| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00402/И |
| Дугаар | 137/ШШ2025/00431 |
| Огноо | 2025-09-02 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 137/ШШ2025/00431
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Д аймгийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч З ХХК болон П.Б нарт холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр 4,857,538 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 07 сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д аймгийн С сум 00 дугаар багт байрлах Д аймгийн Нийгмийн даатгалын газар /ХХД:0000000, РД:000000, утас:00000, 000000, 0000000/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “З" ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөг хүртэл хугацаанд 4.857.538 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэж төлөөгүй байгаа нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 "Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн Даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард нь багтаан нийгмийн Даатгалын санд төлнө, 32 дугаар зүйлийн 32.2.2-т заасан ажил олгогчийн хуулиар хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн тул 4.857.538 нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан авлагыг "З" ХХК болон захирал П.Б-ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д аймгийн З сум 00 дүгээр баг Сүлд, 0-00 дүгээр байранд оршин суух А овогт П-ын Б /РД:0000000, утас:0000000/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие П.Б нь Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газраас шүүхэд гаргасан хүсэлттэй танилцлаа. Уг газраас нэхэмжилж айгаа нийгмийн даатгалын хуримтлагдсан өр 4,857,829 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Дээрх мөнгийг 6 сарын хугацаанд дараах байдлаар төлөх саналтай байна. Үүнд 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 810,000 төгрөг, 2025 оны 10 сарын 20-ны өдөр 810,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 810,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 810,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 810,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 807,538 төгрөг төлөх хүсэлтэй байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д аймгийн З сум 00 дүгээр баг Сүлд, 0-00 дүгээр байранд байрлах З ХХК /РД:0000000, утас:0000000 / шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: З ХХК Д аймгийн нийгмийн даатгалын газраас нэхэмжилж байгаа нийгмийн даатгалын хуримтлагдсан өр 4,857,538 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх мөнгийг 6 сарын хугацаанд хүсэлтэй байна. Үүнд 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 20-ны хүртэл сар бүр 810,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 807,538 төгрөгөөр төлөх хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газраас З ХХК болон П.Б нараас шимтгэлийн авлага барагдуулах нэхэмжлэл гаргасан. Зэнжисанчид ХХК болон П.Б нар нь нэхэмжлэлийн шаардлага 4,857,538 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 20-ны хүртэл сар бүр 810,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 807,538 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбар гаргасныг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д аймгийн Нийгмийн даатгалын газар нь З ХХК болон П.Б нарт холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр 4,857,538 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З ХХК болон П.Б нар нь нэхэмжлэлийн шаардлага 4,857,538 төгрөгийг 06 сарын хугацаанд буюу 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 810,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 810,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 810,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 810,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 810,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 807,538 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.С нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д аймгийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч З ХХК болон П.Б нарт холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр 4,857,538 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч З ХХК болон П.Б нар нь нэхэмжлэлийн шаардлага 4,857,538 төгрөгийг 06 сарын хугацаанд буюу 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 810,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 810,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 810,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 810,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 810,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 807,538 төгрөгөөр төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж 92,671 төгрөгийг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч З ХХК болон П.Б нараас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 46,335 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч З ХХК болон П.Б нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.БОЛОРМАА