Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/672

 

 

 

 

 

 

  2024             06             06                                         2024/ДШМ/672

 

                                            Т.Ш т холбогдох

                                                эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Төгсжаргал,

шүүгдэгч Т.Ш , түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Б.Батбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч ын өмгөөлөгч Г.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/270 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Ш ын өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Д.Мөнгөнцэцэг, Б.Батбаяр нарын хамтран гаргасан гомдлоор түүнд холбогдох 2210 02562 0165 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Т.Ш  нь “Б ” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.22, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 17 дугаар зүйлийн 17.4, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 28 дугаар зүйлийн 28.1,8, Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163  дугаар тушаалаар баталсан 2487 дугаартай “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04, 5.11.2, 5.14, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 234 дүгээр тушаалын 03 дугаар хавсралтаар баталсан “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрмийн 8.4.4, 8.4.4.1, 8.4.13, 8.4.14, 8.4.2.3, 8.5.19, Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/114 тоот “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах норматив батлах тухай” тушаалын 1.6, MNS 4969:2000 “Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” стандартын 4.16-д заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, “Т ” ХХК-ийн захирал Э.Гантөгстэй байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ буюу хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас тус компанид мужаанаар ажиллаж байсан Б.Шийрэвдорж нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд баригдаж байгаа “Т ” хотхоны А блокийн барилга дээр оосорлогч дохиочны туслах ажилтнаар ажиллаж байхдаа өргөгч кранаар зөөвөрлөж байсан ачаанд татагдан, тус барилгын 9 дүгээр давхраас унаж, их, бага тархины орой болон суурь хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, зүүн 6,7,8,9,10-р хавирганы шууд хугарал, дотор эрхтнүүдийн доргилт, холбоос дагасан цус хуралт, зүүн бөөр, элэг, дэлүүний эдийн язарсан шарх, зүүн атгаал ясны ил болон далд хугарал, баруун нүдний дээд зовхи, 1 бугуй, хэвлий, нуруунд зулгаралт бүхий хүнд гэмтэл авсны улмаас нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокуророос: Т.Ш ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Ш ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн, улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Ш т 01 /нэг/ жил 08 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Т.Ш т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Т.Ш  нь 29.000.000 /хорин есөн сая/ төгрөг, иргэний хариуцагч “Т ” ХХК-аас 17.000.000 /арван долоон сая/ төгрөгийг тус тус хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нөхөн төлснийг тэмдэглэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч ын нэхэмжилж буй “сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 98.700.000 төгрөг гаргуулна” гэх шаардлагыг хангахгүй орхиж, Т.Ш  нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Т.Ш т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Ш ын өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Д.Мөнгөнцэцэг, Б.Батбаяр нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Т.Ш  нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үеэс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нараас уучлалт гуйн, эмгэнэл илэрхийлж, хохирлуудыг тухай бүрд нь бүрэн төлж барагдуулсан нь хавтаст хэргээс тодорхой харагдаж байгаа ба анхан шатны шүүх хуралдаан дээр ч мөн гэм буруугаа ухамсарлан ойлгож байгаагаа илэрхийлсэн билээ. Гэвч анхан шатны шүүхээс Т.Ш ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Төгсжаргалын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзах албадлагын арга хэмжээ хэрэглэх дүгнэлт гаргасан боловч шүүхээс “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хэм хэмжээ нь шүүхэд эрх олгосон заалт болохоос заавал хэрэгжүүлэх, үүрэг болгосон эрх зүйн зохицуулалт биш” гэж дүгнэн, прокурорын саналыг хүлээн авахгүйгээр Т.Ш т хорих ял оногдуулахаар шийдвэрлэжээ.

Т.Ш ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх ” гэж, 7.1 дүгээр зүйлд “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэх” гэж тус тус заасан хуулийн шаардлагыг бүрэн хангаж байгаа юм. Мөн анхан шатны шүүхээс Т.Ш  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг хангаж байгаа гэж дүгнэсэн. Дээр дурдсанаар Т.Ш  нь тухайн харамсалтай хэрэг гарсны маргаашаас л талийгаачийн ар гэрт эмгэнэл илэрхийлж, уучлалт гуйж, тухайн цагаас хойш компанийн гүйцэтгэх удирдлагын хувьд бүхий л хариуцлагыг өөр дээрээ авч, хуулийн болон бусад хариуцлагаас зайлсхийлгүйгээр өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг тухай бүрд нь төлсөөр ирсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Түүний хувийн байдал, хэрэг гарсан нөхцөл байдал, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн зүгээс хуульд зааснаар хохироос өөр төрлийн эрүүгийн хариуцлага оногдуулах санал гаргасан нь үндэслэл бүхий байжээ.

Анхан шатны шүүх хуралдааны дараа Т.Ш ын гэр бүлийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нартай дахин уулзаж уучлалт гуйн, эмгэнэл илэрхийлээд, хэдийгээр хууль зүйн хувьд албан ёсны сэтгэл санааны хохирол тооцогдоогүй ч шүүгдэгчийн зүгээс хохирогч талдаа сэтгэлийн дэм болох үүднээс 65.000.000 төгрөгийг нэмж төлсөн байна. Дээрх нөхцөл байдлуудаас нэгтгэн дүгнэвэл Т.Ш т хорихоос өөр төрлийн эрүүгийн хариуцлага оногдуулах хуулийн болон бодит боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулан, Т.Ш т хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Т.Ш ын өмгөөлөгч Г.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс хамтран давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг болон миний бие оролцсон. Шүүхээс Т.Ш т хорих ял оногдуулсан. Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатнаас өөрийн гэм буруутай үйлдлийн талаар маргаагүй, анхан шатны шүүх хуралдааны явцад тэрээр “болгоомжгүйгээр гэмт хэрэгт холбогдсон” гэж үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч, хохирогчийн оршуулгын зардлыг өгсөн. Давж заалдах гомдол гаргах хугацаанд хохирогчийн ар гэрт сэтгэл санааны дэмжлэг үзүүлж 65.000.000 төгрөг өгсөн. Анхан шатны шүүх хуралдааны явцад оршуулгын зардалд 46.000.000 төгрөг төлөх тухай асуудал яригдсан ба шүүгдэгчийн зүгээс цагдан хоригдож байх хугацаандаа буюу 6 дугаар сарын 05-ны өдөр 10.000.000 төгрөгийг бэлнээр, 55.000.000 төгрөгийг дансаар өгсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөнгө хүлээн авсан тухай баримт үйлдэж, “давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй, сэтгэл санааны хохиролгүй, шүүгдэгчийг нийгмээс тусгаарлахгүй байлгахыг хүсье” гэсэн хүсэлт гаргасан. Дээрх нөхцөл байдлууд болон шүүгдэгчийг анх удаа, болгоомжгүйгээр хэрэгт холбогдсон зэргийг харгалзан үзэж Т.Ш ыг нийгмээс тусгаарлахгүй тэнсэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Ш ын өмгөөлөгч Б.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдол гаргахдаа хуульд заасан харгалзах үндэслэлүүдийг дурдсан. Тухайлбал, шүүгдэгчийн хувийн байдлыг судлахад өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй, эрүүлжүүлэхэд ч орж байгаагүй байсан. Шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдаанд учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлж оролцсон, сэтгэл санааны хохиролд мөнгө нэмж төлсөн, мөрдөн байцаалтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажилласан. Иймд хууль заасан шаардлагуудыг хангасан гэж үзэж байна. Тэрээр анхнаасаа мөрдөн байцаалтын ажиллагаанд гэм буруутай эсэхдээ маргаагүй, “өөрийн хариуцлагыг хүлээнэ, ямар нэгэн асуудал байхгүй” гэж илэрхийлсэн. Энэ нь гэм буруугаа шүүхийн шийдвэр гарахаас өмнө бүрэн хүлээн зөвшөөрсөн гэдгийг харуулсан гэж үзэж байна. Прокурорын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, биеэ авч явж байгаа байдал, хэрэг гарсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнийг 2 жилийн хугацаатай тэнсэх санал гаргасан. Миний үйлчлүүлэгч нь 60 гаруй хүн ажилладаг аж ахуйн нэгж удирддаг. Энэ хүнээс хамааралтай бизнесийн үйл ажиллагаа, ажлын байр, Монгол Улсын татвар төлөгчийн асуудал давхар яригдаж байна. Түүнийг нийгмээс тусгаарлах нь ял шийтгэлийн хувьд ач холбогдолтой байхыг үгүйсгэхгүй боловч Монгол Улсын нэг татвар төлөгч, нэлээдгүй олон хүний ажлын байр, цалин орлого нь хаагдах нөхцөл байдал үүсэж болзошгүй байгааг давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Т.Ш  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд тус тус заасан шаардлагыг хангасан ба тэнсэх боломжтой байна. Иймд давж заалдах гомдлыг хангаж, түүнд тэнсэх, албадлагын арга хэмжээ авч өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Ш  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хүний алтан амь насанд хүрсэндээ гэмшиж байна. Цаашдаа энэ талаар асуудлуудыг чанд сахиж, ийм алдаа гаргахгүй, золгүй явдал болгохгүй, зуун хувь хариуцаж ажиллах болно. Би маш их гэмшиж байна. Амь хохирогчийн эхийн сэтгэлийг бодож, гэмшиж, өөрт байгаа 65.000.000 төгрөгийг өгсөн хэдий ч би их гэмшиж байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч ын өмгөөлөгч Г.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Т.Ш  нь анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцож байна. Т.Ш ын зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардал болон сэтгэл санааны хохирлыг төлж барагдуулсан. Тэрээр анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ар гэр болон өмгөөлөгчөөрөө дамжуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний ар гэртэй байнгын холбоотой байж, тэдгээрийн сэтгэл санааны хохиролд 65.000.000 төгрөг төлж, уучлал гуйж байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс “шүүгдэгч Т.Ш т гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнд хохирохоос өөр төрлийн ял оногдуулахад татгалзах зүйлгүй” гэж бичгээр хүсэлт гаргасан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хүүгээ алдсанаас хойш олон сар хэцүү байсан боловч Т.Ш ын амьдралыг ойлгож, түүний бага насны 3, 4 хүүхдүүдийг бодож, “түүнд хорих ял оногдуулаад яах вэ дээ. Тэглээ гээд миний хүүхэд босоод ирэх биш. Энэ хүнд хорих ял оногдуулахгүйгээр, нийгмээс, үр хүүхдүүдээс нь тусгаарлахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэж илэрхийлсэн. ...” гэв.

Прокурор Л.Төгсжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Т.Ш т холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцэж, шийтгэх тогтоол гарч, шүүгдэгчийг хууль, түүнд нийцүүлэн гарсан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүхээс “хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, оршуулгын зардлыг төлж барагдуулсан, анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байна” гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. Анхан шатны шүүх өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэр, нийгмийн аюулын хэр хэмжээг харгалзан үзэж, түүнд 1 жил 8 сарын хугацаагаар  хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг төлөөгүй учраас шүүгдэгчийг хорих нь зүйтэй гэх саналыг гаргаж байсан. Харин одоо хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгчээс 65.000.000 төгрөг авсан учраас гомдол, саналгүй гэж байна. Давж заалдах шатны шүүх өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд холбогдуулан гаргах тусгайлсан санал байхгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.Ш  нь “Б ” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 234 дүгээр тушаалын 03 дугаар хавсралтаар баталсан “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрмийн 8.4.4, 8.4.4.1, 8.4.13, 8.4.14, 8.4.2.3, 8.5.19, Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/114 тоот “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах норматив батлах тухай” тушаалын 1.6, MNS 4969:2000 “Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” стандартын 4.16-д заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, “Т ” ХХК-ийн захирал Э.Гантөгстэй байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ буюу хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас тус компанид мужаанаар ажиллаж байсан Б.Шийрэвдорж нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд баригдаж байгаа “Т ” хотхоны А блокийн барилга дээр оосорлогч дохиочны туслах ажилтнаар ажиллаж байхдаа өргөгч кранаар зөөвөрлөж байсан ачаанд татагдан, тус барилгын 9 дүгээр давхраас унаж, их, бага тархины орой болон суурь хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, зүүн 6,7,8,9,10-р хавирганы шууд хугарал, дотор эрхтнүүдийн доргилт, холбоос дагасан цус хуралт, зүүн бөөр, элэг, дэлүүний эдийн язарсан шарх, зүүн атгаал ясны ил болон далд хугарал, баруун нүдний дээд зовхи, 1 бугуй, хэвлий, нуруунд зулгаралт бүхий хүнд гэмтэл авсны улмаас нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон болох нь:

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч ын “...Манай нөхрийн ах утсаар яриад танай том хүү Шийрэвдорж нь барилга дээрээс унасан гэж байна,  та нар Улаанбаатар хотод ир гэсэн. Нөхрийн хамт аймгийн төв дээр ирээд байж байхад хүүг нас барсан гэж хэлсэн. Манай нөхөр зүрхний хүнд өвчтэй ажил хийж чаддаггүй, хүү л ар гэрээ авч явдаг байсан юм.  …Хүү Ш нь нь барсны дараа миний биеийн байдал муудаж байнга эмчилгээ хийлгэсэн хийлгэж, сэтгэл санааны хувьд маш хүнд байсан.  Захиалагч “Т ” ХХК болон Т.Ш аас оршуулгын зардалд нийт 46.000.000 төгрөг авсан. Сүүлд хоног тавих ажилд 6.600.000 төгрөг, “Т ” ХХК-иас өгнө гэсэн 8.000.000 төгрөг буюу нийт би 14.600.000 төгрөгийг нэхэмжилж байна. Уг хэргийн улмаас миний хүү амь насаа алдсан тул би сэтгэл санаа болон амь насны хохирол нэхэмжлэн гаргуулах хүсэлтэй байна. Миний хүү 20 настайдаа амь насаа алдсан. Олон жил ажил гэр бүлээ тэтгэх боломжтой байсан тул нийт үнийн дүнг 120.000.000 төгрөгөөр тооцож байна. ...” /1хх 62, 3хх 144/,

            гэрч Б “...Тухайн барилга нь 9 давхартай манайх ерөнхий гүйцэтгэгч компани, манай туслан гүйцэтгэгч компаниар “Б ” компани ажиллаж байгаа. 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 14 цаг 30 минутын үед барилгын хашаа руу орж харуулын байрны орчимд явж байхад барилгын зүүн талд хүн өндрөөс унасан, тухайн хүнийг хаанаас хэдэн давхарт ажиллаж байгаад унасныг би хараагүй, 2 давхрын ойролцоо өндрөөс доош унаж байх үед нь харсан. Доош харан унаад ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй. Тэгэхээр нь би барилгын хашаанаас гарч “Б ” компанийн захирал н.Мөнхбаатарт барилга дээрээс хүн уначихлаа гэж хэлээд хамт тухайн өндрөөс унасан хүн дээр очиход ямар ч хөдөлгөөн хийхгүй байхаар нь манай хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан А түргэн дуудсан. Түргэн ирээд тухайн хүнийг дээш харуулаад гүрээний судас дээр нь дарж үзээд нас барчихсан байна цагдаа дууд гэж хэлэхээр нь би цагдаад дуудлага өгсөн юм. ...” /1хх 39/,

            гэрч У “...14:00 цагийн орчимд брусс, фонарь зэрэг зүйлсийг 9 давхраас доош нь газарт буулгаж байсан. Кранист мэргэжилтэн нь тогтмол дохио, станц зэргээр дохиочин гэх албан тушаалтай хүнээс дохио авч ажилладаг. Манай “Т " ХХК-д оосорлогч, дохиочин ажилтай хүн байхгүй. Гүйцэтгэгч компаниас оосорлогч, дохиочин ажиллаж ёстой юм. Тэгээд 10 давхарт байсан хүнээс доошоо буулгаарай гэсэн дохио хүлээн авсан. Тухайн дохиочин хүн надад дээшээ өргө гэж дохио өгсөн. Тэгэхээр нь кранаар ачааг дээш нь өргөсөн. ...9 давхарт байсан ачааг дээш өргөхөд ачаа гадагшаа савалт өгдөг. Тэр савалтад ачаа ачиж байгаа хүн унаж бэртэх боломжтой юм. Тэгээд өргөөд доош нь буулгаад газарт буусны дараа дахин арматур өргөх гээд арматур байгаа газарт өргөгчөө буулгаад байж байтал, арматур авах гэсэн хүн арматураа өгөхгүй удаад байсан. Тэгэхээр нь би арматурын залуу руу өөрийн **** дугаараас **** дугаар руу нь холбогдсон чинь “хүн уначихлаа" гэж надад хэлсэн юм. Тэгэхээр нь би кранаасаа доошоо буугаад харсан чинь нэг залуу уначихсан байсан. ...” /1хх 42/,

            гэрч Ч “...Манай бригад ажил авахад тухайн барилга 9 давхар дээрээ байсан бөгөөд бид дээш нь 10 давхар хүртэл каркас угсралтын ажлыг хийж гүйцэтгэж байсан. 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 10 цаг өнгөрч байхад ажил дээрээ ирж үндсэн ажлаа хийж гүйцэтгэсэн. Манай бригадын хүмүүс 10 давхарт каркасаа угсарч, Чинзориг, Шийрэвдорж нар хэв хашмалыг доороос буюу 9 давхраас зөөж байсан. ...би барилгын материалын дэлгүүр рүү ороод жижиг, ойр зуурын багаж аваад цуглуулаад явж байтал над руу Чинзориг залгаад “Ш 9 давхар дээрээс доошоо уначихлаа” гэж хэлсэн. Би ажил хийж байсан хүмүүс болон Чинзоригтой уулзаж юу болсон талаар асуухад “өдрийн цайны дараа Чинзориг, Б.Шийрэвдорж нар 9 давхраас хэв хашмалаа кранаар буюу өндрийн өргөгч техникээр дээш зөөж байсан. Тэгэхэд Чинзориг болохоор хэв хашмалаа боож, ороож кран буюу өргөгчдөө оосорлож өгөөд дохиочин болон гар харилцуур буюу станц зэрэг зүйлс байхгүй байсан учир өөрөө дээш гарч кранист буюу краны операторт дээш өргөх дохиог өгч байсан. Б.Шийрэвдорж юу хийж байгаад, яагаад доош унасан гэдгийг нь мэдээгүй, хараагүй" гэж хэлж байсан. Уг нь Б.Шийрэвдорж нь Чинзоригт туслах үүрэгтэйгээр л өнөөдрийн хувьд ажиллаж байсан юм. Шийрэвдоржийг яагаад доош унасан талаар мэдэхгүй байна. ...” /1хх 46-47, 3хх 76/,

            гэрч Ч “...2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр надтай хамт ажиллаж байсан Б.Шийрэвдорж нь барилгын 9 давхраас унаж нас барсан. Тухайн хүнийг унаж байхад би дээд давхарт нь өргөгч машинаар ажил хийж байсан. Тухайн хүн намайг харж байхад барилгын 9 давхраас доош унасан. /1хх 49/,

            гэрч А “...Би Т  ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтнаар ажилдаг. 2022 оны 10 дугаар сарын 01-ний өглөө би өөрсдийнхөө компанийн ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч ажилд нь гаргасан. Мөн манай компанид туслан гүйцэтгэгч 2 компани ажилдаг бөгөөд тус тусдаа хөдөлмөр хамгааллын ажилтантай байдаг. Туслан гүйцэтгэгч компанийн хөдөлмөр хамгааллын ажилтан өөрсдийнхөө ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг юм. Гэтэл өдрийн цайны цаг буюу 13 цаг өнгөрч байхад гаднаас нэг хүн орж ирээд барилга дээрээс хүн уначихлаа гэж хэлэхээр нь баригдаж байгаа барилгын зүүн талд очиход нэг хүн доошоо хараад унасан шинжтэй, тойроод хүмүүс зогссон байдалтай байсан. Очоод үзэхэд манай компанид туслан гүйцэтгэгч хийдэг ажилтан залуу бага зэргийн амьсгаатай доошоо харсан байдалтай хэвтэж байхаар нь эмнэлгийн 103 дугаар руу дуудлага өгч, эмнэлгийн түргэн тусламжийн эмч ирээд өндрөөс унасан гэх хүний биеийн байдлыг нь үзээд нас барсан байна гэж хэлсэн. Миний хувьд зөвхөн “Т ” ХХК-ийн ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх ёстой. Харин манай компанид туслан гүйцэтгэгч гэрээгээр ажиллаж байгаа бусад компани нь өөрсдөө аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч ажилд нь гаргах ёстой бөгөөд туслан гүйцэтгэх компани манай компанитай ажил гүйцэтгэх гэрээ хийсэн. Дээрх гэрээнд тодорхой тусгасан байдаг. /1хх 52-53/,

            гэрч Б “...”Т ” ХХК нь орон сууцны барилга барьж байгаа бөгөөд тус барилгад би ерөнхий инженер албан тушаалд ажилладаг юм. Манай компани захиалагч компани болохоор Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаанд нь хяналт тавих үүрэгтэй, “Б ” ХХК нь манай компанид туслан гүйцэтгэгч ажил хийж байгаа компани бөгөөд анх гэрээ хийж ажиллахдаа өөрсдөө аюулгүй ажиллагааг бүрэн хариуцна гэж гэрээнд тусгагдсаны дагуу “Б " ХХК-ийн инженер н.Мөнхбаатар нь өдөр тутам барилгад ажиллаж байгаа ажилчдадаа хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч ажиллуулах ёстой. ...” /1хх 55-56/,

            гэрч М “...би барилгын талбайд 09 цаг өнгөр байхад очсон. Тэгэхэд Ч бригад ирээгүй байсан. Тэд 10 өнгөрч байхад ирсэн бөгөөд 20 гаруй хүнтэй ажиллаж байсан.  Тухайн бригад 10 давхрын угсралтыг хийж байсан. Би тэр үед пум буюу барилгын цутгалт хийхэд ашигладаг хэв хашмалыг доор 1 давхарт ялгаж байсан.  Тэгээд өдөр 13 цагийн орчимд яармаг барилгын материалын төв рүү тай буюу хэв хашмал нийлүүлж барих зориулалттай түгжээ авахаар  явсан. Ингээд л 15 боодол тай авчхаад 14 цагийн орчимд гэж санагдаж  байна, барилга дээр ирээд агуулахын зориулалтаар ашиглаж байгаа контейнерт түүнийгээ тоолж хурааж байсан. Тэгтэл гадаа хүмүүс орилолдоод явчихсан. Юу болсон талаар гараад хартал баригдаж буй барилга дээрээс Ч бригадын нэг ажилчин уначихсан байсан. Хүмүүс ярьж байхыг сонсоход ачаа өргүүлж байгаад ачаандаа чирэгдээд араас нь нисчихлээ гэж байсан.  Би яг яаж, хэрхэн унасан талаар мэдээгүй. ...” /1хх 58-59/,

            гэрч Г “...2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр барилга угсралтын ажил явагдаж байх үед хүн унаж нас барсан гэдгийг мэдсэн. Уг ослын талаар тодруулахад 9 давхарт кранд ачаа оосорлож байсан “Б ” ХХК-ийн ажилтан унаж нас барсан байсан. ...” /1хх 70-71/,

шинжээч Г.Гантөмөрийн “...Б  ХХК нь барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.22 дахь хэсэгт заасан “захиалагчтай байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол туслан гүйцэтгэгчийг сонгож, гэрээний үндсэн дээр ажиллуулахыг зөрчиж бригадын ахлагч Ч гэрээ хийгээгүй учраас талийгаач Б.Шийрэвдоржид ажил олгогч нь Б  ХХК-ийн захирал Т.Ш  болно. Ч ажил олгогчийн эрх үүргийг хүлээхгүй. ...” /3хх 78-79/,

шинжээч Л.Эрдэнэбатын  “...Б  ХХК нь барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.22 дахь хэсэгт заасан “захиалагчтай байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол туслан гүйцэтгэгчийг сонгож, гэрээний үндсэн дээр ажиллуулна гэснийг зөрчиж бригадын ахлагч Ч гэрээ хийгээгүй учраас талийгаач Б.Шийрэвдоржид ажил олгогч нь Б  ХХК-ийн захирал Т.Ш  болно. ...”  /3хх 81-82/,

Шүүгдэгч Т.Ш ын яллагдагчаар өгсөн: “...Хэнтий аймагт байхад 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 14 цаг 20 минутын үед Мөнхбаатар өөрийнхөө утаснаас залгаад барилга дээр осол гарч, хүн нас барсан талаар мэдэгдсэн. Ийм золгүй явдал болсонд маш их харамсаж байна. ...”Т ” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу манай компани хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйг хариуцахаар байгаа юм. Манай компанийн хөдөлмөр хамгааллын инженер 2022 оны 05 дугаар сард ажлаас гарсан, осол гарсан өдөр хөдөлмөр хамгааллын инженер байхгүй байсан. Ер нь гэрээнд өөрчлөлт ороод ажил эхлээд 1 хонож байсан. Бэлтгэл ажил эхлээд 3 хонож байсан. Барилгын ажил арматурын төмөргүй учраас ажил нь зогссон байсан. Манай компани нь албан ёсны тушаалтай нийт 6 ажилтантай. Үүнд цахилгааны инженер А, нягтлан бодогч Т, нярав С, менежер М, нярав Б, миний бие Ш байгаа юм. Өөр ямар нэгэн тушаал гарч ажилд томилсон хүн бол байхгүй. Хүн томилж тушаал бол гаргаагүй байсан. Гэхдээ амаар менежер М хариуцуулсан байсан. Кранистыг захиалагч тал болох “Т ” ХХК нь хариуцахаар, манай компани оосорлогч, дохиочноо хариуцахаар байгаа юм. Ажил эхлээд явж байсан учир оосорлогч, дохиочноо бол байгаагүй юм. Осолдогчийг бол би харж байгаагүй танихгүй, манай компанийн үндсэн ажилтан биш, бригадаар манай компанид ажиллахаар орж ирсэн. Манай компанийн зарын дагуу ирсэн бригад байгаа юм. Ямар нэгэн гэрээ бол хийгээгүй, зараар ирээд ажилд ороод 3 хонож байсан. ..." /1хх 66-67/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэгт заасан “Хүний амьд явах эрхийн эсрэг” гэмт хэргүүдийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан харилцааг зөрчиж, хор хохирол учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо үйлдэлдээ хандаж байгаа хандлага буюу гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлсны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болно.

Аливаа гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон амь хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байгаа нь дангаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдэгдсэн болохыг нотлохгүй ба хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэрэгт ч энэ шинж хадгалагддаг болно. Эдгээр гэмт хэргүүд нь  гэм буруугийн субьектив тал буюу гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгоороо ялгагдаж хүнийг санаатай алах гэмт хэргийг шууд санаагаар үйлдэхдээ гэмт этгээд хохирогчийн үхлийг хүссэн байдаг бол шууд бус санаагаар үйлдсэн тохиолдолд хохирогчийн үхлийг чухалчлаагүй боловч  хохирогч үхэхийг мэдэж зориуд хүргэсэн байдаг. Харин хохирогчийн амь насыг хохироохыг шүүгдэгч хүсээгүйгээс гадна хэдийгээр амь насанд нь аюултай үйлдэл хийж байгаагаа мэдэх ёстой боловч мэдээгүй бол хайхрамжгүй хандлагаар, мэдсэн боловч тийм үр дагаварт хүргэхгүй гэж найдсан бол хөнгөмсөг хандлагаар уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж болгоомжгүйгээр бусдын амь насыг хохироох гэмт хэрэгт гэм буруутайд тооцно.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, Т.Ш ыг “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Т.Ш ыг “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийг захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохироож үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Т.Ш ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Анхан шатны шүүхээс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол хор уршгийг нөхөн төлбөрт амь хохирогчийн оршуулах зан үйлтэй холбоотой бусад баримттай гарсан зардлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч Т.Ш т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчилсан хуулийн заалтаас  1 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг сонгон оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруу, хувийн байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Д.Мөнгөнцэцэг, Б.Батбаяр нар “Т.Ш ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг бүрэн хангаж байгаа юм. Мөн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг тухай бүрд нь төлсөөр ирсэн. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулан, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол хамтран гаргажээ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах албадлын арга хэмжээ хэрэглэх дүгнэлт гаргасныг шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт тус тус заасан нь шүүхэд эрх олгосон заалт болохоос заавал хэрэгжүүлэх, үүрэг болгосон эрх зүйн зохицуулалт биш бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч, хүнд хор уршиг учирсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл заалтад заасан ялын төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан гэх дүгнэлтийг хийжээ.

Анхан шатны шүүхээс хийсэн дээрх дүгнэлт болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна.   

 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно...” гэж заасан ба шүүгдэгч Т.Ш  нь дээрх хуулийн шаардлагыг бүрэн хангасан бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэл санааны хохиролд 65.000.000 төгрөгийг төлсөн гэж мэдүүлсэн. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч ын өмгөөлөгч Г.Ганцэцэг нь мөн сэтгэл санааны хохиролд 65.000.000 төгрөгийг шүүгдэгч Т.Ш аас авсан болохоо мэдүүлж тус шүүх хуралдаанд оролцлоо.  

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно...” гэж заасны дагуу давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Т.Ш т анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил 8 сарын хорих ялыг хөнгөрүүлэн зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Т.Ш т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ өөрчилж, түүнийг нэн даруй суллаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Т.Ш  2024 оны 04 дүгээр сарын 16-н өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл нийт 51 /тавин нэг/ хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1,1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/270 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ш  1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзах албадлагын арга хэмжээ авсугай...” гэж өөрчилсүгэй.

2. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, “...Т.Ш  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж нэн даруй сулласугай...” гэсэн,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх...”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “...Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна...”, 5 дахь хэсэгт “...үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна...”  гэснийг дурдаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ш  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй...” гэсэн нэмэлт заалтыг тус тус оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Ш  2024 оны 04 дүгээр сарын 16-н өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийт 51 /тавин нэг/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ

  

                      ШҮҮГЧ                                                С.БОЛОРТУЯА

 

                      ШҮҮГЧ                                                 Б.АРИУНХИШИГ