| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Сувдмаа |
| Хэргийн индекс | 111/2025/0038/З |
| Дугаар | 111/ШШ2025/0048 |
| Огноо | 2025-12-09 |
| Маргааны төрөл | Газар, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 111/ШШ2025/0048
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч А.Цэцэгдарийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хуралд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 02/02 дугаартай "Өвөлжөө, хаваржаа эзэмшүүлэх тухай" тогтоолын хавсралтаас *******д холбогдох хэсгийг хүчингүй болгох, Баян-Овоо сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл болон тогтоолд *******, ******* нарт "Цахирын арын цагаан толгой" өвөлжөөний газар эзэмшүүлэх асуудлыг дэмжсэн тухай тус тус тусгаж албажуулахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Цэрэнлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* “Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 02/02 дугаартай "Өвөлжөө, хаваржаа эзэмшүүлэх тухай" тогтоолын хавсралтаас *******д холбогдох хэсгийг хүчингүй болгох, Баян-Овоо сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл болон тогтоолд *******, ******* нарт "Цахирын арын цагаан толгой" өвөлжөөний газар эзэмшүүлэх асуудлыг дэмжсэн тухай тус тус тусгаж албажуулахыг даалгах”-аар маргасан байна.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэцэгдариас нэхэмжлэгчийг солих хүсэлт гаргасны дагуу 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 111/ШЗ2025/0293 дугаар захирамжаар А.Цэцэгдарийг үндсэн нэхэмжлэгчээр сольсон.
3. Нэхэмжлэгч ******* нь 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 02/02 дугаар "Өвөлжөө, хаваржаа эзэмшүүлэх тухай" тогтоолоос *******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэлд *******, ******* нарт "Цахирын арын цагаан толгой" өвөлжөөний газар эзэмшүүлэх асуудлыг дэмжсэн тухай тусгуулан албажуулах, 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 01/03 дугаартай "Өвөлжөө, хаваржаа эзэмшүүлэх тухай" тогтоолын хавсралтад ******* /өвөлжөөний газар “Цахирын арын цагаан толгой”/ нэрийг тус тус тусгахыг даалгах” гэж нэмэгдүүлсэн.
4. ******* нь 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргад “Цахирын арын Цагаан толгой” гэх газрыг өвөлжөө, “Улаан эргийн цагаан хамар” гэх газрыг хаваржааны зориулалтаар эзэмших тухай хүсэлт гаргажээ.
Тус хүсэлтийг Баян-Овоо сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, *******д “Цахирын арын Цагаан толгой” гэх газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэх асуудал хуралдаанд ирсэн иргэдийн олонхын саналаар дэмжигдсэн гэх боловч 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын “Өвөлжөө, хаваржаа эзэмшүүлэх тухай” 01/03 дугаар тогтоолын хавсралтад нэхэмжлэгчийн нэр бичигдээгүй байна.
Мөн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын “Багийн Иргэдийн Нийтийн хурлыг хуралдуулах тухай” 02/01 дугаар тогтоол гарч, багийн Иргэдийн Нийтийн Хурлыг 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар “Өвөлжөө, хаваржаа эзэмшүүлэх тухай” 02/02 дугаар тогтоол гарч, иргэн *******д “Гозгор цагаан” гэх газрыг хаваржааны зориулалтаар эзэмшүүлжээ.
Тиймээс ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баян-Овоо сумын Газрын даамалд хандаж өргөдөл гаргасан бөгөөд Баян-Овоо сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 58 дугаар албан бичгээр “Тус сумын Уранхайрхан 2 дугаар багийн иргэн *******тай тухайн өвөлжөөний газар нь “Гозгор цагаан” болон “Цахирын арын цагаан толгой” гэх нэршлээр маргаантай байгаа тул Уранхайрхан 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлаар дахин хэлэлцэх саналаа оруулна уу” гэсэн хариуг өгсөн тул Баянхонгор аймгийн Засаг даргад гомдол гаргасан байна.
Баянхонгор аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1а/518 дугаар албан бичгээр Шүүхэд хандахыг зөвлөсөн хариуг өгсөн тул шүүхэд 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасан.
5.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“Миний бие *******, манай нөхөр ******* бид Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Уранхайрхан 2-р багт 2021 оноос хойш одоог хүртэл амьдарч байгаа. 2024 онд анх Баян-Овоо сумын 2 дугаар багийн Засаг дарга С.Энх- Амгаланд анх өвөлжиж хаваржиж буй газрыг эзэмших хүсэлт өгч улмаар 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Баян-Овоо сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурал болж тус хуралд миний бие биечлэн оролцож манай өвөлждөг газар болох Цахирын арын цагаан толгой буюу нутгийн иргэдийн хэлж заншсанаар Гозгор цагаан гэх газрыг манайд эзэмшүүлэхээр багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэхэд манайх дэмжигдсэн.
Тэр үед Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцсэн газартай холбоотой асуудлуудыг сумын газрын даамал гэх эмэгтэй бичсэн. Тухайн хурлаар өвөлжөөний газар эзэмших эрх дэмжигдсэн учир манай өвөлжиж буй газартаа 5 сая гаруй төгрөгөөр саравчтай өвөлжөө барьж 3 жил өвөлжсөн.
Гэтэл Иргэдийн нийтийн хурлаас хойш манайх өвөлжөөний газар эзэмших гэрчилгээгээ авах гээд сумын газрын даамал болон сумын Засаг дарга ******* нартай хэд хэдэн удаа холбогдсон. Газрын даамал танай иргэдийн нийтийн хурлын тогтоол ирээгүй байна тогтоол нь ирээд захирамж гарвал гэрчилгээ гарна гэсэн ба 2024 оны 05 дугаар сараас хойш 8 сар хүртэл газар эзэмших эрхийн гэрчилгээ гараагүй.
Үүнээс хойш 3 сарын дараа буюу 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Баян-Овоо сумын 2 дугаар багийн Иргэдийн нийтийн хурал болж хурлаар ******* гэх хүнд манай өвөлжиж буй газрыг эзэмшүүлэхээр 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 02/02 дугаар тогтоолын хавсралтаар албажуулан гаргасан байна. Тухайн 8 сарын хуралд нөхөр бид 2-ын аль нь ч оролцоогүй, бидэнд хурлаар манай өвөлжиж буй газрыг ******* гэх хүнд эзэмшүүлэхээр хэлэлцэх тухай мэдэгдээгүй.
Тухайн хурлын талаар манай саахалтын эмэгтэй 8 сарын 26-ны орой над руу залгаж танайд өмнөх хурлаар олгосон өвөлжөөний газрыг чинь өөр нэршлээр ******* гээд сумын Засаг даргын танил гэх хүнд өгөхөөр болчихсон гэж хэлсэн. Тэгээд би 8 сарын 27-ны өдөр багийн Засаг дарга ******* руу 89115468 дугаар луу залгаж учрыг нь тодруулахад одоог хүртэл шийдвэрлэж өгөөгүй байна. Үүнээс хойш 2024, 2025 онд Баян-Овоо сумын Засаг дарга болон Газрын даамалд өргөдөл бичсэн боловч хуулийн хугацаанд шийдвэрлэж өгөөгүй учир аймгийн Засаг даргад гомдол гаргасан. Аймгийн Засаг даргаас тухайн асуудлыг эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжгүй шүүхэд ханд гэсэн хариу өгсөн.
Манайх Баян-Овоо сумын нутагт 2021 оноос хойш одоог хүртэл нутаглаж байгаа ба өвөлжөө хаваржаагаа өөрсдийн хөрөнгөөр барьсан гэтэл манай өвөлжөөний газрын гэрчилгээг гаргаж өгөхгүй ашиг сонирхлын зөрчил гаргаад байгаад гомдолтой байна. Баян-Овоо сумын 2 дугаар багийн иргэдийн нийтийн хурлын 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэлд манай өвөлжөөний газрыг дэмжсэн асуудлыг гуйвуулан бичсэн, тэмдэглэлд дурдаагүй нь багийн Иргэдийн нийтийн хурлын дарга ******* болон багийн Засаг дарга байсан ******* мөн тухай хуралд оролцсон сумын Засаг дарга ******* нартай холбоотой гэж бодож байна. Дээрх газрын маргааны талаар сумын Засаг даргын 2025 оны 98 дугаар албан бичиг болон сумын газрын даамал *******ын тайлбарт тодорхой дурдсан байна.
Иймд “Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 02/02 дугаартай "Өвөлжөө хаваржаа эзэмшүүлэх тухай" тогтоолын хавсралтаас *******д холбогдох хэсгийг хүчингүй болгох, Баян-Овоо сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэлд *******, ******* нарт "Цахирын арын цагаан толгой" өвөлжөөний газар эзэмшүүлэх асуудлыг дэмжсэн тухай тусгуулан албажуулахыг даалгах” гэжээ.
5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
““Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 02/02 дугаартай "Өвөлжөө хаваржаа эзэмшүүлэх тухай" тогтоолын хавсралтаас Бямбажавын Мөнхдалайд холбогдох хэсгийг хүчингүй болгох, Баян-Овоо сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэлд *******, ******* нарт "Цахирын арын цагаан толгой" өвөлжөөний газар эзэмшүүлэх асуудлыг дэмжсэн тухай тусгуулан албажуулахыг, мөн 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 01/08 дугаартай “Өвөлжөө, хаваржаа эзэмшүүлэх тухай” Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын тогтоолын хавсралтад А.Цэцэгдарийн өвөлжөөний газар" Цахирын арын цагаан толгой" нэрийг тус тус тусгахыг даалгах”” гэжээ.
6. Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
“Тухайн үед багийн иргэдийн Нийтийн Хурлын даргалагчаар ******* ажиллаж байсан болно. Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар иргэдээс гарсан шийдвэрт дур мэдэн хүчингүй болгох болон нэмэлт өөрчлөлт оруулах эрх багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад байхгүй болно.
Иймд гомдол гаргагч иргэн хуулийн заалтын дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудалд тусгуулан дахин хэлэлцүүлэх боломжтой” гэжээ.
6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Бямбажав Мөнхдалай би 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2-р багийн хуралд миний бие биечлэн оролцсон. Хурал 60 гаран хүний ирцтэй болсон. Гэтэл 38 хүний санал өгсөн. Тэгээд маргаан гарсан. Би тэгээд бүгд хүний саналыг авна гэж хэлээд. Манай эхнэр бусад хүмүүс орж ирээд манайх илүү болсон.
Тэгээд дараагийн хурлаар шийднэ гэсэн. ******* хуралд гүйцэд суугаагүй. 2022 оны 10 дугаар сарын 30-нд ******* над руу утсаар яриад манайхыг өвөлжөөнийхөө хаяг дээр оруулаад өг гэж гуйсан.
Маргааш нь 2022 оны 11 дүгээр сарын 01-нд *******тай хамт Баянхонгор аймгийн хотын захиргаан дээр Майцэцэгээр шилжүүлэн оруулсан. Энэ айл 2022 онд “Улаан эргийн хондонд” өвөлжсөн. 2023 онд “Гозгор цагаан”-д нэг удаа өвөлжсөн /манай/. 2024 онд Мөнхбат гэдэг айлыг *******, ******* нар өвөлжүүлсэн. 2024 оны 08 дугаар сарын 26-нд хурал дээр *******, ******* нарыг хуралд суу гэж багийн дарга, бусад хүмүүс дуудсан ирээгүй. Уг тогтоолоос хойш *******, ******* нар зөвшөөрөлгүй хороо барьсан. Үүнээс хойш *******, ******* нарыг 1, 2, 3-р хуралд газрын маргааныг шийдэж өгье гэхэд хуралд ирээгүй.
2024 оны 08 дугаар сарын 26-ны багийн хурлын тогтоолыг хүчингүй болгохыг зөвшөөрөхгүй байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхэд анх ******* нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нас барсан тул түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу эхнэр А.Цэцэгдарийн хүсэлтээр түүнийг үндсэн нэхэмжлэгчээр сольж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.
2.Шүүх хэргийн оролцогчид, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт зэргийг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Нэхэмжлэлийн зарим шаардлага үндэслэлтэй.
Нэг.“Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 02/02 дугаартай "Өвөлжөө, хаваржаа эзэмшүүлэх тухай" тогтоолын хавсралтаас *******д холбогдох хэсгийг хүчингүй болгох” шаардлагын тухайд:
Маргаан бүхий тогтоолд туссан “Цахирын арын цагаан толгой”, “Гозгор цагаан” гэх нэршлүүдийг нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь өөр өөрөөр нэрлэж байгаа боловч энэ нь нэг цэгт байршилтай нэг газар болох нь шүүхээс хийсэн үзлэг, талуудын тайлбараар тогтоогдсон болно.
Нэхэмжлэгч “...2021 оноос хойш одоог хүртэл Баян-Овоо сумын 2-р багт мал маллаж амьдарч байгаа. Манай нөхөр ******* хүсэлт гаргасны дагуу 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Баян-Овоо сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлаар “Цахирын арын цагаан толгой” /Гозгор цагаан/ гэх газрыг манайд эзэмшүүлэхээр багийн иргэдийн нийтийн хурлаар дэмжигдсэн, гэтэл тогтоолд тусгагдаагүй, өвөлжөөг эзэмшүүлэх шийдвэр, гэрчилгээ гаргаагүй. Манайх багийн Засаг даргад хэлж, 5 сая гаруй төгрөгөөр саравчтай өвөлжөө барьж 3 жил өвөлжсөн. Үүнээс хойш 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Баян-Овоо сумын 2 дугаар багийн Иргэдийн нийтийн хурал болж хурлаар тухайн өвөлжөөг эзэмшүүлэх асуудлыг хэлэлцээгүй байхад *******д манай өвөлжиж буй газрыг эзэмшүүлсэн нь хууль бус” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “…Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар иргэдээс гарсан шийдвэрт дур мэдэн хүчингүй болгох болон нэмэлт өөрчлөлт оруулах эрх багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад байхгүй...” гэж маргасан.
Гуравдагч этгээд “...2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хуралд *******, ******* нарыг суу гэж дуудсан боловч ирээгүй. Уг тогтоолоос хойш *******, ******* нар зөвшөөрөлгүй хороо барьсан. Надад газар олгосон 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгохыг зөвшөөрөхгүй” гэж маргасан.
Хэргийн үйл баримтын талаар
Нэхэмжлэгч нь гэр бүлээрээ 2021 онд Баян-Овоо сумын Уранхайрхан 2 дугаар багт шилжин ирж гурван жил мал маллан амьдрах хугацаандаа “Цахирын арын цагаан толгой” буюу “Гозгор цагаан” гэх газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмших хүсэлтийг /хх-16, 70/ 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Баян-Овоо сумын 2 дугаар багийн Засаг даргад гаргажээ.
******* нь өмнө нь хүсэлт гаргаж байсан гэх боловч энэ талаарх баримт огт байдаггүй гэж түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мөн энэ талын нотлох баримт хэрэгт авагдаагүй.
Харин 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баян-Овоо сумын Газрын албанд хандаж, “Гозгор цагаан” хаваржааг эзэмших шийдвэр гаргуулахаар хүсэлт гаргасан байна. /хх-71/
Үүнээс харахад нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь маргаан бүхий “Цахирын арын цагаан толгой” буюу “Гозгор цагаан” гэх газарт өвөлжиж, хаваржиж байсан гэх боловч тус газарт блокон хашааг нэхэмжлэгч *******, ******* нар барьсан нь нэхэмжлэгчийн тайлбар, шүүхээс хийсэн үзлэгээс /хх191-196/ харагддаг бөгөөд тус газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмших хүсэлтийг цаг хугацааны хувьд нэхэмжлэгч ******* түрүүлж гаргасан болох нь дээрх хүсэлтүүд, хэргийн оролцогч нарын тайлбараар нотлогдож байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 31 дүгээр зүйлийн 31.1-д "Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна”, 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж хуульчилжээ.
Тус багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01/01 дугаар “Багийн Иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах тухай” тогтоолын дагуу 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн багийн Иргэдийн Нийтийн Хурлаар уг хүсэлтийг хэлэлцэж, асуудал олонхын саналаар дэмжигдсэн бөгөөд хүсэлтэд “дэмжсэн” гэсэн гарын үсэг бүхий тэмдэглэгээг хийсэн байна. /хх-16, 70/
Гэтэл тус хуралдааны 01/03 дугаар “Өвөлжөө, хаваржаа эзэмшүүлэх тухай” тогтоол албажиж гарахдаа нэхэмжлэгчид өвөлжөөний газар эзэмшүүлэх талаар тусгаагүй /хх89-90/, мөн тэмдэглэлд тэмдэглэгдээгүй байна./хх91-99/
Уг тэмдэглэлд *******д “Гозгор цагаан” хаваржааг эзэмшүүлэх асуудал дэмжигдээгүй гэж тусгасан боловч …тус хуралдааны тэмдэглэлийг гараар хөтөлсөн, *******д санал хураахад 1 хүний саналаар илүү гарч дэмжигдсэн тэмдэглэл хөтлөгдсөн, гэтэл уг тэмдэглэлийг компьютерээр бичихдээ *******г 2 хүний саналаар илүү гарч дэмжигдсэн мэтээр өөрчилж бичсэн байна… гэх тэмдэглэл хөтөлсөн гэрчийн мэдүүлэг /хх51-53/, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар уг тэмдэглэлийг засварлаж, өөрчилсөн нь нотлогдож байна.
Түүнчлэн Баян-Овоо сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/01 дугаар тогтоолоор багийн Иргэдийн Нийтийн Хурлыг 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11 цагт хуралдуулахаар товлож, тус өдрийн хуралдаанаар “Өвөлжөө,хаваржаа эзэмшүүлэх тухай” 02/02 дугаар тогтоол гарч, тогтоолын хавсралтаар иргэн *******д “Гозгор цагаан” гэх газрыг хаваржааны зориулалтаар эзэмшүүлжээ. /хх101-102/
Багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны 02 дугаар тэмдэглэлээс харвал хуралд ******* оролцсон, *******, ******* нар ирээгүй байх ба ...”Гозгор цагаан” гэх газрын асуудал маргаантай байгаа. 2 иргэнийг хамт байлгаж байж, дараа шийдье... гэсэн утга санаа ойлгогдож байхад мөн өдрийн 02/02 дугаар тогтоолын хавсралтаар *******д “Гозгор цагаан” хаваржааг эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ./хх103-112/
Гэтэл тус өдрийн хуралдаанаар …тус хуралд ******* оролцсон, ******* оролцоогүй, тухайн газрын асуудал маргаантай байсан тул санал хураалт явагдаагүй, тэмдэглэлийг гараар хөтөлсөн… гэх тухайн өдрийн хуралдааны тэмдэглэл хөтөлсөн гэрчийн мэдүүлэг /хх49-50/, тус тэмдэглэл зэргээр нотлогдож байна.
Харин тухайн хуралдаанаар хэлэлцэгдээгүй, тэмдэглэлд тусгагдаагүй асуудлыг маргаан бүхий тогтоолоор *******д “Гозгор цагаан” хаваржааг эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т зааснаар Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан бөгөөд хуралдаан нь шууд ардчилсан зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгосон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхийг ноцтой зөрчсөн байна.
Түүнчлэн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг сумын Засаг дарга гаргахаар хуульчилсан байтал Баян-Овоо сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Өвөлжөө, хаваржаа эзэмшүүлэх тухай” 02/02 дугаар тогтоолын хавсралтаар иргэн *******д “Гозгор цагаан” гэх газрыг хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн нь хуульд заасан эрх хэмжээгээ хэтрүүлсэн, хууль бус үйлдэл болжээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Нутгийн өөрөө удирдах ёс гэж иргэд нийтлэг ашиг сонирхолдоо нийцүүлэн шууд буюу энэ хуульд заасан өөрийн төлөөллийн байгууллага, түүнд тайлагнадаг гүйцэтгэх удирдлагаар уламжлан тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг хуулийн хүрээнд хариуцаж бие даан шийдвэрлэх эрх, бодит чадвартай байхыг ойлгоно”, 32.2-д “Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 48.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална” гэж хуульчилсан.
Тэгэхээр 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурал нь тухайн багийн нутаг дэвсгэрт харьяалагдах иргэдийг оролцуулан тухайн багийн нутаг дэвсгэрт хамаарах газрын асуудлыг хуралдаанаараа хэлэлцэхээр хуульд заасан байхад тус багийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 02/02 дугаар тогтоолоор *******д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газар нь Баян-Овоо сумын болон тус багийн хилийн цэст хамаарахгүй, харин Өлзийт сумын нутаг дэвсгэрт харьяалагддаг болох нь Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 805 дугаар албан бичиг, хавсралт Сумдын хилийн цэсийн 1:100000-ны масштабтай дэвсгэр зураг, сумын нэрийн зураг болон “Google Earth pro” программ ашиглан гаргасан зураг /хх197-200/, Баян-Овоо сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 410 дугаар албан бичиг /хх-141/, маргаан бүхий газар дээр хийсэн үзлэг /хэмжилтийн аппаратаар 2 сумын хилийн цэс, байршил заасан заалт/ зэргээр тогтоогдсон болно.
Зүй нь маргаан бүхий газар болох “Цахирын арын цагаан толгой” буюу “Гозгор цагаан” гэх газар нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт хамаарч байгаа тохиолдолд энэхүү газрын асуудлыг Баянхонгор аймгийн Өлзийт сумын багийн иргэдийн Нийтийн Хурал хэлэлцэн шийдвэрлэх эрх хэмжээтэй болно.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******д Баян-Овоо сумын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 80 дугаар захирамжаар Уранхайрхан 2-р багийн “Арын хар толгой” гэх газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн нь /хх76-78/, захирамж, хавсралт, газар эзэмших гэрээ /хх79-82/ зэрэг баримтаар нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.
Хоёр. “Баян-Овоо сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл болон тогтоолд *******, ******* нарт "Цахирын арын цагаан толгой" өвөлжөөний газар эзэмшүүлэх асуудлыг дэмжсэн тухай тус тус тусгуулан албажуулахыг даалгах” шаардлагын тухайд:
Баян-Овоо сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар *******, ******* нарт "Цахирын арын цагаан толгой" өвөлжөөний газар эзэмшүүлэх асуудлыг хэлэлцээд дэмжигдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар нотлогддог, гэсэн хэдий ч тухайн тэмдэглэл, тогтоолд тусгагдаагүй байдаг.
Захиргааны хэргийн шүүхийн үндсэн зорилго нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх явдал юм.
Гэтэл шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас нэг дэх шаардлагыг хангасан, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагад дурдсан тэмдэглэл, тогтоол нь 1 дэх шаардлагын маргаан бүхий захиргааны актаас цаг хугацааны хувьд өмнө гарсан, шүүх сүүлд гарсан тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгосон.
Тиймээс дээрх тэмдэглэл, тогтоолд тусгаагүй нь хууль зөрчсөн боловч *******, ******* нарт "Цахирын арын цагаан толгой" буюу “Гозгор цагаан” гэх өвөлжөөний газар эзэмшүүлэх асуудлыг дэмжсэн тухай тусгуулан албажуулснаар нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол сэргэхгүй бөгөөд хууль зүйн ач холбогдолгүй байна.
Иймд “Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 02/02 дугаартай "Өвөлжөө хаваржаа эзэмшүүлэх тухай" тогтоолын хавсралтаас *******д холбогдох хэсгийг хүчингүй болгох” шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн “Баян-Овоо сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл болон тогтоолд *******, ******* нарт "Цахирын арын цагаан толгой" өвөлжөөний газар эзэмшүүлэх асуудлыг дэмжсэн тухай тусгуулан албажуулахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1, 107.5, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 32 дугаар зүйлийн 32.2, 48 дугаар зүйлийн 48.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А.Цэцэгдарийн гаргасан “Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 02/02 дугаартай "Өвөлжөө, хаваржаа эзэмшүүлэх тухай" тогтоолын хавсралтаас *******д холбогдох хэсгийг хүчингүй болгох” шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн “Баян-Овоо сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл болон тогтоолд *******, ******* нарт "Цахирын арын цагаан толгой" өвөлжөөний газар эзэмшүүлэх асуудлыг дэмжсэн тухай тус тус тусгаж албажуулахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.СУВДМАА