Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01732

 

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01732

 

 

 

С.Б-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2021/02395 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мөнхтуслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2276 дугаар захирамжаар С.Б-гээс 19,088,106 төгрөг гаргуулж Андууд финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 20270829/02 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Атб 7 гудамж 39 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018442 дугаарт бүртгэлтэй 64 м.кв талбайтай хувийн сууц мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2206004174 дугаартай 422 м.кв газар зэргийг битүүмжилсэн байх бөгөөд уг хөрөнгийг битүүмжлэх ажиллагаанд С.Б-г байлцуулаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14.2 дахь хэсэгт .. энэ хуулийн 14.1-д зааснаас гадна төлбөр төлөхийг шаардах, эсхүл тодорхой ажиллага гүйцэтгэх, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг төлбөр төлөгч, төлбөр авагч бусад этгээдэд даалгах, цалин хөлс бусад орлогоос суутгал хийх хугацаатай мэдэгдэх хуудас өгнө гэснийг зөрчсөн. Учир нь шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс С.Б-д боломжит хугацаа олгосон мэдэгдэх хуудас өгсөн боловч түүний цалин хөлс болон барьцаа хөрөнгөөс суутгал хийх ажиллагааг урьдчилж хийлгүйгээр түүний өмчлөлийн өөр хөрөнгийг буюу Жи эс би капитал ББСБ-ын барьцаанд байгаа хувийн сууц, газар зэргийг битүүмжилсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчсөн төдийгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмыг зөрчсөн. Иймд Хан-уул дүүргийн 10 дугаар хороо Атб 7 гудамж 39 тоот, эрхийн улсын бүртгэлтэй С.Б-гийн өмчлөлийн 64 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2206004174 дугаартай 422 м.кв газрыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар С.Б-гээс 19,521,497 төгрөгийг гаргуулж Андууд финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 10801 дугаар албадан гүйцэтгэх захирамж, 1123 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэж төлбөр төлөгч С.Б-д шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 20270829/01 тоот мэдэгдлээр мэдэгдэж, эд хөрөнгийн мэдүүлэг авч эрх, үүргийг тайлбарлаж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Төлбөр төлөгч тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу төлбөр төлөгчийн арилжааны банкууд дахь данснаас хасалт хийх тогтоолыг 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр арилжааны банкуудад хүргүүлэхэд ХААН банк ХХК, Төрийн банкны дансны үлдэгдэл хүрэлцэхгүй бусад банкинд данс эзэмшдэггүй талаарх хариу ирүүлсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч С.Б-гийн өмчлөл болон эзэмшлийн эд хөрөнгийг холбогдох байгууллагаас тодруулж эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018442 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Атб 7 гудамж 39 тоот хаягт байрлах 64 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаят байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2206004174 дугаартай 422 м.кв талбайтай өмчлөлийн газрыг 2020 оны 10 дугаар сарын 29-ний 20270829/02 тоот тогтоолоор битүүмжилсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3, 49.4.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д заасныг баримтлан хариуцагч НШШГГ-т холбогдох шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 20270829-02 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Атб 7 гудамж 39 тоот хаягт байршилтай 18631304769540 нэгж талбарын дугаартай 422 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах 64 м.кв талбайтай, Ү-2206018442 дугаарт бүртэглтэй хувийн сууцыг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасах тухай нэхэмжлэгч С.Б-гийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2276 дугаар захирамжаар С.Б-гээс 19,088,106 төгрөг гаргуулж Андууд финанс ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч Хан-Уул дүүргийн 10 хороо, Атб-7 гудамж, 39 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018442 дугаарт бүртгэлтэй, С.Б-гийн өмчлөлийн 64 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах Г-2206004174 дугаартай, 422 м.кв талбайтай газрыг битүүмжилсэн бөгөөд энэ ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт ...энэ хуулийн 14.1-т зааснаас гадна төлбөр төлөхийн шаардах, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэх. эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг төлбөр төлөгч, төлбөр авагч бусад этгээдэд даалгах, цалин хөлс бусад орлогоос суутгал хийх хугацаатай мэдэгдэх хуудас өгнө гэж заасан. Гэтэл төлбөр төлөгч С.Б-д төлбөр төлөх боломжит хугацаа олгосон мэдэгдэх хуудас өгсөн боловч түүний цалин хөлс болон барьцаа хөрөнгөөс суутгал хийх ажиллагааг урьдчилж хийлгүйгээр шууд түүний өмчлөлийн өөр хөрөнгийг буюу Жи эс би капитал ББСБ-ын барьцаанд байгаа Хан-Уул дүүргийн 10 хороо, Атб-7 гудамж, 39 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018442 дугаарт бүртгэлтэй, 64 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах Г-2206004174 дугаартай, 422 м.кв талбайтай газар зэргийг битүүмжилж гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх хөрөнгийг Жи эс би капитал ББСБ-ын барьцаанаас чөлөөлсөн боловч шийдвэр гүйцэтгэгч нь анх уг битүүмжлэх ажиллагааг явуулахдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчиж явуулсан 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 20270829/02 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоо хүчингүй болгож ажиллагааг зөвтгөн дахин явуулах байтал анхан шатны шүүхээс уг зөрчлийг анхаарч үзэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч С.Б- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Атб 7 гудамж, 39 тоот хаягт байрлах 422 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 64 м.кв талбайтай хувийн сууцыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2020/02276 дугаар шүүгчийн захирамжаар С.Б- нь зээлийн гэрээний үүрэг 19,088,106 төгрөгийг Андууд финанс ББСБ ХХК-д төлөхийг зөвшөөрснийг баталж шийдвэрлэсэн байна. /хх-34-34/

С.Б- нь Андууд финанс ББСБ ХХК-д дээрх төлбөрийг төлөөгүй тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШЗ2020/10801 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамжийг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хх-36-38/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн мэдэгдэх хуудсаар төлбөр төлөгч С.Б-г дуудан ирүүлж шүүгчийн захирамжийг тогтоосон хугацаанд биелүүлэх, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар албадан гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулах талаар танилцуулсан байна. /хх-45/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолыг хүлээн авсан даруйд энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авна гэж заасны дагуу төлбөр төлөгч буюу хариуцагч С.Б-гийн эд хөрөнгийн болон банк, эрх бүхий хуулийн этгээд дэх харилцах, хадгаламжийн төгрөг, валютын хадгаламж эзэмшдэг эсэх лавлагаа гаргуулах ажиллагааг явуулж, төлбөр төлөгчийн эзэмшлийн дансыг битүүмжлэн зарлагын хөдөлгөөнийг зогсоожээ. /хх46-57/

Гэвч төлбөр төлөгч С.Б- нь шүүгчийн захирамжийг биелүүлээгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн мэдэгдэх хуудсаар Андууд финанс ББСБ ХХК-д 19,521,497 төгрөг төлөхийг дахин шаардсан боловч төлөөгүй байна. /хх-61/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч С.Б- нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Атб 7 гудамж, 39 тоот хаягт байрлах 422 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 64 м.кв талбайтай хувийн сууцыг өмчлөгч болох нь төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг болон газар өмчлөх эрхийн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ. /хх-41-42, 62-63/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 20270829/02 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Атб 7 гудамж 39 тоот хаягт байршилтай 18631304769540 нэгж талбарын дугаартай төлбөр төлөгч С.Б-гийн өмчлөлийн 422 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах 64 м.кв талбайтай, Ү-2206018442 дугаарт бүртгэлтэй хувийн сууцыг тус тус битүүмжилсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасантай нийцжээ. /хх-58-60/

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... төлбөр төлөгчийн цалин болон барьцаа хөрөнгөөс суутгал хийхгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн ... гэх гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2021/02395 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

Д.БАЙГАЛМАА