Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 254

 

Ц.М-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн

тээврийн газрын даргад холбогдох

 захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                      Г.Банзрагч

                                                    Д.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга:             Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн тээврийн газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Ц.М-ыг ажлаас халах тухай” Б/99 тоот тушаалыг хүчингүй болгож, Ц.М-ыг Нийслэлийн тээврийн газрын Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0828 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0186 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Ц.М, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нар,

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0828 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай 2002 оны хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэлийн тээврийн газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Ц.М-ыг ажлаас халах тухай дугаар Б/99 тоот тушаалыг хүчингүй болгож, Ц.М-ыг Нийслэлийн тээврийн газрын Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Ц.М-ад 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,626,544 (хоёр сая зургаан зуун хорин зургаан мянга таван зуун дөчин дөрөв) төгрөгийг олгохыг Нийслэлийн Тээврийн газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0186 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0828 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 26 дугаар зүйлийн 26.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Мын  ”Нийслэлийн тээврийн газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Ц.М-ыг ажлаас халах тухай” дугаар Б/99 тоот тушаалыг хүчингүй болгож, Ц.М-ыг Нийслэлийн тээврийн газрын Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалингаа нөхөн гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтөр, гуравдагч этгээд М.Мөнхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч Ц.М- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Нийслэлийн тээврийн газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “Ц.М-ыг ажлаас халах тухай” Б/99 тоот тушаалыг гаргаж намайг ажлаас халахдаа 5 үндэслэлээр буруутгасан бөгөөд анхан шатны шүүх тухайн үндэслэл бүрд үнэлэлт дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн үнэлэлт дүгнэлт өгсөн 5 үндэслэлийн зөвхөн 1 үндэслэлийг хянан үзэж буруутгасан байна.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан хэсэгт анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрийнхээ 12 дугаар хуудаст “Үндэслэх” хэсэгт “Хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзэхэд дээрх Б/74 тоот тушаалаар хүлээсэн хэдий хугацаанд гүйцэтгэх, тодорхой ямар үүргүүдийг биелүүлээгүй гэж үзэж нэхэмжлэгчийг ажлаас халсан нь тодорхойгүй, ямар үүргүүдийг биелүүлээгүй гэж үзсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдоогүй байх тул нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй байна" гэж тодорхойлсон. Ажлын хэсэг байгуулсан боловч ажлын хэсэгт өгөгдсөн үүрэг даалгаврыг баг хамт олноор хэрэгжүүлсэн, гэтэл тухайн багаар хэрэгжүүлсэн ажлаас ганцхан надад үүрэг биелүүлээгүй гэж үзэж хариуцлага оногдуулах нь боломжгүй зүйл бөгөөд хууль зөрчсөн үйлдэл болсон.

5. Магадлалын мөн хэсэгт “дээрх тушаалаар өгсөн үүрэг даалгаврыг багаар хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулсан байх ба үүргийг ... хэсгийн ахлагч гардан хариуцах, зохицуулах, уялдааг хангах, биелэлтийг тооцож манлайлах нь ахлагчийн үүрэг байх ёстой ... хэн ч хариуцлага хүлээхгүй байх нь шударга бус юм” гэсэн дүгнэсэн байдаг. Шүүхийн магадлалд дурдсан энэхүү үүргийг тухайлан надад ганцаарчлан хариуцуулсан дүрэм, журам байхгүй. Мөн нөгөө талаар тухайн Ажлын хэсэг байгуулж ажил үүрэг гүйцэтгэх үндэслэл нь тухайн үед манай байгууллагын удирдаж байсан дарга Д.О-т нийслэлээс даалгасан. Хугацаат үүрэг даалгавар биелүүлэх ажал байсан бөгөөд ажлын хэсэг тухайн ажлыг хугацаанд гүйцэтгэж биелэлтийг Захиргааны зөвлөлийн хурлаар 2 удаа хэлэлцүүлэхээр оруулсан боловч Д.О нь өөрөө сахилгын шийтгэл хүлээсэн үйлдэлдээ "намайг буруутгах” үндэслэл болгох зорилгоор удаа дараа хурлаар хэлэлцүүлэхгүй буцааж, намайг ажлаас халах зорилгоор үр дагаврыг санаатайгаар урьдчилан төлөвлөж бий болгосон ажил юм.

6. Магадлалын мөн хэсэгт “ Нийслэлийн тээврийн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай А/41 тоот тушаалаар өгөгдсөн үүрэг ... Ц.М-ыг ажлаас халах өдрийн байдлаар хэрэгжээгүй болох тогтоогдож байна” гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй, ямар нотлох баримтыг үндэслэсэн тодорхойгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэх зарчимд нийцээгүй байна.

7. Давж заалдах шатны шүүх дээрх байдлаар 5 үндэслэлийн зөвхөн 2 хэсэгт дүгнэлт хийж бусад 4 үндэслэлд ямар нэгэн байдлаар дүгнэлт хийгээгүй байна. Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

9. Нийслэлийн тээврийн газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “ажлаас халах тухай” Б/99 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг үндэслэн Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.М-ыг “... тушаалаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ... хугацааг хэтрүүлсэн, чанарын хувьд доголдуулсан, ... дотоод аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хугацаанд нь багтаан хэрэгжүүлээгүй, хангалтгүй хэрэгжүүлсэн, ... нийслэлийн Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн А/41 дүгээр захирамжийн дагуу зохион байгуулсан ...гамшгийн үеийн бэлэн байдлыг шалгах үзлэг, сургалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй, ... захиргааны зөвлөлийн үйл ажиллагааны журмыг зөрчсөн” гэж  үүрэгт ажлаас  нь халжээ.

10. Анхан шатны шүүх маргааны үйл баримтуудын талаар үндэслэл муутай дүгнэлт хийсэн, хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан үндэслэлээр Ц.М-ыг ажлаас халсан захиргааны акт гаргасан байхад “сахилгын шийтгэл” хүлээлгэсэн мэтээр буруу дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон, уг шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т заасанд нийцсэн байна.

11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т “хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хуулийг буруу хэрэглэсэн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх энэ хуулийн 121.1.1, 121.1.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргах”-аар заасан, анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актад үндэслэсэн 5 зөрчлийн 1 зөрчлийн хувьд “... хүлээлгэсэн үүрэг тодорхойгүй байхад, ямар үүргийг биелүүлээгүй нь ойлгомжгүй” гэж, 3 зөрчлийн хувьд “... багаар хэрэгжүүлэх ажлын гүйцэтгэлийг зөвхөн нэхэмжлэгчид хариуцуулж, хариуцлага тооцох боломжгүй” гэж, 1 зөрчлийн хувьд “сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хойно ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу” гэж дүгнэхдээ, маргааны үйл баримт, түүнд холбогдох нотлох баримтуудыг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасан журмын дагуу үнэлж чадаагүй, маргаан бүхий актад үндэслээгүй буюу хэрэглэх ёсгүй Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь байна.

12. Нийслэлийн тээврийн газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/36 дугаар тушаалаар “Нийтийн тээврийн үйлчилгээний бүртгэл хяналт, мэдээлэл, төлбөр хураалтыг гүйцэтгүүлэх гэрээний 5.1-д заасны дагуу гэрээг дүгнэх аргачлалыг боловсруулах, дүгнэх ажлын хэсэг”-ийг; мөн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/41 дүгээр тушаалаар “Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хот орчмын чиглэлийн тарифыг удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн системд тусгах асуудлыг хамтран хэлэлцэх, санал боловсруулах үүрэг бүхий ажлыг хэсэг”-ийг тус тус Ц.М-аар ахлуулан байгуулж, ажлын хэсгийн гүйцэтгэсэн ажил, санал, ажлын тайланг Захиргааны зөвлөлийн хуралд танилцуулах, тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг ажлын хэсгийн ахлагчид даалгасан, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, ажлын хэсгийн хийсэн ажлын талаар Захиргааны зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 12, 29-ний өдрийн хурлаар хэлэлцэж “... хийсэн ажил нь шаардлага хангаагүй, он дамжуулан хугацаа хоцроосон, дахин боловсруулж танилцуулах”-ыг ажлын хэсгийн ахлагч Ц.М-ад үүрэг болгосон, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар “... уг үүргийг Ц.М- нь биелүүлээгүй талаар яригдаж, улмаар хариуцлага тооцож, ажлаас халах”-аар шийдвэрлэсэн болох нь тогтоогджээ.

13. Нэхэмжлэгч Ц.М- нь “... А/36, А/41 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг хуваарийн дагуу хуралдсан, тодорхой шийдэл, шийдвэрүүдийг гаргаж Захиргааны зөвлөлийн хуралд бичгээр танилцуулсан боловч дарга Д.Отгонбаатар хувийн хонзогносон байдлаа гаргаж, ямар нэгэн эцсийн шийдвэр гаргахгүй байсаар удааширсан” гэх тайлбарыг шүүхэд гаргасан боловч энэ нь нотлох баримтаар тогтоогдоогүйн зэрэгцээ А/41 дүгээр тушаалын хэрэгжилт нь 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар хангагдаагүй байсантай нэхэмжлэгч маргаагүй, уг 2 тушаалын хэрэгжилт хангагдаагүй, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүйд нэхэмжлэгчийн буруу тогтоогдсон талаар давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан зөв дүгнэсэн байна.

14. Түүнчлэн, дээрх тушаалуудад заасны дагуу ажлын гүйцэтгэл, үр дүнг гаргаж, Захиргааны зөвлөлийн хуралд тайлагнахыг ажлын хэсгийн ахлагч Ц.М-ад даалгасан, уг үүргээ хугацаанд нь бүрэн хэрэгжүүлээгүйд нэхэмжлэгч Ц.М- нь буруугүй гэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдоогүй, энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

15. Иймд, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “... багаар хэрэгжүүлсэн хамт олноос ганцхан надад хариуцлага оногдуулж хууль зөрчсөн, ... нотлох баримт буруу үнэлсэн, ... хэрэгт авагдаагүй нотлох баримтад үндэслэсэн,... 5 үндэслэлийн зөвхөн 2 хэсэгт дүгнэлт хийж, бусдад дүгнэлт хийгээгүй” гэх гомдлыг хангах боломжгүй, дээр дурдсанаар давж заалдах шатны шүүх үйл баримтын талаар зөв дүгнэсэн атлаа хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан байх тул зохих хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0186 дугаар магадлалын “Тогтоох” хэсгийн нэг дэх заалтын “26 дугаар зүйлийн 26.1.1” гэснийг “25 дугаар зүйлийн 25.1.1” гэж өөрчилж, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                       Ч.ТУНГАЛАГ