| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Одонтуяа |
| Хэргийн индекс | 159/2024/0068/З |
| Дугаар | 159/ШШ2025/0086 |
| Огноо | 2025-12-10 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 159/ШШ2025/0086
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:159/2025/0068/3
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Л*******
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга нарын хооронд үүссэн
“Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/07 дугаар захирамжийг хүчингүйд тооцуулж, Мандал сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүүг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Л*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г*******, хариуцагч Д.Х*******, хариуцагчийн өмгөөлөгч М.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Д.Л******* тус шүүхэд “Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/07 дугаар захирамжийг хүчингүйд тооцуулж, Мандал сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүүг гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, тодруулсан зүйлгүй нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Д.Л*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/07 дугаар захирамжаар “...Засаг даргын Тамгын газрын дарга Д.Л*******д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл...” ногдуулж, “...Д.Л*******ар Засаг даргын Тамгын газрын сул орон тоо болох Мал аж ахуйн үйлдвэрийн төлөвлөлт, менежтент, малын үржил бүртгэл хариуцсан мэргэжилтний албан үүргийг...” гүйцэтгүүлэхээр шийдвэрлэжээ.
1.2. Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6. дэх хэсэгт “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана ...” гэж, 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт “Зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 66 дугаар зүйлийн 66.1.3.-т “иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох” гэж, 75 дугаар зүйлийн 75.1. дэх хэсэгт “Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ.” гэж тус тус заажээ.
1.3. Энэ хүрээнд нэхэмжлэгч дээрх сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг эс зөвшөөрч Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хандаж, 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Гомдлын хариу хүргүүлэх тухай 02/1304 албан бичгээр нэхэмжлэгч Д.Л*******д мэдэгдэж, хариуг хүргүүлсэн байна.
1.4. Уг албан бичигт “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу сумын Засаг даргын Тамгын газрын дотоод бүтэц, зохион байгуулалт, төрийн жинхэнэ албан хаагчийн томилгоог Тамгын газрын дарга хэрэгжүүлдэг бөгөөд тус сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнийг томилох, чөлөөлөх эрх нь сумын Засаг даргад олгогдоогүй байна.
Мөн таныг сумын Засаг даргын Тамгын газрын Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон нь таны эзэмшсэн мэргэжил, боловсролын чиглэлтэй нийцэхгүй байна. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, төрийн жинхэнэ албан хаагчийн хууль ёсны эрх ашигт халдсан, хууль бус томилгоо болсон болохыг дурдах нь зүйтэй.
... Мөн шаардлагатай тохиолдолд уг асуудлыг шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрх нээлттэй юм.” гэжээ.
1.5 Нэхэмжлэгч Д.Л******* нь уг хариуг авч 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гарган хандсан байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Д.Л******* 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Дамбын Л******* миний бие Шихихутуг хууль зүйн их сургуулийг эрх зүйч мэргэжлээр суралцан төгсөж 2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газарт Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтнээр төрийн албаны ажлын гараагаа эхлүүлсэн. Миний бие 2005-2009 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газарт Төрийн захиргааны удирдлагын хэлтэст мэргэжилтэн, 2009-2016 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газарт Хяналт шинжилгээ, үнэлгээний албаны дарга, 2016-2022 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газарт Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн даргаар ажиллаж байгаад улмаар өөрийн хүсэлтээр Сүхбаатар сумаас Мандал сум руу шилжин Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар мерит зарчмын дагуу дэвшин ажиллаж, 2022 оны 4 дүгээр сараас эхлэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдож ажиллаж байна.
Миний бие төрийн жинхэнэ албанд ажиллахдаа сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй бөгөөд 2014 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны шилдэг албан хаагчаар шалгарч, 2022 онд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр “Төрийн албаны тэргүүний ажилтан”-аар шагнагдаж байсан. Гэтэл Мандал сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн "Д.Л*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/07 дугаар захирамж нь намайг албан тушаал хууль бусаар (хууль зөрчин) бууруулсныг дараахь үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:
1. Сумын Засаг даргын дээрх захирамжаар Тагнуулын ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын төлөвлөгөөт хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах албан шаардлагыг хангалтгүй биелүүлсэн, гүйцэтгэлийн хяналт шалгалтаар төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах чиглэлээр зохих арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлээгүй зэрэг удаа дараа зөрчил гаргасан тул албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2.2 дахь заалтыг баримтлан ногдуулсан нь хууль зөрчиж байна. Учир нь, Тагнуулын ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газраас сумын Засаг дарга Д.Х*******т “Хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авахуулах санал хүргүүлэх тухай" 43/26 дугаар бүхий албан бичгийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн байдаг. Тагнуулын ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газраас 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 43/04 дугаартай албан шаардлагыг ирүүлсэн. Тухайн албан шаардлагыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Сумын Засаг дарга А.Дашзэвэг баталж, үүний дагуу холбогдох арга хэмжээг авч Тагнуулын ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын албан шаардлагад дурдсан хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг Мандал сумын Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 01/492 дугаар албан бичгээр хүргүүлсэн.
2. Мөн Мандал сумын Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/186 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын хэмжээнд мөрдөх "Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах байгууллагын дотоод журам”-ыг баталж хэрэгжүүлсэн. Гэтэл Сумын Засаг дарга Д.Х******* Тагнуулын ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газраас 43/26 дугаар бүхий албан бичгийг үндэслэн Төрийн албаны нууцын тухай хуульд заасны дагуу албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах захирамж гаргахдаа албан шаардлагын дагуу явуулсан арга хэмжээний тайланг нягтлахгүйгээр захирамж гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 24.1 дэх хэсэг "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно", 24.2 дахь хэсэг "Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.4 дэх хэсэг "Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно", 40.2.3 дахь заалт "захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах", 40.4 дэх "Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана" зэрэг зохицуулалтыг тус тус зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, захирамжид дурдсан “...Тагнуулын ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын төлөвлөгөөт хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах албан шаардлагыг хангалтгүй биелүүлсэн, гүйцэтгэлийн хяналт шалгалтаар төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах чиглэлээр зохих арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлээгүй зэрэг удаа дараа" үндэслэл нь гүйцэтгэлийн хяналт шалгалтаар тогтоогдсон эсэхийг нягтлаагүй байна. Мөн дээрх зөрчил гарсан гэж үзвэл Засгийн газрын 2017 оны 246 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журам”-ын аль зохицуулалтыг зөрчсөнийг огт тогтоогоогүй болно.
3. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах бол Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ыг баримтлах үүрэгтэй. Гэтэл Мандал сумын Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/07 дугаар захирамж нь уг журмыг огт баримтлаагүй болно. Тухайлбал, журмын 2 дахь хэсэгт сахилгын зөрчлийг шалгаж тогтоохыг үүрэг болгосон боловч ийм ажиллагаа огт хийгдээгүй болно. Мөн тус журмын 2.6 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан гэж үзсэн бол шалгаж дүгнэлт гаргаагүй, 2.7 дахь хэсэгт зааснаар "... тайлбар гаргах, нэмэлт шалгалт явуулах тухай хүсэлт гаргах" гэх мэт төрийн албан хаагчид олгосон эрхийг эдлүүлээгүй болно.
4. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 39.2.2 дахь заалтад “энэ хуулийн 6.2, 6.3, 15.1 дэх хэсэг, 27, 28 дугаар зүйлд заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй, мөн 38.4-т заасан үүргээ биелүүлээгүй албан тушаалтныг албан тушаал бууруулах, албан тушаалаас нь огцруулах, төрийн албанаас халах" гэж заасан бөгөөд миний хувьд дээрх заалтад заасан зохицуулалтуудыг огт зөрчөөгүй атал аль зохицуулалтыг зөрчсөнийг огт хяналгүйгээр уг хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зөрчиж байна.
5. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар сумын Засаг даргын Тамгын газрын даргыг томилж чөлөөлөх бүрэн эрхийг сумын Засаг дарга хэрэгжүүлдэг. Энэ нь Засаг Даргын Тамгын газрын даргын хувьд ажил олгогч нь сумын Засаг дарга байхыг илэрхийлнэ. Гэтэл Тагнуулын ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газраас сахилгын шийтгэл ногдуулах, ногдуулах сахилгын шийтгэлийн төрлийг тогтоохыг Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заагаагүй атал Тагнуулын ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын албан бичигт сахилгын шийтгэлийн төрлийг тогтоож ирүүлсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйл, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 39 дүгээр зүйлийг тус тус зөрчиж байна.
6. Мандал сумын Засаг даргын сахилгын шийтгэл ногдуулах тухай дээрх захирамжаар намайг Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэл хариуцсан мэргэжилтнээр бууруулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь, тухайн ажлын байрны мэргэжлийн шаардлагыг миний хувьд огт хангахгүй бөгөөд өөр мэргэжилтэй дээрх албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй, улмаар энэ нь хууль бус томилгоог үүсгэнэ. Үүнийг Төрийн албанаас зөвлөлөөс 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 02/1304 тоот албан бичгээр тус зөвлөлд гаргасан гомдлын хариу ирүүлсэн албан бичигт тогтоож өгсөн.
Иймд, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/07 дугаар захирамж нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 24.1, 24.4 дэх хэсэг, 40.2.3, 40.4 дэх хэсэг, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.4.5 дахь заалт, 2 дахь хэсгийг бүхэлд нь тус тус зөрчсөн хууль бус захиргааны акт тул миний зөрчигдсөн эрхийг сэргээн уг захирамжийг бүхэлд нь хүчингүйд тооцож Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, цалин хөлсний зөрүүг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
3.2. Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга Д.Х******* 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/07 дугаартай захирамжийг хүчингүйд тооцуулж, Мандал сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, цалин хөлсний зөрүүг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцан, дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.
Д.Лувсандагвын нэхэмжлэлийн утгад миний бие төрийн албанд ажиллахдаа сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй гэсэн тайлбар бичсэн байна. Энэ нь хууль шүүхийн байгууллагын өмнө ёс зүйгүй үйлдэл гаргаж, худал мэдээлэл өгч байгааг залруулах нь зүйтэй гэж үзлээ.
Өмнөх байгууллагад ажилласан түүхийг мэдэх боломжгүй ч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллахдаа авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тухай Авилгатай тэмцэх газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 05/20135 дугаар албан шаардлага ирсэн. Дээрх хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай албан шаардлагын дагуу Мандал сумын Засаг даргын Б/79 тоот "Д.Л*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаал гарч албан тушаалын цалинг 3 сараар 30 хувь бууруулсан сахилгын шийтгэл ногдуулж байсан. Нэхэмжлэлийн 1 болон 2 дугаар асуулгад хариу тодруулга хүргүүлэх нь: Тагнуулын ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газраас 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 43/26 тоот албан бичгээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Л*******д Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 39.2.2 (энэ хуулийн 6.2, 6.3, 15.1 дэх хэсэг, 27, 28 дугаар зүйлд заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй, мөн 38.4-т заасан үүргээ биелүүлээгүй албан тушаалтныг албан тушаал бууруулах, албан тушаалаас нь огцруулах, төрийн албанаас халах)-д заасны дагуу албан тушаал бууруулах сахилгын арга хэмжээ авахуулах санал ирсэнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/07 дугаар захирамжийг гаргахаар дараах 8 тушаал, захирамж, хяналтын хуудас, албан тоот зэрэг баримтуудад бичиг баримтын шинжилгээ хийж ажилласан.
1.1. Тагнуулын ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газраас 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Мандал сумын ЗДТГ-т хийсэн төрийн болон албаны нууцын төлөвлөгөөт хяналт шалгалтын дүгнэлт болох "хангалтгүй" буюу 44 хувь үнэлэгдсэн хяналтын хуудсыг сумын Засаг дарга миний биед болон ЗДТГ-ын дарга Д.Л******* ( албан тушаалын тодорхойлолт чиг үүргийн дагуу Тагнуулын ерөнхий газраас цалингийн 30 хувийн нэмэгдлийг сар бүр авч нууцын ажилтны ажлыг гүйцэтгэж байсан)-д танилцуулж гарын үсгээр баталгаажуулсан баримт.
1.2.Дээрх албан бичигт Төрийн болон албаны нууцын тухай хуулийн заалтуудыг
зөрчин "албан үүргээ удаа дараа биелүүлээгүй" гэж томьёолсон тул өмнөх бичиг баримт бүхий зөрчлийн акттай танилцан дүгнэлт гаргахад ашигласныг тухай бүрт тайлбараар оруулав. Үүнд:
а.Сумын Засаг дарга А.Дашзэвэгийн Тагнуулын ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газарт хүргүүлсэн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 01/492 тоот албан бичиг,
б.Сумын Засаг дарга А.Дашзэвэгт хүргүүлсэн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 43/04 тоот Тагнуулын ерөнхий газрын албан шаардлага,
в. Тус албан шаардлагын хүрээнд боловсруулсан хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөө,
г.Нууц хамгаалах ажилтан Д.Лувсандагвын боловсруулсан төлөвлөгөөний хэрэгжилтийн явц,
д.Сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/186 тоот "Журам батлах тухай" захирамж,
е. Монгол Улсын Төрийн болон албаны нууцыг хамгаалах байгууллагын дотоод журам,
Дээрх баримт бичгүүдэд задлан шинжилгээ хийж хууль зүйн хүрээнд (Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3, 24.4, 24.5) дараах дүгнэлтүүдийг боловсруулан холбогдох шийдвэрийг гаргасан болно.
1.2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 43/04 тоот албан шаардлагад тусгагдсан 16 тооны зөрчлийг арилгах төлөвлөгөө боловсруулсан хэдий ч 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр буюу 10 сарын дараа Тагнуулын ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын МАБ-ын ажилтан, ахлах дэслэгч Б.Бүрэнжаргалын хариуцан хийсэн гүйцэтгэлийн үр дүнгийн хяналт шалгалтаар Төрийн болон албаны нууцтай холбоотой ажлын явц "хангалтгүй" түвшинд буюу 44 хувьтай дүгнэгдсэн. Үүнийг Тагнуулын ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газраас хийсэн гүйцэтгэлийн хяналт шалгалтаар албан шаардлагад дурдсан 16 төрлийн арга хэмжээнээс зөвхөн 3 арга хэмжээ нь биелж, бусад нь огт хэрэгжээгүй, төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах чиглэлээр зохих арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон байх тул Д.Лувсандагвыг хуульд заасны дагуу албан тушаал бууруулах сахилгын арга хэмжээ авхуулах санал ирүүлсэн.
2.Д.Лувсандагвын зөрчил дутагдлыг арилгуулах албан шаардлагыг хангалтгүй биелүүлсэн, төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах чиглэлээр зохих арга хэмжээг авч хэрэгжүүлсэн эсэхэд баримтын шинжилгээ хийн дүгнэлтийг гаргаж ажилласан. Үүнд:
Тагнуулын ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газраас ирүүлсэн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 43/04 тоот албан шаардлагад тусгагдсан 16 тооны зөрчлийг арилгаж ажилласан эсэх талаар хяналтын хуудас боловсруулан биелэлттэй танилцан нотолгоонд суурилсан үнэлгээг хийх ажлыг хэрэгжүүлсэн. Энэ нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2.2 (энэ хуулийн 6.2, 6.3, 15.1 дэх хэсэг, 27, 28 дугаар зүйлд заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй, мөн 38.4-т заасан үүргээ биелүүлээгүй албан тушаалтныг албан тушаал бууруулах, албан тушаалаас нь огцруулах, төрийн албанаас халах) заалтыг хэрэгжүүлэх бодит үндэслэл болсон. (Холбогдох баримтыг хавсралтаар хүргүүлэв.)
3. Албан шаардлагаар ирүүлсэн 16 заалтыг хянахад хэрэгжүүлэх боломжгүй, байгууллагаас шалтгаалсан ажил байхгүйг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар явуулсан сонсох ажиллагааны үеэр тогтоосон. (Хяналтын хуудсыг хавсралтаар хүргүүлэв.)
4. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 42 дугаар тогтоолоор батлагдсан сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын
тодорхойлолтын 5 дугаар зорилтын 1-т заасан сумын Засаг дарга, түүний Тамгын газрын хариуцан гүйцэтгэхээр заагдсан байдаг. Дээрх чиг үүргийг гүйцэтгэхдээ Төрийн болон албаны нууц хамгаалах ажилтны нэмэгдэл хөлсийг Тагнуулын ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын шийдвэрийн дагуу үндсэн цалингийн 30 хувиар тооцуулан авч байсан хэдий ч албан үүргээ хангалтгүй биелүүлж Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 37.1.8, 37.1.13 дахь заалтуудыг зөрчсөн гэж дүгнэсэн.
Нэхэмжлэлийн 3 дугаар асуулгад хариу тодруулга хүргүүлэх нь:
"Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 2.6. "Шалгалтаар албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдсон гэж үзвэл шалгагч үндэслэл, баримт материалыг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулж тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна" гэж заасан байдаг. Дээрх заалтын хүрээнд Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан тагнуулын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд төрийн болон албаны нууцын Хадгалалт, хамгаалалтын төлөвлөгөөт хяналт шалгалтыг Тагнуулын ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын МАБ-ын ажилтан, ахлах дэслэгч Б.Бүрэнжаргал нь нэхэмжлэгч Д.Лувсандагвыг байлцуулан "Төрийн болон албаны нууцын төлөвлөгөөт хяналт Шалгалтын асуулт"-ын хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг 4 бүлэг 53 асуулгаар дүгнэсэн байдаг. Хяналт шалгалтын дүн болох "хангалтгүй" үнэлгээг шалгуулагчид танилцуулан гарын үсгийг зуруулсан.
Мөн хариуцлага тооцох тухай албан тоот болон үүссэн нөхцөл байдлыг танилцуулах сонсох ажиллагааг хийж нэхэмжлэгч Д.Лувсандагвын гарын үсгээр баталгаажсан тэмдэглэл үйлдсэн.
Мөн журмын 2.7. "Тухайн албан хаагч шалгалтын материалтай танилцаж, тайлбар хийх, нэмэлт шалгалт хийлгэх тухай бичгээр хүсэлт гаргах эрхтэй" гэж заасан. Дээрх Тагнуулын ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газраас ирүүлсэн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 43/26 тоот албан тоот нь Мандал суманд 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ирсэн бөгөөд Монголын уламжлалт цагаан сарын өдрүүд үргэлжлэн бүх нийтээр амрах өдрүүд тохиосон. Цагаан сарын амралтыг дуусган нэхэмжлэгч Д.Л*******д танилцуулах гэхэд үргэлжлүүлэн өвчний акттай гэсэн шалтгаанаар ажилдаа ирээгүй, эзэнгүй байсан.
Гэсэн ч ТЕГ-ын Сэлэнгэ аймаг дахь газрын 43/26 тоот албан бичгийн төгсгөлд Д.Л*******д холбогдох арга хэмжээг авч, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн дүгээр зүйлийн 39.3, 39.5 (39.3.Харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтан нь холбогдох албан тушаалтандаа энэ хуулийн 39.2-т заасан хариуцлага хүлээлгэж, энэ талаар 14 хоногийн дотор тагнуулын байгууллагад хариу мэдэгдэнэ, 39.5. Тагнуулын байгууллагаас энэ хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шаардлага, шийдвэрийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, иргэн түүний дагуу холбогдох арга хэмжээг авч, хариу мэдэгдэх үүрэгтэй) дахь хэсэгт заасны дагуу хариу ирүүлэхийг шаардсан тул 03 дугаар сарын 06-ны өдөр сонсох ажиллагаа хийх мэдэгдлийг хүргүүлсэн. Хуулийн хүрээнд 14 хоногийн дотор шийдвэрлэн хариуг хүргүүлэхэд хугацаа хүрэлцэхгүй байсан тул Тагнуулын ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газарт 01/208 тоот албан хүсэлтээр хугацааг сунгаж өгөх албан тоотыг хүргүүлсэн боловч зөвшөөрсөн хариу бичиг ирүүлээгүй.
Иймд хуульд заасан хугацааг баримтлан бүрэн нотолгоонд суурилсан шийдвэрийг гарган ажилласан гэж үзэж байна.
Нэхэмжлэлийн 4 болон 5 дугаар асуулгад Тагнуулын ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын хуулийн хэлтсийг хариуцагчаар татан оролцуулах саналтай байна.
Нэхэмжлэлийн 6 дугаар асуулгад хариу тодруулга хүргүүлэх нь: Мандал сумын Засаг даргын сахилгын шийтгэл ногдуулах тухай дээрх захирамжаар намайг Мал аж ахуйн, үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэл хариуцсан мэргэжилтнээр бууруулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь, тухайн ажлын байрны мэргэжлийн шаардлагыг миний хувьд огт хангахгүй бөгөөд өөр мэргэжилтэй дээрх албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй, улмаар энэ нь хууль бус томилгоог үүсгэнэ. Үүнийг Төрийн албаны зөвлөлөөс 2025 оны 06 дугаар сарын 3-ний өдрийн 02/1304 тоот албан бичгээр тус зөвлөлд гаргасан гомдлын хариу ирүүлсэн албан бичигт тогтоож өгсөн гэжээ.
Тагнуулын ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын 43/26 тоот “Хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авахуулах санал хүргүүлэх тухай” албан бичигт Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 38.4.“Заасан үүргээ биелүүлээгүй албан тушаалтныг албан тушаал бууруулах, албан тушаалаас нь огцруулах, төрийн албанаас халах" гэж заасны дагуу албан тушаал бууруулах сахилгын арга хэмжээ авахуулах санал хүргэгдэн ирсэн.
Дээрх хуулийн заалтын албан тушаал бууруулах сахилгын арга хэмжээ авч ажилтныг ажил орлогогүй болгох эрсдэлээс хамгаалах, ажлын байрны нөхцөлийг дордуулахгүй байхаар сонгон хэрэглэсэн.
Мөн Мандал сумын Засаг даргын "Д.Л*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/07 тоот захирамжийн 2-т “Д.Л*******ар Засаг даргын Тамгын газрын сул орон тоо болох Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэл хариуцсан мэргэжилтний албан үүргийг гүйцэтгүүлсүгэй” гэж гаргасан.
Энэ нь тухайн албан тушаалд нэр заан томилоогүй бөгөөд ажил хэрэг биелүүлэх боломжоор хангахад чиглүүлж оронд нь томилогдсон Засаг даргын Тамгын газрын даргаар тушаал гаргуулахаар төлөвлөж байсныг илтгэнэ. Тухайн үед орлон ажиллуулсан Засаг даргын Тамгын газрын даргаар тушаал гаргахаар төлөвлөх үед Д.Л******* нь Төрийн албаны зөвлөлд нэхэмжлэл гаргасан хэмээн ажилдаа ирэхгүй зарга үүсгэсэн тул асуудал хүлээлтийн горимд шилжсэн байдалтай байна.
Хуульд заасан чиг үүргээ биелүүлэн төрт ёсыг дээдлэн хүндэтгэж тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч нь хуулийг хэрэгжүүлэхэд манлайлал үзүүлэх ёстой хэдий ч Д.Лувсандагвын нэхэмжлэл дэх асуулгуудыг дүгнэн үзэхэд хариуцлага хүлээх чадамжгүй албан хаагч болохыг илтгэх шалгуур үзүүлэлт хэмээн харагдаж байна.” гэжээ.
3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэгдүгээрт сумын Засаг дарга уг захирамжаар тагнуулын ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын төлөвлөгөөт хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, алдаа доголдлыг арилгуулах албан шаардлагыг хангалтгүй биелүүлсэн, гүйцэтгэлийн хяналт шалгалтаар төрийн болон албаны нууцын хадгалалт хамгаалалтыг сайжруулах чиглэлээр зохих арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлээгүй, удаа дараа зөрчил гаргасан тул албан тушаал буруулах сахилгын шийтгэлийг Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2.2 дахь заалтад зааснаар ногдуулсан байдаг. Энэ нь хууль зөрчиж байна хэмээн үзэж байна. Яагаад хууль зөрчиж байна хэмээн үзэж байна гэхээр Тагнуулын ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газраас сумын Засаг дарга Д.Х*******т хууль тогтоомж зөрчсөн алба хаагчид сахилгын арга хэмжээ санал хүргүүлэх тухай гэсэн 43/26 гэсэн албан тоотыг явуулсан байдаг. Уг тоотыг 2025 онд 02 дугаар сарын 25-ны өдөр явуулсан байдаг. Ингээд Тагнуулын ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газраас 43/04 дугаартай албан шаардлагыг хүргүүлсэн байдаг. Тухайн албан шаардлагыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг тухайн үед сумын Засаг даргаар ажиллаж байсан А.Дашзэвэг баталсан. Үүний дагуу холбогдох арга хэмжээг аваад Тагнуулын ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газарт албан шаардлагад дурдсан хугацаанд нь авч хэрэгжүүлсэн тайланг Мандал сумын Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 01/492 дугаартай албан тоотоор явуулсан байдаг. Өөрөөр хэлбэл хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээг хэрэгжүүлээд тухайн үеийн Засаг дарга байсан А.Дашзэвэг албан тоотоороо 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр аймгийн Тагнуулын газар руу явуулсан байдаг. Мандал сумын Засаг дарга 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр А/186 дугаар захирамжаар Тамгын газрын хэмжээнд явагдах Монгол улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах байгууллагын дотоод журам гэдгийг баталж хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл Мандал сумын Засаг даргын Тамгын газар Төрийн болон албаны тухай хуульд зааснаар төрийн болон байгууллагын нууцыг хадгалах хамгаалах байгууллагадаа мөрдөх журамтай. Сумын Засаг дарга Д.Х******* нь, Тагнуулын ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газраас 43/46 гэсэн албан бичгийг үндэслэж Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасны дагуу албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах захирамжаа гаргахдаа албан шаардлагын дагуу явуулсан албан шаардлагын тайланг нягталж үзээгүй. Тухайн үед ажиллаж байсан Засаг дарга А.Дашзэвэгээс аймгийн Тагнуулын газар руу явуулсан 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр болсон шалгалтын мөрөөр арга хэмжээний тайланг огтоос нягталж үзэхгүйгээр шийдвэрээ гаргасан байдаг. Ингэж нягталж үзэхгүйгээр шийдвэрээ гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1. дэх хэсгийг зөрчиж байна гэж үзсэн. Яагаад гэвэл тухайн шийдвэрийг гаргахдаа төсвийн шууд захирагч гаргах ёстой. Гэтэл үүнийг зөрчсөн гэж үздэг. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2. дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Яагаад гэвэл тухайн шийдвэрийг гаргахдаа шаардлагатай ажиллагаа явуулж, нотлох барим цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээдэг. Мөн хуулийн үндэслэх хэсгийг зөрчсөн гэж үздэг. Яагаад ингэж үзэж байна гэхээр сумын Засаг дарга захиргааны шийдвэр гаргах ажиллагаандаа хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан судлах үүрэгтэй гэх зохицуулалтыг нягталж үзээгүй. Д.Лувсандагвын ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоох ёстой байтал тогтоогоогүй байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3. дахь заалтыг зөрчсөн гэж үзэх боломжтой. Яагаад гэвэл захиргааны акт гаргах бодит нөхцөл байдал хууль зүйн үндэслэлийг заах ёстой. Гэтэл үүнийг тухайн захирамжид зөрчсөн гэж үздэг. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэх боломжтой гэж үзсэн. Яагаад гэвэл тухайн захиргааны акт буюу захирамжийг гаргахдаа шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана гэсэн боловч одоогийн гаргасан албан тушаал бууруулах захирамжид уг шаардлагыг хангаагүй байна. Тагнуулын ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын төлөвлөгөөт хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах албан шаардлагыг хангалтгүй биелүүлсэн нь захирамж дотор байгаа. Гүйцэтгэлийн хяналт шалгалтаар төрийн болон албаны нууцыг хадгалалт хамгаалалтыг сайжруулах чиглэлээр зохих арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлээгүй зэрэг удаа дараа гэсэн үндэслэлээр захирамжийн бичвэрийн эхний хэсэг дээр заасан байдаг. Энэ үндэслэл нь гүйцэтгэлийн хяналт шалгалтаар тогтоогдсон уу, үгүй юу гэдгийг огтоос нягталж үзээгүй байдаг. Дээрээс нь уг зөрчлийг гаргасан гэж үзээд байгаа юм бол Засгийн газрын 2017 оны 246 дугаар тогтоолоор баталсан Монгол улсын Төрийн болон албаны нууцыг хадгалах хамгаалах нийтлэг журам гэж байгаа. Уг журмын зохицуулалтын аль хэсгийг зөрчөөд байгаа гэдгийг огт тогтоогоогүй байдаг.
Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулах гэж байгаа бол Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 36/32 тушаалаар хамтран баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журам” гэж бий. Уг журамд заасан заасан зохицуулалтуудыг баримтлах үүрэгтэй байсан. Яагаад гэвэл тухайн журмын 1 дэх хэсэгт юу байдаг вэ гэхээр төрийн тусгай албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа тусгайлсан хууль журмыг барина. Төрийн жинхэнэ алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа уг журмыг баримталж шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Гэтэл тухайн захирамжид уг журмыг зөрчсөн зохицуулалтууд байдаг. Албан тушаал бууруулах захирамж нь уг журмыг баримтлаагүй байдаг. Яагаад баримтлаагүй гэж үзээгүй вэ гэвэл 4.2 дахь хэсэгт сахилгын зөрчлийг шалгаж тогтоохыг үүрэг болгосон боловч ийм ажиллагааг огт хийгээгүй байдаг. Өөрөөр хэлбэл яг ямар зөрчил гаргачихсан бэ, өмнөх Засаг даргын 5 дугаар сарын 30-ны өдөр явуулсан тайлангаас аль аль нь биелэгдээгүй байгаа гэдгийг огт шалгаж тогтоогоогүй байдаг. Уг ажиллагааг огт хийгээгүй байдаг.
Миний хэлдэг журмын 2.6 дахь хэсэгт зааснаар зөрчил гаргасан гэж үзсэн бол дүгнэлт гаргах ёстой. Гэтэл уг дүгнэлт огт байдаггүй. Өөрөөр хэлбэл дүгнэлт дээр тулгуурлаж байж шийдвэр гаргагч буюу төсвийн шууд захирагчид сахилгын шийтгэл ногдуулах гэсэн шийдвэрийг гаргах ёстой байтал огт ийм дүгнэлт байдаггүй. Мөн журмын 2.7 дахь хэсэгт зааснаар оролцогч талд буюу төрийн албан хаагчид тайлбар гаргах, нэмэлт ажиллагаа явуулах хүсэлт гаргах гэх мэт төрийн албан хаагчид олгосон эрхийг огт эдлүүлээгүй. Өөрөөр хэлбэл Д.Л*******д тайлбар гаргуулах боломжийг олгоогүй байдаг. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2.2 дахь хэсэгт зааснаар албан тушаал бууруулах шийтгэлийг ногдуулах үндэслэлийг юу гэж заасан байдаг вэ гэхээр тухайн хуулийн 6.2, 6.3, 15.1, 27, 28 дугаар зүйлд заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй. Удаа дараа гэдэг маань давтан зөрчлийн шинжийг илэрхийлж байгаа гэсэн үг. Мөн 38.4 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй албан тушаалтныг албан тушаал бууруулах, төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг ногдуулах үндэслэлийг зааж өгсөн. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд Мандал сумын Засаг дарга буюу шийдвэр гаргаж байгаа субъект бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, шалгах ажиллагааг бүрэн дүүрэн хийгээгүйгээс болоод 39.2.2 дахь хэсэгт зааснаар 6.2, 6.3, 15.1, 27, 28 дугаар зүйлээс алийг зөрчсөн бэ гэдгийг огт хянаагүйгээр сахилгын шийтгэл ногдуулчихсан. Энэ зүйл нь огтоос тогтоогдоогүй байдаг.
Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар сумын Засаг даргын Тамгын газрын даргыг томилж, чөлөөлөх эрхийг сумын Засаг даргад олгосон. Өөрөөр хэлбэл Тамгын газрын даргын хувьд сумын Засаг дарга ажил олгогч. Энэ агуулгыг илэрхийлж байгаа гэж 59 дүгээр зүйлийг ойлгосон. Гэтэл Тагнуулын ерөнхий газрын Сэлэнгэ аймгийн газраас сахилгын шийтгэлийн төрлийг тогтоохоор Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заагаад өгчихсөн. Саналыг хүргүүлнэ гэчихсэн байгаа. Үүний дагуу санал ирсэн байдаг. Гэтэл энэ дээр юу байдаг вэ гэхээр Албаны нууцын тухай хуулийн 49 дүгээр зүйлийг дахин Засаг дарга зөрчөөд гараад ирж байгаа юм. Албан тушаал бууруулахдаа ямар албан тушаал бууруулсан бэ гэхээр мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэл хариуцсан мэргэжилтэн гэх ажлын байранд бууруулсан. Энэ бол ямар ч хууль зүйн үндэслэлгүй. Яагаад гэвэл Д.Лувсандагвын ажлын байрны тодорхойлолт нь хэрэгт авагдчихсан байгаа. Бууруулаад байгаа ажлын байрны шаардлага, ажлын мэргэжлийн шаардлагыг Д.Л******* огт хийж үзээгүй байдаг. Гэтэл Засаг дарга энэ төрлийн албан тушаалд бууруулчихсан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн судлаад оролцогчийн эрх ашгийг харах ёстой гэх мөн хуулийн 24.4 дэх хэсгийг зөрчиж байна. Үүнээс юу харагддаг вэ гэхээр мэргэжлийн шаардлага хангахгүй учир нэхэмжлэгч биелүүлэх боломжгүй. Эндээс юу харагдаж байна гэхээр Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан хууль бус томилгооны асуудал гарч ирсэн байдаг. Үүнийг юугаар тогтоосон байдаг вэ гэхээр бид нар уг асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлд зааснаар гомдлоо гаргасан байдаг. Гэтэл Төрийн албаны зөвлөл нь бид нарт хариу бичиг ирүүлсэн. Уг албан бичиг нь 06 дугаар сарын 09-ний өдөр 02/1304 албан бичгээр хариу ирүүлсэн байдаг. Уг хариу бичигт Д.Лувсандагвыг албан тушаал бууруулж, мал аж ахуйн төлөвлөлт менежмент үржил хариуцсан мэргэжилтнээр томилсон томилгоо нь өөрөө хууль бус байна гэдгийг төрийн албаны зөвлөлийн хариу албан бичиг дээр илэрхийлсэн байдаг. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/07 дугаар захирамж нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйл, 40.2.3, 40.4 дүгээр зүйл, төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журмын 1.4 дүгээр зүйлийн 5, 2 дахь хэсгийг бүхэлд нь тус тус зөрчсөн хууль бус захиргааны акт байгаа тул нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, уг захирамжийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Мандал сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, цалин хөлсний зөрүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү.” гэв.
3.4. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийдвэр гарсан бол 30 хоногийн дотор хандах ёстой. Энэ хугацаа гомдол гаргаад тасарна. Би төрийн албаны зөвлөлд нэхэмжлэгч тал хэзээ гомдлоо гаргасан бэ гэж асуусан. Түүнийгээ ямар баримтаар нотлоод байна вэ. Төрийн албаны зөвлөл хэзээ хүлээж авсан бэ. Тэд нарт хязгааргүй эрх байхгүй гэдгийг би хэлээд байгаа юм. Аваад хэд хоногийн дотор шийдэх ёстой вэ. Тэрийгээ ямар баримтаар нотлоод байна вэ. Шийдвэрлээгүй бол 30 хоногийн дотор багтаагаад шүүхэд нэхэмжлэл гаргана гэх хуулийн зохицуулалт нь яах вэ. Бид хугацааг огт олохгүй байна. Эргэлзээтэй бичиг байгаа учраас энэ зүйлийг яриад байгаа юм. Албан ёсны тогтоол байсан бол тэдний өдөр гаргасан гомдлыг бид нар ингэж хүлээж аваад шийдвэрлэлээ гэсэн зүйл байх байсан. Д.Баатарсайхан гэх хүн өөр ажилд томилсонтой холбоотой маргааныг шийдэж байна хэмээн хариу өгөөд байна уу. Хууль зөрчиж албан тушаал бууруулсан асуудлыг хянаагүй. Би маш ойлгомжтой зүйл ярьж байна. Нэхэмжлэгч тал хэзээ тушаалаа аваад, хэзээ төрийн албаны зөвлөлд хандсан бэ. Үүнийг нотолсон баримт байхгүй учраас процессын хуулиар маргаж байна. Үүнийг захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэж болохгүй юм байна. Яагаад гэвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан бүх нөхцөлийг шалгаж үзтэл нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргах хугацаагаа хэтрүүлчихсэн гэж маргаж байна. Хэтрүүлээгүй гэж үзвэл шүүх эрх хэмжээний хүрээнд дүгнэлтээ хийж шийднэ. Миний хувьд маргаж байгаа асуудал нь энэ юм.
Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд баримталбал зохих хууль тогтоомжийг баримталсан. Өөрөө тодорхой хэмжээнд албан тушаал бууруулна гэх зохицуулалтынхаа хүрээнд. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар шийдвэрээ гаргачихсан. Бид нар үүрэг чиглэл өгдөггүй, үүрэгжүүлсэн зохицуулалт биш гэж байна. Ямартайч саналыг тавьж шийдвэрлүүлдэг. Энэ хүн болохгүй байна, тухайн хүний асуудлыг шийдвэрлэж тушаалыг нь бууруулах шийдвэрийг гаргаарай гэдэг. Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт зааснаар удаа дараа биелүүлээгүй бол мөн хуулийн 38 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй албан тушаалтныг албан тушаал бууруулах, албан тушаалаас огцруулах гэж заачихсан. Мөн хуулийн 39.3 дахь заалтад харьяалах дээд шатны байгууллагад холбогдох албан тушаалтандаа мөн хуулийн 39.2 дахь хэсэгт заасан хариуцлагыг хүлээлгэж гэдэг нь үүрэгжүүлж байгаа заалт юм. Чи бод гэсэн үг биш. Уг хоёрт заасан хариуцлагыг хүлээлгээд эргээд надад 14 хоногт хариугаа өг. Эсхүл саналыг авч шийдвэрлэж болно, эрхтэй гэх зохицуулалт биш. Тийм учраас шүүх маргаж байгаа 2,3 үндэслэлийг анхаарч хараасай гэж хүсэж байна. Д.Баатарсайхан гэх хүн дүгнэлт өгөхгүй. Яагаад гэвэл хамтын шийдвэр гаргах хуультай. Тийм учраас энэ хүнд ийм эрх хэмжээ олгогдоогүй байна. Анхны саналаа дэмжиж байна. Нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд зэргийг шинжлэн судлаад, дараах хууль зүйн үндэслэлээр хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/07 дугаар захирамжийг 2 сараар түдгэлзүүлж шийдвэрлэв.
Нэг. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:
1.1. Тус шүүхэд нэхэмжлэгч Д.Л******* нь “Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/07 дугаар захирамжийг хүчингүйд тооцуулж, Мандал сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүүг гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1., 3 дугаар зүйлийн 3.1.3, 14 дүгээр зүйлийн 14.4. дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт зааснаар тус шүүхийн харьяалан шийдвэрлэвэл зохих маргаан мөн бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй.
Хоёр. Уг хэрэг, маргааны үйл баримтыг дурдахад:
2.1. Нэхэмжлэгч Д.Л******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж мөн тус сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Б/23 дугаар захирамжаар тус газрын нууц хамгаалах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байжээ.
2.2. Тагнуулын ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газраас Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэгт 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 43/04 дугаар албан шаардлагыг хүргүүлж, уг албан шаардлагаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газарт төрийн болон албаны нууцын хадгалалт хамгаалалт, ашиглалтад төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлыг хийхэд илэрсэн гэх 16 зөрчил дутагдлыг дурдаж, албан шаардлагад заасан арга хэмжээг авч хэрэгжүүлсэн үр дүнг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор ирүүлэхийг даалгасан байна.
2.3. Мандал сумын Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 01/492 тоот албан бичгээр Сэлэнгэ аймгийн Тагнуулын газарт дээрх албан шаардлагын дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг хүргүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 164-174 дүгээр хуудас)
2.4. Тагнуулын ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын дарга С.Сэргэлэн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газарт төвлөрч буй төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалт, ашиглалтад гүйцэтгэлийн хяналт шалгалт хийх удирдамжийг баталсан байна.
2.5. Дээрх удирдамжийн дагуу Тагнуулын ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын мэргэжилтэн Б.Бүрэнжаргал 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газарт “Төрийн болон албаны нууцын төлөвлөгөөт хяналт шалгалт”-ыг явуулж, 44 буюу хангалтгүй гэх үнэлгээг авсан бөгөөд тус үнэлгээний хуудаст шалгалт хийсэн Б.Бүрэнжаргал, шалгуулсан Д.Л*******, танилцсан Д.Х******* гэж гарын үсэг зурагдсан байдаг.
2.6. Тагнуулын ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авахуулах саналт хүргүүлэх тухай” 43/26 тоот албан бичгээр “Гүйцэтгэлийн хяналт шалгалтаар албан шаардлагад дурдсан 16 төрлийн арга хэмжээнээс зөвхөн 3 арга хэмжээ нь биелж, бусад нь огт хэрэгжээгүй, төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах чиглэлээр зохих арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон байх тул Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Л*******д Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2.2 /энэ хуулийн 6.2, 6.3, 15.1 дэх хэсэг, 27, 28 дугаар зүйлд заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй, мөн 38.4-т заасан үүргээ биелүүлээгүй албан тушаалтныг албан тушаал бууруулах, албан тушаалаас нь огцруулах, төрийн албанаас халах/ дэх хэсэгт заасны дагуу албан тушаал бууруулах сахилгын арга хэмжээ авхуулах санал хүргүүлж байна.” гэж Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга Д.Х*******т хүргүүлсэн байна.
2.7. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 01/197 тоот албан бичгээр Д.Л*******д 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 11 цаг 00 минутад сонсох ажиллагааг явуулах болсон талаар мэдэгдэл хүргүүлж, тус өдөр сонсох ажиллагааг явуулан тэмдэглэл хөтөлж баталгаажуулсан.
2.8. Мөн Д.Лувсандагвын зөрчил дутагдлыг арилгуулах албан шаардлагыг хангалтгүй биелүүлсэн, төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах чиглэлээр зохих арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй эсэхийг шалгаж тогтоосон дүгнэлт үйлдсэн байгаа нь маргаан бүхий захиргааны шийдвэрийн хувийн хэрэгт авагдсан байна.
2.9. Улмаар маргаан бүхий захиргааны акт буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Д.Л*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/07 дугаар захирамжаар “...Засаг даргын Тамгын газрын дарга Д.Л*******д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл...” ногдуулж, “...Д.Л*******ар Засаг даргын Тамгын газрын сул орон тоо болох Мал аж ахуйн үйлдвэрийн төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэл хариуцсан мэргэжилтний албан үүргийг...” гүйцэтгүүлэхээр шийдвэрлэжээ.
2.10. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 212 дугаар захирамжаар Д.Лувсандагвын нэхэмжлэлээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.
Гурав. Хууль зүйн үндэслэлийн тухайд:
3.1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. дэх хэсэгт “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд үйлчилнэ.” 4.2. “Захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчмыг баримтална: 4.2.1. хуульд үндэслэх; 4.2.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” гэж тус тус зааснаар захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчим болох хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим зөрчигдсөн байна.
3.2. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ”, 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гээд 48.1.1-48.1.6 дахь заалтуудад сануулахаас эхлээд төрийн албанаас халах зохицуулалтыг тусгаж, мөн хуулийн 48.10-т “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална” гэж заасан.
3.3. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хууль, энэхүү журам, тэдгээрт нийцүүлсэн төрийн байгууллагын дотоод журмыг баримтлан дараахь үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулна”, 1.3.1-т “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг зөрчсөн, 1.3.2-т “Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан хориглох зүйлийг зөрчсөн”, 1.3.3-т “хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлээгүй”, 6.1-д “Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэл ногдуулна” гэх зэргээр төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотой харилцааг зохицуулсан.
3.4. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2. дахь хэсэгт “Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтны үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тагнуулын байгууллагаас дараахь хариуцлага хүлээлгүүлэхээр харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд санал тавьж шийдвэрлүүлнэ:” 39.2.2. дахь заалтад “энэ хуулийн 6.2, 6.3, 15.1 дэх хэсэг, 27, 28 дугаар зүйлд заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй, мөн 38.4-т заасан үүргээ биелүүлээгүй албан тушаалтныг албан тушаал бууруулах, албан тушаалаас нь огцруулах, төрийн албанаас халах.”, 39.3. дахь хэсэгт “Харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтан нь холбогдох албан тушаалтандаа энэ хуулийн 39.2-т заасан хариуцлага хүлээлгэж, энэ талаар 14 хоногийн дотор тагнуулын байгууллагад хариу мэдэгдэнэ.” гэж,
3.5. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1. дэх хэсэгт “Сумын Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 59.1.22. дахь заалтад “сумын Засаг даргын орлогч, тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах;” гэж,
3.6. Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1. дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно:” 45.1.1. дэх заалтад хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн;” гэж, мөн зүйлийн 45.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 45.1-д заасан шийдвэрийг хуульд өөрөөр заагаагүй бол төсвийн шууд захирагч гаргана.” гэж, тус тус зааснаас дүгнэхэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга буюу харьяалах дээд шатны албан тушаалтан Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомж зөрчсөн гэж дүгнэгдсэн албан тушаалтан болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын даргад албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь дээрх холбогдох хуульд нийцсэн, уг сахилгын шийтгэл оногдуулах бүрэн эрхийг хуулиар олгосон, чиг үүргийн харьяалал зөрчөөгүй байна.
3.7. Хариуцагчийн гаргасан маргаан бүхий захиргааны акт нь бодит нөхцөлд хэрэгжих боломжгүй, эрх зүйн зөрчилтэй акт гэж үзнэ. Учир нь, Малын үржил, бүртгэл, мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтэн албан тушаалын тодорхойлолтод заасан албан тушаалд тавигдах тусгай шаардлагын дагуу уг албан тушаалд мал аж ахуй, мал зүй, мал амьтны гаралтай түүхий эд судлал, тэжээл бэлчээр судлал зэрэг мэргэжил эзэмшсэн хүн томилогдох шаардлагатай. (1 дүгээр хавтаст хэргийн 152-158 дугаар хуудас)
3.8. Гэтэл Д.Л******* нь эрх зүйч мэргэжлээр бакалавр, төрийн захиргааны менежментийн магистрын зэргээр мэргэжил эзэмшсэн байх тул Малын үржил, бүртгэл, мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтэн албан тушаалд тавигдах шаардлагыг хангахгүй мэргэжлийн бус хүн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 53-67, 145-151, дугаар хуудас)
3.9. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргээс үзэхэд, Тагнуулын Ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 43/04 албан шаардлага, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газарт төвлөрч буй төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалт, ашиглалтад гүйцэтгэлийн хяналт шалгалт хийх удирдамжийг 2025 оны 2 дугаар сарын 04-ний өдөр баталсны дагуу уг суманд хянан шалгалтыг хийжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 97-103 дугаар хуудас)
3.10. Улмаар 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн Төрийн болон албаны нууцын төлөвлөгөөт хяналт шалгалтын асуулт, Тагнуулын ерөнхий газар Сэлэнгэ аймаг дахь газрын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 43/26 дугаар санал, мөн 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 43/85 дугаар албан бичгээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын даргад Д.Л*******д сахилгын арга хэмжээ оногдуулах саналыг хүргүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 104-109, 118 хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 39-43, 95-97 хуудас)
3.11. Тагнуулын ерөнхий газар Сэлэнгэ аймаг дахь газрын 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 43/04 албан шаардлага болох нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын дарга /төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан/ Д.Л*******д илэрсэн зөрчлөөс хуульд заасан үндэслэлд 9 зөрчил, улмаар албан шаардлагад 16 зөрчил хамаарч, тухайн зөрчил арилсан эсэхэд 2025 оны 2 дугаар сарын 21-ий өдөр дахин ирж шалгалт хийсэн боловч зарим зөрчил нь арилгаагүй үндэслэлээр Тагнуулын ерөнхий газар Сэлэнгэ аймаг дахь газраас сахилгын шийтгэл оногдуулах санал хүргүүлсэн нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийг зөрчөөгүй байна гэж дүгнэв.
3.12. Маргаан бүхий энэ хэргийн тухайд тухайн маргаантай тохиолдолд хэрэглэгдэх гол материаллаг эрх зүйн хэм хэмжээ нь Төрийн болон албаны нууцын тухай хуульд үндэслэх бөгөөд тус хуульд дээрх төрлийн зөрчилд “албан тушаалыг нь бууруулах” сахилгын шийтгэл ногдуулахаар хуульчлан зохицуулжээ.
3.13. Зүй нь, Тус сумын Засаг дарга нь тухайн албан тушаалтны мэргэжил, цалин хөлс, ангилал, зэрэглэлийг буруулахдаа эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр захиргааны акт гаргах нь үүрэгтэй бөгөөд захиргаа сонгох боломжийг зорилгодоо нийцээгүй байдлаар ашиглаж, хэрэглэсний улмаас зөрчилтэй захиргааны актыг гаргасан гэж үзэх үндэстэй.
3.14. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”., 24.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.3. дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ.”, 24.4. дэх хэсэгт “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж,
3.15. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1. дэх хэсэгт “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна: 25.1.1.-д “ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах;”, 25.1.4.-д “гэрч, гуравдагч этгээдээс тайлбар гаргуулах;”, 25.1.5.-д “баримт бичиг болон хууль, бусад шийдвэртэй танилцах, хуулбарлах;”, 25.1.7.-д “оролцогчийн хүсэлтээр зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулах авах.” гэж, 27 дугаар зүйлийн 27.6. дах хэсэгт “Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна.”, 29 дүгээр зүйлийн 29.1. дэх хэсэгт “Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архивт хадгална.” гэж тус тус зааснаар сахилгын арга хэмжээ авч байгаа талаархи сонсох ажиллагааг урьдчилан мэдэгдэж, санал, тайлбарыг авч, тэмдэглэл хөтөлж, захиргааны шийдвэрийн хувийн хэрэг хөтөлсөн байна. (2 дугаар хавтаст хэргийн 99-114 дүгээр хуудас)
3.16. Нэгтгэн дүгнэхэд, материаллаг хуулийн хэм хэмжээтэй нийцүүлэн, захиргаа сонгох боломжийн хүрээнд нөхцөл байдалтай уялдуулан шинэ акт гаргах боломжтой бөгөөд энэ нь шүүхийн эрх хэмжээнээс хэтэрсэн байх ба энэхүү алдааг шүүхээс нөхөн гүйцэтгэх, энэ тохиолдолд шүүх захиргааны чиг үүргийг нөхөн хэрэгжүүлэх боломжгүй юм.
3.17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан нь цаашид зайлшгүй тодруулах шаардлагатай нөхцөл байдал нь маргааны үр дагаварт голлох ач холбогдолтой байхын зэрэгцээ шүүх нотлох зарчмыг бүрэн хэрэгжүүлсэн боловч тэрхүү тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх урьдчилсан нөхцөлийг шаардана.
3.18. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдох хэдий ч хэргийн бодит нөхцөл байдалтай холбоотой өөр бусад үндэслэлээр захиргааны акт хууль ёсны байж болохуйц нөхцөл байдлыг тодруулах үүргийг захиргааны байгууллагад шилжүүлэх агуулгатай зохицуулалт билээ.
3.19. Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Д.Л*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/07 дугаар захирамжийг 2 /хоёр/ сарын хугацаатайгаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
3.20. Түүнчлэн Захиргааны ерөнхий хууль 100 дугаар зүйлийн 100.1. дэх хэсэгт “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй.” гэж, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1. дэх хэсэгт “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэж тус тус заасан.
3.21. Хариуцагч захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгчийн мэргэжил, ангилал, зэрэглэлд хамаарахгүй эрх зүйн байдлыг дордуулсан албан тушаалд бууруулж ажлын байраар хангасан бөгөөд захиргааны байгууллага хуульд нийцүүлэн шинэ акт гаргах сонгох боломжтой байна.
3.22. Түүнчлэн нэхэмжлэгч тал уг маргааны үйл баримтад холбогдуулан хариуцагчаас хичнээн төгрөгийн цалин хөлсний зөрүүг нэхэмжилж байгаа талаар тодруулаагүй, шүүх хуралдаан дээр хэргийн оролцогч талууд цалин хөлсний зөрүүтэй холбогдуулан нэхэмжлэл болон тайлбар гаргаагүй.
3.23. Иймд захиргааны байгууллагаас цалин хөлс аваагүй гэдгийг нотолсны үндсэн дээр түүнд цалин хөлсийг нөхөн олгох боломжтой байх тул холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гарган хандан шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2., 106.3 дугаар зүйлийн 106.3.11., 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2. дахь хэсгийн 39.2.2., Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1. дэх хэсгийн 59.1.22., Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсгийн 4.2.1., 4.2.5. дахь заалтыг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Д.Л*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/07 дугаар захирамжийг 2 /хоёр/ сарын хугацаатайгаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6. дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Д.Л*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/07 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1. дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА