Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 127/ШШ2025/0013

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  Хэргийн индекс: 127/2025/0016/3

 

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Баясгалан би нэхэмжлэгч ............ нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргад холбогдох “...Хэрлэн сумын Засаг дарга хогийн савыг хүртээмжтэй тоогоор байрлуулахыг зохион байгуулах арга хэмжээ авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож,  захиргааны акт гаргахыг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ............шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...............Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргаас бүрэн эрхийнхээ хүрээнд ахуйн болон энгийн хог хаягдлын талаар авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ болон сумын хэмжээнд хог цуглуулах, тээвэрлэх талаар мөрдөгдөж буй журам, холбогдох баримт бичгийг авахаар 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Ц-1/1432 дугаартай албан бичгийг хүргүүлсэн. Тус сумын Засаг даргын Тамгын газраас 2025 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 2/620 дугаартай хариу албан бичгээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 04 дугаартай “Хог хаягдал цэвэрлэх үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоох тухай” тогтоол, хавсралтын хамт, сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/77 дугаартай “Цэвэрлэгээ зохион байгуулах тухай” захирамж, мөн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Комисс томилох тухай” А/242 дугаар захирамж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/09 дугаартай “Төлөвлөгөө батлах тухай” тогтоол, хавсралт мөн Хэрлэн сумын хог хаягдлын талаарх нэгтгэсэн тайлан, зэрэг баримтуудыг ирүүлсэн.

Ирүүлсэн баримтуудтай танилцахад айл өрхүүдийн хог хаягдлыг хэзээ тээвэрлэдэг, нэгдсэн хогийн цэгт хүргэдэг нь тодорхойгүй, энэ талаар хуваарь ирүүлээгүй ба нийтийн эзэмшлийн газарт хогийн сав байрлуулаагүйтэй холбоотой орцны үүд хэсэг, хүүхдийн тоглоомын талбай, бусад газарт ил задгай хог хаях, хогийн цэг үүсэх нөхцөлийг бүрдүүлж Хэрлэн сумын оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна. Ялангуяа Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвийн 3, 4 дүгээр багийн орон сууцны гадна хэсэгт иргэд хогийн цэг үүсгэж байгаа нь оршин суугчдын Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах эрхээ эдэлж чадахгүй байна.

Иймд тус ............2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Ц-1/1641 дугаартай албан бичгээр Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргад хандаж Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсгийн 9.4.11 дэх заалтад заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэн сумын нутаг дэвсгэрийн нийтийн эдэлбэр газарт буюу орон сууцны дунд төвлөрсөн хогийн савыг хүртээмжтэй тоогоор байрлуулах ажлыг зохион байгуулж оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж өгөхийг хүссэн. Гэвч сумын Засаг даргаас уг албан бичигт одоог хүртэл хариу ирүүлээгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйл "Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ" 2 дахь хэсэгт "эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй" гэж иргэний эдлэх эрх, эрх чөлөөг баталгаажуулсан.

Мөн Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт “Хог хаягдлын талаар сум, дүүргийн Засаг дарга, орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 9.4.11 Нийтийн эдэлбэр газарт хогийн савыг хүртээмжтэй тоогоор байрлуулах” гэж тодорхой хуульчилсан.

Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт "Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараах шаардлагыг хангасан байна", Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаартай тогтоолын тайлбарлах хэсэгт “1 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан "хуулиар тусгайлан эрх олгогдсон" гэснийг: б/ Прокурор өөрийн санаачилгаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах зорилгоор захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж буй тохиолдолд итгэмжлэлгүйгээр, харин төрийн байгууллагын хүсэлтээр нэхэмжлэл гаргаж буй тохиолдолд итгэмжлэлийн үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно” гэж тус тус хуулиар зохицуулсан.

Сумын Засаг даргын зүгээс хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.11 дэх хэсэгт заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэн хүртээмжтэй хогийн савыг байрлуулах шийдвэр гаргаснаар Хэрлэн сумын оршин суугчдын Үндсэн хуулиар баталгаажсан эрүүл аюулгүй орчинд амьдрах зөрчигдсөн эрх нь сэргээгдэх боломжтой юм. Энэ нь сумын Засаг даргад хуулиар олгогдсон бүрэн эрх учраас энэ талаар дээд шатны байгууллагад хандах боломжгүй юм.

Сумын Засаг даргын уг бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь Хэрлэн сумын оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах эрхийг зөрчиж байна.

Иймд Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Хэрлэн сумын нийтийн эдэлбэр газарт хогийн савыг хүртээмжтэй байрлуулах ажил зохион байгуулахгүй байгаа эс үйлдэхүйн улмаас оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж буй тул тус ............нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн өөрийн санаачилгаар нийтийн сонирхол буюу оршин суугчдын хүрээлэн байгаа орчин, нийтийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.4-т заасны дагуу ахуйн хог хаягдлыг арилгуулж, хогийн савыг хүртээмжтэй тоогоор байрлуулах шийдвэр гаргуулахыг Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Хэрлэн сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/77 дугаар захирамжаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр 14 хоног тутамд эзэмшлийн болон ойр орчмын 50 метр талбайн хог хаягдлыг цэвэрлэх шийдвэр гарган хэрэгжүүлэн ажиллаж байна.

Мөн Чингис хотын бүх нийтийн цэвэрлэгээг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулан 14800 иргэн, 180 аж ахуйн нэгж байгууллага нийт 13000 тоны хог хаягдлыг цэвэрлэн хогийн төвлөрсөн цэгт төвлөрүүлэн ажилласан. “Өндөрхаан хот тохижилт” ОНӨААТГ-тай хамтран 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ийг хүртэл 1 сарын “Хаявал хог-Ангилбал баялаг” аяныг зохион байгуулан 5 багийн мэдээллийн самбарт сурталчилгааны баннерыг байршуулан, сургалт сурталчилгаа, мэдээллийг өгч ажиллан 28 аж ахуйн нэгж, байгууллага хуванцар хог хаягдлыг ангилан ялгах хогийн савтай болж өөрсдийн байгууллагын гадна талбайд байршуулан хог хаягдлаа дахин боловсруулах цэгт нийлүүлж хэвшсэн.

Хэрлэн сумын хог хаягдлын менежментийн төлөвлөгөөг “Ногоон дэлхийн дуудлага” ТББ-тай хамтран боловсруулж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 06 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан.  

2026 оны Хэрлэн сумын төсөвт хог хаягдлын сав /бункер/-ын тоог нэмэгдүүлэн орон сууцны хорооллын гадна байршуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Иймд тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ............Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргад холбогдуулан “...Хэрлэн сумын Засаг дарга хогийн савыг хүртээмжтэй тоогоор байрлуулахыг зохион байгуулах арга хэмжээ авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож,  захиргааны акт гаргахыг даалгах тухайшаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

2. Уг нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх явцад хариуцагч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргаас “...Хэрлэн сумын хог хаягдлын менежментийн төлөвлөгөөг “Ногоон дэлхийн дуудлага” ТББ-тай хамтран боловсруулж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 06 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан, 2026 оны Хэрлэн сумын төсөвт хог хаягдлын сав /бункер/-ын тоог нэмэгдүүлэх талаар тусгаж орон сууцны хорооллын гадна байршуулахаар төлөвлөн ажиллаж байна. Иймд тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн тайлбарыг шүүхэд гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байна.

 3. Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасанд нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлахааргүй байна.

4. Иймд хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч ............гаргасан “...Хэрлэн сумын Засаг дарга хогийн савыг хүртээмжтэй тоогоор байрлуулахыг зохион байгуулах арга хэмжээ авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож,  захиргааны акт гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

5. Хэргийн оролцогч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг танилцуулан баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч ............гаргасан “...Хэрлэн сумын Засаг дарга хогийн савыг хүртээмжтэй тоогоор байрлуулахыг зохион байгуулах арга хэмжээ авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож,  захиргааны акт гаргахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг дарга хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэнэ.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Г.БАЯСГАЛАН