Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/667

 

 

 

 

       

 

     2024           06           06                                       2024/ДШМ/667

 

 

З.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Одонтуяа,

шүүгдэгч З.А-, түүний өмгөөлөгч И.Эрдэнэцэцэг,  

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/330 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.А-ын өмгөөлөгч Г.Ичинхоролын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн З.А-т холбогдох эрүүгийн 2303006560530 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А-,

 

Шүүгдэгч З.А- нь 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 07 цаг 08 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны зам, Бөөний худалдаа хүнсний дэлгүүрийн урд баруунаас зүүн тийш чиглэн “Toyota prius 30” загварын ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Баянхошууны гудамж хүнсний бөөний төвийн урд талын замын явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч насанд хүрээгүй хохирогч Б.Э-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: З.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч овогт З-гийн А-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрээс ажилдаа ирж явахаас бусад шалтгаанаар гарч явахыг хориглох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, З.А-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж, Иргэний 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч Б.Э-ий сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт З.А-аас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 16.500.000 /арван зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хичээлийн хоцрогдол арилгахтай холбоотой гарах зардал, сорви арилгуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг, хохирогч талд 800.000 мянган төгрөгийг дансаар шилжүүлсэн, эрүүл мэндийн даатгалын төрийн санд 1.720.000 төгрөгийг шилжүүлсэн болохыг тус тус дурдаж, З.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч З.А-ын өмгөөлөгч Г.Ичинхорол давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч З.А- нь анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсонтой маргаантай зүйл байхгүй. Харин анхан шатны шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсныг хөнгөрүүлэх буюу тэнсэн харгалзах ял оногдуулах агуулгаар энэхүү гомдлыг гаргаж байна. Хавтас хэрэгт цугларсан болон шинжлэн судалсан бичгийн баримтуудаар шүүгдэгч З.А-ын хувьд Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас улмаас гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн бусад туслалцаа үзүүлсэн ” бөгөөд гэмт хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл үнэн зөвөөр мэдүүлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно'’, мөн зүйлийн 1.2-т “....энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэсэнтэй нийцнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасны дагуу З.А- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч З.А-ын хувьд гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгож ухамсарлаж байгаа, хувийн байдал зэргээс хамаарч шүүхээс хөнгөн төрлийн эрүүгийн хариуцлагыг сонгон хэрэглэх боломжтой юм. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг сонгон оногдуулах эрх нь зөвхөн шүүхэд байдаг ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхийн шийдвэрийг буруутгаж байгаа бус түүнийг хөнгөрүүлэх, хуульд заасан хөнгөн төрлийн эрүүгийн хариуцлага буюу тэнсэн харгалзах шийтгэл ногдуулах боломжийг анхаарч үзэхийг хичээнгүйлэн хүсэж байгаа болно. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан ба тус зохицуулалтыг хэрэглэхийг хориглосон, хязгаарласан зүйл байхгүй.

Иймд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж З.А-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг өөрчилж, тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч З.А- тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй.” гэв.

 

 

Шүүгдэгч З.А-ын өмгөөлөгч И.Эрдэнэцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчид 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд хүндрэл учруулж байна. Тодруулбал, З.А-ын ажил Гурвалжингийн гүүрэн дээр байдаг. Шүүх Баянзүрх дүүргээр хязгаарлалт тогтоосон байтал шүүгдэгчийн ажил нь Баянгол дүүрэгт байна. Энэ хооронд дүүргүүд дамжин явж, ирэх асуудал үүсэх, мөн ажлын онцлог нь борлуулалтын менежер учраас үнийн судалгаа хийх, бусдад төмөр худалдах тул заавал нийслэл болон бусад дүүргүүдээр зорчих нөхцөл бүрдэж байна. Төрсөн эх нь 66 настай бөгөөд эхтэйгээ хоёулхнаа амьдардаг. Хохирогчид учирсан хохирол, хор уршгийг төлөхийн тулд ажил хийх, бусад нөхцөл байдлаар орлого олох боломжийг шүүхээс харгалзаж үзнэ үү. Энэ төрлийн гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Ажлын нөхцөлөөс шалтгаалан зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлснээс шүүхийн шийдвэр биелэгдэхэд хүндрэл үүсэж байна. Мөн хохирогчийн эрүүл мэнд болон бусад шалтгаанаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл учирч болох нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Өмгөөлөгч Г.Ичинхоролын гомдолд дурдсанаар шүүх З.А-т ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Хэрэгт холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Түүнчлэн, З.А- нь 1.720.000 төгрөгийг Төрийн сангийн дансанд тушааж, хохирогчид 800.000 төгрөгийг өгсөн. Залуу хүүхэд учраас ажил хийж учруулсан хохирол, хор уршгийг төлөх боломжтой . ...” гэв

 

Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч тэнсэх талаар ярихдаа хязгаарлалт нь Баянзүрх дүүрэг учраас хохирол төлбөр төлж чадахгүй байна гэсэн байдлыг дурдаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад З.А- нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэсэн учраас шүүх тухайн дүүрэгтээ тохирсон ажлыг хийж хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулах боломжтой гэж үзэж ял шийтгэл оногдуулсан. Хохирогчид хүнд гэмтэл учирсан байхад мөрдөн байцаалтын шатанд 800.000 төгрөг төлж, шүүхийн шатанд төлбөр төлөөгүй. Энэ нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзэж шүүх хамгийн боломжит байдлаар шийдвэрээ гаргаж гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар З.А-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч З.А-ын өмгөөлөгч Г.Ичинхоролын гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч З.А- нь 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 07 цаг 08 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны зам, Бөөний худалдаа хүнсний дэлгүүрийн урд баруунаас зүүн тийш чиглэн “Toyota prius 30” загварын ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч, насанд хүрээгүй хохирогч Б.Э-ийг мөргөж, эрүүл мэндэд нь зүүн шаант тахилзуур ясны ил хугарал, зүүн шилбэнд шарх бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б-ын “...манай хүү Б.Э- сургуулиасаа зохион байгуулагдах зугаалганд оролцох гээд гэрээсээ ганцаараа гараад явсан байсан. Над руу 07 цаг 29 минутын үед гэмтлийн цагдаагаас залгаад “Танай хүү осолд орсон байна” гэж яриад гэмтлийн эмнэлэг рүү явж очиход хүүгийн маань гэмтсэн хөлийг татаад сойсон байсан. 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хагалгаанд ороод 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэмтлийн эмнэлгээс гарсан. ...” /хх 25/,

насанд хүрээгүй хохирогч Б.Э-ий “...би зам хөндлөн гарахаар явган хүний гарцан дээр очоод эхлээд нэг машин зам тавьж өгсөн, тэгсэн өөдөөс нэг эгч ирж байхаар нь зөрөөд гарчихъя гээд цааш алхтал хажуу талаас нэг машин гараад ирсэн би тэр машинд мөргүүлээд газарт хажуу талаараа унасан. Жолооч ах гарч ирээд “Миний дүү зүгээр үү, гялс эмнэлэг аваад явъя” гээд машиныхаа ард талын суудал дээр суулгаад гэмтлийн эмнэлэг рүү намайг аваад явсан. ...” /хх 29/,

яллагдагчаар  З.А-ын өгсөн “...нэг талдаа 2 эгнээтэй замын 2 дугаар эгнээнд явж байхад 1 дүгээр эгнээд явж байсан машин зогсохоор нь дагаад хурдаа хасаад зогсох гэж байхад замын урд талаас нэг хүн гүйгээд гараад ирсэн. Тэр хүнийг машиныхаа урд талын гуперын хормой, баруун талын урд крыло хэсгээр мөргөж тэр хүн газар унасан. Би мөргүүлсэн хүн дээр очиход 10 гаран насны эрэгтэй хүүхэд газарт ёолсон байдалтай хэвтсэн байхаар нь өргөөд машиныхаа хойд суудал дээр хэвтүүлээд шууд гэмтлийн эмнэлэг рүү авч явсан, замдаа цагдаа руу дуудлага өгсөн. ...” /хх 86/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...Б.Э-ий биед зүүн шаант тахилзуур ясны ил хугарал, зүүн шилбэнд шарх бүхий хүнд гэмтэл учирсан. ...” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 11995 дугаар дүгнэлт /хх 37-38/,

“...жолооч З.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 16.1-т тус тус заасныг зөрчсөн болохыг тогтоосон. ...” Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн хошууч У.Энхсоёмбо 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1184 дүгээр мөрдөгчийн магадлагаа /хх 53/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-10/, Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 999983 дугаар дүгнэлт /хх 44-47/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч З.А- ямар буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч З.А-ын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 16.1- дэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Э-ийг мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч З.А-ын өмгөөлөгч Г.Ичинхорол “..оногдуулсан ялыг өөрчилж, тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т нь нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх санкцтай.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч З.А-ын хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул оногдуулсан ялыг өөрчилж, тэнсэх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирлыг тооцон, шүүгдэгчээс 800.000 төгрөг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б-д төлсөн болохыг дурдаж, энэ гэмт хэргийн улмаас учирсан тооцох боломжгүй зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” 25 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6, 17.1, 17.3, 17.12, 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан бөгөөд уг тогтоолын 1 дүгээр хавсралтын Дөрөвт зааснаар хүнд хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг Дөрөвдүгээр зэрэглэлээр тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /550.000/ 30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, 16.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.А-ын өмгөөлөгч Г.Ичинхоролын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/330 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.А-ын өмгөөлөгч Г.Ичинхоролын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.АЛДАР

 

                        ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН