| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2018/0045/Э |
| Дугаар | 49 |
| Огноо | 2018-04-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 49
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Б.Мөнгөншагай,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ч.Алдар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Дамбийням,
Шүүгдэгч: Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Данзансүрэнгийн Т т холбогдох 1826000430045 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овогт Д.Т
Шүүгдэгч Д.Т нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 13 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох О.О ыг зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч О.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би Д.Т тэй эмнэлгийн гадна уулзсан. Намайг мөнгө өгөхгүй байсан чинь миний барьж байсан цүнхийг булааж аваад дотор нь байсан мөнгийг авчихаад миний түрүүвч цүнх хоёрыг буцаагаад шидчихээр нь би араас нь дагаад мөнгө өгөөдөх гэхэд миний куртикнээс татаж унагаагаад миний нүүр рүү шороо цацсан. Тэгээд би араас нь дагаж явсаар байгаад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багт байх хадам аав Д-д очсон. Тэнд Д.Заяат гээд Д.Т ийн дүү нь байсан. Тэгээд намайг гэрт ороход миний толгой руу нэг удаа цохиж аваад миний цүнхтэй хувцсыг гаргаж шидээд намайг гэрээс хөөж гаргасан. /хх-ийн 11-16 хуудас/,
Гэрч Д.З мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Намайг гэрт ортол Д.Т , О.О хоёр аавын гэрт маргалдаад зогсож байсан. Тэгээд маргалдаж байснаа Д.Т ах О.О ы толгой орчимд нь 1 удаа гараараа цохисон. /хх-ийн 19-20 хуудас/,
Шүүгдэгч Д.Т мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:... Эхнэр мөнгө авлаа гээд надтай хамт аавынх хүртэл хамт явган явах зуураа хэрэлдсэн. Би эхнэрийг багийн нэгдсэн төвийн хойд талд нэг удаа түлхэж унагаасан. Аавынд хамт очоод эхнэрийн цүнхтэй хувцсыг гаргаж шидээд энэ хэрүүл хийдэг газар биш гээд аавынхаас хөөгөөд эхнэрийн зүүн хацарт нь гараараа нэг удаа алгадсан. /хх-ийн 54-55 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №69 дугаартай шинжээч дүгнэлтэнд:... О.О ы биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 27 хуудас/,
Шүүгдэгч Д.Т ийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Тарагт сумын 6 дугаар багийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 11 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33-34 хуудас/,
Шүүгдэгч Д.Т ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Д.Т нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 13 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.О д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний толгойн тус газар нь гараараа нэг удаа цохиж, хохирогч О.О ы эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч О.О ы “...Д.Т нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багт байх хадам аав Данзансүрэнгийнд миний толгой руу нэг удаа цохисон...”, гэрч Д.Заяатын “...Д.Т ах О.О ы толгой орчимд нь 1 удаа гараараа цохисон...” гэх шүүгдэгч Д.Т нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч О.О ы эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №69 дугаартай шинжээч дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Д.Т т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон шүүгдэгч Д.Т ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулсан болно.
Шүүгдэгч Д.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,
Мөн шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 4, 5, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Д.Т ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.Т т 460 /дөрвөн зуун жаран/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460000 /дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мөн шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Т т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ