Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/635

 

 

 

 

 

  

     2024           5             30                                        2024/ДШМ/635                                                                                             

  Б.Бд  холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Шинэбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ган-Эрдэнэ,

яллагдагч Б.Б-н өмгөөлөгч О.А,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЗ/585 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Ган-Эрдэнийн бичсэн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 17 дугаар эсэргүүцлийг үндэслэн Б.Бд холбогдох эрүүгийн 2305041680221 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б, 2003 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Их засаг” ОУИХ-д оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ...................../;

            Яллагдагч Б.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны 1 дүгээр орц В тоотод өөрийн найз охин болох хохирогч Б.Нтой хардалтын улмаас маргалдан улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний дээд доод зовхи, баруун зүүн хацар хамарсан цус хуралт, хоёр нүдний доод зовхи, хацар, зулай орчмын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ” гэж заасан. Шүүх шүүгдэгчийн гаргасан хүсэлт, түүний өмгөөлөгчийн тайлбарыг үндэслэн хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь, шүүгдэгчийн өмгөөлөгч О.А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлнэ гэх боловч мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заажээ. Шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэргээс үзвэл хуулийн дээрх шаардлага хангагдсан гэхэд эргэлзээтэй тухайлбал, шүүгдэгчийн хувийн байдал болон тэрээр гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна. Иймд шүүгдэгч Б.Бд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр эрүүгийн 2305041680221 дугаартай хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч Б.Бд урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Ган-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ.” гэж заасан бөгөөд яллагдагч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрөх тухай ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, өөрийн үйлдлийн хор уршиг үр дагаврыг ухамсарласан гэмт этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй хүсэл зоригийн эерэг илэрхийлэл гэж үзнэ. Мөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай явуулах, хохирогчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн эдлүүлэх зорилтыг хангах үүднээс Б.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар прокурорт буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэх нь хэргийн оролцогч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцнэ гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” байх тул Баянгол Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЗ/585 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. …” гэв.

Яллагдагч Б.Б-н өмгөөлөгч О.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Яллагдагч Б.Б нь эрх зүйч мэргэжлээр суралцаж байгаа бөгөөд цаашид төрийн албанд ажиллах сонирхолтой. Хохирогчийн буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргадаггүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх боломжтой гэж үзсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хүсэлтээсээ татгалзаж, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Шүүх яллагдагчийн эрх зүйн байдлыг дүгнэж шүүгчийн захирамж гаргасан. Иймд шүүх хэргийг ердийн журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Яллагдагч Б.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал хангагдаагүй гэж үзээд хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээд явагдана.” гэж зааснаар анхан шатны шүүх прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ. ...” гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Б.Бд холбогдох хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.

 Яллагдагч Б.Б, түүний өмгөөлөгч О.А нараас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтээсээ татгалзаж, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх 105, 106/ гаргасан байх ба хэргийг ердийн журмаар шийдвэрлэх боломжтой байхад прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЗ/585 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Г.Ган-Эрдэнийн бичсэн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 17 дугаар эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй.

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг хэрэглээгүй байхад прокуророос “...шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” байх тул захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн...” гэж эсэргүүцэлдээ заасан нь үндэслэлгүй байгааг магадлалд дурдав.

Яллагдагч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЗ/585 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

                                             ШҮҮГЧ                                      Т.ШИНЭБАЯР

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ