| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2018/0043/Э |
| Дугаар | 48 |
| Огноо | 2018-04-04 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ч.Энхжаргал |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 48
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Ч.Энхжаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Дамбийням,
Шүүгдэгч: Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Дайнан овогт Товуудоржийн Г д холбогдох 1826000690049 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Дайнан овогтТ.Г
Шүүгдэгч Т.Г нь согтуугаар 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 14 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Төрийн банкны үүдэнд хохирогч Ц.Ц-н гарыг мушгиж, гарын алганы шивлүүр ясыг нь хугалж, хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Т.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр согтуу явж байгаад Төрийн банк ороод Б.Са уулзсан. Тэгээд Ц.Ц -той маргалдаад гарыг нь мушгисан. Хохирогчид хохирол төлбөрт 1150000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч Ц.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ажил дээрээ сууж байтал Т.Г 11 цаг өнгөрч байхад манай банкинд орж ирээд манай ахлах теллер Эрдэнэчимэгээс мөнгө аваад гараад явсан. Үдээс хойш унданд яваад ирсэний дараа Т.Г 14 цаг 40 минутын үед согтуу орж ирээд харилцааны менежер Сангиагийн өрөөнд чанга чанга ярьж байгаад гарч ирээд захирал Чинбатын өрөөнд орж байж байгаад гарч ирээд манай ахлах теллер Чимгээ эгчтэй юм ярьж байгаад над руу чи яасан муухай хардаг пизда вэ, би чамайг ална шүү гээд миний урд байсан харилцагчийн балыг аваад хугалаад над руу шидээд хоёулаа гараад үзье, пизда минь гээд үсчиж байснаа за за ах нь явлаа, намайг гаргаад өг гэхээр нь би ажлын үүдэнд гаргаж өгсөн. Тэгтэл гадаа гарч ирээд гар барьчихаад явлаа гэхээр нь гар барьтал миний бугуйнаас барьж гар хөшиж дараад намайг мөргөсөн. Миний баруун гарын сарвууны савхан яс хугарч гэмтсэн байсан. Хохирол төлбөрт 1150000 төгрөг авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 6-7 хуудас/,
Гэрч Б.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ажил дээрээ сууж байхад 14 цаг өнгөрч байхад Т.Г согтуу манай өрөөнд орж ирээд надтай ойр зуурын юм ярьж байгаад гарсан. Хэсэг хугацааны дараа манай ажилтан Ц.Ц чанга чанга яриад байхаар нь би өрөөнөөсөө гараад юу болсон талаар асуухад Т.Г гэдэг залуутай зодолдоод гэж байсан. /хх-ийн 11 хуудас/,
Гэрч Ж.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Т.Г нь Ц.Ц-г чи яасан муухай хардаг пизда вэ, гараад үзчих үү, ална шүү гэх мэт үг хэлээд харилцагчийн балыг хугалаад Ц.Ц руу шидэж байгаа харагдсан. Тэгэхээр нь би яах гээд байгаа юм бэ гэж хэлчихээд байж байтал Т.Г Ц.Ц-г гаръя гээд дагуулаад гараад явсан. Удалгүй Ц.Ц миний гар эвгүй болчихлоо гээд ороод ирсэн. Ц.Ц -гийн баруун гарын сарвуу нь хавдсан байсан. Маргааш өглөө нь ажил дээр ирээд юм бичиж чадахгүй байна гээд акт аваад аймаг руу үзүүлэхээр явсан. /хх-ийн 13 хуудас/,
Гэрч Б.Ч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Ажил дээр хүмүүс чанга чанга яриад байхаар нь цонхоор хартал Ц.Ц шатан дээр зогсчихсон Т.Г шатны доод талд өөдөөс нь хараад зогсож байгаад гар бариад өөр рүүгээ татаад барьцалдаад авахаар нь би гараад салгатал би чамайг ална, алчихсан байхад намайг даагаад гарах хүн байгаа гэх мэт утгатай юм яриад буцаж дайраад өшиглөөд авсан. Тэгэхээр нь би Т.Г г авч яваад захиргааны хажууд хүргэж өгөөд одоо харь гэж хэлчихээд буцаад ажил дээрээ очсон. /хх-ийн 15 хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн №100 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Ц.Ц-н биед баруун гарын алганы шивнүүр ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 21 хуудас/,
Шүүгдэгч Т.Г гийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 65, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2/46, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын ерөнхий боловсролын сургуулийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 19 тоот тодорхойлолтууд, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 35-38 хуудас/,
Шүүгдэгч Т.Г гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Т.Г нь согтуурсан үедээ 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 14 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Төрийн банк”-ны үүдэнд хохирогч Ц.Ц -той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний баруун гарыг мушгиж, гарын алганы шивнүүр ясыг нь хугалж хохирогч Ц.Ц -гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Г гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Ц -гийн “...Т.Г гадаа гарч ирээд гар барьчихаад явлаа гэхээр нь гар барьтал миний бугуйнаас барьж гар хөшиж дараад намайг мөргөсөн. Миний баруун гарын сарвууны савхан яс хугарч гэмтсэн байсан...”, гэрч Б.Сангиаешийн “...Ц.Ц - чанга чанга яриад байхаар нь өрөөнөөсөө гараад юу болсон талаар асуухад Т.Г гэдэг залуутай зодолдсон гэж байсан...”, Ж.Эрдэнэчимэгийн “...Т.Г нь Ц.Ц -г гаръя гээд дагуулаад гараад явсан. Удалгүй Ц.Ц - миний гар эвгүй болчихлоо гээд ороод ирсэн...”, Б.Чинбатын “...Ц.Ц - шатан дээр зогсчихсон Т.Г шатны доод талд өөдөөс нь хараад зогсож байгаад гар бариад өөр рүүгээ татаад барьцалдаад авахаар нь би гараад салгасан...” гэх шүүгдэгч Т.Г нь хохирогч Ц.Ц -гийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн №100 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Т.Г д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Т.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгч Т.Г гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулсан болно.
Шүүгдэгч Т.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,
Мөн шүүгдэгч Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид хохирол төлбөрт 1150000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 4, 5, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Дайнан овогт Т.Г г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Г д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мөн шүүгдэгч Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид хохирол төлбөрт 1150000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ