Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/31

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 6 сарын 04-ний өдөр                    Дугаар 2024/ДШМ/31                           Өвөрхангай аймаг

 

 

Ц.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

 

                                                       Прокурор Ц.Нэргүй

       Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээгийн даргалж шийдвэрлэсэн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЗ/306 дугаартай захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр Ц.Б-д холбогдох эрүүгийн 2426001340108 тоот хэргийг 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 19.. оны ... дүгээр сарын ...-ны өдөр Өвөрхангай аймгийн .. суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ... дүгээр баг, ... тоотод оршин суух хаягтай, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Ц.Б

 

Ц.Б нь 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Эыг “хог ачиж өгсөнгүй” гэснээр шалтаглан нүүрэн тус газар нь 2 удаа гараараа цохиж, газар унагаж өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Б-д холбогдох 2426001340108 дугаартай эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорт буцаан, шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Нэргүй давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЗ/306 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5-д заасан “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал хангагдаагүй” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. Шүүгчийн захирамжийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэрэгт шүүгдэгчээс “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн" нөхцөл байдал хангагдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй байна гэсэн үндэслэлээр Ц.Б-д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. Хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч Б.Э-ын “... 2024 оны 3 дугаар сарын 03-ны өдөр би ажлаа хийгээд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4-р багаар хог ачиж явсан. Тэгээд тус сумын 4-р багийн 8-2 тоотод оршин суух Балжинням гэх айлын хог ачих гээд зогсож байсан. Намайг машиндаа сууж байтал Балжинням гэх хүн машины жолоочийн хаалга онгойлгоод гөлөг минь хог ач гэхээр нь би чадахгүй, танай хогийг би ямар ачдаг биш гэж хэлсэн чинь буугаад ир пизда минь гэхээр нь машинаас буугаад очсон чинь намайг заамдаж аваад миний баруун талын нүд хэсэгт 2 удаа гараараа цохиод намайг хавсарч унагаад нуруу хэсэгт 2 удаа өшиглөсөн. ... цагдаад дуудлага өгсөн. Балжиннямаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Миний толгой өвдөөд дотор муухайраад нуруу гол хэсгээрээ хатгаад өвдөөд байна. Би гомдолтой байна. ..” гэх мэдүүлэг,

Дахин өгсөн "... Ц.Б миний баруун нүд рүү болон хамрын баруун тал руу гараараа 2 удаа цохисон. Мөн бөгс рүү 2 удаа өшиглөсөн. Өөр цохиж зодсон зүйлгүй. .. би эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй. Эм тариа ойр зуурын эмчилгээ

хийлгэсэн. 30,000 төгрөгийн зардал гарсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. .. гэх мэдүүлэг,

                Гэрч Я.П-ийн "... Балжинням Эрдэнэцогтын нүүрэн тус газар нь цохисон. Өөр хэрүүл маргаан болоогүй гэх мэдүүлэг,

                Гэрч Ш.О-ийн ... Э-ыг барьж аваад унгаагаад зодоод байхаар нь би очоод салгасан. Б.Э-ын баруун талын нүд улайгаад хамар хэсэг нь урагдсан байсан. Балжинням архи согтууруулах ундааны зүйл уучихсан байсан. ... Хогны машин дээр очоод буулгаж ирээд зодоод унагаагаад өндийх гэхээр нь өшиглөөд байсан. Балжиннямын биед халдсан зүйл байхгүй. .. гэх мэдүүлэг,

                Өвөрхангай аймаг дахь Шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 208 дугаартай "... Б.Э-ын биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. .." гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Ц.Б нь 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Эыг “хог ачиж өгсөнгүй” гэснээр шалтаглан нүүр тус газар нь 2 удаа гараараа цохиж, газар унагаан өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдоно.

                Мөн хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Э-ын ...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. .. гэсэн мэдүүлэг болон түүний прокурорын газарт гаргасан ... гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, хэргийг хялбаршуулж өгнө үү... гэх хүсэлт зэргээс дүгнэхэд хохирогчийн зүгээс ямар нэгэн хохирол, хор уршиг нэхэмжлээгүй гэж үзэхээр байна.

                Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг журам”-ыг баталсан. Уг журмын 1 дүгээр зүйлийн 1.1-д “Эрүүгийн хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин дөрөвдүгээр бүлэгт заасан шүүх хуралдааны ерөнхий нөхцөлийг удирдлага болгон мөн хуулийн Арвандолдугаар бүлэгт заасан тусгай журам болон энэ журмын дагуу явуулна. гэж, журмын 3 дугаар зүйлийн 3.3-д ... Шүүгч нь улсын яллагч болон оролцогчдын шүүхэд шинээр гаргаж өгсөн баримт, сэлт, гомдолтой холбогдуулан нотлох баримтыг шинжлэн судлах, шүүхийн хэлэлцүүлэг явуулах эсэхийг шийдвэрлэнэ. гэж, мөн журмын 3 дугаар зүйлийн 3.4-д ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл хэргийн зүйлчлэл өөрчлөх, эсхүл шүүгдэгчийг цагаатгах үндэслэл тогтоогдвол шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлэгт заасан журмын дагуу хэргийг прокурорт буцаах, эсхүл яллагдагчийг шүүхэд шилжүүлж, хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэх асуудлыг шийдвэрлэнэ. гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 3-д ... Шүүх хуралдаан даргалагч нь шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөлийг бүрдүүлнэ. гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 1-д ... Шүүхийн хэлэлцүүлэг нь яллах, өмгөөлөх талын тэгш шийдвэрлэнэ гэдэгт тухайн хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх гэдгийг ойлгох бөгөөд шүүх хэргийг прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хуулийг нэг мөр ойлгож хэрэглэнэ гэсэнтэй зөрчилдөж байна гэж дүгнэж байнаЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ хуулийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын алт нэг нь хангагдаагүй” гэж үзэх үндэслэл байвал хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэхээр хуульчилсан. Шүүгдэгчийн зүгээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй бөгөөд шүүх хуралдааны явцад түүнээс хохирогчийн нэхэмжилж буй 53650 төгрөгийг нөхөн төлөх, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлж байгаа эсэхийг асууж, тодруулалгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЗ/306 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Прокурор Ц.Нэргүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хавтаст хэрэгт авагдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн баримт болон хохирогч Э, гэрч П, О нарын мэдүүлгүүд болон Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний төвийн 208 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Анхан шатын шүүхээс уг хэргийг хянан хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүх рүү шилжүүлсэн. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал хангагдаагүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Тус шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэн эсэргүүцэл бичсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх нөхцөл байдал хангагдсан. Учир нь хавтаст хэрэгт хохирогчийн өгсөн мэдүүлэгт эм тарианы зардалд 30,000 төгрөг болсон гэж мэдүүлсэн. Энэ талаар хохирогч огт мэдүүлээгүй байхад шүүхийн хэлэлцүүлэгт 30,000 төгрөгийг нэхэмжилсэн байна гэж шүүх хуралдаанд шүүгчээс хөтлөн асууж төлөөгүй гэсэн хариулт авч шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь үндэслэлгүй. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн. Мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргаснаас гадна хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй байдаг. Хохирогчийн зүгээс хохирол төлбөр нэхэмжлээгүй тул мөрдөн шалгах ажиллагаанд хохирол, төлбөр нөхөн төлөхөө илэрхийлэх боломж байгаагүйг тусгах нь зүйтэй. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирлын баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулаагүй тул уг баримтыг үнэлэх боломжгүй. Шүүхийн шатанд гаргаж өгсөн хохирлын баримтыг прокурорт танилцуулах тэгш эдлэх зарчмыг хангаагүй. Шүүгдэгчид хохирлын баримтыг танилцуулж, төлөх нөхцөл боломжтой хугацаагаар хангаагүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Шүүхийн шатанд авагдсан эм тарианы баримт тухайн гэмт хэрэг үүссэн гэмтэлд хэрэглэсэн гэж үзэх боломжгүй.

 

Иймд эдгээр нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан 34.14 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн тул анхан шатын шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 306 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ

 

Анхан шатны шүүхээс хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэрэгт шүүгдэгчээс “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн” нөхцөл байдал хангагдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл хангагдаагүй байна гэх үндэслэлээр Ц.Б-д холбогдох хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ. 

 

Прокуророос давж заалдах шатны шүүхэд ... хэрэгт авагдсан баримтаар хохирогч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. .. гэх мэдүүлэг болон түүний прокурорын газарт гаргасан ... гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэх хүсэлт зэргээс дүгнэхэд хохирогчийн зүгээс ямар нэгэн хохирол, хор уршиг нэхэмжлээгүй гэж үзэхээр байна. Шүүгдэгч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй. Шүүх хуралдааны явцад хохирогчийн нэхэмжилж буй 53,650 төгрөгийг нөхөн төлөх, нөхөн төлөхөө илэрхийлж байгаа эсэхийг шүүгдэгчээс асууж тодруулалгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЗ/306 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү... гэх агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.

 

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЗ/306 дугаартай захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Учир нь: Хохирогч Б.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө хохиролд 30,000 төгрөгийн зардал гаргасан талаараа мэдүүлсэн байхад прокуророос яллагдагч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн гэж үзэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн баримтыг хавсаргахаар хуульчилсан. Гэтэл  яллагдагч Ц.Б-ын хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хүсэлтэд хохирол төлсөн болон нөхөн төлөхөө илэрхийлсэн талаараа дурдаагүй байна.

Мөн хохирогч Б.Э нь анхан шатны шүүхэд хохиролд 53,650 төгрөг нэхэмжилсэн, шүүгдэгч Ц.Б нь анхан шатны шүүх хуралдаанд хохирол төлөөгүй талаар тайлбар гаргасан нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуульд нийцэхгүй байна.

Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл хүсэлт гаргасан тохиолдолд буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэхээр хуульчлагдсан.  

Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүгчийн захирамж үндэслэлтэй байх тул Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЗ/306 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

                                                        ТОГТООХ нь:

 

  1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЗ/306 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.НЯМДОРЖ

             ШҮҮГЧИД                               Н.ЭНХМАА                

                                                                                Б.ЦЭРЭНПҮРЭВ