| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2018/0051/Э |
| Дугаар | 57 |
| Огноо | 2018-04-16 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ч.Энхжаргал |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 57
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням,
Улсын яллагч Ч.Энхжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдар,
Шүүгдэгч Г.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Гантулгын С д холбогдох 1826000530030 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Боржигон овогт Г.С
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.С нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг, 15 дугаар гудамжны 19 тоотод байрлах иргэн Б.Б байшингийн цонхоор нэвтрэн орж, Samsung S4 маркийн гар утас, хонины мах зэргийг хулгайлан 399000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.С шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 01 дүгээр сард Өмнөговь аймагт ажил хийж байгаад эхнэр хүүхэд дээрээ ирсэн. Тэгсэн манай эхнэр намайг хүүхэдтэй маань уулзуулахгүй гэж маргалдаад архи уусан. Тэгээд хулгай хийсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 429000 төгрөг төлсөн гэв.
Хохирогч Б.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: "... Манай гэрт 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 13-14 цагийн хооронд Арвайхээр сумын 7 дугаар багийн 15 дугаар гудамж 19 тоотод байрлах манай хувийн сууцны үүдний таамбарын вакум цонхыг хагалж хулгай орсон байсан. Вакум цонхоор ороход дотор талын өрөө тасалгааны хаалганууд цоожгүй байдаг юм. Цонхоор ороод хаалгаар дотогш орж гурван өрөөгөөр гурвуулангаар нь явж авдар болон сервантыг ухаж дотор нь байсан эд зүйлүүдийг гаргаж хаясан байсан. Манай авдар унтлагын өрөөнд, сервант нь зочны өрөөнд байрладаг юм. Авдарны цоож нь хятад жижиг цоож байсныг цоожийг нь хөшиж онгойлгосон байсан. Цоож нь одоо бол байхгүй хаячихсан. Авдар дотроос алдагдсан зүйл байгаагүй. Зочны өрөөнд байсан сервантан дотроос алдагдсан зүйл байгаагүй. Гал тогооны саван дээр ил тавьсан байсан Самсунг S4 маркийн гар утсыг авсан байсан. Мөн үүдний таамбарт ил тавьсан байсан цагаан өнгийн мяндсан шуудайтай хонины мах байсныг авсан байсан. Гарахдаа буцаад цонхоороо гарсан юм шиг байсан. 14 цагийн үед манай гэрээр Бумцэнд эгч ирж манайд хүн байгаа эсэхийг үзсэн гэсэн. Тэр үед манай хашааны хаалга хаалттай байсан гэсэн. Би орой 18 цаг өнгөрч байх үед гэртээ ирэх үед бол хашааны хаалга нээлттэй байсан. Тэгээд гэрийн хаалган дээрээ очих үед манай таамбарын үүдний орчимд ууттай мах гаргаад тавьчихсан байсан. Тэгээд л хулгай орж гэдгийг мэдээд цагдаад дуудлага өгсөн. Манай гэрт орсон хүн манай авдар дээр өмсөж явсан хар эрээн өнгийн үстэй дотортой хар эрээн өнгийн малгайгаа орхисон байсан. Мөн авч гарсан нэг шуудай махаа гадаа орхисон байсан. Алдагдсан утас нь миний утас байсан. Би хүүхдүүддээ нэг утсаа үлдээгээд явсан байсан юм. Хүүхдүүд хичээлдээ явахдаа гэртээ утсаа үлдээгээд явдаг юм. Max нь хоёр хонины мах байсан. Гадаа гаргаад тавьсан мах нь ч гэсэн бас хонины мах байсан. Тэрийг авч явж чадаагүй бололтой орхиод явсан байсан. ...Би үнэлгээтэй танилцсан. Үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. ...Би авдарны эвдэрсэн цоожоо үнэлж нэхэмжлэхгүй. ...Алдсан эд зүйлийн үнэлгээ 399000 төгрөг болсон, үнэлгээ гаргуулахад 30000 төгрөг төлсөн, нийтдээ 429000 төгрөг нэхэмжилнэ. Хохирол төлбөрөө гаргуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/,
Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 13 цаг 30 минутын үед төрсөн дүү Б д очоод хашааны хаалгаар нь ороод байшингийн баруун тал руу харсан цонхон дээр нь очоод тогшсон чинь хүн байхгүй байхаар нь би эргээд хашааны хаалгыг нь түгжчихээд явсан. 18 цаг өнгрөөгөөд дүү Б ыг ажил дээрээс нь аваад гэрт нь хүргэж өгсөн чинь байшингийнх нь таамбарын зүүн талын жижиг цонх онгорхой байсан. Тэгээд манай дүү цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирсэн. ...Би хаалган дээр очоогүй. Намайг очиход хашааны хаалга хаалттай байсан, орой очиход нээлттэй байсан. ...Надад сэжиглэж байгаа хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/,
Гэрч Д.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 14 цагийн үед үл таних залуу махны ард таараад мах авах уу гэхээр нь үзье гэтэл 2 хонины гуя, 2 шулсан хаа, хавирга нуруу нь тусдаа байсан. Би гуя болон хааг нь авъя гэсэн чинь бүгдийг нь зарна гэсэн. Тэгээд би 40000 төгрөгөөр худалдаж авсан. Би гэгээн цагаан өдөр мах авах уу гээд ирсэн болохоор хулгайлсан эд зүйл гэж бодоогүй. ...Хар куртик болон цоохор эрээн өмдтэй явж байсан. Би харвал танина. ...Би хэнтэй явсныг нь хараагүй, надад таксины мөнгө өгөх гэж байгаа гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/,
Гэрч Д.Ц-н мөрдөн байцаалтанд 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр дахин өгсөн: “...Тэр хүний зүс царайгаар нь хараад шууд танина. Урьд өмнө бол харж байгаагүй хүн байсан. Тэр өдрөө л надтай таараад мах зарах гэсэн юм гэхээр нь би махыг нь үзээд авсан. Би авч явсан махыг нь хулгайн мах биш биз гэж асуухад тэр залуу "Би Цагаан хаданд мах зарж байгаад үлдэгдэл махаа авч ирсэн юм" гэхээр нь би худалдаж авсан. Махнаас өөр ямар нэг эд зүйл үзүүлээгүй. Тэр залуу тэр үедээ эрүүл, архи дарс уугаагүй л байх шиг байсан. Хонины махны 3 гуя, 2 шулсан хаа, хэдэн хавирга, хоёр хүзүү, нэг сээрний мах байсан санагдаж байна. Жинлээд үзэхэд нийтдээ 23 килограмм мах байсан. Тэгээд бөөнд нь 40000 төгрөгөөр тооцож авсан. Би тэр авсан махаа бүгдийг нь цагдаад хураалгасан байгаа. Би хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй авсан боловч хулгайн эд зүйл болохыг нь мэдээд хураалгасан. Тэгэхдээ тэр мөнгөө нэхэмжлэхгүй. ...Тухайн үед жижиглэсэн мах барьж ирсэн болохоор нь бичиг баримтыг нь үзэлгүй авсан. ...Хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй авсан. Max зарсан гэх хүн надад утсаа өгөхөөр нь залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь би энэ утас чинь холбогдохгүй байна. Чи худлаа утас өгөөд байгаа юм уу гэхэд утасны цэнэг дууссан гэж байсан. Тэгээд би болилоо гэхэд "би Цагаан хаданд" мах зардаг юм, тэгээд үлдсэн махаа зарж явна гээд гуйгаад байхаар нь авсан юм. ...Надад мах зарсан хүн энэ байна. ...Энэ хүний төрхөөр нь таньж байна. Энэ хүн мөн байна. Намхандуу нуруутай, бор царайтай залуу байсан. Маргааш өдөр нь энэ залуу дахиад мах зардаг хэсгээр орж ирээд гарахаар нь би цагдаагийн Батзулыг дуудаж зааж өгч байсан юм. Тэгээд би энэ хүний царай зүсийг мэдэж байгаа болохоор зургийг нь хараад таньж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/,
Гэрч П.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Миний хүү Г.С нь 1991 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангй аймгийн Арвайхээр суманд төрсөн. Манай гурав дахь хүүхэд. Ихэр төрсөн хүүхэд байгаа юм. Бага насаа цэцэрлэг, яслиар хүмүүжсэн. 1999 онд Арвайхээр сумын 1 дүгээр арван жилийн сургуульд орж суралцаж байгаад 6 дугаар ангиасаа сургуулиас гарсан. Хөдөө мал дээр гарахаар сургуулиасаа гарсан. Сургуулиас гарснаасаа хойш Уянга сумын алтан дээр нэг хэсэг ажилласан. 2009 онд Өмнөговь аймгийн 167 дугаар цэргийн ангид нэг жил цэргийн алба хаасан. Цэрэгт байх үед нь ax нь нас бараад цэргээсээ хугацаанаасаа өмнө халагдсан. Цэргээс ирээд Өмнөговь аймагт Цагаан хад гэх газар том тэрэг барьж байсан. Тэнд хүний түрээсийн тэрэг жолоодож байсан. 2017 оны 08 дугаар сард хулгайн хэрэгт холбогдож шалгагдаад шүүхээр орж нэг жилийн тэнсэн авсан байгаа. Өөрөөр хэрэгт шалгагдаж байгаагүй. Албан ёсны гэр бүлийн баталгаагүй, нэг хүүхэдтэй Оюумаа гэх эмэгтэйтэй нэг гэрт амьдарч байгаа. Гэр бүлийн хүрээнд хэрүүл маргаан ихтэй байдаг юм шиг байгаа юм. Тэрнээсээ болоод архи дарс уугаад тэгээд л хэрэгт холбогдсон байсан. Миний хүү зан байдлын хувьд гайгүй даруухан, архи уусан үедээ эхнэртэйгээ л маргадаг байх. Тэрнээс тэр бүр хүнтэй маргаад байдаггүй, ажил төрөлд сайн хүүхэд байгаа юм. Одоо холбогдоод байгаа хэргийн талаар нь дам л сонссон. Айлаас мах, гар утас авсан дуулдаж байсан. Яагаад хэрэг төвөг тариад байгааг нь бол мэдэхгүй юм. Архи уух л гэж хулгай хийсэн болов уу. Өөрөө утас барьж яваад тэрийгээ барьцаанд тавиад архи уучихдаг болоод байгаа юм. Уг нь архи уугаад байдаггүй байсан чинь сүүлийн 2 жилд л архи сүрхий уугаад байх болсон байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/,
Гэрч Т.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Г.С нь зан байдлын хувьд гайгүй хүн байгаа юм. Уг нь Өмнөговь аймагт жолоочоор ажиллаж байсан хүн байгаа юм. Энд ирэхээрээ л архи дарс уугаад хэрэгт холбогдоод байх болчихоод байгаа юм. Эхнэр нь ч нэг их хайхардаггүй бололтой юм шиг байгаа юм. Уг нь зан байдлын хувьд их гайгүй, ааш зан сайтай, хүнд тусархуу, хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй, өглөгч хүн байгаа юм. Урд байх үедээ бол архи дарс уугаад байдаггүй хүн. Энд ирэхээрээ л архи уугаад болохгүй байгаа. 2017 оны 08 дугаар сард гэмт хэрэгт холбогдож шүүхээр орж тэнсэн авсан дуулдаж байсан. Яг ямар хэрэгт холбогдсон талаар нь бол мэдээгүй. Одоо айлаас мах хулгайлсан асуудалд холбогдсон дуулдаад байгаа. Өмнө нь бол ингэж хулгай хийж байгаагүй. Зах дээгүүр архи уудаг хүмүүстэй нийлээд л архи уугаад байгаа харагдах юм. Тэрнээсээ л болоод хэрэгт холбогдоод байгаа болов уу гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 хуудас/,
Гэрч Н.О мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би энэ хүнийг танина. Бид хоёр нэг гэрт хамт амьдарч байсан хүмүүс. Дундаасаа нэг хүүхэдтэй. Сүүлийн нэг жил орчим хугацаанд тусдаа амьдарч байгаа. Архи дарс их уудаг болохоор бид хоёр тусдаа амьдардаг болоод байгаа юм. ...Над дээр тэр эмэгтэй өөрөө манай ажил дээр ирж уулзсан. Тэр үедээ надаас С гэж хүнийг таних уу гэж асуухаар нь би танина гэдгээ хэлсэн. Тэгсэн чинь тэр эмэгтэй танай нөхөр манайд орж мах энэ тэр хулгай хийсэн байна. Тэр авсан мах нь хаана байна. Хохирол төлбөрөө хурдан барагдуулж өг. Тэгэхгүй бол чамайг ч гэсэн ажилд чинь мэдэгдэнэ гэсэн юм яриад байсан. Тэр үедээ надаас танай нөхөр бүчтэй хоёр талруугаа унждаг, үстэй малгай өмсдөг үү гэж асуухаар нь би "манай нөхөр тийм малгай өмсөж байгаагүй. Би тийм малгай мэдэхгүй " гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 хуудас/,
Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэр айлд хулгай орсон гэх хэргийн газарт очиход хэргийн газраас кримналистикийн шинжээч 5 ширхэг гарын мөр илрүүлж бэхжүүлж авсан. Мөн саарал өнгийн ноосон хоёр чих нь буудаг малгай авдран дээр нь үлдсэн байсныг тэмдэглэлд тусгасан. Мөн гутлын мөр 1 ширхгийг бэхжүүлж авсан. Өөр ямар нэг ул мөр илэрч тогтоогдоогүй. ...Хэргийн газраас илэрч тогтоогдсон мөрний байдлаар бол тухайн хэргийг нэг хүн үйлдсэн байхаар нөхцөл байдал тогтоогдож байсан. ... Хэргийн газраас алдагдсан махыг нь зарж болох цэгээр эрэн сурвалжилах ажиллагаа явуулснаар махыг нь худалдан авсан Цэвэлдулам гэж хүнийг олж тогтоон, махыг нь хураан авч, тухайн хүнээс мэдүүлэг авч, хэрэг үйлдсэн байж болох хүний талаар тогтоож Цагдаагийн газарт С ыг дуудаж ирүүлж мэдүүлэг авахад хэрэг үйлдсэн талаар мэдүүлж байсан. Хэрэг үйлдэх үедээ ганцаараа үйлдсэн гэж мэдүүлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 хуудас/,
Шүүгдэгч Г.С ын мөрдөн бацаалтанд яллагдагчаар өгсөн: “...Тэр хэрэг гардаг өдөр би зах дээр хүмүүстэй архи ууж явж байгаад цаашаа 2 дугаар хороонд таньдаг айлындаа очихоор явсан. Би 2 дугаар хороо руу 11 цагийн орчимд явсан. Тэгээд нэг гудамжаар ороод явж байтал нэг эзэнгүй айл байгаатай таарсан. Тэр айлын цонхны хөшгийг бүтэн татчихсан байсан болохоор би эзэнгүй айл байна гэж мэдсэн. Тэгээд тэр айлын хашаа руу явган хаалгаар нь орсон. Тэр хашааны хойд хэсэгт голлуулаад барьсан ягаан тоосгон байшин байсан. Байшингийн зүүн талын жижиг вакум цонхыг юмаар хөшиж онгойлгоод тэр цонхоороо дотогш орсон. Тэр цонхоор ороход шкафан дээр нь S4 маркийн гар утас ил байж байсан. Тэр утсыг нь аваад үүдний амбаарт нь байсан цагаан өнгийн мяндсан шуудайн уутны талаар байсан жижиглэсэн мах байсныг авсан. Тэгээд буцаад нөгөө орсон цонхоороо гаргаад аваад явсан. Тэгээд тэндээсээ шууд зах орж ирсэн. Махан дээр очиж нэг эгчид 40000 төгрөгөөр нөгөө айлаас авсан махаа бүгдийг нь өгсөн. Килограммлаж бол үзээгүй. Тэгээд хойшоо захын ард руу гарсан. Уянгын машины зогсоол дээр очсон. Тэгээд Уянга явах гэж машинд байсан нэг танихгүй залууд нөгөө айлаас авсан гар утсыг 400000 төгрөгөөр зарсан. Тэгээд тэр мөнгөөрөө зах дээр архи уусан. Тэгээд нөгөөдөр өдөр нь цагдаагаас дуудахаар нь ирсэн чинь Батзул байцаагч миний зарсан махыг аваад ирчихсэн байсан. Тэгээд надаас байцаалт авсан. Би хэргийнхээ талаар мэдүүлэг өгсөн. ...Би тэр айлд өмсөж явсан саарал өнгөтэй ноосон малгайгаа үлдээсэн байсан. Тэр малгай миний өөрийн малгай байсан. ...Би энэ хэргийг ганцаараа үйлдсэн. Ээж намайг аашилж загнаад байхаар нь айгаад хүнтэй хамт явсан гэж худлаа хэлсэн юм. Малгайны тухайд би хэрэг гарахаас нэг хоногийн өмнө мотоциклийн таксинд явж байсан өөрийгөө Богдынх гэх нэг танихгүй хүнээс аваад өмсчихсөн байсан юм. Би тэр үед тэр хүнтэй хамт архи ууж байгаад мотоциклийн араар нь сундлаад явж байх үед нөгөө залуу намайг "чи миний энэ малгайг өмсчих" гээд надад өгсөн байсан юм. Тэгээд би тэр малгайтайгаа явж байгаад нөгөө айлд үлдээсэн байсан юм. Би тэр малгайг авч өмссөнөөс хойш гэртээ хариагүй байсан болохоор энэ талаар мэдэхгүй байсан байх. ...Би хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байгаа. Одоо ямар нэг төлбөр тооцооны асуудал байхгүй. ...Архи уучихсан согтуу явж байгаад л хулгай хийсэн байсан. Мөнгө төгрөгний зайлшгүй хэрэгцээ шаардлага гарсан зүйл байгаагүй. ...Би 2017 оны 07 дугаар сард хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлж 1 жилийн тэнсэнтэй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэнд ХХК”-ний 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №01/33 дугаартай: “...Б.Б хулгайд алдсан эд зүйлсийн үнэлгээг 399000 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээний тайлан /хх-42-43 хуудас/,
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-10/,
Эд зүйл түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17/,
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-18/,
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 66-69/,
Шүүгдэгч Г.С ын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-62/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-64/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-65/,
Хохирогч Б.Б-н шүүхэд ирүүлсэн: “...Б.Б миний бие хулгайд алдсан гар утас, хонины мах зэргийн үнэлгээнд Г.С аас 429000 төгрөг авсан. Одоо цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлт зэрэг болно.
Шүүгдэгч Г.С нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн 15 дугаар гудамжны 19 тоотод байрлах иргэн Б.Б байшингийн цонхоор нэвтрэн орж, Samsung S4 маркийн гар утас, хонины мах зэргийг хулгайлан 399000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Б /хх-21-22/, гэрч Б.Бумцэнд /хх-24/, гэрч Д.Ц /хх-25-26, 27-28/, гэрч Б.Батзул /хх-37-38/ нарын мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэнд ХХК”-ний 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №01/33 дугаартай үнэлгээний тайлан /хх-42-43 хуудас/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, хэргийн газар үзл эг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-10/, эд зүйл түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-18/, шүүгдэгч Г.С ын яллагдагчаар өгсөн /хх-60-61/ мэдүүлэг, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Г.С ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Г.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд ялагдагчаар өгсөн мэдүүлэг, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, хохирогч Б.Б шүүхэд ирүүлсэн “хохиролд 429000 төгрөг хүлээж авлаа, цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт, хохирол төлсөн баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.С д ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Г.С нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Г.С ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-65/, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 66-69/ зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.С нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолын 6 дахь заалт буюу “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Г.С д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай” гэснийг хүчингүй болгож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр өмнөх Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Г.С ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.С нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Б д 429000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг малгайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.С д буцаан олгож,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж,
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.С д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Г.С ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Г.С ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хүчингүй болгосугай.
4. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С д оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6. Шүүгдэгч Г.С нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Б д 429000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг малгайг шүүгдэгч Г.С д буцаан олгосугай.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.С д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ