| Шүүх | Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 127/2025/0004/3 |
| Дугаар | 127/ШШ2025/0005 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Газар, |
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 127/ШШ2025/0005
Хэргийг хэрэгсэхгүй болгож,
нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай
Хэргийн индекс: 127/2025/0004/3
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ......................- ,
Хариуцагч: Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг дарга,
Гуравдагч этгээд: ......................- нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ......................- , хариуцагч Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигбаатар, гуравдагч этгээд ..............., ....... , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага:
Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/83 дугаар захирамж, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/103 дугаар захирамжийг хүчингүй болгуулах.
2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүхийн талаар:
2.1 Иргэн ........... нь газрын дуудлага худалдааны ялагч болж, түүнд Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/83 дугаар захирамжаар Мөрөн сумын 4 дүгээр баг “Эрдэнэ” уулын урд атаршсан газарт хүнсний ногоо тарих зориулалтаар 11 га газрыг 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн[1] байна.
2.2 Уг эзэмшлийн газраа ........... нь ........... - д шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/103 дугаар “Газар шилжүүлэх тухай” захирамжаар[2], уг газрын эзэмших эрх ........... - д шилжсэн байна.
2.3 Нэхэмжлэгч ......................- нь, уг газрыг Мөрөн сумын 2 дугаар багийн нутагт байдаг, багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэгдээгүй учраас иргэн миний хувьд хэнд, хэдэн онд, хэдэн га газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргасныг мэдэх боломжгүй байсан, миний зуслангийн газраас 500 орчим метр зайд гэнэт хашаа барьсан ... хашаа газар нь миний зуслангийн газрын малын бэлчээр бөгөөд өвөл хавар малаа усалдаг замыг хааж иргэн миний эрх ашгийг зөрчсөн.
2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргад гомдол гаргаж[3] уг захирамжуудыг хүчингүй болгох гэсэн боловч асуудлыг шийдвэрлэж өгөөгүй.
Мөн 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Засаг даргад гомдол гаргаж[4] уг захирамжуудыг хүчингүй болгож, хууль бус үйлдлийг таслан зогсоож урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ авч өгөхийг хүссэн боловч хуулийн хугацаанд өргөдлийн хариуг өгөөгүй учир 2024 оны 07 дугаар 26-ны өдөр өөрийн биеэр аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн дарга ........... гэх хүнтэй уулзаж тодруулахад “Бид аймгийн газрын албанаас уг материалыг татаж үзсэн. Хуулийн дагуу дуудлага худалдаагаар эзэмшүүлсэн юм байна лээ” гэдэг хариуг амаар авсан гэж нэхэмжлэлдээ дурдсан байна.
2.4 Нэхэмжлэгч ......................- нь 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд анх нэхэмжлэлээ гаргасан байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 127/ШЗ2024/0104 дугаар захирамж гарч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.8 дахь хэсэгт заасан үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
2.5 Нэхэмжлэгч ......................- нь тус шүүхэд нэхэмжлэлээ дахин гаргасныг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 127/ШЗ2025/001 дугаар захирамжаар мөн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
2.6 Нэхэмжлэгчээс дээрх шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хэлэлцээд 221/МА2025/0066 дугаар магадлалаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.
2.7 Тус шүүх нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 127/ШЗ2025/0019 дугаартай “нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах тухай” шүүгчийн захирамж гаргасан ба нэхэмжлэгчээс нэхэмжлэлийнхээ бүрдүүлбэрийг хангаж шүүхэд ирүүлснийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 127/ШЗ2025/0025 дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
3. Нэхэмжлэгч ......................- нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Миний бие Хэнтий аймгийн Мөрөн сумын 2 дугаар багт мал маллан амьдардаг бөгөөд 1992 оноос хойш Тарианы хөлд зусаж намаржиж байна. Гэтэл 2024 оны 5 сард миний малын бэлчээр болон Төхөмд хаварждаг мал бүхий иргэдийн малаа услах зам дээр гэнэт хашаа барьсан. Учир холбогдлыг тодруулахад Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012.12.20-ны өдрийн 3 дугаар хуралдааны 7 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар сумдын 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр батлагдаагүй газрыг Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2013.06.24-ний өдрийн А/83 тоот захирамжаар иргэн Д.Баатарт хүнсний ногоо тарих зориулалтаар 11 га газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2-т заасан Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна гэснийг зөрчиж байна. Мөн иргэн ........... нь 2013.06.24-өөс 2015.07.30-ны өдрийг хүртэл 2 жил гаран хугацаанд уг газрыг огт эзэмшиж, ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй мөн 40.2-т Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ гэснийг зөрчиж Мөрөн сумын Засаг даргын 2015.07.30-ны өдрийн А/103 тоот захирамжаар газар эзэмших эрхээ ........... - д шилжүүлсэн нь хууль бус байна.
Уг газар нь Мөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр бөгөөд багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэгдээгүй учраас иргэн миний хувьд хэнд, хэдэн онд, хэдэн га газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргасныг мэдэх боломжгүй байсан. 2024 оны 5 сард миний зуслангийн газраас 500 орчим метр зайд гэнэт хашаа барьсан. Учир байдлыг тодруулахад: Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2013 оны 06-р сарын 24-ний өдрийн А/83 тоот захирамжаар иргэн Баатарт 11 га газрыг эзэмшүүлж, 2015 оны 07-р сарын З0-ны өдрийн А/103 тоот захирамжаар иргэн ........... - д газар эзэмших эрхээ шилжүүлснийг мэдсэн. Хашаа газар нь миний зуслангийн газрын малын бэлчээр бөгөөд өвөл хавар малаа усалдаг замыг хааж иргэн миний эрх ашгийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Цаашид иргэн миний болон Төхөмд хаварждаг зусдаг айл өрхүүдийн малын бэлчээр болон мал услах замыг хаасан иргэдийн хууль ёсны ашиг сонирхолд нь сөргөөр нөлөөлж эрх ашиг нь хөндөгдөж байна гэж үзэж байгаа юм.
2024 оны 05-р сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргад өргөдөл гаргаж уг захирамжуудыг хүчингүй болгох хүсэлт гаргасан боловч асуудлыг шийдвэрлэж өгөөгүй учир 2024 оны 6 сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавт өргөдөл гаргаж уг захирамжуудыг хүчингүй болгож, хууль бус үйлдлийг таслан зогсоож урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ авч өгөхийг хүссэн боловч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-т заасан хуулийн хугацаанд өргөдлийн хариуг өгөөгүй учир 2024.07.26-ны өдөр өөрийн биеэр аймгийн Засаг даргын Тамгын Газрын Хуулийн хэлтсийн дарга ........... гэх хүнтэй уулзаж тодруулахад Бид аймгийн газрын албанаас уг материалыг татаж үзсэн. Хуулийн дагуу дуудлага худалдаагаар эзэмшүүлсэн юм байна лээ гэдэг хариуг амаар өгсөн нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4-т заасан Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ гэснийг хангаж байна. Гэвч захиргааны анхан шатны шүүхээс өргөдлийн хариуг заавал бичгээр авч нэхэмжлэлд хавсаргах хэрэгтэй гэж нэхэмжлэлийг буцаасан боловч удаа дараа өргөдлийн хариугаа бичгээр авъя гэж шаардсан ч өнөөг хүртэл бичгээр хариуг өгөхгүй байна. Иймд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасан Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэсний дагуу шүүхээр асуудлаа эцэслэн шийдвэрлүүлэхээр дахин нэхэмжлэлээ гаргаж байна.
Газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан ........... - нь 2015 оноос хойш 9 жил орчмын хугацаанд уг 11 га газрыг огт эзэмшиж, ашиглаагүй бөгөөд 2024 оны 5 сард гэнэт хашсан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэсэн заалттай зөрчилдөж байна.
Иймд Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2013.06.24-ний өдрийн А/83 тоот, 2015.07.30-ны өдрийн А/103 тоот захирамжуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч ......................- шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “...хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг сум, нийслэл дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуй нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж бичсэн байхад аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар иргэн, аж ахуй нэгж байгууллагад дуудлага худалдаагаар эзэмшүүлж газрын байршил, хэмжээнд тусгагдаагүй газрыг олгосон нь Мөрөн сумын Засаг дарга эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэж үзэж байгаа юм. Энэ газрыг олгосон захирамжууд нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг тус тус зөрчөөд байна гэж үзэж байна.” гэв.
5. Хариуцагч Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа:[5] “...Тус сумын Өлзийт багийн нутагт байрлах иргэн Э.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн 11 га газар нь анх 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/83 дугаар захирамжаар иргэн Д.Баатарт 60 жилийн хугацаатайгаар олгогдсон бөгөөд түүнээс хойш 2015 оны 07 дугаар сарын 30-ний өдөр иргэн ........... нь эзэмшлээ иргэн ........... - д шилжүүлсэн байна.
Тус газрыг анх олгохдоо Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасны дагуу газар эзэмшихээр хүссэн этгээд нь 5 га газраас дээш газар эзэмшихээр хүссэн тул дуудлага худалдаа зохион байгуулж 11 га газрыг иргэн Д.Баатарт эзэмшүүлсэн байна.
Тухайн газрыг олгохдоо аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 7 дугаар тогтоолоор сумын нутаг дэвсгэрт дуудлага худалдаагаар эзэмшүүлэх газрыг баталсны дагуу уг газрыг дуудлага худалдаанд оруулсан нь 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/34 дүгээр захирамжид тусгагдсан байна.
Уг газар нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасан давуу эрхээр эзэмшүүлэх газар бус тул хүнсний ногооны зориулалтаар 5-с дээш га газрыг эзэмших хүсэлтийн дагуу Засгийн газраас баталсан журам, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн дуудлага худалдаа зохион байгуулж эзэмшүүлсэн байна.
Мөн иргэн ........... - нь тухайн газрыг 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлэн авахад алдаа гарч Энхболдын Мөнх-Эрдэнэ гэх өөр иргэний регистрийн дугаараар бүртгэлд шивэгдсэн бөгөөд улмаар гэрчилгээгээ авч чадаагүй гэх талаар сумын Газрын даамал мэдээлж байсан. Уг газрын гэрчилгээгээ 2024 онд авсан байна...” гэжээ.
|
|
6. Хариуцагч Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигбаатар шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...2013 онд А/83 тоот захирамжаар олгогдсон газар нь аймгийн ИТХ-ын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 7 дугаартай тогтоолд тусгагдсан. Үүний дагуу дуудлага худалдаа зохион байгуулсан, нотлох баримтуудыг хавтаст хэрэгт байгаа. Хуулийн дагуу 100 га газар олгохоос 11 га газар дээр нь дуудлага худалдаа зохион байгуулаад түүнийг иргэн Баатарт олгосон. Иргэн Баатар газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу 2015 оны А/103 тоот захирамж гарсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа “малчдын малаа услах замыг хашаалсан” гэсэн байна. Үзлэг хийхэд малын усанд хүрэх замыг хаасан зүйл байхгүй байсан. Маргаан бүхий газрын аль ч хэсгээр мал бэлчих боломжтой, усандаа хүрэх зайтай болох нь харагдаж байсан. Хэрэв нэхэмжлэгч энэ асуудал дээр албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэж байгаа бол Эрүүгийн хэргийн шүүх үүнийг шийднэ. Гэхдээ хуулийнхаа дагуу явагдсан зүйл дээр авлига албан тушаалын байдал, нийтийн албаны ашиг сонирхлын тухай Захиргааны шүүх дээр ярихад зохимжгүй гэж бодож байна” гэв.
7. Гуравдагч этгээд ........... - шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:[6] “...Миний бие 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/83 дугаар захирамжаар 11 га газрыг 60 жилийн хугацаатай эзэмших эрхтэйгээр ........... дуудлага худалдаагаар авсныг 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/103 дугаар Мөрөн сумын Засаг даргын захирамжаар хуулийн хүрээнд өөрийн нэр дээр шилжүүлж авсан. ......................- ын нэхэмжлэлд дурдсан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Тус газрыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар тогтоолоор сумын нутаг дэвсгэрт дуудлага худалдаагаар эзэмшүүлэх газар баталсны дагуу буюу хуулийн хүрээнд дуудлага худалдаа зохион байгуулагдсан гэж үзэж байна.
Миний эзэмшлийн 11 га газар нь айлын өвөлжөө хаваржааны газартай давхцаагүй, би тус газартаа хашаа барьж, өнөөдрийг хүртэл ногоо тарьж ашиглаж байна. Миний зүгээс Захиргааны хэргийн шүүхэд уг газар дээр үзлэг хийлгэх хүсэлт тавиад, үзлэг хийлгэхэд Энхбатын хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэдэг асуудал байхгүй байсан. Иргэн ......................- ын эрх ашиг анхнаасаа хөндөгдөөгүй. Учир нь түүний өвөлжөө, хаваржааны газар мал услах газар нь манай газар тариалан эрхэлж байгаа хашаа, газартай ямар нэгэн байдлаар давхардаж, түүний эрх ашгийг хөндөөгүй. Сум орон нутаг энэхүү газрыг өөрсдөө газар зохион байгуулалт болон дуудлага худалдааны төлөвлөгөөнд оруулахдаа төмс, хүнсний ногоо тариалах зориулалтаар баталсан газрыг тэр зориулалтаар нь ашиглаж байгаа. ...Мөн миний бие тус газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан цагаас эхлэн ... нийт 160.0 сая төгрөг зарцуулсан...” гэв.
|
|
8. Гуравдагч этгээд ........... шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Миний бие 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/83 захирамжаар Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт 11 га газрыг 60 жилийн хугацаатай эзэмших эрхтэйгээр хууль ёсны дагуу дуудлага худалдаагаар авсан.
Мөн тус газраа 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Мөрөн сумын Засаг даргын А/103 дугаар захирамжаар иргэн ........... - д хуулийн дагуу шилжүүлж өгсөн. Миний хувьд бүх зүйлийг хуулийн хүрээнд эзэмшиж, шилжүүлсэн учраас захирамжийг хүчингүй болгуулахын эсрэг саналтай байна” гэсэн байна..
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдүүдээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
1. Хэнтий аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн нутагт байрлах 2313001752 нэгж талбарын дугаартай төмс хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалттай 11 га газрыг анх 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/83 дугаар захирамжаар иргэн ........... дуудлага худалдааны ялагч болж 60 жилийн хугацаатайгаар эзэмшсэн[7] байх бөгөөд 2015 оны 07 дугаар сарын 30-ний өдрийн А/103 дугаар захирамжаар иргэн ........... - д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн эзэмшүүлсэн[8] байна.
2. Нэхэмжлэгч ......................- нь “Газрын тухай хуулийн 31.2, 40.1.6, 61.1-т заасныг тус тус зөрчсөн, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлсэн, миний малын бэлчээр болон мал услах замыг хааж хашаалсан” гэж, хариуцагч Мөрөн сумын Засаг дарга “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан сумын 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дуудлага худалдаагаар эзэмшүүлэх газарт багтсан, хуулийн дагуу дуудлага худалдаа зохион байгуулж иргэн Баатарт эзэмшүүлсэн, 2015 онд газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу 2015 оны А/103 тоот захирамжаар Мөнх-эрдэнэд эзэмшүүлсэн, малын бэлчээр болон мал услах замыг хаагаагүй” гэж маргаж байна.
Гуравдагч этгээд ........... “би уг газрыг хуулийн хүрээнд эзэмшиж, шилжүүлсэн” гэх, гуравдагч этгээд ........... - “газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулийн дагуу шилжүүлэн авсан, нэхэмжлэгчийн өвөлжөө, хаваржааны газар, мал услах газар нь манай эзэмшил газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй, түүний эрх ашгийг хөндөөгүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд төмс хүнсний ногоо тариалах зориулалттай гэж тусгагдсан” гэж тайлбар гаргадаг.
3. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4.-т “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно” гэж заасан ба маргаан бүхий захиргааны акт болох иргэн Д.Баатарт газар эзэмшүүлсэн Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/83 дугаар захирамж, иргэн ........... - д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн эзэмшүүлсэн Мөрөн сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 30-ний өдрийн А/103 дугаар захирамж нь эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байна.
Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байгаа нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхийг шүүх тогтоох зайлшгүй шаардлагатай юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 54.1-д “Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана: 54.1.5.нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан;” гэж заасан.
Тус заалтын “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” гэснийг Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолын “Тайлбарлах нь:” хэсгийн 5-д “... нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдсон захиргааны үйл ажиллагаа нь тухайн этгээдэд чиглээгүй, түүний эрх зүйн байдлыг хөндөөгүй нь илэрхий, тодорхой бол уг этгээдийг тухайн асуудлаар маргах эрхгүй гэж үзнэ, ... захиргааны үйл ажиллагаа, шийдвэр нь нэхэмжлэл гаргагч этгээдийн эрх зүйн байдалд шууд болон шууд бусаар нөлөөлөхөөргүй байвал түүнд чиглэсэн үйлчлэлгүй гэж үзнэ” гэж албан ёсоор тайлбарласан.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 /... нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараах зүйл хамаарна/ 52.5.1./захиргааны акт, ... хүчингүй болгуулах, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн/ гэж заасан.
Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах шаардах эрхийн үндэслэлээ заахдаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” заасныг тус тус зөрчсөн гэж тодорхойлсон. Дээрх шаардах эрхийн үндэслэлийг тодорхойлсон хуулийн хэм хэмжээ нь нэхэмжлэгчийн субьектив эрхийг хамгаалсан зохицуулалт биш байна.
Нөгөө талаар маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчид чиглээгүй, эрх зүйн байдлыг нь хөндөөгүй, нэхэмжлэгчид хамгаалагдах эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна гэж үзлээ.
4. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тохиолдолд нэхэмжлэлийн үндэслэлт байдлыг шалгах шаардлагагүй ч шүүхийн хэлэлцүүлэгт маргасан үндэслэлүүдийн талаар дараах байдлаар дурдах нь зүйтэй байна. Үүнд:
- 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлсэн гэх тухайд: Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар тогтоолын 10 дугаар хавсралтаар[9] тариалангийн зориулалтаар дуудлага худалдаагаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээг баталсан хүснэгтийн 5 дугаарт сумын нэр ”Мөрөн сум”, байршил ”ногооны талбай”, хэмжээ “100га”, зориулалт “төмс хүнсний ногоо” гэж, хүснэгтийн дор “Энэхүү хүснэгт нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т ... заалтад хамаарна” гэж, маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр уг газар нь Мөрөн сумаас урагш байрлах “Эрдэнэ” уулын урд байх ногооны талбайн урд хэсэгт байрлаж байна. Иймээс 2013 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлсэн байна.
- Малын бэлчээр болон мал услах замыг хааж хашаалсан гэх тухайд: Шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр мал услах замыг хаагаагүй нь тогтоогдсон ба Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 02/170 дугаартай албан бичиг[10], түүний хавсралтаар ирүүлсэн сансрын хиймэл дагуулаас татсан зураг зэргээр нэхэмжлэгчийн эзэмшлийн хоёр газраас 5-6км зайд байршиж байгаа нь тогтоогдсон.
- Газраа зориулалтаар нь 2 жил дараалан ашиглаагүй гэх тухайд: Энэ үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохоор нэхэмжлэгч маргах үндэслэлгүй юм.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч ......................- ын нэхэмжлэлтэй Хэнтий аймгийн мөрөн сумын Засаг даргад холбогдох “...Мөрөн сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/83 дугаар, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/103 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан, нэхэмжлэгч ......................- ын Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “...Мөрөн сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/83 дугаар, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/103 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар, нэхэмжлэгч ......................- ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дүгээр зүйлийн 122.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРМАА
[1] Хавтаст хэргийн 77 дугаар хуудас
[2] Хавтаст хэргийн 86 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 42 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 13 дугаар хуудас
[5] Хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 126-127 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 77 дугаар хуудас
[8] Хавтаст хэргийн 86 дугаар хуудас
[9] Хавтаст хэргийн 112 дугаар хуудас
[10] Хавтаст хэргийн 113, 117 дугаар хуудас