Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01731

 

 

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01731

 

 

У.А-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2021/01739 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч У.А-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 181/Ш32016/03392 дугаар захирамжаар У.А-гээс 51,550,798 төгрөгийг гаргуулж ХААН банк ХХК-д олгож шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009493 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн гудамж, 208 тоотод байрлах 192 м.кв талбайтай хувийн сууц, 638 м.кв талбайтай газар бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд хэт богино хугацаанд оруулж бидний эрх ашгийг зөрчсөн. Албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг цаг үеийн онцгой нөхцөл байдлыг харгалзан үзээгүй. Тухайн албадан дуудлага худалдаа явуулахаар гаргасан тогтоолыг эс зөвшөөрч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 4 дугар тогтоолоор татгалзсан хариу өгсөн. Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд шийдвэр гүйцэтгэх албаны дарга А.Намсамандад гомдол гаргасан боловч мөн татгалзсан хариу өгсөн. Тус барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн гудамж, 208 тоотод байрлах 192 м.кв талбайтай хувийн сууц, 638 м.кв талбайтай газар бүхий үл хөдлөх хөрөнгүүд нь манай гэр бүлд үлдсэн ганц үл хөдлөх хөрөнгө юм. Бидний зүгээс ХААН банк ХХК-ийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулна гэсэн хүсэлтийг удаа дараа илэрхийлсэн. Ковид 19 цар тахал намжсан үед мөнгөн хөрөнгийг гүйцээж ХААН банк ХХК-тай төлбөрийн хувьд тохиролцож амжаагүй байтал албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг гаргасанд гомдолтой байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/68 дугаар тогтоолтой албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 181/Ш32016/03392 дугаар захирамжаар У.А-гээс 51,550,798 төгрөгийг гаргуулж ХААН банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр авагч ХААН банк ХХК нь дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг гаргаж, тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 11456 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, 954 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 19280020 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 181/Ш32016/03392 дугаар захирамжаар 2016 оны 181/Ш32016/03392 дугаар захирамж, 2018 оны 954 дүгээр гүйцэтгэх баримт бичгийн дагуу НШШГГ- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байхад төлбөр авагч ХААН банк ХХК нь төлбөр төлөгч У.А-гийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах хувийн сууц, газар нь хэт өндөр үнэлэгдсэн байна гэж шүүхэд нэхэмжпэл гарган тухайн барьцаа хөрөнгийн үнэлгээг шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн. 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 921 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн. Тус шийдвэрийн дагуу У.А-гийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан улсын бүртгэлийн Ү-2203009483 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн гудамж 208 тоот хаягт байрлах 192 м.кв талбайтай хувийн сууц, 638 м.кв талбайтай газрыг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1928002003 дугаартай тогтоолоор хураасан. Талууд хураагдсан хөрөнгийн үнийн саналыг харилцан тохиролцож ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоохоор шинжээчээр Хөрөнгө эстимэйт ХХК-ийг томилсон. Нэхэмжлэгч Ковид-19 цар тахалтай холбоотойгоор 2 дахь албадан дуудлага худалдааг маш хурдан явуулж эрх ашгийг хөндсөн гэж гомдсон байна. Ковид-19 цар тахалтай холбоотойгоор 2 дахь албадан дуудлага худалдаа хойшлогдсон. Анхны дуудлага худалдаа 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулах тухай тогтоолыг талуудад 10 дугаар сарын 16-ны өдөр гардуулсан. 2 дахь албадан дуудлага худалдаа мөн оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулах байсныг 11 дүгээр сарын 12-ны өдөр талуудад мэдэгдэж танилцуулсан. Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай 178 дугаар тогтоолоор албадан дуудлага худалдаа тодорхойгүй хугацаагаар хойшилсон. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулагдаж үл хөдлөх хөрөнгө худалдан борлогдсон. Албадан дуудлага худалдааг хэт богино хугацаанд явуулж, онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон зүйл байхгүй. Иймд нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтыг баримтлан хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/68 тоот тогтоолтой албадан дуудлага худалдааг хүчингүй болгон, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай нэхэмжлэгч У.А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын сарын 01-ний өдрийн 181/Ш32016/03392 дугаар захирамжаар У.А-гээс 51,550,798 төгрөг гаргуулж ХААН банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009493 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн гудамж 208 тоот хаягт байрлалтай 192 м.кв талбайтай хувийн сууц, 638 м.кв талбайтай газар бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдааг явуулахаар хэт богино хугацаанд бидний эрх ашгийг зөрчиж албадан дуудлага худалдаанд оруулахаар яаран цаг үеийн онцгой нөхцөл байдлыг харгалзаж үзээгүйд гомдолтой байна. Тухайн албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг үл зөвшөөрөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Саяболдод гомдол гаргасан боловч 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 4 дугаар тогтоолоор татгалзсан хариу өгсөн. Улмаар дээд шатны буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд шийдвэр гүйцэтгэх албаны дарга А.Намсамандад гомдол гаргасан боловч мөн татгалзсаны дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус зааснаар үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлсон хуулийн зохицуулалтыг зөв хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч У.А- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч маргасан.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШЗ2016/03392 дугаар захирамжаар хариуцагч У.А-гээс 51,550,798 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХААН банк ХХК-д олгож, уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 10 дугаар гудамжны 208 тоот хаягт байрлах 192 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 638 м.кв талбайтай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн ба уг захирамжид шүүхээс гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан талаар талууд маргаагүй байна.

Төлбөр авагч ХААН банк ХХК нь албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/00921 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-37-40/

Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 921 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 19280020/01 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 10 дугаар гудамж, 208 тоотод байрлах төлбөр төлөгч У.А-гийн өмчлөлийн 192 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 638 м.кв газрыг хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна. /хх-43-45/

Төлбөр төлөгч У.А- төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр дуудлага худалдаагаар худалдан борлуулах санал гаргасныг төлбөр авагч ХААН банк ХХК эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргасныг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 9/435 дугаар тогтоолоор Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ. /хх-48-50/

Шинжээч 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан дүгнэлтдээ, төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 85,718,100 төгрөгөөр тогтоосон боловч төлбөр төлөгч нь хөрөнгийн үнэлгээний талаар, өөрийн хөрөнгийг худалдан борлуулах талаар санал гаргаагүй.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/68 дугаар тогтоолоор төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр анхны албадан дуудлага хуралдаанд оруулахаар шийдвэрлэж, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр нийтэд мэдээлсэн үйл баримт хэрэгт авагдсан Үндэсний шуудан сонины хуулбараар тогтоогджээ. /хх-57-71, 75/

Иймд анхан шатны шүүх анхны албадан дуудлага худалдааг зарласан талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй гэж дүгнэснийг буруутгахгүй.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шаардлага нь тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох, түдгэлзүүлэх, эсхүл гүйцэтгэсэн арга хэмжээг цуцлах үндэслэл болохгүй ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүгч, 27.2-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн түдгэлзүүлэхээр зохицуулсан тул уг зохицуулалтад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх энэ шаардлага хамаарахгүй талаар анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв болжээ.

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж нэхэмжлэгчийн гомдол гаргах эрхийг тодорхойлсон байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг тус тус заасныг баримталсан нь оновчгүй болсон тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2021/01739 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэг гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

Д.БАЙГАЛМАА