Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 213/МА2021/00022

 

Чандмань-Баянхонгор ХК-ийн нэхэмжлэлтэй

Өлзийтийн хийморь өөдөө ХХК-д холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 131/ШШ2021/00369 дүгээр шийдвэртэй

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Чандмань-Баянхонгор ХК

Хариуцагч Баянхонгор аймгийн Өлзийтийн хийморь өөдөө ХХК-д холбогдох

Дулааны эрчим хүч цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээ үзүүлсэн гэрээний үүргийн 37.904.809 төгрөг, алданги 18.952.404 төгрөг нийт 56.857.213 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Баянхонгор аймаг Өлзийтийн хийморь өөдөө ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Чандмань- Баянхонгор ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Долгормаа, хариуцагч Баянхонгор аймгийн Өлзийтийн хийморь өөдөө ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонсүрэн, нарийн бичгийн дарга Г.Чингүн нар оролцов.

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Чандмань-Баянхонгор Хувьцаат Компаниас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Өлзийтийн хийморь өөдөө ХХК-ийн захирал О.Батбаатарын Өлзийт төвийн 6 давхар барилга нь тус байгууллагаас дулаан, цэвэр бохир усны үйлчилгээ авдаг бөгөөд хамтран ажиллах гэрээнд заагдсан дагуу үйлчилгээний төлбөрийг 2018 оны 12 дугаар сараас хойш 2020 оны 11 дүгээр сар хүртэл төлөөгүй байна.

Тус хугацааны төлбөр нь 37 904 809.2 төгрөг, алданги 18 952 404.6 төгрөг байна. Дээрх төлбөрийг барагдуулахаар удаа дараа албан бичиг өгсөн ч хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн тул цэвэр бохир ус, дулааны төлбөр болох 37 904 809.2 төгрөг, алданги 18 952 404.6 төгрөг, нийт 56 857 213.8 төгрөгийг хариуцагч Өлзийтийн хийморь өөдөө ХХК-ийн захирал О.Батбаатараас гаргуулж, манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Чандмань- Баянхонгор Хувьцаат Компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Долгомаа анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянхонгор аймгийн Өлзийтийн хийморь өөдөө ХХК нь 2018 оны 06 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сар хүртэл цэвэр ус, халаалтын мөнгө төлөөгүй, 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сар 30-ны хооронд 77.000.000 төгрөгийн төлбөр гарснаас 39.237.000 төгрөг төлөөд, үлдэгдэл 37.904.009 төгрөгийг төлөөгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Төлбөрөө төлүүлэх талаар манай байгууллагаас албан тоот олон удаа явуулсан боловч төлнө гэж хариу хэлдэг гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Өлзийтийн хийморь өөдөө ХХК-г төлөөлж Б.Гэрэлчулуун шүүхэд гаргасан тайлбартаа:

Баянхонгор аймгийн Өлзийтийн хийморь өөдөө ХХК нь зочид буудал, рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоож үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон билээ. Энэ хугацаанд Чандмань Баянхонгор ХК-д 2019 оны 12 дугаар сараас хойш дулааны төлбөрийн 37904809,2 /гучин долоон сая есөн зуун дөрвөн мянга найман зуун есөн төгрөг, хоёр мөнгө/ өр үүсээд байгаа билээ.

2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/156 тоот захирамжаар үйл ажиллагаа нээж хэвийн горимд шилжиж байгаа тул үйл ажиллагааны орлогоос уг төлбөрийг 2021 онд багтаас төлж барагдуулах болно гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Өлзийтийн хийморь өөдөө ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонсүрэн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манайх 37.000.000 төгрөг 2019 оны 12 дугаар хойшхи төлбөр байгаа юм. 2018 оны 12 дугаар сард хамгийн сүүлийн төлбөрөө төлөөд 10.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй үлдээд, түүнээс хойш 2020 оны 1 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэлх нийт төлбөр 27.000.000 төгрөг, нийт 37.000.000 төгрөгийн үлдэгдэл үүсээд байгаа юм. 18.000.000 төгрөгийн алданги тооцсоныг зөвшөөрч байгаа, гэхдээ алдангаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Өлзийтийн хийморь өөдөө ХХК-иас дулааны эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээ авсны төлбөрт 37,904,809.2 төгрөг, алданги 18,952,404.6 төгрөг, нийт 56,857,213.8 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Чандмань-Баянхонгор ХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Чандмань-Баянхонгор ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 442.236 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өлзийтийн хийморь өөдөө ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 442.236 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Чандмань-Баянхонгор ХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Гэрэлчулуун давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Өлзийтийн хийморь өөдөө ХХК нь харъяа Өлзийт төвийн 6 давхар барилга нь Чандмань Баянхонгор ХК-иас дулаан, цэвэр бохир усны үйлчилгээ авдаг. Манай байгууллага нь Чандмань Баянхонгор ХК-иас үйлчилгээ авсаны төлбөр 37.904.809 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин алданги 18.952.404.6 төгрөгийг төлөхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Дэлхийн улс орныг хамарсан цар тахал, Ковид-19 өвчний улмаас Өлзийт төв нь 2020 оны 1 дүгээр сараас 2021 оны 7 дугаар сар хүртэл тогтмол үйл ажиллагаа явуулаагүй, улсын болон аймгийн Онцгой комисс, аймгийн Засаг даргын удаа дараагийн захирамжуудаар хөл хорио тогтоож, ресторан нийтийн хоол гэх мэтийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглосны улмаас ашиг орлогогүй, огт үйл ажиллагаа явуулаагүй 2 жил шахам болсон.

Дээрх 2 жилийн хугацаанд манай байгууллага үйл ажиллагаагаа тогтмол тасралтгүй явуулж байсан бол Чандмань Баянхонгор ХК-ийн нэхэмжилсэн мөнгийг төлөх бүрэн боломжтой байсан. Монгол байтугай дэлхий нийтийг нөмөрсөн аюулт ковид цар тахлын хор уршгийн улмаас манай компани 18.952.404.6 төгрөгийн алданги төлөх болж байна. Энэ ковид цар тахал бол улс орны ч, хувийн аж ахуйн нэгж, компаниудад ч эдийн засгийн хувьд асар их хор хохирол учруулж буй байгалийн давагдашгүй хүчин зүйл юм.

Манай байгууллагын үйл ажиллагаа ковид 19 цар тахлын улмаас 2 жил үйл ажиллагаагаа тогтмол явуулаагүйн улмаас Чандмань Баянхонгор ХК-ийн төлбөрийг төлж чадахгүй хугацаа хэтрүүлсэн нь байгалийн давагдашгүй хүчин зүйл/ковид 19/-ийн нөлөөллөөс хамааралтай тул дээрх алданги 18.592.404.6 төгрөгийг төлөх үүргээс чөлөөлж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Чандмань-Баянхонгор Хувьцаат Компани хариуцагч Баянхонгор аймаг Өлзийтийн хийморь өөдөө ХХК-д холбогдуулан дулааны эрчим хүч цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээ үзүүлсэн гэрээний үүргийн 37.904.809 төгрөг, алданги 18.952.404 төгрөг нийт 56.857.213 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх Баянхонгор аймаг дахь Өлзийтийн хийморь өөдөө ХХК-иас дулааны эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээ авсны төлбөрт 37,904,809.2 төгрөг, алданги 18,952,404.6 төгрөг, нийт 56,857,213.8 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Чандмань-Баянхонгор ХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч хариуцагч талуудын хооронд /хх-ийн 52-58 дугаар тал/ дулааны эрчим хүчээр хангах гэрээ, цэвэр усаар хангах бохир усыг татан зайлуулах гэрээ зэрэг гэрээнүүд байгууллагдсан бөгөөд гэрээнд заахдаа хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцсон байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар “..Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль..” гэж заасан байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж заасан.

Хариуцагч Баянхонгор аймаг дахь Өлзийтийн хийморь өөдөө ХХК-иас тайлбарлахдаа дэлхий нийтийг хамарсан ковид цар тахалын нөлөөнөөс болж манай компани ашиг орлого муутай байгаа нөхцөлд 18.952.404 төгрөгийн алданги төлөх болж байгаа нь эдийн засгийн хувьд хүндрэлтэй байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас эдийн засгийн хүндрэл үүсэж байгаа тул дээрхи 18.952.404 төгрөгийн алданги төлөхөөс чөлөөлж өгнө үү гэж тайлбарлаж байгаа боловч шүүх хариуцагч талыг алданги төлөхөөс чөлөөлөх хуулийн үндэслэл байхгүй байна. Гэрээний нэг тал үүргээ биелүүлээгүй бөгөөд хугацаа хэтрүүлсэн нь байгалын давагдашгүй хүчин зүйл гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзаж шүүх түүнийг багасгаж болно гэж заасан байгаа боловч энэ хэргийн нөхцөл байдалд алдангийн хэмжээ нь илт их байна гэж үзэх боломжгүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу алданги төлөх үндэстэй байгаа бөгөөд биелүүлээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймаг дахь Өлзийтийн хийморь өөдөө ХХК-ийн төлөөлөгч Б.Гэрэлчулууны давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Баянхонгор аймаг дахь Өлзийтийн хийморь өөдөө ХХК-иас заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252.712 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 131/ШШ2021/00369 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймаг дахь Өлзийтийн хийморь өөдөө ХХК-ийн төлөөлөгч Б.Гэрэлчулууны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Баянхонгор аймаг дахь Өлзийтийн хийморь өөдөө ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252.712 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэгсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

Б.БОЛОР-ЭРДЭНЭ