Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/656

 

 

 

 

       

 

     2024           06            05                                     2024/ДШМ/656

 

 

Ж.Г-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Анхбаяр,

шүүгдэгч Ж.Г-ын өмгөөлөгч Б.Ганбаатар, О.Анхбаяр,   

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/247 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Г-ын өмгөөлөгч Б.Ганбаатар, Э.Түвшинбаяр, О.Анхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ж.Г-ад холбогдох эрүүгийн 2305000002048 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Г-а,

 

Шүүгдэгч Ж.Г-а нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 06 цагийн үед Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Г--” Э.Э-той “хамтран амьдрагчтайгаа хардлаа” гэх шалтгаанаар маргалдсан шатны уруу гараараа татах болон түлхэх хүчний үйлчлэлээр шидэж, газарт дагз хэсгээр нь унаган, 3-4 удаа толгой хэсэгт нь хүчтэй алгадаж, улмаар амь хохирогч хөдөлгөөн хийлгүйгээр нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ж.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г-ыг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардал 22.334.234 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 60.000.000 төгрөг тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч Ж.Г-ын цагдан хоригдсон 154 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Ж.Г-ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ж.Г-ын өмгөөлөгч Б.Ганбаатар, Э.Түвшинбаяр нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг улсын яллагчийн яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх бөгөөд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх боломжтой байсан боловч Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой байдаг. Тиймээс гэмт хэргийн шинжийн объектив талын шинжид хамаарах гэмт хэрэг гарсан байдал буюу үйлдсэн арга, газар, цаг, хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл нь гэмт хэргийн нийгмийн аюулыг багасгах буюу ихэсгэх, шүүгдэгчийн хувийн байдлыг эсрэг болон сөргөөр үнэлэхэд хүргэж, ялын бодлогод шууд төлөөлдөг тул тэдгээрийг заавал тогтоож тодорхойлох нь зүйтэй. Дээрхээс гэмт хэрэг үйлдсэн арга гэдэг нь тухайн этгээдээс өөрийн гэмт санаа, зорилгоо хэрэгжүүлэхдээ урьдаас сонгон авсан, Эрүүгийн хуульд заасан тодорхой үйлдлийн илрэх хэлбэр байдаг бөгөөд энэ нь гэмт хэргүүдийг хооронд нь ялган зүйлчлэх гол шалгуур юм... гэж Улсын Дээд шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №120 дугаар тогтоолд тайлбарласан байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлт, санаа зорилгыг шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, талуудын мэтгэлцээний үндсэн дээр нөхөн сэргээж тогтоож, дүгнэлт хийхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх субъектив шинжийг буруу тогтоосон. Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байх шинжийг шаарддаг. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан харилцааг зөрчиж, хор хохирол учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо үйлдэлдээ хандаж байгаа хандлага буюу гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлсны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйн хэрэг. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас амь хохирогч нас барсан талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс маргаантай зүйл байхгүй бөгөөд зөвхөн шүүгдэгч нь хохирогчийн амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл, эс үйлдэхүйг хийгээгүй буюу гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн хөнгөмсгөөр найдах, хайхрамжгүй хандах шинжтэй үйлдэл хийсэн гэж хууль зүйн дүгнэлтийг хийсэн. Аливаа гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон амь хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байгаа нь дангаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдэгдсэн болохыг нотлохгүй ба хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэрэгт ч энэ шинж хадгалагддаг болно. Эдгээр гэмт хэргүүд нь гэм буруугийн субъектив тал буюу гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгоороо ялгагдаж хүнийг санаатай алах гэмт хэргийг шууд санаагаар үйлдэхдээ гэмт этгээд хохирогчийн үхлийг хүссэн байдаг бол шууд бус санаагаар үйлдсэн тохиолдолд хохирогчийн үхлийг чухалчлаагүй боловч үйлдлийн үр дүнд хохирогч үхэхийг мэдэж зориуд хүргэсэн байдаг. Харин хохирогчийн амь насыг хохироохыг шүүгдэгч хүсээгүйгээс гадна хэдийгээр амь насанд нь аюултай үйлдэл хийж байгаагаа мэдэх ёстой боловч мэдээгүй бол хайхрамжгүй хандлагаар, мэдсэн боловч тийм үр дагаварт хүргэхгүй гэж найдсан бол хөнгөмсөг хандлагаар уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж болгоомжгүйгээр бусдын амь насыг хохироох гэмт хэрэгт гэм буруутайд тооцох бөгөөд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоно. 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон бичлэгээс үзэхэд амь хохирогч Э.Э- нь шүүгдэгчийг өөрийн хамтран амьдрагч Т.Д-тай хардаж, бие махбодод халдсан нөхцөл байдал тогтоогдож байх ба хохирогчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл бий болсон байна. Шүүгдэгч Ж.Г-ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хүнийг алсан гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу “гэм буруугийн болгоомжгүй үйлдлээр хүний амь насыг хохироосон” гэж хөнгөрүүлэн өөрчлөх дараах үндэслэл тогтоогдож байна. Шүүгдэгчийн хувьд гэмт санааны агуулга, чиглэл нь анхнаасаа “хохирогчийг алах” гэм буруугийн санаатай хэлбэр, сэдэлт, зорилготой байсан гэж үзэх хангалттай үндэслэл, нотлох баримт тогтоогдохгүй байна. Шүүгдэгч, хохирогч нарын хооронд маргаан үүсэхэд хохирогчийн зүй бус, хууль бус үйлдэл, түүнчлэн хохирогч, шүүгдэгч нарын согтууруулах ундааны зүйлс бага бус хэмжээгээр хэрэглэсэн байдал нөлөөлсөн болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хх 22-27, 28-34, 35-39) гэрч О.О-ийн мэдүүлэг, (хх 61-62) гэрч Т.Д-ын мэдүүлэг, (хх 67-69, 71) Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2840 дүгээр шинжээчийн дүгнэлт, (хх 92-95 тал), “....Талийгаач нь хүнд зэргийн согтолттой байсан гэх”, хохирогчийн хувцаст үзлэг, шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хувцаст үзлэг шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтын эх сурвалжтай байх тул тухайн үед тэдний хооронд хувийн таарамжгүй харилцаа, маргаан үүссэн гэж үзнэ. Шүүгдэгчийн хувьд хохирогчийг шатны уруу гараараа татах болон түлхэх хүчний үйлчлэлээр газарт унагасан үйлдэл нь гэмт санааны агуулга, чиглэл нь анхнаасаа “хүн алах” зорилго, сэдэлттэй байсан гэж үзэх хангалттай үндэслэл болохгүй юм. Шүүгдэгч Ж.Г-а нь гэм буруугийн санаатай хэлбэрийн хүрээнд хохирогч Э.Э-ын амь насыг хохироохыг хүссэн буюу амь насыг хохирооход зориуд хүргэсэн гэж үзэх үндэслэл, баримтгүй байх тул таамаглах ёсгүй, түүний санаа, зорилгыг хийсвэрээр дүгнэх боломжгүй юм. Э.Э- амь нас хохирсон шалтгааны хувьд гавал тархины битүү гэмтэл, гавлын дагз суурь ясны хугарал, дагзны зүүн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, суурийн дэлбэн, бага тархины суурь хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт гэмтлийн улмаас нас барсан ба уг гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах болох нь шинжээчийн дүгнэлт, мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Г-ыг гэм буруугийн хувьд санаатайгаар хохирогч Э.Э-ыг алсан буюу түүний амь насыг хохироохыг хүссэн, амь насыг хохирооход зориуд хүргэсэн гэж үзэх үндэслэлгүй....Гэрч О.О, Т.Д нарын өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Ж.Г-ын өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг харьцуулан үзэхэд хохирогч Э.Э-  согтууруулах ундааны зүйлс хэрэглэсний улмаас биеэ хамгаалах чадвар сул байх төдийгүй шөнийн цагт Ж.Г-ын биед халдаж, үүний улмаас зодолдохоор эхлээд Ж.Г-а нь караокеноос түрүүлж гарч, Э.Э- түүний араас гарч байсан. ...Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”, “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно, энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил. эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх бүрэн боломжтой байна. Хэдийгээр Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг заавал хэрэглэх шинжтэй зохицуулалт биш боловч шүүгдэгчийн хувьд тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн ба гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох буяны ажлын зардал, сэтгэл санааны хохирол зэргийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй зэрэг түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдаг хангалттай тогтоогдож байгаа болно. Хууль тогтоогч нь эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлохдоо зөвхөн цээрлүүлэх бус нийгэмшүүлэх, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгыг хуульд тогтоомжид тусгаж өгсөн бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, хохирол төлбөр барагдуулсан байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Ж.Г-ын өмгөөлөгч Б.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хамтран гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байгаа. Хэргийн зүйлчлэлийн талаар маргаж оролцож байна. Шүүгдэгч Ж.Г-а хэргийн талаар хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн үнэн зөвөөр, тогтвортой мэдүүлсэн. Хүнийг санаатай алсан гэх үйл баримт хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон бусад нотлох баримтуудаар шууд тогтоогддоггүй. Тэрээр хүнийг санаатай алах зорилготой байгаагүй хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын явцад цугларсан нотлох баримтууд болох камерын бичлэг, гэрчүүдийн мэдүүлгээр тухайн үед талийгаачтай маргалдаагүй бөгөөд танилцсаныхаа дараа караокед дуулж, хоол унд идэж, ууж байсан нь нотлогддог. Амь хохирогч нь Ж.Г-ыг өөрийн хамтран амьдрагч Д-тай хардаж, муудалцсан. Д “гадаа гарч асуудлаа шийд” гэж хэлсний дагуу гарахаар шатаар бууж байхдаа амь хохирогч хүнд зэргийн согтолттой байсан тул араас нь түлхэхэд шатны голд очиж зогссон. Шатан дээр дахин муудалцсан үйл баримт байхгүй. Шүүгдэгч Ж.Г-а нь амь хохирогчийг алах бус, гадаа гарах гэж шатнаас буулгах л санаа зорилготой байсан. Иймд хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон сэтгэл санааны хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогчийн талаас амь хохирогч юунаас болж амь насаа алдсан нөхцөл байдлыг ойлгож, “гомдолгүй, шүүгдэгч Ж.Г-ад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн. Шүүгдэгч Ж.Г-а гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол нөхөн төлсөн. Анхан шатны шүүх хүний амь нас хохирсон гэмт хэргийн хор уршиг арилсан гэж үзэхгүй гэж дүгнэсэн. Гэтэл хуульд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх талаар зохицуулалтыг хуульчилсан тул хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, хохирогч талын хүсэлтийн дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. Шүүгдэгч Ж.Г-а нь хувь хүнийхээ хувьд эерэг хүн болох нь түүний ажилладаг байсан байгууллагын тодорхойлолт болон ажил эрхэлж, гэр бүлээ тэжээдэг, буруу зуршилгүй зэрэг нөхцөл байдлуудаар нотлогддог. Иймд шүүгдэгч Ж.Г-ын хохирол төлсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ж.Г-ын өмгөөлөгч О.Анхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар: Хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэг болон гэрч О.Оюунбилэгийн мэдүүлэг зэрэг нь энэхүү гэмт хэрэг үйлдэгдсэн гадаад төрх байдлыг илтгэхээс бус гэмт этгээдийн дотоод сэтгэхүй, субьектив байдлыг нотлохгүй юм. Бид камерын бичлэг, гэрчийн мэдүүлгээс хохирогчийг хэрхэн шатнаас унагаасан болохыг мэдэж авч чадах боловч шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх агшинд түүнд ямар бодол, санаа, зорилго, сэдэл төрж байсныг мэдэх боломжгүй. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ субьектив талын үндсэн шинж болох гэм буруугийн хэлбэрийг нотлох боломжтой хамгийн гол нотлох баримт бол яллагдагчийн өөрийнх нь мэдүүлэг юм. Бид яллагдагчийн мэдүүлгээс түүний дотоод сэтгэхүйн харьцааг мэдэх бүрэн боломжтой ба уг баримтаа камерын бичлэг, гэрчийн мэдүүлэгтэй харьцуулж, хооронд нь нэгтгэн хууль зүйн дүгнэлт хийвэл илүү бодитой дүгнэлт гарна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Г-а нь амь хохирогчийг шатны уруу унагаах үедээ дотроо юу бодож, юу хүсэж байсан бэ гэх бүтэн хууль зүйн дүгнэлттэй болох юм. Яллагдагч Ж.Г-ын мэдүүлгийг, камерын бичлэг, гэрч О.Оюунбилэгийн мэдүүлэгтэй хамтад нь нэгтгэн дүгнэвэл “Ж.Г-а амь хохирогчийг шатны уруу унагаах үедээ түүнийг алах, амь насыг нь бүрэлгэе хэмээн огт хүсээгүй” гэх дүгнэлт гарна. Шүүгдэгч Ж.Г-а нь хавтаст хэргийн 140 дүгээр талд яллагдагчаар мэдүүлэг өгсөн байдаг. Энэхүү мэдүүлгийг хэрэг гарсан өдрийн маргааш авсан. Уг мэдүүлэгт Ж.Г-а нь “ гадагшаа гарах шат руу уруудаж явахад шатны гол хэсэгт нөгөө залуу чинь шатны төмрөөс бариад зогсож байхаар нь би хойноос нь цээж хэсгээс нь 2 гараараа тэвэрч аваад төмрөөс салгах гээд зүүн гар тийш эргэх үйлдэл хийхэд үед нөгөө залуу цээж нүцгэн байсан учраас гараас мултраад шалны хэсэгт унасан.” хэмээн мэдүүлж байжээ. Энэхүү мэдүүлгээс харахад шүүгдэгч хэрэг гарах агшинд амь хохирогчийн шатнаас унагааж ноцтой хохирол учруулахыг хүсээгүй болох нь тодорхой байдаг. Харин эсрэгээрээ “төмрөөс салгах” гэж татсан болох нь тодорхой байна. Академич С.Нарангэрэлийн 1999 онд гаргасан Монгол Улсын эрүүгийн эрх зүй /Ерөнхий анги/ гэх номын 178 дахь талд “Субъект хэргийг гэмт санаагаар үйлдэж байгаа тохиолдолд хэргийн нөхцөл байдлыг мэдэж, хэргийн бүрэлдэхүүн болон үр дүнг хүсэж үйлдсэн байдаг. Энэхүү байдлаас үндэслэн гэмт санаа гэдгийг товчоор субъектийн оюун санааны Мэдэх болон Хүсэх элементийн нэгдэл хэмээн тодорхойлж болно.” хэмээн бичсэн байдаг. Уг мэдэх болон хүсэх элементийн тусламжтайгаар бид болгоомжгүй гэмт хэргийг санаатай гэмт хэргээс ялгах боломжтой болдог. Онолын энэхүү ойлголт манай улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн,...” хэмээн бичигдэж орсон байдаг.

Мэдэх буюу ухамсарлан ойлгох гэх энэхүү элемент бол гэмт этгээд өөрийн үйлдлийн хууль зүйн мөн чанарыг хууль бус болохыг ухамсарлан ойлгож байхыг хэлдэг. Харин хүсэх элемент гэдэг нь субъект ямар нэгэн гэмт хэргийн бүрдлийг хийхээр хүсэж буй хүслийг хэлдэг. Хүрэхээр зорьж буй үр дүнгээ хүсэх нь болгоомжгүй, санаатай гэмт хэргийг ялгахад гол чухал үүрэгтэй. Хэрэв гэмт этгээдэд мэдэх элемент нь байгаад харин хүсэх элемент нь байгаагүй бол түүний үйлдлийг санаатай хэмээн үзэхгүй. Иймд шүүгдэгч Ж.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийг тусгай ангийн 10.6 дугаар зүйлд зааснаар өөрчлөн зүйлчилж өгнө үү.

 Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглээгүй талаар: Миний үйлчлүүлэгч Ж.Г-а нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон ар гэрт нь оршуулгын зардалд 22.334.234 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 60.000.000 төгрөг буюу нийтдээ 88.334.234 төгрөгийг төлсөн. Энэ бол шүүгдэгч өөрийн сайн дураар хийсэн үйлдэл ба нөгөө талаар өөрийн хийсэн хэрэг, үйлдэлдээ гэмшсэн сэтгэлийн илрэл юм. Жишээ нь энэхүү хэрэгт хохирогч тал сэтгэцэд учирсан хохирлоо шүүхээр тогтоолгон нэхэмжлэх боломжтой байхад шүүгдэгч түүнийг хүлээлгүй мөрдөн байцаалтын явцад оршуулгын зардлаас гадна хор уршигт өөрийн сайн дураар хохирол төлж байсан. Гэтэл анхан шатны шүүхээс тогтоолынхоо 8 дахь нүүрэнд “...хохирлыг арилгах боломжгүй, нөхөн төлөх боломжгүй хор уршигтай тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авахаас татгалзав.” гэжээ. Хүний амь хохирсон хэрэг дээр хохирлыг нөхөн төлөх боломжгүй хэмээн дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялын доод хэмжээнээс хасахгүй гэж хэргийг шийдвэрлэх нь яваандаа шүүгдэгч нар мөрдөн байцаалт, прокурорын хяналтын үед хохирол, хор уршиг төлөх явдлыг эрс бууруулахаар байна. Мөн энэ нь цаагуураа хохирогч талын эрх ашиг зөрчигдөх, зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хуулийн зорилтод сөрөг нөлөө үзүүлнэ. Хүн амиа алдсан хэрэгт шүүгдэгч тал хэчнээн төгрөг төлсөн байсан ч ялын доод хэмжээнээс хасуулах боломжгүй жишиг тогтвол яваандаа хохирлыг шуурхай барагдуулах явдал дагаад буурна. Нэгэнт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд 8-15 жил хүртэлх хорих ялтай зүйл ангид ялын доод хэмжээнээс хасах зохицуулалтыг хууль тогтоогч хийж өгсөөр байхад шүүх ийнхүү өөрийн бүрэн эрх нэрийн дор ял хасахгүй байгаа явдал нь буруу жишиг хэмээн дүгнэж байна. Шүүгдэгч Ж.Г-а нь бусдын амь насыг хохироосон гэмт үйлдэлдээ гэмшиж байгаагийн тод илрэл болох хохирол, хор уршигт сайн дураараа “хичээл зүтгэлтэй” хандаж байсныг харгалзан үзэх нь хууль зүйн үндэслэлтэй юм. Тэрээр анхнаасаа хүнийг шатнаас унагаасан гэх хэргийн үйл баримтад огт маргаж байгаагүй. Харин өмгөөлөгч бидний зүгээс цэвэр хууль зүйн онолын буюу зүйлчлэлийн маргааныг өрнүүлдэг. Мөн шүүгдэгч урьд ял шийтгүүлж байгаагүй ба түүний үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь нэг л удаа шатнаас унагаасан үйлдлээр төгсдөг. Тэрээр мөрдөн байцаалтад анхнаасаа дэмжлэг үзүүлж, хэргийн нөхцөл байдлыг үгүйсгэж, хийснээ хийгээгүй мэтээр өөрчлөн мэдүүлж байсан удаа байдаггүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Г-а нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн нөхцөл шаардлагыг бүрэн хангадаг.

Иймд давж заалдах шүүхээс Ж.Г-ын зүйлчлэлийг өөрчлөх боломжгүй хэмээн шийдвэрлэсэн тохиолдолд түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан 8 жил 6 сарын хорих ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хасаж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор М.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...камерын бичлэгт амь хохирогч нүцгэн байдалтай урд нь алхаж, араас нь шүүгдэгч Ж.Г-а алхаж байх бөгөөд шүүгдэгч Ж.Г-а амь хохирогчийн зогсож байгаа шатны доод талын шатан дээр зогсож байгаад баруун гараараа хүзүү хэсгээс, зүүн гараараа мөрнөөс бариад, зүүн гар тал руугаа бүтэн эргээд, газар шидэж байгаа үйлдэл харагддаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүнийг алсан бол” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ж.Г-а үйлдлээ төгсгөсөн, түүний үйлдэлд болгоомжгүй гэмт хэргийн шинж байхгүй. Зодолдох, эсхүл зодох шалтгаанаар тухайн газраас гарсан бөгөөд зорилгоо гүйцэлдүүлэх гэж шатан дээр зогсож байсан амь хохирогчийг татсан, түлхсэн үйлдэл хийсэн. Шүүгдэгч Ж.Г-а гэм буруу дээр маргаагүй боловч хэргийн зүйлчлэл дээр маргасан тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд хохирлоо нөхөн төлсөн байхыг шаарддаг. Гэтэл энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд сэргээгдэх боломжгүй хохирол учирсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, шүүгдэгч Ж.Г-ад оногдуулсан ял түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, нийгмийн аюулын хэр хэмжээнд тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ж.Г-ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ж.Г-ын өмгөөлөгч Б.Ганбаатар, Э.Түвшинбаяр, О.Анхбаяр гаргасан давж заалдах гомдлууд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч  Ж.Г-а нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 06 цагийн үед Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Г--” караокед Э.Э-той “хамтран амьдрагчтайгаа хардлаа” гэх шалтгаанаар маргалдан амь хохирогчийг шатны уруу бууж байхдаа шатны бариулаас барьж байсан гарыг нь тавиулан араас нь татаж эргүүлэн /мушгиж/ шидэж, газарт унаган гавал тархины битүү гэмтэл, гавлын дагз, суурь ясны хугарал, дагзны зүүн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, суурийн дэлбэн бага тархины суурь хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт хуйх, зүүн чамархайн булчингийн цус хуралт, зүүн хацар, шанаа, баруун, зүүн эгэмд цус хуралт дух, зүүн шанаа, уруул, зүүн шуу, мөрөнд зулгаралт бүхий хүнд гэмтлийг учруулж, улмаар амь хохирогч нь гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан буюу хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-ийн “...хүүгийн ажил явдлын зардалд баримтаар нийт 22.285.140 төгрөг гараад байгаа. ...Миний хувьд маш их гомдолтой байна, надад их хэцүү байгаа. Сэтгэл, санааны байдлаас болж эрүүл мэнд санхүү болон бусад байдлаар их хохироод байна. ...” /1хх 52-53/,

гэрч О.О-ийн “...Э- ах хамтран амьдрагч Д- эгчийг үйлчлүүлж байсан эрэгтэй хүнтэй хардаж уурлаад байх шиг байхаар нь би өрөөнөөсөө гараад караокены заал руу ороод хартал текний хажуугийн ширээн дээр Э- ах, Д- эгч хоёр зэрэгцээд суучихсан байсан. ...Э- заалнаас түрүүлж гараад нэг давхар луу шатаар бууж байхад үйлчлүүлэгч эрэгтэй Э- ахын ар дагз руу нь нэг удаа цохиход Э- ах урагшаа хөл алдаад, арай ч уналгүй тогттол үйлчлүүлэгч эрэгтэй Э- ахын араас нь очоод, тэвэрч авангуутаа шатны уруу шидсэн чинь Э- ах ар нуруугаа, дагз хэсгээрээ шалан дээр унаад огт сэрээгүй, үйлчлүүлэгч эрэгтэй Э- ах руу очингуутаа хацар луу нь гараараа маш хүчтэй 3-4 удаа алгадсан. ...” /1хх 61-62/,

гэрч Ц.М-ын “...шөнө 06 цаг өнгөрч байхад манай найз О намайг сэрээгээд, караокены захирал Д- эгчийн нөхөр Э- ахыг хүн санаатайгаар шатнаас унагааснаас болж ухаан алдчихаад сэрэхгүй байна, цагдаа, түргэн дуудаарай гэхээр нь би хувцсаа өмсөөд өрөөнөөсөө гараад хартал 2 давхраас буудаг шатны доод хэсэгт Э- ах дээшээ харчихсан, ямар ч ухаангүй байдалтай байсан бөгөөд Э- ахын хажууд танихгүй хар өнгийн хувцастай, согтуу эрэгтэй хүн, Д- эгч  зогсож байхаар нь би дуудлага өгсөн, цагдаа ирээд, дараа нь эмнэлэг ирж үзээд Э- ахыг нас барсан байна гэж хэлсэн. ...” /1хх 64/,

гэрч Т.Д-ын “...шөнө цагийг нь санахгүй байна, талийгаач намайг дуудаж сэрээгээд “1 хүн ороод ирсэн байна, 1 цаг дуулъя гээд байна, цагийг нь хийгээд өгөөч” гэж байсныг санаж байна, би согтуу байсан болохоор өөр зүйл санахгүй байна. Нэг ухаан ороод харахад талийгаач шатны доор дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Дараа нь камерын бичлэг үзэхэд би талийгаач Э-, шөнө орж ирсэн залуутай гурвуулаа буйдан дээр сууж байсан байна. ...” /1хх 67-69/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...талийгаач Э.Э- нь гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан. ...” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2840 дүгээр дүгнэлт /1хх 92-95/,

 

“...хар өнгийн дүрслэлтэй камерын бичлэгт доогуураа саарал өнгийн өмдтэй, дээгүүрээ хар өнгийн цамцтай эрэгтэй нь цагаан өнгийн хаалгаар түрүүлж гарч ирээд дээгүүрээ цамцаа өмсөж чадаагүй нүцгэн эрэгтэй хүнийг шатны уруу түлхэхэд дээгүүрээ нүцгэн эрэгтэй нь шатнаас бариад тогтож буй байдал ...хар өнгийн дүрслэлтэй, өнгөний нягтаршил байхгүй дэлгэц дээр шатны бариулаас гараа бариад зогсож буй, дээгүүрээ нүцгэн эрэгтэй хүнийг доогуураа цайвар мэт өмдтэй, Ж.Г-а нь араас нь барьж авч буй байдал ...зогсож байхад нь Ж.Г-а нь араас татаж, амь хохирогчийг шатны дунд хэсгээс араас нь татаад маш хүчтэй газар руу унагаж буй байдал ...”-ыг дүрсэлсэн камерт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 22-27/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 6-11/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 12-16/, Г-- караокены хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /1хх 20/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Ж.Г-а ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Ж.Г-ын амь хохирогч Э.Э-ыг шатны уруу мушгиж шидэн, гавал тархины битүү гэмтэл, гавлын дагз, суурь ясны хугарал, дагзны зүүн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, суурийн дэлбэн бага тархины суурь хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт хуйх, зүүн чамархайн булчингийн цус хуралт бүхий гэмтлийг учруулж уг гэмтлийн улмаас хохирогч нас барсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ганбаатар, Э.Түвшинбаяр, О.Анхбаяр нар “...Ж.Г-ад холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх, ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

Аливаа болгоомжгүй үйлдэл нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдах, эсхүл учирч болох нийгэмд аюултай хор уршгийг тухайн нөхцөл байдалд урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байснаараа хайхрамжгүй хандсан гэсэн хоёр хэлбэрээр илэрдэг.

Харин санаатай гэмт хэргийн тухайд, гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа хүсэж хийсэн, эсхүл тэр хор уршигт зориуд хүргэсэн байдгаараа дээрх гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээс ялгагддаг.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, амь хохирогч, шүүгдэгч нар хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэн, “хамтран амьдрагчтайгаа хардлаа” гэх шалтгаанаар маргалдан улмаар амь хохирогчийг шатны уруу бууж байхдаа шатны бариулаас барьж байсан гарыг нь тавиулан араас нь татаж эргүүлэн /мушгиж/ шидсэний улмаас амь хохирогчийг газарт унаган, гавал тархины битүү гэмтэл авч тухайн цаг хугацаанд нас барсан байх бөгөөд Ж.Г-ыг хохирогчийн амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь хохирогчийг шатны бариулаас барьсан байхад нь араас нь татаж мушгиж эргүүлэн шидэх явцад хохирогч нь газарт унаж гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул Ж.Г-ад холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж үзлээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Г-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн 6 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ж.Г-а нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дулмаагийн “гомдол саналгүй” гэх санал хүсэлт зэргийг харгалзан тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 8 жилийн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан... эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж зохицуулжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан шүүгдэгчийн өгсөн мэдүүлгүүд, анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч нарын тайлбар зэргээс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэм буруугийн талаар хэн аль нь зөвшөөрөлгүй маргаж оролцсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй юм.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь мөн л шүүхийн эрх мэдлийн асуудал юм.

 

Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцохгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Ж.Г-ын өмгөөлөгч Б.Ганбаатар, Э.Түвшинбаяр, О.Анхбаяр нарын хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Ж.Г-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 69 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Шүүгдэгч Ж.Г-а нь 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дулмаагийн Хаан банкны 5064245645 тоот дансанд 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/247 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Г-ыг 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Г-ын өмгөөлөгч Б.Ганбаатар, Э.Түвшинбаяр, О.Анхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-ын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 05-н өдрийг хүртэл нийт 69 /жаран ес/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Шүүгдэгч Ж.Г-а нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-д 10.000.000 /арван сая/ төгрөгийг дансаар шилжүүлсэн болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                                        С.БОЛОРТУЯА

 

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН