Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/666

 

 

 

 

       

 

     2024           06            06                                       2024/ДШМ/666

 

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Мөнх-Оргил,

хохирогч М.Б-э, Д.М-,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Ганболд,  

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/382 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Ганболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2306007462003 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б-ын Б-,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/2083 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн;

 

Шүүгдэгч Б.Б- нь үргэлжилсэн үйлдлээр: 1. 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр фейсбүүкт байршуулсан “Чингэлэг зарна” гэх зарын дагуу өөрийн хохирогч Б.У-этэй холбогдож, 20 тонн чингэлгийг 5.200.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Одоо машинаа явуулчихъя, мөнгийг нь 10 минутын дараа АТМ-ээс шилжүүлнэ, чи чингэлгээ гаргачих” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 6.900.000 төгрөгийн үнэлгээ бүхий чингэлгийг шилжүүлэн авч, залилсан,

2. мөн цаг хугацаанд фейсбүүкт байршуулсан “Чингэлэг авна” гэх зарын дагуу хохирогч М.Б-этэй холбогдож, “Надад чиний сонирхож байгаа контейнер олон ширхэг  байна. Баянзүрхийн товчоон дээр очоод үзэж болно” гэж хуурч, Б.У-ийн чингэлгийг өөрийн эзэмшлийн эд хөрөнгө гэж итгүүлэн, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч М.Б-эд 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дамжуулан зарж, 4.900 000 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан,

3. 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “Төгс сууц” гэх фейсбүүк хаягт байршуулсан “Та өөрийн хүссэн өнгө загвараар захиалаад 7-20 хоногт хүлээн аваарай. *****” гэх хуурамч зарын дагуу ***** дугаарын утсанд холбогдсон хохирогч Г.Б-г “Манайх зөөврийн орон сууцыг 20 сая төгрөгөөр хийж байгаа. Энэ сууц нь 3x7 метрийн хэмжээтэй, 15 хоногт хийгээд хүргэж өгнө. Та урьдчилгаа 10.000.000 төгрөгөө шилжүүлээд, 70 хувьтай болохоор нь Улаанбаатар хотод ирж үзээрэй” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Г.Б-гаас 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан,

4. 2023 оны 6 дугаар сард “Төгс сууц” гэх фейсбүүк хаягт байршуулсан “Та өөрийн хүссэн өнгө загвараар захиалаад 7-20 хоногт хүлээн аваарай. *****” гэх хуурамч зарын дагуу ***** дугаарын утсанд холбогдсон хохирогч Д.М-тэй 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа уулзаж, “Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бэлхийн зуслангийн газарт зөөврийн орон сууц барьж өгнө” гэж тохиролцон, ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр халхавчлах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, гэрээ байгуулсан газарт байхдаа 16.317.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, залилсан буюу нийт 4 удаагийн үйлдлээр бусдыг залилж нийт 38.117.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б-ын Б-г үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гаас нийт 31.553.840 /гучин нэгэн сая таван зуун тавин гурван мянга найман зуун дөч/ төгрөг гаргуулан хохирогч Б-э /РД:/-д 4.900.000 /дөрвөн сая есөн зуу/ төгрөг, хохирогч Б- /РД:-д 10.000.000 /арван сая/ төгрөг, хохирогч М- /РД:/-т 16.653.840 /арван зургаан сая зургаан зуун тавин гурван мянга найман зуун дөч/ төгрөгийг тус тус олгож, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гийн бага насны хүүхэд болох 2018 оны 05 дугаар сарын 03-нд төрсөн 6 настай Б-гийн Т- /РД:/, 2021 оны 10 дугаар сарын 22-нд төрсөн 3 настай Б-гийн И- /РД:/ нарт асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад үүрэг болгож, шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар надад холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж, миний эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргахгүй. Хохирогчдоосоо чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Б.Ганболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч Б.Б- өөрийн гэм буруутай үйлдэлд гэмшиж, прокуророос сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж, өөрийн боломжоор тодорхой хэмжээгээр хохирлыг барагдуулж байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байсан удаагүй. Мөн миний үйлчлүүлэгч Б.Б- хувийн байдлын хувьд 3-6 насны буюу бага насны 2 хүүхэд болох Б.Т-, Б.Ивээл нарын хамт амьдарч байсан, хүүхдүүдийнхээ цорын ганц асран хамгаалагч байсан. Харин анхан шатны шүүх дээрх байдлыг үл харгалзан хохирол 31.553.840 төгрөгийг огт төлөөгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзаж гэсэн үндэслэлээр 2 жилийн хорих ял оногдуулснаас гадна ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасантай нийцэхгүй болсон гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ. Эрүүгийн хариуцлага нь хүнлэг бус, хэрцгий, хүний нэр төр, алдар хүндийг гутаах шинжгүй байна. Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж заасан. Иймд шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, хуульд зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч М.Б-э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би ажлын шаардлагаар анхан шатны шүүх хуралдаанд орж чадаагүй. Тухайн хуралдаанд шүүгдэгч намайг өөрийнх нь ажлын байранд очиж ажлаас халуулсан гэсэн үндэслэлгүй тайлбар хэлсэн байсан. Би Б.Б-д залилуулж, хулгай хийлгүүлснийхээ дараа уулзаж чадахгүй байсаар шүүхийн шатанд уулзсан. Хүний ёсоор бидэнтэй уулзаж ярьсан бол бид арай өөр арга хэмжээ авна. Би түүнийг хоёр хүүхэдтэй гэдгийг нь мэдэж байсан тул хохирол төлбөрөө төлчих байх гэж бодож явсан. Б.Б-гийн эцэг, эх нь миний хохирол төлбөрийг бүрэн төлөх боломжтой хүмүүс гэж үздэг бөгөөд охин нь алдаж эндээд явж байхад охиноо харж ханддаггүй. Хохирогч нар хамаатан садан биш ч шүүгдэгчийг ойлгосоор өдий хүрсэн. Залгахаар утсаа авдаггүй, ярилцах гэхээр ойлголцолд хүрч чаддаггүй, худал ярьдаг. Би авсан контейнероо өөрийн эзэмшлийн газраасаа алдсан. Иймд Б.Б-гийн үндэслэлгүй тайлбарыг үгүйсгэж, эсрэг байр суурьтай байна. ...” гэв.

 

Хохирогч Д.М- тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй.” гэв.

 

Прокурор Э.Мөнх-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэргийн шинж, хэр хэмжээ, хохирол, хор уршиг, хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Б.Б- нь 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 4 хохирогчид нийт 38.117.000 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс хохирогч Б.У-ийн контейнерыг буцаан өгсөн, 3 хохирогчийн хохирлыг барагдуулаагүй, мөрдөн шалгах ажиллагаа болон хэрэг бүртгэлтийн шатанд хохирол төлбөр барагдуулсан үйл баримт харагддаггүй. Тиймээс шүүхээс түүнд оногдуулсан хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго, 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Ганболд нарын гаргасан давж заалдах гомдлууд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Б.Б- нь: 1. 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр фейсбүүкт байршуулсан “Чингэлэг зарна” гэх зарын дагуу өөрийн хохирогч Б.У-этэй холбогдож, 20 тонн чингэлгийг 5.200.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Одоо машинаа явуулчихъя, мөнгийг нь 10 минутын дараа АТМ-ээс шилжүүлнэ, чи чингэлгээ гаргачих” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 6.900.000 төгрөгийн үнэлгээ бүхий чингэлгийг шилжүүлэн авч, залилсан,

2. мөн цаг хугацаанд фейсбүүкт байршуулсан “Чингэлэг авна” гэх зарын дагуу хохирогч М.Б-этэй холбогдож, “Надад чиний сонирхож байгаа контейнер олон ширхэг  байна. Баянзүрхийн товчоон дээр очоод үзэж болно” гэж хуурч, Б.У-ийн чингэлгийг өөрийн эзэмшлийн эд хөрөнгө гэж итгүүлэн, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч М.Б-эд 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дамжуулан зарж, 4.900 000 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан,

3. 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “Төгс сууц” гэх фейсбүүк хаягт байршуулсан “Та өөрийн хүссэн өнгө загвараар захиалаад 7-20 хоногт хүлээн аваарай. *****” гэх хуурамч зарын дагуу ***** дугаарын утсанд холбогдсон хохирогч Г.Б-г “Манайх зөөврийн орон сууцыг 20 сая төгрөгөөр хийж байгаа. Энэ сууц нь 3x7 метрийн хэмжээтэй, 15 хоногт хийгээд хүргэж өгнө. Та урьдчилгаа 10.000.000 төгрөгөө шилжүүлээд, 70 хувьтай болохоор нь Улаанбаатар хотод ирж үзээрэй” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Г.Б-гаас 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан,

4. 2023 оны 6 дугаар сард “Төгс сууц” гэх фейсбүүк хаягт байршуулсан “Та өөрийн хүссэн өнгө загвараар захиалаад 7-20 хоногт хүлээн аваарай. *****” гэх хуурамч зарын дагуу ***** дугаарын утсанд холбогдсон хохирогч Д.М-тэй 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа уулзаж, “Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бэлхийн зуслангийн газарт зөөврийн орон сууц барьж өгнө” гэж тохиролцон, ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр халхавчлах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, гэрээ байгуулсан газарт байхдаа 16.317.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, залилсан буюу нийт 4 удаагийн үйлдлээр бусдыг залилж нийт 38.117.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогч М.Б-ийн “...би өөрийн фейсбүүк хаягтаа өөрийнхөө **** дугаарын утсаа тавиад боломжийн үнэтэй 20 тонны контейнер худалдаж авна гэж зар тавьсан. Зарын дагуу өөрийгөө Б- гэх эмэгтэй утсаар холбогдоод “Надад чиний сонирхож байгаа контейнер олон ширхэг байна, Баянзүрхийн товчоон дээр очоод үзэж болно” гэж хэлсэн. Б- надтай утсаар video call хийгээд харуулж байсан. Тэгээд би нэг контейнер сонгож авахаар болсон. ...2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өөрийн Хаан банкны данснаас Б- гэх хүний Хаан банкны дансанд 4.900.000 төгрөгийг 20 тонн container  гэсэн утгатай гүйлгээг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах карго буудаг хашаан дотроос шилжүүлсэн. ...” /1хх 25-26/,

хохирогч Б.У-ийн “...би өөрийн Баянмонгол гэсэн page хаягаас ногоон өнгийн 20 тонн чингэлгийг зарахаар 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зар тавьсан. Тухайн өдөр Б- гэх эмэгтэй залгаад 20 тонн чингэлгийг 5.200.000 төгрөгөөр худалдаж авахаар болж ...Б- миний ***** дугаар руу залгаад мөнгийг нь 10 минутын дараа АТМ-ээс шилжүүлнэ, чи чингэлгээ гаргачих гэж хэлэхээр нь манаачид хэлээд чингэлэг ачсан машиныг нь гаргуулсан. ...Би Б-г надаас авсан чингэлгийг өөр хүнд зарсан талаар мэдээгүй. ...” /1хх 44, 107/,

хохирогч Д.М-ийн “...2023 оны 6 дугаар сарын сүүлээр миний бие зуслангийн зөөврийн сууц бариулах зорилгоор фейсбүүк дээр зар хайж байтал “Зөөврийн сууц” гэх фейсбүүк хаягтай ***** дугаарыг тавьчихсан байсан. ...тухайн хүний ***** дугаар руу залгахад эмэгтэй хүн утсаа аваад “зөөврийн орон сууц хийх үү” гэж асуухад “манайх хийж байгаа, ажлын хаяг Тахилтад байдаг” гэж хэлсэн ба “бид нар газар дээр нь очиж үзээд үнэ хөлсөө тохироод барьж байгаа” гэж хэлсэн. ... Би 4x7 м.кв хийлгэхээр тохирсон, тэр надад “үнэ ханш нь 24.000.000 төгрөг болно, танай газар налуу учраас шувуун хөлтэй хийгдэх юм байна, урьдчилгаа 70 хувийг нь өгчих 5-7 хоногийн дотор байшин бэлэн болно. 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр түлхүүр гардуулж өгнө” гэж хэлсэн. Үүнээс хойш тухайн эмэгтэй гар утсаа авахгүй байсан. ...Би өөрийн Хас банкны данснаасаа тухайн эмэгтэйн данс руу 16.317.000 төгрөгийг байшингийн урьдчилгаа гэх утгаар шилжүүлсэн. ...” /1хх 187-188/,

хохирогч Г.Б-гийн “ ...Манай хүү надад “Төгс сууц” хаягаас оруулсан “Та өөрийн хүссэн өнгө загвараар захиалаад 7-20 хоногт хүлээн аваарай. *****” гэсэн зар харуулсан. Би тэр зарын дагуу ***** дугаарын утас руу холбогдоход “Манайх зөөврийн сууцыг 20 сая төгрөгөөр хийж байгаа. Энэ сууц нь 3x7 метрийн хэмжээтэй, 15 хоногт хийгээд хүргэж өгнө. Та урьдчилгаа 10.000.000 төгрөгөө шилжүүлээд 70%-тай болохоор нь Улаанбаатар хотод ирж үзээрэй.” гэхээр нь би 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Sodoo гэсэн утгатай 10.000.000 төгрөг шилжүүлсэн. ...” /2хх 20/,

гэрч М.Мягмаржавын “...Надаар 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Б-э гэх залуу 2.3 тонн контейнерыг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Товчооны Efes худалдааны төвөөс Сансар худалдааны төвийн урд талын хашаанд 150.000 төгрөгийн тээврийн зардал өгч буулгуулсан. Өнөөдөр намайг Монгол дээж дээр зогсож байхад Б-э гэх залуу ирж уулзаад таниар ачуулсан контейнер хулгайд алдагдсан байна гэж хэлсэн. ...” /1хх 36/,

яллагдагчаар Б.Б-гийн өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр У-э гэх хүнтэй утсаар холбогдож 20 тонны контейнер худалдаж авахаар болоод тэрийгээ Б-э гэх хүнд бас утсаар холбогдож зарсан. Б-э контейнер авна гэж зар тавьсан байсан болохоор би зарын дагуу холбогдож зарсан. Би У-ээс 5.100.000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод Б-эд 4.900.000 зарсан. Би Б-ээс өөрийн Хаан банкны дансанд мөнгөө авсан. Тэр мөнгөө би У-эд буцааж өгөөгүй. ... 2023 оны 7 дугаар сарын эхээр манай ***ХХК-тай Бэлхэд байшин бариулахаар тохиролцож надтай гэрээ байгуулж, 16 сая төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. ...Б.У-ээс 20 тонны чингэлгийг худалдаж авна гэж аваад М.Б-эд 4.900.000 төгрөгөөр зарж мөнгөө У-эд өгөлгүй залилсан. ...М- гэх хүнд зөөврийн сууц хийж өгнө гэж хэлээд 16.317.000 төгрөгийг, ...Г.Б- гэх хүнд зөөврийн сууц хийж өгнө гэж хэлээд 10.000.000 төгрөгийг залилсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...” /1хх 91-92, 179, 2хх 106/ гэсэн мэдүүлгүүд,

 

 эд зүйлийн үнэлгээ /1хх 178/, Д.М-, Б.Б- нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ /1хх 195/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 27, 199, 206-216, 2хх 38/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.Б- ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Б.Б-гийн “Чингэлэг зарна” гэх зарын дагуу хохирогч Б.У-этэй холбогдож, түүний 20 тонн чингэлгийг худалдан авахаар тохиролцон, мөнгийг нь 10 минутын дараа шилжүүлнэ гэж хуурч, залилан авсан, мөн дээрх чингэлгийг өөрийн эзэмшлийн биш байхад хохирогч М.Б-эд худалдана гэж хуурч 4.900 000 төгрөгийг, “зөөврийн сууц хийж зарна” гэж хохирогч Д.М-ээс 10.000.000 төгрөгийг, Г.Б-гаас 16.317.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Б.Ганболд “...хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, хуульд зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь мөн л шүүхийн эрх мэдлийн асуудал юм.

 

Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцохгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.

 

Харин шүүгдэгч Б.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлын хувьд 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 6 настай Б-гийн Т- /РД: /, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 3 настай Б-гийн И- /РД: / буюу бага насны 2 хүүхэдтэй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /1хх 141-142/

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “хүүхэд онцгой халамж, туслалцаа авах эрхтэй” гэж, түүнчлэн хүүхдийн бие бялдар, оюун ухаан гүйцэд төлөвшөөгүйн улмаас түүнийг төрөхөөс өмнө болон төрсний дараа онцгой халамж, хамгаалалт, түүний дотор эрх зүйн зохих хамгаалалт шаардлагатай.

 

Хүүхдийн эрхийн тухай конвенцын 2 дугаар зүйлд “Оролцогч улсууд хүүхдийн, түүний эцэг, эх буюу хууль ёсны асран хамгаалагчийг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэс, угсаа, нийгмийн гарал, эд хөрөнгө, эрүүл мэнд, төрсөн болон бусад байдлаас үл шалтгаалан аливаа хэлбэрээр алагчилахгүй энэхүү Конвенцид заасан бүх эрхийг харьяалалдаа байгаа хүүхэд бүрийн хувьд хүндэтгэн хангана.” гэж, 3 дугаар зүйлд  “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна.” гэж,

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “...Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх... эрхтэй” гэж тус тус заажээ.

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг өөрчлөн 07 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлсэнтэй холбоотой Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Б.Б-г оршин суугаа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоож, шүүгдэгч нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт тус тус зааснаар шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Түүнчлэн, шүүгдэгч Б.Б- нь 2024 оны 04 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 57 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон, 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас хасаж тооцов.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Ганболд нарын “...хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, хуульд зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Б-г нэн даруй суллахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/382 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Б-гийн цагдан хоригдсон 57 /тавин долоо/ хоногийн нэг хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон, эдлэх ялаас нь хасаж тооцсугай.” гэсэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Б.Б-г Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоосугай.” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд мэдэгдсүгэй.” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б- 57 /тавин долоо/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.АЛДАР

 

                        ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН