Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 213/МА2021/00019

 

 Ч.Жавзангийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн

Эрүүл мэндийн газарт холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уламбаяр даргалж, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 131/ШШ2021/00362 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Чүлтэмсүрэнгийн Жавзан

Хариуцагч Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингийн болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Энхжаргалын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Должинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Цогдэлгэр нар оролцов.

Нэхэмжлэгч Чүлтэмсүрэнгийн Жавзан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Ч.Жавзан нь Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан. Би ажиллаж байх хугацаандаа өөрийн үүрэгт ажлыг чанарын хувьд ямар нэгэн алдаа эндэгдэл гаргалгүй, эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагааг чанар, стандартын дагуу хийж байсан. Миний бие нь цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор эмнэлгийн удирдлагын зүгээс шаардлагатай эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байсан. Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг тухайн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлөөс сонгон шалгаруулж томилсон эмнэлгийн захирал хэрэгжүүлнэ..Эрүүл мэндийн тухай хуулийн 12.2-т Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө...гэсэн хуульд заасан эрхтэй байтал өөрийн эрх хэмжээнд байхгүй асуудлаар буюу нэгдсэн эмнэлгийн даргыг чөлөөлж, томилсон тушаал гаргасан Эрүүл мэндийн газрын дарга нь өөрийн бүрэн эрхэд байхгүй асуудлаар эрх мэдлээ хэтрүүлэн тушаал гаргасан байдаг нь тогтоогддог. Миний бие нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэхдээ ажлын туршлага, өөрийн эзэмшсэн мэргэжил, удирдлага зохион байгуулалтын асуудлыг сайн хийж гүйцэтгэж байсан. Эрүүл мэндийн газрын дарга нь короновирусыг далимдуулан миний хөдөлмөр эрхлэх эрхэд халдаж, улмаар цар тахалтай тэмцэх асуудлыг сулруулсан нь байж болшгүй асуудал юм. Нэгэнт эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулиар орон нутгийн эмнэлгийн захирлыг хаанаас, хэн томилохыг маш тодорхой зохицуулсан. Эрүүл мэндийн газрын дарга нь нэгдсэн эмнэлгийн даргыг чөлөөлөх, солих эрх хуулиар олгогдоогүй байхад илтэд хууль бус тушаал гарган миний ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах эрхэд бүдүүлгээр халдсан үйлдэл гаргасан.

Миний бие нь Төрийн үйлчилгээний албан хаагч учраас миний хөдөлмөрлөх ажил үүрэг Хөдөлмөрийн хууль, мөн төрийн албан хаагчтай байгуулдаг бусад гэрээгээр зохицуулагддаг. Гэтэл эрүүл мэндийн газрын дарга нь өөрт хамааралгүй асуудлаар намайг ажилгүй болгож, ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоох, ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш одоог хүртэл ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүг гаргуулах, ажилгүй байсан хугацаанд оногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Энхжаргал шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны 01 сарын 06-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Миний бие Монгол улс төдийгүй дэлхий нийтээр Ковид-19 цар тахлын улмаас хүчин мөхөсдөж тэр дундаа эрүүл мэндийн байгууллага тэргүүн эгнээнд хамт олноороо өдөр шөнөгүй бэлэн байдалд ажиллах хүнд бөгөөд хариуцлагатай цаг үед ажил авсан. Энэ үед нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Жавзангийн удирдах арга барил, ёс зүй, хамт олныг удирдан чиглүүлэх алдаатай шийдвэрүүдээс шалтгаалан эрсдэл үүсч баг болж ажиллахгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлэхгүй, мэргэжлийн эмч нартайгаа таарахгүй, эмнэлгийн эмч ажилчид даргыгаа хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээр цар тахлын үед зохион байгуулалт алдагдуулж тэр байдал нь аймгийн онцгой байдал дээр асуудал үүссэн. Ч.Жавзанг цаг үеийн зайлшгүй шаардлагаас болоод солих үндэслэлтэй байсан. Өөрийн үндсэн ажил болох эмчилгээ эрхэлсэн орлогч даргаас өөрийгөө чөлөөлсөн тушаал гаргах нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.Ажил үүргийн хуваарийн дагуу ажлыг зөрчиж жижүүрт гарч мэргэжлийн алдаа гаргаж байна гэж нэгдсэн эмнэлгийн эмч нар Эрүүл мэндийн газарт гомдол гаргаж Эрүүл мэндийн газрын удирдлагын зөвлөлөөс жижүүр хийхээ болих үүрэг өгсөн боловч биелүүлээгүй, өр зээлтэй хийнэ гэсэн шаардлага тавьсан.

Эмч нараас нэг хүний дарангуйлал тогтсон, үүнээс шалтгаалан эмнэлгийн эмч, ажилчид цаашид ажиллах урам зориггүй болж байгаа гэсэн бичиг аймгийн Засаг дарга болон миний нэр дээр удаа дараа өргөдөл гомдол ирүүлэх болсон. Аймгийн онцгой комиссын дарга эмч нартай уулзаж зохицуулахаар уулзалт зохион байгуулж амжилттай цар тахлыг даван туулах үүрэг өгч байсан. Тэгээд ч өдөр тутам асуудал гарч ажил хүндэрч байсныг өөрөө мэдсээр байсан. Короновирусийн халдварын нөхцөлөөс хамаараад бид шинэ зүйлд дасан зохицох, суралцах, эмнэлгийн ажилчдын сэтгэл зүйг бэлдэх, тэднийг нэгдмэл нэг зорилгын дор эв эетэй багаар ажиллуулан ажлын байрны сургалтаар бэлтгэгдсэн багийг нэг ээлжинд оруулах, хүнд нөхцөлд ажиллах багийг урьдчилан бэлтгэх ар гэрийн нөхцөл байдал эрүүл мэндийн байдлыг судалж төлөвлөх гэх мэт хүмүүсийг ямарч бэлтгэлгүй оруулсан нь өдөр тутам гомдол гарч ажил хүндэрч байсан. Хэдийгээр цар тахлын үед ажиллаж байгаа ч гэсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдах ёстой байтал аймгийн хэмжээнд 2 байдаг эмчийг постонд гаргаж 2 шатлалын эмнэлэгт тусламж үйлчилгээ тасалдал гарч иргэдээс гомдол гарч зохицуулах үүрэг өгсөн боловч эсэргүүцэлтэй учирч байсан нь ажил хийхэд бэрхшээл хэл үг дагуулж байсан. Нэгдсэн эмнэлгийн сонгон шалгаруулалтыг Төрийн албаны хуулийн дагуу 2 удаа зохион байгуулах гэтэл гомдол гаргаад хийлгээгүй мөртлөө зохион байгуулаагүй гээд төрийн албаны төв зөвлөлд өргөдөл гаргасныг гайхаж байна. Мөн эмнэлгийн тусламжийн хуулийн дагуу хийх гэсэн боловч аймгийн засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтэсээс төлөөлөн удирдах зөвлөл байгуулаад хурлаа хийгээд зохион байгуулаад эхэлж байтал эрүүл мэндийн газраас орон нутагт хэрэгжүүлэх боломжгүй гэсэн бичиг болон эрүүл мэндийн сайд Мөнхсайхан Баянхонгор аймагт ажиллах үеэр эмч нарын хурал дээр хэлснийг иргэн Жавзан нь сонссон.

Иймд короновирустай тэмцэж байгаа эмнэлгийн байгууллагад зарим зохион байгуулалт хийх зайлшгүй шаардлага тулгарсан. Мөн дээрх санал гомдол болон Ковид цар тахалтай холбогдуулан Баянхонгор аймгийн Онцгой комиссын гишүүдийн 100 хувийн ирцтэй хуралдаанаар надад Короновирусын халдварт өвчинтэй тэмцэж байгаа энэ цаг үед эрүүл мэндийн байгууллагад зарим зохион байгуулалтын өөрчлөлт хийж аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга, орлогч нарыг байгууллага дотроос нь дэвшүүлэн томилж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг эрчимжүүлэн ажиллах үүрэг өгсөн. Мөн Аймгийн онцгой комиссын хурлын тэмдэглэлийг албажуулан надад Баянхонгор аймгийн онцгой комиссын дарга, аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан 2021 оны 04 сарын 07-ны өдрийн 06 дугаар тушаалаар үүрэг болгосон.

2. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг тухайн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлөөс сонгон шалгаруулж томилсон эмнэлгийн захирал хэрэгжүүлнэ ..гэж заасан боловч энэ хуулийн 15, 16 заалтын хэрэгжилт өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй зөвхөн улсын хэмжээнд 3 эмнэлэг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж Эрүүл мэндийн сайд батламжлан төсвөө батлуулж үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлсэн байсан боловч одоогоор түр зогсоосон байгаа. Иймд нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах төлөөлөн удирдах зөвлөл байгуулж ажиллуулах асуудлыг сангийн яамтай Эрүүл мэндийн яам зөвшилцөж үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Мөн Төрийн албаны тухай хуулиар нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах гэхээр Эмнэлгийн тусламж үйлчилгээний хууль зөрчигдөх нөхцөл байдал үүссэн. Эдгээрээс шалтгаалаад аймгийн нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах ажил гацаанд орж зогссон.

Мөн энэ талаар аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Ж.Хүчитбаатар Баянхонгор аймгийн төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс төрийн албаны төв зөвлөлийн албан сайтаар 2020 оны 06 сарын 08-ны өдөр зарласан Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлд холбогдуулан гаргаж хариуцагч хүлээн зөвшөөрөн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж 2020 оны 08 сарын 03-ны өдөр гарсан. Ковид-19 цар тахал өвчинтэй тэмцэх хүнд цаг үед Ч.Жавзан нь хамт олноо удирдаж чадахгүй хагалган бутаргаж аймгийн онцгой комисс болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхгүй байсан тул хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө зайлашгүй Ч.Жавзанг ажлаас чөлөөлөх шаардлага гарсан. Мөн Ч.Жавзанг тухайн албан тушаал дээр албан ёсоор томилоогүй түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсныг анхаарах нь зүйтэй болов уу. Иймээс цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан аймаг нийслэлийн эрүүл мэндийн газрын бүрэн эрхийн хүрээнд миний бие өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаж Ч.Жавзанг Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалт, аймгийн Онцгой комиссын даргын 2021 оны 04 сарын 07-ны өдрийн 06 дугаар тушаалыг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Өгсөн нэхэмжлэл иргэн Ч.Жавзангийн гарын үсэг биш байна. Иймд Ч.Жавзангийн гаргасан нэхэмжлэлийг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Жавзан анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би сэхээний эмч мэргэжилтэй, эмнэлгийн байгууллагад 27 дахь жилдээ ажиллаж байгаа. 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс хойш нэгдсэн эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгчийн ажлыг хүлээн авсан. Ажил хүлээн авснаас хойш санхүүгийн олон асуудлыг шийдэж, 2 жил дараалан санхүүгийн зөрчилгүй гэж дүгнүүлсэн. Өмнө нь 2 жил санхүүгийн хязгаарлалттай дүгнэлт авсан байдаг. Хүний нөөцийн хувьд 60 тооны хүнээр илүү байсан тул Эрүүл мэндийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу ажилчдын тоог буруулан, санхүүгийн хувьд тогтвортой ажиллаж байсан. Өмнөх жилээс эхлэн ковид-19 цар тахал өвчин гарсантай холбогдуулан эрүүл мэндийн газрын штабын бүрэлдэхүүнд ажиллаж эхэлсэн бөгөөд гамшгийн төлөвлөгөөний дагуу ажил явагдаж байсан. Нэгдсэн эмнэлэг нь цар тахал өвчний үед бүх хүчин чадлаараа ажиллаж, үүргээ гүйцэтгэж байсан боловч намайг хариуцлагагүй ажиллаж, үүрэг даалгавар биелүүлдэггүй талаар дурдсан байсан. Нэгдсэн эмнэлэг нь 4 жилийн хугацаанд эхийн эндэгдэлгүй, хүүхдийн эндэгдлийг улсын түвшнээс 3 дахин бууруулж ажилласан үзүүлэлтүүд байдаг. Энэ үл ойлголцол юунаас эхэлсэн бэ гэхээр, анхны ковид-19 цар тахал өвчний сул эерэг тохиолдол гарч эрүүл мэндийн газрын гадаа аймгийн онцгой комиссын гадаа эмнэлгийн эмч ажилчид цугларсан, хууль дүрмийн дагуу зөв оновчтой шийдвэр гаргаасай гэсний үндсэн дээр шүүмжтэй хандсан үеэс эхлэн Эрүүл мэндийн газрын даргатай үл ойлголцол үүссэн. Эрүүл мэндийн штаб бол өдөр бүр хуралдаж, албаны даргадаа болж байгаа болон болохгүй байгаа зүйлээ хэлдэг байсан. Албаны дарга цааш очоод аймгийн Онцгой комисст мэдээллийг зөв хүргэх ёстой боловч харьцангуй буруу, зөрүүтэй мэдээлэл хүргэгдсэнээс болоод үл ойлголцож байсан. Цар тахал өвчин нэмэгдэхийн хирээр эмнэлэг илүү хүчин чадлаар ажиллах шаардлагатай учраас нөөцийн төлөвлөгөөний дагуу хуваарийг явуулах талаар бодол саналаа илэрхийлж байсан. Мөн тусгаарлан ажиглах байр шаардлагатай байсан ч албаны төлөвлөгөөнд тусгаагүй тул Эрүүл мэндийн газрын дарга мэдрэмжтэйгээр судлаад гамшгийн төлөвлөгөөнд тусгаад, үүний дагуу хуваарилалтаа нийгээд нэмэлт ажиллагаа зохион байгуулах ёстой байсан. Гэхдээ тусгаарлан ажиглах байр болон тусгаарлах эмнэлэг хоёрыг энэ зэрэгцэн авч үзээд байсан учир би нилээн сайн хэлэхэд ойлгоогүй, ажлаас ачааллаас болсон байх.

Аймгийн зочид буудлын газруудыг ажиглах байр болгон 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл эмнэлгийн бага эмч, сувилагч нараа өгөөд ажиллаж байсан. 2021 оны 4 сараас хойш цар тахал өвчин нэмэгдээд ачаалал ихсээд ирэхээр нь сумдын эрүүл мэндийн төвийн ажилчдыг татан ажиллуулах санал гаргасан боловч үүнээс болоод үл ойлголцож бухимдаад намайг хүний үгэнд ордоггүй талаар яригдаж эхэлсэн. Халдварын тархалт ихсээд, өвчин нэмэгдээд ирэхээр Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмжийн дагуу төлөвлөгөө гарган ажиллахад Нэгдсэн эмнэлгийн ажилчдын 60 хувь буюу 148 ажилтан татагдан ажиллаж, үлдсэн 40 хувийн ажилчид энгийн ажлын байран дээрээ үлдэж ажилласан. 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сар хүртэл 8 сарын хугацаанд эмчилгээ эрхэлсэн орлогчоор давхар ажиллаад үндсэн цалин минь түр орлон гүйцэтгэгчийн цалингаар цалинжиж байсан ч хавсран ажилласан ажлынхаа цалинг огт аваагүй. Сүүлдээ ажлын ачаалал ихсээд, үг хэлтэй болоод ирэхээр нь орлогч даргаар н.Батцэцэгийг аваад, дараа нь н.Цэрэнчимэг даргыг авч ажиллуулсан. Эрүүл мэндийн газраас дэмжээд ажилласан бол олон сайхан боломжууд байсан, н.Цэрэнчимэг дарга бол залуу хүн чиглэлийн дагуу ажиллуулж байсан боловч ямар ч дэмжлэг өгөхгүй байсан.

Эрүүл мэндийн газрын дарга миний үзэл бодлыг цааш нь дамжуулж байгаа байх гэж найдсанаас болоод Засаг даргад буруу ойлголтууд төрсөн байсныг сүүлд ойлгосон, тухайн цаг хугацаанд өөрөө очиж уулзаж байх шаардлагатай байсан байна. Манай эмнэлэг 350 ажилтантай, энэ ажилчдаас 10-15 тооны ажилчид үүрэг даалгавар биелүүлдэггүй, эсэргүүцдэг ч бүх ажилчид эсэргүүцдэг гэж ойлгож болохгүй. Манай ажил бол хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой учир хатуу шаардлага тавьж ажилладаг, намайг эсэргүүцдэг эмч нар бол ажлын асуудалтай, маш өндөр төлбөртэй эмчилгээ хийгээд төлбөрийг өөрийн хувийн дансанд авдаг, хүнээсдутуу үзэж эмчилснээс болоод нас барсан зэрэг олон асуудалтай зүйл гарч ирээд хэлэхээр би муу нэр зүүгээд байгаа юм. Би үндсэн ажлаа хийсээр ирсэн, эмнэлэг дээр бол ард иргэдийн санал байнга гардаг. Ард иргэдийн гомдол дээр байнга ажиллаж асуудлыг дор дор нь шийдээд ажилладаг. Гомдол гаргаад байгаа эмч нар бол өөрсдөө ноцтой алдаа гаргасан байдаг. Эмнэлэг дээр эмчилсэн хүн нь гэртээ очоод нас бардаг, байгууллагын эмчилгээний аппаратыг шөнийн цагаар ажлаас гаргадаг гэх мэт асуудлыг хэлэхээр би муу хүн болоод байна.Миний хувьд Нэгдсэн эмнэлгийн даргын цалинг авдаг, түр орлон гүйцэтгэгчийн ажлыг хийж байсан боловч 40 хувийн цалинг авсан зүйл байхгүй. Эрүүл мэндийн газрын дарга надтай ажлаар болон хувиар уулзаж ярилцаж байсан, тухайн асуудлуудад би хүлээцтэй ханддаг, гэхдээ эмнэлгийн ажилчдын ажлыг үнэгүйдүүлж болохгүй, намайг бол хэлж болно. Цар тахал өвчний үед өдөр шөнөгүй ажиллаж байсан сувилагч, пср-ын шинжилгээ зөөж байсан эмнэлгийн 5 жолооч ажиллаж байхад Эрүүл мэндийн газрын 1 жолооч ажиллаж байгаа гэж ярихыг сонсоод шүүмжлэлтэй хандсан. Эрүүл мэндийн газрын штабын хурал бол хүндрэлтэй явагддаг, дарга ярьсаар байгаад, бид нарын саналыг сонсохгүй ард нь сэтгэл дундуур үлддэг байсан. Цар тахал өвчний үед эмнэлэг бүх боломжоороо ажиллаж байхад үнэлэхгүй, үнэ хүндгүй болгож байгаад би ажилчдаа өрөвддөг юм.

Би аймгийн Засаг даргатай байнга уулзаж байгаагүй, намайг Засаг даргатай уулзахаар чи Засаг даргатай уулздаг хэн юм бэ гэж хэлж байсан тул Эрүүл мэндийн газрын даргыг цаашид уулзаад бидний санаа бодлыг дамжуулах байх гэж бодож байхад Засаг дарга буруу ойлголтыг өөрийн байр сууринаас тайлбарласан байсан.

Мөн н.Уранчимэг, н.Одонтуяа эмч нарын тайлбар дээр намайг буруутгаж бичсэн, эрүүл мэндийн штабын гамшгийг хамгаалах төлөвлөгөөний нэг хэсэг дээр халдвартын тусгаарлах эмнэлгийг зохион байгуулна гэж төлөвлөгөөнд нь орчихоод ярилцсан байж эмч нар нь уурлахаар миний буруу болчихоод байгаа юм. Уг нь хэрэгжих боломжтой ажил байхад ойлгохыг хүсэхгүй байж дээ гэж бодож сууна. Цар тахал өвчний үед багаар ажиллаж байсан эмч ажилчдаас 3 хүн өвдсөн байхад миний буруу гэж хэлж байхад би дуугүй байсан, одоо эмнэлгийн байгууллагаас 90 гаран ажилчид өвчин тусаад, эхийн болон хүүхдийн эндэгдэл гарчихсан, нас баралт өндөртэй, цар тахал өвчин ард иргэд рүүгээ тараад улаан бүсдээ орчихсон байгаа ажлыг зүгээр ярьж байгаад бууруулчихдаг ажил биш. Миний энд тэнд ярьсан үг хэлийг сонсоод шүүмжилдэг, миний үйл хөдлөлийг тагнадаг үйл ажиллагаа ихтэй байдаг байсан. Миний зүгээс фэйсбүүк дээр хариуцагч Н.Энхжаргалын талаар бичсэн зүйл байхгүй.. гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Энхжаргал анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний хувьд эрүүл мэндийн салбарт 29 жил ажиллаж байгаа. Сумын эмнэлэгт 3 жил, өрхийн эмнэлэгт 1 жил 2 сар, нэгдсэн эмнэлэгт 12 жил, эх барих эмэгтэйчүүдийн эмчийн мэргэжил эзэмшээд 19 жил тус тус ажилласан. Олон улсын байгууллагад 12 жил төсөл хэрэгжүүлээд Эрүүл мэндийн газарт мэргэжилтэн, хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан. Ч.Жавзан даргын үндсэн ажил бол эмчилгээ эрхэлсэн орлогч юм. Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа хоёр удаа өөрийгөө чөлөөлсөн тушаал гаргасан.

2019 оны 6 дугаар сараас хойш 2 жилийн турш орлон гүйцэтгэгчтэй ажилласан нь болохгүй байсан тул хамтран ажилладаг найз хувиар хэлдэг байсан. Сүүлийн 2-3 жил эмнэлгийн байгууллагын хөл, толгой нь мэдэгдэхгүй, дур дураараа шийдвэр гаргаж, даргын өөдөөс асуудал хэлдэг, асуудал үүсгээд цахимаар хашигчаад яваад байсан тул би Ч.Жавзан даргыг сонгон шалгаруулалт болтол үндсэн ажил дээр чинь байлгаад, түр орлон гүйцэтгэгчийн шалгалтаа өгөөд шударгаар сонголт хийчих юм бол эрүүл мэндийн салбар асуудалгүй ажиллах талаар хэлсэн. Сонгон шалгаруулалт явуулах гэхээр Ч.Жавзан дарга асуудал үүсгээд, шүүхээс асуудлыг шийдээд хүрээд ирсэн тул болохгүй юм байна гээд байж байхад нэхэмжлэгч Ч.Жавзан төрийн албаны зөвлөлд сонгон шалгаруулалт хийгээгүй талаар гомдол гаргачихдаг, бид сонгон шалгаруулалт хоёр удаа зарлаад болохгүй байгаа юм. Мөн Нэгдсэн эмнэлэгт Төлөөлөх удирдах зөвлөл байгуулаад түр орлон гүйцэтгэгч даргын асуудлыг шийдэх гэхээр Эрүүл мэндийн яамны сайд асан н.Мөнхсайхан манай аймагт ирээд үе шаттайгаар хэрэгжүүлэх талаар хэлсэн бөгөөд албан бичиг хүртэл ирсэн байдаг тул Нэгдсэн эмнэлгийн даргыг сонгох ажил удаашраад байгаа юм. Би аймгийн Засаг дарга дээр очоод эрүүл мэндийн салбараа болон Ч.Жавзан даргыг муулж сууж байгаагүй. Би хүний ховоор ажил хийгээгүй, эмч нарын төлөөлөл болон дунд мэргэжилтэн, үйлчилгээний ажилчид гээд 3 хэсэг Ч.Жавзан даргын талаар бичиг ирүүлсэн, үүнээс дунд мэргэжилтэн, үйлчилгээний ажилчдаас ирсэн бичгийг буцааж, Ч.Жавзан даргад наад асуудлаа байгууллага дотроо шийдээрэй гэж хэлж байсан.

Ч.Жавзан дарга өөрийнх нь ажлыг хүлээн зөвшөөрдөггүй 10 тооны эмч байдаг талаар тайлбарлаж байна, би энэ асуудлаар өөрт нь хэлсэн, үнэхээр ийм асуудал байгаа бол тухайн хүмүүсийн асуудлыг нь сонсоод дэмжиж ажиллаад байгууллага доторхи ажилчдын уур амьсгалаа сайжруулаарай гэж хэлдэг юм. Цар тахал өвчинтэй холбоотойгоор тусгаарлан ажиглах байран дээр эмч сувилагч авах гэхээр хүний нөөцгүй, пср-ын шинжилгээ аваачиж өг гэхээр машин байхгүй гэж шалтаг тавьдаг, халдвар хамгааллын бүс рүү орохдоо халдвар хамгааллын дэглэм бүрэн зөрчиж орсон талаар бичлэг байдаг ч энэ талаар салбар дотроо ярилцаад цар тахал өвчний 85 тохиолдлыг эмчилсэн бөгөөд Эрүүл мэндийн яаман дээр эмч нарын үзүүлэлт өндөр байхад яагаад энэ эмч нараа түшээд сайхан ажиллаж болохгүй байна. Би хэлдэг мэргэжлийн эмч нарын уялдаа холбоог сайжруулж, хамтдаа ярилцаад асуудлаа шийдээд яваарай гэж хэлдэг байсан ч аймгийн Засаг дарга дээр очиж эмч нар очиж уулзаж асуудлаа хэлдэг байсан.

Саяхны нэг асуудлыг ярихад нэгдсэн эмнэлэг хоёр гэмтлийн эмчтэй, нэг эмчийг нь Өлзийтийн пост дээр, нэг эмчийг нь төв пост дээр гаргачихаар үндсэн эмчилгээ авах хүмүүс нь үйлчилгээ авч чадахгүй байна, нэг эмчийг нь үндсэн ажил дээр ажиллуулаач гэж Ч.Жавзан даргад хэлэхэд үгүй ээ гэсэн хариу өгдөг, эмчийн хувьд сайн эмч боловч удирдах арга барилаа сайжруулаагүй нь эмч нарын хооронд хэл ам үүссэн. Үүнээс болж би сэтгэлийн дарамтад орж, зовлон ч их үзлээ.

Мөн намайг цахим сүлжээгээр маш их муулсан би төрийн албан хаагч учир дуугүй байгаа. Сүүлийн 4 жилд манай эрүүл мэндийн салбар уналтын байдалтай байгаа, үүнийг шүүхэд хандаж хэлмээр байна. Өнөөдөр эмнэлгийн байгууллагад иргэд үйлчилгээ авах гээд ороход дунд мэргэжлийн сувилагч иргэдийг загинаад гаргадаг, энэ асуудлыг хүртэл шийдмээр байдаг. Эрүүл мэндийн салбар бол хүний ховоор ажлаа хийдэг, хүний төлөө гэж ажиллах сэтгэлтэй хүн байхгүй, ажилчид дур дураар удирдлагагүй явсны гай гарч байгаа. Иймээс шүүх хуулийн дагуу шийдэх байх гэж хүсэж байна. Надад хүнийг тагнаж чагнадаг зүйл байхгүй, ийм зүйл яриад суудаг үеэ болих хэрэгтэй, бид эрүүл мэндийн байгууллагад байгаа ялзралаа ил тод гаргаж ярьж байж засаж сайжруулах ёстой. Штабын хурал болоход Ч.Жавзан дарга байхгүй, эмч ажилчид албаны даргаа хэлэхгүй өөр хаана хэлэх бэ гэдэг.

Нэхэмжлэгч Ч.Жавзан нь түр орлон гүйцэтгэгч байж яагаад үндсэн цалингаа авч байсан юм, үндсэн ажил нь эмчилгээ эрхэлсэн орлогч ажилтай. Шударгаар төрийн албаны сонгон шалгаруулалт явуулах гэхээр нэхэмжлэгч Ч.Жавзан нь хэл үг гаргаад хууль бус зүйл бид нараар хийлгэх гээд байдаг юм. Эмнэлгийн тусламжийн хуулиар шийдэх гэхээр цар тахал өвчний улмаас санхүүгийн хүнд байдалд орчихсон учир шат дараалалтай шийдэх талаар албан бичиг ирчихээд байхад асуудал гаргаад байгаа юм. Төрийн албаны төв зөвлөл сул ажлын байрны орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлаагүй талаар гомдол гаргасны дагуу албан ёсоор хариултын өгсөн байгаа. Иймээс Нэгдсэн эмнэлгийн даргын түр орлогч гүйцэтгэгч нь хэл ам их гаргаад байсан тул аймгийн Онцгой комиссын дарга Нэгдсэн эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгч, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга нарыг ажлаас нь чөлөөлөх үүрэг даалгавар өгсний дагуу ажлаас нь чөлөөлсөн.

Шүүх энэ асуудлыг хуулийн дагуу шийдэх байх, гарсан шийдвэрийг хүндэтгэх болно гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 04 сарын 07-ны өдрийн А/40 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ч.Жавзанг Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын ажлыг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2021 оны 04 сарын 07-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл үеийн албан тушаалын цалингийн болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгээс гаргуулж Ч.Жавзанд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь нэхэмжлэгчийн хувьд улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлд зааснаар хариуцагч Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газраас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж улсын төвлөрсөн төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26 ны өдрийн 131/ШШ2021/00362 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Тус шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Ч.Жавзанг Баянхонгор аймгийн эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 4 дүгээр сарын 7 ны өдрийн А/40 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ч.Жавзанг Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын ажлыг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн томилсон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь : 1. “Нэгдсэн эмнэлэгийн дарга , орлогчийг томилох , чөлөөх асуудал нь эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсгээр зохицуулагдах бөгөөд уг зүйлд ..Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, энэ хуулийн 16.10-т заасан суман дахь нэгдсэн эмнэлгээс бусад нэгдсэн эмнэлгийн удирдлагыг эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл, түүнээс томилсон гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлнэ. Төлөөлөн удирдах зөвлөл нь энэ хуулийн 17.10.5-т зааснаар эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх эрхтэй гэж тодорхой хуульчилсан байна. Гэтэл Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нь өөрт хуулиар олгогдоогүй эрх хэмжээг ашиглаж, нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлд олгогдсон эмнэлгийн даргыг томилох, чөлөөлөх,” эрх хэмжээг өөрийн эрх, үүрэг мэт ойлгон хэрэглэж хуулиас давсан тушаал гаргаж бусдыг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн шийдвэр болжээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т .Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө. гэж заасан нь хүчин төгөлдөр байгаа бөгөөд аймаг нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын бүрэн эрх хэвээр байна. Харин шүүхээс баримталсан Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т заасан үндэслэл болох “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг тухайн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлөөс сонгон шалгаруулж томилсон эмнэлгийн захирал хэрэгжүүлнэ.” гэж заасан боловч Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн 2021 оны 6 дугаар сарын 15 ны өдрийн 2/3098 дугаар албан бичигт “...хуульд заасан бусад эмнэлэгүүд 2022 онд хагас бие даасан удирдлагын тогтолцоонд бүрэн шилжиж дуусна..." гэсэн талаар чиглэл өгсөн байдаг. 

Өөрөөр хэлбэл тухайн хууль нь шат дараатайгаар хэрэгжиж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар тус арга хэмжээний хүрээнд нэгдсэн эмнэлгийн төлөөлен удирдах зөвлөл байгуулагдаагүй байгаа тул миний бие хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүл мэндийн тухай хуульд заасан эрх хэмжээний дагуу тус шийдвэрийг гаргасан юм. Гэтэл шүүхээс дээрхи байдалд дүгнэлт хийлгүй орхигдуулан нэхэмжлэлийн шаардлагыг зөвхөн энэ үндэслэлээр хангасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн шүүхээс хариуцагч байгууллагын төлөөлөгч миний өгсөн тайлбарт огт дүн шинжилгээ хийгээгүй, шүүх хуралдаанд ярьсан зүйлийг шүүх хуралдааны протоколд тусгаагүй, түүнчлэн Нэгдсэн эмнэлгийн сонгон шалгаруулалтыг шударга нээлттэй зохион байгуулах гэхээр өөрөө удаа дараалан саад учруулдаг байдлыг анхаарч огт үзээгүйд гомдолтой байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлгийн ажилчдын хоорондын харилцаа хандлага. ямар нөхцөлд байгаад өөрөө дүгнэлт хийх байтал нэхэмжлэгч нь удаа дараа Засаг даргад буруу ойлгуулснаас үүдэн ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэж байгаа нь удирдах албан тушаалтанд байж болзошгүй ёс зүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш эмч нар дээд шат болон аймгийн удирдлагуудад бичиг шаардлага өгч байгаа нь сонгон шалгаруулалтыг шударгаар зохион байгуулаагүй учраас ийм асуудал гарч байгааг ч нэхэмжлэгч өөрөө ойлгох хэрэгтэй

Ч.Жавзангийн хувьд тус нэгдсэн эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтыг зарлах үед шударгаар орж тэнцээд асуудалгүй ажиллах боломжтой байсан. Миний хувьд ч мерит зарчмаар түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон бөгөөд одоо энэ асуудлаас болж ажлаасаа хальшрах, эрүүл мэндийн салбар энэ дэлхий нийтээр цочирдож байгаа цар тахалын үед ийм байдалтай албан тушаал, тамганы төлөө шударга бусаар заргалдаж байгаа, хувь хүн надад сэтгэл зүйн дарамт үзүүлж байгааг цаашид тэсвэрлэх боломжгүй байна.

Иймд дээрхи байдлуудыг бодитоор хянан үзэж Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26 ны өдрийн 131/ШШ2021/00362 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэж энэ гомдлыг гаргаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:      

Нэхэмжлэгч Чүлтэмсүрэнгийн Жавзангаас Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингийн болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 04 сарын 07-ны өдрийн А/40 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ч.Жавзанг Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын ажлыг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн 2021 оны 04 сарын 07-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл үеийн албан тушаалын цалингийн болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгээс гаргуулж Ч.Жавзанд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Жавзан нь Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Б/71 дүгээр тушаалаар Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын ажлыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажилласан, мөн Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/106 дугаар тушаалаар нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалын тодорхойлолтыг хавсралтаар баталсан байх бөгөөд уг албан тушаалын тодорхойлолтоор нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаал нь ТҮЭМ-8 зэрэглэл буюу Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах, мөн хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах албан тушаал байна.

Улмаар нэгдсэн эмнэлгийн дарга, орлогчийг томилох, чөлөөлөх асуудлыг Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “... бусад нэгдсэн эмнэлгийн удирдлагыг эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл, түүнээс томилсон гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлнэ” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч Ч.Жавзанг ажлаас чөлөөлөх асуудал нь тус байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх байхад Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын дарга өөрт хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэтрүүлэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь хууль зөрчжээ.

Ковид-19 цар тахал өвчний улмаас эмнэлэг, эмч, эмнэлгийн ажилчдын ачаалал нэмэгдсэн, эрүүл мэндийн байгууллагад зарим зохион байгуулалтын өөрчлөлтийг хийх нь зөв боловч Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний хөдөлмөрлөх эрхэд бусад төрийн байгууллага, албан тушаалтнаас халдах нь зохисгүй, энэ талаар дурдсан анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий болжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Энхжаргалын “тухайн хууль нь шат дараатайгаар хэрэгжиж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар тус арга хэмжээний хүрээнд нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл байгуулагдаагүй байгаа тул миний бие хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүл мэндийн тухай хуульд заасан эрх хэмжээний дагуу тус шийдвэрийг гаргасан юм. Гэтэл шүүхээс дээрхи байдалд дүгнэлт хийлгүй орхигдуулан нэхэмжлэлийн шаардлагыг зөвхөн энэ үндэслэлээр хангасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.” гэх утга бүхий давж заалдах гомдлыг дээр дурдсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Энхжаргалаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 131/ШШ2021/00362 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Энхжаргалын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Энхжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төвлөрсөн төсвийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Энхжаргалд олгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэгсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

 ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

Б.БОЛОР-ЭРДЭНЭ