Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 213/МА2021/00020

 

Б.Буянжаргалын нэхэмжлэлтэй Ж.Доржсүрэнд

холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уламбаяр даргалж, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 131/ШШ2021/00359 дүгээр шийдвэртэй

Нэхэмжлэгч Бямбаагийн Буянжаргал

Хариуцагч Жавзангийн Доржсүрэн

Хамтран ажиллах гэрээний үүрэг 2.600.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвдаваагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Буянжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвдаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Цогдэлгэр нар оролцов.

Нэхэмжлэгч Бямбаагийн Буянжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн миний бие дараах гомдол хүсэлтийг гаргаж байна. Баянхонгор аймгийн харъяат 5-4-14 тоотод оршин суугч Жавзан овогтой Доржсүрэн, миний гэр бүлийн хүн болох Ч.Батболд нар нь 11 сарын 20-нд Байдраг сумын Давсан тал хэмээх газраас иргэн Доржсүрэнгийн өвлийн идшийг авахаар БНХ 97-82 ланд 80 маркийн миний эзэмшлийн нэр бүхий машиныг 3 хоногийн хугацаатай зөвшөөрөл аван хөлслөн явсан. Энэ үедээ мөнгө муутай байгаагаа хэлээд надаас бэлнээр 280.000 төгрөг зээлж явсан. 11 сарын 24-нд Доржсүрэнгийн төрсөн дүү болох Ядамсүрэн манайд 14 цагийн үед ирж ах тантай уулзаад мөнгө төгрөгний тусламж аваад машинтайгаа гар Дөвөнт рүү 55 тооны мал дайчихлаа, тосоод ав гэж байна гэсээр ирсэн. Би юу болоод байгааг тодруулж нөхөртэйгээ холбоо барьтал цас зуд болоод хүмүүс малаа зээлээр ав гээд тууж авчирч өгөөд байна. Чиний ч хэрэг байна. Доржсүрэн бид 2 ашигаа хувааж авахаар тохирлоо гэж хэлээд Доржсүрэнтэй яриулсан. Доржсүрэн нь миний найз мөнгө олох арга байна уу бид 2 малын наймаа хийхээр боллоо. Би дүү Ядмаагаа чам руу явуулсан байгаа. Чи уулзаад Дөвөнт рүү ачуулсан малыг зохицуулаад, тэндээсээ наашаа гарах хэрэг байна. Чиний хэрэг маш их байна. Мөнгө олоорой гэж хэлсэн.                 

Ингээд би хот руу өөрийн төрсөн дүү Бат-Эрдэнийн хүү Балжингийн хуримтлалын мөнгө 2.000.000 төгрөгийг хүүтэй зээлээд Дөвөнт рүү дүү Ядамсүрэнтэй нь мөн мал нядлах 3 хүний хамт хоол, хүнс, бензин, тосны зардал 234.500 төгрөгийг гаргаж явсан. Ингээд өөрт ч ашигтай, өрөөлд ч ашигтай гээд Дөвөнт рүү ачуулсан малын ачилтын хөлс 5245094267 данстай Мөнхбат гэх хүнд 275.000 төгрөгийг хувиасаа шилжүүлсэн. /Дансны хуулга харах/ Доржсүрэн нь үхрийн 560.000 төгрөг 5245012568 данс руу Ганбат, Энхбаярын 5245094267 данс руу бензин шатахуун бусад зардал байна тус болооч гээд 145.000 шилжүүлж авсан. Энэ үед ашиг гаргая... хамт хуваая, оруулсан мөнгийг чинь гаргаж өгнө. Чи итгэхгүй бол өөрөө ир гэсэн. Ингээд дүү Ядамсүрэнгийн хамт Дөвөнтөөс Давсан тал руу мал нядлуулахаар авч явсан аав, хүү, хүргэн болох 3 хүний хамт гарсан. Эдгээр хүмүүст мал нядалгааны цалин хөлс 510.000 төгрөгийг мөн зохицуулж 5247110868 данс руу шилжүүлсэн. Газар дээр нь очиход бэлэн бусаар 5 айлын 400 гаруй богийг авсан байсан, гал тогоог нь барьж, санхүүгийн тусламж үзүүлж бүх асуудлыг зохицуулж, мал махаа нядалж дуусгаад авч ирэх хүртэл хамт явсан. Ирээд нууж зараад, ашиггүй болсон би өгөхгүй гэсээр байгаад хохироолоо. Иргэн надаас гарсан нийт зардал: 10 хоногийн ажилчдын хоол хүнс, бензин масло- 200.000, 55 мал ачуулсан хөлс зардал -275.000, Мал нядалгааны хөлс 510.000, Ганбатад үхрийн мөнгө 560.000, Энхбаярт 145.000, Бэлнээр өгч явуулсан мөнгө 280.000, Давсан талаас ирэхдээ Ланд машинд бөнзин- 69.100, Галуутаас түлш 126.400, Дөвөнт мах авчирсан зардал 82.600 Ю.Дөвөнтрүү арааснь машинаар 40 л түлш, хөлсөлсөн машины зардал-101.269, Мах ачиж ирсэн унааны хөлс 400.000, Давсан талд нэмж авчирсан ажилчдын хөлс 550.000, Хөдөө явахаас өмнө 140.000 зээлж 300 гаран толгой авч далд хийсэн. Нийт 3.439.369 төгрөгийн тусламжийг үзүүлсэн 904.000 төгрөгийг өөрөө барьж авсан. Одоо өөрийн үлдэгдэл 2.600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.      

Хариуцагч Ж.Доржсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа:      

Миний бие нь Ч.Батболдтой 2020 оны 11 сарын 04-ний өдөр таарч уулзтал гэртээ ажилгүй, хоол ундгүй хэцүү байгаагаа надад ярьж би Батболдыг малын толгой авч хуйхалж зар, би мөнгийг нь гаргаж ашгийг нь хувааж авъя гэж тохироод нэг толгойг 1000 төгрөгөөр авч 3000 төгрөгөөр зарж байтал намайг миний найз Банзрагч Байдраг сумаас хонь, ямаа авъя гэж дуудсан юм. 2020 оны 11 сарын 19-ний өдөр Байдраг сумруу явах гэж байтал Ч.Батболд нь би цуг яваад ирье, хийх ажилгүй тул миний машинаар явъя, би чамаас хөлс, мөнгө авахгүй гээд цуг явж Байдрагийн Давсан талд очоод 420 бог мал авч Ядамсүрэн, Буянжаргал нарыг 4 хүний хамт хүрээд ир гэсэнд эдгээр хүмүүс ирж 4-5 өдөр мал нядалж дуусаад хөлс мөнгөө аваад бид малын махаа ачиж аваад Баянхонгорт зарж борлуулж мөнгийг нь Буянжаргалын дансанд хийж хамтран ажиллахаар тохирсон. Буянжаргал, Батболд хоёр нь дүүгээсээ 2 сая төгрөг гуйж авлаа, дүү малын мах зарагдмагц өгөөрэй гэж байна гэж ярьж байсан. Доржсүрэн нь би 2.580.000 төгрөгийг Буянжаргалын дансанд хийлгэж данс тооцоог Буянжаргалаар бариулсан. Буянжаргал, Батболд хоёроос явцын дунд мөнгө дутсан. Нийт тооцоо хийх гэтэл Буянжаргал нь дансны хуулга авч ирж үзүүлэхгүй худлаа ярьж, гэрт нь очихоор өдөр болгон согтуу элдэв муу муухайгаар харааж хөөнө. Буянжаргалаас гарсан зарлага 1.895.000 төгрөг байдаг. Б.Буянжаргалаас тооцоо хийж 6 сая төгрөг дутсаныг би нэхэмжилнэ гэж хэлсэн. Бид наймаа хийж эхлэхдээ ашиг олвол хувааж авна, алдвал өөр өөрсдөө хариуцна гэж тохиролцсон юм. Буянжаргал, Батболд хоёрын дутаасан 6 сая гаруй төгрөгийг би малчдад нь банкнаас зээл авч төлж явна. Доржсүрэнгээс Буянжаргалд өгсөн мөнгөн дүн мах 10 ширхэг 220кг 1.540.000, толгой 90ш 3000, 270.000, мах 2 ш 240.000, мах 1 ш 120.000, өвс 38 ш 650.000, ваань 1 ш 250.000, Батболд бэлнээр 400.000 төгрөг тус тус өгсөн. Миний хувьд Буянжаргалд өргүй гэжээ.

Нэхэмжлэгч Б.Буянжаргал анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би 2.600.000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд үүнээс хамт явахдаа зарцуулсан үйл ажиллагааны зардал гэж 600.000 төгрөгөөс татгалзаж, 2.000.000 төгрөг нэхэмжилж, эвлэрэх хүсэлтэй байна. Бид эхлээд 1.000.000 төгрөгийн ашигтай ажилласан. Иймээс бид хамтдаа ярилцаж байгаад хоёр дахь удаагаа хөдөө мал авахаар явсан. Хөдөөнөөс нядалж авчирсан малаа хариуцагч нь аймгийн төвд авчираад, 3 хоногийн дотор ганцаараа зарж ашиг олсноос болоод бид нар хохироод байгаа, хамт яваад малаа зараад ашигаа авсан бол гомдол байхгүй байсан. Бид нарт 25 ширхэг борлонгийн арьстай үлдээчихээд, тухайн малын арьсыг зараад ашигаа олж авах гээд бодоод явж байх хойгуур хариуцагч Ж.Доржсүрэн малын арьснуудыг хулгай хийгээд аваад явсан. Тухайн үед худалдах гэж байсан малуудын хашаанд байх үеийн зураг болон зарагдсан байх үеийн зургуудыг авч баталгаажуулсан нотлох баримтаар шүүхэд өгсөн байгаа. Мөн хамт ажиллаж байх үед 14000 төгрөгөөр өвс авна гээд надаас 4.200.000 төгрөг аваад явсан боловч хариуцагч 600.000 төгрөгийн ашиг өөртөө унагаасан байсан тул өөрт нь хэлсэн. Би дүүгээсээ 2.600.000 төгрөг зээлж авч хөрөнгө оруулалт хийсэн мөнгөө л авна, ашиг авахгүй. Хариуцагчийн надтай хамт тооцоо хийж байсан баримт нь байгаа. Иймээс би ашиг авахгүй, наймаа хийхэд гаргасан мөнгөө буцааж авмаар байгаа тул 2.600.000 төгрөгөөс хамт явсан зардлаа хасаад 2.000.000 төгрөг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Сүүлийн явалтаар хариуцагч Ж.Доржсүрэн нь 55 тооны малын мал ачиж ирээд бид нарт хэлэлгүй зарсан байсан. Бид ашигаа авч чадаагүй байгаа.Бид 20.000.000 гаран төгрөгийн ашиг олох ёстой байсан ч ашигаа авахгүй зөвхөн хөрөнгө оруулсан мөнгөө авах гэж байгаа гэжээ.

Хариуцагч Ж.Доржсүрэн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч авах ашигаа авчихсан юм. Эхний ээлжид Болдоо бид хоёр хөдөө явж 380 тооны мал худалдан авч Баянхонгор аймагт борлуулаад нэхэмжлэгчийн дансанд 25.800.000 төгрөг орсон байдаг. Хөдөө 35 тооны хонь, ямаа үлдсэн байсан бөгөөд эхний ээлжид олсон мөнгөнөөс 19.000.000 төгрөг нэхэмжлэгч дахин гаргаж өгөөд, миний хуучин машины мотор болон дугуйг нь солиод хөдөө мал авахаар бид явсан. Хөдөө явахад машины бензиний мөнгө болон бусад зардлууд маш их гараад олсон ашиг нөхөгдөөд яваад байсан. Нэхэмжлэгч дүүгээсээ 2.000.000 гаран төгрөг авсан гэж яриад байна, үнэн ярьж байгаа байх гэж бодож байна. Нэхэмжлэгч тал бол ашигаа гаргаад авсан, худлаа яриад байна. Өвсний 600.000 төгрөг авсан гээд байгаа боловч нэхэмжлэгч нь олсон ашигаараа нөхөөд авсан. Мөн н.Мишгээ гэх хүнээс хоёр тооны бог мал, н.Доржоо гэх хүнээс нэг бог мал, 9 тооны тарган хонины махнуудын мөнгийг нэхэмжлэгч авсан байгаа. Нэхэмжлэгч тал өөрсдөөсөө гарсан зардлыг яриад байгаа боловч надаас гарсан зардлыг ярихгүй байгаа юм. Дараа нь намайг 55 бог авчирч зарсныг яриад байх шиг байна. Малын махыг кг нь 6500 төгрөгөөр тооцож зарсан. Бид малчдаас авчирсан малынхаа мөнгийг малчдад буцаан өгөх шаардлагатай болоод малчид бас мөнгөө шаардаж эхлэхэд нэхэмжлэгч малчдын малын мөнгийг өгөхгүй байгаа юм.

Ингээд би хүүхдийнхээ хадгаламжийн мөнгө болон найзуудаасаа мөнгө зээлээд малчдад худалдаж авсан малын мөнгөө эргүүлж өгсөн, энэ хүмүүс огтхонч хариуцлага хүлээхгүй байгаа юм гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан хамтран ажиллаж гэрээний үүрэг 2.000.000 төгрөгийг хариуцагч Ж.Доржсүрэнгээс гаргуулж нэхэмжлэгч Б.Буянжаргалд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56550 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Доржсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамж 46950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Буянжаргалд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвдаваа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Т.Пүрэвдаваа миний бие Б.Буянжаргалын нэхэмжлэлтэй Ж.Доржсүрэнд холбогдох хамтран ажиллах гэрээний үүрэг 2.600.000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ж.Доржсүрэнгийн итгэмжпэгдсэн төлөөлөгчөөр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 23-ны өдрийн 131/ШШ2021/00359 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Тус шүүхийн шийдвэрийг 2021 оны 08 сарын 18 ны өдөр гардан авсан болно.

Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 23-ны өдрийн 131/ШШ2021/00359 дугаартай шийдвэрээр Доржсүрэнгээс 2.000.000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэжээ. 2021 оны 05 сарын 14-ний өдөр Б.Буянжаргал, Ч.Батболд нар нь Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2.600.000 төгрөгийг нэхэмжилж авах хүсэлтийг гаргажээ. Гэтэл шүүх Б.Буянжаргал, Ч.Батболд нарын гаргасан уг хүсэлтийг нэхэмжлэлээр хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Буянжаргал нь дангаар нэхэмжлэгчээр оролцсон байна. Б.Буянжаргал нь Ч.Батболдыг төлөөлөх эрхгүй этгээд байсаар байтал шүүх хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ. Мөн Ж.Доржсүрэн нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх, үүрэгтэй бүрэн дүүрэн танилцаагүй, шүүхэд нотлох баримт бүрдүүлж өгөх боломж бололцоогоор хангаагүй, шүүх хуралдааны товыг хуулийн хугацаанд мэдэгдээгүй гэдэг. Эдгээр нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байх тул Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 23-ны өдрийн 131/ШШ2021/00359 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Бямбаагийн Буянжаргал нь хариуцагч Жавзангийн Доржсүрэнд холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүргийн 2.600.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хариуцагч Ж.Доржсүрэнгээс хамтран ажиллах гэрээний үүргийн 2.000.000 гаргуулж нэхэмжлэгч Б.Буянжаргалд олгож шийдвэрлэжээ.

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд Б.Буянжаргал, Ч.Батболд нар нь 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд хамтран нэхэмжлэл гаргасан байхад шүүх анхаарч үзэлгүйгээр 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Б.Буянжаргалын нэхэмжлэлтэй Ж.Доржсүрэнд холбогдуулан гэж нэхэмжлэгч Ч.Батболдыг орхигдуулан иргэний хэрэг үүсгэж, улмаар нэхэмжлэгч Ч.Батболдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа оролцох эрх, үүрэг, тайлбар гаргах, хариуцагчийн ирүүлсэн тайлбартай танилцах, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг хангалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч Б.Буянжаргал нь Ч.Батболдыг шууд төлөөлөх эрх бүхий этгээд биш, Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 32 дугаар зүйлд зааснаар мөн хуулийн 32.1 дүгээр зүйлүүдэд тус тус зааснаар Ч.Батболдыг шүүхэд төлөөлөхдөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх, улмаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд ч төлөөлөх бүрэн эрх бүхий итгэмжлэлийг бичгээр үйлдэж, Ч.Батболд, Б.Буянжаргал нь гарын үсгээ зурж, нотариатаар баталгаажуулан шүүхэд ирүүлэх нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Ж.Доржсүрэнгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг төвлөрсөн төсвийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж хариуцагч Ж.Доржсүрэнд олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 131/ШШ2021/00359 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч Ж.Доржсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг төвлөрсөн төсвийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж хариуцагч Ж.Доржсүрэнд олгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэгсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

Б.БОЛОР-ЭРДЭНЭ