Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/634

 

 

 

 

  

 

     2024          05             30                                      2024/ДШМ/634                                                                                              

 С.Бөд  холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Шинэбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Одонтуяа,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ж.Т,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/157 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ж.Т нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн С.Бөд холбогдох эрүүгийн 2303007460016 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч,  ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г овгийн  С.Б, 2001 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Увс аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “MSM group” ХХК-д техникч мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх дүү нарын хамт ....................тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .............................../;

            Шүүгдэгч С.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 20.10 цагийн үед Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Зуунмодны зам, “Магнай трейд” ШТС-ын урд талын замд “Тоёота приус-30” маркийн 67-08УБИ улсын дугаартай бусдын эзэмшлийн тээрийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчиж эсрэг урсгалд зорчин явсан А.М жолоочтой “Тоёота акуа” маркийн 3041УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж, “Тоёота акуа” маркийн 3041УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан Ч.Аийн амь нас хохирч, Д.О, Г.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, А.М, Ж.О нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, О.Ж-н эрүүл мэндэд хүнд хохирол, Д.Сын “Тоёота приус-30” маркийн 6708УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 7,010,000 төгрөгийн, А.Мын эзэмшлийн “Тоёота акуа” маркийн 3041УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 10,778,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: С.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилээр хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар С.Бийн эдлэх 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бөд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолох, шүүгдэгч С.Бөд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Б хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ад 37,000,000 төгрөг, хохирогч О.Жд 1,500,000 төгрөг, хохирогч А.Мад 16,000,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Од 1,200,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Ад 1,500,000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд 2,213,640 төгрөг тус тус нөхөн төлснийг дурдаж, шүүгдэгчээс сэтгэцэд учирсан хохирол 145,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ад олгож, хохирогч Ж.О, О.Ж, А.М нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, С.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлд “шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараахь хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ.” 1. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн; 2. Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчдод шууд эмнэлгийн, бусад туслалцааг үзүүлсэн, учруулсан хохирлоо төлсөн; 3. Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдал”-ыг харгалзаж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно.

Мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж тус тус заасан. Дээрх хуулийн хэрэглээг харахад, миний бие осол гаргах үед эрүүл, тухайн зам дээр анх удаа зорчиж байсан, мөн гэрлийн гялбаа, үзэгдэх орчин хязгаарлагдмал тэмдэг тэмдэглэгээ дутуу, унасан байдалтай, гэрэлтүүлэг муу зэрэг нь тус осол болох нөхцөл байдал үүсч замын бродур болон овоолсон шороон дээгүүр харайж эсрэг урсгалд орсон. Ингээд хохирогч нарт туслалцаа үзүүлж, осолдсон машинаас гаргаж, хаалга болон цонхыг нээж, 103, 102-т яаралтай дуудлага өгсөн. Тус хэрэг тээврийн цагдаагийн албанд мөрдөн байцаагдах хугацаанд хохирогч нарын нэхэмжилсэн эд хөрөнгө, эрүүл мэнд, сэтгэл санааны хохиролд өөрийн бүрэн боломж бололцоогоор нэхэмжилсэн хохирлыг төлж, уучлалт гуйж, талархсан. Миний бие болгоомжгүйгээр үйлдэгдсэн хэрэгтээ гэм буруу дээрээ маргахгүй байгаа мөн тогтсон ажил мэргэжилтэй тул цаашид ажил хөдөлмөрөө үргэлжлүүлэн хийж, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө үүгээр илэрхийлж байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, хорихоос өөр төлийн ял оногдуулж өгнө үү. …” гэв.

Шүүгдэгч С.Бийн өмгөөлөгч Ж.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх шүүгдэгч С.Бийн болон өмгөөлөгчийн гаргасан санал хүсэлтийг хэрхэн няцаасан, үгүйсгэсэн талаар дүгнэлтийг шийтгэх тогтоолд тусгаагүй байна. Өөрөөр хэлбэл, энэ талаар шүүхээс огт дүгнэлт хийгээгүй, С.Б нь хорихоос өөр төрлийн ял оногдуулахыг хүсэж, үүнийг нь өмгөөлөгч нь дэмжиж санал, хүсэлт гаргасан байхад дүгнэлт хийгээгүйг буруу гэж үзэж байна. Хохирогч талын зүгээс сэтгэл санааны хохирол гаргуулан авах, 9 ам бүлийн төлөө заавал хорих ял эдлүүлэхгүйгээр ажил хөдөлмөр эрхлүүлж, хохирлоо барагдуулах тал дээрх өмгөөлөгчийн хамтаар гаргасан санал хүсэлтэд шүүхээс дүгнэлт хийгээгүйг харж байна. С.Бийн зүгээс гэм буруу дээр маргаагүй, холбогдсон хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, хохирогч нараас уучлалт хүсэж, сэтгэл санааны хохирлыг ажил хөдөлмөр эрхлэн төлбөрийг барагдуулна гэдгээ байнга илэрхийлж байгаа гэдгийг анхаарч үзэхийг хүсье. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Бөд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгөхийг хүсье. ...” гэв.

Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна.  Энэ гэмт хэргийн улмаас 1 хүний амь нас хохирсон, 3-4 хүний эрүүл мэндэд хохирол учирсан. Хэдий мөнгөн дүнгээр хохирол, төлбөр төлсөн боловч хүний амь нас хохирсон хор уршиг арилахгүй талаар анхан шатны шүүх дүгнэлт хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч С.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 20.10 цагийн үед Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Зуунмодны зам, “Магнай трейд” ШТС-ын урд талын замд “Тоёота приус-30” маркийн 67-08УБИ улсын дугаартай бусдын эзэмшлийн тээрийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчиж эсрэг урсгалд зорчин явсан А.М жолоочтой “Тоёота акуа” маркийн 3041УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж, “Тоёота акуа” маркийн 3041УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан Ч.Аийн амь нас хохирч, Д.О, Г.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, А.М, Ж.О нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, О.Ж-н эрүүл мэндэд хүнд хохирол, Д.Сын “Тоёота приус-30” маркийн 6708УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 7,010,000 төгрөгийн, А.Мын эзэмшлийн “Тоёота акуа” маркийн 3041УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 10,778,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Аын “... 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр манай дүү 14 цагийн үед гар урлангаа Нарантуул зах дээр аваачиж өгөх гээд гэрээсээ гарсан. Тэгээд гар урлангаа өгчихөөд гэр лүүгээ явах унаа хайж байгаад аймгаас хот руу орж ажил хийдэг гэх хүний машинд суугаад явсан. 19 цагийн үед нөхөр лүүгээ залгаад хүнсний дэлгүүр орчихоод очино гэж ярьсан байсан. Осол болсныг нөхөрт нь 22 цаг, надад 22 цаг 30 минутын үед хэлсэн. Миний төрсөн дүү Ч.А 1982 онд Төв аймагт төрсөн. Түүний биед осолд орохоос өмнө ямар нэгэн архаг хууч өвчин, ил харагдах шарх, сорви байгаагүй. ...оршуулгын зардал болон бага насны 3 хүүхдэд нь тэжээгчээ алдсаны зардал нэхэмжилнэ..." /1хх 20-21/,

хохирогч О.Ж-н “...Би хөдлөөд нойр хүрээд унтаж байх үед гэнэт түс, тас гэх чимээ гараад машины цонх хагарч байхыг мэдэрсэн тэгээд хэсэг ухаан алдаад сэрсэн чинь хүмүүс тойроод зогсож байхаар нь надад туслаарай гэсэн чинь миний талын цонхыг хагалаад намайг гаргасан. Би машинаас гарч ирээд аав руугаа утсаараа залгах үед 20 цаг болж байсан. Тэгээд түргэнээр ГССҮТ-д очиж үзүүлэхэд 3 хавирга хугарч, хэвлийн хөндийд шингэн хуралдсан байна гээд 10 хоног эмнэлэгт хэвтсэн. Осол гарах үед тухайн машины жолооч зогсоох арга хэмжээ авсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. Унтахаасаа өмнө жолоочийн км заалтыг харахад дандаа 40-50 км/цагийн хурдтай удаан явж байхаар нь санаа зовохгүй унтсан. Би гомдолтой байгаа. Буруутай жолоочоос эмчилгээний зардал мөнгийг нэхэмжилж байна...” /1хх 96/,

хохирогч А.Мын “...тухайн өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Тууш замын эхлэл буюу “Магнай трейд” ШТС-ын зүүн замаар төв аймаг руу чиглэлтэй явж байсан чинь тойрог хэсэг дээр өөдөөс ирж явсан тээврийн хэрэгсэл гэнэт миний явж байсан урсгал руу орж ирээд мөргөлдөх үед би жолоочийн хүрдийг хажуу тийш нь холдуулаад эргүүлэхэд шууд явсан хүмүүсээ зүгээр үү гэж асуухад хойд талын суудал дээр сууж явсан нэг эгч ёолж байгаад түргэн тусламж ирж үзэх үед нас барсан байна гэж эмч нар хэлсэн. Хойд талд сууж явсан бас нэг эгч хөл нь болохгүй болчихлоо гээд түргэн тусламжийн машинаар ГССҮТ рүү явсан. Осол гарах үед би зогсоох арга хэмжээ авч тормос гишгээд жолоогоо хажуу тийш нь эргүүлэх үед осол гарсан. Тухайн үед харанхуй болох гэж байсан бөгөөд машинууд гэрлээ асаачихсан явж байсан. Тухайн ослын улмаас миний биед учирсан эмчилгээний зардал мөнгөний баримт байгаа. Миний машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл гэх зүйл байгаагүй бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Төв аймагт авто оношилгоонд оруулж тэнцсэн. Би гомдолтой байгаа. Буруутай жолоочоос эмчилгээний зардал мөнгийг нэхэмжилж байна...” /1хх 135/,

хохирогч Ж.Оын “... Нисэхийн тойрог дээрээс хувийн эзэмшлийн жижиг суудлын машинд хойд талын суудлын голд нь суугаад хөдөлсөн. “Манай трөйд” ШТС-ын зүүн замаар Төв аймаг руу чиглэлтэй явж байснаа санаж байгаа бөгөөд ослын талаар ямар нэгэн үйл явдал санахгүй байгаа. Ослын дараа түргэний машинд суулгах үед осолд орсон талаараа мэдсэн. Тухайн ослын умаас миний биөд учирсан эмчилгээний зардлын баримт байгаа. Би гомдолтой байгаа...” /1хх 113/,

иргэний нэхэмжлэгч Д.Оын “... Хөшигтийн хөндийн тууш замын харалдаа арын уулзвар хэсэгт өөдөөс ирж явсан машинтай мөргөлдөж осол гарсан. Би тухайн үед доошоо хараад явж байсан бөгөөд яг яагаад машинтай мөргөлдсөн талаар мэдэхгүй байна. Тэгээд нэг мэдсэн чинь машины урд хэсгээс утаа гараад машиндаа ганцаараа сууж байх шиг байсан. Машинаас буугаад ирсэн чинь толгойноос цус гараад хамт явсан Онгонжаргалыг яасан бол гэж бодоод буцаад машины хаалга онгойлгоод үзсэн чинь ухаан алдчихсан талийгаач хамгийн зүүн талын хойд суудал дээр ёоо ёоо гээд амьсгалж байх шиг байсан. Тэгээд цагдаа болон түргэн тусламжийн машин ирээд арын суудалд сууж явсан эмэгтэйг нас барсан байна гэж хэлсэн. Надад зам тээврийн осолтой холбоотой ямар нэгэн баримт байхгүй. Миний сууж явсан тээврийн хэрэгслийн жолооч осол гарах үед удаан л явж байх шиг байсан. Би хараагүй учраас мэдэхгүй байна. Надад тухайн зам тээврийн осолтой холбоотой гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /1хх 141/,

иргэний нэхэмжлэгч Г.Алтан-Эрдэнийн “...Өөдөөс ирж явсан Тоёота приус 30 маркийн тээврийн хзрэгсэл урсгал сөрж ирээд миний сууж явсан машиныг яг урд хэсгээр нь мөргөөд осол гаргасан. Ослын дараа хойд суудал дээр байсан хүмүүс буух үед эмэгтэй хүн ёолж байгаад түргэн тусламж ирж үзэх үед нас барсан байна гэж эмч нар хэлсэн. Тэгээд зорчигч болон жолооч нарыг ГССҮТ-д түргэн тусламжийн машинаар аваад явсан... би осол гарах үед өөдөөс ирж яваа тээврийн хэрэгслийг гэнэт ороод ирэхээр нь мөргөлдөх юм байна гэж бодож байсан. Миний сууж явсан машины жолооч зогсоох арга хэмжээ авч амжаагүй бөгөөд осол гарах үед миний сууж явсан машины жолооч 30-40 км/цагийн хурдтай явж байсан болохоор хажуу тийш нь жолоогоо эргүүлзэд холдож чадалгүй мөргөсөн. Миний биед тухайн ослын улмаас баруун хөлийн эрхий хуруу мултарсан байсан. Эмчилгээний зардалтай холбоотой баримт байгаа... би өөрийн биед учирсан эмчилгээний зардал мөнгийг нэхэмжилж байна...” /1хх 145/,

иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн “...Дээрх гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч А.М, Ж.О, О.Ж нар нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас Ж.О 1,589,000 төгрөг, А.М 423,000 төгрөг, О.Ж 201,640 төгрөг, нийт 2,213,640 төгрөг гарсныг яллагдагч С.Бөөс гаргуулж өгнө үү..." /1хх 169/,

иргэний нэхэмжлэгч Д.Сын “...”Тоёота приус 30” маркийн 67-08 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшилд байдаг. ...тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, үнэлгээтэй холбоотой санал, хүсэлт байхгүй... Надад тухайн хэрэгтэй холбоотой ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй..." /1хх 157/,

иргэний хариуцагч Г.Жамъянцогзолын “...Манай байгууллага нийслэлийн замын хөгжлийн газзр тээврийн цагдаагийн албанаас ирсэн албан бичгийн дагуу хотын тэмдэг тэмдэглэгээг засварлах шинээр солих ажлыг хийдэг... Тухайн газарт манай байгууллага шалгалт хийж амжихгүй... Манай байгууллага тухайн тэмдэг унасан байсан талаар мэдээгүй байсан... Манай байгууллагад ямар нэгэн байгууллагаас энэ талаар мэдэгдээгүй..." /1хх 162/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2939 дугаартай “Талийгаачийн цогцост гавал цээжний хөндийн хавсарсан битүү гэмтэл, тархины орой хэсэг, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, баруун тал бөмбөлгийн зулай, дагз хэсгийн аалзан хальсан доорхи тархмал ба голомтлог цус харвалт, үнхэлцэг хальсны цус хуралт, сээрний 2, 3 дугаар нугалмын их биеийн нугасны бүрэн тасрал бүхий салсан хугарал, цээжний баруун, зүүн талын 2-8 дугаар хавирганы хугарал, хугарал орчмын булчин, зөөлөн эдийн цус хуралт, баруун, зүүн уушгины гялтан доорхи цус хуралт ба эдийн няцрал, язарсан шарх, цээжний хөндийн цусан хураа, духны урагдсан шарх, цээж, зүүн мөр зүүн шуу, зүүн ташаа, шилбэ, зүүн гуяны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Талийгаачид шинжилгээгзэр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач гавал болон цэзжний хөндийн хавсарсан гэмтлүүдийн улмаас гэмтлийн шоконд орж нас баржээ. Талийгаач 2023 оны 11 дүгзэр сарын 04-ний өдрийн 02 цаг 40 минутад гадна үзлэг хийхэд нас бараад цаг болсон байжээ. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй болно..." /1хх 188-198/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14076 дугаар дугаартай “Г.Алтанцэцэгийн биед хүзүү, баруун дал, мөр, суга, бугалга, цээж, ташаа, тахим, зүүн мөр, ташаа, шуунд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт, баруун хөлийн 1 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” /1хх 250, 2хх 1/,

Шүүх шинжилгээний өрөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14199 дугаартай “Ж.Оын биед баруун дунд чөмөгт ясны далд хугарал, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид өрөнхий хөдөлмөрийн чадварыг тоггонги алдагдуулахгүй. /1хх 237-239/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14268 дугаартай Д.Оын биед зулайн хуйханд язарсан шарх, зүүн ташаанд цус хуралт гзмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 5-7 хоног доторх хугацаанд үүссэн байна." /1хх 244-245/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгэзр сарын 16- ны едрийн 5462 дугаартай Шинжилгээнд ирүүлсэн цус нь дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. Мөнхбат 39/эр, 11/03 гэсэн цуснаас спиртийн агууламж илрүүлээгүй” /1хх 22-24/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 5456 дугаартай: “С.Б гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй” /1хх 32-34/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн "30-41 УНЯ улсын дугаартай “Тоёота акуа” ... А.М... үнэлгээгээр тогтоогдсон дүн 10,778,000 төгрөг" /2 хх 40-43/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 6708 УБИ улсын дугаартай “Тоёота приус 30”... Д.С... үнэлгээгээр тогтоогдсон дүн 7,010,000 төгрөг” /2хх 49-52/ гэсэн дүгнэлтүүд,

Улаанбаатар зам засвар, арчлалтын газарт ОНӨААТҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 8 дугаартай албан бичиг/1 хх-ийн 165/,

2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 5-14/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх дүүргийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 725 дугаартай албан бичиг /2хх 63/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 726 дугаартай албан бичиг /2хх 58/,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04/56 дугаартай албан бичиг /1хх 171-176/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх 15/,

Хохирлын тооцоо бодсон мөрдөгчийн магадлагаа /2хх 99-101/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос С.Бийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилээр хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал” батлагдсан бөгөөд 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хохирогч, хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтооно” гэж заасан.

Дээрх аргачлалтай уялдуулан гаргасан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам"-ын 2.5-д “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана" гэж журамласан.

Анхан шатны шүүх дээрх журам, жишиг аргачлалд нийцүүлэн үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж зааснаар гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 82,500,000 төгрөг, "Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.5-д заасны дагуу гэмт хэргийн улмаас хохирогч нас барж бага насны хүүхэд бүтэн өнчин болсон болсон бол дээрх 100 хувийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж тогтооно гэснийг баримталж, сэтгэцэд учирсан хор уршгийг хоёр дахин нэмэгдүүлж 165,000,000 төгрөгөөр тогтоосон, шүүгдэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулсан 20,000,000 төгрөгийг хасч, шүүгдэгч С.Бөөс 145,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ад олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

 Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ж.Т нараас “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ял /зорчих эрх хязгаарлах ял/ оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг учиртай.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, шүүгдэгч С.Б нь болгоомжгүйгээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн хэдий ч түүний үйлдсэн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн улмаас 1 хүний амь нас хохирсон, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, бусдын эд хөрөнгөд үлэмж хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт анхан шатны шүүхээс оногдуулсан ял тохирсон  байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ялын төрөл, хугацаатай ба анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Бөд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилээр хасаж, 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь хүнд биш гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж заасан.

Дээрх заалт нь шүүхээс заавал хэрэглэх, үүрэг болгосон зохицуулалт биш бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан үзээд тухайн заалтыг хэрэглэх эсэхийг шийдвэрлэдэг ба уг хуулийн заалтыг баримталж С.Бөд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж гэж дүгнэв.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/157 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ж.Т нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч С.Бийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 94 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/157 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ж.Т нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийн цагдан хоригдсон 94 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ОЧ

 

                       ШҮҮГЧ                                        Т.ШИНЭБАЯР

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ