Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2017/0241/З |
Дугаар | 221/МА2017/0319 |
Огноо | 2017-05-03 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2017/0319
2017 оны 05 сарын 03 өдөр Дугаар 221/МА2017/0319 Улаанбаатар хот
Д.У, Б.С, А.Т, Ш.Г, М.М нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэйгээр хийж, нарийн бичгийн даргаар Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, Д.Н, Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагчийн өмгөөлөгч З.С, Ц.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 223 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Д.У, Б.С, А.Т, Ш.Г, М.М нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 223 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.7, 70 дугаар зүйлийн 70.5 дахь хэсгийн 70.5.10, 159 дүгээр зүйлийн 159.2, 160 дугаар зүйлийн 160.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.У, М.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 11, 13, 14, 17 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.7, 20 дугаар зүйлийн 20.3, 27 дугаар зүйлийн 27.2, 34 дүгээр зүйлийн 34.1.13, 70 дугаар зүйлийн 70.5 дахь хэсгийн 70.5.10, 70.5.14, 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3, 159.4, 160 дугаар зүйлийн 160.4, 163 дугаар зүйлийн 163.2, 163.3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.С-ын Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 10, 12 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах, Б.Т-ийн Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 15, 18 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах, Ш.Г-ийн Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 16, 19 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О би Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31 өдрийн 128\ШШ2017\0223 дугаар шийдвэрийн зарим хэсгийн эс зөвшөөрч давж заалдах журмаар дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас иргэдийн төлөөлөгч Б.С-ын Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 10, 12 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах, Б.Тгийн Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 15, 19 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах, Ш.Г-ийн Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 16, 19 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хууль зүйн үндэслэлтэй дүгнэж чадаагүй байна.
Шийдвэрийн үндэслэх хэсэгт: Түүнчлэн дээрх хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2 дахь хэсэгт заасан нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол гэсэн нөхцөл заасан хуулийн заалт тус бүрийг авч үзвэл нэр дэвшигчээс гадна хандив хүлээн авсан этгээд, аливаа этгээд, сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд Сонгуулийн хууль тогтоомжийг зөрчвөл нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болохоор хуульд заажээ гэж хууль буруу тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг үгүйсгэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Сонгуулийн тухай хуулийн 159.2 дахь хэсэгт Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ гэж зааснаас үзэхэд нэр дэвшигчийг Сонгуулийн тухай хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасныг зөрчсөн болохыг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тогтоосны үндсэн дээр нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасахаар зохицуулсан байна.
Гэтэл Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 62 дугаар захирамжаар нэр дэвшигч Б.С-ыг, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаар шийтгэврээр нэр дэвшигч А.Тг, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 201 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 26 дугаар магадлалаар Ш.Г-ийг тус тус сонгуулийн тухай хууль, тогтоомж зөрчөөгүй болохыг тогтоочихсон.
Нэр дэвшигчийг сонгуулийн тухай хууль, тогтоомжийг зөрчсөн эсэхийг тогтоохдоо өөрөө зөрчсөн эсвэл бусдаар дамжуулж /аливаа хэн нэгэн этгээдэд сонгуулийн тухай хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг үүрэг болгох, зааварчилгаа өгөх зэргээр/ сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн байвал Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэр дэвшигчийг сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэм буруутайд тооцож шийтгэвэр ногдуулдаг. Тодруулбал тухайн сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн зөрчилд нэр дэвшигчийн оролцоо ямар нэгэн байдлаар оролцсон байвал эрүүгийн хэргийн шүүхээс нэр дэвшигчийг сонгуулийн хууль тогтоомж зөрчсөнд тооцдог.
Гэтэл Б.С, А.Т, Ш.Г нарыг өөрөө болон бусдаар дамжуулж сонгуулийн хууль тогтоомж зөрчөөгүй болохыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тогтоосон байхад нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан нь хууль бус байна. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31 өдрийн 128\ШШ2017\0223 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №128/ШШ2017/0223 дугаар шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг үндэслэн энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.
Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар дүүргийн сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн биелэлтийг хянан шалгаж, сахин биелүүлэх явдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд нэхэмжлэгч нарын маргаж буй Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны тогтоолууд нь Сонгуулийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн зөрчлийг таслан зогсоож шийдвэрлэсэн шийдвэр юм. Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлд Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл, журмыг зааж өгсөн бөгөөд 159.1-д Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ гэж, 159.2-д Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ гэж тус тус заасан байна.
Өөрөөр хэлбэл Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т заасан нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэлд уг хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дүгээр заалт нь бүхэлдээ хамаарч байгаа бөгөөд аливаа этгээд нь сонгогчдын саналыг татах зорилгоор Сонгуулийн тухай хууль зөрчиж түүнийг нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоосон бол нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл бий болох юм.
Аливаа этгээд болох Р.С нь нэр дэвшигч Д.Ут санал өгүүлэх зорилгоор Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1 дэх заалтыг зөрчсөн болохыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 68 дугаар захирамжаар тогтоосон. Мөн А.Т-ийн ухуулагчаар ажилласан Ж.О нь аливаа этгээд болох О.А-оор дамжуулан Ардчилсан намаас Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд нэр дэвшсэн Н.М, Ш.Г, А.Т нарт санал өгүүлэх зорилгоор Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1 дэх заалтыг зөрчсөн болохыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №20 дугаар шийтгэврээр тогтоосон болно.
Тиймээс Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.7 дахь заалтад зааснаар сонгогчдын саналыг татах зорилгоор аливаа этгээд болох Р.С, О.А нар нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1 дэх заалтыг зөрчсөн нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон бөгөөд энэ уг хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т заасан нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах үндэслэлд хамаарч байх тул Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооноос хуульд заасан журмын дагуу 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 11, 13, 14, 17 дугаар тогтоолуудыг гаргасан болно.
Гэтэл анхан шатны шүүхээс аливаа этгээд нь Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн нь нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болохгүй гэж дүгнэн дээрх тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №128/ШШ2017/0223 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж Д.У, М.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Нэг. Д.У, М.М нарт холбогдох Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 11, 13, 14, 17 дугаар тогтоолуудын тухайд:
Шүүх ... Р.С-ийн гаргасан зөрчил нь нэр дэвшигч Д.У-ыг ... нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болохгүй ... ухуулагчийн үнэмлэх олгосон бүртгэлийн дэвтэрт хийсэн үзлэгээс нэр дэвшигч М.М-ын ухуулагчаар Ж.О бүртгэгдээгүй ... гэж дүгнэн тус нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.
Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д Сонгуулийн штаб, түүний ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно, 70.5-д Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 70.5.10-д сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, эсхүл хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй хүн, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, цалин хөлс, урамшуулал, тэтгэлэг олгох, 75 дугаар зүйлийн 75.1-д нэр дэвшигчийн сонгуулийн штабын бүрэлдэхүүнд нэр дэвшигчээс гадна түүний менежер, шадар туслагч, ухуулагч хамаарна, 159 дүгээр зүйл 159.2-д Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн заалтуудаас үзвэл сонгуульд нэр дэвшигчийг бүртгэсний дараа тухайн нэр дэвшигч эсхүл сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд болох сонгуулийн штабын бүрэлдэхүүнд хамаарах штабын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагч нараас сонгуулийн сурталчилгаа хийх явцдаа хуульд тусгайлан заасан зөрчлийг тухайлбал, сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, эсхүл хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй хүн, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, цалин хөлс, урамшуулал, тэтгэлэг олгох, мөнгө эд зүйл тараах зэрэг зөрчлийг гаргасан болох нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасахаар зохицуулсан байна.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо нь ... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 68 дугаар тогтоолоор Р.С нь бусдад мөнгө тараасан нь тогтоогдсон ... гэх үндэслэлээр 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 11, 13 дугаар тогтоолуудаар Д.У-ыг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн нэрийн жагсаалтаас хасч, дахин сонгууль явуулахаар, түүнчлэн ...М.М-ын ухуулагчаар ажилласан Ж.О, О.А нар нь Сонгуулийн тухай хууль зөрчсөнийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаар шийтгэврээр тогтоогдсон ... гэх үндэслэлээр мөн өдрийн 14, 17 дугаар тогтоолуудаар М.М-ыг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн нэрийн жагсаалтаас хасч шийдвэрлэснийг эс зөвшөөрсөн нэхэмжлэлийг шүүх хангаж, тус маргаан бүхий тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Хавтаст хэрэгт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ... дүүрэг дэх Цагдаагийн ... хэлтсээс Баянзүрх дүүргийн ИТХ-ын дүгээр тойрогт АН-аас нэр дэвшигч Д.У нь Сонгуулийн тухай хуулийг зөрчиж иргэдэд мөнгө тараан, саналыг худалдаж авсан гэх асуудал нь Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж шүүхэд ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна ..., ... Р.С нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1 дахь хэсэгт заасныг ... зөрчсөн байна ... гэж дүгнэж, Р.С-г 192 000 төгрөгөөр торгох захиргааны шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн 68 дугаар тогтоол, мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ... дүүргийн ... сонгуулийн 5 дугаар хороонд Ардчилсан намаас нэр дэвшигч Н.М ... нь Ж.О ... иргэн О.А буюу аливаа этгээдээр дамжуулан хууль бус сурталчилгаа явуулж, иргэдэд мөнгө тараасан нь тогтоогдохгүй байна ... гэж дүгнэсэн 20 дугаар тогтоол тус тус авагджээ.
Түүнчлэн хэрэгт авагдсан Нийслэлийн архивын газрын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Нэр дэвшигчийн шадар туслагчийн үнэмлэх олгосон бүртгэл -дээрх шүүхийн шийдвэрээр захиргааны шийтгэл хүлээсэн Р.С нь нэр дэвшигч Д.У-ын ухуулагч, шадар туслагчаар, Ж.О, О.А нар нь нэр дэвшигч М.М-ын ухуулагч, шадар туслагчаар бүртгэгдээгүй байна.
Хэрэгт авагдсан дээрх шүүхийн шийдвэрүүд, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагчийн бүртгэлийн баримтуудаас үзвэл сонгуулийн тухай хууль зөрчсөн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдож захиргааны шийтгэл хүлээсэн Р.С, Ж.О, О.А нар нь нэр дэвшигч Д.У, М.М нарын ухуулагч, шадар туслагчаар ажилласан болох нь түүнчлэн тус нэр дэвшигчид сонгуулийн тухай хууль зөрчсөн болох нь тус тус тогтоогдоогүй байхад дээрх нэр дэвшигчдийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн нэрийн жагсаалтаас хасч, дахин сонгууль явуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хууль бус байх тул Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 11, 13, 14, 17 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Хоёр. Нэр дэвшигч А.Т, Ш.Г, Б.С нарт холбогдох Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 10, 12, 15, 18, 16, 19 дүгээр тогтоолуудын тухайд:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, хуулийг зөв тайлбарлан нэхэмжлэлийн тус шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна.
Хавтас хэрэгт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ... Б.С-ын ... шадар туслахаар Б.Ц ажилласан нь тогтоогдож байна ... Б.Ц нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.14-т ... заалтыг зөрчсөн ... гэх үндэслэлээр Б.С-ыг 1152000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан 62 дугаар захирамж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ... А.Т нь АН намаас нэр дэвшсэн ба түүний ухуулагчаар нь Ж.О, ... О.А нь ажилласан болох нь тус тус тогтоогдсон ... гэж дүгнэж, Ж.О, О.А нарыг тус бүр 192000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн 20 дугаар шийтгэвэр, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн ... Ш.Г нь ... 5 дугаар тойрогт АН намаас нэр дэвшсэн, түүний ухуулагчаар Д.Ц ажилласан нь тогтоогдож байна ... гэж дүгнэж, Д.Ц-г 1.440.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан 91 дүгээр шийтгэвэр, Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 26 дугаар магадлал, Нийслэлийн архивын газрын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ...Б.Ц нь нэр дэвшигч Б.С-ын шадар туслагч..., ...Ж-ийн О нь нэр дэвшигч А.Т-ийн ухуулагч..., ...Д.Ц нь Ш.Г-ийн ухуулагч... гэж тус тус тэмдэглэгдсэн Нэр дэвшигчийн шадар туслагчийн үнэмлэх олгосон бүртгэл зэрэг нотлох баримтууд авагдсан байна.
Дээрх нотлох баримтуудаас үзвэл нэр дэвшигч Б.С-ын шадар туслагчаар Б.Ц, нэр дэвшигч А.Т-ийн ухуулагчаар Ж.О, нэр дэвшигч Ш.Г-ийн ухуулагчаар Д.Ц нар тус тус ажилласан болох нь сонгуулийн хорооны нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагчийн бүртгэлээр, шадар туслагч Б.Ц, ухуулагч Ж.О, Д.Ц нар нь Сонгуулийн тухай хуулийг зөрчиж, захиргааны шийтгэл хүлээсэн болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тус тус тогтоогдсон байх тул хариуцагч Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б.С-ыг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн нэрийн жагсаалтаас хасах тухай 10 дугаар тогтоол, Дахин сонгууль явуулах тухай 12 дугаар тогтоол, А.Тг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн нэрийн жагсаалтаас хасах тухай 15 дугаар тогтоол, Дахин сонгууль явуулах тухай 18 дугаар тогтоол, Ш.Г-ийг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн нэрийн жагсаалтаас хасах тухай 16 дугаар тогтоол, Дахин сонгууль явуулах тухай 19 дүгээр тогтоолууд нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д Аливаа этгээд санал авах өдөр хүртэлх долоо хоногийн хугацаанд нам, нэр дэвшигчдийн талаар санал асуулга явуулах, энэ төрлийн мэдээллийг бүх төрлийн мэдээллийн хэрэгсэл ашиглан нийтлэх, тараахыг хориглоно, 70.5-д Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 159 дүгээр зүйл 159.2-д Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн ... 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ гэж заасантай тус тус нийцсэн байх тул нэхэмжлэлийн тус тогтоолуудад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдвэр зөв байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагч, штабын ажилтан нар нь Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн нь нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болохгүй ... Үндсэн хуулийн цэцээс дүгнэлтээр зөвхөн нэр дэвшигч өөрөө Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн тохиолдолд л тухайн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болно гэж дүгнэсэн ... гэх тайлбар үндэслэлгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 09 дүгээр дүгнэлтээр сонгуульд нэр дэвших, төрийн албанд томилогдох тодорхой хугацаагаар сонгогдох эрхээ алдах, урьд явагдсан сонгуулийн сурталчилгаа зохион байгуулалтын зардал төлөх, сонгуулийн үр дүнд авсан түр үнэмлэх нь хүчингүй болох зэрэг байдлаар Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигч нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас үүсэх үр дагавар, хүлээх үүргийг хуульчилсан Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх талаар дүгнэсэн буюу тодруулбал, ижил зөрчил гаргасан Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчтэй харьцуулахад орон нутгийн сонгуульд нэг дэвшигчид хэт өндөр хариуцлага хүлээлгэхээр хуульчилснаас гадна хууль зүйн хэд хэдэн хариуцлагыг нэгэн зэрэг нэг хүнд ногдуулахаар заасан сонгуулийн хуулийн зохицуулалт нь Үндсэн хуулийн Арвандөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэжээ.
Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтээр Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2 дахь хэсгийн орон нутгийн сонгуульд нэр дэвшигчийн сонгуулийн штабын бүрэлдэхүүнд хамаарах ухуулагч, шадар туслагч гэх этгээд, түүнчлэн тэдгээр нь өөр бусад этгээдээр дамжуулан Сонгуулийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн бол тухайн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасахаар заасан зохицуулалтыг зөвхөн нэр дэвшигчийн Сонгуулийн тухай хуульд заасан зөрчил гаргасныг эрх бүхий этгээд тогтоосон тохиолдолд тухайн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болох-оор заасан мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсгийн зохицуулалттай адил агуулгаар хуульчлаагүй нь Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнээгүй, харин нэр дэвшигч нэрийн жагсаалтаас хасагдсанаас үүсэх эрх зүйн үр дагавар, үүрэг хариуцлагын тухайд Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн хувьд ялгавартай байдлаар хуульчилсан Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь заалт нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулсан эсэх талаар дүгнэсэн байна.
Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д Сонгуулийн штаб, түүний ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно, 70.5-д Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 75 дугаар зүйлийн 75.1-д нэр дэвшигчийн сонгуулийн штабын бүрэлдэхүүнд нэр дэвшигчээс гадна түүний менежер, шадар туслагч, ухуулагч хамаарна гэж зөвхөн нэр сонгуулийн сурталчилгаа хийх эрхийг эдлэхээр заасан нэр дэвшигч болон түүний менежер, шадар туслагч, ухуулагч гэсэн сонгуулийн штабын бүрэлдэхүүнд хамаарах этгээд буюу эрх бүхий этгээд нь өөрөө болон бусдаар дамжуулан сонгогчийн санал татах зорилгоор Сонгуулийн тухай хуулийн 70.1.1-70.1.8-д заасан үйлдэл үйл ажиллагаа явуулсныг шүүх тогтоосон, тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тохиолдолд нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болохоор байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...аливаа этгээд нь сонгогчдын саналыг татах зорилгоор Сонгуулийн тухай хууль зөрчсөн, түүнийг нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоосон бол нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болох юм ... гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ, 6.2-д Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ гэж тус тус заасны дагуу давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчдыг мэтгэлцэх боломжоор хангаж, шүүхийн шийдвэрт гомдол гаргах боломжит хугацааны сүүлийн өдөр гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн, хариуцагчийн өмгөөлөгчийн ... нэхэмжлэгч гомдол гаргах хугацаа дууссан байхад гаргасан гомдлыг шүүхэд ирүүлсэн ... гомдлыг хүлээн авах үндэслэлгүй ... гэх хүсэлтийг шүүх хүлээн аваагүй болохыг тэмдэглэв.
Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 223 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ