Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 213/МА2021/00018

 

Ж.Хүрэлбаатарын нэхэмжлэлтэй

Т.Мөнхбаатарт холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 131/ШШ2021/00325 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Жамцын Хүрэлбаатар

Хариуцагч Тогоогийн Мөнхбаатарт холбогдох

Барилгын тулаас төмөр ашиглуулсны хөлс 49.850.000 төгрөг, 605 ширхэг тулаас төмөр тус тус гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Т.Мөнхбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяа нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2021 оны 8 дугаар сарын 27-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяа /онлайнаар/, нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нар оролцов.

Нэхэмжлэгч Жамцын Хүрэлбаатараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Ж.Хүрэлбаатар би 2017 оны 08 дугаар сарын 14-нд иргэн Т.Мөнхбаатарын хүсэлтээр (өөр барилга дээр ашиглахаар төлөвлөж байсан) барилгын тулаас төмөр /сапуд/-нөөс 1000 ширхэгийг Т.Мөнхбаатарт хөлслүүлсэн билээ. Эдгээр сапудыг инженер С.Гантулгаар хүргүүлсэн буюу хүлээлгэн өгсөн юм. Нэг ширхэг сапудыг нэг өдрийн хөлслөх үнэ 100 төгрөг байдаг бөгөөд энэ үнээр тохиролцсон болно.

Эд хөрөнгө хөлслөгч Т.Мөнхбаатар нь манай барилгын тулаас төмрийг одоог болтол хүлээлгэн өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл барилгын тулаас төмөр авч хэрэглээд 3 жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацааны хөлс төлбөрийг тооцвол 65 340 000 төгрөг болж байна. Гэвч барилга нь өөрөө улирлын шинжтэй, Т.Мөнхбаатартай найзын хувьд барилгад ашигласан хугацааг хэсэгчлэн тооцож, эд хөрөнгө ашигласны хөлс 49.850.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн үлдэгдэл 605 ширхэг Солонгос сапудаа нэхэмжилж байна. Т.Мөнхбаатараас барилгын тулаас төмөр болон хөлс төлбөрөө авах талаар удаа дараа утсаар хэлж ярьсан боловч үр дүнд хүрээгүй хугацаа алдаж өдийг хүрсэн бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацаанд огт ирээгүй учраас шүүхэд хандаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхбаатар анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие иргэн Ж.Хүрэлбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Ж.Хүрэлбаатар нь хариуцагч Т.Мөнхбаатарын хүсэлтээр 1000 ширхэг тулаас төмрийг 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өөрийнх нь хүсэлтээр хөлслүүлсэн байдаг. Тухайн асуудал нь хэн хэнийхээ итгэлцлэлийн үндсэн дээр бий болсон. Т.Мөнхбаатар нь Ж.Хүрэлбаатараас барилгын тулаас төмрийг ашиглуулаач гэсэн. Гэтэл Т.Мөнхбаатар ашигласан хугацааныхаа хөлсийг зах зээлийн үнийн хамгийн доод хэмжээгээр нь өгөөрэй гэж талууд харилцан тохиролцсон. Хөлслүүлсэн үнэ тодорхойгүй гэж байна. Энэ нь нэхэмжлэл болон хавтаст хэрэгт авагдсан маш олон баримтуудаар тогтоогдож байгаа. Шүүхэд анх иргэний хэрэг үүссэний дараа хариуцагч барилгын тулаас төмөр авч хэрэглэсэн хугацааны мөнгөө төлнө гэсэн хариу тайлбар гаргаж байсан. Гэтэл өмгөөлөл, хууль зүйн туслалцаа аваад төлбөрийг төлөхгүй гэж байгаад өнөөдрийг хүртэл гайхаж байна гэв

 Хариуцагч Тогоогийн Мөнхбаатараас шүүхэд гаргасан тайлбартаа:

 Иргэн Т.Мөнхбаатар миний бие 2017 оны 08 дугаар сард 5 давхар, 30 айлын орон сууцны барилга угсралтын ажил эхлэхдээ иргэн Ж. Хүрэлбаатараас 1000 ш сапуд 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр түр авч, хэрэглэснээс хойш 2018 оны 06 дугаар сард барилга угсралтын ажил бүрэн дууссаны дараа тус барилга дээрээс Эрдэнэцогт сумын Засаг даргын Тамгын газрын барилга руу Зүүн шанд ХХК /Пүрэвсүрэн/, Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын барилга руу Баялаг орд ХХК /Ганбаатар/, Богд сумын соёлын төвийн барилга руу RМВ ХХК / Рэнцэнпэлжээ/нар нэхэмжлэгч Ж.Хүрэлбаатарт хэлсэн гээд тус тус авч явцгаасан. Миний бие болон нэхэмжлэгч сапуд авч явсан хүмүүс бүгд найз нөхөд танилууд тул өгч явуулсан болно. Иймд эдгээр хүмүүс төлөх үндэстэй гэжээ.

 Хариуцагч Тогоогийн Мөнхбаатараас шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа:

Нэхэмжлэлд дурдсанчлан найзын нөхдийн хувьд нэхэмжлэгч Ж.Хүрэлбаатар нь 2013 онд аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөний дараа ажилгүй болчхоод миний барилга барьсан хашаанд ямар ч хөлс, түрээсгүйгээр бүтэн жил блокны үйлдвэр ажиллуулж үйлдвэрлэхдээ, манай блокны машины /поддон/ 130 ширхгийг авч ашиглаад одоо хүртэл буцаан өгөөгүй байсан зэргээ харгалзан үзэж сапудаа ашиглуулж, дээр нь 1 ширхэг нь 350 төгрөгийн үнэтэй тоосго 4.000 ширхэгийг, мөн 2 барилгын дээвэр дээр ашигласан газын үнэ 2.170.000 төгрөг бүхий газ авсныг би өнөөдрийг хүртэл 2017 оны 08 дугаар сарын 14-нөөс 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл зуны хэдхэн сар ашигласан 1000 ширхэг төмөр тулаасны хөлс л гэж дотроо тооцож явсан бөгөөд хэрэв өнөөдөр би ийм асуудал хөндөгдөж байгаа бол харилцан тооцоо хийж эд хөрөнгө хөлсөлсний төлбөр төлөх тооцоо гарвал төлнө гэдгээ л илэрхийлсэн юм.

Гэтэл нэхэмжлэгч нь өөрт нь ав гэж хэлсэн Д.Ганбаатар, н.Рэнцэнпэлжээ нараасаа авч чадаагүй тулаас төмрөө надаас нэхэж, ашиглаагүй хугацааны хөлс-ийг өөрөө дур мэдэн үнэ тогтоож нөхөж нэхэж байгааг ойлгохгүй байна гэжээ.

Анхан шатны шүүх:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Ж.Хүрэлбаатарын нэхэмжлэлтэй Т.Мөнхбаатарт холбогдох барилгын тулаас төмөр ашиглуулсны хөлс 49.850.000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагч Т.Мөнхбаатараас барилгын тулаас төмөр ашигласан 12.800.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Хүрэлбаатарт олгож, тус нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас 605 ширхэг барилгын тулаас төмөр гаргуулах тухай нэхэмжлэлээсээ Ж.Хүрэлбаатар татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Хүрэлбаатараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 474.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Мөнхбаатараас 254.850 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Хүрэлбаатарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяа шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Т.Мөнхбаатараас 12.800.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн болно. Ингэхдээ дээрх 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийн бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхийн талаархи ерөнхий нөхцөл буюу хөрөнгө шилжүүлсэн этгээд ”уг зүйл”-ийг олж авсан этгээдээс “дээрх хөрөнгө”-өө шаардах эрхтэй болох талаарх хуулийн заалтын үндсэн санааг буруу хэрэглэн “шилжүүлсэн хөрөнгө”-ийг нь биш түүний“ашиглалтын хөлс” гэж бусдаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэнд асуудлын гол нь байгаа юм.

Анхан шатны шүүх ингэж “ашиглалтын хөлс” гэгчийг гаргаж ирэхдээ “...зах зээлийн доод ханшаар барилгын тулаас төмрийг ашиглуулахаар амаар тохиролцсон гэж нэхэмжпэгч тайлбарласныг хариуцагч шүүхэд гаргасан 2 удаагийн тайлбартаа хүлээн зөвшөөрсөн...”гэсэн дүгнэлт хийж 2 тайлбар 42-43-р хуудсанд байгаа бөгөөд хүлээн зөвшөөрсөн юм байхгүй/ , улмаар “...амаар тохиролцсон хэлцлийг үндэслэн төлбөр нэхэмжилж буй энэ тохиолдолд түүний гаргасан тайлбараар тэдгээрийн хооронд барилгын тулаас төмрийг зах зээлийн доод ханшаар ашиглуулахаар тохирсон гэж үзнэ.” гэж шийдвэрийнхээ үндэслэлийг тодорхойлсонд үнэхээр гайхаж байна. Хэрэгт цугларсан баримтаар барилгын тулаас төмрийг бие биедээ хэрэглүүлсэн талаар, тухайн тулаас төмөр болох “хөрөнгө”-ийг буцааж өгч авалцсан/нэхэмжлэлийнхээ 605 сапуд төмөр гаргуулах шаардлагаасаа ч нэхэмжлэгч татгалзсан/ талаар, түүний тоо ширхэгийн талаар хангалттай байгаа бөгөөд талууд ч энэ тал дээр маргаагүй. Харин чухам үнэ хөлстэй ашиглуулсан юм уу?, үгүй юм?, үнэ хөлстэй бол зах зээлийн “доод ханш”-аар ашиглуулахаар тохирсон юм уу?, “дээд ханш”-аар ашиглуулахаар тохирсон юм уу? гэдэгт л анхаарлаа хандуулах ёстой, түүний талаар давж заалдах шатны шүүх ч өмнө нь маш тодорхой, ойлгомжтойгоор тодорхойлж өгсөөр байтал анхан шатны шүүх хуульд байхгүй үндэслэлээр зах зээлийн “доод ханш” гэсэн хэмжээ гаргаж ирэн, түүгээр ч зогсохгүй урьд өмнө нь нэгэнт буцаагаад “шилжүүлсэн хөрөнгө”-ийн “ашиглалтын хөлс” гэж тодорхойлсон нь тухайн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн хэрэг болсон гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хариуцагч талын хариу тайлбарын үндэслэлээ хожим өөрчилсөн амаар тохиролцсон энэ хэлцлийн хувьд хариуцагч өөрөө төлбөрийг төлнө гэж хүлээн зөвшөөрсөн байхад “төлбөртэй ашиглуулахаар амаар тохирсоныг гэрчлэх гэрч байхгүй, бичгийн баримт байхгүй” гэх үндэслэлээр тэдгээрийн хооронд үүссэн бодит харилцааг үгүйсгэх боломжгүй.” гэсэн дүгнэлтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийг барьж хийж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим, шүүх хуралдааны утга учир, ач холбогдол, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтыг хааш нь хийчих вэ? гэсэн асуултыг гаргаж ирж байна.

Ядаж л өмнө нь Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 231/МА2021/00005 дугаар магадлалаараа Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 131/ШШ2021/00057 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцаасан нэг үндэслэлээ “...тулаас төмрийг           түрээслэх эсхүл хөлслүүлэхээр өгсөн хугацаа, төлөх хөлс,үнэ, шаардлага зэргийг хоорондоо яаж тохиролцсон болох нь тодорхойгүй байна.” гэсэн дүгнэлтийг хайхран үзэж, үүнд анхаарлаа хандуулахын оронд хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа үндсэндээ өөрөө “ашиглалтын хөлс”-ний хэмжээг дураараа гаргаж ирснийг яав ч хууль ёсны, үндэслэл бүхий гэж хэлэх боломж олдохгүй байна.

Эцэст нь анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэл шаардсан талаархи үндэслэлийг өөрөө өөрчилж түрээсийн гэрээний харилцаа гэж үзсэн, уг түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн шаардлагыг хангаагүй тул энэ нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ буцааж өгөх үүрэгтэй болохыг дүгнэсэн атлаа “буцааж авсан хөрөнгө” /1000 ширхэг сафут төмөр/-ийнхөө үлдэх хэсэг буюу нэхэмжлэлийн бас нэгэн шаардлага болох 605 ширхэг сафут төмрийг шүүх хурлаас өмнө буцаагаад хүлээн авчихсан байсан тул тэрхүү шаардлагаасаа татгалзсаар атал “ашиглалтын хөлс” гэж төлбөр гаргуулж байгаа нь хэрхэвч хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 131/ШШ2021/00325 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ж.Хүрэлбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Жамцын Хүрэлбаатар нь хариуцагч Тогоогийн Мөнхбаатарт холбогдуулж барилгын тулаас төмөр ашиглуулсаны хөлс 49.850.000 төгрөг, 605 ширхэг тулаас төмөр тус тус гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх Т.Мөнхбаатарт холбогдох барилгын тулаас төмөр ашиглуулсны хөлс 49.850.000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагч Т.Мөнхбаатараас барилгын тулаас төмөр ашигласан 12.800.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Хүрэлбаатарт олгож, тус нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Т.Мөнхбаатараас 12.800.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Ингэхдээ дээрх 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийн бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхийн талаархи ерөнхий нөхцөл буюу хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө шаардах эрхтэй болох талаарх хуулийн заалтын үндсэн санааг хэрэглэсэн байгаа бөгөөд хуульд шилжүүлсэн хөрөнгө гэж заасан байгааг анхаараагүй Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан талуудын хооронд үүссэн барилгын тулаас төмөр ашиглалтын хөлс гэж үзэж гаргуулсан байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлнэ гэж заасан ба уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-д зааснаар энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар “..Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтанд тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ..” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ж.Хүрэлбаатар, хариуцагч Т.Мөнхбаатар нарын хооронд үүссэн барилгын тулаас төмөр ашиглуулсаны хөлс гаргуулах нэхэмжлэлийн хувьд тухайн барилгын тулаас төмрийг түрээслэх эсхүл хөлслүүлэхээр өгсөн хугацаа, төлөх хөлс, үнэ, шаардлага зэргийг хоорондоо яаж тохиролцсон болох нь тодорхойгүй найз нөхөдийн хувьд нэгэндээ итгэж тухайн барилгын тулаас төмрийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэл шаардсан талаархи үндэслэлийг өөрчилж түрээсийн гэрээний харилцаа гэж үзсэн, уг түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн шаардлагыг хангаагүй тул энэ нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ буцааж өгөх үүрэгтэй, нэхэмжлэгч Ж.Хүрэлбаатар нь гэрээний дагуу төлбөр шаардах эрхгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байгаа боловч барилгын тулаас төмөр ашиглуулсаны хөлсийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан гаргуулсан нь шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь тогтоох хэсэгтэйгээ зөрчилтэй болсон байна.

Анхан шатны шүүх талууд хоорондоо амаар тохиролцсон хэлцлийг үндэслэн төлбөр нэхэмжилж буй энэ тохиолдолд түүний гаргасан тайлбараар тэдгээрийн хооронд барилгын тулаас төмрийг зах зээлийн доод ханшаар ашиглуулахаар тохирсон гэж үзнэ гэж шийдвэрийнхээ үндэслэлийг тодорхойлсон байна. Хэрэгт цугларсан баримтаар барилгын тулаас төмрийг үнэ хөлстэй ашиглуулсан юм уу?, үнэ хөлсгүй ашиглуулсан уу?, үнэ хөлстэй бол зах зээлийн “доод ханш”-аар ашиглуулахаар тохирсон юм уу?, гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тодорхойгүй байхад анхан шатны шүүх зах зээлийн “доод ханш” гэсэн хэмжээ гаргаж ирэн, ашиглалтын хөлс гэж тодорхойлсон нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 Нэхэмжлэгч Жамцын Хүрэлбаатар нь /1000 ширхэг сафут төмөр/-ийнхөө үлдэх хэсэг буюу нэхэмжлэлийн бас нэгэн шаардлага болох 605 ширхэг сафут төмрийг шүүх хурлаас өмнө буцаагаад хүлээн авчихсан байсан тул тэрхүү шаардлагаасаа татгалзсан байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэдэг нь хуулинд бичгээр байгуулахаар заасан хэлцлийг бичгээр байгуулаагүй, эсхүл эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж үзэхэд хариу төлбөр, үнэ, хөлс, хугацаа зэргийг хоорондоо тохиролцоогүй байгааг хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Жамцын Хүрэлбаатар нь 1000 ширхэг барилгын тулаас төмөрөө буцааж авсан бөгөөд харин ашиглуулсны хөлс, түрээсийн төлбөр гаргуулах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Жамцын Хүрэлбаатарын барилгын тулаас төмөр ашиглуулсаны хөлс 49.850.000 төгрөг, 605 ширхэг тулаас төмөр тус тус гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Хариуцагч Т.Мөнхбаатараас давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 219.750 төгрөгийг төвлөрсөн төсвийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж хариуцагч Т.Мөнхбаатарт олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон             

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 131/ШШ2021/00325 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Жамцын Хүрэлбаатарын нэхэмжлэлтэй хариуцагч Тогоогийн Мөнхбаатарт холбогдох барилгын тулаас төмөр ашиглуулсаны хөлс 49.850.000 төгрөг, 605 ширхэг тулаас төмөр тус тус гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч Т.Мөнхбаатараас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 219.750 төгрөгийг төвлөрсөн төсвийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж хариуцагч Т.Мөнхбаатарт олгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэгсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧ Т.ЖАРГАЛСАЙХАН

Л.НЯМДОРЖ