Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/655

 

 

 

 

       

 

     2024         06              05                                      2024/ДШМ/655

 

 

Т.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Мөнхтүвшин,

шүүгдэгч Т.Б-, түүний өмгөөлөгч Д.Ганбат,   

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/406 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.М-, шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Д.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Т.Б-т холбогдох эрүүгийн 2308011951178 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б-,

2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2021 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар өршөөлд хамруулан хэргийг хэрэгсэхгүй болгосон,

 

Шүүгдэгч Т.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ***дугаар орцны гадна Б.М-тай маргалдан, улмаар куртикнийх нь энгэрээс заамдаж түлхэх явцад хохирогч Б.М- нь төмөр хогийн сав мөргөж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Т.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3.595.400 /гурван сая таван зуун ерэн таван мянга дөрвөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-аас 4.333.140 /дөрвөн сая гурван зуун гучин гурван мянга, нэг зуун дөч/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.М-д олгож, хохирогч Б.М- нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардал, дутуу авсан цалин хөлс, олох байсан орлогоо нотолсон баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.Б-аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-аас 286.500 (хоёр зуун наян зургаан мянга таван зуу) төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгож, шүүгдэгч Т.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогч Б.М- давж заалдах гомдолдоо: “...хохирогч миний бие шүүгдэгчээс холбогдох баримтыг бүрдүүлж, 35 сая төгрөг нэхэмжилсэн байтал шийтгэх тогтоолын 4 дэх хэсэгт миний нэхэмжлэлийн шаардлагаас 3.595.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн Т.Б- ганцаараа биш Г.Б-тай бүлэглэн зодсон байтал Г.Б- гэм буруугүй, ямар ч ял шийтгэлгүй үлдэж байгаа нь үнэхээрийн шударга бус байна. Г.Б-ын аав өмгөөлөгч гэдгээр шүүгдэгч Б-тай адил гэм буруутай байтал түүнийг яллаагүйд гомдолтой байна. Хохирогч надад хэргийн материал танилцуулаагүй танилцах боломжоор ч хангаагүй миний эрхийг ноцтой зөрчсөнд үнэхээрийн гомдолтой, хэргийг бүхэлд хянан үзэж миний зөрчигдсөн эрхийг хангаж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Д.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, 1.3-т “Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад хэт яллах талыг барьж хохирогчийн хууль бус зөрчил болон гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдэд ямар ч үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр яллагдагчийн өмгөөлөгчийн удаа дараа хүсэлт гомдлыг үл хэрэгсэн орхигдуулж” хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж гомдол гаргаж байна. Юуны өмнө шүүгдэгч Т.Б- болон өмгөөлөгч миний бие хохирогчид учруулсан гэмтэл, хэргийн зүйлчлэл, гэм буруугүйн тал дээр ямар нэгэн маргаан гаргаагүй хүлээн зөвшөөрсөн. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1"Гэмт хэрэг гарсан байдал, хэргийг хаан, хэзээ яаж үйлдсэн”, 1.3-тГэмт хэргийн сэдэлт зорилго”, 1.6-дГэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг үнэн зөв бүрэн гүйцэд тогтоон хуульд заасан зохих ёсны арга хэмжээ авахгүйгээр хохирогч Г.М-ы илт гэм хэргийн шинжтэй үйлдэл, зөрчил нь гэрчүүдийн мэдүүлэг, сэжигтэн яллагдагчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт авагдсан камерын бичлэг зэргээр хангалттай тогтоогдсон байхад өмгөөлөгч миний гомдлын дагуу ямар ч хуулийн дагуу арга хэмжээ авахгүй хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйл “Хууль ёсны байх”, мөн хуулийн 1.3 дугаар зүйл “Шударга ёсны, хуулийн өмнө оролцогчид эрх тэгш байх” зарчмуудыг алдагдуулан ялгаварлан гадуурхаж нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хэрэг болсон 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэрч Г.Б- нь өөрийн найз нарын хамт гэртээ мах шарж, цэргийн баяр тэмдэглэж байх үеэр хохирогч Б.М- архи ууж согтууран Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төвийн араас өөрийн эзэмшлийн Alphard загварын машиныг барьж Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Баянхошуу Хөтөлд Б-ын гэрт ирж унтаж байсан хүнийг босгож архи уусан байдаг. Улмаар ямар ч үгийн солиогүй машинаа асаан явж Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо 22а байранд амьдардаг гэрч Н.С-ийн гэрт ирж үргэлжлүүлэн архидаж байх явцдаа Г.Б-тай муудалцаж эхлэх үеэр С нь “гарч зодолд” гэснээр гэрээс нь гарч орцны үүдэнд оршин суугч, олон нийт амарч байхад оройн 21-23 цагийн үед М- нь Г.Б- руу дайрч давшилж байх үеэр тэдгээрийн хоорондын хэрүүл, зодооныг таслан зогсоох зорилгоор хөндлөнгөөс оролцсон шүүгдэгч Т.Б- луу мөн дайрч давшлан агсарч байгаа нь хэрэгт авагдсан бүхий л баримтуудаар нотлогдоно. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байхад энэ талаар ямар ч шалгах ажиллагаа явуулахгүй, шүүгдэгч Б-ыг ямар ч гэмгүй байсан Б.М-ыг шалтгаангүйгээр зодож хөнгөн гэмтэл учруулсан хэмээн дүгнэж ялласан нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Хэрэгт авагдсан камерын бичлэг, гэрч С-э, Г.Б- нарын мэдүүлгээс харахад Б-, С-э, Б- нар хүн, хүн рүү дайрч үсчсэн М-ы танхайрч байгаа үйлдлийг удаа дараа таслан зогсоох гэсэн үйл баримтууд хангалттай тогтоогдоно. Эцсийн эцэст хэний ч үгэнд орохгүй агсарсаар байгаад өөрөө Т.Б- луу дайрсан эрчиндээ зузаан лист төмрөөр хийсэн савалдаг хогийн төмөр сав мөргөж унан нүүрэндээ хөнгөн гэмтэл авсан. Энэ бүх үйлдлийг улсын яллагч, шүүгч үл хэрэгсэн зөвхөн Т.Б-ыг л гэм буруутай гэж үзэн ялласан нь учир дутагдалтай болсон.

 Хэргийн бодит байдал ийм байхад хохирогч Г.М- нь ямар ч баримт нотолгоогүйгээр Г.Б-, Т.Б- нараас хэрэг эхлэн шалгах үеэс “35 сая төгрөг өг” хэмээн дарамталж, хэрэв өгөхгүй бол та хоёрыг бүлэглэн намайг зодож гэмтээсэн хэмээн хоёуланг чинь яллуулна хэмээн дарамталж улмаар хэргийг хуулийн дагуу шударгаар шалган шийдвэрлэж байгаа мөрдөгч, улсын яллагч нарыг эсрэг талтай хуйвалдсан, авлига авсан хэмээн гүтгэж удаа дараа өөрийн өмгөөлөгчийн хамт удирдах дээд байгууллагад нь гомдол гаргаж шалгуулах, хэргийг удаа дараа мөрдөн байцаалтад буцааж хүндрэл учруулах, өөрийн мэдүүлгийг зохиомлоор янз бүрээр зөрүүтэй мэдүүлэх зэрэг нь хирээс хэтэрсэн. Хэрэв хэрэг эхлэн шалгах үеэс шүүгдэгчийн өмгөөлөгч миний гомдол, хүсэлтийн дагуу хэргийг үнэн зөвөөр хуулийн дагуу шалган согтуу машин барьсан зөрчилд нь арга хэмжээ авч улмаар танхайрсан үйлдэлд нь гэм буруутайд тооцож Б.М-ыг ялласан бол ийнхүү даварч өөрийнхөөрөө мэдүүлгээ янз бүрээр өгч бусдыг гүтгэж, хэргийг шалгах ажиллагаанд хүндрэл учруулахгүй байсан. Иймд өмгөөлөгч миний гомдлын дагуу хэргийг бүх талаас нь хянан үзэж хохирогч Г.М-ы үйлдийг шалгах, эсхүл гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн учраас Т.Б-т торгох ял оногдуулж өгнө үү.  ...” гэв.

 

Шүүгдэгч Т.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

 

Прокурор Г.Мөнхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Б- нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогчийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь хангалттай нотлон тогтоогдоогүй. Мөн хохирогчийн зүгээс гомдолдоо “надад хэргийн материал танилцуулаагүй” гэж дурдсан байна. Анхан шатны шүүх хуралдааны явцад хохирогч хэргийн материалтай танилцаагүй гэх үндэслэлээр түр завсарлага авч, хэргийн материалтай танилцаж байсан. Анхан шатны шүүхээс хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангасан баримтуудад үндэслэж шүүгдэгч Т.Б-аас 4.333.141 төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэж, бусад хохирлыг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Т.Б-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Г.М-, шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Д.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлууд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Т.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ***дугаар орцны гадна хохирогч Б.М-тай маргалдан, улмаар хохирогчийн заамдсан үйлдлээс зайлан мушгих явцад хохирогч нь төмөр хогийн сав мөргөж, эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зулайн баруун урд хэсэг, хамрын шарх, хоёр талын дээд, доод зовхи, хацрын дээд хэсгийн цус хуралт, дух, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.М-ы “...Б- нь намайг толгойгоо дараад байж байхад  мушгиж унагаасан бөгөөд унах үедээ нэг зүйл мөргөж миний биед гэмтэл учирсан. ...” /1хх 21, 27/,

гэрч Б.Э-ы “..хоорондоо маргалдаад Б- нь түүнийг зодож толгойг нь гэмтээсэн гэж л хэлсэн. ...”/1хх 30/,

гэрч Г.Б-ын “...М- Б- луу дахин дайрч Б- хажуу тийшээ зайлах маягтай мушгиж унагаасан тэр үед М- газар унахдаа орцны үүдэнд байсан төмөр хогийн савыг толгой болон хамраараа мөргөж унасан. Би М- дээр очоод өргөж босгох гэтэл нүүр нь битүү цус болсон, яг хаанаас нь цус гараад байсныг анзаараагүй. ...” /1хх 33-34, 2хх 69-70/,

гэрч Н.С-ийн “...ямар ч л байсан М-, Б- нар хоорондоо маргалдаж зууралдаж байсан. М-ы биед гэмтэл учирсан бол Б- л учруулсан байх гэж бодож байна. ...” /1хх 40, 43-44/,

шинжээч Ч.Эрдэмболорын “...Б.М-ы зулайн баруун урд хэсэгт шарх гэмтэл нь архины шилээр цохих үед үүссэн гэхэд хэт том шарх байх тул архины шилээр цохиход үүссэн гэхээс илүүтэй хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. ...” /1хх 53-54/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...Б.М-ы биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зулайн баруун урд хэсэг, хамарт шарх, хоёр талын дээд, доод зовхи, хацрын дээд хэсэгт цус хуралт, дух, хамрын зөөлөн эдийн няцрал, дух, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 429 дүгээр дүгнэлт /1хх 63-65/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 8-10/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 13-16, 2хх 63-66/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Т.Б- ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Т.Б-ын хохирогч Б.М-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Д.Ганбат “...хохирогч Г.М-ы танхайрсан үйлдлийг шалгах, эсхүл гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн учраас Т.Б-т оногдуулсан нийтэд тустай ял хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...”, хохирогч Б.М- “... нэхэмжлэлийн шаардлагаас 3.595.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон, дээрх гэмт хэргийг Т.Б- ганцаараа биш Г.Б-тай бүлэглэн үйлдсэн, ...хэргийн материал танилцуулаагүй танилцах боломжоор ч хангаагүйд гомдолтой байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, гэмт хэрэг гарахад хохирогчийн зохих буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн анхан шатны шүүхээс Т.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нийтэд цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 900 нэгжээр торгох ял болгон өөрчилж, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.

 

Харин Т.Б-, Б.М- нар нь анхнаасаа нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан шинжтэй үйлдлүүдийг хийгээгүй, тухайн гэмт хэрэг үйлдэхэд хохирогч Б.М-, гэрч Г.Б- нар нь хэрүүл маргааныг эхлүүлэн, улмаар тэдгээрийн маргаан нь үргэлжилж тэднийг салгах гэж гэрч Н.С-э, шүүгдэгч Т.Б- нар нь оролцож байсан ч сүүлдээ шүүгдэгч Т.Б-, хохирогч Б.М- нарын хооронд маргаан үүсэж, эцэстээ Б.М-д гэмтэл учруулсан болох нь шүүгдэгч болон хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэг зэргээр нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах зэргээр үнэлснийг буруутгах боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байх тул хохирогч Б.М-ы танхайрах үйлдлийг шалгуулах талаар гаргасан өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Хохирогч Б.М-ы гаргасан гомдлын тухайд,

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрч Г.Б-ын “...миний бие архины шилээр М-ы толгой руу цохисон үйлдэл байхгүй. ...намайг орцны үүд рүү гарч очиход Б- М- хоёр зууралдсан байдалтай М- нь гадуурхаа тайлсан байдалтай байсан. ...”, гэрч Н.С-ийн “...эхлээд М- нь Б-аатай маргалдаж байсан ч дундуур нь Б- ороход Б-аатай ямар нэгэн байдлаар маргалдаж муудалцаагүй, Б-аа нь М-ы биед халдаагүй  ...”, шинжээч Ч.Эрдэмболорын “...Б.М-ы зулайн баруун урд хэсэгт шарх гэмтэл нь архины шилээр цохих үед үүссэн гэхэд хэт том шарх байх тул архины шилээр цохиход үүссэн гэхээс илүүтэй хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. ...” гэсэн мэдүүлгүүд болон камерын бичлэг, Б.М-ы биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 429 дүгээр дүгнэлт зэргээр Г.Б- нь энэ хэрэгт хамтран оролцох гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, эсхүл уг гэмт хэргийг Т.Б-аас өөр хүн үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирлыг тооцон, шүүгдэгчээс 4.333.140 төгрөг гаргуулан хохирогч Б.М-д олгож, тооцоолох боломжгүй /цалингийн зөрүү, олох байсан орлого болон цаашид гарах эмчилгээний зардал/ хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дах хэсэгт заасантай тус тус нийцсэн байх тул хохирогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэх боломжгүй юм.

 

Гэмт хэргээс улбаатай боловч тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоогүй бусад хохирлын асуудлыг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэхгүй.

 

Өөрөөр хэлбэл, хохирогчийн Хаан банкнаас авсан хэрэглээний зээлийг дээрх гэмт хэрэг гарсны дараа авсан ба уг гэмт хэргийн улмаас өмнө авсан зээлээ төлж чадахгүй байгаа гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул гэмт хэргийн шууд зардалд шүүх хамаарахгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

 

Мөн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр мөрдөгч хохирогч Б.М-д хэргийн материал танилцуулах зорилгоор дуудсан боловч тэрээр “танилцах шаардлагагүй” гэсэн баримт 1 дүгээр хавтас хэргийн 221 дүгээр талд авагдсан байгаагаас гадна 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 12 дугаар талд хохирогч Б.М-ыг хэргийн материалтай танилцуулах зорилгоор шүүх хуралдааныг 10 минутын хугацаагаар түр завсарлуулж, танилцуулсан байх /1хх 221, 2хх 146/ тул хохирогч Б.М-ы гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нөгөөтээгүүр, анхан шатны шүүх шүүгдэгч Т.Б-ыг “...хохирогч Б.М-тай маргалдан түүнийг хавсарч унагаасны улмаас ...эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан. ...” гэж хэргийн үйл баримтыг тодорхойлжээ.

 

Харин давж заалдах шатны шүүхээс хохирогч Б.М-ы “...Б- нь намайг толгойгоо дараад байж байхад  мушгиж унагаасан бөгөөд унах үедээ нэг зүйл мөргөж миний биед гэмтэл учирсан. ...”, гэрч Г.Б-ын “...Б- нь тэр үед М-ыг хажуу тийшээ зайлах маягтай мушгиж унагаасан ба М- хажууд нь байсан хогийн савыг бүүр дуу гартал мөргөсөн . ...” гэсэн мэдүүлэг, камерийн бичлэгээс үзэхэд Т.Б- нь хохирогч Б.М-ыг өөрийг нь заамдсан үйлдлээс зайлах маягтай мушгин унагаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байх тул хэргийн үйл баримтыг өөрчлөн дүгнэсэн болно.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Д.Ганбатын гаргасан давж заалдах гомдлын “нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солих” талаар гаргасан хэсгийг хүлээн авч, “...хохирогч Б.М-ы танхайрсан үйлдлийг шалгуулах”, хохирогч Б.М-ы гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/406 шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ыг 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуу мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж,

тогтоох хэсэгт “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасны дагуу буюу 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. ...” гэсэн,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай. ...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Д.Ганбатын “...хохирогч Б.М-ы танхайрсан үйлдлийг шалгуулах”, хохирогч Б.М-ы “... нэхэмжлэлийн шаардлагаас 3.595.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон, дээрх гэмт хэргийг Т.Б- ганцаараа биш Г.Б-тай бүлэглэн үйлдсэн, ...хэргийн материал танилцуулаагүй танилцах боломжоор ч хангаагүй” гэх давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.АЛДАР

 

                        ШҮҮГЧ                                                                      С.БОЛОРТУЯА

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН