаа очоод дуудаж гаргаж ирээд хоёулаа ийшээ манайд очоод ирье гэж хэлээд аваад явсан. Би шууд Баянгол сумын нутаг руу явсан. Би 30-40 орчим км хөдөө явж байгаад замын зүүн талд контейнертэй айл байхаар нь зам сурах гэж очсон чинь тэр айл эзэнгүй байхаар нь гэрийнх нь цоожийг машины нумны төмрөөр эвдэж ороод цоожтой авдар байхаар нь эвдэж онгойлгоод тодроос нь бага гарын мөнгөн аяга байхаар нь авсан. Мөн хайрцагтай цагаан мөнгөний эд зүйл байсан. Тэр дотор хугархай бугуйвч, 2 ширхэг мөнгөн бөгж байсныг нь авсан. Авдар дотроос нь гуйлан бурхны очир 1 ширхгийг авсан. Гэрээс гараад байшингийн цонхоор нь ороод жоотуу, 5 орчим кг жижиг ууттай ааруул авч гарч ирээд контейнерийн хар цоожийг жоотуугаар эвдээд дотор нь байсан 3 ширхэг авдрыг ухаж дотор нь байсан эд зүйлийг авч хаясан. Контейнер дотор хоёр малын гүзээтэй тос байхаар нь авсан. Тэр айлын зүүн урд талд ганц гэр байхаар нь хаалганы цоожийг нь эвдэж ороод улаан эрээн авдар байсан. Зүүн талын авдар нь цоожтой байхаар нь цоожийг нь эвдээд ухаж үзсэн. Юм аваагүй, нөгөө цоожгүй авдрыг нь ухаж үзээд дотор гүзээтэй тос байхаар нь аваад явсан. Б  бид хоёр шууд аймаг руу явсан. Би Б ыг гэрт нь хүргэж өгсөн. Би өөрөө хадмын гэрт очиж хоносон. Б ын эгч Буян-Эрдэнэ манай ах Хүрлээгийн эхнэр байгаа юм. Гэрээр нь орж гардаг юм. ...Би Б ыг манайд очоод ирье гэж хэлээд аваад явсан. Б  манай гэрийг мэдэхгүй. ...Би даавуунд боож явж байгаад 9 дүгээр хороонд гудманд хаясан. Машинтай хүмүүс араас дагаад байгаа юм шиг болохоор нь хаясан. Харин Б ад 1 гүзээтэй тосыг өгсөн. Би хохирол барагдуулна. ...Улсын дугааргүй, ногоон өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикльтой явсан. Би урагшаа Сайхан-Овооноос цаашаа Мандал-Овооны цаана хөндлөн Баяраа гэдэг айлд очих гэж яваад мөнгөний хэрэг гараад хулгай хийсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 86-87 хуудас/,

 Гэрч Б.Ш-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ер нь бол манайхаар байдаг. Өрхийн бүртгэлд бол байхгүй. Тэгэхдээ сүүлийн үед хадмындаа очиж байдаг болоод манайхаар цөөхөн ирдэг болоод байгаа. ...Архи тамхи хэрэглээд байдаггүй. Элдэв ааш зангүй хүн байгаа юм. Түрүү жилээс хойш хадмындаа байдаг болсон. Ажил төрөл хийдэггүй. Өвөлдөө Налайхад Ганбат ахынхаа ажил дээр очиж нүүрсэн дээр ажиллаж байгаад зундаа хөдөө гэр рүүгээ явчихдаг хүн байгаа юм. ...Тэр мотоцикль Михлайн Ганболд гэж хүний мотоцикль байсан. Тэр үедээ Х  унаад явж байсан. Мөн Б  нэг мотоцикльтой ирээд Х  Ганболдын мотоциклийг гуйж унаад хоёулаа нэг нэг мотоцикльтой гараад явсан. Тэр үед Б  нь цэнхэр өнгийн мотоцикльтой явсан. Тэр хоёрыг хаашаа явсан талаар бол мэдэхгүй. ...Тэр өдрийн урд өдөр нь манайд байж байгаад хадмындаа очиж хононо гээд явсан. Яг хэзээ явсан талаар бол мэдэхгүй байна. Маргааш өглөө нь эхнэр Ариунаагийнхаа хамт манайхаар ороод гарсан. Хадмынхаас ирлээ гэж байсан, өөр мэдэх зүйл байхгүй. ...Манай дүү Бат-Эрдэнэд нэг шар өнгийн мотоцикль байдаг байсан. Тэр мотоциклийг манай нөхөр сар орчмын өмнө хүнд зарсан. Яг хэн гэж хүнд зарсан талаар мэдэхгүй. Тэр хүн цагдаа дээр байсан хүн гэж байсан. Зүүнбаян-Улаан сумын хүн гэж байсан. 500000 төгрөгөөр зарсан. Бэлэн мөнгөө өгөөд мотоциклио аваад явсан. Миний дансаар мөнгө нь орж ирсэн. Миний хаан банкны 5540450107 дугаарын дансаар орж ирсэн. Тэр мотоциклийг манай нөхөр Батбаатар унадаг байсан. Х  нэг их унаад байдаггүй байсан. Яг тод шар биш улбар шар өнгийн мотоцикль байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 88-89 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ийн №10/39 тоот үнэлгээний: “...Мөнгөн, дунд гарын, үндсэн тагштай, 20-р зууны эхэн үеийн Монгол дарханы хийцтэй аяга 1ш-600000 төгрөг, нэг хараатай дуран 1ш-200000 төгрөг, мөнгөн, эмэгтэй хүний бугуйвч 2ш-180000 төгрөг, мөнгөн, эмэгтэй хүний бөгж 3ш-30000 төгрөг, хазаарын мөнгөн товруу 4ш-40000 төгрөг, хазаарын мөнгөн кольцо 12ш-60000 төгрөг, цагаан, саран хэлбэртэй мөнгө 1ш-40000 төгрөг, гуулин, 20-р зууны эхэн үеийн Монгол дарханы хийцтэй очир 1ш-100000 төгрөг, тогооны өрөм 2ш-10000 төгрөг, ямааны 5 кг ааруул-60000 төгрөг, ямааны 3 кг ээзгий-24000 төгрөг, хөөрөгний даваа толгой 1ш-40000 төгрөг, гүзээтэй тос 2ш-176500 төгрөг, гөлөм 1ш-300000 төгрөг, нийт-1860500 төгрөг” гэсэн тайлан /хх-ийн 91-92 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ төслийн Лэндс ХХК-ийн №10/42 тоот үнэлгээний: “...Гутал 1ш-100000 төгрөг, гүзээтэй ямааны 6 кг өрөм-30000 төгрөг, ямааны 4 кг ааруул-48000 төгрөг, нийт-178000 төгрөг.” гэсэн тайлан /хх-ийн 101-102 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ төслийн Лэндс ХХК-ийн №12/32 тоот үнэлгээний: “...Э.Н-ын контейнерийн төмөр цоож 1ш-12500 төгрөг.” гэсэн тайлан /хх-ийн 134 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ төслийн Лэндс ХХК-ийн №12/34 тоот үнэлгээний: “...11 алд хэмжээтэй сур 1ш-10000 төгрөг, өргөст хэмх 1ш-8700 төгрөг, цоож 1ш-10000 төгрөг, нийт-28700 төгрөг.” гэсэн тайлан

Шүүгдэгч Т.Х ын мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр яг хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна, өдөр байсан. Би 9 дүгээр багт байдаг Э ын гадаа очсон. Э  ах мотоцикльтой давхиад явчихсан. Харин Б  гэртээ ганцаараа байсан. Би гэрт ороод Б ыг хамт айлд очоод ирье гэж хэлээд аваад явсан. Бид хоёр шууд урд зүг рүү явсан. Хөдөө явж байгаад замын зүүн гар талд нэг айл байхаар нь зам сурах гэж очсон чинь тэр айл эзэнгүй байхаар нь гэрийнх нь цоожийг машины нумны төмрөөр эвдэж ороод цоожтой авдар байхаар нь эвдэж онгойлгоод тодроос нь бага гарын мөнгөн аяга байхаар нь авсан. Мөн хайрцагтай цагаан мөнгөний эд зүйл байсан. Тэр дотор хугархай бугуйвч, 2 ширхэг мөнгөн бөгж байсныг нь авсан. Авдар дотроос нь гуйлан бурхны очир 1 ширхэгийг авсан. Гэрээс гараад байшингийн цонхоор нь ороод жоотуу, 5 орчим кг жижиг ууттай ааруул авч гарч ирээд контейнерийн хар цоожийг жоотуугаар эвдээд дотор нь байсан 3 ширхэг авдрыг ухаж дотор нь байсан эд зүйлийг авч хаясан. Контейнер дотор хоёр малын гүзээтэй тос байхаар нь авсан. Тэр айлын зүүн урд талд ганц гэр байхаар нь хаалганы цоожийг нь эвдэж ороод улаан эрээн авдар байсан. Зүүн талын авдар нь цоожтой байхаар нь цоожийг нь эвдээд ухаж үзсэн. Юм аваагүй, нөгөө цоожгүй авдрыг нь ухаж үзээд дотор 2 гүзээтэй тос байхаар нь аваад явсан. Тэгээд бид тэр айлаас зүүн урд зүгт өвөлжөөн дээр нэг айл байхаар нь Б  бид 2 хамт очоод 5 ханатай гэр, ард нь амбаар байсан. Би авч явсан машиныхаа төмөр нумаар тэр айлын цоожийг хөшиж онгойлгоод дотор нь 2 авдар байсныг цоожийг эвдээд дотор нь байсан хувцас эд зүйлийг нь гаргаж ухаж үзсэн. Бас 2 хувцасны шүүгээ байсан ухаж үзсэн. Авдар дээр нь нэг гүзээтэй тос байсныг авсан. Өөр зүйл аваагүй. Гараад арын амбаарын цоожийг эвдэж ороод дотор нь байсан юмыг ухаж үзсэн. Би юм аваагүй. Харин Б  гадаа мотоциклийн хажууд байсан. Авсан зүйлсээ сахарын бор уутанд хийгээд явсан. Би өөр юм аваагүй. Мөнгөний хэрэг болоод айлаас хулгай хийсэн. Би нэг нүдний дуран, хазаарын цагаан мөнгө, эмээлийн бор гөлөм зэргийг би аваагүй. Би зүүн урд айлаас шилтэй өргөст хэмх аваад онгойлгоод нэгийг аваад гэрээс гараад үүдэн дээр газар унагаад алдсан. Ууттай ааруул, гутал зэргийг аваагүй. Би хохирол барагдуулна. Би урагшаа Сайхан-Овооноос цаашаа Мандал-Овооны цаана хөндлөн Баяраа гэдэг айлд очих гэж яваад мөнгөний хэрэг гараад хулгай хийсэн. ...Би Б ыг айлд хамт оччихоод ирье гэж хэлээд аваад явсан. Айлгаж сүрдүүлж байгаад авч явсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 148-149 хуудас/,

Шүүгдэгч Т.Х ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...Энэ талаар тайлбар хийнэ. Тэр хэрэг гардаг өдөр би 10 дугаар хороонд гэртээ байсан. Манай найз охин Ариунаа бас гэрт байсан. Ариунаа будаатай цай чанах гээд будаагаа хуураад байж байх үед манай хашааны гадаа мотоцикль ирж зогсоод сигнаалдсан. Тэр үед Ариунаа бид хоёр хоёулаа гэрээс гарч харахад Шонхойлой буюу Б  гадаа ээжтэйгээ хамт ирчихсэн байж байсан. Бид нар Б ыг Шонхойлой гэж дууддаг юм. Ээж нь араар нь мордчихсон ирсэн. Тэгээд Б  намайг дуудахаар нь би ганцаараа хашааны гадаа үүдэнд очиж Б тай уулзсан. Тэр үед ээж нь хамт байсан. Тэгээд Б  бензиний мөнгө байна уу, хоёулаа урагшаа Баянгол руу айл ухчихаад ирье. Эзэнгүй хэдэн айл байгаа гэсэн. Тэгж хэлчихээд буцаад давхиад явчихсан. Тэр үед Б  цэнхэр өнгийн мотоцикль уначихсан явсан. Б ыг явсны дараа би Б ын утас руу залгаад явах уу гэж асуухад тэгье гээд ганцаараа нөгөө цэнхэр мотоцикльтойгоо хүрээд ирэхээр нь би бензин хийгээд явах уу гэхэд миний мотоцикль муу, тэрнээс гадна аав хөдөө явах гэж байгаа гэсэн юм яриад байсан. Тэгээд намайг мотоцикль олчих гэхээр нь би нөгөө мотоцикльтой нь Б ын хамт Батбаатар ахын гадаа очсон. Тэнд очоод Ганболд руу утсаар яриад мотоциклио өгөөч гэсэн чинь мотоциклио надад өгсөн. Тэгээд бид хоёр нэг нэг мотоцикльтой болоод Б ын мотоциклийг гэрт нь үлдээх гээд гэрт очсон. Тэгэхэд гэр нь эзгүй байсан. Б ын гэрээр орж цай уучихаад Б ын мотоциклийг тэнд үлдээгээд мотоцикль дээр нь зогсож байх үед Б ын аав нь нэг улаан өнгийн мотоцикль уначихсан, /улаан хүрэн өнгийн бүтээлэгтэй, цэнхэр билүү ногоон өнгийн ханцуйвчтай мотоцикль байсан/ хашаандаа орж ирсэн. Аав нь бид хоёроос нэг их юм асуугаагүй. Бид хоёр ч юм яриагүй зөрөөд гараад явсан. Тэгээд шууд урдхан талд нь байдаг клонкоос 20000 төгрөгний бинзен хийж аваад шууд урагшаа гараад Баянгол сум руу давхисан. Шууд давхисаар байгаад Баянгол сумын дэрстэй хоолойд очсон. Тэнд очоод Б  энэ айлыг ухах гэж байсан чинь хажуу айл нь бас эзгүй болчихож хоёуланг нь ухчихъя гэж хэлээд эхлээд наад талд нь байсан хажуудаа контейнертай айл руу орсон. Орох үедээ би хаалганы цоожийг нь машины нум төмрөөр хөшиж онгойлгосон. Тэр төмрийг Б  олж ирээд би авч хаалганы цоожийг хөшиж орсон. Гэрт ороход гэрийн хойд тал хэсэгт хоёр авдар байсан. Бурхантай авдрыг нь би ухсан. Тэр авдранд нэг мөнгөн аяга, очир, бор өнгийн даавуунд боолттой хугархай мөнгөн бугуйвч, 2 ширхэг мөнгөн бөгж  гэсэн зүйлүүд авсан. Б  тэр айлаас юу авсныг мэдээгүй хувцасны шүүгээ, эргэнэг  зэргийг ухаад байсан. Нэг чулуун хөөрөг барьчихсан гарч ирэхээр нь би наадахаа орхичих гэж хэлсэн чинь хойд талын байшингийн цонхны хавьд тавьчихсан. Би хойд байшингийн цонхоор нь ороод дотроос нь өрөм, ааруул аваад гарч ирсэн. Байшин дотор нэг авдар байсан санагдаж байна. Авдрыг нь нээгээд дотор нь байсан хувцас хунарны талыг гаргаж тавьчихаад би буцаад гарсан. Тэгээд бид хоёр контейнерийн хаалганы цоожийг жоотуугаар эвдэж ороод дотор нь байсан авдрыг ухсан. Хоёр авдар байсан санагдаад байна. Тэр үед Б  гадаа хүн хараад зогсож байсан. Б  контейнерт нэг удаа орж ирээд 2 гүзээтэй тос байсны нэгийг аваад гарсан. Би араас нь үлдсэн тосыг нь авч гарч ирээд мотоцикльдоо дүүрээд цаад талд нь байсан айлд нь очсон. Энэ хоёр айл ойрхон байсан. Тэр айлын гадаа очоод хаалгыг нь Б  онгойлгоод гэр лүү нь орсон. Хаалганы цоожийг юугаар эвдсэнийг мэдэхгүй. Б  түрүүлж очоод хаалгыг онгойлгосон. Тэгээд гэрт ороход гэрт 2 авдар байсан. Бид хоёр зэрэгцэж сууж байгаад л ухсан. Тэр айлаас шилтэй огурцы, жоохон ааруул, гүзээтэй тос, жоохон хүүхдийн бакаль гутал гэсэн зүйлүүдийг авсан. Тэгээд гэрийн гадаа огурцыг нь задалж идэх гэж байгаад алдаад газар унагаж хагалсан. Тэгээд тэндээсээ шууд аймаг руу ирсэн. Амйаг дээр ирээд шууд Б ыг гэрт нь хүргэж өгсөн. Тэгэхэд Б  "би нэг л тосыг нь авъя" гээд нэг тос аваад гэртээ орсон. Бусад зүйлүүдийг нь шуудайнд хийгээд мотоциклийн араар дүүрчихсэн явсан. Тэгээд тэдний хашааны араар тойроод 9 дүгээр хороо ортол явсан. 9 дүгээр хороо хавьд нэг машин араас дагаад салахгүй болохоор нь би араар дүүрчихсэн байсан шуудайны амыг боосон байсан уяагаа татчихсан чинь шуудайнд байсан юмнууд унжаад чирэгдээд яваад байсан. Түгийн овооны ар болон 4 дүгээр хорооны ар, 3 дугаар хорооны арын хэсгээр голдуу явсан. Тэр хооронд шуудайнд байсан зүйлүүд асгараад дууссан. Би давхиж явсаар байгаад өндөрлөгөөр даваад Дэлгэрэхийн усны араар орж, 3 дугаар хороо, 4 дүгээр хорооны ар гэсэн газруудаар явсаар байгаад урагшаа гараад гэртээ харьсан. Тэгээд гэртээ хариад унтаж байтал Ганжаргал цагдаа гурвуулаа билүү хоёулаа байлуу манайд орж ирсэн. Би тэр үед унтаж байсан. Орж ирээд намайг бос гэсэн. Тэгээд куртикээ өмс гэхээр нь өмсөөд гартал үзлэг хийсэн. Тэр үед нөгөө айлаас авсан очир гарч ирсэн. Тэгээд намайг цагдаа дээр авч ирээд байцаалт авсан. Би үнэн зөвөө ярьж хэргээ хүлээсэн. Энэ хэргийн тухайд ингээд болчихож байгаа. Хулгай хийхээр явах саналыг Б  тавьсан. Би зөвшөөрөөд хамт явсан. Хэн нэг нь хүчээр авч явсан, дарамталж барьсан зүйл байхгүй. ...Би энэ хэрэгт хамаатай зүйл байхгүй. Манай ахын л хадам талын хүмүүс байгаа юм. Энэ хэргийн талаар шал худлаа яриад байгаа юм. Тав дахь өдрийн орой явсан гэх юм байна лээ. Би тэр үед Батбаатар ахынд өдөр нь байсан. Батбаатар ах мэднэ. Тэгээд оройхон шиг Хадаа гэж айлаар орсон. Хадаагийнд манай эгч Өлзийсайхан байсан. Тэр хоёр бас гэрчлэх байх. Тэгээд хадам ээжийндээ орж хоносон. Тэгэхээр  би  энэ хэрэгт холбоо байхгүй. Нилээн дээр л Б  зугтаасан гэлүү, айл ухаад хаясан гэлүү гэсэн юм яриад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 155-157 хуудас/,

Шүүгдэгч Э.Б ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...Тэр өдөр 15 цагийн орчимд Х  манай гэрт ирсэн. Би тэр үед гэртээ ганцаараа байсан. Х  манайд ирэхдээ ганцаараа ногоон өнгийн Мустанг маркийн мотоцикльтой ирсэн. Тэгээд намайг хамтдаа манай хөдөө гэрт очоод ирье гэсэн. Тэгэхээр нь би хамт явсан. Хөдөө гэр нь хаана байдгийг нь би мэдэхгүй. Урьд нь хөдөө гэрээр нь очиж байгаагүй болохоор тэр талаар мэдэхгүй байсан. Тэгээд хөдөө гэр рүүгээ явж байна гээд аймгийн төвөөс чанх урагшаа чигтээ нилээд явсан. Бид хоёрыг аймгаас гарах үед 16 цаг болж байсан байх. Урагшаа гараад бүрэнхий болтол явсан. Замдаа мотоциклийн хойд дугуй хагараад дугуйгаа нөхөж бариад бас нилээд удсан. Лав цаг орчим болсон байх. Дугуйгаа нөхөж аваад бүрэнхий тасрах хүртэл явж байгаад зам дээр зогсоод "чи эндээ байж бай, би явчихаад ирье" гэж хэлээд намайг замын хажууд буулгаж орхичихоод хойшоогоо чигтээ ганцаараа яваад өгсөн. Тэгж явчихаад шөнө болж байхад буцаж ирсэн. Ирэх үедээ нэг шуудайтай юм авч ирээд намайг бариад яваадах гэсэн. Би тэр шуудайтай зүйлийг нь барьж араар нь сундлаад аймагт ирсэн. Аймгийн төв дээр ирээд шууд манай гэрийн гадаа очсон. Намайг буух үед "чи энийг авч ороод идчих" гээд нэг гүзээтэй тос өгсөн. Би гэртээ ороод байж байтал удалгүй Ганжаргал цагдаа манай гэрт орж ирээд манай ах Б г аваад явсан. Тэр үед цаг 21 цаг болсон байсан байх, нилээд орой болсон байсан. Тэр үед манай ах унтаж байсан. Тэгснээ 02 цагийн үед Ганжаргал цагдаа дахиж манайд ирээд намайг дагуулж цагдаа дээр ирсэн. Ганжаргал цагдаа надаас "чи Хатнаатай хамт явж хаанаас юу хулгай хийснээ хэл" гэхээр нь би "та юу яриад байгаа юм бэ" гэхэд намайг нүдсэн. Тэгээд цагдаагийн нэг давхарт намайг паарнаас гавалж хонуулсан. Тэгээд өглөө нь намайг дуудаад байцаалт авсан. Тэр өдрөө надаас "Х ын надад өгсөн гүзээтэй тос"-ыг Ганжаргал цагдаа өөрөө гэрт очиж хурааж авсан. Тэгээд маргааш ирээрэй гээд явуулсан. Маргааш өглөөний 09 цагт би ирсэн чинь гөлөмний талаар асуугаад байсан. Тэгэхээр нь би та юу яриад байгаа юм гэхэд намайг бороохойгоор цохьсон. Тэгснээ удалгүй намайг гарч бай гээд гаргасан. Тэгээд өөр юм болоогүй. ...Ногоон өнгийн дээл, хар хромон гуталтай явсан. Тэр хувцаснуудыг Ганжаргал цагдаа өөрөө хурааж авсан байгаа. Надад буцааж өгөөгүй байгаа. ...Тийм хулгайлж барьсан зүйл гэдгийг нь би мэдээгүй. Энийг идчих гэхээр нь л авсан байсан. Хаанаас авсан талаар нь би мэдээгүй байсан. ...Тэр өдөр Х  дээл өмчихсөн доогуураа арзгар ултай шар өнгийн гуталтай байсан. Тэр хувцсыг нь бас хурааж авсан байх. ...Х  аймгаас гарах үедээ куртиктэй явж байсан. Хөдөө очсоны дараа л дээлээ өмссөн байх. Тэр үед бүрэнхий болсон байсан болохоор дээлний өнгийг нь харж чадаагүй. Би багадаа нүдэндээ гэмтэл авч байсан. Тэр өвчнөөрөө эмнэлгийн хяналтанд байдаг юм. Нэг нүд бол харахгүй. Нөгөө нүд дутуу хардаг. Би тогтмол ажил хийдэггүй. Налайхад ажилдаг. Заримдаа чулуу шорооны ажилд Богд, Уянга сумдаар явдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 163-164 хуудас/,

 Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаартай: “...1. 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Эргэн дэнж” гэх газар нутаглаж байсан Д.Ө гийн эзэмшлийн гэрээс эд зүйл алдагдсан гэх хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан тээврийн хэрэгслийн мөр шинжилгээнд тэнцэнэ. 2. Харьцуулах шинжилгээнд ирүүлсэн Т.Х , Э.Б  нарын унаж явсан мотоциклийн мөртэй 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Эргэн дэнж” гэх газар нутаглаж байсан Д.Ө гийн эзэмшлийн гэрээс эд зүйл алдагдсан гэх хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан тээврийн хэрэгслийн мөр ерөнхий болон хувийн онцлог шинж тохирч байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 123-124 хуудас/,

Гэрч Д.Цогхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр эхнэр Төмөрбатын хамт урд айлынхаа Б , эхнэр Саранхүүгийн хамт 2 дугаар багийн хуралд суухаар Эргэн дэнжийн багийн хуралд 14 цагийн үед явсан. Тэгээд 19 цаг өнгөрч байхад Б ийн хамт гэр рүүгээ явсан. Тэгээд эхлээд манайд ирчихээд манайд 30 орчим минут байгаад урагшаа Б ийнх рүү явсан. Би эхнэртэйгээ гэртээ үлдсэн. Харин Б  эхнэртэйгээ гэр рүүгээ явсан. Би гэрийнхээ гаднаас Б ийн гэр рүү харахад гэрийн урагш мотоциклийн араас Б  машинтайгаа хөөгөөд явахыг харсан. Би Б ийн утас руу залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд утсаа авахаар нь яасан бэ гэж асуухад мотоцикльтой хүн зугтаачихлаа гэж хэлсэн. Би Б ийн гэрт ирсэн. Тэгтэл Б ийн гэрийн цоожийг эвдээд гэрт нь хулгай орж 4 авдрых нь цоожийг эвдээд дотор нь байсан хувцас эд зүйлийг нь гаргаж шалаар тараасан байсан. Тэгээд бид нар мөр хөөсөн. Гэрээс урагш 200 метр орчим зайтай Б ийн гэрээс хулгай хийж авсан эд зүйлээ цувуулаад хаясан байсан. Мөн ногоон өнгийн том Хятад гар утас, мотоциклийн хугархай толь 1 ширхэг, 17-ын түлхүүр, жижиг лапатак газар хэвтэж байсан. Бид нар юманд нь хүрэхгүй цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/,

Гэрч Т.Х-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Т.Х  нь миний төрсөн дүү байгаа юм. ...Хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй. Надад нэг шар өнгийн мотоцикль байсан. Би тэр мотоциклио одоогоос сар шахам хугацааны өмнө Арвайхээр сумын 9 дүгээр багт гэр нь байдаг Харка буюу Отгонбаатар гэж залууд 100000 төгрөгөөр зарсан. Гэр нь 9 дүгээр багт “Атар Өргөө”-ийн орчимд байдаг. Гар утсыг нь мэдэхгүй. Тарагт сумын “Хуурай сайр” гэх газар алт гарч байгаа газар руу хааяа яваад өгдөг залуу байгаа юм. Тийшээ л явчихаагүй бол байгаа байх. Тарагтын гарлын гэж ярьдаг байх. ...Шар өнгөтэй, толгой судар нь хагарсан, урд гэрэл байхгүй, муухан мотоцикль байсан. Мустанг-5 маркийн мотоцикль байсан. Зарах үедээ эд ангийг нь солиогүй над дээр байсан тэр байдлаар нь л зарсан. ...Э.Б  нь бандгар ногоон утас барьдаг байсан. Урдаа гэрэлтэй, гэрэл нь их тод асдаг утас бариад байдаг юм. Яг хэдний өдрийг сайн санахгүй байна, 2017 оны 10 дугаар сарын 17-ны хавьцаа байсан байх. Хоёр дахь өдөр билүү, гурав дахь өдөр байлуу манайд Б  ганцаараа орж ирээд гар утас гэсэн юм яриад байсан. Тэр үед манай гэрт манай эхнэр хүүхэд л байсан. Б  манайд орж ирээд утсаа хаячихсан байна гэсэн юм яриад байсан. Хаана, хэзээ хаясан талаараа бол яриагүй, би ч тэр талаар асуугаагүй. Би нэг их анзаараагүй удалгүй хадам аав ирээд Б г аваад явсан. Энэ талаар өөр мэдэх зүйл байхгүй. ...Намайг гэрт очих үед манайд тэр хүмүүс байгаагүй, Б  бол байж байгаад явсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37, 38 хуудас/,

Гэрч Т.С-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр манай Баянгол сумын 2 дугаар багийн хурал Эргэн дэнж гэх газарт багийн төв дээр болсон юм. Би нөхөр Т.Б ийн хамт гэрээ цоожлоод багийн хуралд явсан. Тэгээд орой 19 цагийн үед гэртээ ирсэн. Манай машинд Цогхүү суусан байсныг замдаа гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд гэрийнхээ араас орж ирэхэд манай гэрийн үүднээс гэрэлгүй мотоцикль хөдлөөд урагшаа явах шиг болсон. Харин манай нөхөр тэр мотоциклийн араас нь явсан. Тэр мотоцикльтой хүн манай хонины хотноос гараад явсан. Тэгээд гэртээ ороход манай гэрийн цоожийг эвдэж хулгай орсон байсан. Манай гэрийн хамаг юмыг ухаж түнхэж хойморт байсан 4 авдрын цоожийг эвдэж дотор нь байсан дээл хувцас хамаг юмыг гаргаж шалаар тарааж мөнгөн эдлэлүүдийг аваад явсан байсан. Манай нөхөр тэр мотоцикльтой хүний араас явж байгаад гол гаргаад алдсан гэж байсан. Харин манай гэрээс урагш 200 метр очим газарт манай гэрээс хулгай хийж авсан юмаа тарааж хаячихаад явсан байсан. Тэр мотоцикльтой хүмүүс гэрэлгүй зугтааж байгаад онхолдож унасан юм шиг байсан. Тэр унасан газар нь ногоон өнгийн гар утас, мотоциклийн толь, 17-ын түлхүүр, лапатак зэргийг хаячихаад явсан байсан. Манай гэрээс алдагдсан 11 ширхэг мөнгөн аягыг цагаан даавуунд боосон байсан, мөн манай нөхрийн 6 ширхэг цагаан даруулгатай, ясан хяртай мөнгөн эмээл, эрэгтэй, эмэгтэй мөнгөн бүс, мөнгөн хазаар, дээлийн мөнгөн хормойн боолт, 5 ширхэг шаазан аяга, цагаан хөөрөг, мөнгөн бугуйвч, тамхины уут, жижиг хар цүнх дотор нь хуучны мөнгөн дэвсгэрт зэрэг байсан. Миний хүрэн өнгийн хөвөнтэй дээлэнд боогоод аваад явсан байсан. Манай алдсан мөнгөн эдлэл дандаа хуучны аав, ээжээс өвлөгдөн ирсэн эд зүйл байгаа юм. Мөн манай гэрийн гадаа байсан мотоциклийн дугуйг хутгаар хагалаад сэвчээний утсыг аваад явсан байсан. ...Алдсан эд зүйлсээ бүгдийг нь олж авсан. Жижиг хар цүнх олдохгүй байсныг голын хажуугаас орсон. ...Манай алдсан 11 ширхэг мөнгөн аяганы 2 нь их гарын том аяга, 7 нь дунд гарын, 2 ширхэг нь бага гарын мөнгөн аяга байгаа. 1 дунд гарын мөнгөн аяга нь хар хуванцар тагштай мөнгөн аяга байгаа. Бусад нь дандаа үндэс тагштай мөнгөн аяга байгаа юм. Эдгээр аяганууд нь аав, ээжээс өв дамжин ирсэн юм. Харин эрэгтэй, эмэгтэй мөнгөн бүсийг худалдан авч байсан. Миний цагаан савтай нүүрний тосыг авсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-52 хуудас/,

Гэрч Р.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Энэ Х-н гэрт болсон асуудал байсан. 2017 оны 10 дугаар сарын дундуур байсан. Би Эрдэнэбуянгийн гэрт очдог өдрөө лхагва гариг байсныг сайн санаж байна. Би 1 дэх, 2 дахь өдөр нь гадуур ажилтай байж байгаад очиж амжаагүй. 3 дахь өдөр нь найз Энхтуяагийн хамт Эрдэнэбуянгийн гэрээр очсон юм. Тэнд байх үед Б  эгчийндээ орж ирээд юм хайгаад байх шиг байснаа эгчээсээ миний утас харагдаагүй юу? би утсаа олохгүй байна гэж байсан. Тэгээд байж байтал Б гийн аав нь ирээд аваад явсан. Хаана хэзээ хаясан талаараа яриагүй. Утсаа асуугаад хайгаад байсан юм. Тэгээд Энхтуяа бид хоёр ч гэсэн тэднийхээс явсан. Бид хоёр тэдний гэрт 16-17 цагийн хооронд очсон. Б  нь бид нарыг орж ирээд удаагүй байхад орж ирээд бид нарыг явахаас өмнөхөн явсан. ...2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хавьцаа байсан байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56 хуудас/,

Гэрч Л.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр билүү Налайх руу даргатайгаа ярьж мөнгө цаас шилжиж ирэхээр Налайх явна гээд гэрээсээ 11-12 цагийн орчимд гарсан байгаа юм. Тэгээд тэр өдөр гэрээрээ үзэгдэхгүй байсан. Тэгээд би орой 18 цагийн үед хүргэний охиныг хүргэж өгөх гээд очих үед Б  Х ын гэрт байж байсан. Тэгээд Б г аваад гэртээ харьсан. Тэгэхэд л Б  гар утсаа зах дээр хаясан гэсэн юм яриад байсан. Тэр шөнө нь 3-4 цагийн орчимд Б гийн гар утаснаас манай бэр Баярмаагийн утас руу ярьсан гэж байсан. Бэр хүүхнээс нэрийг нь асуугаад байсан гэж Баярмаа маргааш өглөө нь ярьж байсан юм. ...Хоног зөрүүлж хэлсэн байж магадгүй, тэр тал дээр өөрийгөө зөвтгөх зүйл алга...” /хх-ийн 59-60 хуудас/,

Гэрч Б.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэр хэрэг гардаг өдөр Б  надтай утсаар яриад манай гэрт хулгай орчихсон байна. Хулгай хийсэн хүмүүс нь танайх руу чигтээ мотоцикльтой явж байна. Та өмнөөс нь амдаад болвол зогсоохыг бодооч гэхээр нь би гэрээсээ гараад мотоциклио асаасан. Тэр үед нөгөө мотоицкльтой хүмүүс манай хойгуур гарсан замаар орж ирж байхаар нь би өмнөөс нь амдсан чинь нөгөө хүмүүс замаа орхиод баруун тийш чигтэй довон дундуур давхиад явчихсан. Би араас нь гэрэл тусгаж ойртох гэсэн боловч амжаагүй. Ойролцоогоор 200-300 метр зайд ойртож гэрэл тусгаж харахад мотоцикль дээр 2 хүн байсан. Араар нь сундалсан хүн нь нилээд биерхүү, бор шаргалдуу өнгийн дээлтэй хүн байгаа нь харагдсан. Довон дундуур гэрэлтэй явж байгаад гэрэлгүй болчих шиг болсон. Довноос гараад гэрлээ унтраасан байж магадгүй юм. Манайх онгийн голтой ойрхон 3 км орчим зайтай байдаг юм. Гол гараад явчихсан байж магадгүй, бараа нь харагдахаа байсан. Тэр үед ямар ч байсан сундлаатай хоёр хүн мотоцикльтой зугтаасныг араас нь хөөгөөд гүйцээгүй. Тэгээд тэр хүмүүс харагдахаа болихоор нь шууд гэртээ хариад Б тэй ярихад манай гэрийг ухсан байна. Авсан юмнууд болон хаалга үүд эвдсэн зүйл гар утсаа хаячихаад явсан байсан. Хүрч болохгүй гээд цагдаа дуудчихаад байж байна гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-65 хуудас/,

Гэрч Ц.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 2 дугаар баг, Хүрэн толгой гэх газарт иргэн Т.Б ийн 5 ханатай Монгол гэрийн цоожийг эвдэж хулгай орж эд зүйл алдагдсан хэрэг гарсан. Би дуудлагаар очиж хэргийн газар дээр ажиллаж байгаад ногоон өнгийн гадаргуутай гар утас олсон. Тэгээд гар утсаар нь залгасан дугаар байхаар нь залгаж үзэхэд нэг эмэгтэй хүн аваад Б  юу хаана байгаа юм гээд байсан. Тэгж л тэр Э ын Б гийн гар утас болох нь тогтоогдсон. Би 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр уг хэргийг шалгаж аймагт ирсэн. 18-ны өдрийн 22 цагийн үед Өвөрхангай аймгийн Баянгол сумын 2 дугаар баг Эргэн дэнж гэх газарт Д.Ө гийн 5 ханатай Монгол гэр, зуны байшин, гадна нь байсан контейнерт хулгай орж эд зүйл алдагдсан. Иргэн О ын 5 ханатай Монгол гэрийн цоожийг эвдэж хулгай орсон байна гэсэн дуудлага ирсэн. Би Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрээр явж байгаад Б гийн гэрийг олж очсон. Намайг гэрт нь ороход Б  гэртээ байсан. Мөн Б  гэх залуу малын гүзээтэй тос барьчихсан орон доогуураа хийж байсан. Би Б г асуугаад цагдаагийн газарт авч ирээд уулзахад Б  нь архи уусан байсан тул эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн. Би шөнийн 04 цагийн үед буцаад гэрт нь ирж Б н дүү Б ыг малын гүзээтэй тостой нь цагдаагийн газарт авч ирсэн. Би Б гаас юун гүзээтэй тос юм гэж асуухад Б  би мэдэхгүй гэж хэлсэн. Би Б ыг цагдаагийн газрын үүдэнд үлдээгээд шинжээч тэслэгч Д.Гүен, жолооч цагдаа Т.Баяраа нарын хамт 10 дугаар багаас Х ын гэрт очиж Т.Х ыг авч ирээд биед нь үзлэг хийхэд халааснаас нь шар өнгийн металан очир гарч ирсэн. Энэ нь иргэн Ө гийн гэрээс алдагдсан эд зүйл байсан. Б ын гэрээс авч ирсэн гүзээтэй тос нь Н-ын гэрээс авсан тос болох нь тогтоогдсон. Тэгээд л хэргийг үргэлжлүүлэн шалгасан. Т.Х  нь би бичиг үсэг мэдэхгүй гэсэн тул өмгөөлөгчөө олж ирсэн. Харин Т.Х  нь би төлбөрийн чадваргүй тул улсын өмгөөлөгч авна гэсэн. Би улсын өмгөөлөгч Б.Хандмааг дуудаж Т.Х , Э.Б  нартай уулзуулсан. Тэр хоёр Б.Хандмаа өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхөөр болсон. Тэгээд тэр хоёроос гэрчийн мэдүүлэг авсан. Харин Э.Б г эрүүлжүүлэх байрнаас гаргаж уулзахад бичиг үсэг мэдэхгүй гэсэн тул Т.Оюунчимэг өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй гээд өмгөөлөгч Т.Оюунчимэгийг байлцуулан гэрчээр мэдүүлэг авсан. Дараа нь хэд хоногийн дараа Т.Х , Э.Б , Э.Б  нараас сэжигтнээр мэдүүлэг авсан. Мэдүүлэг авахад өмгөөлөгч Б.Хандмаа оролцсон. Би эрүү шүүлт тулгаж, зодож мэдүүлэг авсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-67 хуудас/,

Өвөрхангай аймгийн Баянгол сумын Засаг даргын дэргэдэх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох комиссын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн үнэлгээ тогтоох комиссын хуралдааны тэмдэглэл /хх-72/,

Өвөрхангай аймгийн Баянгол сумын Засаг даргын дэргэдэх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох комиссын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн үнэлгээ тогтоох комиссын хуралдааны тэмдэглэл /хх-85/

Өвөрхангай аймгийн Баянгол сумын Засаг даргын дэргэдэх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох комиссын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн үнэлгээ тогтоох комиссын хуралдааны тэмдэглэл /хх-100/,

Хохирогч Т.Б ийн шүүхэд ирүүлсэн: “... Хохирогч Т.Б  миний бие нь Э.Б гаас хохирлын мөнөг 63000 төгрөг хүлээн авсан. Өөр гомдолгүй, хохиролгүй, шүүх хуралд биеэр оролцож чадахгүй болно...”  гэсэн хүсэлт,

Хохирогч Д.Ө гийн шүүхэд ирүүлсэн: “... Э.Б  нь Д.Ө гийн гэрээс 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 696000 төгрөгийн эд зүйл хулгайлж хохирол учруулсныг аав Л.Э  нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төлж хохирлыг барагдуулсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болно. …Т.Х  нь хохиролд 310000 төгрөг төлсөн...” гэсэн хүсэлт,

Хохирогч Г.О ын шүүхэд ирүүлсэн: “... Э.Б  нь Г.О ын гэрээс 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 104000 төгрөгийн эд зүйл хулгайлж хохирол учруулсныг аав Л.Э  нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төлж хохирлыг барагдуулсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болно...” гэсэн хүсэлт,

Хохирогч Э.Н-ын шүүхэд ирүүлсэн “...Э.Н миний бие 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Л.Э аас 245000 төгрөгийн хохирол барагдуулах гэж өгсөн нь үнэн болно. Ийм учраас Э.Б ад хохирол барагдуулсан учир гомдол саналгүй боллоо...” гэсэн хүсэлт зэрэг болно.

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дугаартай эрүүгийн хэргийг нэгтгэх тухай захирамжаар шүүгдэгч Т.Х , Э.Б  нарт холбогдох эрүүгийн 1726001210071 дугаартай хэрэгт шүүгдэгч Т.Х , Э.Б  нарт холбогдох эрүүгийн 1726001220056 дугаартай хэргийг нэгтгэжээ.

Шүүгдэгч Т.Х , Э.Б  нар нь бүлэглэж, улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоцикль ашиглан, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, "Эргэн дэнж" гэх газар хохирогч Д.Ө гийн гэр болон зуны байшинд нэвтэрч мөнгөн аяга 1 ширхэг, дуран 1 ширхэг, мөнгөн бугуйвч 2 ширхэг, мөнгөн бөгж 3 ширхэг, хазаарын мөнгөн товруу 4 ширхэг, хазаарын мөнгөн кольцо 12 ширхэг, цагаан саран хэлбэртэй мөнгө 1 ширхэг, гуулин очир 1 ширхэг, тогооны өрөм 2 ширхэг, ямааны ааруул 5 килограмм, ямааны ээзгий 3 килограмм, хөөрөгний даваа толгой 1 ширхэг зэрэг 1384000 /Нэг сая гурван зуун наян дөрвөн мянга/ төгрөгийн,

Мөн хохирогч Д.Ө гийн гэрийн гадаа байсан хохирогч Э.Н-ын  контейнерт нэвтэрч 15.3 килограмм жинтэй гүзээтэй тос 1 ширхэг, 20 килограмм жинтэй гүзээтэй тос 1 ширхэг, хүрэн өнгийн булгиаран гөлөм 1 ширхэг зэрэг 476500 /Дөрвөн зуун далан зургаан мянга таван зуу/ төгрөгийн,

Хохирогч Г.О ын гэрт нэвтэрч эрэгтэй хүний түрүүтэй гутал 1 хос, 6 килограмм жинтэй гүзээтэй өрөм 1 ширхэг, ямааны ааруул 4 килограмм, шилтэй өргөст хэмх 1 ширхэг, 11 алд урттай сур 1 ширхэг зэрэг 196700 /нэг зуун ерэн зургаан мянга долоон зуу/ төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд хохирогч Д.Ө  /хх-41-46/, Г.О  /хх-56-59/, мөрдөн байцаалтанд хохирогч Э.Н “/хх-49-52/, гэрч Д.Буянжаргал /хх-67-68/, Б.Мөнхтуяа /хх-69-70/, Х.Үүрцайх /71-73/, Б.Баяртуяа /хх-76-77/, гэрч М.Ганболд /хх-66/, гэрч Л.Э  /хх-81-82/, гэрч Б.Шинэтуяа /хх-88-89/ нарын мэдүүлэг, 15.3 кг жинтэй гүзээтэй тосонд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-24-25/, ногоон өнгийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-19-20/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-35/, шүүгдэгч Т.Х аас гуулин очир 1 ширхгийг хураан авсан тэмдэглэл /хх-34/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ий үнэлгээний №10/39, №10/42, №12/34 дугаартай үнэлгээний тайлан /хх-91-92/, 101-102, 132-133/,Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаартай “Харьцуулах шинжилгээнд ирүүлсэн Т.Х , Э.Б  нарын унаж явсан мотоциклийн мөртэй 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Эргэн дэнж” гэх газар нутаглаж байсан Д.Ө гийн эзэмшлийн гэрээс эд зүйл алдагдсан гэх хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан тээврийн хэрэгслийн мөр ерөнхий болон хувийн онцлог шинж тохирч байна.” гэсэн дүгнэлт /хх-122-124/, шүүгдэгч Т.Х , Э.Б  нарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх-148-149, 155-157, 158, 163-164/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-19-20/ зэрэг нотлох баримтуудаар,

     Шүүгдэгч Т.Х , Э.Б  нар нь бүлэглэж улсын дугааргүй, улбар шар өнгийн “Мустанг 5” маркийн мотоцикль ашиглаж 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 19-20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Баянгол сумын 2 дугаар баг Хүрэн толгой гэх газар нутаглах Т.Б ийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж хууль бусаар орон байранд нэвтрэн орж, эд зүйл хулгайлж 11913000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Т.Б  /18-22, 24-25/, гэрч Д.Цогхүү /хх-29-30/, Т.Хүрэлбаатар /хх-36-38/, Г.Отгонбаатар /хх-39-40/,Н.Равжир /хх-43/, Т.Саранхүү /хх-50-52/, Ш.Баярмаа /хх-53-54/, Р.Батзаяа /хх-55-56/, Э.Эрдэнэбуян /хх-57-58/, Л.Э  /59-60/, Б.Энхбат /хх-63-65/, Ц.Г /хх-66-67/ нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Баянгол сумын Засаг даргын дэргэдэх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох комиссын үнэлгээ /хх-72, 85/, шүүгдэгч Э.Б н сэжигтэн, яллагдагчаар өгсөн /хх113-114/ мэдүүлгүүд болон хохирол төлсөн баримт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-10/, “цэцэгний зурагтай ягаан эрээн өнгийн төмөр цоож 1 ширхэг, ногоон өнгийн пиавар гадаргуутай дээрээ гар шийдэнтэй, GROED гэсэн бичигтэй гар утас 1 ширхэг, 17 гэсэн тоотой цагаан өнгийн төмөр түлхүүр 1 ширхэг, мотоциклийн толь 1 ширхэг, бор өнгийн эрээн даавуун ороолт 1 ширхэг, цагаан өнгийн төмөр лапатик 1 ширхэг” зэргийг эд мөрийн баримтаар тооцёон тогтоол /хх-11/ болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

   Шүүгдэгч Э.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Би Х тай хамт хулгай хийгээгүй. Ганцаараа явсан. Хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн улаан өнгийн Даюун маркийн мотоциклиор явсан” гэж мэдүүлж байгаа боловч энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Т.Б ийн “...гэрийн урдаас мотоцикльтой хүн хөдлөөд явах шиг болсон. Юун хүн юм бол гээд араас нь явсан чинь замаа буруулаад явахаар нь хар аваад хөөсөн чинь мотоцикльтой 2 хүн зугатаасаар байгаад Онгийн гол гараад зугатаасан./хх-18-22/”, гэрч Б.Энхбатын “Б  надтай утсаар яриад манай гэрт хулгай орчихсон байна. Хулгай хийсэн хүмүүс нь танайх руу чигтээ мотоцикльтой явж байна. Та өмнөөс нь амдаад болбол зогсоохыг бодооч гэхээр нь би гэрээсээ гараад мотоциклио асаасан.Тэр үед нөгөө мотоцикльтой хүмүүс манай хойгуур гарсан замаар орж ирж байхаар нь би өмнөөс нь амдсан чинь нөгөө хүмүүс замаа орхиод баруун тийш чигтээ довон дундуур давхиад явчихсан. 200-300 метр зайд ойртож гэрэл тусгаж харахад мотоцикль дээр 2 хүн байсан. Араар сундалсан хүн нь нилээд биерхүү, бор шаргадуу өнгийн дээлтэй хүн байгаа харагдсан” /хх-63-66/, гэрч Т.Хүрэлбаатарын “надад шар өнгийн мотоцикль байсан. Шар өнгөтэй, толгой судар нь хагарсан, урд гэрэл байхгүй, Мустанг-5 маркийн мотоцикль байсан” /хх-36-37/, шүүгдэгч Э.Б н сэжигтнээр өгсөн “...Х  намайг гадаа байж бай гэж хэлээд гэрийн цоожийг мотоциклийн түлхүүр, төмөр лапатик 2 гаргаж ирээд шууд эвдэж орсон. Гэрээс бараан өнгийн даавуунд бөөрөнхийлээд боосон юм авч гарч ирээд надад өгсөн. Х  мотоциклио асаагаад хөдлөх гэж байсан чинь гэрийн араас машины гэрэл гарч ирсэн. Х  бид хоёр мотоциклио асаагаад зугатаасан. Би авч явсан юмаа замдаа хаясан. Х  сандраад мотоциклио унаж чадахгүй байхаар нь би унаад зугатаасан. Х  бараан саарал өнгийн дээл, бор өнгийн түрийтэй, ээтэн монголдуу гуталтай,  хар саравчтай малгайтай, унаж явсан мотоцикль нь Х ын ах Хүрэлбаатарын мотоцикль байгаа юм. Ягаан шар өнгийн “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоцикль байсан.” гэсэн мэдүүлгүүдээр няцаагдаж байна.

   Шүүгдэгч Э.Х , Э.Б , Э.Б  нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Т.Х , Э.Б , Э.Б  нарыг бүлэглэж,  хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, агуулахад  нэвтэрч, машин механизм хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

  Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Т.Х ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөөгүй, хор уршгийг арилгаагүй болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш үйлдсэн” гэж заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг,

  Шүүгдэгч Э.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Э.Б н өмгөөлөгч Б.Энхтуяа шүүхэд  “Э.Б  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргажээ.

Шүүгдэгч Э.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би Х тай хамт хулгай хийгээгүй. Ганцаараа явсан. Хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн улаан өнгийн Даюун маркийн мотоциклиор явсан. Хохирлоо нөхөн төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлж байгаа хэдий ч шүүгдэгч Э.Б  нь Т.Х тай бүлэглэж, Т.Хүрэлбаатарын өмчлөлийн улбар шар өнгийн, улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикль ашиглаж Өвөрхангай аймгийн Баянгол сумын 2 дугаар баг “Хүрэн толгой” гэх газар оршин суух хохирогч Т.Б ийн гэрт хууль бусаар, нууцаар нэвтэрч, 11913000 төгрөгийн эд зүйлийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн,

шүүгдэгч Т.Х , Э.Б  нар нь хулгайлсан эд зүйлээ хохирогч Т.Б ийн гэрийн ойролцоо хаяж зугатаасны улмаас тухайн эд зүйлийг хохирогч буцааж авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

           Шүүгдэгч Э.Б г үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,  шүүгдэгч Т.Х , Э.Б  нарыг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх  боломжгүй байх тул өмгөөлөгч Б.Энхтуяагийн гаргасан “Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Э.Б   нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, хохирогч Э.Н-ын “Э.Б ын аав Л.Э  нь 245000 төгрөгийн хохирол барагдуулсан учраас Э.Б ад гомдол саналгүй боллоо”, хохирогч Г.О ын “Э.Б ын аав Л.Э аас 104000 төгрөгийн хохирлыг барагдууллаа. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй”, хохирогч Д.Ө гийн “Э.Б ын аав Л.Э аас 696000 төгрөгийн хохирол барагдууллаа. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болно” гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хохирогч Д.Ө , Г.О  нарын шүүхийн хэлэлцүүлэгт “Э.Б аас хохирлоо барагдуулж авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн” мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэнэ гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилжээ.

Иймд шүүгдэгч Э.Б ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 3-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар  зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй  гэж шүүх үзлээ.

        Шүүгдэгч Т.Х т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч Э.Б д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч Э.Б ад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Т.Х , Э.Б , Э.Б  нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тэдэнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Х , Э.Б , Э.Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй, шүүгдэгч Т.Х  нь Д.Ө д 310000 төгрөг, шүүгдэгч Э.Б  нь хохирогч Д.Ө д 696000 төгрөг, хохирогч Э.Нд 245000 төгрөг, хохирогч Г.О д 104000 төгрөг, шүүгдэгч Э.Б  нь хохирогч Т.Б д 63000 төгрөг тус тус төлсөн, шүүгдэгч Э.Б , Т.Х  нар нь хохирогч Т.Б д, шүүгдэгч Э.Б  нь хохирогч Д.Ө , Э.Н, Г.О  нарт тус тус төлөх төлбөргүй, хохирогч Э.Н, Д.Ө , Г.О  нар нь шүүгдэгч Э.Б ад,  хохирогч Т.Б  нь шүүгдэгч Т.Х , Э.Б  нарт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Хохирогч Э.Н нь 15.3 кг жинтэй гүзээтэй тосыг хүлээн авсан болох нь  хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-24/, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /хх-25/,

Хохирогч Т.Б  нь хулгайд алдагдсан эд зүйлээ хүлээн авсан болох нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-16/, хохирогч Т.Б ийн мэдүүлэг /хх-18-22, 24-25/, гэрч Саранхүүгийн /хх-50-52/ мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.Х аас 586600 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Ө д 282000 төгрөгийг, хохирогч Э.Нд 206250 төгрөгийг, хохирогч Г.О д 98350 төгрөгийг тус тус олгож,

Хохирогч Д.Ө  нь цоожны үнэ 9000 төгрөгийг, хохирогч Г.О  нь цоожны үнэ 10000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэсэн тул хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэлээ.

Шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлэхдээ хэрэгт эд  мөрийн баримтаар хураагдсан гуулин очирын үнэ болох 100000 төгрөгийг хохирогч Д.Ө д учирсан  хохирлоос, 15.3 кг гүзээтэй тосны үнэ болох 76500 төгрөгийг хохирогч Э.Нд учирсан хохирлоос тус тус хасч тооцлоо.

Шүүгдэгч Т.Х , Э.Б  нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ногоон өнгийн улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоцикль нь иргэний нэхэмжлэгч М.Ганболдын өмчлөлийн мотоцикль болох нь гэрч М.Ганболд, Б.Шинэтуяа нарын мэдүүлэг, шүүгдэгч Т.Х , Э.Б  нарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтээр,

Шүүгдэгч Т.Х , Э.Б  нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улбар шар өнгийн улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоцикль нь гэмт хэрэг үйлдэгдэх үед гэрч Т.Хүрэлбаатарын өмчлөлд байсан бөгөөд Т.Хүрэлбаатараас Г.Отгонбаатарт, Г.Отгонбаатараас Н.Равжирт, Н.Равжираас Н.Цэрэнтогтоход тус тус худалдагдсан, одоо иргэний нэхэмжлэгч Н.Цэрэнтогтохын өмчлөлийнх болох нь гэрч Т.Хүрэлбаатар /хх-36-38/, Г.Отгонбаатар /хх-39-40/, Н.Равжир /хх-43/ нарын мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /хх-45-47/,

Ногоон өнгийн, улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклийн зах зээлийн үнэ  500000 төгрөг болох нь Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ий 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №02/25 дугаартай үнэлгээний тайлангаар,

Улбар шар өнгийн, улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклийн зах зээлийн үнэ 600000 төгрөг болох нь Өвөрхангай аймгийн Баянгол сумын хөрөнгийн үнэлгээ тогтоох комиссын хуралдааны тэмдэглэлээр /хх-100/ тус тус тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.Х , Э.Б  нараас иргэний нэхэмжлэгч М.Ганболдын өмчлөлийн ногоон өнгийн, улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклийн үнэ 500000 төгрөгийг шүүгдэгч нарт тэнцүү хувааж тус бүр 250000 төгрөгийг,

Шүүгдэгч Т.Х , Э.Б  нараас иргэний нэхэмжлэгч Н.Цэрэнтогтохын өмчлөлийн улбар шар өнгийн, улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклийн үнэ 600000 төгрөгийг шүүгдэгч нарт тэнцүү хувааж тус бүр 300000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

 Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн, гар чийдэнтэй “Groid” гэсэн бичигтэй гар утас, бор өнгийн ороолтыг шүүгдэгч нь буцааж авахаар хүсэлт гаргасан тул  шүүгдэгч Э.Б д,

Хохирогч Д.Ө  нь  гуулин очир 1 ширхгийг буцаан авч хохирлоос хасч тооцуулахаар, мөн төмөр жоотууг буцаан авахаар хүсэлт гаргасан тул гуулин очир, төмөр жоотууг хохирогч Д.Ө д,

Ногоон өнгийн, улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоцикль нь иргэний нэхэмжлэгч М.Ганболдын өмчлөлийнх болох нь тогтоогдсон тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн улсын дугааргүй Мустанг 5 маркийн мотоциклийг иргэний нэхэмжлэгч М.Ганболдод тус тус буцаан олгож,

Цагаан өнгийн лапатик төмөр 1 ширхэг, мотоциклийн хугарсан толь 1 ширхэг, ягаан өнгийн цэцэгний зурагтай цоож 1 ширхэг, 17 гэсэн тоотой цагаан өнгийн түлхүүр 1 ширхэг, 60смх6см хэмжээтэй машины нум төмөр 1 ширхэг, ногоон өнгийн төмөр цоож 1 ширхэг, хар өнгийн төмөр цоож 1 ширхэг, цэнхэр өнгийн цоож 1 ширхэг, шар өнгийн цоож 2 ширхэг зэргийг тус тус устгаж,

Шүүгдэгч Э.Б  нь хэрэгт хураагдсан ногоон өнгийн дээл 1 ширхэг, хромон гутал 1 хосыг буцаан авахаар хүсэлт гаргасан тул эдгээр зүйлийг  шүүгдэгч Э.Б ад буцаан олгож тус тус шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Х , Э.Б , Э.Б  нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж,

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Х , Э.Б , Э.Б  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.3,  36,6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3.1, 3.2, 3.5, 3.6, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.7, 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13,  38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн Т.Х , ******* овгийн Э ын Б , ******* овгийн Э ын Б  нарыг бүлэглэж, хүн байнга амьдрах орон байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар ******* овгийн Төмөрийн Х ыг  2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар ******* овгийн Э ын Б г 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар ******* овгийн Э ын Б ыг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х т оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч  Э.Б д оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар, шүүгдэгч Э.Б ад оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлиин 510.1-д зааснаар шүүгдэгч Т.Х аас 586600 төгрөг гаргуулж хохирогч Д.Ө д 282000 төгрөг, хохирогч Э.Нд 206250 төгрөг, хохирогч Г.О д 98350 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Ө гийн хохирлоос 9000 төгрөгийн нэхэмжлэлийг, хохирогч Г.О ын хохирлоос 10000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Т.Х , Э.Б  нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Т.Ц-н эзэмшлийн улсын дугааргүй улбар шар өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийн үнэ болох 600000 төгрөгийг шүүгдэгч Т.Х , Э.Б  нараас, Т.Х , Э.Б  нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан М.Г-н эзэмшлийн мотоциклийн үнэ болох 500000 төгрөгийг шүүгдэгч Т.Х , Э.Б  нараас тус тус тэнцүү хуваан  гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Шүүгдэгч Т.Х , Э.Б , Э.Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй,  шүүгдэгч Т.Х  нь хохирогч Д.Ө д 310000 төгрөг, шүүгдэгч Э.Б  нь хохирогч Д.Ө д 696000 төгрөг, хохирогч Э.Нд 245000 төгрөг, хохирогч Э.Нд 104000 төгрөг, шүүгдэгч Э.Б  нь хохирогч Т.Б д 63000 төгрөг тус тус төлсөн, шүүгдэгч Э.Б , Э.Б  нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Н, Г.О , Т.Б  нар нь шүүгдэгч Э.Б , Э.Б  нарт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн, улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг иргэний нэхэмжлэгч М.Ганболдод, ногоон өнгийн, гар чийдэнтэй “GROID” гэсэн бичигтэй гар утас, бор өнгийн ороолтыг шүүгдэгч Э.Б д, гуулин очир 1 ш, төмөр жоотуу 1 ш хохирогч Д.Ө д, ногоон өнгийн, улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклийг иргэний нэхэмжлэгч М.Ганболдод тус тус буцаан олгож, цагаан өнгийн лапатик төмөр 1 ширхэг, мотоциклын хугарсан толь 1 ширхэг, ягаан өнгийн цэцэгний зурагтай цоож 1 ширхэг, 17 гэсэн тоотой цагаан өнгийн түлхүүр 1 ширхэг,  60смх6см хэмжээтэй машины нум төмөр 1 ширхэг, ногоон өнгийн төмөр цоож 1 ширхэг, хар өнгийн цоож 1, авдарны цүүний цагаан өнгийн хугархай 1 ширхэг, цагаан өнгийн цоож 1 ширхэг, цэнхэр өнгийн цоож 1 ширхэг, шар өнгийн цоож 2 ширхгийг устгаж,  хэрэгт хураагдсан ногоон өнгийн дээл, хромон гутал 1 хосыг шүүгдэгч Э.Б ад буцаан олгосугай.

 8. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Х , Э.Б , Э.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

9. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгзэрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Х , Э.Б , Э.Б  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЦЭЦЭГЭЭ