Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 538

 

Э.М, Б.М нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Б.М, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батцэнгэл, Л.Мөнхтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 60 дугаар магадлалтай, Э.М, Б.М нарт холбогдох 201719000073 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1981 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Э.М,

2.Монгол Улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, эмэгтэй,

2002 оны 4 дүгээр сарын 15-нд Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1  дэх хэсэгт зааснаар 15.000 төгрөгийн торгох ял шийтгүүлсэн, Гучид овогт Б.М нар нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.М, Э.М нарыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 21.400.000 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх, шүүгдэгч Б.Мг 2 жил хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Мд 2 жил хорих ял оногдуулсан шийтгэл тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Э.М нараас 18.166.000 төгрөгийг гаргуулан  хохирогч Ч.Цд олгуулах,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол мөрдөн байцаагчийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор 94-03 ТӨВ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоолоор Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн 21 дүгээр байрны 4-56 тоот орон сууцыг тус тус битүүмжилснийг хэвээр үлдээж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Зээлийн гэрээ 2016 оны 8 дугаар сарын 9” гэсэн бичиглэл бүхий 1 хуудас гэрээг хэрэгт үлдээж,

94-03 ТӨВ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн 01206759 тоот гэрчилгээг шүүгдэгч Б.Мд буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж,

7 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Э.М нараас 18.166.000 төгрөгийг гаргуулан Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн 21-1-Б тоотод оршин суух Чонос овгийн Чулууны Цд РД/НЭ:56012103/ олгосугай.” гэснийг

“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Мгөөс 9.083.000 /есөн сая наян гурван мянга/ төгрөг, Э.Маас 9.083.000 /есөн сая наян гурван мянга/ төгрөгийг тус тус гаргуулан Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн 21-1-Б тоотод оршин суух Чонос овгийн Чулууны Цд РД/НЭ:56012103/ олгосугай.” гэж тус тус өөрчилж,

8 дахь заалтаас “...94-03 ТӨВ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн 01206759 тоот гэрчилгээг шүүгдэгч Б.Мд буцаан олгож” гэсэн хэсгийг хасаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангаж, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батцэнгэл гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “… Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйл, 40.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1.Б.М нь 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Ч.Цгээс 21.400.000 төгрөгийг “Зээлийн гэрээ” байгуулж, 3 хоногийн хугацаатай зээлж авсан байдаг. Уг мөнгөнөөс 2016 оны 8 дугаар сарын 11-нд 17.000.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 12-нд 2.091.730 төгрөг, нийт 19.091.730 төгрөгөөр “Хас” банкны өмнөх зээлээ төлж, байрны гэрчилгээг чөлөөлүүлж авсан болох нь 2 дугаар хавтасны 142 дугаар хуудсанд байгаа Хас банкны 1300013771 тоот дансны хуулгаар нотлогдоно. Энэ нь Ч.Цд хэлж авсан зориулалтынхаа дагуу мөнгийг зарцуулсан болохыг харуулж байна.

Мөн орон сууц худалдсаны 2 хувийн татварт 1.300.000 төгрөг төлсөн болох нь 2 дугаар хавтасны 241 дүгээр хуудсанд байгаа мөнгө тушаасан баримтаар, Улсын бүртгэлийн үйлчилгээний хураамжид 20.000 төгрөг төлсөн болох нь 242 дугаар хуудсанд байгаа мөнгө тушаасан баримтаар тус тус нотлогдож байна. Мөн нотариатын үйлчилгээний хураамж тушаасан байдаг.

Үүнээс үзэхэд Ч.Цгээс зээл хаахаар авсан 21.400.000 төгрөгөөс 20.411.730 төгрөгийг “Хас” банкны барьцаанд байсан байрны гэрчилгээг чөлөөлүүлэхэд буюу зориулалтын дагуу зарцуулсан байна. Тэгэхээр Б.М, Э.М нарыг бусдын 21.400.000 төгрөгийг шунахай сэдэлтээр, хуурч мэхлэн авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Зөвхөн энэ шинжээр нь авч үзэхэд 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байгаа учраас 2015 оны Эрүүгийн хуулиар хэргийг шийдвэрлэх, ял оногдуулах боломжгүй юм.

2.Тухайн үед З.М гэгчээс мөнгө, дэлгүүрийн бараа зээлж аваад өгч дуусгаагүй байсны улмаас З.М нь “Чамд хүнээс авч өгсөн 8.000.000 төгрөг нэхэгдээд намайг Эвлэрүүлэн зуучлалд өгсөн, би хугацаа авчихаад байна, Г ах чинь мэдвэл бөөн юм болно” гэсэн байдаг.

Үүнээс үндэслэн өөрийн өмчлөлийн Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, 21 дүгээр байрны 56 тоотод байрлах 37 м2 3 өрөө орон сууцыг З.Мы нэр дээр 65.000.000 төгрөгөөр Худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлж, З.Маар 45.000.000 төгрөгийн зээл авахуулах, гарсан зээлээс З.Мд 8.000.000 төгрөгийг өгөх, зээлээ өөрөө төлөхөөр тус тус тохирсон байдаг. Энэ нь 1 дүгээр хавтасны 76 дугаар хуудсанд байгаа “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-нд уг байрны үнийг 65.000.000 төгрөгөөр тохирсон байгаагаар, 1 дүгээр хавтасны 17 дугаар хуудсанд З.Мы нөхөр Т.Гын гэрчээр өгсөн “...2016 оны 4 дүгээр сарын үеэр манай эхнэр М гэх хүүхэнд 8.000.000 төгрөг зээлүүлээд мөнгөө авч чадахгүй болохоороо Мгийн нэр дээрхи байрыг худалдах, худалдан авах гэрээгээр авч байрнаас гарсан зээлээр нь тэр мөнгөө авсан байсан” гэх мэдүүлгээр, 2 дугаар хавтасны 104 дүгээр хуудсанд “Хас” банкны зээлийн эдийн засагч Г.Эийн гэрчээр өгсөн “...З.М хүнээс орон сууц худалдаж авах гэж байгаа гээд 2016 оны 7 дугаар сарын эхээр манай ажил дээр ирж надтай уулзаж байсан юм. Тухайн үед орон сууцны зээл шаардлага хангахгүй байсан тул аль боломжит хувилбараар нь гээд 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 38.500.000 төгрөг хүссэн өргөдөл гаргаж өгсөн” гэх мэдүүлгээр, 2 дугаар хавтасны 59 дүгээр хуудсанд байгаа “...Байрны зээлээ төлж чадахгүй банкинд алдвал гомдолгүй” гэж З.Мд гаргасан Б.Мгийн баталгаа зэргээр давхар нотлогддог болно.

Өмгөөлөгч миний бие Төв аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газарт хандаж хүсэлт гарган архивын лавлагаа гаргуулахад З.М нь тус шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд уригч, уригдагч талын алинаар нь оролцож байгаагүй талаар лавлагаа ирүүлснийг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Хэрэв З.М, Б.М нарын тооцоолсны дагуу 45.000.000 төгрөгийн орон сууцны зээл гарсан бол, З.М нь 24.000.000 төгрөг биш тохирсоны дагуу 8.000.000 төгрөг авсан бол цаана нь үлдэх мөнгөөр байрны зээл хаахаар Ч.Цгээс зээлсэн 21.400.000 төгрөгийг өгөх бүрэн боломжтой байсан болох нь дээрхи нөхцөл байдлуудаас харагдаж байна.

Гэтэл банкнаас 45.000.000 төгрөгийн орон сууцны зээл гараагүй, 36.600.000 төгрөгийн бизнесийн зээл гарсан нь нөлөөлсөн байна. З.М нь анх тохирсноороо 8.000.000 төгрөг биш, 24.000.000 төгрөг буюу нийт авсан 36.600.000 төгрөгийн зээлийнхээ 66 хувийг өөрөө авсан нь нөлөөлсөн байдаг. З.М анх тохирсноосоо 16.000.000 төгрөг илүү суутгаж авсан нь Ч.Цд төлөх 21.400.000 төгрөгийн зээлийн 75 хувийг эзэлж байна. Бусад хүмүүст өгөх өглөгтэй байсан бөгөөд тэдгээр нь тухайн мөнгөтэй болох үеийг мэдэж байсны улмаас өөр өөрийн мөнгийг нэхэж авсан байдаг.

Хэрэв З.М, Б.М /Э.М энэ тооцоонд огт оролцоогүй/ нарын тооцоолсноор 45.000.000 төгрөгийн зээл гарч, З.Мд 8.000.000 төгрөгийн зээлийг өгсөн бол 37.000.000 төгрөг үлдэх байсан бөгөөд үүнээс Ч.Цгээс зээлсэн 21.400.000 төгрөгийг хангалттай төлөхийн зэрэгцээ цаана нь 15.600.000 төгрөг үлдэх байжээ. Үүнээсээ З.М болон бусад хүмүүст тавьсан их, бага өр зээлээ төлөөд зөвхөн “Хас” банкинд зээлээ төлөөд явах боломжтой байсан.

Уг зээлийг төлж чадахгүй бол байраа алдахад гомдолгүй гэж З.Мд баталгаа гаргаж өгсөн нь ч ийм учиртай бөгөөд тухайн үед Б.М, Э.М нар ажил хийдэг, тогтмол орлоготой байсан. Гэтэл З.М зээл гарсны дараа шунахай сэтгэлээр хандаж, нийт зээлийн 1/3-ийг буюу 66 хувийг дангаараа авч, Б.Мг зээлээ төлөх боломжгүй байдалд оруулсан төдийгүй хэрэгт холбогдоход хүргэсэн, өнөөдөр байрыг чөлөөлж авахаар шүүхэд хандаад байгаа учраас түүнийг буруугүй гэж үзээд байгаа Прокурор болон Давж заалдах шатны шүүхтэй миний бие санал нийлэхгүй өнөөдрийг хүрсэн болно.

Дээрх нөхцөл байдлуудаас болж Ч.Цгээс зээлсэн 21.400.000 төгрөгийг буцааж төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн нь Б.М, Э.М нараас шалтгаалаагүй. Энэхүү нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд Ч.Цгээс зээлсэн мөнгөө төлөх боломжгүй болно гэдгийг Б.М, Э.М нарын хэн аль нь урьдчилан ухамсарлах боломжгүй байсан бөгөөд учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл, З.М, Б.М нар анх нөхцөл байдлыг дээрх байдлаар төсөөлөн тооцсон учир Ч.Цгээс зээл авч өмнөх зээлээ хаасан, үүний дараа “Хас” банкнаас зээл гарсан байх бөгөөд З.Мыг тохиролцоогоо зөрчиж, тохиролцсоноосоо илүү мөнгө авахыг урьдчилан мэдэх боломжгүй байжээ.

Ийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “...өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй ... бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ” гэж заасан тул мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

3.Дээрх нөхцөл байдлыг үүсгэсэн гол буруутан бол Б.Мтэй тохирсон тохиролцоогоо зөрчсөн З.М бөгөөд тэрээр Б.Мг ашиглан Ч.Цгээс мөнгө зээлүүлж байрыг нь чөлөөлүүлж гэрчилгээг нь банкнаас авахуулаад өөрийн нэр дээр шилжүүлэн авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, авлагаа авахдаа урьдчилан ярьж тохиролгүй өөрийнх нь нэр дээр гарсан зээлээр далимдуулан өөрт нь мөнгө байгаа давуу байдлаа ашиглан тохирсоноосоо илүү мөнгө суутгаж авсан, Б.Мтэй зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байж хүү тооцон авсан, эдийн засгийн давуу байдал бий болгосон бөгөөд Б.Мгийн байрыг нь худалдаж аваагүй талаараа Ч.Цг утсаар ярьж асуухад үнэн зөвөөр нь хэлээгүй гэм буруутай байдаг.

Үүнийгээ “...2016.08.09-ний үед хуучин Хас банкны захирал байсан Ц гэх хүн над руу утасдаж чи Мтэй байрны наймаа хийж байгаа юм уу, худалдах худалдан авах гэрээ хийсэн юм уу гэхээр нь би тухайн үед юм бодолгүй тийм ээ гэсэн” гэж мэдүүлсэн байдаг. Хэргийн нөхцөл байдлаас харахад З.М нь юм бодолгүй “тийм” гэж хэлэхээр хүн биш гэдэг нь харагддаг бөгөөд энэхүү нөхцөл байдлаас хамгийн их давуу байдал, ашиг хонжоо олсон байдаг. Уг ажлыг бүтээхээр банк болон найз нөхдөөсөө маш их зөвлөгөө авч байсан тухайгаа өөрөө болон зарим гэрчүүд мэдүүлсэн байдаг. Гэтэл энэ хүний үйлдлийг Цагдаагийн байгууллага шалгасан боловч аймгийн прокурорын газраас 2 удаа хэрэгсэхгүй болгосон бөгөөд анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс уг хүнийг татуулахаар буцаасан боловч Давж заалдах шатны шүүхээс шаардлагагүй гэж үзсэн болно. Үүнийг миний бие эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд гомдол гаргасан боловч эцэслэн шийдвэрлээгүй хэрэг хянахгүй гээд гомдлыг буцаасан болно.

4.Э.Мын хувьд Ч.Ц болон З.М нарын алинтай нь ч уулзаж байр шилжүүлэх болон зээл авах талаар ярилцаагүй, тэдгээрт ямар нэгэн санал тавиагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон байдаг. Харин Ч.Цгээс эхнэр Б.М нь мөнгө зээлэхээр болоход Ч.Ц нь ганцааранд чинь мөнгө өгөхгүй, эгчийгээ дууд гэсэн шаардлага тавьсаны дагуу нөхөр Мыг дуудаж Зээлийн гэрээн дээр гарын үсэг зуруулсан байдаг. Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь ямар нэгэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш бөгөөд мөнгө авсныг нотлох баримт болохоос залилж мэхэлсэн гэдгийг нотлох баримт биш юм. Гэтэл Э.Мыг эхнэр Б.Мтэй хамтран Ч.Цг залилсан гэж анхан болон давж заалдах шатны шүүхээс үзсэн нь буруу байна.

5.З.М нь тухайн үед Б.М, Э.М нарын өмчлөлийн Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, 21 дүгээр байрны 56 тоотод байрлах 37м2 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах зорилгогүй байсан атлаа “уг байрыг албадан чөлөөлүүлэх тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байдаг. Энэ нь түүний аихнаасаа шунахай сэдэлтээр энэ бүхнийг зохион байгуулж ирснийг нотлох түүний өөрийнх нь зүгээс хийж байгаа үйл ажиллагаа юм. Түүний гаргасан нэхэмжлэлийг одоогоор түдгэлзүүлээд байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийн хуулбарыг хэргийн материалд хавсаргасан болно.

Хавтаст хэргийн материалд цугларсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд Б.М, Э.М нар нь Ч.Цгээс Зээлийн гэрээ байгуулсны үндсэн дээр мөнгө зээлсэн, уг мөнгөөр Ч.Цд хэлж байсны дагуу байрныхаа өмнөх зээлийг хаасан, уг зээлийг хааснаар З.Мд ашигтай давуу байдал бий болсон болохоос Б.М, Э.М нарт ямар нэгэн ашигтай нөхцөл, давуу байдал үүсээгүй байдаг. Өөрөөр хэлбэл, Хас банкинд сар бүр төлдөг байсан орон сууцны зээлийг Ч.Цгээс мөнгө зээлж хааснаар сар бүр “Хас” банкинд цувуулж төлөх өрийг нэг дор, бөөнөөр нь Ч.Цд төлөх өрөөр сольсон, улмаар байраа З.Мд алдах нөхцөл байдал үүссэн, Цагдаагийн байгууллагад шалгагдаж болон шүүхээс ял шийтгэл хүлээж сэтгэл санаа, цаг заваараа хохирсон болно.

Харин З.Мы хувьд худал хэлж бусдыг гэмт хэрэгт холбогдуулж байж өөрийн авлагаа авсан, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байж хүү тооцон авсан, Төв аймгийн хуулийн байгууллагуудын хайр ивээлийг хүртэж удаа дараа хэрэгсэхгүй болсон, хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн байрны гэрчилгээ өөрийн нэр дээр байгаа давуу байдлаа ашиглан байрнаас нь албадан гаргуулахаар шүүхэд хандан сэтгэл санааны хямралд энэ гэр бүлийг тогтмол байлгаж байгаа гээд олон давуу байдалтай байгаа нь хэргийн материалаас харагдана.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийи 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Мгийн өмгөөлөгч Л.Мөнхтөр хэлсэн саналдаа: “Анх шүүгдэгч Б.М 3.000.000 төгрөгийн урт хугацааны зээлтэй байсан бөгөөд З.Мэндсайхан гэдэг хүн Б.Мгөөс мөнгөний авлагатайгаараа далимдуулан байраа барьцаанд тавиад миний мөнгийг өг гэсэн нь хавтас хэргийн 59 дүгээр хуудаст бий. Энэ хугацаанд Б.Мгийн зээл нь хэвийн байсан ба уг зээлийг төлүүлэхийн тулд хохирогч Ч.Цгээс зээл авах саналыг тавьсан. Энэ хэрэгт З.Мыг шалгах ажиллагаа дутуу хийгдсэн тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж  өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Б.М, Э.М нар нь хохирогч Ч.Цгээс бодит байдлыг нууж, төөрөгдөлд оруулан залилсан болох нь тогтоогдсон байна. Шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчөөгүй. Хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Э.М, Б.М нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.М нь 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сонин шийдэл” ББСБ-ын байранд иргэн Ч.Цгээс “Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 21 байрны 4-56 тоот 3 өрөө орон сууц барьцаалсан Хас банкин дахь зээлийн үлдэгдэл 19.000.000 төгрөгийг төлж, орон сууцаа зээлээс чөлөөлж, иргэн З.Мд уг 3 өрөө орон сууцаа 62.000.000 төгрөгөөр зараад 3 хоногийн дараа төлнө” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 21.400.000 төгрөгийг залилан мэхлэж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Мд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, шүүгдэгч Б.М нь 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр төрүүлсэн хүүхдээ асран хамгаалж байгааг харгалзан түүнд 2 жил хорих ял оногдуулсан шийтгэл тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батцэнгэл нь “шүүгдэгч Б.М нь хохирогч Ч.Цгээс зээлж авсан 21.400.000 төгрөгөөр “Хас” банкнаас авсан өмнөх зээлээ төлж зориулалтын дагуу зарцуулсан, улмаар “Хас” банкнаас 36.600.000 сая төгрөгийн зээл олгосон боловч З.М нь өрөндөө тохирсноосоо илүү мөнгө буюу 24.000.000 төгрөг суутган авч, үлдсэн мөнгийг Б.М нь бусад өглөгтэй хүмүүст өгсөн тул Ч.Цгийн мөнгийг төлөх боломжгүй болсон ба Б.Мгийн дээрх үйлдэл гэмт хэргийн шинжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдол гаргасныг дараах үндэслэлээр хүлээж авах боломжгүй гэж үзэв.

Гэрээний харилцаа нь Иргэний хууль, тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй.

Харин өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчиж, үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлээс гадна гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Хэргийн материалыг судалж үзэхэд шүүгдэгч Б.М нь 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хохирогч Ч.Цгээс “Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 21 байрны 4-56 тоот 3 өрөө орон сууц барьцаалсан Хас банкин дахь зээлийн үлдэгдэл 19.000.000 төгрөгийг төлж, орон сууцаа зээлээс чөлөөлж, иргэн З.Мд уг 3 өрөө орон сууцаа 62.000.000 төгрөгөөр зараад 3 хоногийн дараа төлнө” гэж хуурч мэхлэн 21.400.000 төгрөгийг авч, Хас банкнаас авсан зээлээ чөлөөлсний дараа орон сууцаа З.Мы нэр дээр шилжүүлж, уг орон сууцыг барьцаалан түүний нэр дээр 36 сая төгрөгийн зээл гаргуулж, уг мөнгөнөөс 24 сая төгрөгийг урьд нь З.Мэндсайханаас авсан зээлийн өрөнд суутгуулж, үлдэх 12 сая төгрөгийг бусад хүмүүсээс авсан зээлээ төлөхөд зарцуулсан боловч энэ талаар Ч.Цд хэлээгүй, бодит байдлыг нуун дарагдуулж, улмаар зээл хөөцөлдөж байгаа мэтээр худал хэлж түүнийг төөрөгдөлд оруулж, хохирогч Ч.Цгийн хохирлыг нөхөн төлөх талаар бодитой арга хэмжээ аваагүй болох нь хөдөлбөргүй тогтоогдсон бөгөөд бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар үлэмж хэмжээтэй хохирол учруулсан түүний үйлдэл тухайн үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Иймд шүүгдэгч Б.Мд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох талаар өмгөөлөгч Б.Батцэнгэлийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 60 дугаар магадлалын шүүгдэгч Б.Мд холбогдох шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Харин шүүх шүүгдэгч Б.Мд түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийг буцааж хэрэглэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаагүй орхигдуулсан нь буруу байх тул энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн болно.

Хяналтын шатны шүүхээс шүүгдэгч Э.Мт холбогдох хэргийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Мөрдөгч хэн нэгэн хүнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл бүхий гомдол, мэдээлэл, баримт сэлтийг хүлээн авсан үед тухайн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүнд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж, түүнээс гэрчийн мэдүүлэг авах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “... өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй… Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно...” гэсэн заалтыг ноцтой зөрчих тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар тухайн мэдүүлгийг нотлох баримтаар тооцож, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

Харин мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн байж болох хүн, хуулийн этгээд тодорхойгүй байгаа үед тухайн хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэж үзсэн хүнээс гэрчийн мэдүүлэг авч болох бөгөөд энэ тохиолдолд өөрийнхөө болон гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгөх эрхийг нь сайтар тайлбарлаж өгөх үүрэгтэй.

Хохирогч Ч.Ц нь 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Төв аймгийн Цагдаагийн газарт хандаж, Б.М, Э.М нарт залилуулсан талаар гомдол гаргасан байхад мөрдөн байцаагч 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Э.Мт өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээс гадна зориуд худал мэдүүлэг өгвөл 2002 оны Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулж, өмгөөлөгч оролцуулахгүйгээр түүнээс гэрчийн мэдүүлэг /хх-149/ авч, улмаар Э.Мыг 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр сэжигтнээр тооцож /2хх-119/, 2017 оны 4 дүгээр сарын 17-нд яллагдагчаар татаж /2хх-120/ шалгажээ.

Гэтэл шүүгдэгч Э.Мын мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан үндэслэлээр нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэл тогтоогдсон байхад 1 дүгээр хавтасны 149-150 дугаар хуудсанд бэхжүүлэгдсэн Э.Мын гэрчээр өгсөн мэдүүлгийг прокурорын яллах дүгнэлтэд тусгаж, улмаар шийтгэх тогтоолд уг гэрчийн мэдүүлэг болон 1 дүгээр хавтасны 15 дугаар хуудсанд авагдсан Э.Мын 2017 оны 1 дүгээр сарын 9-нд өгсөн тайлбар зэргийг нотлох баримтын шаардлага хангасан эсэх талаар дүгнэлт хийхгүйгээр шүүгдэгч Э.М, Б.М нарыг гэм буруутайд тооцож яллах үндэслэлийн нэг болгож бичсэн нь буруу байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч Э.Мын хувьд 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр эхнэр Б.Мгийн дуудсаны дагуу Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сонин шийдэл” ББСБ-ын байранд очиж, 21.400.000 төгрөгийн зээлийн гэрээнд Б.Мгийн хамт гарын үсэг зурснаас өөрөөр хохирогч Ч.Цг залилан мэхлэх үйлдэлд хамтран оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний зээлийн гэрээнд гарын үсэг зурсан үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байх тул энэ талаар өмгөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан гомдлыг хүлээн авч, Э.Мт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Хяналтын шатны шүүхээс шүүгдэгч Э.Мт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан гэм хорын хохирлыг шүүгдэгч Б.Мгөөр нөхөн төлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 60 дугаар магадлалын тогтоох хэсэгт:

“Прокуророос шүүгдэгч Э.Мт 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтад шүүгдэгч Э.Мыг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан хэсгийг хүчингүй болгосугай.

3.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан...” гэсэн заалт нэмж, тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мгөөс 18.166.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Цд олгосугай.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 8 дахь заалтад “…94-03 ТӨВ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн 01206759 тоот гэрчилгээг шүүгдэгч Б.Мд буцаан олгож...” гэснийг хассугай.

4.Давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батцэнгэлийн хяналтын журмаар гаргасан гомдлоос “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Б.Мд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                       ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН