| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Одонтуяа |
| Хэргийн индекс | 159/2024/0022/З |
| Дугаар | 159/ШШ2025/0081 |
| Огноо | 2025-11-20 |
| Маргааны төрөл | Газар, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 159/ШШ2025/0081
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас
татгалзсаныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одонтуяа би, “Б*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргад холбогдох “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А/110 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хүлээн авч, хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “Б*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн "Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/110 дугаар захирамжийг хүчингүй болгуулах" шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Учир нь:
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд "О*******" ХХК-ийн газар ашиглах эрх 2025 оны 8 дугар сарын 13-ны өдөр дуусгавар болсон байх бөгөөд тус компани газар ашиглах гэрчилгээ болон гэрээний хугацаа 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дуусахад сунгуулах хүсэлтээ холбогдох хууль, журамд заасны дагуу гаргаагүй байна. Энэ нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогджээ.
2. Мөн маргаан бүхий А/110 дугаар захирамжийн үндэслэл болсон "О*******" ХХК-ийн ашигт малтмалын MV-020785 тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 311 дүгээр шийдвэрээр цуцалсан. Уг шийдвэрийг "О*******" ХХК-ийн зүгээс эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган маргасныг тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2025/0039 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2025/0235 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Уг шийдвэр, магадлалыг "О*******" ХХК эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасныг Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын Нийт шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан тул шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хүсэлтийг хүлээн авч, хянаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь,
1. Хэргийн үйл баримтын тухайд:
1.1. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 87 дугаар захирамжаар төмрийн хүдэр олборлох зориулалтаар 39 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар, 2005 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 106 дугаар захирамжаар орон сууцны зориулалтаар 10000 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр, 2005 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 158 дугаар захирамжаар 1000 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар зочид буудлын зориулалтаар эзэмшүүлэхээр тус тус “Б*******” ХХК-д олгожээ.
1.2. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1. дэх хэсэгт зааснаар “Б*******” ХХК нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргад холбогдуулан "О*******" ХХК-д 263.97 га газрыг ашигт малтмал ашиглах зориулалтаар олгосон шийдвэр болох Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А/110 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гарган хандсаныг шүүх 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
1.3. Тус шүүхийн хянан шийдвэрлэсэн “Б*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргад холбогдох “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байрлах “Б*******” ХХК-ний төмрийн хүдэр олборлох зориулалттай 39 га, зочид буудлын зориулалттай 1000 мкв, орон сууцны зориулалттай 10000 мкв газруудыг газрын мэдээллийн нэгдсэн санд нөхөж бүртгэхгүй байгаа Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байрлах “Б*******” ХХК-ний газруудыг газрын мэдээллийн нэгдсэн санд нөхөн бүртгэхийг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргад даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Б*******” ХХК-д эзэмших, ашиглах эрх олгосон дээрх газрууд нь бусад иргэн, хуулийн этгээдэд олгосон газартай давхцал байгаа эсэхийг тодруулахаар Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрыг шинжээчээр томилсон.
1.4. Шинжээчийн шүүхэд ирүүлсэн дүгнэлтэд “... “Б*******" ХХК-д Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 106 дугаар захирамжаар орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн 1 га, 2005 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн захирамжаар зочид буудлын зориулалтаар эзэмшүүлсэн 0.1 га газрууд кадастрын мэдээллийн системд бүртгэгдээгүй, нэгж талбарын хувийн хэрэг үүсээгүй нотлох баримт байхгүй тул давхцаж байгаа эсэхийг нотлох боломжгүй байна. Харин 2004 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 87 дугаар захирамжаар төмрийн хүдэр олборлох зориулалтаар эзэмшүүлсэн 39 га газар нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А/110 дугаартай захирамжаар "О*******" ХХК-нд ашигт малтмал ашиглах зориулалтаар олгосон 263.97 га талбай бүхий газартай 1 га газрын хэмжээгээр давхцалтай болох нь кадастрын зураглалаар тогтоогдов.” гэжээ.
1.5. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3. дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцалгүй байна.” гэж заасан.
1.6. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа талаар бичгээр хүсэлтээ ирүүлжээ.
1.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ:” гэж, 20.1.1-д “... нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах” гэж, 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж, 66.2. дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд ...” гэж тус тус заасан.
1.8. Дээрх нөхцөл байдлыг дүгнэхэд, нэхэмжлэгчийн татгалзал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1., 66.2. дахь хэсэгт тус тус заасанд нийцсэн бөгөөд хуульд харшлаагүй байна.
1.9. Иймд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
1.10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагавар буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг хэргийн оролцогчид тайлбарласан болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйл, 109 дүгээр зүйлийн 109.1., 111 дүгээр зүйлийн 111.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3., 61 дүгээр зүйлийн 61.1., Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А/110 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй..
3. Энэ шүүгчийн захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4. дэх хэсэг, 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА