Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/668

 

 

 

 

       

 

     2024        06             06                                       2024/ДШМ/668

 

 

Б.Э-, Т.М- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Булганчимэг,

шүүгдэгч, хохирогч Б.Э-гийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар,

шүүгдэгч, хохирогч Т.М-, түүний өмгөөлөгч Д.Бурмаа,  

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/194 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, хохирогч Б.Э-гийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Э-, Т.М- нарт холбогдох эрүүгийн 2309015142463 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Э-,

 

2. М-,

Хан-Уул дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 

Шүүгдэгч Б.Э- нь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Еаsу” караокед Т.М-той “микрофоны хамгаалалт сольж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар текэн дээрх шилэн суурьтай лааг шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Т.М- нь мөн өдөр, мөн газар Б.Э-тэй “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж улмаар текэн дээрх шилэн суурьтай лааг шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Э-, Т.М- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э-, М- нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгийн торгох ялаар, шүүгдэгч М-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Б.Э-, Т.М- нар торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Б.Э-, Т.М- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Баясгалангийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр гомдлыг гаргаж байна. Шүүгдэгч Б.Э- нь “***” нэртэй караокед хохирогч Т.М-той “микрофоны хамгаалалт сольж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар текэн дээр асаалттай байсан шилэн суурьтай лааг түүн рүү түлхэн унагааснаас лааны тос үсэрч, эрүүл мэндэд нь нь баруун нүдний салстын үрэвсэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж шүүх дүгнэлт хийжээ. Хохирогч Т.М-ын /хх 17-18/ “текэн дээр байсан том шилэн суурьтай лааг аваад миний нүүр лүү шууд шидсэн...” гэх мэдүүлэг, 5721 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 36-37/, гэрч Ц-гийн /хх 112-113/ “...тэр эгч текэн дээр унасан лааг аваад Б.Э- рүү шидэхдээ лааныхаа тосыг нүд рүүгээ оруулсан...” гэх мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 31-33/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэжээ. Түүнчлэн “...шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна” гэж шийтгэх тогтоолдоо бичсэн байна. Энэ нь хэргийн бодит байдалтай нийцээгүй хийсвэр дүгнэлт болсон.

Тухайлбал; мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг учрал болсон гэх газарт хэргийн газрын үзлэг явуулаагүй, текний өндөр, лааны суурины хэмжээ, хохирогч Т.М-ын биеийн өндөр, сууж байсан сандлын өндөр зэргийг тогтоох ажиллагаа хийгдээгүйгээс харьцуулах аргаар “лааны суурийг түлхэж унагаах явцад хохирогчийн нүд рүү тос үсрэх боломжтой эсэх” асуудалд шүүх бодитой дүгнэлт хийх нөхцөл хангагдаагүй байхад ...асаалттай байснаас түүний тос хайлсан байсан нь өндрөөс түлхэн унагаах үед үсэрч Т.М-ын нүдэнд орох боломжтой. Энэ нь шүүгдэгч Б.Э-гийн үйлдэлтэй шалтгаантай холбоотой" гэж шүүх хийсвэр дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгтэй нийцээгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад “...лааг баруун гараараа текний наад талд сууж байгаа Т.М- руу түлхэж байгаа харагдана...” гэснээс өөр лаа доошоо унахдаа асгарсан, доошоо газарт унасан гэх ямар ч үйл баримтыг тогтоогоогүй байна. “Өндөр тавцангаас унасны дараа авч шидэх үед лааны сууринд тос үлдэх боломжгүй тул унагаасан лааг авч шидэхдээ өөрийн нүдэндээ тос оруулсан гэсэн нь үндэслэлгүй, үүнийг гэрчилсэн гэрчийн мэдүүлэг худал бөгөөд мэдүүлгийнхээ эрх сурвалжийг зааж чадаагүй байна" гэж шүүх дүгнэжээ.

Шүүгч нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж болох хэдий ч “лаа газарт унасан, унахдаа тос нь асгарсан гэх үйл баримт” камерын бичлэгийн үзлэгийн тэмдэглэлээр хөдөлбөргүй нотлогдож тогтоогдоогүй байхад дээрх дүгнэлтийг хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзнэ...” гэсэнтэй нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл хэргийн газрын үзлэг хийгдээгүй, тек, сандал, Т.М-ын биеийн өндөр зэрэгт харьцуулалт хийх нөхцөл боломж шүүхийн хэлэлцүүлгээр хязгаарлагдмал байгаа нь илт байхад тэдгээрийг тал бүрээс нь нягталж, бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзээгүй атлаа дээрх байдлаар хэт яллах байр суурьнаас дүгнэлт хийжээ.

Гэрчүүдийн мэдүүлгийг худал, үндэслэл нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгөөгүй гэж шүүх дүгнэжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг учрал болсон гэх газарт байсан, бодит үйл явдлыг хөндлөнгөөс харж, сонсож байсан гэрч нараас мэдүүлэг авахуулах хүсэлтийг өмгөөлөгч миний бие гаргасныг прокурор үндэслэлтэй байна гэж үзэж хангаж шийдвэрлэсэн юм.

Эдгээр гэрчүүдийн нэг болох гэрч З.Ц-: “...лааны суурийг текний доод хэсэг рүү унахад нь аваад шидэхдээ өөрөө нүд рүүгээ цацруулсан...” гэж бодит байдлыг хөндлөнгөөс харж, сонсож байснаа мэдүүлсэн байхад эх сурвалжаа зааж өгөөгүй гэж үгүйсгэсэн нь үндэслэлгүй байна. “...мэдүүлэгт суурилсан нотлох баримтын эх сурвалж нь мэдүүлэг өгөгч хэргийн талаар мэдэх болсон бодит үндэслэл, шалтгаан байдаг...” гэж “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар”-ыг Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор гаргасантай шүүхийн дүгнэлт нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл гэрч З.Ц- нүдээр харсан үйлдэл, чихээрээ сонссон зүйлээ мэдүүлсэн байхад түүний мэдүүлгийг шүүх худал гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Бодит байдлыг гэрчилсэн З.Ц-гоос ямар эх сурвалжийг шүүх шаардаад байгаа нь ойлгомжгүй. Лааны суурь доошоо газар луу унасан уу, тек рүү унахад нь Т.М- доороос нь тосож аваад шидсэн үү гэдэг нөхцөл байдлуудаас Б.Э-гийн эрх зүйн байдлыг дордуулсан эхний нөхцөлийг шүүх сонгож авсан нь хэргийн бодит байдалтай нийцдэггүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар үгүйсгэгддэг. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзэхийг огт хүсээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Тухайлбал; Камерын бичлэгийн 49-51 дэх секундын хэсэгт текэн дээр байсан лааны суурь ташуу чиглэл /сууж байгаа хүний толгойн харалдаа биш/-ээр доош унахад нь текний ард сандал дээр сууж байсан эмэгтэй цээжний баруун доор хэсгээс баруун гараараа тосож аваад толгойн баруун хэсгийн харалдаа барьж далайгаад шидэж байгаа хөдөлгөөн харагдаж байна. Лааны тос газар унаагүй байдаг юм.

Түүнчлэн Шинжээчийн 5721 дугаартай дүгнэлтэд: "...баруун нүдний салстын үрэвсэл тогтоогдлоо” гэж бичигдсэнээс харахад баруун гараар шидэх явцад хохирогч Т.М- баруун нүд рүүгээ тос үсэргэсэн гэж үзэх үндэслэлтэй. Нөгөө талаар түлхэлтийн явцад, тек рүү унах явцдаа халуун тос түүний нүд рүү үсэрхийлсэн тохиолдолд хохирогч гэгдэх эмэгтэй хариу үйлдэл буюу лааны суурийг доороос нь тосож аваад Б.Э-гийн толгойн дагз хэсэгт оновчтой шидэх боломжгүй. Өөрөөр хэлбэл түлхэлтийн явцад лааны тос баруун нүд рүү үсэрхийлээгүй байна гэдэг нь дээрх баримтуудаар тогтоогдож байхад дүгнэлтэд нөлөөлж болох дээрх нөхцөл байдлуудыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Дээрх байдлуудад дүгнэлт хийхэд “текэн дээр байсан лааны суурийг Б.Э- түлхэх явцад Т.М-ын баруун нүд рүү тос үсэрхийлж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” гэх үйлдэл нотлогдоогүй, лааны суурийг түлхсэн үйлдэл, хөнгөн зэргийн гэмтэл учирсан үр дагаврын хооронд шалтгаант холбоо байхгүй бөгөөд дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлуудыг шүүх ийнхүү анхаарч үзээгүй.

Иргэний нэхэмжлэлийн талаар. Хохирогч Б.Э- нь тархины дүрс оношилгоо хийлгэсний төлбөрт 140.000 төгрөг төлсөн баримтуудаа мөрдөгчид хүлээлгэн өгсөн, мөрдөгч хүлээн авсан тухай тэмдэглэл үйлдсэн нь хавтас хэргийн 57-59 дугаар талд хавсаргагдсан. Гэтэл шүүх баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй тул төлөх төлбөргүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтэй нийцээгүй байна. Хохирогч Б.Э- дээрх хохирлоо нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийдвэрийг зарим хэсгийг хүчингүй болгож, Б.Э-д холбогдох үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч, хохирогч Т.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...тухайн өдөр хүүхдүүд караокед орж ирээд микрофоны хамгаалалтаас болж маргалдсан. Улмаар намайг доромжлоод байхаар нь юу ч хэлэлгүй гарч ирсэн. “Микрофоноос чинь юм үнэртээд байна” гэхээр нь би “Дуулахгүй байж болно, захиалсан юмаа идэж, уугаад ярьж сууж байгаад гарна биз дээ” гэхэд “Бид нар караокед заавал дуулна” гэсэн. Тэгэхээр нь би “За тэгвэл эгч нь цэвэрлээдэхье” гээд нэг удаагийн маск, спирт авч ороод цэвэрлэсэн. Текний ард би ганцаараа сууж байхад хүүхдүүд гарч ирээд асаалттай лааг над руу түлхсэн. Лаа ширээний доод тал руу унахаар нь би аваад шидсэндээ үнэхээр их харамсаж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч, хохирогч Т.М-ын өмгөөлөгч Д.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч караокед үйлчлүүлсэн үйлчлүүлэгчидтэй таарамжгүй харилцаа үүсгэж маргаан болсон. Улмаар тооцоогоо хийж текнийхээ ард зогсож байсан. Гэтэл Б.Э- гэх охин дургүйцлээ илэрхийлж текэн дээр асаалттай байсан лааг Т.М- руу түлхсэн. Лаа өнхөрч текний доор байсан тавиур дээр унахад хашхираад тонгойход лааны тос үсэрч нүдийг нь гэмтээсэн. Нүдэнд нь лааны тос оронгуут шидсэн ба энэ нь Б.Э-гийн үйлдэлтэй шалтгаант холбоотой. Б.Э-гийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсан, өөрөө лааны суурь шидсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, нүдэнд нь лааны тос орсноос болж хувийн эмнэлэгт үзүүлэн эм, дусаагуур авч хэрэглэсэн, шүүгдэгч нь оюутан хүүхэд учир хохирол нэхэмжлээгүй. Шүүх хуралдаанд харилцан бие биеэсээ уучлалт гуйж, хохирол нэхэмжлэхгүй гэдгээ хэлсэн. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хоёуланг нь гэм буруутайд тооцож, торгох ялыг ялгамжтай оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Э.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, нотлох баримт шинжлэн судлах шатанд хэн, хаана, ямар байдалтай байсан, юу болсон талаарх тухайн үеийн үйл баримтыг сэргээн дүрсэлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар Б.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсныг тогтоосон. Шүүгдэгч Б.Э-гийн өмгөөлөгч шүүх хийсвэр байдлаар дүгнэлт хийсэн гэж байгаа ч прокурорын хувьд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Шүүх бүхий л нотлох баримтуудыг хооронд нь шинжлэн судалсны үндсэн дээр гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож, гэм буруутайд тооцсон. Энэ нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй. Тухайн өдөр хамт явсан гэрч З.Ц-гийн мэдүүлгийг өмгөөлөгч гомдолдоо дурдаж байгаа боловч тухайн гэрч нь Б.Э-гийн найз буюу хамаарал бүхий этгээд тул түүний мэдүүлгийг дангаар үнэлэх боломжгүй. Мөн нотлох баримтаар үнэлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Хяналтын камерын бичлэгээр тухайн үйл баримт хангалттай тогтоогдсон тул гэрч З.Ц-гийн мэдүүлгийг заавал дурдах шаардлагагүй гэж үзэж байна. Лааны суурь өндөр тавцангаас унасны дараа шидэх үед өөртөө гэмтэл учруулсан гэж давж заалдах гомдолд дурдсан боловч Б.Э- лааг санаатай түлхсэн. Мөн энэ үйлдлээ шүүх хуралдааны шатанд хүлээн зөвшөөрсөн. Түүний үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёр шалтгаант холбоотой буюу тухайн үйлдлийн улмаас Т.М-д гэмтэл учирсан нь тогтоогдсон тул Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Э-, Т.М- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, хохирогч Б.Э-гийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатарын гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Б.Э- нь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” караокед Т.М-той “микрофоны хамгаалалт сольж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар текэн дээрх шилэн суурьтай лааг түлхэж, эрүүл мэндэд нь баруун нүдний салстын үрэвсэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

шүүгдэгч Т.М- нь мөн газар, мөн цаг хугацаанд Б.Э-тэй “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж улмаар шилэн суурьтай лаа шидэж эрүүл мэндэд нь зулайд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогч Т.М-ын “...нэг эмэгтэй нь намайг шууд “хачин авгай чинь юу гээд байгаа юм” гээд текэн дээр байсан том шилэн суурьтай лааг аваад шууд миний нүүр лүү шидсэн. ...Миний баруун нүд юм харахад маш хүнд байна. Би 3 дугаар эмнэлэгт очиж үзүүлэхэд нүдний мах нь тойроод түлэгдсэн байна гэж хэлсэн бөгөөд анхан шатны тусламж үзүүлсэн. ...” /хх 17-18/,

хохирогч Б.Э-гийн “...бид нар болиод гарах гэхэд текин дээр байсан лаа нь миний гаранд цохигдоод текний доошоо унасан. Тэгээд би гарах гээд хаалга руу явж байсан чинь миний толгой хэсэгт нэг юм ирж хүчтэй цохих шиг болсон, хартал шилтэй лаа байсан. Миний толгойноос цус гарсан байсан ба өмсөж явсан хувцасны ар тал нил цус болсон байсан. ...Би гарахын өмнө тухайн лааг дургүйцлээ илэрхийлээд баруун гараараа түлхсэн. ...” /хх 21-23/,

гэрч О.А-ны “...Э- текэн дээр асаалттай байсан шилтэй лааг гарынхаа ар хэсгээр цохиод унагаасан чинь зөөгч эгч уурандаа газар унасан шилтэй лааг аваад Э-гийн толгой руу шидчихээд зодох гэж дайраад байсан. ...” /хх 28-29/,

гэрч З.Ц-гийн “...Э- текэн дээр байсан лааг түлхчихсэн. Тэгсэн чинь тэр эгч  унасан лааг аваад Э- рүү шидэхэд ... Э-гийн толгойг нь оносон. ...” /хх 112-113/,

гэрч Б.С-гийн “...Э- яагаад ч юм текэн дээр байсан шилэн суурьтай лааг текэн дээрээс түлхсэн. ...гэнэт ямар нэгэн зүйл хагарах чимээ гараад шилэн суурьтай лаа хананд баахан лааны тос болсон, Э-гийн толгой, үс нь лааны тос болсон байсан. ...” /хх 115-116/,

гэрч Б.О-ийн “...дотор шил хагарах чимээ гарсан. ...тэр эгчийн нүдний ойр орчимд лааны тос болсон харагдаж байсан. ...эгч унасан байсан лааны шилэн суурийг аваад Э- рүү шидэхэд тэрэнд оногдож Э-гийн биед гэмтэл учирсан. ...” /хх 118-119/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...Т.М-ын биед баруун нүдний салстын үрэвсэл бүхий хөнгөн гэмтэл учирсан. ...” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5721 дүгээр дүгнэлт /хх 36-37/,

“...Б.Э-гийн биед зулайд няцарсан шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан. ...” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5709 дүгээр дүгнэлт /хх 38-39/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 31-33/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.Э-, Т.М- нар ямар гэм буруутай болох, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Б.Э-гийн хохирогч Т.М-ыг сууж байхад текен дээр байсан шилэн суурьтай лааг түлхэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг,

шүүгдэгч Т.М-ын хохирогч Б.Э-гийн толгой руу шилэн суурьтай лааг шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Э-, Т.М- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, тэдгээрийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож, тухайн зүйл заалтад зааснаар Б.Э-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял, Т.М-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч, хохирогч Б.Э-гийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар “...Т.М- нь Б.Э-гийн араас лаа шидэхдээ өөрийнхөө нүдрүү тос үсэргэсэн тул Б.Э-д холбогдох үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү, ...Б.Э-д учирсан хохирлыг гаргуулаагүй. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох “Еаsу” караокены хяналтын камерт бичигдсэн тэмдэглэлийг шинжлэн судлаж, бусад баримтуудтай харьцуулан Б.Э-, Т.М- нар нь харилцан бие биедээ гэмтэл учруулсан болох нь нотлогдон, тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Тодруулбал, анхан шатны шүүхийн “...шүүгдэгч Б.Э- нь дургүйцлээ илэрхийлж гарынхаа араар текэн дээр асаалттай байсан шилэн суурьтай лааг түлхэн унагах үед хохирогч Т.М- текний ард сууж байх ба лаа түүний өмнөх тавцан руу унаж улмаар түүний өвөр дээр унасныг шүүгдэгч Т.М- авч, хохирогч Б.Э-гийн араас шидэж байгаа нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичлэгээр харагдаж байна. Дээрх лааны шилэн савны амсар ойролцоогоор 4 хуруу хиртэй өргөн байсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байгаа бөгөөд асаалттай байснаас тос хайлсан байсан нь өндрөөс түлхэн унагах үед үсэрч Т.М-ын нүдэнд орох боломжтой. Энэ нь шүүгдэгч Б.Э-гийн үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзнэ. ...” гэсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүйгээс гадна сэжигтэн, яллагдагч нь өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй хэдий ч анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч, шүүгдэгч Б.Э-гийн “...Би гарахынхаа өмнө тухайн лааг дургүйцлээ илэрхийлээд баруун гараараа түлхсэн. ...”, гэрч О.А-ы “...Э- текэн дээр асаалттай байсан лааг гарынхаа ар хэсгээр цохиод унагаасан чинь зөөгч эгч уурандаа газар унасан шилтэй лааг аваад Э-гийн толгой руу шидчихээд зодох гэж дайраад байсан. ...”, гэрч З.Ц-гийн “...Э- текэн дээр байсан лааг түлхчихсэн. ...”, гэрч Б.С-ийн “...Э- яагаад ч юм текэн дээр байсан шилэн суурьтай лааг текэн дээрээс түлхсэн. ...”, гэрч Б.О-ийн “...тэр эгчийн нүдний ойр орчимд лааны тос болсон харагдаж байсан. ...эгч унасан байсан лааны шилэн суурийг аваад Э- рүү шидэхэд тэрэнд оногдож Э-гийн биед гэмтэл учирсан. ...” гэсэн мэдүүлгүүд нь хэргийн үйл баримт, агуулгын зөрүүгүй, мэдүүлгийн эх сурвалж нь хяналтын камерийн бичлэг, “Т.М-ын эрүүл мэндэд баруун нүдний салстын үрэвсэл бүхий хөнгөн хохирол” учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдож байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, эсхүл Т.М- нь лааг авч Б.Э-гийн араас шидэхдээ нүдэндээ тос үсэргэсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Харин анхан шатны шүүх Б.Э-гийн “”Мед траума” эмнэлэгт үзүүлсэн 140.000 төгрөгийг хохирлын баримт /хх 58-59/-д дүгнэлт хийлгүй орхигдуулсан байх тул Т.М-оос 140.000 төгрөгийг гаргуулан шүүгдэгч, хохирогч Б.Э-д олгож энэ талаар гаргасан хохирогч, шүүгдэгч Б.Э-гийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатарын гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч, хохирогч Б.Э-гийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатарын гаргасан давж заалдах гомдлын “...Б.Э-д учирсан хохирлыг гаргуулаагүй. ...” гэсэн хэсгийг хүлээн авч, харин “...Б.Э-д холбогдох үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/194 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч Т.М-оос 140.000 /нэг зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулан шүүгдэгч, хохирогч Б.Э-д олгосугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.АЛДАР

 

                        ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН