Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2024/ДШМ/32

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 6 сарын 11-ний өдөр                    Дугаар 2024/ДШМ/32                           Өвөрхангай аймаг

 

М.Ц-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

 

                                                       Прокурор Д.Алимаа /цахимаар/

       Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш /цахимаар/

       Шүүгдэгч М.Ц /цахимаар/

       Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаагийн даргалж шийдвэрлэсэн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор М.Ц-т холбогдох эрүүгийн 2427000160046 тоот хэргийг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 19.. оны ... дүгээр сарын ...-ний өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Өвөрхангай аймгийн Хархорин сумын .... оршин суух бүртгэлтэй, Өвөрхангай аймаг, Хархорин сум, ... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 95 дугаартай тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэх хариуцлага хүлээж байсан,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан ... овгийн М.Ц

 

М.Ц нь 2023 оны 11 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 3 дугаар баг Арцатын 1-11 тоотод байрлах А.О-ийн эд зүйл агуулах зориулалт бүхий байшинд нэвтрэн орж 14 ширхэг малын тэжээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч А.О-т 322,000 /гурван зуун хорин хоёр мянган/ төгрөгийн хохирол,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 12 дугаар сарын 21-нээс 24-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн 16-14 тоот хашаанд байх М.А-ийн эд зүйл агуулахад зориулсан байр сав буюу амбаараас адууны хаа 1 ширхэг, хярамцаг 1 ширхэг, хонины өрөөл /тал/ мах зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч М.А-д 258,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос М.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Боржигин овгийн М.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-ийн цагдан хоригдсон нийт 9 /ес/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч М.Ц-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Ц хохирогч М.А-д 163,000 төгрөг, хохирогч А.О-т 79,500 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, иргэний нэхэмжлэгч Х.Мөнхзулын нэхэмжилсэн 300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, хэрэгт бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 4 сарын 5-ны өдрийн 2024/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр хуульчилсан. Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд эмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт эргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах гэж тус тус заасан байдаг. М.Ц-ийн хувьд энэхүү заалтаар журамлан хорих ялыг хөнгөрүүлэн ногдуулах боломжтой байсан гэж үзэж байна.

Учир нь түүний хувьд хуульд заасан гол шаардлагууд болох мөрдөн шалгах ажиллагааны явц болон шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр буюу А.О-т 79,500 төгрөг, М.А-д 163,000 төгрөгийг бүрэн төлж хохиролгүй болгосон, хохирол төлбөр бага зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хангасан байсан.

Гэтэл шүүхээс шийтгэх тогтоолд дурдсанаар ...урьд нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж шүүхээр хорих ялаар шийтгүүлж байсан атал өөртөө дүгнэлт хийлгүйгээр дахин хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь түүний хувийн байдлыг харуулж байна... гэж дүгнэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж авч үзэлгүйгээр шийдвэрлэсэн.

Шүүгдэгч нь 2013, 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд зааснаар шийтгүүлж байсан тухай баримтууд хэрэгт нотлох баримтуудаар авагдсан байдаг ба тухайн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаа бүрэн эдэлж дуусгасан, үүнээс хойш дахин гэмт хэрэг үйлдээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэрэг нөхцөл байдал хэргээс харагддаг. Мөн 2015 оны Эрүүгийн хуулиар давтан гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ойлголт үгүй болсон гэж ойлгож байгаа.

 

Иймд Эрүүгийн хуулийн хууль ёсны зарчим, шударга ёсны зарчимд нийцүүлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, эсхүл шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж М.Ц-ийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж тухайн заалтад заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээр хорих ялыг оногдуулж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой. Уг хөнгөрүүлэх зүйл заалтыг анхан шатны шүүх хэрэглээгүй. Шүүгдэгч нь гэм буруугийн шүүх хуралдаан дээр хохирлуудаа бүрэн төлсөн. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн учир хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар татах тогтоолтой танилцаад мэдүүлэг өгөхдөө тэр махыг хохирогчтой хамт хувааж авч идсэн болохоор зөвшөөрөхгүй байна гээд гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байсан. Гэхдээ шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн байдаг.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт урьд нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж шүүхээр хорих ялаар шийтгүүлж байсан мөртлөө өөртөө дүгнэлт хийлгүйгээр дахин хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь түүний хувийн байдлыг харуулж байна гэж дүгнээд хөнгөрүүлэх зүйл заалтыг журамлалгүй хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Шүүгдэгч М.Ц нь 2013, 2014 онд хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан. Үүнээс хойш арав гаруй жилийн хугацаа өнгөрсөн. Энэ гэмт хэргийн хор уршиг, хохирол маш бага. Нэг хохирогчид нь 163,000 төгрөг, нөгөө хохирогчид 79,000 төгрөгийн хохирол учруулж хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Гэмт хэргийн хор уршиг нь арилсан байхад шүүгдэгчид 2 жил 6-н сарын хорих ял оногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, эсвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгчид оногдуулсан ялыг нэг жилийн хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч М.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад оногдуулсан ялыг нь 1 жил болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэв.

 

Прокурор Д.Алимаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зүйл заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл заалт нь шүүхэд эрх олгосон хуулийн зохицуулалт. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан үздэг. Шүүгдэгч М.Ц-т эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол танилцуулах гэж дуудахад холбоо барих утас, хаана байгаагаа хэлээгүй. Цагдаагийн албан хаагч авч ирсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокуророос яллагдагчийг цагдан хорих саналыг шүүхэд гаргасан. Гэтэл шүүхээс яллагдагчийг цагдан хорихоос татгалзаж шийдвэрлэсэн. Прокуророос мөрдөн шалгах ажиллагаа дууссан даруй хэргийг шүүхэд шилжүүлсэн. Яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй байхад Цэрэнсандаг оргож алга болсон байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, шударга ёсны зарчим дээр тулгуурлан эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлтэй.

Шүүгдэгч М.Ц нь хохирогч О-ийн эд зүйлийг хууль бусаар авсан үйлдлийг хүлээн зөвшөөрдөг. Харин хохирогч А-ийн эд зүйлийг авсныг хүлээн зөвшөөрдөггүй. Би хулгай хийгээгүй гэдэг. Гэтэл хэрэгт авагдсан хохирогч болон гэрч нарын мэдүүлгээр түүний мэдүүлэг үгүйсгэгддэг. Шүүгдэгч өөрийнхөө гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй ч гэм буруугийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээж байгаа байдлыг анхаарч үзэх хэрэгтэй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд би А-ийн эд зүйлийг хулгайлаагүй гэж мэдүүлсэн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээгүй. Анхан шатын шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байдал зэргийг нь харгалзан үзэж 2 жил 6-н сарын хугацаагаар хорих ялыг оногдуулсан нь үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

М.Ц нь 2023 оны 11 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 3 дугаар баг Арцатын 1-11 тоотод байрлах А.О-ийн эд зүйл агуулах зориулалт бүхий байшинд нэвтрэн орж 14 ширхэг малын тэжээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 322,000 /гурван зуун хорин хоёр мянган/ төгрөгийн хохирол,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 12 дугаар сарын 21-нээс 24-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн 16-14 тоот хашаанд байрлах М.А-ийн эд зүйл агуулахад зориулсан байр сав буюу амбаараас адууны хаа 1 ширхэг, хярамцаг 1 ширхэг, хонины өрөөл /тал/ мах зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 258,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь хохирогч А.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...би 2023 оны 12 дугаар сарын 22-ны орой найз залуу болох Хүмүүнээгийн хамт Хархорин сумын 3 дугаар баг Арцатын 1-11 тоот хашаанд байх өвлийн байшиндаа 2023 оны 11 дүгээр сард худалдан авч хураасан 35 ширхэг малын тэжээл буюу хивгээ очиж үзтэл хоёр хэсэг хураасан байсан малын тэжээлээс наад талд нь хураасан байсан 15 ширхэг тэжээлээс 14 ширхэг тэжээл байхгүй болсон байсан. Харин цаад талд хураалттай байсан 20 ширхэг хивэг нь хураалттай хэвээрээ байсан. Тэгээд тухайн үедээ хүргэн ах Сарангэрэлийг хөдөөнөөс орж ирээд аваад явсан байх гэж бодож байсан. Тэгээд өдөр хүргэн ах Сарангэрэл, эгч Сэвжидын хамт төв орж ирэхээр нь асуутал бид хоёр ойрд төв орж ирж тэжээл ерөөсөө аваагүй гэж хэлэхээр нь алдагдсан талаар мэдсэн. ...Ар талын өрөөнд ороод харсан чинь цонх нь онгорхой байсан. Гэрэл асаагаад цонхоор нь толгойгоо гаргаад харсан чинь цасан дээр тэжээл асгарсан байсан. Миний бодлоор давж орж ирээд цонх түлхэж онгойлгоод дотогш ороод тэжээл хулгайлж авч гарсан байх гэсэн бодол төрсөн. Одоо үлдсэн 2 шуудай тэжээл юм уу тэжээл худалдаж авсан 46.000 төгрөгийг мөн дээрээс нь алдагдсан эд зүйлийн үнэлгээг гаргахад 33.500 төгрөг төлсөн. Нийт 79.500 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 19-22 тал/

 

Хохирогч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...би 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 11 цагийн үед Архангай аймгийн Хотонт сумын Хар балгас гэх газар луу явсан. Тэндээ 3 хоноод буцаад Хархорин суманд ирээд гэртээ байх амбаараасаа махаа гаргах гэтэл мах байхгүй байсан. Амбаарын түлхүүрээ гэртээ униндаа өлгөсөн байсан. Гэрийн түлхүүрээ Батжаргал гэх хүнд үлдээсэн. Манай амбаарын түлхүүр цоожийг эвдээгүй бүтэн байсан. Би адууны хааны талыг нь Бабу хочтой Батзориг гэдэг айлаас очиж авсан. Бусад махаа авч хохиролгүй болмоор байна. ...Хүмүүсийг хөөж явуулаад сайхан бууз хийж идье гэж ярилцаад амбаараас мах авах гээд орсон чинь хуйхалсан 2 хонины толгой үлдсэн байсан. Ходоод гэж дууддаг Батсайхантай таараад асуусан чинь Алтангэрэлээ миний дүү Бабугийн гэрээс очоод адууныхаа махаа аваарай Бабугийн гэрт мах байгаад байсан өчигдөр тэдний гэрт бууз хийж идсэн гэж хэлсэн. Өмнөх өдөр нь Бабутай Зулаа гэх хүний хүнсний дэлгүүрт таарсан чинь зөндөө махтай болчихлоо гэж ярьсан би хаанаас авсан юм гэсэн чинь манай найз өгсөн юм гэж яриад байсан. Би шууд Ходоод хочтой Батсайханаас мэдээд Бабугийн гэрт эхнэрийн хамт очоод 3 хонины хуйхалсан толгой байсан эхнэр явахаасаа өмнө ирж байгаад иднэ гээд хуйхлаад үлдээгээд явсан тэд нар нь байсан. ...Нийт 163,000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 110-114 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Х.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2023 оны 12 дугаар сарын сүүлээр Цэрэнсандаг өрөө төлж чадахгүй байна айлын граш дотор миний хэдэн ширхэг тэжээл байгаа та очоод өрөндөө авчих тэгэх үү гээд хэд хоног болсон. Би янз бүрийн юм биш биз чиний юм байгаа биз дээ гэж асуусан чинь тиймээ миний тэжээл байгаа юм би хот руу явж ажил хийх болсон таны өр зээлийг барагдуулмаар байна гэхээр нь за за тэг тэг гэж хэлээд нөхөр Баярпүрэвийг цуг очоод аваад ир гэж хэлээд Ходоод гэж дууддаг Батсайхан гэх хүний граш дотроос ачаад аваад ирсэн. 12 ширхэг тэжээл ачиж авчирсан. 25.000 төгрөгөөр бодож нийт 300.000                   төгрөгийг өрнөөс нь хасаж тооцож байсан гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 тал/,

Гэрч Н.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Батзоригийг Бабу гэж хочилж дууддаг. Цэрэнсандаг Бабугийн гэрт мах оруулж ирэх үед Батзориг бид хоёр л байсан. 2023 оны 12 дугаар сарын 20-ноос хойш өдрийг нь санахгүй байна, Батзоригийн гэрт байж байхад шөнө 23 цагийн орчимд гаднаас Цэрэнсандаг /хоч нь ногоон сандаг/ адууны бүтэн хаа, нэг хярамцаг, нэг хонины хаа оруулж ирсэн. Сандаг Бабугийн гэрт мах авч ирсний маргааш өдөр нь Дэлгэрэх дэлгүүрийн Зулаа гэдэг худалдагч надад Данхарынх идэшний махаа алдсан гэж байна гэж ярьсан. Тэгээд би урьд шөнө Цэрэнсандаг Бабугийн гэрт мах авч ирж өгсөн талаар хэлсэн. ...Би Дэлгэрэх дэлгүүрээс Алтангэрэлийг эхнэртэй нь дагуулж Бабугийн гэрт очоод адууны хаа, хярамцгийг нь авч өгсөн. Хонины мах нь байхгүй байсан. Бабу хулгайн мах гэдэг талаар мэдээгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 115-119 тал/,

 

Гэрч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Би 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 12 шуудай хивгийг Цэрэнсандаг буюу Сандаг гэж дууддаг хүнээс авсан. Би Цэрэнсандаг гэх хүнтэй ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Манай Дэлгэрэх гэх нэртэй хүнсний дэлгүүрээр орж ирж үйлчлүүлж хааяа юм бичүүлж авдаг. Би тухайн 12 шуудай хивгийг 1 ширхгийг 25,000 төгрөгөөр бодож 300.000 төгрөгөөр авсан ба манай дэлгүүрт тавьсан өрөндөө бодож өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 тал/,

 

Гэрч Н.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Би Цэрэнсандаг гэх хүнийг хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр хичнээн тооны тэжээл манай хашаанд байх граш дотор хураасан талаар мэдээгүй байж байгаад 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Дэлгэрэх нэртэй дэлгүүр ажиллуулдаг Зулаа гэх хүнээс сонссон. Би тухайн үед дэлгүүрт орж тамхи авах гээд зогсож байтал Зулаа танай граш дотор Цэрэнсандаг гэх хүн малын тэжээл хураасан гэж ярьсан шүү дээ гэхээр нь би мэдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 тал/,

 

Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн ӨХЦ24-18 дугаартай дүгнэлт /хх-ийн 122-125 тал/, хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн ӨХЦ24-05 дугаартай дүгнэлт /хх-ийн 37-40 тал/ болон болон анхан шатны шүүх шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Ц-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчлэн ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш давж заалдах шатны шүүхэд ... шүүгдэгч М.Цнь мөрдөн шалгах ажиллагааны явц болон шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр буюу А.О-т 79,500 төгрөг, М.А-д 163,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, гэмт хэргийн хор уршиг бага байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хангасан учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч М.Ц-т оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.. гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч М.Ц-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын зорилго зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгчид 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч М.Ц-ийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 47 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон

 

                                                        ТОГТООХ нь:

 

  1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

                   2 дахь заалтын “02 жил 06 сарын хугацаагаар” гэснийг “01 жилийн хугацаагаар” гэж,

 

                   3 дахь заалтын “02 жил 06 сарын хугацаагаар” гэснийг “01 жилийн хугацаагаар” гэж тус тус өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-ийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 47 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Н.ЭНХМАА

                       ШҮҮГЧИД                             Л.НЯМДОРЖ                

                                                                                  Б.ЦЭРЭНПҮРЭВ